Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 221/MA2017/0472

 

   

 

 

 

 

 

 

 

 

Ж.Бямбын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Ж.Бямба, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ганбат, гуравдагч этгээд Б.Цэгмэд, гуравдагч этгээд Р.Баттөмөрийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 162 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд Р.Баттөмөрийн гаргасан давж заалдах гомдлоор, Ж.Бямбын нэхэмжлэлтэй Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 162 дугаар шийдвэрээр: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.6, 13 дугаар зүйлийн 13.9, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.14-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Бямбын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-2206007011 дугаарт бүртгэгдсэн 42 тоот, гуравдагч этгээд Р.Баттөмөрийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-2206008040 дугаарт бүртгэгдсэн 40 тоот, гуравдагч этгээд Б.Цэгмэдийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-2206007027 дугаарт бүртгэгдсэн 7 тоот автозогсоолын бүртгэлийг тус тус хэргийн нөхцөл байдлыг тодруулж, “БҮҮХ” ХХК-иас дахин автозогсоолын план зургийг гаргуулсны үндсэн дээр уг зогсоолуудын байрлалын давхардлыг арилгаж дахин улсын бүртгэлд бүртгэх хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Бямбын “өмгөөлөгчийн хөлс 1.000.000 /нэг сая/ төгрөгийг буруутай этгээдээс гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Гуравдагч этгээд Р.Баттөмөр давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р.Баттөмөр миний бие өөрт хамаарах шүүхийн шийдвэрийн хэсэгт гаргаж байна. Давхардал нь зөвхөн Ж.Бямба болон Р.Баттөмөр бидний өмчлөлийн зогсоол дээр гараагүй, Ж.Бямба, Б.Цэгмэд нарын зогсоол дээр ч гарч ирсэн нотлох баримт хавтаст хэрэгт бий. Шүүгч Д.Оюумаа нь хэрэг хянан хэлэлцэх бүхий л хугацаанд Б.Цэгмэдийн эрх ашгийг илтэд хамгаалж асуудлыг зөвхөн Б.Цэгмэдийн эрх ашигт нийцүүлэхэд чиглэж хэт нэг талыг барьж байсан. Бодит байдал дээр БҮҮХ гэх компани нь 3 ширхэг гарааш гэж жагсаалтад өөрсдөө гараар нэмж бичсэн байгаад дүгнэлт хийж өгөхийг удаа дараа шаардсан боловч шүүх гуравдагч этгээд миний энэхүү хүсэлтийг хайхрахгүй орхигдуулсан. Шүүх хэргийг тал бүрээс бодитой дүгнэх хуулийн зарчмаа гээгдүүлсэн гэж үзэхээр байна. 20 биш 21 зогсоолыг зарсан байгаа талаар ч мөн тайлбарласан. Энэ хэрэг өмнө мөн түдгэлзүүлсэн шийдвэр гарч давж заалдах шатны шүүхээс буцаж дахин хэлэлцэгдэж байгаа ба давж заалдах шатны шүүхийн магадлал дээр БҮҮХ компанийн барьсан зогсоол нь зогсоол барих стандарт, нэг машинд ногдох хэмжээг хэтрүүлсэн эсэх талаар шинжээч томилох талаар заасан байсан. Гуравдагч этгээдийн зүгээс магадлалын биелэлтийг хангуулах талаар шүүх хуралдаан бүр дээр шүүхэд хүсэлт гаргаж байсан боловч мөн л хангаагүй. Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, буруу тайлбарлаж магадлалын заалтыг хангаагүй. Хэрвээ шинжээчээр дүгнэлтийг гаргуулсан бол тухайн зогсоолын талбайд хэдэн өмчлөгч илүү бүртгэгдсэн нь тодорхой болох байсан. Ямар нэгэн шийдвэр гаргахгүй орхигдуулсан нь гуравдагч этгээд Р.Баттөмөр миний Үндсэн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийг маань хохироож байна. Өмчлөх эд хөрөнгө нь шинж байдлаар хэмжигдэхүйц байх ёстой, өөрөөр хэлбэл зогсоол нь стандартын дагуу нэг машинд ногдох хэмжээтэй байх ёстой. Үүнийг нотлох үүднээс ч давж заалдах шатны шүүх шинжээч томилох талаар чиглэл өгсөн байхад анхан шатны шүүх автозогсоолын байршил давхацсан учир улсын бүртгэлийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шинжээч томилох шаардлагагүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Гуравдагч этгээд миний өмчлөлийн зогсоол нь орон сууцны хамт улсын бүртгэлийн Ү-2206008040 дугаартай нэг бүртгэлийн гэрчилгээнд бүртгэгдсэн. Гэтэл одоо миний бие анхан шатны шүүхийн түдгэлзүүлсэн шийдвэрийн улмаас орон сууцаа захиран зарцуулах боломжгүй болж мөн л өмчлөх эрх маань хохирч байна. Анхан шатны шүүх шийдвэртээ “зөвхөн зогсоолын бүртгэлийг” гэж орон сууцны өмчлөх эрхийг түдгэлзүүлээгүй болохыг дурьдаагүйгээс миний бие хохирч байна. Энэ нь шүүх хэргийг тал бүрээс нь бодитой дүгнээгүй байгааг нотолж байна. Б.Цэгмэд гэдэг хүн нь маргаан бүхий автозогсоолд зогсоол өмчилсөн талаарх хэлцэл байхгүй, тэмдэглэгээ байхгүй зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн гуравдагч этгээд Р.Баттөмөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

    

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 151 дүгээр магадлалд заагдсан ажиллагааг бүрэн хийгээгүй, ач холбогдолтой нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасныг  зөрчжээ.

 Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй бөгөөд хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэж байгаа шүүхийн шийдвэр хэргийн оролцогчдод ойлгомжтой, биелэгдэх боломжтой байхаас гадна нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг хэрхэн сэргээж байгаа нь тодорхой байх шаардлагатай.

Гэтэл, анхан шатны шүүхийн шийдвэрт “Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтэст ”БҮҮХ” ХХК-иас гаргаж өгсөн автомашины зогсоолын план зурагт Ж.Бямба, Р.Баттөмөр нарын авто зогсоолыг нэг байрлалд давхардуулан 40, 42 гэсэн дугаараар, Б.Цэгмэдийн авто зогсоолыг 7 гэсэн дугаараар дугаарласныг үндэслэн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д “Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй...” гэсний дагуу бүртгэсэн хариуцагч байгууллагыг буруутгах үндэслэлгүй” гэж дүгнэсэн атлаа “улсын бүртгэлд бүртгэсэн байдал нь бодит байдалтай нийцээгүй, тэдний авто зогсоолоо өмчлөх эрх ашгийг хөндсөн” гэж логик уялдаа холбоогүй, эсрэг тэсрэг дүгнэлт хийж маргаан бүхий улсын бүртгэлүүдийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна”, 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасантай нийцээгүй гэж үзнэ.  

Тодруулбал, гуравдагч этгээд “БҮҮХ” ХХК-ийн “автозогсоолын байршлын план зургийг давхардуулсан, зөрүүлснээ хүлээн зөвшөөрч, компанийн зүгээс автозогсоолуудын байршил, багтаамжийг дахин нягталж, зохицуулах боломжтой” гэсэн тайлбарт үндэслэн хариуцагчийг  “БҮҮХ” ХХК-иас дахин автозогсоолын план зургийг гаргуулсны үндсэн дээр уг зогсоолуудын байрлалын давхардлыг арилгаж дахин улсын бүртгэлд бүртгэх хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь “БҮҮХ” ХХК-д автозогсоолын план зургийг зөвтгөн гаргаж өгөх үүрэг хүлээлгэсэн шийдвэр биш бөгөөд дээрх шүүхийн шийдвэрт заасан хугацаанд “БҮҮХ” ХХК план зургаа шинэчлэн гаргаж өгөөгүй тохиолдолд хариуцагч ямар арга хэмжээ авч, ямар нөхцөл байдлыг тодруулж дахин шинэ акт гаргах нь тодорхойгүйн зэрэгцээ шийдвэрт заасан хугацаа дуусахад Ж.Бямба, Р.Баттөмөр, Б.Цэгмэд нарын өмчлөлийн тус тусын орон сууц болон автозогсоолын хамт бүртгэгдсэн улсын бүртгэл хүчингүй болж нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн эрх ноцтой зөрчигдөх эрсдэл бий болохоор байгааг шүүх анхаараагүй нь буруу  байна.

Зүй нь 2005, 2006 оны улсын бүртгэлийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэл болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг шийдвэрлэхийн тулд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн автозогсоолоо өмчлөх эрх хэдийд, хэрхэн яаж зөрчигдсөн эсэх, бодит нөхцөл байдал дээр план зураг нь давхардсан улсын бүртгэлийн улмаас эрх нь зөрчигдсөн, эсхүл  “БҮҮХ” ХХК-ийн худалдах, худалдан авах гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс эрх нь зөрчигдсөн эсэхийг тогтоох шаардлагатай бөгөөд энэ нөхцөл байдлыг тогтоосноор “БҮҮХ” ХХК зураг төсөлд заасан хэмжээнээсээ илүү автозогсоол бусдад худалдсан эсэх, нэг автомашин байрлах зогсоолын хэмжээ стандарт шаардлага хангаагүйгээс бусдын эрх зөрчигдсөн эсэх, хариуцагч нь Улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.14-т заасан “шаардлагатай гэж үзвэл үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа газар биечлэн очиж, түүний хэмжээ байршилтай танилцах” гэснийг зөрчсөнөөс бусдын эрх зөрчигдсөн эсэхийг тогтоох ач холбогдолтой юм.

Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүд 10 гаран жил план зураг дээрх байршлаар бус ханан дээр тавигдсан дугаараар автомашинаа байрлуулж хоорондоо зохицоод ашиглаж байсан, ямар нэг маргаан гарч байгаагүй талаар тайлбарлаж байгаагаас үзвэл эдгээр иргэдийн өмчлөх эрх улсын бүртгэл хийгдсэнээс хойш энэ олон жилийн дараа ямар нөхцөл байдал, ямар шалтгааны улмаас зөрчигдөх болсныг шалган тогтоосноор уг маргааныг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх эсэх нь тодорхой болох учиртай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах үүрэгтэй тул гуравдагч этгээд Б.Баттөмөрийн гаргасан гомдлын хүрээнд болон хэрэгт авагдсан баримтын хэмжээнд давж заалдах шатны шүүх  дээр дурдсан нөхцөл байдлуудыг тогтоох боломжгүй байна.

Иймд гуравдагч этгээд Р.Баттөмөрийн “шүүх хэргийг тал бүрээс бодитой дүгнэх хуулийн зарчмаа гээгдүүлсэн, давж заалдах шатны шүүхээс шинжээч томилох талаар чиглэл өгсөн байхад биелүүлээгүй, автозогсоол нь орон сууцтай хамт бүртгэгдсэн байхад уг бүртгэлийг түдгэлзүүлсэнээр миний эрх зөрчигдсөн” гэх давж заалдах гомдлыг хангаж шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

Харин гуравдагч этгээд “БҮҮХ” ХХК нь авто зогсоолын байршлын план зургийг давхардуулсанаа хүлээн зөвшөөрч, компанийн зүгээс авто зогсоолуудын байршил, багтаамжийг дахин нягталж, зохицуулах боломжтой гэсэн тайлбар өгч байгаа тохиолдолд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг ажиллагааг “БҮҮХ” ХХК-иар гүйцэтгүүлэх нь хуульд харшлахгүй төдийгүй Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан “хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох” эрхэм зорилготой нийцнэ.

 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 162 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3  дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                              

                              

                               ШҮҮГЧ                                                   Н.ХОНИНХҮҮ                                                    

                               ШҮҮГЧ                                                          Ц.САЙХАНТУЯА   

                               ШҮҮГЧ                                                   О.НОМУУЛИН