Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2023/0560

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Р” /РД:/,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Г.Н,

Хариуцагч: *******а,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.М,

Гуравдагч этгээд: “*******” К /РД5/,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Н, 

Маргааны төрөл: “*******ын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/10 дугаар захирамж нь хууль нийцсэн эсэх газрын маргааныг хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М /цахим/, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Э нар оролцов.

 

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “*******ын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” А/10 дугаар захирамжийн хавсралтын “*******“ К-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гаргажээ.

2. ******* дүүргийн Засаг даргын 2002 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 322 дугаар захирамжаар 0,022 га газрыг “*******” К-д ашиглуулахаар шийдвэрлэжээ. /хавтаст хэргийн 181 дүгээр хуудас/,

  3. Ингээд ******* дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 дүгээр захирамжаар “*******” К-д 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт олгогдсон 0,022 га талбайн газар эзэмших эрхийн хугацааг сунгах, орчны тохижилт хийгдсэн 0,04 га газрыг нэмж эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. (хавтаст хэргийн 183 дугаар хуудас),

  4. Мөн 2008 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 0 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр “*******” К-д 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 дүгээр захирамжийг үндэслэн 620 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар зочид буудал, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. (хавтаст хэргийн 169 дүгээр хуудас),

 5. *******ын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/1067 дугаар захирамжаар ******* дүүргийн нутаг дэвсгэрт 862 м.кв газрыг “*******” К-д 15 жилийн хугацаатай үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн байна. (2 дугаар хавтаст хэргийн 211-213 дугаар хуудас),

 6. “Ш” К нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээгээр “******* дүүргийн 3-р хороо, “А” ОНӨААТҮГ-ын зүүн талд байрлах 981 м.кв талбай бүхий үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгогдсон, Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн ******* дугаартай гэрчилгээтэй, Улсын бүртгэлийн нэгж талбарын 8005/0******* дугаарт бүртгэгдсэн гэрээ, уг газар дээр *******,******* 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр олгосон  МЗХ2016/06-08 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврын хамт Эрх шилжүүлэн авагч болох “Р*******” К-д шилжүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 78 дугаар хуудас),

 7. Мөн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 000009692 дугаар гэрчилгээгээр 983.0 м.кв /га/ газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 13 дугаар хуудас),

8.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 252 дугаар шийдвэрээр  (1 дүгээр хавтаст хэргийн 34-42 дугаар хуудас) “*******” К-ийн гаргасан “*******ын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 671, 2011 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 295 дугаар захирамжийн “Ш” К-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 221/ТА2023/0421 дүгээр магадлалаар “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 252 дугаар шийдвэрийн “ТОГТООХ” хэсгийн 1 дэх заалтад м.кв талбайн кадастрын зургийг нийслэлийн газрын мэдээллийн санд зөвтгөн бүртгэж авахыг Нийслэлийн өмчийн харилцаан газарт даалгах” гэж нэмж, бусад заалтыг хэвээр үлдээсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 25-33 дугаар хуудас)

Тус магадлалыг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 311 дүгээр тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас),

9. *******ын Тамгын газарт “Р*******” К-ийн захирал гомдол гаргасан ба *******ын тамгын газраас 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр “Хариу хүргүүлэх тухай” 07/1130 дугаар албан бичгээр “...Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу *******ын 2018 оны А/1067 дугаар захирамжаар ******* дүүргийн 3 дугаар хороонд 862 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар “*******” К-д олгосон нь Газрын тухай холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байх тул танай байгууллагаас ирүүлсэн гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Уг шийдвэрийн улмаас танай байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд хандана уу” гэсэн хариуг өгчээ. (1 дүгээр хавтаст хэргийн 21 дүгээр хуудас),

 10. Нэхэмжлэгч “Р*******” К-иас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч "Р*******т" К-ийн захирал Г.Н миний бие "Ш" К-д дэд захирлаар ажиллаж байсан бөгөөд 2013 оны 03 дугаар сараас 13-ны өдөр гаргасан "*******" К-ийн нэхэмжлэлтэй, *******ад холбогдох захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж эхлэх бүхий л уйл явцад хэргийн оролцогч, гуравдагч этгээд "Ш" К-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд төлөөлж оролцож байсан.

Улмаар "Ш" К-ийн Хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр *******ын 2009 оны 671 тоот, 2011 оны 295 тоот захирамжаар "Ш" К-д ******* дүүргийн 3 дугаар хороо, "А" ОНӨААТҮГ-ын зүүн талд эзэмшүүлэхээр олгосон 984 м² газрыг "Газрын тухай" Монгол Улсын хуулийн холбогдох заалт, хуульд заасан нөхцөл журмын дагуу "Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ", "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ"-ний дагуу *******ын захирамжаар хуульд заасан үндэслэлээр "Р*******т" К-д шилжүүлэн авсан байна.

*******ын 2009 оны 671 тоот, 2011 оны 295 тоот, 2018 оны 99 тоот захирамжаар тус компанид ******* дүүргийн 3 дугаар хороо, "А" ОНӨААТҮГ- ын зүүн талд 984 м³ газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгож, 295-37 дугаартай, 2016 онд МЗХ2016/06-08 дугаартай "Архитектур төлөвлөлтийн даалгавар"-ыг баталж, уг газар дээр 2 хоёр тусдаа, үйлчилгээтэй орон сууцны барилга барих барилгын Ерөнхий төлөвлөгөө, барилгын эх загварыг баталж өгсөн. Гэтэл манай компанид хуулийн дагуу олгогдсон дээрх газрын хажууд ******* дүүргийн Засаг даргын 2007 оны 374 тоот захирамжаар "*******" К 620 м.кв газрыг эзэмшдэг байсан бөгөөд "Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай" *******ын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/1067 дугаар захирамжаар "*******" К-ийн эзэмшиж байсан 620 м² газрыг 862 м² болгон 242 м.кв газрыг үндэслэлгүйгээр шинээр нэмж олгохдоо “Газрын тухай", "Барилгын тухай", "Хот байгуулалтын тухай" хуулийн холбогдох заалтууд болон "Төлөвлөгөө батлах тухай" Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02/23 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.2-т заалтыг ноцтой зөрчиж газар олгосон байна.

Түүгээрч зогсохгүй "*******" К-ийн нэхэмжлэлтэй *******ад холбогдох захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шүүх хэлэлцээд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 252 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 221/МА2016/0421 тоот магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 311 дүгээр тогтоолоор хянан хэлэлцэж эцэслэн шийдвэрлэгдсэн маргаан бүхий нийтийн эзэмшлийн 400 м² газар дээр дахин газар олгосон байна. Анхан, давж заалдах шатны шүүхийн болон Монгол Улсын Дээд шүүхийн дээрх шийдвэр, магадлал, тогтоолд "*******" К-ийг "Барилгын тухай" хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-дэх заалтыг ноцтой зөрчиж орчны тохижилтыг олгогдсон газарт хийгээгүй, нийтийн эзэмшлийн зам талбайд хийсэн нь тогтоогдож байгаа бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч үүнийгээ хүлээн зөвшөөрсөн. Дүүргийн Засаг даргын 2007 оны 374 дүгээр захирамжаар "орчны тохижилт хийсэн” гэх үндэслэлээр 400 м³ газрыг нэмж эзэмшүүлсэн нь үндэслэлгүй байна.Нэхэмжлэгч нь өөрт олгогдсон 220 м.кв газраас хэтрүүлэн барилгыг барьсан, Кадастрын зураг нь зохих журмын дагуу хийгдээгүй, хууль бус зургийг үндэслэж хийгдсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн. "Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай" *******ын 2018 оны 11 дүгээ дүгээр сарын 16-ны өдрийн А/1067 дугаар захирамжаар "*******" К-ийн эзэмшиж байсан 620 м² газрыг 862 м³ болгон газрыг үндэслэлгүйгээр нийтийн эзэмшлийн зам талбайгаас 242 м.кв нэмж шинээр олгохдоо:

 "Газрын тухай" хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т "...энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа. төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно." гэж заасан бөгөөд Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан "Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам", "Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам"-ыг тус тус ноцтой зөрчсөн байна.

"Газрын тухай" хууль, Засгийн газрын тогтоолын заалтыг зөрчсөн нь "Газрын тухай" хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д "газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс байдлыг хангах", мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д "газар зохион байгуулалтын төлөвлөлтөд иргэдийн оролцоог хангах" гэсэн үндсэн зарчмыг хангаагүй, бусад этгээдийн эрх, хууль ёсны нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн, нэг компанийн эрх ашигт үйлчилж нийтийн эзэмшлийн зам талбайд шинэ олголт хийж газар эзэмшүүлсэн нь дээрх хуулийн заалтуудтай нийцэхгүй байна.

Мөн хариуцагч Газрын тухай хуульд заасан бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх гэсэн заалтыг ноцтой зөрчиж, манай компани эзэмшил газраа бодитойгоор эзэмших, ашиглах боломж, бололцоогүй болгож, орц гарцыг хааж "*******" К-д газар эзэмшүүлсэн. Хариуцагч Монгол Улсын Шүүхийн удаа дараагийн шийдвэрүүд маргаан бүхий нийтийн эзэмшил зам талбай гэж шүүх дүгнэснийг хариуцагч мэдсээр байж дахин нийтийн эзэмшлийн газрыг "*******" К-д эзэмшүүлсэн бөгөөд энэхүү сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт нь "Захиргааны ерөнхий хууль"-ийн 48 дугаар зүйлийн 48.2.2, мөн хуулийн 48.2.4 дэх заалтыг ноцтой зөрчсөн байна. Хариуцагчийн хууль бус шийдвэр нь доорх байдлаар манай компанийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн. Үүнд:

Манай компанийн нөхөн олговорт авсан газартаа барихаар төлөвлөсөн 2 тусдаа 15 давхар орон сууцны барилга барих эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж орц гарцыг хаасан, барилгын үйл ажиллагаанд дахин саад учруулсан,

Тухайн байршилд манай компанитай нийлээд 3 туслаа 15 давхар барилга баригдахаар төлөвлөгдсөн бөгөөд 3 барилгын нийт 180 гаруй айл өрхийн оршин суугчид зөвхөн нэг талаараа орж, гарч байх гарцтай болох нөхцөл байдал үүссэн, оршин суугчдын эрх ашиг ноцтой хөндөж байна.

Манай компанийн барихаар төлөвлөгдсөн орон сууцны оршин суугчдын амь нас эрүүл мэндэд гал, усны аюул, байгалийн гамшиг, аюулт үзэгдэл үүсч хойшлуулшгүй авран туслах ажиллагаа явуулах тохиолдолд хүндрэлтэй нөхцөл байдал бий болгосон.

Холбогдох хууль тогтоомжийн дагуу нөхөн олговорт авсан газрын үнэ цэнэ буурч урд нь батлагдсан "Архитектур төлөвлөлтийн даалгавар" өөрчлөгдсөн төдийгүй ойр орчмын бусад иргэн, аж ахуйн нэгж, компанийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн.

"*******" К-ийн 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан хууль бус нэхэмжлэлээс манай компани барилгын ажлаа, гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтаа зогсоож компанид маш их хохирол учруулсан бөгөөд маргаантай эрх зүйн харилцаанаас "Ш" К-ийн газар эзэмших эрхийг *******ын захирамжаар "Р*******т" К-ийн нэр дээр шилжүүлсэн.

*******ын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/1067 дугаар захирамжаар "*******" К-д нийтийн эзэмшлийн зам талбай дээр хууль бусаар газар олгосон нь урд нь гарсан анхан болон давж заалдах шатны шүүхийн, мөн Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэрүүдийг үл хүндэтгэсэн, 7 жилийн өмнө манай компанийн барилгын үйл ажиллагааг зогсоосон дээрх газрын маргаан дахин давтагдах, тус компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол дахин зөрчигдөх, барилгын ажлыг дахин зогсоох нөхцөл байдал үүссэн.

"Барилгын тухай" хуулийн "Барилгын зураг төсөлд тавих шаардлага" гэсэн 12 дугаар зүйлийн 12.1.4-т "нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг орон зайг чөлөөтэй ашиглах, авто зогсоол түүний орц гарцыг хөдөлгөөнд саадгүй байхаар төлөвлөсөн байх;" мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д "хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчныг техникийн болон галын аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах нөхцөлийг бүрдүүлсэн, гамшиг, аюулт үзэгдлийн үед нүүлгэн шилжүүлэх нөхцөлийг хангасан байх;" гэсэн заалтыг үндэслэн манай компанид өөрийн эзэмшил газар дээр 2 /хоёр/ тусдаа, үйлчилгээтэй орон сууцны барилга барих "Архитектур төлөвлөлтийн даалгавар", барилгын Ерөнхий төлөвлөгөө, барилгын эх загварыг баталж өгсөн байхад дээрх хуулийн заалтыг зөрчиж орц гарцыг хааж газар олгосон. Хууль зөрчиж газар олгосон талаар *******а бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Ад 2019 оны 08 дугаар сарын 27-ноос хойш удаа дараа гомдол гаргаж хандаж байсан. Тухайлбал:

Тус компаниас 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/50 тоот албан бичгээр гаргасан гомдлыг *******ын Тамгын газар хянан үзээд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд "Арга хэмжээ авах тухай" 2019 оны 12 дугаар сарын 04-н өдрийн 04-02/5941 тоот албан бичгийг хүргүүлсэн байна. Уг албан тоотод "*******ын 2018 оны А/1067 дугаар захирамжаар "*******" К-ийн эзэмших эрх бүхий газрын талбайн хэмжээг 242 м.кв-аар нэмэгдүүлсэн нь шүүхээр хянан шийдвэрлэгдсэн маргаан бүхий 400 м³ газартай давхцаж байна.

 Иймд "*******" К-ийн талбайн хэмжээг нэмэгдүүлсэн дээрх захирамжийн холбогдох хэсгийг Улсын Дээд шүүхийн 2016 оны 311 дүгээр тогтоолд нийцүүлэх арга хэмжээг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу авч хэрэгжүүлнэ үү." гэсэн хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт гаргаж шийдвэрлэсэн. Гэтэл анх 2019 онд гаргаж байсан гомдлоос хойш биднийг 7 сар гаруй чирэгдүүлсний эцэст гэнэт "Хариу хүргүүлэх тухай" *******ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 07/1130 дугаартай албан бичгээр "Уг шийдвэрийн улмаас танай байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд хандана уу." гэсэн байна. Монгол Улсын Шүүхийн удаа дараагийн шийдвэр, магадлал, тогтоолоор "*******" К-ийн кадастрын зургийг хуулийн дагуу хийлгэсэн гэж үзэх үндэслэлгүй, нийтийн эзэмшлийн зам талбайд кадастрын зураг хийлгэн эзэмшиж байгаа нь хууль бус болохыг тогтоож эцэслэн шийдвэрлэсэн урд нь гарсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийг хүндэтгэж, “Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай" *******ын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/1067 дугаар захирамжийн хавсралтын 32 дугаарт "*******" К-д хууль зөрчин үндэслэлгүйгээр газрын хэмжээг 242 м.кв-аар нэмэгдүүлэн нийтийн эзэмшлийн зам талбайд газар олгосон хууль бус захирамжийн заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

10. Хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “******* дүүргийн Засаг даргын 2002 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 322 дугаар захирамжаар ******* дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 220 м.кв газрыг “*******” К-д 5 жилийн хугацаатай анх эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн ба ******* дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 дүгээр захирамжаар ******* дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 620 м.кв газрыг “*******” К-д 5 жилийн хугацаатай зочид буудал, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээг ******* дүүргийн Газрын алба олгосон байна. *******ын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/1067 дугаар захирамжаар ******* дүүргийн нутаг дэвсгэрт маргаан бүхий газарт 862 м.кв газрыг шинээр баталгаажуулж ******* К-д 15 жилийн хугацаатай үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гарсан байна.

Дээрх маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/1067 дугаар захирамж нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндөхгүй байх бөгөөд дээрх үйл баримтын хүрээнд захиргааны шүүхээр хянан хэлэлцэгдэж эцэслэн шийдвэрлэсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д "нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа; " гэж заасныг баримтлан тус хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т "Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана." гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж өгнө үү.” гэжээ.

11. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай шаардлагын үндэслэл нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө батлах болон авто замыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу Монгол Улсын Засгийн газар, Япон улсын Засгийн газрын хооронд байгуулсан гэрээнд Япон улсын 37 сая иен буюу 50 орчим тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар барьж хэрэгжүүлэх Үндсэн хуулийн гудамжийг Энгельсийн гудамжтай холбох гүүрэн гарцын трасс, бидний нэрлээд байдаг Нарны гүүр. Энэ гүүрийг барьж байгуулахад “Ш” гэж компани, би өөрөө дэд захирлаар ажиллаж байсан. Яагаад дурдаж байна гэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд миний бие 2013 оноос хойш 2017 он хүртэл 4 жил шахам үргэлжилсэн захиргааны хэрэгт энэ компанийг төлөөлж дэд захирлын хувьд оролцож байсан гэдэг утгаараа ярьж байна.маргаан бүхий газар газрыг ******* дүүргийн Засаг даргын 2000 оны 99 тоот, 2007 оны 374 тоот захирамжаар “Ш” гэж компани эзэмшиж байсан газрыг миний саяны дурдсан газрын трасст орсон учраас улс нийгмийн зайлшгүй шаардлага, нийтийн эрх ашгийн үүднээс Нийслэлийн Газрын алба “Ш” К-ийн хувьд 2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн газрын нөхөн олговортойгоор нийтийн эдэлбэрт шилжүүлэх гэрээ байгуулсан байдаг. Энэ гэрээнийхээ дагуу бид өөрсдийнхөө үл хөдлөх хөрөнгө, 5 давхар барилгын суурь, агуулахууд бүх өөрсдийнхөө хөрөнгийг сайн дураараа буулгасан. Учир нь би сая хэлсэн. Монгол Улсад 37 сая иенийг буцалтгүй тусламжаар буюу 50 тэрбум төгрөгийн гүүрийг 2012 онд, бидний бухимдалтай байсан, орц гарцаар машин түгжирч байсан үед Японы Засгийн газар туслалцаа үзүүлнэ гэж байхад Монголчууд нь газраа өгөхгүй гээд суух сэтгэл байгаагүй юм. 2018 оны 02 дугаар сард “Р*******” буюу миний захирал хийж байгаа компанид албан ёсоор шилжээд энэ нь цаашдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд холбогдолтой 2014 оны Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 5/14 тоот тогтоолын 6 дугаар зүйлд газар эзэмших эрх эзэмшигчид шилжихэд архитектур төлөлтийн даалгавар, эх загвар хамт шилжинэ гэсний дагуу шилжээд явж байгаа юм. 2013 онд “*******” гэж компани нэхэмжлэл шүүхэд гаргадаг. “*******” К-ийн нэхэмжлэлтэй *******ад холбогдох Захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд 2016 оны 252 шийдвэр, 2016 оны 0421 магадлал, Улсын Дээд шүүхийн 311 тоот тогтоолоор гуравдагч этгээдийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Энэ нэхэмжлэл нь тус компанид олгогдсон энэ газрыг хуурамч бичиг баримт үйлдээд мэдээллийн санд оруулаад манай газар гээд шүүх дээр нэхэмжлэл гаргасан. 3 шатны шүүхээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Өмнө нь гарсан Монгол Улсын удаа дараагийн хүчин төгөлдөр шийдвэрүүд байгааг хариуцагч *******а мэдсээр байж шүүхийн шийдвэрийг хүндэтгэн, сайн дураар биелүүлж, түүнийг хэрэгжүүлэн ажиллах үүрэгтэй атал газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан, мөн хуурамч бичиг баримт үйлдэж мэдээллийн санд оруулсан гэж Монгол Улсын шүүхээс дүгнэсэн байхад тэр алдаа дутагдлыг засаж залруулалгүйгээр Нийслэлийн газрын мэдээллийн санд зөв оруулсан кадастрын зургийг үндэслэж газар олгох байсан. Гэтэл тэрийг үндэслэлгүйгээр шууд газар эзэмших эрх олгох *******ын 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/1067 дугаар захирамжийн 32 дугаар хэсгийн заалтаар “*******” К-д 862 м.кв шууд газар олгоод явж байгаа. Дүүргийн Засаг даргын захирамжийг хугацаа нь дуусчихсан. Газрын тухай хуулийн 27.4-т хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй этгээд аливаа газар эзэмшихийг хориглоно гээд заачихсан байсан. Үүнийгээ биелүүлээгүй, шууд л газрын албандаа хандсан. Энэ авлига, хээл хахуулийн л асуудал. Газрын баталгаажилтын хувийн хэрэг гэж байдаг. Энэ дотор урьд нь “*******” К-тийн гаргасан нэхэмжлэлтэй бүх шүүхийн шийдвэрүүд хавсаргаатай байсан байсан. Гэтэл энийгээ Газрын алба мэдсээр байж, авлигал хээл хахуулиараа энэ газрыг шууд *******ын захирамж болгоод гаргачихсан байдаг. Үүнтэй холбогдуулаад маш олон асуудлууд гарч байдаг. Юу гэхээр хууль зөрчөөд газар олгосон байна гэдэг асуудлыг бид тавихаар *******ын Тамгын газрын дарга н.Угийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 04025941 дугаартай арга хэмжээ авах тухай албан тоот байна. Хавтаст хэргийн 20 дугаар хуудсанд байгаа. Улсын Дээд шүүхийн 2016 оны 311 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч хуулийн этгээдийн барих зочид буудлын барилгын урд, баруун, зүүн талын хэсэгт орчны тохижилт хийхээр тусгагдсан болохыг нэхэмжлэгч газрын хэмжээг нэмэгдүүлэн авахдаа захиргааны байгууллагаас зөвшөөрсөн барилгын эргэн тойрны газар биш, барилгын хойд талаас 40 метр зайд 400 м.кв газар тохижилт хийсэн байгаа нь Газрын тухай хуулийн 27.1-тэй нийцэхгүйг тус тус дүгнэсэн байна. Улмаар *******ын 2018 оны А/1067 онд захирамжаар “*******”-ийн эзэмших эрх бүхий газрын талбайн хэмжээг 242 м.кв-аар нэмэгдүүлсэн нь шүүхээр хянан шийдвэрлэгдсэн маргаан бүхий 400 м.кв газартай давхцаж байна. Энд нэг зүйлийг онцлон хэлье. Орц гарцын асуудлыг бүгдийг нь хавтас хэрэгт нотлох баримтаар авсан байгаа. Манай компанийн энэ эрх бүхий байгууллага буюу Нийслэлийн Хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газраас одоогийн нэрээр нь 2013 онд баталж өгсөн ийм зургууд байдаг. Энэ дээр орц, гарцыг маш тодорхой заасан байгаа. 3 дугаар хавтаст хэргийн 98 дугаар хуудас дээр байгаа 9665- гэдгийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Энэ хэрэг үндсэндээ өс хонзон авах зорилготой.

Энэ асуудлыг хаагаад ерөөсөө л ганцхан  “*******” К-д газар олгосон нь хууль бус. Монгол Улсын шүүхийн шийдвэрүүдийг хэрэгжүүлээгүй. Ийм асуудлууд байгаа гэдэгт шүүх анхаарлаа хандуулаарай. Гуравдагч этгээд дахиад манай орц гарцыг хаагуур хаасан гэдэг асуудал тавих вий. Энэ асуудал аль хэдийн шийдэгдээд бие даасан шаардлага хүчингүй болгоод дуусчихсан юм шүү. Ийм учраас *******ын 2018 оны 1067 тоот захирамжийн 32 дугаар хавсралтын 32-т байгаа “*******” К-д үндэслэлгүйгээр Монгол Улсын шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, Захиргааны ерөнхий хуулийг биелүүлээгүй тус компанийн орц гарцыг хааж Барилгын тухай хуулиар олгогдсон эрхийг эдлүүлж, захирамжийн тухайн заалтыг хүчингүй болгож өгөөч гэдэг хүсэлтийг дахиад тавьж байна.” гэжээ.

12. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч компанийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн үндэслэл байна. Нэгдүгээрт нь гуравдагч этгээдэд 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А/1067 тоот захирамжийг *******а гаргахдаа хууль зөрчсөн хэд хэдэн үйлдлүүд байдаг. “*******” К-д энэ захирамжийг гаргахдаа тус компаниас Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3.1, 32.3.2-т заасны дагуу хүсэлт гаргаагүй. Хавтаст хэрэг шинжлэн судалсан. Засаг даргад хүсэлтийг гаргахдаа “*******” К албан бланк дээрээ эрх бүхий этгээд тамга тэмдгээ дарж, тухайн газрын зориулалт нөхцөл мөн хугацаа, хэмжээ, зааг байршил зэргийг тавиад хүсэлтээ гаргах ёстой байдаг. Энэ хүсэлтийг гаргаагүй. Дээрээс нь *******а захирамжаа гаргахдаа захирамжлах хэсгийн нэгд нь Газрын албаны дэргэдэх газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2010 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийг үндэслэн “*******”-д газар эзэмших захирамж гаргасан байдаг. Гэтэл “*******”-ийн шүүхэд ирсэн хувийн хэрэг бүхий материал, хамааралтай бүх материалыг Нийслэлийн газрын албанаас гаргаж өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлт хэрэг дотор байгаа эсэх нь эргэлзээтэй. Яагаад гэхээр энэ дүгнэлт хурлын нэг протокол хавтас хэрэг дотор авагдчихсан байж байгаа. Энэ нь газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлын тэмдэглэл гээд авагдчихсан байгаа боловч он сар байхгүй. Дээрээс нь газрын ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн дарга Б, газрын эрх хянан шийдвэрлэх зөвлөлийн нарийн бичиг Ш гэдэг хүн огт гарын үсэг зураагүй. Ийм байхад *******а газрын ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн шийдвэрийг үндэслэсэн мэтээр шийдвэрээ гаргасан нь хууль зөрчсөн юм. Газрын тухай х зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана гэсэн байдаг юм. Тухайн жилийн ерөнхий төлөвлөгөөнд тухайн газар батлагдсан эсэх талаар баримт хавтас хэрэгт байхгүй. Тухайн газрыг эзэмшүүлэхдээ үйлдвэр үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн байдаг. Гэтэл ямар зориулалтаар хүссэн юм бэ? Үйлчилгээний зориулалтаар хүссэн юм уу? гэдгийг эндээс хайгаад олоогүй. Үүгээр *******а захирамж гаргахдаа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан Газраар хүссэн гэдгийг Засаг дарга өөрөө л мэдэж олгосон гэж ойлгохоос өөр арга байхгүй болж байна. Дараагийн нэг зүйл нь энэ газар шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн маргаан бүхий газар дээр давхцалтай байна *******ын Тамгын газар Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр албан бичиг явуулж байсан байдаг. Энэ дээрээ “*******” К-ийн талбайн хэмжээг нэмэгдүүлсэн. Дээрх захирамжийн холбогдох хэсгийг Улсын Дээд шүүхийн 2016 оны 311 дүгээр тогтоолд нийцүүлэн арга хэмжээ авахыг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу авч хэрэгжүүлнэ үү. Нэхэмжлэгчээс газрын хэмжээг нэмэгдүүлэн авахдаа захиргааны байгууллагаас зөвшөөрсөн байгууллагын эргэн тойрны газар биш барилгын хойд талаас 40 метр зайд, 400 м.кв газрыг тохижилт хийсэн байгаа нь Газрын тухай хуулийн 27.1 дэх хэсэгт нийцэхгүй тухай тус тус дүгнэсэн байна. Улмаар *******ын 2018 оны А/1067 дугаар захирамжаар “*******”-д эзэмшүүлэх газрын талбайг 242 м.кв-аар нэмэгдүүлсэн нь Шүүхийн шийдвэрлэсэн маргаан бүхий 400 м.кв газартай давхцаж байна гээд *******ын Тамгын газраас Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд явуулж байсан байгаа юм. Энэ нь шүүхэд нотлох баримтын шаардлага хангасан байж байгаа. Шүүх энэ нотлох баримтуудыг бүрэн дүүрэн тал бүрээс нь дүгнэж үзээсэй гэж хүсэж байгаа юм. Иймд гуравдагч этгээдийн зүгээс огт хүсэлт гаргаж байгаагүй, дуудлага худалдаанд оролцож байгаагүй. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд батлагдаагүй, мөн газар эзэмших эрхийг хянан шийдвэрлэсэн зөвлөлийн шийдвэргүйгээр уг газрыг эзэмшүүлсэн *******ын А/1067 тоот шийдвэр хууль бус болжээ. Тийм учраас уг захирамжийн “*******” К-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нь хуульд нийцсэн байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөөч ээ гэж хүсэж байна” гэжээ.

13. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нь сонслоо. Хариуцагчийн зүгээс бичгээр өгсөн тайлбараа дэмжиж байна. Гуравдагч этгээдэд олгосон *******ын захирамжийг хууль ёсны дагуу олгосон гэж хариуцагчийн зүгээс  үздэг. Нэхэмжлэгчийн яриад байгаагаар өмнө нь шүүхээр хянан хэлэлцэгдсэн мөн дээр нь бусад газраас гарсан дүгнэлт зэргийг үндэслээд гуравдагч этгээдэд олгосон газрыг хүчингүй болго гэдэг агуулгыг тайлбарлаж байна. Гэхдээ хариуцагчийн зүгээс маргаан бүхий захирамжийг гаргахад барилгын норм, дүрэм стандарт болон орц гарц хаасан зүйл байхгүй гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн тайлбарласан үндэслэл нь тэр орц гарц хаасан нэмэгдүүлж олгосон хэсгээр нь *******ын захирамжийг бүхэлд нь буруутай гэж үзэж байгаа нь өрөөсгөл гэж үзэж байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

14. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “*******" К нь ******* дүүргийн Засаг даргын 2002 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 322 дугаар захирамжаар ******* дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр А авто баазын зүүн урд талд байрлах 0.022 га газрыг эзэмшиж, кадастрын зургийг хийлгэж газрын мэдээллийн санд бүртгүүлсэн бөгөөд тус дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 дүгээр захирамжаар дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунган, орчны тохижилт хийгдсэн 0.04 га газрыг нэмж олгосон бөгөөд тус захирамжийг үндэслэн *******ын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/1067 дугаартай "Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай" захирамжаар "үйлчилгээний" зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болж холбогдох хууль, журамд заасны дагуу газрын төлбөрийг цаг тухайд нь төлж өнөөдрийг хүртэл эзэмшиж ирсэн. Нэхэмжлэгч "Р*******" К нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Өмнө нь хянан хэлэлцэж эцэслэн шийдвэрлэсэн маргаан бүхий нийтийн эзэмшлийн 400 м.кв газар дээр дахин газар олгосон" гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэл байхгүй. Учир нь:

"*******" К нь өмнө тус шүүхэд *******а, Нийслэлийн өмчийн харилцааны газар, ******* дүүргийн Засаг даргад тус тус холбогдуулан "*******ын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 671, 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 295 дугаар захирамжийн "Ш" К-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, "*******" К-ийн эзэмшиж буй 620 м.кв талбайн кадастрын зургийг Нийслэлийн газрын мэдээллийн санд зөвтгөн бүртгэж авахыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт даалгах, тус компанитай газар эзэмших гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гарган, захиргааны хэрэг үүсч гуравдагч этгээдээр "Ш" К-ийг татан оролцуулсан ба гуравдагчаас "******* дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 дүгээр захирамжаар "*******" К-д батлагдсан ерөнхий төлөвлөгөөг үндэслэн орчны тохижилт хийгдсэн 0,04 га газрыг эзэмшүүлсэн шийдвэртэй нийцүүлэн Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд давхцалыг арилгаж байршил зааж олгосон газрыг зөв оруулж, илүү тохижилт хийсэн газрыг чөлөөлүүлж шийдвэрлэхийг Нийслэлийн өмчийн харилцааны газар, ******* дүүргийн Засаг даргад нарт даалгах, ******* дүүргийн Засаг даргын 2007 оны 374 дүгээр захирамжийн 1 дүгээр заалтын 1 дэх хэсгийн орчны тохижилт хийгдсэн 0,04 га газрыг нэмж эзэмшүүлэхээр..." гэж заасныг илт хүчин төгөлдөр бус акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх"-ээр бие даасан шаардлага гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэгдэж тус шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн шийдвэрээр "нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд бие даасан шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2016/0421 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 311 дүгээр тогтоолоор тус тус дээрх захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. 

Дээрх захиргааны хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд нь "*******" К-ийг газар эзэмших эрхтэй эсэх талаар шийдвэрлээгүй, мөн гуравдагч этгээд бие даасан шаардлагаасаа татгалзсаныг шүүх хүлээн авч татгалзлыг баталж, шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д "Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ". 29.2-т "Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана" 31 дүгээр зүйлийн 31.1.3-т "Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх" гэж, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т "нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна", 21.2.4-т "хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.3-т заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах". 31 дүгээр зүйлийн 31.3-т "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна". 33 дугаар зүйлийн 33.1.1-д "энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана" гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудын дагуу манай компани нь дээрх шүүхийн шийдвэрүүд гарсны дараа өөрийн газар эзэмших эрхийг хангах үүднээс *******ад дахин газар эзэмших хүсэлт гаргасан ба тус газар нь бусдын газартай ямар нэгэн байдлаар давхцаагүй, орц гарцын хөдөлгөөнд саад болохооргүй байсан тул *******ад Газрын тухай хууль болон бусад холбогдох хууль, журамд заасны дагуу өөрийн эзэмшлийн газрын орчны тохижилтыг хийсэн "зайлшгүй хэрэгцээтэй" газрыг эзэмших хүсэлт гаргасныг Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар хэлэлцэж "газар эзэмших эрх олгосон бөгөөд тус зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн *******ын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/1067 дугаар захирамжаар дээрх газрыг эзэмших эрхтэй болсон.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ "Г.Н миний бие "Ш" К-ийн дэд захирлаар ажиллаж байсан бөгөөд 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс хойш шүүх хэлэлцэж эхлэх бүхий л үйл явцад оролцож байсан гэж дурдсанаас үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан "хуульд заасан тэгш байдлыг хангах" эрхийг эдэлж маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтийг дээрх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш *******ад гаргах боломжтой байсаар байтал манай компанийг хууль, журмын дагуу эзэмших эрхтэй болсноос хойш 2 жилийн дараа маргаан үүсгэж байгаа нь Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гомдол гаргах, түүнийг хянан шийдвэрлэх хугацааг" хэтрүүлсэн байгааг дурдах нь зүйтэй. Иймд "Р*******" К-иас, *******ад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

15. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үүн дээр нэмж хэлэхэд гуравдагч этгээдээс ******* дүүргийн Засаг даргын 2002 оны захирамжаар газар эзэмших эрхтэй болсон. Маргаад байгаа асуудлын хүрээнд *******ын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/1067 дугаар захирамжаар газрын хэмжээг нэмэгдүүлж эзэмшсэн. Нэхэмжлэгчийн дурдаад байгаа өмнөх маргаантай холбоотой тайлбараа бичгээр өгсөн. Энэ дээр тохижилт хийсэнтэй холбоотойгоор эрх бүхий байгууллагын олгосон газраас өөр газар тохижилт хийчихсэн байна. Түүнийгээ кадастрын мэдээллийн санд зөвтгөж оруулах боломжгүй байна гэдэг агуулгыг нь шүүх шийдээд явсан үйл баримт байгаад байгаа. Тэгэхээр нэхэмжлэгчийн хэлээд байгаа шиг нийтийн эзэмшлийн газар дээр барилга тохижилт хийчихсэн байна гэдэгтэй холбоотой асуудал яригдахгүй юм гэдэг тайлбарыг бичгээр гаргаж өгсөн. Маргаан бүхий 2018 оны А/1067 захирамжийн хувьд энэ Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийг нэгж болон Газрын хууль, холбогдох хуульд заасны дагуу *******а нь өөрийн эрх хэмжээний хүрээнд энэ газар эзэмшихтэй давхцалгүй, газар эзэмших эрх олгогдоогүй байсан газар дээр газар олголт хийгдсэн нь хууль зүйн хувьд зөв гэдэг тайлбарыг гуравдагч этгээдийн зүгээс байр сууриа илэрхийлж байгаа. Нэмэлтээр тайлбарыг хэлье. Нэгдүгээрт шүүхээс нэхэмжлэгчийн тодорхой эрхийг сэргээн тогтооно. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл дээрээ 7 үндэслэлийг дурдаад *******ын захирамжтай холбоотой дараах 7 эрх, хууль ёсны байдал, ашиг сонирхол зөрчигдөж байна гэж үзэж байгаа. Нэгдүгээрт нь барилга барих эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ гэж үзэж байгаа юм. Энд барилга барих эрх нь өнөөдөр ч гэсэн нээлттэй байгаа. Очоод барилгаа бариад эрх бүхий байгууллагуудаас олгож байгаа зөвшөөрлүүд нь байгаа. Үргэлжлүүлэх зөвшөөрлөө авчихвал угаасаа барилгаа барих эрх нь нээлттэй шүү дээ. Түүн дээр *******ын захирамж хязгаарлалт тогтоосон хэм хэмжээ агуулаагүй. Дараагийнх нь болохоор 3 тусдаа 15 барилгын оршин суугчдын эрх. Оршин суугчдын амь настай холбоотой осол гарвал гэдэг зүйл ярьж байгаа. Гэтэл нэг ч шороо асаагүй. Барилгын оршин суугчдын эрх гэж ойлголт байхгүй. Шүүхээс субьектив эрхийг хамгаалж шийдэхээс биш ирээдүйд үүсэж болох эдний компани барилгаа барих, барихгүйтэй холбоотой оршин суугчдын эрхийг зөрчиж байна гэдэг агуулгаар хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж  үзэж байна. Дараа нь дүрэм дээр нөхөн олговорт авсан газрын үнэ буурч, урьд нь батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгавар өөрчлөгдсөн. Ойр орчмын иргэн, хуулийн этгээд, эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэж байгаа. Тухайн газрын эрх, үнэлгээтэй буурахтай холбоотой асуудлыг шүүх шийдэхгүй. Энэ нь шууд *******ын захирамжаар энэ компанийн газрын үнэлгээг бууруулсан ч гэдэг юм уу, эсвэл ойр орчмын иргэд хуулийн этгээдийн эрх, хууль ашиг сонирхол байгаа бол хуулийн тусгай зохицуулалт нэхэмжлэл гаргаад явна. Энэ зохицуулалтууд байгаа учраас энэ агуулгатай холбоотой эрх, ашиг сонирхол байна гэж үзэхгүй байна. Тавд нь “*******” К-ийн 2013 оноос хойш гаргасан нэхэмжлэлээс болоод барилгын ажлаа, гадаадын хөрөнгө оруулагч нар хөрөнгө оруулалтаа зогсоож компани хохирсон. Маргаантай эрх зүйн харилцаанаас “Ш” компаниас “Рийл стеит проперти” компанийн нэр дээр шилжүүлсэн. Зургаад нь 2013 оны шүүхийн маргаанаас болж 7 жилийн хугацаанд барилгын ажил зогссон. Энэ эрх, хууль ёсны ашиг сонирхол байна гэж үзэж байгаа юм. Гэтэл нэхэмжлэгч нь “Р*******” гэдэг компани байж байгаа. Энэ компани хэзээ газрын эрхтэй болсон гэхээр 2018 оны 02 дугаар сарын 02-нд болсон. Өмнө нь энэ компани ямар компаниас газрын эрхийг хэдэн удаа дамжчихсан байсан газрыг шилжүүлж авсан нь өнөөдөр энэ компанийн өмнөх компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолтой холбоотой асуудлыг энд татаж оролцуулж ирж эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндсөн байна гэж дүгнэх боломжгүй. Архитектур төлөвлөлтийн даалгавар өөрчлөгдсөн гэдэг. Хэрвээ өөрчлөгдсөн архитектур төлөвлөлтийн даалгавар байгаа бол шүүхэд гаргаж өгөөрэй гэж хэлмээр байна. Тэр архитектур төлөвлөлтийн даалгавартай холбоотой барилгын загвар зураг батлагдчихсан. Тэрэнтэй холбоотой маргаан шүүх дээр шийдэгдэх гээд байж байгаа. Тэгэхээр ийм 2 үзүүртэй юм яриад байж болохгүй байх гэж бодож байна. Газрын давхцал бол байхгүй. Нэхэмжлэгчийн хэлээд байгаа агуулгаар нийтийн эзэмшилд байх ёстой байсан газрыг л ер нь гуравдагч этгээдэд олгочхоод байгаа нь буруу байна. Олгосноороо барилгын эх загвар зурагт заасан орц гарцыг хаачихлаа гэдэг л маргаан байгаа. Тэгэхээр үндсэндээ бол газрын маргаан биш байна. Үндсэн шийдвэрлэх гээд байгаа эрхтэй холбоотой эрх зүйн баримт бичиг нь Барилгын тухай хууль тогтоомжоор зохицуулагддаг эрх зүйн баримт бичиг байгаад байгаа. Тэгэхээр юу гэж харж байна гэхээр барилгын эх загвар зураг өөрөө архитектур төлөвлөлтийн даалгавар дээр үндэслэж гардаг. Архитектур төлөвлөлтийн даалгавар газрын эрх дээр үндэслэж гардаг. Газрын эрхтэй холбоотой энэ 2 компанийн хувьд маргаан байхгүй юм байна. Учир нь үндэслээд байгаа орц гарц гэж маргаад байгаа баримт бичиг өөрөө Барилгын тухай хууль тогтоомжоор зохицуулагдаж байгаа, эрх зүйн баримт бичиг байгаад байна. Үүнтэй холбоотой нэхэмжлэгчээс барилгын эх загвар зураг батлах, барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар олгохтой холбоотой журмыг гаргаж өгөөд, түүнээс эшлээд “Ш” гэдэг компани дээр 2016 онд олгогдсон архитектур төлөвлөлтийн даалгавар 2014 оны журмын дагуу шилжүүлээд авсан нь хууль ёсны дагуу гэдэг үндэслэлийг ярьж байгаа. Тийм учраас энэ харилцаа нь Газрын тухай хуулийн харилцаа биш. Үүнтэй хамаатуулж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.”Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана.”, 32.3.”Аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана:”, 32.3.1.”аж ахуйн нэгж, байгууллагын оноосон нэр, харьяалал, хаяг, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;”, 32.3.2.”тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг;”, 32.3.3.”газар эзэмших зориулалт, хугацаа.”, 32.4.”Энэ хуулийн 32.2, 32.3-т заасан баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэнэ. Бүртгэлд хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутаар тэмдэглэх бөгөөд энэ тухай тодорхойлолтыг хүсэлт гаргасан этгээдэд гаргаж өгнө.”, 32.5.”Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна.” гэж заажээ. 

2.1. Тодорхойлох хэсэгт дурдсанчлан гуравдагч этгээд “Б” трейд К нь ******* дүүргийн Засаг даргын 2002 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 322 дугаар захирамжаар 0,022 га газрыг, мөн  Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 дүгээр захирамжаар 0,022 га талбайн газар эзэмших эрхийн хугацааг сунгах, орчны тохижилт хийгдсэн 0,04 га газрыг нэмж эзэмшүүлэхээр, улмаар 2008 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 0 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр “*******” К-д 620 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар зочид буудал, үйлчилгээний зориулалтаар эзэмшсэн байна. 

Гэтэл гуравдагч этгээдийн эзэмшиж байсан газрын хэмжээг *******ын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/1067 дугаар захирамжаар 242 м.кв-аар нэмэгдүүлж 862 м.кв болгосон нь үндэслэлгүй болжээ.

Учир нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 252 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 221/ТА2023/0421 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 311 дүгээр тогтоолоос үзвэл “*******” К барилгын сууриар эзэмшиж байсан ба зочид буудлын барилгын урд, баруун, зүүн талын хэсэгт орчны газарт тохижилт хийгдэхээр ерөнхий төлөвлөгөөнд тусгасан, барилгын хойд талд буюу захиргааны байгууллагаас олгогдоогүй, барилга барих газарт хамааралгүй газарт тохижилт хийх эрхгүй талаар дүгнэсэн байна. 

Иймд гуравдагч этгээдэд барилгын хойд талд газар эзэмших эрх үүсээгүй талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байна гэж үзлээ.

2.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1/7869 дүгээр албан бичгээр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас “*******” К-ийн гаргасан хүсэлт хувийн хэрэг холбогдох бусад баримтыг ирүүлэхийг шаардсан бөгөөд тус албанаас ирүүлсэн хариу, хавсаргасан баримтаас үзвэл гуравдагч этгээд нь хуульд заасан шаардлага хангасан хүсэлт гаргасан гэж үзэхээргүй байна.

Нэгэнт хуульд заасан шаардлага хангасан буюу засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг хавсаргасан өргөдөл гаргаагүй байхад урьд эзэмшүүлсэн газрын хэмжээг 242 м.кв хэмжээгээр нэмэгдүүлэн эзэмшүүлсэн нь хуульд нийцээгүй байна.

2.3 Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн гэх 620 м.кв газрын хэмжээний хувьд маргахгүй, харин 242 м.кв газар нэмэгдүүлэн олгосон нь үндэслэлгүй гэж мэтгэлцсэн боловч нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж оролцож байна. 

Иймд шүүхийн дээрх дүгнэлт болон нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн  гуравдагч этгээд “Б” трейд К-д 2008 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 0 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр эзэмшүүлсэн 620 м.кв газрыг нэмэгдүүлэн эзэмшүүлэх үндэслэлгүй байхад газрын хэмжээг нэмэгдүүлэн эзэмшүүлсэн байх тул *******ын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/1067 дугаар захирамжийн хавсралтын 32-д заасан 862 м.кв газраас 242 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, үлдэх шаардлага болох 620 м.кв газарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.3 дугаар зүйлийн 44.3.”Дараахь зардлыг хэргийн оролцогчоор нөхөн төлүүлнэ”, 44.3.1.“шинжээч, орчуулагч, хэлмэрчийн тээвэр, байр, хоолны зардал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үндсэн ажлын чиг үүрэгт хамаарахгүй бол ажлын хөлс”, 47 дугаар зүйлийн 47.2.”Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч болон нэхэмжлэгчид хуваарилан нөхөн төлүүлнэ.” гэж заажээ.

3.1 Шинжээчийн зардал болох 527,639.00 төгрөгийг нэхэмжлэгч “Р*******” К-иас урьдчилан төлжээ. /2 дугаар хавтаст хэргийн ******* дугаар хуудас/,

Шинжээчийн зардлыг нэхэмжлэгч төлсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэж буй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар хариуцагчаас 263,819.5 (хоёр зуун жаран гурван мянга найман зуун арван ес аравны таван) төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.3.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Р*******” К-иас *******ад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, *******ын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/1067 дугаар захирамжийн хавсралтын 32-д заасан 862 м.кв газраас 242 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, үлдэх шаардлага болох 620 м.кв газарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй  болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т тус тус зааснаар шинжээчийн зардал 263,819.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж гаргуулж нэхэмжлэгч “Р*******” К-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  


 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Н.ДАМДИНСҮРЭН