Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар  2021/ДШМ/5

 

 

 

 

 

 

    2021            12            22                                         2021/ДШМ/5                             

 

 

З.Х, Г.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Б.Зориг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч З.Х, Г.А, тэдгээрийн өмгөөлөгч Б.Байгалмаа,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/1101 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Бат-Эрдэнийн бичсэн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 53 дугаартай эсэргүүцэл, шүүгдэгч З.Х, Г.А, тэдгээрийн өмгөөлөгч Б.Байгалмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн З.Х, Г.А нарт холбогдох эрүүгийн 1906 06918 1394 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. О овогт Гийн А, .... оны ... дугаар сарын ...-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ......................... дүүргийн ... дугаар хороо, ....................... тоотод оршин суух хаягтай, /РД:........................./,

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 362 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялыг 2 дахин багасгаж 1 жилийн хугацаагаар тогтоосон,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 2020/ШЦТ/806 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 26 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 10 сар 26 хоногийн хугацаагаар тогтоосон,

2. Б овогт Зын Х, ....... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт ....................... дүүргийн .... дугаар хороо, ................ тоотод оршин суух хаягтай, /РД:.............................../,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 690 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 358 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 13 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан.

Шүүгдэгч З.Х, Г.А нар нь бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн орой 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” кафены ажилтан Э.Дий эзэмшлийн цэнэглэж байсан “Айфоне 8-плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, иргэн Э.Дд 1.250.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: З.Х, Г.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Орлууд овогт Ганцоожийн А, Боржигон овогт Зоригтбаатарын Х нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А, З.Х нарыг тус бүр хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Хт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 358 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 13 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй 1 жил 3 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ат Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 806 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 10 сар 26 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 11 сар 23 хоногийн хорих ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 11 сар 23 хоногийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч З.Хт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 358 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 13 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 29 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 3 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ат оногдуулсан 5 жил 11 сар 23 хоногийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч З.Хт оногдуулсан 3 жил 3 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Г.Аын цагдан хоригдсон 67 /жаран долоо/ хоногийг, шүүгдэгч З.Хын цагдан хоригдсон 40 /дөч/ хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А, З.Х нараас 1.250.000 төгрөгийг хувь тэнцүү гаргуулж хохирогч Э.Д /РД:....................../-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А, З.Х нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Д.Бат-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна гэсэн үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солино” гэж томьёолжээ. Өөрөөр хэлбэл зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих хууль зүйн үндэслэл нь “ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй” байх явдал юм.

Гэтэл анхан шатны шүүхээс 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар З.Хт өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон атлаа уг дүйцүүлэн сольсон 1 жил 3 сар 29 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 3 сар 29 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийг буруугаар тайлбарлан хэрэглэлээ гэж үзэж байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно”, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно”, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй” гэж тус тус заасан байна.

Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуульд заасан 2 өөр төрлийн ялыг хооронд нь нэмж нэгтгэсэн болон ял нэмж нэгтгэсэн талаараа хууль зүйн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь ойлгомжгүй, хууль зүйн хувьд алдаатай байна гэж үзнэ.

Иймд дээрх үндэслэлээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/1101 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн.

Зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялаар солих үндэслэл нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солино. Гэтэл зорчих эрхийг биелүүлээгүй асуудал байхгүй. Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан зорчих эрх хязгаарлах ялаар сольсон нь зөв, гэхдээ уг ялаа хорих ял дээр нэмж нэгтгэхдээ тухайн зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцно гэж шийтгэх тогтоолдоо дурдаад нэмж нэгтгэх ёстой.” гэв.

Шүүгдэгч З.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 358 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 13 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн болно. Тухайн ял шийтгэлийг эдэлж байх хугацаанд энэ шийтгэх тогтоолоор ял оногдуулсан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан. Ингээд тус хэргийн шүүх хуралдаан 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр болж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч зөвхөн нэг талыг баримтлан яллаж байгаад гомдолтой байна. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тусад нь яллахдаа урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялыг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн. Мөн энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн зохицуулалтад хамаарч байх учир гэсэн атлаа тусад нь 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Өөрийн үйлдсэн гэмт хэргээ үнэн зөвөөр хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байна. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг минь хөнгөлж өгнө үү. Мөн урьд шийтгүүлсэн хорих ялаас эдлээгүй улдсан 1 жил 3 сар 29 хоногийг минь тусад нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулалгүй нэмж нэгтгэн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Г.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед өөрийн гэм бурууг ухамсарлан гэмт үйлдлүүдээ нэмж нэгтгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, сэжигтнээр татсан тогтоолыг баримт бичиг хэлбэрээр авч очсон боловч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх надад хамааралгүй хэрэг гэж үзээд авч хэлэлцээгүй. Тухайн үеийн хяналтын прокурор нь Ганцэцэг гэх хүн байсан. Прокурор надад хэлэхдээ “...Энэ үйлдлийг чи үйлдээгүй болохоор чамд хамааралгүй, З.Хын үндсэн гэмт хэрэгт нэгтгэгдэн шийтгэгдсэн хэрэг учир ахиж чамайг хорих ангиас авч ирүүлэхгүй” гэсэн.  Би прокурорын үгэнд итгэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргалгүй хорих анги руугаа очиж, өмнө хийсэн гэмт хэргээ ухааран ойлгож, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж, хорих ангиас өгсөн ажил хөдөлмөрийг хийж байсан. Гэтэл 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр намайг дахин яллах гэж хорих 461 дүгээр ангид авч ирж саатуулсан. Тухайн үед гэмт хэргүүдээ нэгтгэн шийдүүлэх хүсэлтэй байгаагаа амаар болон бичгээр илэрхийлсэн боловч мөрдөн байцаагч болон прокурорын хайхрамжгүй байдлаас болж хувийн эрх зүйн байдлаа дордуулж байгаад гомдолтой байна. Миний бие өрх толгойлсон хөгжлийн бэрхшээлтэй, группд байдаг ээжийн хамт амьдардаг. Ээжид минь надаас өөр асарч тойглох хүнгүй, хамаатан садан байдаг боловч хөндий, харьцаад байдаггүй. Миний бие өсвөр насандаа уг хэргийг үйлдсэн. Тэр үед би өөрийн хийж буй гэмт үйлдлээ ямар хор уршигтай гэдгийг сайн ойлгохгүй, компьютер тоглоом тоглох хүсэлдээ автан бусад хүмүүсийг хохироож, энэ нийгэмд маш их хор хөнөөл учруулж байснаа ухаарах бодолгүй байсан. Шүүхийн шийтгэх тогтоолоор шийтгүүлэн насанд хүрэгчдийн хорих ангид очиж өөрийн хийсэн хэргээ ухамсарлан ойлгосон. Бусдын адил гэмт хэрэг хийлгүй ажил хөдөлмөр эрхлэн сайхан амьдарч улс эх орондоо хэрэгтэй хүн болох ёстой гэдгийг ойлгож ухамсарласан. Хорих ангид байх хугацаандаа өөрийн хийсэн гэмт хэргийн хор уршгаа ойлгон арилгахын тулд хорих ангиас оноосон цалинтай ажил хөдөлмөрийг маш сайн хийж хохирогч нарын хохирлыг бага багаар буцаан төлж барагдуулж байсан. Одоо ч гэсэн өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, хохирогчийн хохирлыг буцаан төлөхөө илэрхийлж байна. Иймд 18 насанд хүрээгүй байх үедээ үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтыг өршөөлд хамруулж өгнө үү. Мөн анхан шатны шүүхээс өгсөн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Байгалмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Миний үйлчлүүлэгч З.Х нь өөрийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлдэг, урьд өмнө нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаагүй, холбогдсон гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хамрагдаж байгаа. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч З.Хын тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нь нэмж нэгтгэсний дараа нийт эдлэх ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэх боломжтой байсан.

Гэвч анхан шатны шүүх З.Хт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тухайн гэмт хэрэгт нь 2 жилийн хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар/ түүнд оногдуулсан 2 жил 13 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар, 29 хоногийн хорих ялыг нь л Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, уг ялыг тухайн гэмт хэрэгт нь оногдуулсан 2 жилийн хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил, 3 сар, 29 хоногийн хорих ялаар тогтоож, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн “...гэмт хэрэг үйлдэж шүүхээс 5 жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь 5 жил түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэх заалттай зөрчилдсөн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Миний үйлчлүүлэгч Г.А нь одоо 19 настай, өөрийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрөө зохих хэмжээнд төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлдэг, урьд өмнө нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаагүй, холбогдсон гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хамрагдаж байгаа.

Г.А нь насанд хүрээгүй байхдаа буюу өсвөр насандаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт холбогдож Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 2020/ШЦТ/806 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жил 10 сар 26 хоногийн ял шийтгүүлснээс 2021/ШЦТ/1101 шийтгэх тогтоол гарах өдөр биеэр 1 жил 11 сар 3 хоногийн хорих ял эдэлсэн, эдлээгүй үлдсэн 3 жил 11 сар 23 хоногийн хорих ялтай байсан.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Өршөөл үзүүлэх тухай хуульд ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг өршөөлд хамааруулахгүйгээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Г.Аын үйлдсэн хэрэг өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд хамаарч байна гэж дүгнээд Г.Аын З.Хтай бүлэглэн Э.Дний гар утсыг хулгайлсан үйлдэлд 2 жилийн хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 3 жил 11 сар 23 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 11 сар 23 хоногоор тогтоож шийдвэрлэсэн нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан “Өсвөр насны хүн ...Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл/ гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн бол шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна” гэх, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн “...гэмт хэрэг үйлдэж шүүхээс 5 жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь 5 жил түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэх заалттай тус тус зөрчилдсөн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх тус тус үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, өсвөр насны шүүгдэгч Г.А, шүүгдэгч З.Х нарыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү.” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор Д.Бат-Эрдэнийн бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч З.Х, Г.А, тэдгээрийн өмгөөлөгч Б.Байгалмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч З.Х, Г.А нар нь бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн орой 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” кафены ажилтан Э.Дний эзэмшлийн цэнэглэж байсан “Айфоне 8-плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, иргэн Э.Дд 1.250.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Э.Дний “...2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” кафед ажлаа хийж байх үед 20 цаг 40 минутын орчим 1 давхрын кафены тек дээр өөрийн “Ай фоне-8 плас” загварын гар утсаа цэнэглэж орхиод 2 давхар руу гарч ажлаа хийж байгаад 21 цаг 30 минутын үед утсаа авах гээд тэк дээрээ ирэхэд миний гар утас алга болсон байсан. Тэгээд хяналтын камерыг шүүж үзэхэд 20 цаг 44 минутын орчим танихгүй 2 хүн орж ирээд нэг нь манай ресепшнтэй ярьж байх хооронд нөгөө залуу нь миний гар утсыг текнээс хулгайлж авч яваад гарч байгаагаар бичигдсэн байхаар нь цагдаад дуудлага өгсөн...” /хх 30-31/,

шүүгдэгч Г.Аын “...2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Ботаникийн хүүхэд хамгаалах асрахад бага байхдаа танилцсан З.Х ахтай Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт оройн 20 цагийн орчим уулзаад юм ярьж байгаад ойрд уулзсангүй учир нэг газар суухаар “А” нэртэй кафед ороод би тек дээр нь очоод ажилтантай нь хоол авахаар асуугаад зогсож байх үед Х ах утас байсан тал руу яваад “Ай фоне-8 плас” загварын гар утсыг аваад над дээр ирээд “дүү хоолоо захиалсан уу” гэж асуухаар нь “захиалсан” гэж хэлэхэд “хоолоо саванд авч явахаар хийлгэчих” гэж хэлсэн. Би тооцоогоо хийгээд хоолоо аваад бид хоёр тухайн кафенаас гарч яваад Х ах “Ай фоне-8 плас” загварын гар утас байна “ID” кодтой юм байна, чи ав гэж хэлээд тухайн гар утсыг надад өгөхөд би гар утсыг авсан. Бид хоёр удалгүй салж яваад маргааш өглөө нь би тухайн гар утсыг “Тэди” төвийн гадна танихгүй эрэгтэй хүнд 150.000 төгрөгөөр зараад мөнгөөр нь би пс тоглоом тоглоод дуусгасан...” /хх 49-50/,

шүүгдэгч З.Хын “...2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр танил Атай 120 мянгатад уулзсан. Тэгээд би Халдвартын автобусны буудлаас автобусанд суух байсан болохоор хамт Халдварт руу явсан. Замдаа Баянмонгол хорооллын замын эсрэг талын “А” нэртэй кафе руу уулзах гэж байгаа найздаа хоол авах гээд Атай хамт орсон. Ороод би зөөгчөөс нь нэг хоол савлуулаад аваад байж байх хооронд А текний ард талд цэнэглэж байсан гар утсыг нь авахыг харсан. Тэгсэн А “хурдан гаръя” гэхээр нь би зөөгч охинд “хоолоо савлаж байгаарай, ундаа аваад ороод ирье” гэж хэлээд гараад явсан. Зам дээрээс такси бариад зүүн салаанд очоод автобусны буудал дээр зогсож байх үедээ танихгүй 25 орчим насны нэг эрэгтэйд гар утсыг зарсан хэдэн төгрөгт зарсныг мэдэхгүй байна. Гар утсыг зараад бид хоёр Баянхошууны 7 дугаар хороонд байдаг Аын танил эгчийнд очиж хоноод маргааш нь салсан...” /хх 33-34/,

“Дамно” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б31-19-810 дугаартай “...“Ай фоне-8 плас” загварын хар өнгийн гар утсыг 1.250.000 төгрөгөөр үнэлэв.” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 38-39/,

гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 17/,

дүрс бичлэгт үзлэг хийсэн 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн “...2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг А кафены тек хэсгийг буулгасан нийт 2 минут 33 секундийн бичлэг байв. Бичлэгт 20 цаг 54 минутад нэг дэх нь хар өнгийн куртиктэй дотуур нь цагаан өнгийн цамц өмссөн 20 орчим насны өндөр нуруутай, хоёр дахь нь хар өнгийн үстэй захтай малгайтай куртиктэй, ногоон өнгийн саравчтай малгайтай, малгайгаа хойш харуулж өмссөн хоёр эрэгтэй текний урд хэсэг зогсож байгаад нэг дэх нь худалдагчтай юм ярьж байх үед хоёр дахь эрэгтэй нь текний зүүн хэсэгт очин тавиур дээр байсан утсыг цэнэглэгчээс нь салган авч куртикний халаасандаа хийж байгаа нь дүрс бичлэгт буусан байна...” гэх тэмдэглэл, 1 ширхэг сиди, фото зураг /хх 25-27/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч З.Х, Г.А нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, тухайн зүйл, хэсэгт зааснаар Г.А, З.Х нарт тус тус 2 жилийн хорих ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх боловч эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэжээ.

Шүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих үндэслэлд хамаарч байх тул шүүгдэгч З.Х, Г.А, тэдгээрийн өмгөөлөгч Б.Байгалмаа нарын гаргасан “...шүүгдэгч Г.А, З.Х нарыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах нь үндэслэлтэй байна.

Ингэхдээ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/358 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч З.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 жил 13 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар,  

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/1101 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч З.Х, Г.Ат нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар З.Хт өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 29 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр тус шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 3 сар 29 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Харин Г.Аын хувьд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт зааснаар өршөөлд үл хамаарах ял буюу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 2020/ШЦТ/806 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жил 10 сар 26 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 11 сар 23 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тусад нь эдлүүлж, уг ялыг эдэлж дууссаны дараа 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Үүнтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Х, Г.А нарыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр тогтоож, мөн З.Хт оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж байгаатай холбогдуулан түүний цагдан хоригдсон 100 хоногийг 3 жил 3 сар 29 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас хасч тооцож, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж байгаатай холбогдуулан прокурор Д.Бат-Эрдэнийн бичсэн “...зорчих эрхийг хязгаарлах ял дээр хорих ялыг нэмж нэгтгэхдээ тухайн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцно гэснийг шийтгэх тогтоолд дурдаагүй тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/1101 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч З.Х, Г.Ат нарт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/1101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон тус тус дүйцүүлэн сольсугай.”,

- “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З.Хт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/358 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 жил 13 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 29 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/1101 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 3 сар 29 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, түүнийг нэн даруй сулласугай.”,

- “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Ат Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 2020/ШЦТ/806 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жил 10 сар 26 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 11 сар 23 хоногийн хорих ял болон Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/1101 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.” гэж нэмэлт заалт тус тус оруулсугай. 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч З.Х, Г.А, тэдгээрийн өмгөөлөгч Б.Байгалмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, прокурор Д.Бат-Эрдэнийн бичсэн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 53 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Х, Г.А нарыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Хын 2021 оны 9 дүгээр сарын 13-наас 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 100 хоногийг түүний эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялаас хасч, шүүгдэгч Г.Аын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 61 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ                                      

 

                        ШҮҮГЧ                                                             Б.ЗОРИГ

 

 

                        ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ