Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2024/01014

 

2024 оны 03 сарын 05-ны өдөр

Дугаар 183/ШШ2024/01014

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х дүүргийн ...-р хороо, ...... хотхоны ..... байрны ... тоотод оршин суух Ш.О /РД:......../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Х дүүргийн ....-р хороо, Ч......... байранд байрлах Х. ХК /РД:..../-д холбогдох,

 

1,396,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ш.О,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ш.О нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн Ш.О би Б дүүргийн .......-р хороо, /....... / ...... гудамж , ... хотхоны ..... байрны ... тоот хаягт байрлах, Ү-..... дугаартай Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй, орон сууцыг 1 мкв талбайн үнийг 2,181,250 төгрөгөөр тооцож 64,30 мкв байрыг 139,600,000 төгрөгөөр Орон сууцны ипотекийн зээлийн гэрээгээр худалдан авсан болно. Зээлийн гэрээ байгуулагдах үед Х банкны Цамбагарав тооцооны төвийн зээлийн эдийн засагч зээлийн дүнгээс 1%-ийн шимтгэл авна гэж хэлсэн. Бид боломжийн үнэтэй, гайгүй байр олсон тул аль болох хурдан зээл авч, байрны мөнгө төлөх шаардлагатай байсан тул банкнаас шаардсан шимтгэлийг төлөхөөс өөр аргагүй байдалд орсон. Мөнгө төгрөг муутай байна, энэ шимтгэлийг төлөхгүй гэвэл яах вэ гэж асуухад тэгвэл зээлийн гэрээ байгуулах боломжгүй, энэ бол манай банкны нөхцөл гэж хэлж байсан. Гэтэл банк зээл судалсны шимтгэл авах нь хууль бус, хуулийн үндэслэлгүй гэдгийг саяхан олж мэдсэн. Нэгэнт бид төлөх ёсгүй шимтгэл төлсөн тул уг мөнгөө буцаан авах нь зүйд нийцнэ гэж үзэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

1. Банк хуулиар эрх олгогдоогүй үйл ажиллагаа явуулж, хууль зөрчсөн

Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дах хэсэгт Банкны зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна гэж заасан байх ба энэ харилцааг зохицуулсан тусгайлсан хууль бол Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль юм. Намайг зээл авах үед 1995 оны 10 дугаар сарын 31-ний өдөр батлагдсан хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан ба энэ хуулиар зээлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ зээлдэгчийн хувийн байдал, зээл төлөх чадвар, барьцаа хөрөнгийн байдал зэргийг судлахад гарсан зардлыг шимтгэл байдлаар зээлдэгчээр төлүүлэх талаар ямар нэг зохицуулалт байхгүй буюу банканд эрх олгоогүй байдаг. Банкны тухай хуулийн 6-р зүйлд Монгол банкны тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлж болох арилжааны банкны үйл ажиллагааны талаар зохицуулсан байдаг. Энэ зүйлийн 6.1-6.11 дэх хэсэгт заасан арилжааны банкны ашгийн төлөөх үйл ажиллагаанд зээлдэгчийн хувийн байдал, санхүүгийн чадвар, барьцаа хөрөнгийг судлах асуудал хамаараагүй бөгөөд энэ зүйлийн 6.1.12 дэх хэсэгт заасан хууль тогтоомжоор хориглоогүй бөгөөд Монгол банкнаас зөвшөөрсөн санхүүгийн бусад ажил, үйлчилгээ-нд ч хамаарахгүй. Өөрөөр хэлбэл банк зөвхөн хуулиар зөвшөөрсөн үйл ажиллагаа явуулах ёстой ч хуулиар зөвшөөрөөгүй үйл ажиллагааг хариу төлбөртэйгөөр эрхэлж зээлдэгчийн миний эрх, ашиг сонирхлыг зөрчсөн байна.

2. Стандарт нөхцөлтэй гэрээ байгуулж миний эрхийг зөрчсөн

Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ гэж заасан байдаг. Практик дээр аж ахуй эрхлэгч байгууллагын зүгээс олон тоогоор байгуулагдах гэрээнд зориулан стандарт нөхцөлийг урьдчилан бэлтгэсэн байдаг. Үүрэн телефоны компаниуд, кабелийн телевиз, банк, банк бус санхүүгийн байгууллагууд бүгд өөрийн баталсан гэрээний загвараар гэрээ хийдэг. Хэрэглэгч, үйлчлүүлэгч бидэнд гэрээнд өөрчлөлт оруулах боломж байдаггүй. Надтай байгуулсан Зээлийн гэрээнд тусгасан зээлийн үнийн дүнгээс 1 хувийн шимтгэл авах нөхцөл нь дээр дурдсан стандарт нөхцөлд хамаарна. Банкнаас тогтоосон энэхүү нөхцөл буюу зээл судалсны шимтгэлд 1 хувь төлөх нөхцөлийг зээл авч байгаа хүн өөрчлөх, гэрээнээс хасах боломж байхгүй буюу үүнийг зөвшөөрснөөр л зээлийн гэрээ байгуулдаг.Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5 дахь хэсэгт заасны дагуу надтай байгуулсан Зээлийн гэрээ нь стандарт нөхцөлтэй гэрээ болох бөгөөд уг гэрээнд заасан судалсны шимтгэл авах тухай заалт нь хэт нэг талын эрх ашигт үйлчилсэн, зээлдэгч талд хохиролтой заалт юм. Иймд уг гэрээг стандарт нөхцөлтэй гэрээ болохыг тогтоолгож, зээлийн шимтгэлээ буцаан авах эрхтэй гэж үзэж байна.

3. Гэрээ байгуулахаас өмнө гарсан зардлыг гэрээний нөгөө талаар төлүүлсэн

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль (1995-10-31)-д заасны дагуу зээлийн гэрээгээр зээлдэгч нь гагцхүү зээлийг ашигласан хугацаанаас хамааралтай зээлийн хүүг л төлөх үүрэгтэй байдаг. Харин зээлийн шимтгэл нь нэг удаа төлж байгаа, зээлийн мөнгөн хөрөнгийг ашигласан хугацаанаас үл хамааралтай, зээлийн үнийн дүнгээс тодорхой хувиар тооцон авч буй хураамж юм. Иймээс энэхүү хураамж нь дээр дурдсан зээлдэгчийн хуулиар хүлээсэн үүрэг болох хүүтэй хамааралгүй. Энэ тохиолдолд банк зээлийн гэрээ байгуулахаас өмнө өөрт нь бий болж буй зардлаа зээлдэгчээс төлж буй хүүгээс олсон орлогоороо хариуцах ёстой тул зээл судалсны шимтгэл шаардах эрхгүй.

4. Банк үндэслэлгүй хөрөнгөжсөн

Нэхэмжлэлийн үндэслэх хэсгийн 1-3 дахь хэсэгт зааснаар банк хуулиар эрх олгодоогүй байхад шимтгэл авсан, ингэхдээ Иргэний хуульд заасан стандарт нөхцөл бүхий гэрээ байгуулсан, гэрээ байгуулахаас өмнө гарсан зардлыг гэрээний нөгөө талаар төлүүлж байгаа зэрэг нь хууль бус бөгөөд хууль бусаар орлого олсон тул банкийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж болохоор байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсгийн дагуу шимтгэлд төлсөн мөнгийг буцаан шаардахын тулд нэхэмжлэгч хариуцагчийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хөрөнгө шилжүүлсэн ба хариуцагч энэ хөрөнгийг үндэслэлгүй олж авсан байх ёстой. Миний хувьд зээл судалсны шимтгэлд 1,396,000 төгрөгийг Х ХХК-д төлсөн байдаг. Баримтыг хавсаргав. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнтэй холбоотой шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байдаг. Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тооцдог. Шаардах эрх үүссэн үе гэдэгт эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн эсхүл мэдэх ёстой байсан үеийг ойлгоно. Миний хувьд зээлийн шимтгэл суутгах авах нь хууль бус болох талаар Шудрага өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас арилжааны банкуудад акт тавьсан талаар 8 сард олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах үед мэдсэн. Үүнээс урагшлуулан тооцно гэвэл гэрээ байгуулах үед буюу 2013 оноос эхэлж тооцсон ч гомдол гаргах хугацаа хангалттай байгаа юм. Энэ нь банк зээлийн үйл ажиллагаа явуулахдаа хуулиар өөрт эрх олгогдоогүй байтал олгосон зээлийн дүнгийн 1%-тай тэнцэх мөнгөн дүнг шимтгэл байдлаар авч байгаа нь хуульд нийцэхгүй байна. Мөн зээлийн 1%-ийг банк өөртөө авсан атлаа зээлийн дүнгээс хасаж тооцдоггүй, цаашлаад тухайн 1%-д ногдох мөнгөн дүнг оруулан тооцсон дүнгээс зээлийн хүү тооцон зээлийн график гаргаж байгаа нь хууль бус байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад 4 үндэслэл байна. Нэгдүгээрт банк бол Монгол банкнаас зөвшөөрөл авдаг ба 1995 оны урт нэртэй хуулиар хориглосон атал шимтгэл авсаар байна. Зээл авах үед 1995 оны 10 дугаар сарын 31-ний өдөр батлагдсан хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан ба энэ хуулиар зээлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ зээлдэгчийн хувийн байдал, зээл төлөх чадвар, барьцаа хөрөнгийн байдал зэргийг судлахад гарсан зардлыг шимтгэл байдлаар зээлдэгчээр төлүүлэх талаар ямар нэг зохицуулалт байхгүй буюу банканд эрх олгоогүй байдаг.

Хоёрт тохиролцож гэрээ байгуулсан гэдэг ч стандарт нөхцөлтэй гэрээ гэж үзэж байгаа ба нөгөө талдаа шимтгэл хүү тооцох эрх байдаггүй , гуравдугаарт гэрээ байгуулахаас өмнө шинжлэн судлах ажиллагаа хийх зардлыг гэрээ байгуулахаас өмнө аваад байгааг буруу гэж үзнэ. Дөрөвдүгээрт банк үндэслэлгүй хөрөнгөжсөн ба хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байна гэж үзнэ, нэмэлт зардлын задаргааг нотлох ёстой бөгөөд 443 төгрөг хэрхэн гарсан нь ойлгомжгүй, дундажлаж гаргах учиргүй яг л тухайн зээлдэгчид гарсан зардлаа гаргаж ирэх ёстой гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ш.О-ийн нэхэмжлэлтэй Х ХК-д холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр авсан 1%-ийн шимтгэл буюу 1,396,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэг. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний 2.3.1-д Зээл олгох үйлчилгээний шимтгэл: Олгосон зээлийн дүнгийн 1 /Нэг/ хувь байна гэсэн заалтыг хүлээн зөвшөөрсөн тул гэрээний дагуу зээлдэгч Ш.О нь өөрөө зээл олголтын шимтгэлийг банканд төлсөн. Талуудын тохиролцсон гэрээний дагуу, харилцагчийн төлбөрийн даалгаврыг үндэслэн шимтгэлийн гүйлгээг гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл зээлдэгч нь уг гэрээний заалтыг хүлээн зөвшөөрч өөрөө шимтгэлийг төлснийг зээлдүүлэгчийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Хоёр. Мөн Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А-236 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын 1.3 дугаар зүйлийн

1.3.17 дахь хэсэгт Шимтгэл, хураамж гэж банкнаас тогтоож, харилцагчаар төлүүлж буй үнийн дүнгийн тодорхой хувиар илэрхийлсэн хэмжээг, эсхүл тогтмол тогтоосон дүнг гэж,

3.2.1-т Зээлдэгчээс авах шимтгэл хураамжийн хэмжээг банк тогтооно гэж,

3.2.2-т Зээлдэгчээс авах шимтгэл, хураамж болон цаашид авч болзошгүй шимтгэл, хураамжийг зээлийн гэрээнд заавал тусгана гэж заасан.

Мөн Монгол банкны Ерөнхийлөгчийн 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 446 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам-ын

9.1-т Ипотекийн зээлийн үйл ажиллагаанд оролцогч талуудын хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс дараах зардлыг шингээсэн шимтгэлийг зээлдүүлэгч зээлдэгчээр төлүүлэх бөгөөд энэ нь нийт зээлийн дүнгийн 1 хувиас хэтрэхгүй байна. Үүнд:

9.1.1 Зээл үүсгэх харилцаа, 9.1.2 Зээлийн өргөдөл, 9.1.3 Баримт бичгийн судалгаа хийх, шийдвэр гаргах, 9.1.4 Барьцаа хөрөнгийн үнэлгээ, тайлан, 9.1.5 Зээлийн түүхийн судалгаа, 9.1.6 Шуудан, холбоо 9.1.7 Нэмэлт судалгаа, хяналт, шалгалт, 9.1.8 Хугацаа сунгасны шимтгэл гэж тус тус заасан.

Иймээс банкийг Монгол банкны Ерөнхийлөгчөөс батлан гаргасан журмуудын дагуу харилцагчид үзүүлж буй зээлийн үйлчилгээндээ шимтгэл тооцон авсныг буруутгах үндэслэлгүй болно.

Гурав. Мөн Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт Банкны зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна гэж, Иргэний хуулийн 451.3 дахь хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна гэж хуульчилсан. Энэхүү зохицуулсан хууль болох Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2-т Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тогтоон нийтэд мэдээлэх үүрэгтэй 2-т Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж заасан.

Дээрх журмын болон хуулийн заалтын дагуу банк шимтгэл тооцохыг хуулиар зөвшөөрсөн байх тул уг харилцаа нь ямар нэгэн хууль, гэрээ, дүрэм журмыг зөрчөөгүй байна. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу зээлдэгчийн өөрийн төлбөрийн даалгавраар төлсөн зээл олгох үйлчилгээний шимтгэлийг банк буцаан төлөх нь хууль зүйн үндэслэлгүй тул Ш.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: зээлийн гэрээний 2.3.1-д Зээл олгох үйлчилгээний шимтгэл: Олгосон зээлийн дүнгийн 1 /Нэг/ хувь байна гэсэн заалтыг хүлээн зөвшөөрсөн тул гэрээний дагуу зээлдэгч Ш.О нь өөрөө зээл олголтын шимтгэлийг банканд төлсөн.Зээл ав гэж түүнийг банк тулган шаардаагүй буюу гэрээний чөлөөт байдлын зарчимд үндэслэсэн. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 446 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам-д шимтгэлийн талаар заасан байдаг, түүнчлэн хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх ёстой. гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, мөнгөн шилжүүлгийн баримт, Х ХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 05082/231 дугаартай албан бичиг, 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн ЗГ/201642612998 дугаартай Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ, хавсралт 1, 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн БГҮ/201642612998 дугаартай барьцааны гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000488251 дугаартай гэрчилгээ, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШЗ2023/21290 дугаартай шүүгчийн захирамж зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн.

 

4. Хариуцагч талаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Х ХК-айс Х.С-д олгосон итгэмжлэл, Х.С-с Ц.А-т шүүхэд төлөөлөх итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, Ш.О-ийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Х ХК-д гаргасан хүсэлт, мөнгөн шилжүүлгийн баримт, Ипотекийн зээл олгосон нэгжүүдийн нийт үйл ажиллагааны зардал, Ш.О-ийн ипотекийн зээлийн тооцоолол, ипотекийн орон сууцны зээлд зарцуулж буй цагийн тооцоолол зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

5. Шүүх хариуцагчийн хүсэлтийн дагуу Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А-236 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 446 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам зэрэг баримтыг бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дах хэсэгт Банкны зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна гэж заасан байх ба энэ харилцааг зохицуулсан тусгайлсан хууль бол Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль юм. Намайг зээл авах үед 1995 оны 10 дугаар сарын 31-ний өдөр батлагдсан хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан ба энэ хуулиар зээлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ зээлдэгчийн хувийн байдал, зээл төлөх чадвар, барьцаа хөрөнгийн байдал зэргийг судлахад гарсан зардлыг шимтгэл байдлаар зээлдэгчээр төлүүлэх талаар ямар нэг зохицуулалт байхгүй буюу банканд эрх олгоогүй байдаг. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5 дахь хэсэгт заасны дагуу надтай байгуулсан Зээлийн гэрээ нь стандарт нөхцөлтэй гэрээ болох бөгөөд уг гэрээнд заасан судалсны шимтгэл авах тухай заалт нь хэт нэг талын эрх ашигт үйлчилсэн, зээлдэгч талд хохиролтой заалт юм. Иймд уг гэрээг стандарт нөхцөлтэй гэрээ болохыг тогтоолгож, зээлийн шимтгэлээ буцаан авах эрхтэй гэж үзэж байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль (1995-10-31)-д заасны дагуу зээлийн гэрээгээр зээлдэгч нь гагцхүү зээлийг ашигласан хугацаанаас хамааралтай зээлийн хүүг л төлөх үүрэгтэй байдаг. Харин зээлийн шимтгэл нь нэг удаа төлж байгаа, зээлийн мөнгөн хөрөнгийг ашигласан хугацаанаас үл хамааралтай, зээлийн үнийн дүнгээс тодорхой хувиар тооцон авч буй хураамж юм. Иймээс энэхүү хураамж нь дээр дурдсан зээлдэгчийн хуулиар хүлээсэн үүрэг болох хүүтэй хамааралгүй. Энэ тохиолдолд банк зээлийн гэрээ байгуулахаас өмнө өөрт нь бий болж буй зардлаа зээлдэгчээс төлж буй хүүгээс олсон орлогоороо хариуцах ёстой тул зээл судалсны шимтгэл шаардах эрхгүй. Нэхэмжлэлийн үндэслэх хэсгийн 1-3 дахь хэсэгт зааснаар банк хуулиар эрх олгогдоогүй байхад шимтгэл авсан, ингэхдээ Иргэний хуульд заасан стандарт нөхцөл бүхий гэрээ байгуулсан, гэрээ байгуулахаас өмнө гарсан зардлыг гэрээний нөгөө талаар төлүүлж байгаа зэрэг нь хууль бус бөгөөд хууль бусаар орлого олсон тул банкийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж болохоор байна. гэжээ.

 

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Зээлдэгч нар нь зээлийн гэрээний 2.3.1-д Зээл олгох үйлчилгээний шимтгэл: Олгосон зээлийн дүнгийн 1 /Нэг/ хувь байна гэсэн заалтыг хүлээн зөвшөөрсөн тул гэрээний дагуу зээлдэгч Ш.О нь өөрөө зээл олголтын шимтгэлийг банканд төлсөн. Талуудын тохиролцсон гэрээний дагуу, харилцагчийн төлбөрийн даалгаврыг үндэслэн шимтгэлийн гүйлгээг гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл зээлдэгч нь уг гэрээний заалтыг хүлээн зөвшөөрч өөрөө шимтгэлийг төлснийг зээлдүүлэгчийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Монгол банкны Ерөнхийлөгчөөс батлан гаргасан журмуудын дагуу харилцагчид үзүүлж буй зээлийн үйлчилгээндээ шимтгэл тооцон авсныг буруутгах үндэслэлгүй болно. Мөн Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт Банкны зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна гэж, Иргэний хуулийн 451.3 дахь хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна гэж хуульчилсан. Дээрх журмын болон хуулийн заалтын дагуу банк шимтгэл тооцохыг хуулиар зөвшөөрсөн байх тул уг харилцаа нь ямар нэгэн хууль, гэрээ, дүрэм журмыг зөрчөөгүй байна. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу зээлдэгчийн өөрийн төлбөрийн даалгавраар төлсөн зээл олгох үйлчилгээний шимтгэлийг банк буцаан төлөх нь хууль зүйн үндэслэлгүй тул Ш.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Ш.О нь хариуцагч Х ХК-тай 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ЗГ/201642612998 тоот Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Х ХК нь 136,900,000 төгрөгийг, 196 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч үүргээ зөрчсөн тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд тохиролцсон байх бөгөөд зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн нь зээлийн болон барьцааны гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь дээрх зээлийн гэрээний 2.3.1 -д заасны дагуу зээл олгосны шимтгэлд зээлийн дүнгийн 1.0 хувьтай тэнцэх шимтгэл 1,396,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь тогтоогдсон байх бөгөөд уг шимтгэл нь гэрээний стандарт нөхцөлийг зөрчсөн, хууль ёсны зарчимд харшилж байгаа гэж үзэж шимтгэлд төлсөн 1,396,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас буцаан гаргуулаар шаардсан.

Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хуульд шууд заагаагүй эрх, үүргийг / хуулиар хориглоогүй/ өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж болдог. Зээлийн шимтгэлийн хэмжээ нь банкнаас тогтоосон, харилцагчаар төлүүлж буй үнийн дүнгийн тодорхой хувиар илэрхийлэгдэх бөгөөд зээлийн бодит өртгийн нэг бүрэлдэхүүн болдог тул хуульд заагаагүй ч эдийн засгийн утгаараа зээлийн гэрээний харилцаан дахь зардлын нэг хэсэг нь болно. Тодруулбал банкнаас зээл олгох үйл ажиллагааны нэг хэсэгт үндсэн зээл, зээлийн хүү, зээлийн шимтгэл төлүүлэх ажиллагаа хамаарна.

Иймд зээлийн шимтгэл тогтоохыг хуулиар хориглоогүй, ийнхүү хориглоогүй учраас зээлийн гэрээнд талууд шимтгэл тохирч байсан нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийг зөрчөөгүй тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, эрх бүхий этгээдээс олгож байгаа зээлийн гэрээний харилцаанд агуулгаараа хамаарахаар байна. Шимтгэл авах тухай гэрээний нөхцөл нь гэрээний нэг тал нөгөөдөө санал болгож байгаа, байнга хэрэглэгдэх зорилгоор урьдчилан тогтоосон шинжтэй тул Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт зааснаар гэрээний стандарт нөхцөл мөн. Өөрөөр хэлбэл, талуудын тохиролцоо нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч хэлцлийн нөгөө талдаа хохиролтой гэх үндэслэлгүй тул уг заалт нь хууль ёсны зарчимд харшилсан гэж үзэхгүй.

Эрх зүйн үндэслэлийн хувьд Монгол Банкны Ерөнхийлөгчийн 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 446 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журмыг баталсан, тус журмын 9 дүгээр зүйлийн 9.1-д зээлийн шимтгэлд зээл үүсгэх харилцаа, зээлийн өргөдөл, баримт бичгийн судалгаа хийх, шийдвэр гаргах, барьцаа хөрөнгийн үнэлгээ, тайлан, зээлийн түүхийн судалгаа, шуудан холбоо, нэмэлт судалгаа, хяналт, шалгалт, хугацаа сунгасны шимтгэл гэсэн нийт найман зардлыг шингээж, шимтгэл нь зээлийн дүнгийн 1 хувиас хэтрэхгүй байна гэж зааснаар хариуцагч Х ХХК нь зээлийн гэрээний шимтгэлийг 1 хувиар тогтоожээ.

Харин шүүх зээлийн шимтгэлийг тогтооход зээлийн бүтээгдэхүүний төрөл, онцлог байдлаас шалтгаалж банкийг зардлаа бодитой тодорхойлсон эсэхэд ач холбогдол өгсөн бөгөөд хариуцагч татгалзлаа нотлох зорилгоор гаргаж өгсөн тооцооллыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас хэсэгчлэн хангав. Талуудын хооронд ипотекийн зээлийн гэрээ байгуулагдсан тул уг зээл олгох ажиллагаанд Монголын Ипотекийн корпорац /МИК/ оролцдог тул банкнаас бодитой зардал гарсан гэж үзэх үндэслэлтэй. Улмаар ипотекийн зээл олгосон үйл ажиллагааны зардлыг түүвэрлэсэн/ хх 108-120 хуу/ хүснэгтэн мэдээллээс 8 дугаарт бичигдсэн Зээл батлагдсаны дараах Хорооны шийдвэрийг хэрэгжүүлж олгох гэдгээс хойш 14.21 т заагдсан ажиллагаануудад зардал гарсан гэж үзээд, тэдгээрт зарцуулсан /цалин орлоготой/ гэх хэсэгт бичсэн цагуудыг нэмэхэд нийт 260 цаг гарч байна. Энэхүү 260 цагийг нэгж үнэ 433 төгрөгт үржүүлэхэд 891,980 төгрөг гарч байх тул үүнийг нэхэмжлэлийн шаардлага 1396,000 -с хасахад 504,020 төгрөг гарна.

Банкнаас авч буй 1 хувийн шимтгэл нь хуулийн дагуу, гагцхүү бодитой эсэхэд шүүх дүгнэлт өгсөн ба үүнээс шалтгаалж банк үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэх асуудал хөндөгдөнө. Энэхүү харилцаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байна гэж заасанд хамаарна. Нэхэмжлэгч Ш.Б нь дээрх хуульд заасан хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлэх учиртай ба нэхэмжлэгч нь 2023 оны 12 дугаар сарын 14-ны өдөр нэхэмжлэл гаргасан байгааг хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 -т зааснаар хариуцагч Х ХХК-аас 504,020 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Болортуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 891,980 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37286 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 15770 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 -т зааснаар хариуцагч Х ХХК-аас 504,020 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 891,980 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37286 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 15770 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.О-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ