Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2024/00122

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 04 өдөр                    Дугаар 102/ШШ2024/00122           Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч  Т.С ХХК-ийн нэхэмжлэлтэй

  

Хариуцагч Б.О холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 42.000.000 төгрөгийг гаргуулж, орон сууц чөлөөлүүлэх тухай

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Т.С ХХК-ийг хугацаа хэтрүүлснийг тогтоолгох,  шаардлагатай баримт бичиг өгөхийг даалгах, гэрээний 7 дугаар зүйлийн 7.4, 7.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад     

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.А

   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Т.С ХХК, хариуцагч Т.О холбогдуулан хохирол 42.000.000 төгрөгийг гаргуулж, орон сууц чөлөөлүүлэх үндсэн, Т.С ХХК-ийг хугацаа хэтрүүлснийг тогтоолгох, шаардлагатай баримт бичиг өгөхийг даалгах, гэрээний 7 дугаар зүйлийн 7.4, 7.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараахь үндэслэлээр тодорхойлж байна. Үүнд:

 

        3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:           

        2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан 0000 дугаартай орон сууц захиалгын гэрээг цуцалж, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 42.000.000 төгрөгийг гаргуулж, ........, 2 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

         Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл Т.С ХХК, Т.О нарын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан.

           Гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт орон сууцны талбайн хэмжээ 77.4 метр квадрат бөгөөд нэг метр квадратыг 2.950.000 төгрөгөөр тооцож нийт 288.330.000 төгрөгөөр талууд тохиролцож гэрээ байгуулсан байдаг.

           Мөн тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт хугацааг тохиролцсон ба 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 173.330.000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг хуваарийн дагуу төлөхөөр тохирч, гэрээний 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт бичгийг хүсэлтээр эсвэл худалдан авагч үүргээ биелүүлээгүйгээс гүйцэтгэгч гэрээг цуцлах тохиолдолд худалдан авагч орон сууцыг худалдаж авсан анхны байдалд хүлээлгэж өгөх бөгөөд энэхүү хүлээлгэж өгөх хугацаанд орон сууцыг хөлсөлж байхаар тохиролцсон.

           Орон сууцыг гэрээ байгуулсан өдөр хүлээлгэн өгч, түлхүүрийг гардаж авсан ба энэ өдрөөс хойш орон сууцыг Т.О хөлсөлснөөр тооцож, сарын 1.500.000 төгрөгөөр хохирлын тооцоололыг гаргасан.

            Хариуцагчид гэрээ цуцлах талаар удаа дараа мэдэгдэж, уулзсан боловч өнөөдрийг хүртэл төлөлт хийгдээгүй. Иймээс гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 42.000.000 төгрөг, орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэлээ дэмжиж байна.

           Орон сууц захиалах үндсэн гэрээг анх 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл байгуулсан. Энэ хугацаанд хариуцагч ипотекийн зээлд хамрагдана гэж гэрээ байгуулж, төрсөн гэх шалтгааныг хэлсэн тул асуудлаа шийдээрэй гээд 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл гэрээг сунгасан тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү, гэжээ.

 

         4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Нэхэмжлэгч нэхэмжлэлээ орон сууц захиалах гэрээний 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасныг үндэслэж, гүйцэтгэгч гэрээг цуцлах шаардлага гаргасан.

 Гэтэл тус гэрээний 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт захиалагч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол гэрээг цуцлахаар харилцан тохиролцсон боловч төлбөр төлсөн баримтуудыг дүгнэж үзэхэд захиалагч сар бүр төлөх ёстой 2.000.000 төгрөгийг төлж үүргээ биелүүлсэн.

  Тус гэрээгээр талууд үлдэгдэл төлбөрийг ипотекийн санхүүжилтээр төлөхөөр тохиролцоод Т.С ХХК-ийн захиралтай уулзахад “Манай компани танайхыг ипотекийн зээлд хамруулж өгч болно. Мөн ипотекийн зээл гартал гэрээг асуудалгүй сунгаж өгнө. Энэ хүртэл хугацаанд танайх сард 2.000.000 төгрөг төлөөд явж чадах уу?” гэж хэлж гэрээ байгуулсан.

 Ингээд 2022 оны 12 дугаар сард гэрээ сунгуулах хүсэлтийг гаргахаар очиход хүсэлтийг хүлээж аваагүй. 2022 оны 01 дүгээр сард хариуцагч Т.О төрөөд 02 дугаар сард дахин очиж уулзахад “Таны 01 дүгээр сард илүү төлсөн 2.000.000 төгрөгийг буцааж олгоно” гэж хэлсэн боловч буцаан олгоогүй.

Хариуцагч 2.000.000 төгрөгийг буцааж олгоогүй тул гэрээ сунгагдсан юм байна гэж ойлгоод 2023 оны 09 дүгээр сар хүртэл хугацаанд сар бүр 2.000.000 төгрөгийг зохих ёсоор төлж байсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна, гэжээ.

 

        5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

            Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

           Иргэний хуулийн 223 дугаар зүйл, 223.1 дэх хэсэгт зааснаар шаардаж байна.

           2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Т.С ХХК, хариуцагч Т.О нарын хооронд орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан.

          Гэрээг байгуулахын өмнө Т.С ХХК хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр “240 айлын орон сууцандаа захиалга авч байна, орон сууцны захиалгын урьдчилгаа 10 хувь, 36 сарын хүүгүй хувь зээл, 1 метр квадрат талбайн үнэ 2.500.000 -2.800.000 төгрөг” гэсэн зар тавьсныг олж харсан байдаг.

         Ингээд Т.О нөхөр Д.Э, хадам ээж Г.Т нар зар дээр байсан утас руу залгаад ипотекийн зээлд хамрагдаж орон сууц авах боломж юу гэж асуухад “болно, асуудалгүй, бид өөрсдөө ч ипотекийн зээл хөөцөлдөж өгч , хамруулж болно, гэхдээ 3 жилийн хүүгүй хувь зээлээр авсан тохиолдолд манай байрны нэг метр квадрат талбайн үнэ 2.900.000 төгрөг, ипотекийн зээлд хамрагдах учраас нэг метр квадрат талбайн үнийг 2.950.000 төгрөгөөр тооцно, бэлэн төлсөн тохиолдолд нэг метр квадрат талбайн үнэ 2.500.000 төгрөгөөр тооцно” гэж хэлсэн байдаг.

       Ингээд Т.О, нөхөр Д.Э, хадам ээжийн хамт очиж хариилцан тохиролцоод урьдчилгаанд 40.000.000 төгрөг, нэг метр квадрат талбайн үнийг тухайн үед харрьцангуй өндөр үнэ болох 2.950.000 төгрөгөөр худалдан авахаар орон сууц захиалгын гэрээг байгуулсан.

        Захиалагч буюу Т.О гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 3.3 дахь хэсэгт заасан нийт үнэ 228.330.000 төгрөгийн урьдчилгаа 40.000.000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр, 174.330.000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 30-ны дотор ипотекийн 6 хувийн зээлээр, үлдсэн 14.000.000 төгрөгийг хавсралтанд заасан хуваарийн дагуу төлөхөөр үүрэг хүлээсэн.

Харин гүйцэтгэгч Т.Ч ХХК гэрээний 4 дүгээр зүйлийн 4.7 дахь хэсэгт зааснаар Т.О орон сууцны эрхээ баталгаажуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөх үүргийг хүлээсэн байдаг.

            Хариуцагч Т.О нөхөр Д.Э хамт ипотекийн зээлд хамрагдахын тулд зээлийн хүсэлт авч байгаа банкуудад тухай бүрт нь хүсэлтээ өгч байсан.

           Гэвч Т.О шалтгаалахгүйгээр ипотекийн зээл зогсонги байдалд орсон.

           Нэхэмжлэгч Т.С ХХК өөрсдөө ипотекийн зээлд асуудалгүй хамруулж чадна гэж амлаж байсан нь худал байжээ.

          Т.О хандсан гурван банкнаас “А” банк ХХК 2023 оны 09 дүгээр сард санхүүжилт орж ирсэн тул захиалга өгсөн барилгын компаниасаа 152 дугаар барилгыг улсын комисс хүлээн авсан акт, тооцоо нийлсэн акт зэргийг авчраад зээлийн хорооны хурлаар оруулъя” гэснийг хэлж Т.С ХХК-аас хүсэхэд гэрээний 4 дүгээр зүйлийн 4.7 дахь хэсэгт заасан үргээ биелүүлээгүй бөгөөд гэрээгээ шинэчилж нэг метр квадрат талбайн үнийг 4.800.000 төгрөгөөр хийвэл дээрхи баримтуудыг гаргаж өгнө гэж Т.О хохироосон гэрээ хийхийг шаардсан.

         Гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ипотекийн зээлд хамрагдах үүргээ биелүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч Т.С ХХК-аас 2023 оны 09 дүгээр сарын байдлаар тооцоо нийлсэн акт гаргаж өгсний дараа энэ үүргээ биелүүлэх боломжтой байна.

           Гэтэл Т.С ХХК, үүрэг гүйцэтгэгч Т.О үүргийг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлж өгөхгүй байгаа тул Т.С ХХК-ийг 2023 оны 09 дүгээр сараас эхлэн хугацаа хэтрүүлсэн болохыг тогтоож, Т.Ог үүрэг гүйцэтгэх нөхцлөөр ханган гэрээний 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт зааснаар шаардлагагай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах, гэрээний 7 дугаар зүйлийн 7.4, 7.5 дахь заасан стандарт нөхцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

 

 

           

           Нэхэмжлэгч гэрээний 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийг баримтлан гэрээ цуцалсан тул гээд хариуцагчтай орон сууц хөлслөх гэрээг байгуулаагүй мөртлөө орон сууц хөлсөлж байсанд тооцож, сар бүр 1.500.000 төгрөгөөр хөлсөлсөн мэтээр нийт 27.000.000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан.

            Тус гэрээний 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэгт гэрээ цуцалсан тохиолдолд төлсөн төлбөрийн 20 хувьтай тэнцэх хэмжээний торгууль төлөхөөр заасан буюу 82.000.000 төгрөгийн 20 хувь 16.400.000 төгрөгийг төлөх нөхцөл нөгөө талдаа хохиролтой, өөртөө хэт өндөр ашигтай байхаар нөхцөл юм.

           Талууд орон сууц захиалгын гэрээг байгуулсан.

   Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2 дахь хэсэгт аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэнтэй ийм нөхцөлтэй гэрээг байгуулахаар санал гаргаж байгааг гэрээний стандарт нөхцөлд учирсан хохирлоос хэт давсан хэмжээний нөхөн төлбөр шаардсан тохиолдолд хүчин төгөлдөр бус байхаар хуульчилсан байна, гэжээ.

      

         6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:           

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.

Манай талаас орон сууц захиалах гэрээг цуцлах талаар удаа дараа мэдэгдэж, уулзалт хийсэн боловч төлбөрөө төлөөгүй.

Төлбөр тооцоогоо төлөөгүй байж өмчлөх эрхэд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг шаардаж байгаа нь үндэслэлгүй.

Орон сууц захиалгын гэрээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний үндсэн шинжийг агуулсан байдаг.

Тус хуулийн заалт тодорхой эд хөрөнгийг хариу төлбөртэйгөөр өмчлөх эрхэд шилжүүлэх талаар харилцан тохиролцсон.

Нэхэмжлэгч, хариуцагчид доголдолгүй хөрөнгийг хүлээлгэж өгсөн бөгөөд хариу төлбөрөө авъя гэхэд боломжгүй гэдэг.

Гэтэл өмчлөх эрхийг баталгаажуулахад шаардлагатай бичиг баримтыг хангаж өгнө үү? гэж шаардах нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Хариуцагч гэрээгээр хүлээсэн мөнгөн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээнээс татгалзах буюу цуцлах талаар заасан учраас өөрийн зөрчилтэй холбоотой гэрээнээс татгалзах эрхийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлд заасан.

Худалдах, худалдан авах гэрээний харилцаа эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх, хариу төлбөр төлөх үүрэг буюу урт хугацааны туршид үргэлжлүүлэх гүйцэтгэх үүрэг биш үүргийн зөрчилтэй гэрээг цуцлах татгалзалтай үл хамааран адил байх боломжтой гэж үзэж байна.

Гэрээг цуцалсантай холбоотой учирсан хохиролд орон сууцыг ашигласны төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжилж байгаа ба үүнийг шаардах эрхтэй гэж үзэж байна. Манай компаниас орон сууцыг хөлсөлж байснаар үзэж сарын 1.500.000 төгрөгөөр тооцон түрээсэлж орлого олох боломжтой байсан тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар шаардаж байна.

  Хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбартаа дурдаж байгаа шиг гэрээний 7 дугаар зүйлийн 7.4, 7.5 дахь хэсэгт заасан үндсэн гэрээний төлсөн мөнгийг 20 хувийн бичсэн байна, гэрээ стандарт бус гэрээ байгаа талаар нэхэмжлэлд дурдаагүй, гэжээ:

 

         7.Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд:

 

         8.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 0000 дугаартай Итгэмжлэл, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 0000 дугаартай Орон сууцны захиалгын гэрээ, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 00000 дугаартай Орон сууц захиалгын гэрээний нэмэлт гэрээ, 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0000 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг

 

        9.Хариуцагчаас 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 0939 дугаартай Итгэмжлэл, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 00000 дугаартай Орон сууц захиалгын гэрээний нэмэлт гэрээ”, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн “Хаан” банк ХК-ийн дансны хуулга, иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 000 дугаартай “Ариг” банк ХХК, 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 0000 дугаартай “Т” банк ХК, 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 0000 дугаартай “Хаан” банк ХК-ийн тодорхойлолтууд

 

        10.Шүүхийн журмаар 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 0000 дугаартай Орон сууц захиалгын гэрээг нотлох баримтыг гаргуулжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

         1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

         2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шаардах эрхийн үндэслэлээ “Хариуцагч гэрээнд заасан ипотекийн зээлийг авч байрны үлдэгдэл төлбөрийг төлөөгүй учраас нэхэмжлэгч гэрээг цуцлаж,  орон сууцыг худалдаж авсан анхны байдалд хүлээлгэж өгөөд энэ хугацаанд гэрээнд зааснаар орон сууцыг хөлсөлж байсан гэж үзээд байрны түлхүүрийг хүлээн авсан өдрөөс хойш орон сууцанд төлсөн төлбөрийг хөлсөлснөөр тооцно” гэж тайлбарлаж байна.

 

         3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М “Нэхэмжлэгч анх өөрөө ипотекийн зээлд хамруулж өгнө гээд нэг метр квадрат талбайн үнийг өндрөөр тооцон авч мөн амласан амлалтандаа хүрээгүй боловч хариуцагч үүргээ биелүүлж мөнгөө төлсөөр ирсэн бөгөөд ипотекийн 6 хувийн хүү түүнээс шалтгаалж олгогдохгүй болсон зүйлгүй. Байрны үнэд төлж байсан мөнгийг төлбөрөө бүрэн төлөөгүй гээд хөлсөлснөөр төлбөрийг тооцно гэж байгааг звөшөөрөхгүй” гэж татгалзлаа илэрхийлж байна.

 

         4.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

           

         5.Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

         6.Нэхэмжлэгч Т.С ХХК, хариуцагч Т.О 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 0000 дугаартай Орон сууц захиалгын гэрээг байгуулж,  төлөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, дансны дэлгэрэнгүй хуулга, гэрээгээр тогтоогдож байна.

 

         7.Иймээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.

 

         8.Талуудын байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.2, 3.3 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэгч, захиалагч нар орон сууцны урьдчилгаа төлбөрт 40.000.000 төгрөг, үлдэгдэл 188.330.000 төгрөгийн 174.330.000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор ипотекийн 6 хувийн зээлээр, үлдэгдэл 14.000.000 төгрөгийг гэрээний 1 дүгээр хавсралтын хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон боловч хариуцагчийн ипотекийн зээл шийдэгдээгүйн улмаас маргаан үүсжээ.

         9.Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.

 

         10.Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч “хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлэхгүй зөрчиж, ипотекийн зээл бүтээгүйн улмаас компани хохирсон тул гэрээг цуцлаж, хохирлоо нэхэмжилж байна”, хариуцагч “ипотекийн зээлийг хувь хүн, хуулийн этгээд шийдэхгүй төрөөс шийдвэрлэдэг тул гэрээгээ зөрчөөгүй” гэх тайлбарыг гарган маргаж байна.

 

        11.Хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбараас үзэхэд, хариуцагч орон сууцны ипотекийн зээл олгохыг хүссэн хүсэлтийг банкуудад гаргаж хандсан нь ......... ХХК-уудын “Өнөөдрийн байдлаар зээлийн эх үүсвэр хуваарилагдан ирээгүй, зээл судлах ажил хүлээгдэж байна, орон сууцны ипотекийн зээлийн эх үүсвэр орж ирэнгүүт эхний ээлжинд судлах зөвшөөрөл олгосон боловч эх үүсвэр орж ирээгүй байна” мөн нийтэд илэрхий баримт буюу хэвлэл мэдээлэлийн хэрэгслэлээр “Ипотекийн зээл удааширч байгаа шалтгааныг судлахаар боллоо”, “Ипотекийн зээл иргэдэд олдохгүй байна”, “Банкууд ипотекийн зээлийн хүсэлт авахгүй байна” мөн Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амарын “Засгийн газар ипотекийн 6 хувийн зээлийг хүлээж авах чадавхаа бүрдүүлээгүйгээс ойлгомжгүй байдал хэдэн сар үргэлжиллээ” гэх 2022 оны 5, 8, 2023 оны 9 дүгээр саруудын нийтлэл, мэдээ, банкнуудын тодорхойлолтуудаар нотлогдож, Монгол улсын Засаг газар ипотекийн зээлийг шилжүүлэн авч, голлон хариуцаж хэрэгжүүлэхээр иргэдийн өмнө үүрэг хүлээсэн байх тул хариуцагчийг ипотекийн зээлээр орон сууцны үнийн төлбөрийг төлөх үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

       11.Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасанчлан Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим иргэн Т.О орон сууцны ипотекийн зээл олгогдохгүй байгаа шалтгаан түүний хүсэл зориг, хяналтаас гадуур, урьдчилан таамаглах, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл мөн болохыг тогтоож 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 0000 дугаартай “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн /force majeure/” гэрчилгээ олгосон тул хариуцагчийг хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал түүний гэм буруугаас болоогүй буюу мөн гэрээ байгуулснаас хойш хариуцагч урьдчилгаа 40.000.000 төгрөгийг төлж, нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл сар бүр 2.000.000 төгрөгийг орон сууцны төлбөрт төлсөн талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаагүйн хариуцагчийг хугацаа хэтрүүлсэн, үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

         12. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

          1.Нэхэмжлэгч Т.С ХХК-ийг хугацаа хэтрүүлснийг тогтоолгох,  шаардлагатай баримт бичиг өгөхийг даалгах, гэрээний 7 дугаар зүйлийн 7.4, 7.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь:

 

         2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М “Хариуцагч ипотекийн зээл авахад хэрэгтэй улсын комиссын акт, талуудын тооцоо нийлсэн актыг өгөхийг хүсэхэд өгөөгүй үүргийг биелүүлээгүй. Мөн байрны үнэд төлсөн мөнгийг байрыг хөлсөлсөн гэж үзэж тооцож байгаа нь гэрээний стандарт бус нөхцөл буюу хүчин төгөлдөр бусд тооцуулна” гэж маргаж байна.

      

         3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б “Нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлж байрны түлхүүрийг өгсөн. Талуудын байгуулсан гэрээнд хөлслөхөөр тооцох заалт бий. Зээл авах талаар банкнаасаа бичиг авч ирсэн бол баримтыг өгч боломж байсан. Ипотекийн зээл бүтээгүй, төлбөрөө төлөөгүй учраас сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж тайлбарлаж байна.

 

        4.Хэрэгт авагдсан бичгийн баримтаар, зохигчид 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 0000 дугаартай Орон сууц захиалгын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 4.7 дэх хэсэгт зааснаар харилцан тохиролцож гэрээг байгуулж, нэхэмжлэгч гэрээний заалтад заасны дагуу хариуцагчид шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөх үүргийг хүлээж мөн Иргэний шүүхэд хяан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийг ипотекийн зээлтэй холбоотой баримт бичгийг өгөөгүй үндэслэл татгалзлаа нотлох баримтаар үгүйсгэж нотлож чадаагүй, нэхэмжлэгчид өөрт нь байгаа баримт бичгийг гаргаж өгөх боломжтой учраас тусдаа шаардлага гэж үзэх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

       5.Мөн нэхэмжлэгч Т.С ХХК-ийг хугацаа хэтрүүлснийг тогтоолгох шаардлага гаргасан боловч талуудын тайлбар, гэрээ, дансны хуулгаар маргаан бүхий байрны түлхүүрийг худалдагч тал гардуулан өгсөн, худалдан авагч урьдчилгаа төлбөрийг төлсөн, орон сууцанд нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл амьдарч байгаа тухайд маргаагүй, гэрээнд заасны дагуу худалдан авагчийг төлбөрөө төлөхийг шаардсаныг хугацаа хэтрүүлсэн гэж үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

        6.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3, 232.5 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийж, үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ” гэж заасны дагуу хариуцагчийг үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар эсхүл урьдчилан тодорхой хэмжээгээр гэрээний талууд анзыг төлөхөөр харилцан тохиролцсон заалтыг гэрээний стандарт нөхцлийг зөрчсөн гэж үзэх үндэслэл бичгийн баримтаар тогтоогдохгүй байх тул гэрээний 7 дугаар зүйлийн 7.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

         7.Мөн хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар үүргийн нийтлэг эрх зүйн дагуу гэрээний чөлөөт байдлын зарчим хэрэгждэг бөгөөд талууд гэрээний зохицуулалтыг өөрөөр тохиролцож болох боловч энэ нь хуулийн хүрээнд хийгдэх ёстой ба зөвхөн гэрээгээр үүсэх үүргийн харилцааг илэрхийлдэг.

 

       

          8.Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт стандарт нөхцлийг гэрээнд тусгасан нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Энэ тохиолдолд стандарт нөхцөлийг гэрээнд тусгах болсон нөхцөл байдал, талуудын ашиг сонирхол болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзэхээр заажээ.

 

          9.Иймээс аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг Т.С ХХК, аж ахуйн үйл ажиллагааг эрхэлдэггүй иргэнтэй орон сууцны төлбөрийг төлөөгүй тохиолдолд худалдан авагчийн төлсөн төлбөрийг гэрээний 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт зааснаар сар бүр 1.500.000 төгрөгөөр хөлсөлж байснаар тооцож үл маргах журмаар төлөх мөн шударга ёсны зарчимд үл нийцэх, хохиролтой гэрээг байгуулсан байх тул дээрх гэрээний заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

         10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 438.150 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210.600 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч Т.С ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж, хариуцагч Т.О олгохоор шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

            115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.С ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.О холбогдох 42.000.000 төгрөгийг гаргуулж, орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Т.Оюгэрээний 7 дугаар зүйлийн 7.4 дэх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдсэн Т.С ХХК-ийг хугацаа хэтрүүлснийг тогтоолгох, шаардлагатай баримт бичиг өгөхийг даалгах, гэрээний 7 дугаар зүйлийн 7.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

        2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 438.150 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210.600 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч Т.С ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж, хариуцагч Т.О олгосугай.

 

         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

       

         4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.АРИУНАА