Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2020/00466

 

Ш.Нын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2019/02036 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1735 дугаар магадлалтай, 

Ш.Нын нэхэмжлэлтэй

БҮТд холбогдох,

Ажлаас халсан тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг даалгах, ажиллаж байсан хугацааны цалин 284 520 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Ган-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.       

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Батсүх, С.Оюунцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Дайриймаа, хариуцагчийн өмгөөлөгч Э.Нэмэхбаяр, нарийн бичгийн даргаар Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: БҮТийн гүйцэтгэх захирлын 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар намайг ажлаас үндэслэлгүй халсан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 03530 дугаар шийдвэрээр дээрх тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэснийг давж заалдах, хяналтын шатны шүүх хэвээр үлдээсэн боловч ажилд аваагүй. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар албадан гүйцэтгэснээр, 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Б/23 дугаар тушаалаар албан тушаалд томилон, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ажлыг албан ёсоор хүлээлгэж өгөхгүй байсаар 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дахин үндэслэлгүйгээр ажлаас халсан. Дээрх хугацаанд захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Ган-Эрдэнэ нь удаа дараа хашгичин загнаж, ажлаас гарах өргөдлөө өг гэж дарамталдаг байсан. Энэхүү ажлын байрны дарамтаас сэтгэл санааны хямралд орж, эрүүл мэнд муудан, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Эмнэлэгт хэвтэж байхад очиж шалгаснаас гадна өрхийн эмчийг эрүүл хүнд акт бичиж өглөө гэж загнан дарамталсан байсан. Ийнхүү өвчтэй байж байгаад 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ажилдаа очтол дахин өрөөндөө дуудаад сонсох ажиллагаа хийж байна, сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халлаа, одоо шууд тушаал гаргана гээд хөөсөн. Ажлаас чөлөөлөх тушаалыг 3 хууль, 1 тогтоол, 1 гэрээний заалтыг үндэслэсэн байдаг. 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ нь тухайн зөрчил гарахад мөрдөгдөж байгаагүй. Мөрдөгдөж байсан гэрээ нь хэргийн 54 дүгээр талд авагдсан 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн гэрээ. Хамаарч байгаа гэрээгээр ажлын цаг ашиглалтын талаарх заалт бөгөөд энэ гаргасан гээд байгаа зөрчилтэй холбоогүй юм. Ноцтой зөрчил гэдгээ хариуцагч нотолж чадаагүй, ямар хохирол учирсан нь тодорхойгүй. Дуудлага худалдааг зохион байгуулах эрх захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Ган-Эрдэнэд байсан. Тэрээр автомашин алга болсныг мэдээгүй байх шалтгаангүй. 2016 оны жилийн эцсийн тооллогоор харагддаг. Жолооч н.Арвис уг автомашиныг бариад явж байсан хүн эвдэрхээр нь Ш.Наар дамжуулж айлын хашаанд байршуулсан гэж хангалттай хэлсэн. Энэ бол 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр болсон үйл явдал. Хариуцагч машин алга болсон тухай мэдээд 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр цагдаагийн байгууллагад хандсан гэдэг. Гэтэл 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр зөрчил илэрсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ажлын 196 хоног буюу 10 052 247 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж, 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан 6 хоногийн цалин 284 520 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай байгууллага нь Санта фэ маркийн автомашиныг БСШУСЯ-аас 2014 онд хүлээж аваад албан хэрэгцээнд ашиглаж ирсэн бөгөөд 2016 оны 7 дугаар сараас үйл ажиллагаандаа ашиглаж чадаагүй. Тухайн үед автомашиныг хариуцаж байсан жолооч н.Арвис 2016 оны наадмын дараа нягтлан бодогч Ш.Н хөдөө явна гэж хэлээд авч явсан гэдэг, үүнээс хойш хүлээлгэж өгөөгүй. Няраваар ажиллаж байсан н.Нямсүрэн автомашиныг мэдэхгүй, нягтлан бодогч Ш.Н мэдэх ёстой гэж хэлсэн. Ш.Наас асуухад, нярав н.Нямсүрэн мэдэх ёстой гэж хэнд байгаа нь тодорхойгүй учраас Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүсэлт өгснөөр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, холбогдох хүмүүсээс байцаалт мэдүүлэг авсаны үндсэн дээр Ш.Н нь цагдаагийн байгууллагад замын хөдөлгөөнд оролцох боломжгүй автомашиныг 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр манай байгууллагад өгсөн. Дээрх автомашин нь 2016 оны 6 дугаар сард явагдсан эд хөрөнгийн тооллогоор манай байгууллагын үндсэн эд хөрөнгөөр тоологдсон. 2016 оны жилийн эцсийн тооллогоор үндсэн эд хөрөнгөөс хасагдсан байсан. Хэрэгт Ш.Нын гаргасан 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн тайлбар, шүүхэд хариуцагчаас өгсөн хурлын тэмдэглэл, Сиди зэрэг авагдсан. Бодлого зохицуулалтын хорооны 2016 оны 273 дугаар тогтоол нь данснаас хасаж, актлах биш дуудлага худалдаа явуулж олсон орлогыг улсын төсөвт төвлөрүүлэх тухай заасан. Нэхэмжлэгч Ш.Н эрх бүхий байгууллагын шийдвэрийг зөрчиж, 23 818 425 төгрөгийн үнэ бүхий 48-38 УНЭ улсын дугаартай Санта Фэ маркийн автомашиныг байгууллагын зөвшөөрөлгүй үндсэн хөрөнгөөс хассан ноцтой зөрчил гаргасан тул захирлын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/30 дугаартай тушаалаар Төрийн албан тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6.1, БҮТийн Захирлын Боловсролын яамнаас баталсан 2017 оны дүрмийн 3.2, 2.3 4.3, 3.2.7 болон хөдөлмөрийн гэрээний 10.2.3-т заасныг үндэслэн чөлөөлсөн. Тэрээр автомашиныг тайлан балансаас хассан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. БҮТ уг зөрчлийн тухай 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр мэдсэн, 9 дүгээр сарын 30-ний өдөр сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ авна гэсэн тайлбар байдаг. Нэхэмжлэгч нь 8 дугаар сард 6 хоног, бусад үед нь акттай байсан ба 9 дүгээр сард 4 хоног, 10 дугаар сард 3 хоног ажилласан. Ш.Н 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан атлаа 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гүйцэтгэх захирал Ж.Ган-Эрдэнэ өрөөндөө дуудаж загнаж дарамталсан гэх мэт үйлдлийг урьдчилан бичсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2019/02036 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д заасныг баримтлан, хариуцагч БҮТөөс 283 206 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагын ажлаас үндэслэлгүй халсан тушаалыг хүчингүй болгуулах, нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговорт 10 052 247 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурьдаж, хариуцагч БҮТөөс улсын тэмдэгтийн хураамжид 9 146 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1735 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2019/02036 дугаар шийдвэрийн, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ш.Ныг БҮТийн нягтлан бодогч ажилд эгүүлэн тогтоосугай гэж Тогтоох хэсгийн 2 дах заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч БҮТөөс ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговорт 10 052 247 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан 6 хоногийн цалин 283 206 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Нд олгосугай гэж, Тогтоох хэсгийн 3 дах заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт зааснаар Ш.Нын нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасугай гэж өөрчлөн Тогтоох хэсгийн 2 дах заалтыг 4 гэж дугаарлаж, уг заалтын 9 146 төгрөг гэснийг 180 317 төгрөг гэж, Тогтоох хэсгийн 3 дах заалтыг 5 гэж дугаарлан тус тус өөрчилж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.Н нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Ган-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Мөн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж  гомдлыг хангаагүй. Хариуцагч нараас шүүхийн шийдвэрээр хариуцагч Борнуур сумын Засаг даргаас 4 255 692 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн байна гээд энэ нь гэрчүүдийн мэдүүлэг болон хууль тогтоомжийн хүрээнд сумын сургууль, цэцэрлэгийн төсөв санхүүгийн үйл ажиллагаа болон нягтлан бусад ажилчдаа томилох чөлөөлөх асуудалд 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс Засаг дарга оролцох эрхгүй тухайн байгууллагын эрхлэгч, захирлын эрхэд хамааралтай болсон энэ нь аймгийн ЗДТГ-аас ирүүлсэн нотлох баримтаар /хх-ийн хуудас/ тогтоогдож байна. Мөн хариуцагчийг зөв тодорхойлох ёстой байсан гэдэг гомдлыг гаргасан боловч давж заалдах шатны шүүх хариуцагчийн асуудлаар ямар нэгэн дүгнэлт гаргаагүй түүнийг хянаж үзээгүй, боломжтой байсан. Мөн нэхэмжлэгч нь 3 сарын хугацаанд ажилдаа орох гэж ирээгүй, нгүүхийн шийдвэрийг хэзээ гардаж авсан, хариуцагч болон сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай ажилдаа орох асуудлаар хичнээн удаа уулзсан болон ажилдаа эгүүлэн тогтоолгох хүсэлт гаргаж байсан эсэх, шүүхийн шийдвэрийг захирал, эрхлэгч нартаа танилцуулсан эсэх, ажилдаа орох боломжгүй байсан шалтгаан нөхцөлийг мөн шүүх хэлэлцсэн боловч 3 сарын хугацаанд яагаад ажилдаа ороогүй тэр нь хэний буруутай үйл ажиллагаанаас болсон гэдгийг зөвхөн Засаг даргаас болсон мэтээр дүгнэснийг давж заалдах шатны шүүх хянаж чадаагүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй болно. Мөн шүүх хуралд хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаагүй нь хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхийг зөрчсөнөөс мэтгэлцэх зарчим алдагдсан байхад удаа дараа шүүх хуралдаан хойшлуулж байсан гэдэг үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргаж холбогдох баримтыг хавсаргасан нь хууль зөрчөөгүй бөгөөд өмгөөлөгчийн хүсэлтийг хангаагүйгээс үүдэн ИХХШТХ-ийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ” гэсэн болон тус зүйлийн 6.2, 6.3, 6.4 дэх заалтууд зөрчигдөж нэхэмжлэгч тал өмгөөлөгчтэй байхад хариуцагч талыг өмгөөлөгчгүй оролцуулж шүүх хуралдааныг үргэлжлүүлснээр мэтгэлцэх зарчим хангагдаагүй болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасны дагуу шийдвэр, магадлалыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхэд буцаан гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ш.Н нь хариуцагч БҮТд холбогдуулан ажилласан хугацааны дутуу цалин 283 206 төгрөгийг гаргуулах, ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, маргасан байна.

Анхан шатны шүүх хариуцагчаас 283 206 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх Ш.Ныг БҮТийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 10 052 247 төгрөг, ажилласан 6 хоногийн цалин 283 206 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн зохигчдын хоорондох маргааныг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй анхан шатны шүүхийн алдааг давж заалдах шатны шүүх залруулсан тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу явуулсан, зохигч мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлсэн байна.

БҮТ өмнө нь Ш.Ныг ажлаас халсан, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2017/03530 дугаар шийдвэрээр түүнийг ажилд нь эгүүлэн тогтоосон, ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/23 дугаар тушаалаар урьд эрхэлж байсан нягтлан бодогчийн ажилд томилсон боловч “23 818 425 төгрөгийн үнэтэй 41-38 УБИ улсын дугаартай Санта Фе маркийн автомашиныг үндсэн хөрөнгөөс хасч, ноцтой зөрчил гаргасан” гэсэн үндэслэлээр 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар Ш.Ныг ажлаас нь халсан байна.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 273 дугаар тогтоол, түүний 2 дугаар хавсралтаас үзвэл, БҮТийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, цаашид засаж, сэлбэж ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй болох нь тогтоогдсон, 23 818 425 төгрөгийн балансын үнэ бүхий автомашиныг нээлттэй дуудлага худалдаагаар худалдахыг зөвшөөрч, уг ажиллагааг зохион байгуулахыг тус төвийн захиралд даалгасан байх боловч уг журмаар хөрөнгийн асуудлыг шийдвэрлээгүй, автомашиныг тухайн байгууллагын 2016 оны жилийн эцсийн хөрөнгийн тооллогод оруулаагүй, Цагдаагийн байгууллагаар шалгуулах явцад автомашиныг Ш.Наас хураан авч хариуцагчид хүлээлгэн өгсөн үйл баримт Үндэсний аудитын газрын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Аудитын тайлан, Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 1005 дугаар тогтоол /1хх53, 54/, автомашиныг тухайн байгууллага хүлээн авсан тэмдэглэл /1хх186/ зэрэг баримтаар тогтоогджээ.

Ш.Н нь нягтлан бодогчийн хувьд тухайн тээврийн хэрэгслийг байгууллагын үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгүүлээгүй, зөрчил гаргасан байх боловч ажил олгогч нь 2016 онд гаргасан дээрх зөрчилд сахилгын шийтгэл ногдуулсан нь хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан “сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах” зохицуулалтыг зөрчсөн талаар давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

Ажил олгогчийн зүгээс ажилтныг ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас халсан тул шүүх нэхэмжлэлийн үндэслэл, маргааны зүйлийн хүрээнд хууль зүйн дүгнэлт хийсэн байна. Давж заалдах шатны шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд хөдөлмөрийн сахилгын зөрчил, илэрсэн хугацаа, ажил олгогч тушаал гаргасан хугацаа зэргийг харьцуулан дүгнэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дах хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1735 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                            П.ЗОЛЗАЯА