Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2021/00230

 

 

Р.Оюунтуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Х.Сонинбаяр, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2019/01631 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1677 дугаар магадлалтай,

 Р.Оюунтуяагийн нэхэмжлэлтэй,

Б.Очмаад холбогдох

 45,000,000 төгрөг гаргуулах үндсэн, 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагч Б.Очмаа, түүний өмгөөлөгч Л.Энхбаясгалан нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Оюунтуяа, өмгөөлөгч С.Оюунцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Л. Энхбаясгалан, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол 37а байр, 73 тоот хаягт байрлах, 42м.кв гурван өрөө, супер засвар хийсэн орон сууцыг, тавилгын хамт 120 000 000 төгрөгийн үнээр худалдах зар тавьсан. Үүний дараа хамт ажилладаг Б.Очмаа худалдан авах болж түүнд 115 000 000 төгрөгөөр худалдсан. Б.Очмаа нь Төрийн банк ХХК-ийн эдийн засагчийг танина, орон сууцыг 86 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийсэн тохиолдолд зээл олгогдох юм байна гэхээр нь 86 000 000 төгрөгөөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, тухайн үед түүнд итгэсэн. Б.Очмаа ипотекийн зээл гарсан гээд 60 000 000 төгрөг өгсөн, үлдэгдэл 55 000 000 төгрөгийг удахгүй өгнө гэсэн. 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр түүний хүсэлтийн дагуу уг 55 000 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хүүгүй, хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн 0.5 хувиар алданги тооцох зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээг Б.Очмаа өөрийн гараар, хүсэл зоригоо илэрхийлж бичсэн боловч түүнээс хойш нэхүүлж байж 2016 онд 25 000 000 төгрөг 4 хувааж өгсөн, үлдэгдэл 30 000 000 төгрөгийг өнөөг хүртэл өгөөгүй. Мөнгө өгсөн, авсан тухай гараар бичиж баримт үйлдсэн. Түүнд орон сууцыг 115 000 000 төгрөгөөр худалдсан болохоос нөхөр Д.Бямбасүрэнгийн нэр дээрх эзэмших эрхтэй гараашийг худалдаагүй, худалдах зар тавьсан байсан ба Б.Очмаа зарагдах хүртэл нь ашиглаж байя гэхээр нь зөвшөөрсөн. Гараашийн хамт худалдаж авсан гэдгээ баримтаар нотлоогүй. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч үлдэгдэл төлбөрийн үүргийг зээлийн гэрээгээр солихоор харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний дагуу 55 000 000 төгрөгийг түүнд өгөөгүй нь үнэн бөгөөд өмнөх үүргээ энэ гэрээгээр солихыг Б.Очмаа өөрөө санаачлан гараараа бичсэн тул хүчин төгөлдөр бус гэдгийг зөвшөөрөхгүй. Иймд Б.Очмаагаас үлдэгдэл 30 000 000 төгрөг, алданги 15 000 000 төгрөг, нийт 45 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Р.Оюунтуяагийн өмчлөлд байсан Баянзүрх дүүрэг 15-р хороолол, 37а байр 73 тоот 42м.кв гурван өрөө орон сууцыг, тоосгон гараашийн хамт 115 000 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохирч 60 000 000 төгрөгийг Төрийн банк ХХК-иас ипотекийн зээл авч төлөх, үлдэгдэл 55 000 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны дотор хувааж төлөхөөр тохиролцсон. Төрийн банк ХХК орон сууцыг 86 000 000 төгрөгөөр үнэлж, үнийн дүнгийн 70 хувь буюу 60 000 000 төгрөгийн ипотекийн зээл гаргахаар шийдвэрлэсэн. Р.Оюунтуяатай 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулснаар ипотекийн зээлийн материал бүрдэж Төрийн банк ХХК-д өгсөн. Банк хүсэлт хүлээн авснаар 2014 оны 12 дугаар сарын 10-нд орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулж, 60 000 000 төгрөгийн зээл авч Р.Оюунтуяад төлсөн. Үлдэгдэл 55 000 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хувааж төлөх тохиролцоогоо хэлбэржүүлэхийн тулд 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр зээл авсан байдлаар дүр үзүүлсэн зээлийн гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр Р.Оюунтуяагаас 55 000 000 төгрөгийг хүлээж аваагүй, зээлэх хүсэл сонирхолгүй байсан учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл. Зээлийн гэрээний 4-д энэхүү гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулсан өдрөөс хүчин төгөлдөр болж, талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно гэж заасан. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийг шилжүүлэх, ... үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан. Иймд 55 000 000 төгрөгийг Р.Оюунтуяагаас ямар нэгэн байдлаар аваагүй учир нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаа зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээг хүчин төгөлдөр гэдгийг зөвшөөрөхгүй. Р.Оюунтуяа нь 2016 оны 8 дугаар сард над руу залгаад гараашийг өөр хүнд зарах гэсэн юм баримт өгөөч гэсэн, 2016 оны 9 дүгээр сараас эхлэн уг гараашийн ашиглалтын төлбөр миний нэр дээр ирэхээ больсон. Гарааш нь нэхэмжлэгчийн нөхөр Д.Бямбасүрэнгийн нэр дээр эзэмших эрхтэй байсан, 2 жил эзэмшиж ашиглаж байгаад буцааж өгсөн болохоор зээлийн гэрээнд өөрчлөлт оруулна гэж бодоогүй. Учир нь, хэлбэр төдий гэрээ гэдгийг мэдэж байсан учраас ач холбогдол өгөөгүй. Орон сууц 86 000 000 төгрөг, гарааш 29 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон боловч 2016 оны 8 дугаар сард гараашийг худалдахаа больж, буцаан авснаар худалдах, худалдан авах гэрээ дуусгавар болсон. Худалдах, худалдан авах гэрээний үлдэгдлийг баталгаажуулж гэрээ байгуулснаар бидний хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй. Харин үлдэгдэл төлбөрийг хэсэгчлэн хувааж төлөхөөр байсан бол хүү тохиролцох байсан. Гараашийг худалдан авах талаар гэрээнд тусгаагүй. Дээрх зээлийн гэрээ байгуулагдах үед орон сууцны үнэ 86 000 000 төгрөг, гаражны үнэ 29 000 000 төгрөг, нийт 115 000 000 төгрөг төлөхөөс үлдэгдэл 55 000 000 төгрөг байсан талаар маргахгүй. Тухайн үед гарааш халаалтгүй байсан бөгөөд түүний хэмжээ болон ямар материалаар барьсныг мэдэхгүй, ямар ч байсан миний автомашин багтдаг байсан. Зээлийн гэрээ байгуулснаас хойш 55 000 000 төгрөгнөөс хэсэгчлэн 25 000 000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 30 000 000 төгрөгийн тооцооноос Р.Оюунтуяад гарааш буцаагдсан тул 1 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Өөр тооцоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээ нь зээл авах хүсэл зорилгоор бус гарааш худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой байгуулагдсан тул дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус гэрээ. Талуудын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Орон сууцыг, гараашийн хамт 115 000 000 төгрөгөөр худалдаж авсан гэдэг нь үндэслэлгүй. 29 000 000 төгрөгт нь гарааш хамаарах талаар баримт байхгүй. Тухайн цаг хугацаанд гарааш бодитойгоор 29 000 000 төгрөг байх боломжгүй гэдэг нь нотлогдсон. Худалдах, худалдан авах гэрээний үүргээ хэлбэржүүлэхийн тулд зээлийн гэрээ болгож гарын үсэг зурсан гэдгээ Б.Очмаа хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан. Дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь ямар нэгэн үүргийг талууд бие биенийхээ өмнө хүлээдэггүй, хэн нэгэн этгээдийг хуурахын тулд хийгдсэн байдаг учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2019/01631 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232. 6 дах хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Очмаагаас зээлийн үлдэгдэл 30 000 000 төгрөг, алданги 15 000 000 төгрөг, нийт 45 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Оюунтуяад олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан Б.Очмаагийн гаргасан 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хийгдсэн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Р.Оюунтуяагаас төлсөн 382 950 төгрөг, хариуцагч Б.Очмаагаас төлсөн 434 950 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч Б.Очмаагаас 382 950 гаргуулан нэхэмжлэгч Р.Оюунтуяад олгож шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1677 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2019/01631 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Очмаа давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 434 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Хариуцагч Б.Очмаа, түүний өмгөөлөгч Л.Энхбаясгалан нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2019/01631 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1677 тоот магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэж заасан тул дараах үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд: 1. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг, алдангид 150,000,000 төгрөг нийт 45,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч нь дээрх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан. Анхан шатны шүүх нотлох баримтыг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үнэлээгүй дүгнэсэн. Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг болон дээрх зээлийн гэрээний 5-д Зээлдүүлсэн мөнгийг 104400296957 дансаар хүлээлгэн өгнө, мөн түүнчлэн энэ гэрээний 4-т зааснаар энэхүү гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулсан өдрөөс хүчин төгөлдөр болно. Гэтэл дээрх гэрээний дагуу бэлэн мөнгө хүлээлцсэн нотлох баримт огт байхгүй байхад шүүх зээлийн гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хүрээнд асуудлыг шийдвэрлэх байтал орон сууц худалдах-худалдан авах гэрээний үүргийг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь хэсэгт зааснаар гэрээний үүргээ сольсон гэж үзсэн нь үндэслэлгүй. Зээлийн болон орон сууц худалдах-худалдан авах гэрээ нь 2-лаа хоорондоо харилцан хамааралгүй юм. Учир нь орон сууц худалдах-худалдан авах гэрээг нэхэмжлэгч тал хамтран өмчлөгч н.Бямбасүрэнгийн хамт байгуулсан. Хэрэв энэхүү гэрээний үүргийг сольсон гэж үзвэл зээлийн гэрээнд н.Бямбасүрэн гарын үсэг зурах, эсхүл итгэмжлэл олгох байсан бөгөөд хавтас хэрэгт энэ асуудалтай холбоотой баримт огт байхгүй. Улмаар 2 шатны шүүх хамтран өмчлөгч н.Бямбасүрэнгийн өмчлөх, захиран зарцуулах эрхийг ноцтой зөрчиж байна. н.Бямбасүрэн шүүхэд гаргасан энэ нэхэмжлэлийг мэдээгүй байгаа нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т Дундаа өмчлөгч тус бүр бусад өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлахгүйгээр гуравдагч этгээдийн эзэмшлээс өмчлөлийн зүйлээ бүхэлд нь шаардах эрхтэй гэсэн хуулийг ноцтой зөрчсөн. Шүүх Төрийн банкны Орон сууцны зээлийн гэрээгээр 86,000,000 төгрөгийн хэмжээнд гэрээ байгуулж, үүнээс 60,000,000 төгрөгийг Р.Оюунтуяад хүлээлгэн өгч үлдэгдэл 55,000,000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлөхөөр гэрээ байгуулсан гэж дүгнэсэн нь гар бичмэл баримт /1хх95/, банкны хуулга /1хх 239- 242/ болон орон сууц худалдах-худалдан авах гэрээг /1хх-14/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.

А/. 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний 7-д Урьдчилгаа 26,000,000 төгрөгийг банкны дансанд байршуулна. Үлдэгдэл 60,000,000 төгрөгийг банкны зээлээр төлнө гэж заасан тул урьдчилгаа 26,000,000 төгрөгөөс н.Бямбасүрэнгийн 271300012581 тоот дансанд 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 3,778,300 төгрөг болон 1,720,000 төгрөгийг Урьдчилгаа Б.Очмаагаас гэсэн гүйлгээний утгаар, мөн энэ өдөр Газар партнер ББСБ ХХК-д 20,501,670 төгрөгийг Зээл хаав Б.Очмаагаас гэж шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан /1хх 241 дүгээр талын ард хуудаст дугаарлагдаагүй/. Ийнхүү төлбөрийг төлснөөр энэ гэрээний харилцаа дуусгавар болсон.

Б/. Давж заалдах шатны шүүх нь /магадлалын 6-р талд/ 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 30,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг хүлээн зөвшөөрч харилцан гарын үсэг зурсан баримт /1хх95/ гэж дүгнэсэн нь нотлох баримтыг үнэн зөв үнэлээгүй. Тодруулбал, энэхүү гар бичмэл баримтын 8, 12, 13 дахь мөрүүдийг бусад мөрүүд дэх бичиглэлтэй нэг цаг үед бичигдсэн эсэх, аль хэсгүүд нь Б.Очмаагаас өөр этгээд бичсэн эсэх талаар 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр /1хх117/ хариуцагчийн өмгөөлөгч шинжээч томилуулах тухай хүсэлт гаргахад энэ өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд /1хх124/ Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ...Шинжээч томилуулаад байх шаардлагагүй гэж үзэж байна, Б.Очмаа болон нэхэмжлэгч нар хамт сууж байгаад бичсэн, 25 сая болон 30 сая төгрөгийн үлдэгдэлтэй гэдэг дээр маргахгүй байгаа, өөр этгээд биш Р.Оюунтяагийн бичиглэл гэдгийг хүлээн зөвшөөрч байна... гэж зөвшөөрсөн тул шүүхээс шинжээч томилоогүй. Улмаар энэ гар бичмэл баримтын өөрийн бичсэн мөр бүрийн ард Б.Очмаа гэж нийт 5 удаа гарын үсэг зурсан бөгөөд 12,13 дахь мөрийг Б.Очмаа нь бичээгүй, гарын үсэг зураагүй болох нь илт ялгагдахуйц төдийгүй Р.Оюунтуяа өөрийн гараар нэмж 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 30,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж бичсэн болохоо хүлээн зөвшөөрсөн байхад дээрх гар бичиглэлийг Б.Очмаа хүлээн зөвшөөрсөн байна гэж шүүх дүгнэсэн нь нотлох баримтыг үнэн зөв үнэлээгүй. Төрийн банкны зээлээр олгогдож буй 60,000,000 төгрөгийн зээл Р.Оюунтуяагийн данс руу шилжсэн өдөр буюу 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 26,000,000 төгрөгийг буцаан зээлж авсан тухайгаа хариуцагч Б.Очмаа 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3533 дугаар бүхий шүүх хуралдааны тэмдэглэлд /1хх35/ Даргалагчаас хариуцагчийн хариу тайлбарыг сонсъё гэхэд: Хариуцагч ...тухайн үед энэ байр барьцаанд байсан ... Би 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 21.500,000 төгрөгийг Банк бус санхүүгийн байгууллагад төлсөн, 5,000,000 төгрөгийг н.Бямбасүрэнгийн дансанд шилжүүлж, 86,000,000 төгрөгийг төлсөн, урьдчилгаанд төлсөн 26,000,000 төгрөгийг /10,16-р нь тасалж/ буцаагаад авсан ... гэж тайлбарласан. Мөн түүнчлэн 8 хувийн зээл олгох журам болон төрийн банкны орон сууцны зээл олгох журамд худалдан авах байрны үнийн дүнгийн 30 хувийн урьдчилгаа төлбөрийг худалдан авагч тал төлсөн тохиолдолд зээл олгодог жишгийн дагуу дээрх гэрээн дээрх байрны төлбөрийг бүрэн төлсөн. Иймд шинэ зээлийн гэрээний харилцаа тухайн өдөр банкнаас олгосон 60,000,000 төгрөгөөс 26,000,000 төгрөгийг буцаан зээлж авснаар үүссэн. Энэ мөнгийг 2016 онд 5 удаагийн үйлдлээр нийт 25,000,000 төгрөгийг төлсөнд талууд маргаагүй болно. Тодруулбал, зохигчид энэ үйл баримтыг нэг бүрчлэн цаг хугацааны хувьд ялгаагүйгээс орон сууц худалдах-худалдан авах гэрээний зөвхөн 60,000,000 төгрөгийг өгсөн, үлдэгдэл мөнгийг зээлсэн гэдэг ойлголтоос гэрээний үүргийг тодорхойлоход төөрөлдсөн. Харин дээрх 26,000,000 төгрөгийн зээлийг гараашийн хамт /гарааш үнийг 29,000,000 төгрөгөөр/ 55,000,000 төгрөгийн зээл гэж 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хэлбэр төдий гэрээг байгуулжээ. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ...86,000,000 төгрөг төлөгдсөн, үлдэгдэл төлбөрийг төлөх талаар зээлийн гэрээ байгуулсан үйл баримтанд маргаагүй, банкны шаардлагад нийцүүлж орон сууц худалдах-худалдан авах гэрээг 86,000,000 төгрөгийн үнээр байгуулсан боловч, тохиролцсон ёсоор 115,000,000 төгрөгөөр орон сууцыг тавилгын хамт худалдсан гэх нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагч гараашийн хамт 115,000,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд 2014 оны 11 дүгээр сараас 2015 оны 10 дугаар сар хүртэл н.Бямбасүрэнгийн эзэмшлийн гараашийн сар бүрийн ашиглалтын төлбөрийг /1хх97-104/ төлж байсан... гэж үзсэн зохигчдын тайлбараар 115,000,000 төгрөгөөр байрыг худалдсан, худалдан авсан гэсэн нотлох баримт хэрэгт огт авагдаагүй, аль ч тал нь энэ үнийн дүнг нотлоогүй байхад 2 шатны шүүх 115,000,000 төгрөгийн үнэ бүхий тавилгатай байр гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Тодруулбал, орон сууц худалдах-худалдан авах гэрээнд тавилга болон гараашийн тухай огт бичигдээгүй болно. Зохигчдын орон сууц худалдах-худалдан авах гэрээний үүргээс төлөгдөөгүй үлдэгдэл үнэ буюу Б.Очмаагийн гүйцэтгээгүй байсан үүргийн үнэ тодорхой байсан тохиолдолд шүүх Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1-ийг хэрэглэх байсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болох 2016 оны 01 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээ нь орон сууц худалдах, худалдан авах гэрээний харилцаанд огт хамааралгүй болохыг хавтаст хэргийн дээрх нотлох баримтаар хангалттай нотолж байгаа тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 101/ШШ2019/01631 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1677 тоот магадлалд өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Нэхэмжлэгч Р.Оюунтуяа, хариуцагч Б.Очмаагаас 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 45 000 000 төгрөг гаргуулахыг шаардсанд, хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргахдаа зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 Хариуцагч Б.Очмаа, түүний өмгөөлөгч Л.Энхбаясгалан нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээ нь орон сууц худалдах, худалдан авах гэрээний харилцаанд огт хамааралгүй болох нь хэргийн нотлох баримтаар хангалттай нотлогдож байхад хуульд заасан журмын дагуу үнэлээгүй гэсэн агуулага тусгажээ.

 Зохигчийн хооронд 2014 оны 11 дүгээр сарын 26- ны өдөр Орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан нь хэргийн 14 дүгээр талд баримтаар авагдсан, гэрээний зүйл нь Баянзүрх дүүргийн 7 хороо, 15 хороолол 37а байрны 73 тоот хаягт хаягт байрлах Р. Оюунтуяа, Д. Бямбасүрэн нарын өмчлөлийн 3 өрөө гэж, үнийг 86 000 00 төгрөг гэж заажээ.

  Нэхэмжлэгч орон сууцны үнийг гэрээнд 86 000 000 төгрөг гэж заасан байгааг бодитоор 115 000 000 төгрөгөөр тохирсон байсан гэж тайлбарласныг, хариуцагч үгүйсгэн гаражийн хамт 115 000 000 төгрөгөөр үнэлсэн, гаражийг шилжүүлж өгөөгүй өөр хүнд худалдсан орон сууцны үнээс үлдэх 1 000 000 төгрөг төлнө гэж мэтгэлцжээ.

 Худалдах, худалдан авах гэрээгээр тохирсон орон сууцны үнэ 115 000 000 төгрөгнөөс 60 000 000 төгрөгийг банкны зээлээр төлж үлдэх 55 000 000 төгрөгт маргааны зүйл болох 2015 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн зээлийн гэрээг байгуулж уг төлбөрөөс 25 000 000 төгрөг төлсөн үлдэгдэл нь 30 000 000 төгрөг болохыг хэргийн 95 дугаар талд авагдсан баримтаар баталгаажуулсан тул гэрээнд заасан алданги тооцож 45 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэх нэхэмжлэгч Р.Оюунтуяагийн тайлбар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хариуцагч дээр дурдсан тайлбараас өөрөөр үгүйсгэж, няцаасан баримт гаргаагүй байна.

Түүнчлэн шинжээчийн хэд хэд удаагийн дүгнэлтээр гэрээ байгуулах үед орон сууцны зах зээлийн үнэ 115 000 000 төгрөгнөөс доош байсан гэж тогтоогдоогүй байна. (хх-197-205)

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2т зааснаар хэргийн оролцогч нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээнэ. Шүүх зохигчийн гаргаж өгсөн, баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх бөгөөд хэргийн оролцогч мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу хүсэлт гаргасан тохиолдолд нотлох баримтыг шүүх бүрдүүлнэ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийн эдэлбэл зохих эрхийг зөрчөөгүй, талуудын мэтгэлцэх эрхийг хангажээ.

Иймд хоёр шатны шүүх талуудын гаргасан баримт, мэтгэлцээний хүрээнд тэдний хооронд өмнө нь үйлдэгдсэн худалдах-худалдан авах гэрээний үүрэг зээлийн гэрээний үүргээр солигдсон тул зээлийн үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгч Р.Оюунтуяа шаардах эрхтэй гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3, 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 Харин нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ талуудын гарын үсэг бүхий 30 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй гэх баримтыг шууд үнэлж хэргийн бусад баримттай харьцуулан үзээгүйн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзлээ.

  Дээр дурдсан баримтанд төлбөрийг 2016 оны 01 дүгээр сарын 07-ноос 2016 оны 07 дугаар сарын хооронд 25 000 000 төгрөг бэлнээр, дансаар төлсөн гэж тооцсон байгаа ч хэргийн 242 дугаар талд авагдсан хариуцагчийн Төрийн банкны дансны хуулгаар 2016 оны 3 дугаар сарын 7ны өдөр 2 000 000 төгрөг нэхэмжлэгчийн дансанд төлсөн тухай баримтанд дүгнэлт хийгээгүй нь алдаатай болжээ.

Иймд баримтаар төлсөн нь тогтоогдож буй 2 000 000 төгрөг ногдох алдангийн хамт бүгд 3 000 000 төгрөгийг нэхэмжлэлээс хасаж үндсэн зээл 28 000 000 төгрөг алданги 14 000 000 төгрөг нийт 42 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1677 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2019/01631 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...үндсэн зээлийн үлдэгдэл 30 000 000 төгрөг, алданги 15 000 000 төгрөг, нийт 45 000 000 төгрөгийг... гэснийг ...42 000 000 төгрөг... гэж, -

-шийдвэрийн 3 дах заалтын ...Б.Очмаагаас 382 950 гаргуулан ... гэснийг ...Б.Очмаагаас 367 950 төгрөгийг гаргуулан гэж тус тус өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Б.Очмаа, түүний өмгөөлөгч Л.Энхбаясгалан нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг зарим хэсгийг хангасугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т заасныг баримтлан хариуцагч Б.Очмаа хяналтын журмаар гомдол гаргахдаа 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 434,950 төгрөгийг захирамжаар буцаан олгосугай.

                                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               П.ЗОЛЗАЯА

                                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                                                ШҮҮГЧ                                                     Х.СОНИНБАЯР

                                                                                                                 Б.УНДРАХ

                                                                                                                 Д.ЦОЛМОН