Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 1677

 

 

 

 

 

 

 

 

 

Р.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2019/01631 дугаар шийдвэртэй, Р.О-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.О-д холбогдох 45 000 000 төгрөг гаргуулах, хариуцагч нь 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээг дүр үзүүлсэн хийсэн тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О, хариуцагчийн өмгөөлөгч Л.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Миний бие өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол 37а байр, 73 тоот хаягт байрлах, 42м.кв гурван өрөө, супер засвар хийсэн орон сууцыг, тавилгын хамт 120 000 000 төгрөгийн үнээр худалдах зар тавьсан. Үүний дараа хамт ажилладаг Б.О худалдан авах болж түүнд 115 000 000 төгрөгөөр худалдсан. Б.О нь “Т” ХХК-ийн эдийн засагчийг танина, орон сууцыг 86 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийсэн тохиолдолд зээл олгогдох юм байна гэхээр нь 86 000 000 төгрөгөөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, тухайн үед түүнд итгэсэн.

Б.О ипотекийн зээл гарсан гээд 60 000 000 төгрөг өгсөн, үлдэгдэл 55 000 000 төгрөгийг удахгүй өгнө гэсэн. 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр түүний хүсэлтийн дагуу уг 55 000 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хүүгүй, хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн 0.5 хувиар алданги тооцох зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээг Б.О өөрийн гараар, хүсэл зоригоо илэрхийлж бичсэн боловч түүнээс хойш нэхүүлж байж 2016 онд 25 000 000 төгрөг 4 хувааж өгсөн, үлдэгдэл 30 000 000 төгрөгийг өнөөг хүртэл өгөөгүй. Мөнгө өгсөн, авсан тухай гараар бичиж баримт үйлдсэн.

Түүнд орон сууцыг 115 000 000 төгрөгөөр худалдсан болохоос нөхөр Д.Бямбасүрэнгийн нэр дээрх эзэмших эрхтэй гараашийг худалдаагүй, худалдах зар тавьсан байсан ба Б.О зарагдах хүртэл нь ашиглаж байя гэхээр нь зөвшөөрсөн. Гараашийн хамт худалдаж авсан гэдгээ баримтаар нотлоогүй. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч үлдэгдэл төлбөрийн үүргийг зээлийн гэрээгээр солихоор харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний дагуу 55 000 000 төгрөгийг түүнд өгөөгүй нь үнэн бөгөөд өмнөх үүргээ энэ гэрээгээр солихыг Б.О өөрөө санаачлан гараараа бичсэн тул хүчин төгөлдөр бус гэдгийг зөвшөөрөхгүй. Иймд Б.О-с үлдэгдэл 30 000 000 төгрөг, алданги 15 000 000 төгрөг, нийт 45 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Миний бие Р.О-ийн өмчлөлд байсан Баянзүрх дүүрэг 15-р хороолол, 37а байр 73 тоот 42м.кв гурван өрөө орон сууцыг, тоосгон гараашийн хамт 115 000 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохирч 60 000 000 төгрөгийг “Т” ХХК-иас ипотекийн зээл авч төлөх, үлдэгдэл 55 000 000 төгрөгийг 2015  оны 12 дугаар сарын 30-ны дотор хувааж төлөхөөр тохиролцсон. “Т” ХХК орон сууцыг 86 000 000 төгрөгөөр үнэлж, үнийн дүнгийн 70 хувь буюу 60 000 000 төгрөгийн ипотекийн зээл гаргахаар шийдвэрлэсэн. Р.О-тай 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нотариатчаар баталгаажуулснаар ипотекийн зээлийн материал бүрдэж “Т” ХХК-д өгсөн. Банк хүсэлт хүлээн авснаар 2014 оны 12 дугаар сарын 10-нд орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулж, 60 000 000 төгрөгийн зээл авч Р.Од төлсөн. Үлдэгдэл 55 000 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хувааж төлөх тохиролцоогоо хэлбэржүүлэхийн тулд 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр зээл авсан байдлаар дүр үзүүлсэн зээлийн гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр Р.О-аас 55 000 000 төгрөгийг хүлээж аваагүй, зээлэх хүсэл сонирхолгүй байсан учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл.

Зээлийн гэрээний 4-д энэхүү гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулсан өдрөөс хүчин төгөлдөр болж, талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно гэж заасан. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийг шилжүүлэх, ... үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан. Иймд                      55 000 000 төгрөгийг Р.О-аас ямар нэгэн байдлаар аваагүй учир нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаа зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээг хүчин төгөлдөр гэдгийг зөвшөөрөхгүй.

Р.О нь 2016 оны 8 дугаар сард над руу залгаад гараашийг өөр хүнд зарах гэсэн юм баримт өгөөч гэсэн, 2016 оны 9  дүгээр сараас эхлэн уг гараашийн ашиглалтын төлбөр миний нэр дээр ирэхээ больсон. Гарааш нь нэхэмжлэгчийн нөхөр Д.Б-ийн- нэр дээр эзэмших эрхтэй байсан, 2 жил эзэмшиж ашиглаж байгаад буцааж өгсөн болохоор зээлийн гэрээнд өөрчлөлт оруулна гэж бодоогүй. Учир нь, хэлбэр төдий гэрээ гэдгийг мэдэж байсан учраас ач холбогдол өгөөгүй. Орон сууц 86 000 000 төгрөг, гарааш 29 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон боловч 2016 оны 8 дугаар сард гараашийг худалдахаа больж, буцаан авснаар худалдах, худалдан авах гэрээ дуусгавар болсон. Худалдах, худалдан авах гэрээний үлдэгдлийг баталгаажуулж гэрээ байгуулснаар бидний хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй. Харин үлдэгдэл төлбөрийг хэсэгчлэн хувааж төлөхөөр байсан бол хүү тохиролцох байсан. Гараашийг худалдан авах талаар гэрээнд тусгаагүй.

Дээрх зээлийн гэрээ байгуулагдах үед орон сууцны үнэ 86 000 000 төгрөг, гараашны             үнэ 29 000 000 төгрөг, нийт 115 000 000 төгрөг төлөхөөс үлдэгдэл 55 000 000 төгрөг байсан талаар маргахгүй. Тухайн үед гарааш халаалтгүй байсан бөгөөд түүний хэмжээ болон ямар материалаар барьсныг мэдэхгүй, ямар ч байсан миний автомашин багтдаг байсан. Зээлийн гэрээ байгуулснаас хойш 55 000 000 төгрөгөөс хэсэгчлэн 25 000 000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 30 000 000 төгрөгийн тооцооноос Р.О-д гарааш буцаагдсан тул 1 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Өөр тооцоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээ нь зээл авах хүсэл зорилгоор бус гарааш худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой байгуулагдсан тул дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус гэрээ. Талуудын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Орон сууцыг, гараашийн хамт 115 000 000 төгрөгөөр худалдаж авсан гэдэг нь үндэслэлгүй. 29 000 000 төгрөгт нь гарааш хамаарах талаар баримт байхгүй. Тухайн цаг хугацаанд гарааш бодитойгоор 29 000 000 төгрөг байх боломжгүй гэдэг нь нотлогдсон. Худалдах, худалдан авах гэрээний үүргээ хэлбэржүүлэхийн тулд зээлийн гэрээ болгож гарын үсэг зурсан гэдгээ Б.О хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан. Дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь ямар нэгэн үүргийг талууд бие биенийхээ өмнө хүлээдэггүй, хэн нэгэн этгээдийг хуурахын тулд хийгдсэн байдаг учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Б.О-аас зээлийн үлдэгдэл 30 000 000 төгрөг, алданги 15 000 000 төгрөг, нийт 45 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.О-д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан Б.О-гийн гаргасан 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хийгдсэн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Р.О-аас төлсөн 382 950 төгрөг, хариуцагч Б.О-гаас төлсөн 434 950 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч Б.О-аас 382 950 гаргуулан нэхэмжлэгч Р.О-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нотлох баримтыг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үнэлээгүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 4, 5-т заасны дагуу мөнгө хүлээлцсэн, хариуцагчийн дансанд мөнгө шилжүүлсэн талаар баримтгүй байхад талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Шүүх, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хүрээнд асуудлыг шийдвэрлэх атал 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүргийг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар талуудыг гэрээний үүргээ зээлийн гэрээгээр сольсон гэж үзсэн нь үндэслэлгүй.

Зээлийн болон орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь хоорондоо хамааралгүй. Энэ талаар нотлох баримтад үндэслэн тайлбарласаар байхад шүүх анхаарч үзээгүй. Худалдах, худалдан авах гэрээг нэхэмжлэгч хамтран өмчлөгч н.Б-ийн хамт байгуулсан. Хэрэв энэ гэрээний үүргийг сольсон гэж үзвэл зээлийн гэрээнд н.Бямбасүрэн гарын үсэг зурах, эсхүл итгэмжлэл олгох байсан. Хэрэгт үүнтэй холбоотой баримт байхгүй. Нэхэмжлэгч 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ, зөвхөн зээлийн гэрээний мөнгөө шаардсан байхад орон сууц худалдах, худалдан авах гэрээтэй холбож тайлбарласан нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тодруулаагүй байхад шүүх хуралдааны явцад гаргасан тайлбарт тулгуурлаж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Шүүх “-” ХХК-иас олгогдох орон сууцны зээлийн гэрээгээр 86 000 000 төгрөгийн хэмжээнд гэрээ байгуулж, үүнээс 60 000 000 төгрөгийг Р.Од хүлээлгэн өгч үлдэгдэл 55 000 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлөхөөр гэрээ байгуулсан гэж дүгнэсэн нь нотлох баримт буюу дансны хуулгыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Банктай гэрээ байгуулах өдөр 26 000 000 төгрөгийг Р.О-д өгсөн байсан. Харин зээл гарсны дараа энэ мөнгийг хариуцагч тал буцааж зээлж авсан гэж тайлбарладаг. Гэтэл 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 298 дугаар талд нэхэмжлэгч “...би тийм мөнгө байршуулаагүй” гэж тайлбарласан. Хэрэв орон сууц зээлээр авах төлбөрийн урьдчилгаа мөнгийг нэхэмжлэгч байршуулаагүй бол хариуцагч нийт 111 000 000 төгрөгийг төлсөн.

Энэхүү тайлбар, банкны хуулгаар хариуцагч нь банкны зээлийн хамт 26 000 000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулагдахаас өмнө хүлээлгэн өгснийг нотолж байна. Тодруулбал, 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс хойш 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээнээс өмнө зээлсэн 25 000 000 төгрөгийг 2016 онд хуваан төлсөн. Иймд нэхэмжлэгчийн шаардлагад дурдсан зээлийн гэрээ дээрх харилцаанд огт хамааралгүй нь хэргийн баримтаар нотлогдож байгаа тул үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Р.О нь хариуцагч Б.О-д холбогдуулан 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээл 30 000 000 төгрөг, алданги 15 000 000 төгрөг, нийт 45 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, дээрх зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн гэх үндэслэл зааж хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ /1хх14/ “Т” ХХК болон Б.О, Б.Од нарын байгуулсан орон сууцны зээлийн гэрээ /1хх15,16/, 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ /1хх4/, талуудын тайлбарыг харьцуулан үзвэл, хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг худалдан авахаар харилцан тохиролцож, үнийн дүнгийн 60 000 000 төгрөгийг банкны ипотекийн зээлээр төлж, үлдэгдэл 55 000 000 төгрөгт зээлийн гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу 25 000 000 төгрөг төлөгдсөн үйл баримт тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд худалдах, худалдан авах гэрээнд заасан нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг худалдан авсан, улмаар 85 000 000 төгрөг төлөгдсөн, үлдэгдэл төлбөрийг төлөх талаар зээлийн гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй. Харин талууд банкнаас авах ипотекийн зээлийн шаардлагад нийцүүлсэн орон сууц худалдах худалдан авах гэрээг 86 000 000 төгрөгийн үнээр байгуулсан боловч, тохиролцсон ёсоор бол 115 000 000 төгрөгөөр орон сууцыг тавилгын хамт худалдсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж, хариуцагч тал 115 000 000 төгрөгийн үнийн дүнд орон сууц, гараашийн хамт тооцогдсон, тухайн гараашийг бусдад худалдсан учраас гараашийн үнэ 29 000 000 төгрөгийг төлөхгүй, орон сууцны үлдэгдэл 1 000 000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй гэж өөр өөр тайлбар гаргажээ. 

 

Хариуцагч хэдийгээр 115 000 000 төгрөгт гарааш багтсан, үнийг 29 000 000 төгрөгөөр тохирсон гэх боловч хэрэгт авагдсан талуудын 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 30 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг хүлээн зөвшөөрч харилцан гарын үсэг зурсан баримт /1хх95/, Б.О нь гараашийн төлбөрийг 2014 оны 11 дүгээр сараас 2015 оны 10 дугаар сар хүртэл төлсөн тухай баримт /1хх97-104/, уг гараашийг эзэмшигч Д.Бямбасүрэн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр бусдад худалдсан гэрээ /1хх148/, шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр орон сууцны үнийг тогтоосон “хөрөнгийн үнэлгээний тайлан” /1хх164-177, 1хх197-205/ зэргээс дүгнэвэл, дээрх үнийн дүнд тоосгон гарааш тооцогдсон гэж үзэхээргүй байна.

 

Иймд талууд орон сууцыг 115 000 000 төгрөгийн үнээр худалдсан байх бөгөөд төлбөрийн 60 000 000 төгрөгийг банкнаас авсан зээлээр төлсөн. Харин үлдэгдэл 55 000 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар  сарын 30-ны өдрийн дотор хүүгүй, алданги тооцохоор тохиролцож мөн оны 01 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан байна. Хариуцагч Б.О дээрх зээлийн гэрээний үүргээс 25 000 000 төгрөгийг төлсөн нь хэрэгт авагдсан “Хаан банк” ХХК, “Т” ХХК-ийн дансны хуулга /1хх 239-242/, талуудын гарын үсэг бүхий баримтуудаар тогтоогдож байх бөгөөд мөнгө хүлээлцсэн энэхүү баримтад /1хх95/ 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар үлдэгдэл 30 000 000 төгрөг гэсэн бичвэр хийгджээ.

 

Дээрхээс үзвэл, хариуцагч Б.О нь худалдах, худалдан авах гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас талууд тухайн гэрээний үүргийн үлдэгдэл 55 000 000 төгрөгийн төлбөрийг зээлийн гэрээний үүрэг болгон солихоор харилцан тохиролцож, шинээр зээлийн харилцаа үүссэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасантай нийцсэн байна.

 

Шүүх зээлийн гэрээний 3 дах заалт, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дах хэсэгт заасныг зөв тайлбарлан орон сууцны төлбөрийн үлдэгдэл буюу зээлийн гэрээний дагуу төлөх 30 000 000 төгрөг, алданги 15 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг зөв гэж үзлээ.

 

Түүнчлэн, анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй буюу дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэхгүй талаар дүгнэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Учир нь, “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүй, гадаад илэрхийллийн хувьд л хэлцэл хийсэн хэлбэрийн шинжтэй байхыг ойлгоно. Дээрх зээлийн гэрээний хувьд хариуцагч  Б.О нь нэхэмжлэгчид төлөх орон сууцны төлбөрийн үлдэгдэл үүргийг биелүүлэх зорилгоор хийсэн нь тогтоогдсон тул дүр үзүүлэн хийсэн хэлцэлд тооцогдохгүй.

 

Хариуцагч тал давж заалдах  гомдлын үндэслэлээ, 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Р.О нь Б.О-ийн өмчлөлд 55 000 000 төгрөгийг бодитоор шилжүүлээгүй тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй, шүүх худалдах, худалдан авах гэрээний үүргийг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасны дагуу сольсон гэж үзсэн нь үндэслэлгүй, дээрх хоёр гэрээ огт хамааралгүй, хэргийн баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчид нийт 111 000 000 төгрөг төлсөн гэх агуулгаар тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч зээлийн гэрээгээр хариуцагч талд 55 000 000 төгрөгийг шилжүүлээгүй гэдэгт маргаагүй бөгөөд талууд гэрээний үүргийг сольж, зээлийн гэрээг байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасантай нийцсэн талаар шүүх үндэслэлтэй дүгнэсэн. Худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч орон сууцыг шилжүүлэн өгсөн тул хариуцагч үлдэгдэл төлбөрийн үүргийг зээлийн гэрээний үүргээр сольж буй тохиолдолд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн хөрөнгийг шилжүүлсэнд тооцогдоно. Иймд зээлийн гэрээ байгуулаагүй гэх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй, хэргийн баримтаар тогтоогдсон үйл баримтад нийцэхгүй байна.

 

            Мөн хариуцагч тал давж заалдах гомдлын нэг үндэслэлээ, нийт 111 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэх боловч энэ нь анхан шатны шүүхэд түүний гаргасан тайлбараас өөр үндэслэлийг заажээ. Тухайлбал, 26 000 000 төгрөгийг банкны зээл авахаас өмнө нэхэмжлэгчид төлж дансандаа байршуулсан, 85 000 000 төгрөг бэлэн мөнгөөр төлөгдөж нийт 111 000 000 төгрөг болсон гэж тайлбарлах боловч хэргийн баримтаар 26 000 000 төгрөгийг хариуцагч дансанд байршуулсан үйл баримт тогтоогдоогүй бөгөөд талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт 85 000 000 төгрөг төлөгдсөн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

   

Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн              167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2019/01631 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.О давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 434 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЭНХТӨР

                                                           

                             ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                    Т.ТУЯА