Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/00811

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 19 өдөр Дуга 210/МА2024/00811

 

 

Ш.Огийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 05-ны өдрийн 183/ШШ2024/01014 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ш.Огийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Х ХК-д холбогдох,

 

1,396,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Анхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Иргэн Ш.О би хххх тоот хаягт байрлах, хххх дугаартай Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй, орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 2,181,250 төгрөгөөр тооцож, 64,30 м.кв байрыг 139,600,000 төгрөгөөр Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ-гээр худалдан авсан.

1.2. Зээлийн гэрээ байгуулагдах үед Хнаас зээлийн үнийн дүнгээс 1 хувийн шимтгэл авна гэсэн. Бид боломжийн үнэтэй гайгүй байр олсон, аль болох хурдан зээл авч байрны мөнгөө төлөх шаардлагатай байсан тул банкнаас шаардсан шимтгэлийг төлөхөөс өөр аргагүй байдалд орсон. Мөнгө төгрөг муутай байна, энэ шимтгэлийг төлөхгүй гэвэл яах талаар асуухад зээлийн гэрээ байгуулах боломжгүй, энэ бол манай банкны нөхцөл гэж хэлж байсан.

1.3. Гэтэл банкны зээлийг судалж үзээд шимтгэл авах нь хууль бус, хуулийн үндэслэлгүй гэдгийг олж мэдсэн. Нэгэнт бид төлөх ёсгүй шимтгэл төлсөн тул уг мөнгөө буцаан авах нь зүйд нийцнэ гэж үзэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

1.4. Намайг зээл авах үед 1995 оны 10 сарын 31-ний өдөр батлагдсан хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан ба энэ хуулиар зээлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ зээлдэгчийн хувийн байдал, зээл төлөх чадвар, барьцаа хөрөнгийн байдал зэргийг судлахад гарсан зардлыг шимтгэл байдлаар зээлдэгчээр төлүүлэх талаар ямар нэг зохицуулалт байхгүй буюу банканд эрх олгоогүй байна. Өөрөөр хэлбэл банк зөвхөн хуулиар зөвшөөрсөн үйл ажиллагаа явуулах ёстой ч хуулиар зөвшөөрөөгүй үйл ажиллагааг хариу төлбөртэйгөөр эрхэлж зээлдэгчийн миний эрх, ашиг сонирхлыг зөрчсөн байна.

1.5. Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ гэж заасан байдаг.

Надтай байгуулсан Зээлийн гэрээнд тусгасан зээлийн үнийн дүнгээс 1 хувийн шимтгэл авах нөхцөл нь дээр дурдсан стандарт нөхцөлд хамаарна. Банкнаас тогтоосон энэхүү нөхцөл буюу зээл судалсны шимтгэлд 1 хувь төлөх нөхцөлийг зээл авч байгаа хүн өөрчлөх, гэрээнээс хасах боломж байхгүй буюу үүнийг зөвшөөрснөөр л зээлийн гэрээ байгуулдаг.

1.6. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5-д заасны дагуу надтай байгуулсан Зээлийн гэрээ нь стандарт нөхцөлтэй гэрээ болох бөгөөд уг гэрээнд заасан судалсны шимтгэл авах тухай заалт нь хэт нэг талын эрх ашигт үйлчилсэн, зээлдэгч талд хохиролтой заалт юм. Иймд уг гэрээг стандарт нөхцөлтэй гэрээ болохыг тогтоолгож, зээлийн шимтгэлээ буцаан авах эрхтэй гэж үзэж байна.

1.7. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль (1995-10-31)-д заасны дагуу зээлийн гэрээгээр зээлдэгч нь гагцхүү зээлийг ашигласан хугацаанаас хамааралтай зээлийн хүүг л төлөх үүрэгтэй байдаг. Харин зээлийн шимтгэл нь нэг удаа төлж байгаа, зээлийн мөнгөн хөрөнгийг ашигласан хугацаанаас үл хамааралтай, зээлийн үнийн дүнгээс тодорхой хувиар тооцон авч буй хураамж юм. Иймээс энэхүү хураамж нь дээр дурдсан зээлдэгчийн хуулиар хүлээсэн үүрэг болох хүүтэй хамааралгүй. Энэ тохиолдолд банк зээлийн гэрээ байгуулахаас өмнө өөрт нь бий болж буй зардлаа зээлдэгчээс төлж буй хүүгээс олсон орлогоороо хариуцах ёстой тул зээл судалсны шимтгэл шаардах эрхгүй.

1.8. Банк хуулиар эрх олгодоогүй байхад шимтгэл авахдаа Иргэний хуульд заасан стандарт нөхцөл бүхий гэрээ байгуулсан, гэрээ байгуулахаас өмнө гарсан зардлыг гэрээний нөгөө талаар төлүүлж байгаа зэрэг нь хууль бус бөгөөд хууль бусаар орлого олсон тул банкийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж болохоор байна.

1.9. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасны дагуу шимтгэлд төлсөн мөнгийг буцаан шаардахын тулд нэхэмжлэгч хариуцагчийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хөрөнгө шилжүүлсэн ба хариуцагч энэ хөрөнгийг үндэслэлгүй олж авсан байх ёстой. Миний хувьд зээл судалсны шимтгэлд 1,396,000 төгрөгийг Х ХК-д төлсөн байдаг. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнтэй холбоотой шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байдаг. Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тооцдог.

Мөн зээлийн 1 хувийг банк өөртөө авсан атлаа зээлийн дүнгээс хасаж тооцдоггүй, цаашлаад тухайн 1 хувьд ногдох мөнгөн дүнг оруулан тооцсон дүнгээс зээлийн хүү тооцон зээлийн график гаргаж байгаа нь хууль бус байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний 2.3.1-д Зээл олгох үйлчилгээний шимтгэл: Олгосон зээлийн дүнгийн 1/нэг/ хувь байна гэсэн заалтыг хүлээн зөвшөөрсөн тул гэрээний дагуу зээлдэгч Ш.О нь өөрөө зээл олголтын шимтгэлийг банканд төлсөн.

2.2. Талуудын тохиролцсон гэрээний дагуу, харилцагчийн төлбөрийн даалгаврыг үндэслэн шимтгэлийн гүйлгээг гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл зээлдэгч нь уг гэрээний заалтыг хүлээн зөвшөөрч өөрөө шимтгэлийг төлснийг зээлдүүлэгчийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

2.3. Мөн Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 сарын 13-ны өдрийн А-236 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын 1.3 дугаар зүйлийн 1.3.17-д Шимтгэл, хураамж гэж банкнаас тогтоож, харилцагчаар төлүүлж буй үнийн дүнгийн тодорхой хувиар илэрхийлсэн хэмжээг, эсхүл тогтмол тогтоосон дүнг гэж, 3.2.1-т Зээлдэгчээс авах шимтгэл хураамжийн хэмжээг банк тогтооно гэж, 3.2.2-т Зээлдэгчээс авах шимтгэл, хураамж болон цаашид авч болзошгүй шимтгэл, хураамжийг зээлийн гэрээнд заавал тусгана гэж заасан.

2.4. Түүнчлэн Монгол банкны Ерөнхийлөгчийн 2008 оны 10 сарын 17-ны өдрийн 446 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам-ын 9.1-т Ипотекийн зээлийн үйл ажиллагаанд оролцогч талуудын хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс дараах зардлыг шингээсэн шимтгэлийг зээлдүүлэгч зээлдэгчээр төлүүлэх бөгөөд энэ нь нийт зээлийн дүнгийн 1 хувиас хэтрэхгүй байна. 9.1.1 Зээл үүсгэх харилцаа, 9.1.2 Зээлийн өргөдөл, 9.1.3 Баримт бичгийн судалгаа хийх, шийдвэр гаргах, 9.1.4 Барьцаа хөрөнгийн үнэлгээ, тайлан, 9.1.5 Зээлийн түүхийн судалгаа, 9.1.6 Шуудан, холбоо 9.1.7 Нэмэлт судалгаа, хяналт, шалгалт, 9.1.8 Хугацаа сунгасны шимтгэл гэж тус тус заасан.

Иймээс банкийг Монгол банкны Ерөнхийлөгчөөс батлан гаргасан журмуудын дагуу харилцагчид үзүүлж буй зээлийн үйлчилгээндээ шимтгэл тооцон авсныг буруутгах үндэслэлгүй болно.

2.5. Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт Банкны зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна гэж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3 дахь хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна. гэж хуульчилсан. Энэхүү зохицуулсан хууль болох Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2-т Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тогтоон нийтэд мэдээлэх үүрэгтэй 2-т Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж заасан.

2.6. Дээрх журмын болон хуулийн заалтын дагуу банк шимтгэл тооцохыг хуулиар зөвшөөрсөн байх тул уг харилцаа нь ямар нэгэн хууль, гэрээ, дүрэм журмыг зөрчөөгүй байна. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу зээлдэгчийн өөрийн төлбөрийн даалгавраар төлсөн зээл олгох үйлчилгээний шимтгэлийг банк буцаан төлөх нь хууль зүйн үндэслэлгүй тул Ш.Огийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т зааснаар хариуцагч Х ХК-аас 504,020 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 891,980 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,286 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 15,770 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Од олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 12 сарын 21-ний өдрийн Х ХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд 2024 оны 03 сарын 05-ны өдрийн 183/ШШ2024/01014 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т зааснаар хариуцагч Х ХК-аас 504,020 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 891,980 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул гомдлыг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

5.1. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг нь хуульд нийцсэн, зарим хэсэг нь хуульд нийцээгүй.

5.2. Анхан шатны шүүхээс банк 1 хувийн шимтгэлийг тогтоож, харилцагчаар буюу зээлдэгчээр төлүүлж байгаа нь хууль тогтоомж болон Монгол банкны ерөнхийлөгчийн батлан гаргасан журамд нийцсэн. Энэ нь талуудын харилцан итгэлцлийг зарчимд нийцээгүй гэж үзэж байгаа нь хуульд нийцэхгүй. Банк зээл олголтын шимтгэлийг авах хууль зүйн үндэслэлтэй гэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Шүүхээс талуудын хооронд байгуулагдсан гэрэзнд үндэслэж, гэрээний үүрэгтэй холбоотой харилцааг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн дурдсан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн үгэнд анхаарч ... хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байна гэж заасанд хамаарна гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасантай үл нийцнэ.

6.2. Харин гэрээний үүрэгтэй холбоогүйгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудалд 10 жилийн хөөн хэлэлцэх хугацаа хамаарах хуулийн зохицуулалттай болно. Энэ талаар Улсын дээд шүүхийн 2022 оны 11 сарын 11-ний өдрийн 001/ХТ2022/01092 дугаартай шүүх хуралдааны тогтоолд доорх байдлаар дурдаж шийдвэрлэсэн байдаг.

6.3. Шүүхээс шийдвэрийнхээ үндэслэх нь хэсгийн 4 дэх хэсэгт ... Тодруулбал банкнаас зээл олгох үйл ажиллагааны нэг хэсэгт үндсэн зээл, зээлийн хүү, зээлийн шимтгэл төлүүлэх ажиллагаа хамаарна гэж, ... талуудын тохиролцоо нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч хэлцлийн нөгөө талдаа хохиролтой гэх үндэслэлгүй тул уг заалт нь хууль ёсны зарчимд харшилсан гэж үзэхгүй гэж, Талуудын хооронд ипотекийн зээлийн гэрээ байгуулагдсан тул уг зээл олгох ажиллагаанд М /МИК/ оролцдог тул банкнаас бодитой зардал гарсан гэж үзэх үндэслэлтэй гэж тус тус дүгнэсэн.

6.4. Шүүх дээрх байдлаар дүгнэсэн атлаа зээлийн судалгаа хийх, олгох ажиллагааны зардлыг үндэслэлгүй гээд нэхэмжлэлийн шаардлагаас 504,020 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь нотлох баримтыг бүрэн үнэлээгүй бөгөөд хууль болон журамд нийцэхгүй байна.Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтаар банк нь нэхэмжлэгч Ш.Огийн зээлд 1,632,612.51 төгрөг зарцуулсан боловч талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу 1,396,000 төгрөг авсан талаарх баримтыг буруу үнэлж дүгнэсэн байна.

6.5. Дээрх үндэслэлүүдээр нотлох баримтыг буруу тайлбарлаж үнэлсэн, Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй болно.

Иймд дээр дурьдсан хууль тогтоомжид нийцээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 05-ны өдрийн 183/ШШ2024/01014 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

7.1. Анхан шатны шүүхийн шийдвэрт Х ХК-аас гаргаж өгсөн журмын хүрээнд цагийн тооцоо гаргаж өгсөн. Хуульд цагийн тооцоог өдрөөр буюу цагаар гаргадаг. Гэтэл Х ХК минутаар гаргаж өгсөн. Хөдөлмөрийн тухай хуульд өдөрт 8 цаг, 7 хоногт 40 цаг ажиллана гэж заасан байдаг. Нэг минутад ажиллах зардлын нэгж үнэ нь 433 төгрөг байна гэж хавтаст хэргийн 108 дугаар талд авагдсан баримтад тусгагдсан байдаг боловч үүнийг ямар журмыг үндэслэж гаргасан, энэхүү тушаал нь хэм хэмжээний актад бүртгүүлсэн эсэх нь тодорхойгүй. Нэг хувийн шимтгэл авах талаар хуульд заагаагүй.

7.2. Хэргийн 120 дугаар талд авагдсан баримтад 2,195,780 төгрөгийг цагийн тооцоо надад гаргаж өгсөн бол гомдолдоо 1,632,612 төгрөгийг Ш.Од гаргаж өгснийг анхан шатны шүүх 260 цагийг надад зарцуулсан гэж үзэж, цагийн 433 төгрөгөөр үржүүлж, 891,980 төгрөгийг хангалгүй хэвээр үлдээсэнд гомдолтой байна.

7.3. Түүнчлэн Дээд шүүхийн шийдвэр, хуулийн зүйл заалтыг дурдаж байгаа нь шүүхэд нөлөөлөх оролдлого хийж байна гэж үзэж байна. Х ХК-ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байна. Үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байна. Цагийн тооцоолол зөрүүтэй байхад анхан шатны шүүх зөрүүтэй нотлох баримтыг үнэлж шийдвэр гаргасан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсгийн зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Ш.О нь хариуцагч Х ХК-д холбогдуулан 1,396,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Ш.О болон Х ХК-ийн хооронд 2016 оны 04 сарын 26-ны өдөр хххх дугаар Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 139,600,000 төгрөгийг, жилийн 8 хувийн хүүтэй, 192 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь зээл, хүүг буцаан төлөхөөр харилцан тохиролцсон байна./хх-9-12/

 

Талууд хүүтэй зээлийн гэрээ байгуулсан, зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг зээлдэгч Ш.Огийн дансанд шилжүүлж үүргээ биелүүлсэн үйл баримтад талууд маргаагүй.

 

4. Зохигч талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.3.1-т зээл олгох үйлчилгээний шимтгэл олгосон зээлийн дүнгийн 1/нэг/ хувь байх тухай тохиролцоо нь маргааны зүйл болжээ.

 

4.1. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хуулиар хориглоогүй буюу хуульд шууд заагаагүй эрх, үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж болдог. Банк, эрх бүхий этгээдээс зээл олгох үйл ажиллагаанд үндсэн зээл, зээлийн хүү, зээлийн шимтгэл төлүүлэх асуудлууд хамаарна.

 

4.2. Зээлийн шимтгэлийн хэмжээ нь банкнаас тогтоосон, харилцагчаар төлүүлж буй үнийн дүнгийн тодорхой хувиар илэрхийлэгдэх бөгөөд зээлийн бодит өртгийн нэг бүрэлдэхүүн болдог тул хуульд заагаагүй ч эдийн засгийн утгаараа зээлийн гэрээний харилцаан дахь зардлын нэг хэсэг нь болно.

 

4.3. Иймд зээлийн шимтгэл тогтоохыг хуулиар хориглоогүй учраас зээлийн гэрээнд талууд шимтгэлийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийг зөрчөөгүй тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, эрх бүхий этгээдээс олгож байгаа зээлийн гэрээний харилцаагаар зохицуулна.

 

5. Анхан шатны шүүх хариуцагч нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр маргаж байхад нэхэмжлэлийн шаардлагыг хамаарах хөөн хэлэлцэх хугацааг ерөнхий хугацаа буюу 10 жилээр тооцсон алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой.

 

5.1. Ш.О нь шимтгэлийн хэмжээ үндэслэлгүй, бодит байдалд нийцээгүй учраас буцаан гаргуулах гэсэн үндэслэл зааж байгаа нь гэрээний энэ үүргээсээ татгалзсан агуулгатай. Иймд гэрээтэй холбоотой энэ үндэслэл нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүргтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил-д хамаарч байна.

 

5.2. Нэхэмжлэгч нь 2016 оны 04 сарын 28-ны өдөр 1,397,000 төгрөгийг Х ХК-д шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд 2023 оны 12 сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргажээ.

 

5.3. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2008 оны 10 сарын 17-ны өдрийн 446 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам-ыг баталсан, тус журмын 9 дүгээр зүйлийн 9.1-д зээлийн шимтгэлд зээл үүсгэх харилцаа, зээлийн өргөдөл, баримт бичгийн судалгаа хийх, шийдвэр гаргах, барьцаа хөрөнгийн үнэлгээ, тайлан, зээлийн түүхийн судалгаа, шуудан холбоо, нэмэлт судалгаа, хяналт, шалгалт, хугацаа сунгасны шимтгэл гэсэн нийт 8 зардлыг шингээж, шимтгэл нь зээлийн дүнгийн 1 хувиас хэтрэхгүй байна гэж заажээ.

 

5.4. Зээлийн гэрээний үндсэн үүргийн хугацаа дуусгавар болсон эсэхээс үл хамааран 1/нэг/ хувийн шимтгэлийг буцаан шаардах эрх нь зээлийн гэрээ байгуулах хугацаанд үзүүлсэн үйлчилгээний хөлс байх тул төлсөн хугацаанаас хөөн хэлэлцэх хугацааг тоолно.

 

5.5. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр үүрэг гүйцэтгэхээс татгалзаж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д нийцнэ.

 

6. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байх тул, шийдвэрт энэ талаарх өөрчлөлтийг оруулна.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Х ХК-д холбогдуулан гаргасан зээлийн шимтгэлд төлсөн 1,397,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ш.Огийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 05-ны өдрийн 183/ШШ2024/01014 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар хариуцагч Х ХК-д холбогдуулан гаргасан 1,396,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Ш.Огийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,286 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,957 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,770 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

 

С.ЭНХБАЯР