Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 1735

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.Н-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2019/02036 дугаар шийдвэртэй, Ш.Н-ын нэхэмжлэлтэй, хариуцагч БҮТ-д холбогдох, ажлаас халсан тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг даалгах, ажиллаж байсан хугацааны цалин 284 520 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар  оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: БҮТ-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар намайг ажлаас үндэслэлгүй халсан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 03530 дугаар шийдвэрээр дээрх тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэснийг давж заалдах, хяналтын шатны шүүх хэвээр үлдээсэн боловч ажилд аваагүй. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар албадан гүйцэтгэснээр, 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Б/23 дугаар тушаалаар албан тушаалд томилон, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ажлыг албан ёсоор хүлээлгэж өгөхгүй байсаар 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дахин үндэслэлгүйгээр ажлаас халсан.

Дээрх хугацаанд захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Г нь удаа дараа хашгичин загнаж, ажлаас гарах өргөдлөө өг гэж дарамталдаг байсан. Энэхүү ажлын байрны дарамтаас сэтгэл санааны хямралд орж, эрүүл мэнд муудан, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Эмнэлэгт хэвтэж байхад очиж шалгаснаас гадна өрхийн эмчийг эрүүл хүнд акт бичиж өглөө гэж загнан дарамталсан байсан. Ийнхүү өвчтэй байж байгаад 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ажилдаа очтол дахин өрөөндөө дуудаад сонсох ажиллагаа хийж байна, сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халлаа, одоо шууд тушаал гаргана гээд хөөсөн.

Ажлаас чөлөөлөх тушаалыг 3 хууль, 1 тогтоол, 1 гэрээний заалтыг үндэслэсэн байдаг. 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ нь тухайн зөрчил гарахад мөрдөгдөж байгаагүй. Мөрдөгдөж байсан гэрээ нь хэргийн 54 дүгээр талд авагдсан 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн гэрээ. Хамаарч байгаа гэрээгээр ажлын цаг ашиглалтын талаарх заалт бөгөөд энэ гаргасан гээд байгаа зөрчилтэй холбоогүй юм. Ноцтой зөрчил гэдгээ хариуцагч нотолж чадаагүй, ямар хохирол учирсан нь тодорхойгүй.

Дуудлага худалдааг зохион байгуулах эрх захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Г-д байсан. Тэрээр автомашин алга болсныг мэдээгүй байх шалтгаангүй. 2016 оны жилийн эцсийн тооллогоор харагддаг. Жолооч н.А уг автомашиныг бариад явж байсан хүн эвдэрхээр нь Ш.Наар дамжуулж айлын хашаанд байршуулсан гэж хангалттай хэлсэн. Энэ бол 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр болсон үйл явдал. Хариуцагч машин алга болсон тухай мэдээд 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр цагдаагийн байгууллагад хандсан гэдэг. Гэтэл 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр зөрчил илэрсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

Иймд тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ажлын 196 хоног буюу 10 052 247 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж, 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан 6 хоногийн цалин 284 520 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Манай байгууллага нь Санта фэ маркийн автомашиныг БСШУСЯ-аас 2014 онд хүлээж аваад албан хэрэгцээнд ашиглаж ирсэн бөгөөд 2016 оны 7 дугаар сараас үйл ажиллагаандаа ашиглаж чадаагүй. Тухайн үед автомашиныг хариуцаж байсан жолооч н.Арвис 2016 оны наадмын дараа нягтлан бодогч Ш.Н хөдөө явна гэж хэлээд авч явсан гэдэг, үүнээс хойш хүлээлгэж өгөөгүй. Няраваар ажиллаж байсан н.Н автомашиныг мэдэхгүй, нягтлан бодогч Ш.Н мэдэх ёстой гэж хэлсэн. Ш.Н-аас асуухад, “нярав н.Н мэдэх ёстой” гэж хэнд байгаа нь тодорхойгүй учраас Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүсэлт өгснөөр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, холбогдох хүмүүсээс байцаалт мэдүүлэг авсаны үндсэн дээр Ш.Н нь цагдаагийн байгууллагад замын хөдөлгөөнд оролцох боломжгүй автомашиныг 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр манай байгууллагад өгсөн.

Дээрх автомашин нь 2016 оны 6 дугаар сард явагдсан эд хөрөнгийн тооллогоор манай байгууллагын үндсэн эд хөрөнгөөр тоологдсон. 2016 оны жилийн эцсийн тооллогоор үндсэн эд хөрөнгөөс хасагдсан байсан. Хэрэгт Ш.Н-ын гаргасан 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн тайлбар, шүүхэд хариуцагчаас өгсөн хурлын тэмдэглэл, Сиди зэрэг авагдсан. Бодлого зохицуулалтын хорооны 2016 оны 273 дугаар тогтоол нь данснаас хасаж, актлах биш дуудлага худалдаа явуулж олсон орлогыг улсын төсөвт төвлөрүүлэх тухай заасан.

Нэхэмжлэгч Ш.Н эрх бүхий байгууллагын шийдвэрийг зөрчиж, 23 818 425 төгрөгийн үнэ бүхий 48-38 УНЭ улсын дугаартай Санта Фэ маркийн автомашиныг байгууллагын зөвшөөрөлгүй үндсэн хөрөнгөөс хассан ноцтой зөрчил гаргасан тул захирлын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/30 дугаартай тушаалаар Төрийн албан тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6.1, БҮТ-ийн Захирлын Боловсролын яамнаас баталсан 2017 оны дүрмийн 3.2, 2.3 4.3, 3.2.7 болон хөдөлмөрийн гэрээний 10.2.3-т заасныг үндэслэн чөлөөлсөн. Тэрээр автомашиныг тайлан балансаас хассан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. БҮТ уг зөрчлийн тухай 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр мэдсэн, 9 дүгээр сарын 30-ний өдөр сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ авна гэсэн тайлбар байдаг.

Нэхэмжлэгч нь 8 дугаар сард 6 хоног, бусад үед нь акттай байсан ба 9 дүгээр сард 4 хоног, 10 дугаар сард 3 хоног ажилласан. Ш.Н 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан атлаа 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гүйцэтгэх захирал Ж.Г өрөөндөө дуудаж загнаж дарамталсан гэх мэт үйлдлийг урьдчилан бичсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д заасныг баримтлан, хариуцагч БҮТ-өөс 283 206 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын ажлаас үндэслэлгүй халсан тушаалыг хүчингүй болгуулах, нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговорт 10 052 247 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурьдаж, хариуцагч БҮТ-өөс улсын тэмдэгтийн хураамжид 9 146 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Шүүх хэргийн бодит байдлыг үнэн зөв тогтоогоогүй, нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “Ш.Н нь дээрх тушаалд дурдагдсан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 273 дугаар тогтоолоор, БҮТ-ийн үндсэн хөрөнгийн бүртгэлээс хасахыг зөвшөөрч, нээлттэй дуудлага худалдаагаар худалдаж, орлогыг зохих захиргааны актын дагуу улсын төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэгдсэн 23 818 425.00 төгрөгийн үнэ бүхий 41-38 УБИ улсын дугаартай “Санта фэ” маркийн автомашиныг дээрх 273 дугаартай тогтоолд зааснаас өөр арга замаар байгууллагын үндсэн хөрөнгийн бүртгэлээс хассан үйл баримт тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь бодит байдлыг буруугаар тайлбарласан. Учир нь, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 273 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтанд дээрх автомашин цаашид засаж сэлбэж ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй болох нь тогтоогдсон, элэгдлээрээ өртгөө нөхсөн гэдгийг тодорхой заасан. Нягтлан бодох бүртгэлийн Олон улсын стандартын 17-н 82-н а.б, 84, 16-д зааснаар үндсэн хөрөнгийн ашиглалтын хугацаа дуусч, цаашид эдийн засгийн үр өгөөж өгөхгүй болсон тохиолдолд хөрөнгийг актлан, устгаж данснаас хасах үеийн ашиг алдагдлыг тухайн хөрөнгийн үлдэгдэл өртөг ба устгалтын цэвэр орлогын зөрүүгээр тооцож, орлого үр дүнгийн тайланд тусгах заалтуудыг үндэслэн нягтлан бодогч данс бүртгэлээс хасах үүрэгтэй.

Харин, тухайн автомашиныг дуудлага худалдаагаар худалдах комисс байгуулах болон худалдах нь байгууллагын захирлын бүрэн эрхийн асуудал бөгөөд уг автомашиныг дуудлага худалдаагаар худалдах комисс байгуулах, худалдах чиг үүргээ хариуцагч тал хэрэгжүүлээгүйд нягтлан бодогч буруугүй юм. Түүнчлэн, БҮТ нь өөрийн эзэмшлийн гараашгүй, гадна талбайд автомашины зогсоолгүй учир тухайн үед жолоочоор ажиллаж байсан Г.А ашиглаж, эвдэрсэн учир айлын хашаанд байрлуулан хадгалж байсан нь тогтоогддог.

Шүүх “Ш.Н нь 41-38 УБИ улсын дугаартай Санта фэ маркийн автомашиныг 2016 оны жилийн эцсийн тайланд тусгаагүй, дур мэдэн хассан үйл баримтыг зохигч талууд хэн аль нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүллээ” гэснийг зөвшөөрөхгүй. Учир нь, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 273 дугаар тогтоолын 2 дах заалтад “БҮТ-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, цаашид засаж, сэлбэж ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй болох нь тогтоогдсон, элэгдлээрээ өртгөө нөхсөн 23 818 425.00 төгрөгийн балансын үнэ бүхий 2 дугаар хавсралтад заасан автомашиныг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахыг зөвшөөрч, худалдах доод үнийг хавсралтад заасны дагуу тогтоосугай” гээд, 2 дугаар хавсралтаар нь 7 000 000 төгрөгөөр уг автомашиныг үнэлсэн байдаг. Мөн 3 дах заалтаар БҮТ-ийн захирал Г.Аззаяад үндсэн хөрөнгийг акталж, данснаас хасах, автомашиныг нээлттэй дуудлага худалдаагаар худалдах ажлыг зохион байгуулах, олох орлогыг улсын төсөвт төвлөрүүлэх, хөрөнгийн хөдлөлийг нягтлан бодох бүртгэл, тайланд тусгах үүргийг хариуцуулж, тогтоолын биелэлтийг 2017 оны 1 дүгээр улиралд багтаан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт ирүүлэхийг үүрэг болгосон байсан.

Үүний дагуу 2017 оны 1 улиралд багтаан автомашиныг данснаас хасч, дуудлага худалдаа зохион байгуулахыг тухайн үед БҮТ-ийн захирлаар ажиллаж байсан Г.А-д хариуцуулсан боловч, ажлаас халагдан, захирлын үүрэг гүйцэтгэгчээр 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Ж.Г томилогдон ирээд автомашиныг данснаас хасуулж, 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар жилийн эцсийн санхүүгийн тайланд тусгуулж, өөрөө хянаж шалгаад гарын үсгээ зурж баталгаажуулан тамга, тэмдэг дарж Үндэсний Аудитын газарт хүргүүлж дүгнэлт гаргуулсан нотлох баримтаар авагдсан. Гэтэл шүүх нэхэмжлэгчийг тайлан балансад тусгаагүй, дур мэдэн хассан гэж дүгнэсэнд гомдолтой. 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, баланс болон Үндэсний Аудитын газраас уг тайланд хийсэн дүгнэлт хэрэгт баримтаар авагдсан.

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дах хэсэгт заасан хугацааг тасалдсан гэж дүгнэсэн нь хэргийн үйл баримтыг буруу ойлгож, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.  Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дах хэсэгт заасан хугацаа нь сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан. Өөрөөр хэлбэл, дээрх хугацааг зөрчил гаргасан гэж үзвэл гаргасан өдрөөс нь хойш тасалдалгүй тоолох ёстой. Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч илт худал мэдүүлж байхад шүүх дэмжиж байгаа нь харамсалтай.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 273 дугаар тогтоолын дагуу БҮТ-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Г-д танилцуулж түүний өгсөн үүргийн дагуу 2016 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар гаргасан жилийн эцсийн санхүүгийн тайлан балансад зохих хууль дүрмийн дагуу автомашиныг акталж данснаас хассаныг нэхэмжлэгч хууль бус үйлдэл хийсэн гэж үзэхгүй. 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр автомашиныг акталж, үндсэн хөрөнгийн данснаас хассан талаар мэдсэн гэх үндэслэлтэй. Үүнээс үзэхэд, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл бүтэн 1 жил 9 сар 20 хоног өнгөрсөн байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан хугацааг ноцтой зөрчиж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн БҮТийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01/308 тоот Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан хүсэлтэд “2016 оны 06 дугаар сард авагдсан эд хөрөнгийн тооллогоор уг автомашин нь манай үндсэн хөрөнгөд бүртгэлтэй тоологдсон бөгөөд 2016 оны жилийн эцсийн тооллогоор үндсэн хөрөнгөнөөс хасагдаж, тоологдоогүй гэсэн баримт байгаа” гэсэн нь уг автомашиныг тайлан балансаас хасагдсан болохыг өмнө мэдэж байсныг нотолно. Үүгээр 2017 оны 10 дугаар сард мэдлээ гэж үзэхэд 2017 оны 11 дүгээр сард хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байгааг шүүх анхаарч үзээгүй.

Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуульд заасан дээрх хугацаа нь тасалдах, зогсох гэсэн ойлголт байхгүй байтал шүүх хугацаа өнгөрөөгүй гэж ямар ч хуулийн үндэслэлгүй дүгнэлт гаргасанд гомдолтой тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ш.Н нь хариуцагч БҮТ-д холбогдуулан ажлаас үндэслэлгүйгээр халсан тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг даалгах, ажилласан хугацааны цалин 283 206 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч байгуулага нь нэхэмжлэгчийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/23 дугаар тушаалаар урьд эрхэлж байсан нягтлан бодогчийн ажил, албан тушаалд томилсон байх боловч 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, үндэслэлээ эрх бүхий байгууллагын шийдвэрийг зөрчиж, 23 818 425 төгрөгийн үнэтэй 41-38 УБИ улсын дугаартай Санта Фе маркийн автомашиныг үндсэн хөрөнгөөс хассан ноцтой зөрчил гаргасан гэжээ.

 

Хэрэгт авагдсан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 273 дугаар тогтоол, түүний 2 дугаар хавсралтаас үзвэл, БҮТ-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, цаашид засаж, сэлбэж ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй болох нь тогтоогдсон, элэгдлээрээ өртгөө нөхсөн 23 818 425 төгрөгийн балансын үнэ бүхий дээрх автомашиныг нээлттэй дуудлага худалдаагаар худалдахыг зөвшөөрч, уг ажиллагааг зохион байгуулахыг тус төвийн захиралд даалгасан байна. /1хх171,172,175/

 

Үндэсний аудитын газраас хариуцагч байгууллагад 2016 оны жилийн эцсийн санхүүгийн байдалд аудит хийснээр 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Аудитын тайланг гаргаж уг тээврийн хэрэгсэл нь тухайн байгуллагын 2016 оны жилийн эцсийн тооллогод ороогүйг тогтоож /1хх60-85/, хариуцагч 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст тухайн тээврийн хэрэгсэл хаана байгаа нь тодорхойгүй талаар гомдол гаргаснаар /1хх186/ зохих ажиллагаа хийгдэж, “алга болсон” гэх автомашиныг нэхэмжлэгч Ш.Н-с хураан авч хариуцагчид хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон. Энэ талаар Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 1005 дугаар тогтоол /1хх53, 54/, автомашиныг тухайн байгууллага хүлээн авсан тэмдэглэл /1хх186/ зэрэг баримт хэрэгт авагджээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 273 дугаар тогтоолд зааснаас өөр арга замаар уг тээврийн хэрэгслийг байгууллагын үндсэн хөрөнгийн бүртгэлээс хассан зөрчил гаргасан гэж зөв дүгнэсэн боловч  ажил олгогч дээрх зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлсэн байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дах заалтыг  буруу тайлбарлан хэрэглэжээ.   

 

Тодруулбал, нэхэмжлэгчийг байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эд хөрөнгийг дур мэдэн хассан үйлдэл гаргаснаас хойш үүрэгт ажлаасаа өөр үндэслэлээр халагдсан, улмаар шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдож 2018 оны 8,9 дүгээр сард тус тус 6 хоног ажилласан, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүртлээ өвчтэй байсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дах хэсэгт заасан хугацааг тасалдсан гэсэн нь хэргийн үйл баримт болон хуульд нийцэхгүй.

 

Хариуцагч БҮТ өмнө нь 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Б/28 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас халж байсан бөгөөд түүний гаргасан дээрх зөрчлийн талаар Аудитын гэрчилгээ болон тайлан гарсан 2017 оны 2 дугаар сард мэдсэн байх боломжтой атал тухайн зөрчилд даруй 1 жил 8 сарын дараа буюу 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дах хэсэгт зааснаар сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэснийг зөрчсөн байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Ш.Нын давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул түүнийг БҮТ-ийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт  оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Харин тус төвийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/30 дугаар тушаал Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байгаа эсэх нь тухайн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гэж үзэх ба шүүх тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт өгч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэх шаардлагүйг дурдах нь зүйтэй байна.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн               167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2019/02036 дугаар шийдвэрийн, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ш.Н-ыг БҮТ-ийн нягтлан бодогч ажилд эгүүлэн тогтоосугай” гэж

Тогтоох хэсгийн 2 дах заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч БҮТ-өөс ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговорт 10 052 247 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан 6 хоногийн цалин   283 206 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Н-д олгосугай” гэж,

Тогтоох хэсгийн 3 дах заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт зааснаар Ш.Нын нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасугай” гэж өөрчлөн

Тогтоох хэсгийн 2 дах заалтыг 4 гэж дугаарлаж, уг заалтын “9 146 төгрөг” гэснийг “180 317 төгрөг”  гэж,

Тогтоох хэсгийн 3 дах заалтыг 4 гэж дугаарлан тус тус өөрчилсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.Н нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                           

                             ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                    Т.ТУЯА