Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 147

 

ОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж, шүүгч Х.Ганболд, Л.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй, 

Иргэдийн төлөөлөгч                      Ө.Б

Нарийн бичгийн дарга                   Б.Алтансүх

Улсын яллагч                                 Г.Мөнхтүвшин

Шүүгдэгчийн өмгөөлөгч                 Б.Баттөр

Хохирогч                                         Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух,  Д.Э-т холбогдох эрүүгийн 201710010019 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:           /прокурорын яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Д.Э нь согтуугаар 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг зочид буудалд Б.М-н давсаг тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, гэмт хэрэгт шалгагдаж байх үедээ согтуугаар 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт гудамж талбайд Ц.Б-г тонгорч унаган цээжин тус газарт өвдөглөж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: М-г би зодоогүй, өөрөө шээж байгаад ойчсон. Тэгэхээр нь би 2 давхараас доош чирч буулгасан. Б намайг 2 удаа цохьсон ба цаашаа яв гэхэд явахгүй байхаар нь би нэг удаа л цохьсон. Ийм л асуудал болсон...гэв.

Хохирогч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ“...2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр өөрийн найз А-н гэрт том савтай 2 литрийн пиво уучихаад өөрийн гэртээ ирсэн... эхнэр тэр үед байгаагүй АШАА-гийн гудамжинд манай таньдаг айл байдаг болохоор эхнэрээ тийшээ явчихсан байх гэж бодоод тэр айл руу очих гээд явж байсан. Э надаас халамцуу байдалтай надаас тамхи нэхсэн. Тэгэхээр нь би ганц ширхэг тамхи байна аа би өөрөө татаж байна гэж хэлтэл чи яасан том юм бэ гээд миний өөдөөс томороод бид хоёрын дунд маргаан гараад байхаар нь би цаашаа эргээд явчихсан, тэгтэл миний араас гүйж ирээд миний шилэн хүзүүн дээрээс барьж аваад газар унагасан. тэр үед элсэн дээр унасан болохоор хоолой ам руу орчихсон байсан ба арчаад өндийх завдалгүй унагааж байгаад хоолойноос багалзуурдаад баруун талын шанаа руу гараараа цохиж, зүүн талын нүд хөхөрсөн...Э миний араас гүйж ирээд ар шилэн хүзүүн дээрээс барьж аваад тонгорч унагаагаад газраас босохгүй, дээрээс дараад өвдөглөөд ам хамар руу элс атгаж аваад чихээд байсан. Энэ үйлдийг хийж байхдаа алаад хаячихая, гүйцээчихье гээд байсан. Тухайн гэмтлүүдийг Э надад учруулсан, би газар унаад босох гэтэл Э баруун талын суга орчим руу 1 удаа өвдөглөсөн...” гэв.

Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:”...Тухайн үед би нилээд согтуу байсан болохоор ухаан орж гараад байгаа юм шатны уруу чирч буулгасан гэдгийг би санахгүй байна харин 00-д ороод шээж байхад Э хажууд зогсож байсан би миний араас өшиглөсөн үү яасан ямар ч байсан цохьсон, тэгээд би шууд унасан, унахдаа урагшаа 00-н суултуур руу унасанаа санаж байгаа тэрнээс хойш юу болсныг санахгүй байж байгаад ухаан орсон чинь би буудлынхаа өрөөнд баруун хөмсөг язарчихсан...Э миний шархыг орны даавуугаар дарчихсан, А, Б ах хоёр эмийн сан явъя гэж байсан. Тэгээд тэрнээс хойш бүх зүйлийг санаж байгаа юм. Дараа нь буудлын ресепшин хүүхэн уурлаад та нар цус нөжөө цэврлэ гэж уурлаад загнаад байсан ба Болдоо ах дараа нь хамаг цус нөж болсон газрыг арчаад угаагаад цэвэрлэчихлээ гэж ярьж байсан...тэр шатны уруу чирч буулгасан гэдгийг буудлын ресепшин хүүхнээс сүүлд сонсож мэдсэн юм. Э намайг чирч гулдчаад буулгасаныг мэдсэн” гэв. /хx-ийн 80-81-р тал/

Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “.. Э, М-г шатаар чирчихсэн бууж байсан ба М-н нүүр нүд нь цус болсон байсан харагдсан, би М-г өрөөнд оруулаад би А-г дагуулж гараад эмийн сангаас шарх боох бинт спирттэй хөвөн авч ирээд шархыг нь боож өгөөд орон дээр М-г хэвтүүлээд би хажууд нь суугаад юм яриад байж байтал Э бариултай жижиг аяга аваад М рүү шидсэн...гэжээ. /хх-ийн 18-19 тал/

Гэрч Э.Б-н мэдүүлэг /хх-ийн 23-24, 78-79 тал/

Гэрч А.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “намайг өглөө ажил ирж авахад 1 дүгээр давхарын 108 тоот өрөөнд эмэгтэй, эрэгтэй 2 хүн байсан ба тэр нь М, A хоёр байсан юм. Тэгээд тэр өдрөө буудлаас гарахгүй гээд сунгуулсан... нэмэгдэж Б, Ё гэж дууддаг Э хоёр ирсэн, нэг архичин авгай байдаг нэрийг нь сайн мэдэхгүй байна... тэгээд буудлын өрөөнд архи ууцгаасан ба өдрийн цагаар л юм тэр архичин авгай нь агсам тавиад байхаар нь би хөөгөөд гаргачихсан, өрөөнд Э, Б, A, М тэр дөрөв үлдсэн. Тэгтэл намайг 1 давхарын коридорт цэвэрлэгээ хийгээд цагаан хэрэглэлээ зөөгөөд явж байхад М гэдэг туранхай өндөр залуу нь нилээд согточихсон, хөл дээрээ тогтож чадахгүй шахуу тасарчихсан байдалтай өрөөнөөсөө Ё хочит Э-тай гарч ирсэн, Э нь М-г нэг талд нь гарчихсан сугадсан байдалтай дээшээ 2 давхар руу шат түшээд өгссөн, буудлын 00-н өрөө 2-р давхарт байдаг учраас 00-н өрөө явж байгаа юм байна гэж ойлгосон. Удалгүй 5-7 минутын дараа л байх шатаар өгстөл М нь 00-н өрөөний шал руу пид хийх чимээ гаргаад унасан... унах чимээ гарахаар нь хартал тэр М ОО-н дотогшоо унасан, яг хажууд нь Э зогссон байдалтай пизда минь босооч ууж идэж чадахгүй гээд зогсож байсан ба очоод хартал М нь суултуур мөргөөд унасан юм уу гэмээр хөмсөг нь задарчихсан, ОО-н өрөөний суултуур, угаалтуур, хана нил цус болчихсон байсан, би очоод Э чи чинь хүн зодоод байгаа юм уу гэсэн чинь үгүй ээ, өөрөө уначихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь наад цусаа цэвэрлэ, хүний ажил хүндлэхгүй хаашаа юм, хүн амьтан зодоод хамаг юм цус болгочихлоо гэсэн чинь Э надруу уурлаад өөрөө наад цусаа цэвэрлэ, чиний хийх ажил биздээ гэж хэлээд нөгөө Мөнгөнхүү гэх залууг өмссөн байсан фудволькных нь захаас чирээд хэвтээ байдалтай чигээр нь шатны уруу 1 давхар хүртэл чирээд нээх эвгүй... хувцас гарнаас нь чирээд савчуулаад буулгасан. Би Э руу чи хүн аллаа ш дээ ямар аймар буулгадаг юм бэ гэсэн чинь зүгээр ээ, зүгээр гээд байсан юм. Энэ үед Мөнгөнхүү нь ухаангүй, юу болж байгаагаа мэдэж байгаа юм  уу үгүй юм уу гэмээр л юм байж байсан....би араас нь буугаад очсон чинь тэр М нь нэлийтэл өмдөндөө шээчихсэн 1 давхарын кордoрт хэвтэж байсан, тэр үед 108 тоот өрөөнөөс Б нь гараад ирэхээр нь би энэ хүн чинь дээд 00-д хамаг юм цус болгоод хаячихлаа, та нар энэ цус нөжөө цэвэрлэж өг гэсэн чинь Б нь 00-н өрөө болон шатан дээрх цусыг цэвэрлэсэн... тэгээд М-г өрөө рүү нь Э, Б 2 өргөөд оруулсан...A гээд хүүхэн нь гарч ирээд М-н нүүрнээс арай дэндүү цус гараад байна би эмийн сан орчихоод ирье гэж хэлээд эргэж ирээгүй...өрөөнд Э, Б, М гурав үлдсэн байсан ба би нэг шагайгаад хартал М орон дээр цусыг нь угаагүй байдалтай унтаж байсан, наана нь Э, Б хоёр улаан бөглөөт архи уугаад сууж байсан... тэгээд үдээс хойш хэдэн цагт гэдгийг сайн санахгүй байна, Э, Б хоёр гараад явсан...М ганцаараа буудалд хоносон...” гэжээ. /хх-ийн 25-28, 82-83 тал/

2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 40 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Б.М-н биед хэвлийн хөндий далд гэмтэл, дотуур цус алдалт, давсаг урагдал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
  3. Учирсан гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хүнд гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах хугацаа ба энгийн хөдөлмөр чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл төгсгөлийн байдлаас хамаарна.
  4. Б.М-н биед учирсан гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ. /хх-ийн 31 тал/

Шинжээч эмч П.Г-н мэдүүлэг /хх-ийн 32 тал/

Хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 106-108/

2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 156 дугаартай дүгнэлтэнд:

  1. Ц.Б биед цээжний хэнхэрцэгийн битүү гэмтэл, цээжний баруун талын цус хуралт, тархи доргилт, нүүр орчим болон нүд орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2.  Дээрх гэмтлүүдийн цээжний хэнхэрцэгийн битүү гэмтэл, цээжний баруун талын цус хуралт нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.12-д зааснаар  гэмтлийн хүнд зэрэгт, тархи доргилт, нүүр орчим болон нүд орчмын зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  3. Хүнд гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах хугацаа ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл төгсгөлийн байдлаас хамаарна.
  4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 131 тал/

Шинжээч П.Г-н мэдүүлэг /хх-ийн 132 тал/ зэрэг болно.

Шүүгдэгч Д.Э нь согтуурсан үедээ 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг зочид буудалд хохирогч Б.М-н давсаг тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, гэмт хэрэгт шалгагдаж байх үедээ согтуугаар 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт гудамж талбайд хохирогч Ц.Б- тонгорч унаган цээжин тус газарт өвдөглөж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг болон хохирогч Б.М, Ц.Б, гэрч А.М, Д.Б, Э.Б, Ж.Т,  Б.А, Д.А нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдаж байх тул шүүгдэгч Д.Э-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Д.Э-г 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь би энэ гэмт хэргийг үйлдээгүй гэж мэдүүлж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруу тогтоогдсон гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Э нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Хохирогч Б.М нь эмчилгээний зардалд 97800 төгрөг, хохирогч Ц.Б нь эмчилгээний зардалд 193.800 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд шүүхээс уг хохирлын төлбөрийг гаргуулж хохирогч Б.М, хохирогч Ц.Б нарт олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч Ц.Б нь  ажилгүй байсан хугацааны орлого 4.993.800 төгрөгийг шүүгдэгч Д.Э-с нэхэмжилж байгаа боловч энэ талаар хэрэгт баримт тусгагдаагүй байх тул хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх боломжтой юм

Шүүгдэгч Д.Э нь 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүртэл нийт 60 хоногт яллагдагчаар цагдан хоригдсон тул цагдан хоригдсон хоногийг эдлэх ялаас нь хасч тооцохоор тогтов.

Энэ хэрэгт эд мөрийн болон иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Д.Э-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

2.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Э-г 6 жилийн хорих ялаар хорьж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-т оногдуулсан 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-н цагдан хоригдсон 60  хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-с  193.800 төгрөг гаргуулж хохирогч Ц.Б, 97800 төгрөг гаргуулж хохирогч Б.М-д олгосугай.

6. Хохирогч Ц.Б нь бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн болон иргэний бичиг баримтгүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.БОЛОРМАА

ШҮҮГЧИД                                             Х.ГАНБОЛД

                                                                  Л.БАТЖАРГАЛ