Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 75

 

Д.Эт холбогдох
эрүүгийн хэргийн тухай                                                                                               
                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахим хэлбэрээр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

    Прокурор: Г.Мөнхтүвшин,
    Шүүгдэгч: Д.Э,
    Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Баттөр,
    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 147 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Д.Эт холбогдох эрүүгийн 201710010019 дугаартай, 1 хавтас, 247 хуудас хэргийг шүүгдэгч Д.Эын давж заалдсан гомдлыг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас;

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харъяат, 1978 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Үүдийн ... тоотод оршин суух, Могойн нүд овогт Дашзэвэгийн Энхбаатар /РД:ЕО78121675/-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Д.Э согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Хишиг-Үүд” гэх зочид буудалд Б.Мөнгөнхүүгийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, гэмт хэрэгт шалгагдаж байх үедээ согтуугаар буюу 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт гудамж талбайд Бат-Отгоныг тонгорч унаган цээжин тус газарт өвдөглөснөөс эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Дашзэвэгийн Энхбаатарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Могойн нүд овогт Дашзэвэгийн Энхбаатарыг 6 жил хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эт оногдуулсан 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эын цагдан хоригдсон 60 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Энхбаатараас 193800 төгрөг гаргуулж хохирогч  Ц.Бат-Отгонд, 97800 төгрөг гаргуулж хохирогч Мөнгөнхүүд тус тус олгохоор,

хохирогч Ц.Б бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж,

энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн болон иргэний бичиг баримтгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч хохирогч нь шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж  шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Э гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энхбаатар миний хувьд уг гэмт хэргүүдийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөрдөн байцаалтын шатанд намайг иргэн Мөнгөнхүүг зодож гэмтээсэн талаар бүрэн гүйцэд шалгаагүй, дутуу шалгасан, хамт байсан Аагий гэдэг хүнээс мэдүүлэг аваагүй байсан, тэр хүн болсон явдлыг бүгдийг мэдэж байгаа. Би Мөнгөнхүүтэй архи уусан нь үнэн, гэхдээ бид хоёрт маргалдаж, зодолдох ямар ч шалтгаан байгаагүй ба би Мөнгөнхүүг огт цохиж зодоогүй. Би хохирогч Бат-Отгонтой маргалдсан боловч 1 л удаа шанаан тус газар нь цохисон. Тэгж цохиход уушиг цээжинд нь цус хурх гэмтэл гарсанд үнэхээр гайхаж байна. Надад ял оногдуулсанд гомдолтой байна. Иймд миний холбогдсон хэргийг дахин шалгуулж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттөр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Д.Э холбогдсон хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд шалгасан боловч Энхбаатар идэвхитэй үйлдэл гаргаж шууд санаатай үйлдлээр Мөнгөнхүүгийн биед гэмтэл учруулсан гэдэг нь тогтоогддоггүй. Хохирогч бол цохисон байх, тэгсэн байх гэж мэдэн будилсан мэдүүлгүүд өгдөг. 2 сарын дараа мэдүүлэхдээ эмч намайг шатнаас унаад ийм гэмтэл учрах боломжгүй гэсэн болохоор Энхбаатар намайг цохисон байх гэх мэтээр өөр өөрөөр мэдүүлдэг. Гэрч Мөнгөнчулуун мэдүүлэхдээ Энхбаатарыг ямар нэгэн үйлдэл хийхийг хараагүй, чимээ гараад Мөнгөнхүү доошоо унасан, цус нөж  болсон байсан гэж л мэдүүлдэг. Шинжээч эмч Гаваасүрэнгийн мэдүүлэгт давсагаар хүчтэй унахад давсаг цоорох, гэмтэл авах бүрэн боломжтой гэсэн байдаг. Шүүгдэгч Д.Э мэдүүлэгт оо-ийн суултуур мөргөөд уначихсан байсан гэж мэдүүлдэг. Согтуу хүн инерцээр хүчтэй унахад ийм гэмтэл авах бүрэн боломжтой байна. Үүнээс үзэхэд Энхбаатар идэвхитэй үйлдэл гаргаад Мөнгөнхүүгийн биед гэмтэл учруулсан нь тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Бат-Отгоны хувьд ганц Түвшинжаргал гэдэг гэрч байгаа. Дан ганц хохирогчийн мэдүүлгээр хэргийг шийдвэрлэсэн. Бат-Отгон дээгүүрээ шалдан, хүнтэй муудсан маягтай, гараа атгачихсан, хүн болгон руу агсарсан байдалтай ирсэн гэсэн мэдүүлгүүд байдаг. Б тухайн үедээ хэнтэй ч таарсанаа мэдэхгүй, ямар хүнтэй зодолдсоноо ч мэдэхгүй гэж байснаа сүүлд нь Энхбаатар зодсон гэж мэдүүлдэг. Шүүгдэгч Д.Эын үйлдсэн хэрэг маш эргэлзээтэй байдаг тул шүүгдэгч Д.Эт холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү гэсэн байр суурьтай анхан шатны шүүхэд оролцсон саналаа дэмжиж байна гэв.
Прокурор Г.Мөнхтүвшин бичсэн эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч Энхбаатар нь Мөнгөнхүүг зодоогүй гэж мэдүүлж байгаа боловч шүүгдэгч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх үүрэггүй. Гэрч Мөнгөнчулууны “Мөнгөнхүү нэлээн согтуу, Энхбаатар түүнийг сугадчихсан шатаар дээшээ гарч байсан. Удалгүй 5-7 минутын дараа л байх шатаар өгстөл ОО-ын өрөөний шал руу пид хийх чимээ гарахаар нь хартал  Мөнгөнхүү ОО-ын дотогшоо унасан, яг хажууд нь Энхбаатар зогссон байдалтай пизда минь босооч, ууж идэж чадахгүй гээд зогсож байсан ба суултуур мөргөөд унасан юм уу, гэсэн чинь үгүй ээ, өөрөө уначихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь наад цусаа цэвэрлэ гэсэн чинь чиний ажил биздээ, өөрөө цэвэрлэ гээд Мөнгөнхүү гэх залууг фудволкных нь захаас чирээд буулгасан” гэсэн мэдүүлэг /хх-81-82/, мөн гэрч Болдбаатарын “буудлын өрөөнд байж байтал гэнэтхэн буудлын үйлчлэгч хөөе цуг байгаа хүн чинь цус нөж болсон байна, хүнээ ав гэж хэлэхээр нь өрөөнөөс гартал Энхбаатар Мөнгөнхүүг шатаар чирчихсэн бууж байсан ба Мөнгөнхүүгийн нүүр нүд нь цус болчихсон байсан” гэсэн мэдүүлэг /хх-18-19/, мөн шинжээч эмч Гаваасүрэнгийн “давсагны урагдалт нь давсаг дүүрэн тохиолдолд хүчтэй унах, цохих үед үүсэх боломжтой учраас шатнаас унахад гэмтэл авах боломжтой” гэсэн мэдүүлэг /хх-32/, мөн хохирогч болон шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдээр, хохирогч Ц.Бы “Энхбаатар миний араас гүйж ирээд ар шилэн хүзүүн дээрээс барьж аваад тонгорч унагаагаад газраас босгохгүй, дээрээс дараад өвдөглөөд ам, хамар руу элс атгаж аваад чихээд байсан. Энэ үйлдлийг хийж байхдаа алаад хаячихая, гүйцээчихье гээд байсан. Тухайн гэмтлүүдийг Энхбаатар надад учруулсан” гэсэн мэдүүлэг /хх-110-111/, гэрч Түвшинжаргалын “Энхбаатар тэр залууг нүүрэн тус газар нь цохисон чинь нөгөө залуу унаад өгөхөөр нь би яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-113/, шинжээч эмч Гаваасүрэнгийн “цээжин тус газарт хүчтэй, биеийн жингээр өвдөглөсөн тохиолдолд тухайн гэмтэл үүсэх боломжтой” гэсэн мэдүүлэг /хх-131/ зэргээр нотлогдон тогтоогдож байна. Иймд шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байх тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн талаарх нотолбол зохих асуудлуудыг бүрэн гүйцэд шалгаж тодруулсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тогтоох хуульд заасан шаардлагыг хангасан төдийгүй мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Тодруулбал шүүгдэгч Д.Э согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Хишиг-Үүд” гэх зочид буудалд Б.Мөнгөнхүүг цохиж унаган, шатны уруу чирч, гулдарснаас түүний биед хэвлийн хөндийн далд гэмтэл, дотуур цус алдалт, давсагны урагдал бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

энэ гэмт хэрэгт шалгагдаж байхдаа буюу 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт гудамж талбайд Ц.Быг тонгорч унаган түүний цээжин тус газарт өвдөглөснөөс түүний биед цээжний хэнхэрцгийн битүү гэмтэл, цээжний баруун талын цус хуралт, тархи доргилт, нүүр орчим болон нүд орчмын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь,

хохирогч Б.Мөнгөнхүүгийн “...тухайн үед би нилээд согтсон байсан, буудлын 00 хоёр давхарт байдаг учраас гараад бие засаад байж байтал Энхбаатар хажууд байж байсан, Энхбаатар намайг өшиглөсөн үү яасан, ямар ч байсан цохьсон, тэгээд би унахдаа урагшаа 00-н суултуур руу унасанаа санаж байгаа, тэрнээс хойш юу болсныг санахгүй байж байгаад ухаан орсон чинь би буудлын өрөөнд баруун хөмсөг язарчихсан, Энхбаатар миний шархыг орны даавуугаар дарчихсан, Аагий, Болдоо ах хоёр эмийн сан явъя гэж байсан. Тэрнээс хойш бүх зүйлийг санаж байгаа. Буудлын жижүүр хүүхэн “...та нар цус нөжөө цэвэрлэ гэж уурлаад загнаад байсан ба Болд ах хамаг цус нөж болсон газрыг арчаад угаагаад цэвэрлэчихлээ гэж ярьж байсан, шатны уруу чирч буулгасан гэдгийг буудлын хүүхнээс сүүлд сонсож мэдсэн” гэх мэдүүлэг /хх 80-81/,
гэрч Д.Болдбаатарын “...буудлын өрөөнд байж байтал гэнэтхэн буудлын үйлчлэгч хөөе цуг байгаа хүн чинь цус нөж болсон байна, хүнээ ав гэж хэлэхээр нь өрөөнөөс гартал Энхбаатар нь Мөнгөнхүүг шатаар чирчихсэн бууж байсан ба Мөнгөнхүүгийн нүүр нүд нь цус болсон харагдсан. Мөнгөнхүүг өрөөнд оруулаад би Ариун-Эрдэнийг дагуулж гараад эмийн сангаас шарх боох бинт, спирттэй хөвөн авч ирээд шархыг нь боож өгөөд орон дээр Мөнгөнхүүг хэвтүүлээд хажууд нь суугаад юм яриад байж байтал Энхбаатар аяга аваад Мөнгөнхүү рүү шидсэн” гэсэн мэдүүлэг /хх18-19/,  
гэрч А.Мөнгөнчулууны “...намайг 1 давхарын коридорт цэвэрлэгээ хийгээд цагаан хэрэглэлээ зөөгөөд явж байхад Мөнгөнхүү гэдэг туранхай өндөр залуу нь нилээд согтчихсон хөл дээрээ тогтож чадахгүй өрөөнөөсөө Ёоноо хочит Энхбаатартай гарч ирсэн. Энхбаатар нь Мөнгөнхүүгийн нэг талд нь гарчихсан сугадсан байдалтай, дээшээ 2 давхар руу шат түшээд өгссөн. Удалгүй 5-7 минутын дараа л байх шатаар өгстөл Мөнгөнхүү нь 00-н өрөөний шал руу пид хийх чимээ гаргаад унасан, унах чимээ гарахаар нь хартал Мөнгөнхүү 00-н дотогшоо унасан, яг хажууд нь Энхбаатар зогссон байдалтай “пизда минь босооч, ууж идэж чадахгүй” гээд зогсож байсан ба очоод хартал Мөнгөнхүү нь суултуур мөргөөд унасан юм уу хөмсөг нь задарчихсан, 00-н өрөөний суултуур, угаалтуур, хана нил цус болчихсон байсан. Би очоод Энхбаатарт чи хүн зодоод байгаа юм уу гэсэн чинь үгүй ээ, өөрөө уначихлаа гэж хэлээд нөгөө Мөнгөнхүүгийн өмссөн фудволкных нь захнаас чирээд хэвтээ байдалтай, чигээр нь,  шатны уруу 1 давхар руу чирээд савчуулаад буулгасан. Энэ үед Мөнгөнхүү ухаангүй, юу болж байгаагаа мэдэж байгаа юм уу, үгүй юм уу гэмээр л байж байсан, би араас нь буугаад очсон чинь Мөнгөнхүү нэлийтэл өмдөндөө шээчихсэн 1 давхарын коридорт хэвтэж байсан. Өрөөнөөс Болдбаатар гараад ирэхээр нь та нар энэ цус нөжөө цэвэрлэж өг гэсэн чинь Болдбаатар цусыг цэвэрлэсэн. Мөнгөнхүү ганцаараа буудалд хоносон” гэх мэдүүлэг /хх 25-28, 82-83/,
Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017-01-06-ны өдрийн 40 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-31/,
шинжээч эмч П.Гаваасүрэнгийн”...Б.Мөнгөнхүүгийн биед хэвлийн хөндийн далд гэмтэл, дотуур цус алдалт, давсагны урагдалт гэсэн гэмтэл тогтоогдсон. Энэ гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Давсагны урагдалт нь давсаг дүүрэн тохиолдолд хүчтэй унах, цохих үед үүсэх боломжтой учраас шатнаас унахад гэмтэл авах боломжтой. Хатуу мохоо зүйл гэдэгт хүний гар, хөл, эд юмс /ширээ сандал гэх мэт/ орно” гэсэн мэдүүлэг /хх-32/,  
хохирогч Ц.Бы”..2017-05-08-ны өдөр айл руу очих гээд явж байсан. Энхбаатар халамцуу байдалтай надаас тамхи нэхсэн. Би ганц ширхэг тамхи байна, би өөрөө татаж байна гэж хэлтэл чи яасан том юм бэ гээд бид хоёрын дунд маргаан гараад байхаар нь би цаашаа эргээд явчихсан, тэгтэл миний араас гүйж ирээд шилэн хүзүүн дээрээс барьж аваад газар унагаад босгохгүй, дээрээс дараад ам хамар руу элс атгаж авч чихээд байсан. Энэ үйлдлийг хийж байхдаа алаад хаячихъя, гүйцээчихье гээд байсан. Тухайн гэмтлүүдийг Энхбаатар надад учруулсан, намайг газар унаад босох гэтэл Энхбаатар баруун талын суга орчим 1 удаа өвдөглөсөн” гэсэн мэдүүлэг,
хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-105/,
гэрч Д.Адъяахүүгийн “...Ц.Бачаа зөөж байгаад буугаад явж байна гэсээр манайд орж ирсэн, бид нийлээд 2,5 литрийн пиво хувааж уусан, дуусчихаад Б харилаа гээд гараад явсан, ил харагдах шарх, сорвигүй зүгээр байсан” гэсэн мэдүүлэг /хх116-117/,
гэрч Ж.Түвшинжаргалын “...Энхбаатар тэр залууг нүүрэн тус газар нь цохьсон чинь нөгөө залуу ойчоод өгөхөөр нь би шууд яваад өгсөн, унасанаас нь хойш тэр хоёр яаж маргалдаж, зодолдсон эсэхийг мэдэхгүй байна. Би 20-иод метр хэртэй алхаж байгаад эргээд харсан чинь Энхбаатар миний араас алхаад ирж байсан, яв гээд байхад явахгүй юм хохь нь муу пиздаа гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх-113/,
Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017-05-11-ний өдрийн 156 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-131/, шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-132/ зэрэг нотлох баримтаар нотлогджээ.  

Эдгээр нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан, нотлох баримт цуглуулж, шалгаж бэхжүүлэх хуульд заасан журмыг зөрчөөгүй байх ба мэдүүлэг өгөгчид нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлснийг үндэслэн дээр дурдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, эх сурвалжийг магадлаж үзэхэд Д.Эын үйлдлээс, хохирогч Б.Мөнгөнхүүгийн биед хэвлийн хөндийн далд гэмтэл, дотуур цус алдалт, давсагны урагдал бүхий хүнд гэмтэл, хохирогч Ц.Бы биед цээжний хэнхэрцгийн битүү гэмтэл, цээжний баруун талын цус хуралт бүхий хүнд гэмтэл учирсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ талаар анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцсэн улмаар Д.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд заасан “Шударга ёсны зарчим”-д нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ.

     Харин Д.Эын 2016.11.24-ний өдрийн, мөн 2017-05-08-ны өдрийн бусдын биед хүнд гэмтэл учруулсан  гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийн 96.2.4-т зааснаар “долоогоос дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах”-аар заасан байх ба 2017.07.01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуульд энэхүү гэмт хэрэгт оногдуулах хорих ялыг “таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих” гэж хорих ялын доод хэмжээ буюу оногдуулах хорих ял харьцангуй хөнгөн  болж зохицуулагдсан байна.

Хэдийгээр анхан шатны шүүх дээр дурдсан 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуульд зааснаар хорих ялыг хөнгөрүүлж оногдуулсан нь зөв байх боловч  гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхдээ “Хууль буцаан хэрэглэх” зохицуулалтыг баримтлаагүй нь буруу юм.  

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэж үзэх үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч Д.Эт 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-ээр ял оногдуулахдаа мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн “Хууль буцаан хэрэглэх” буюу мөн зүйлийн 1-д “Үйдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн заалтыг хэрэглэх нь мөн хуулийн шаардлагад нийцэх учиртай.

Иймд шүүгдэгч Д.Эын “...миний хувьд уг хэргүүдийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй, хэргийг дахин шалгуулж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2-т “Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн” гэсний өмнө “2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1” гэж нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 147 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Могойн нүд овогт Дашзэвэгийн Энхбаатарыг 6 жил хорих ялаар хорьж шийтгэсүгэй” гэснийг,

“2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Могойн нүд овогт Дашзэвэгийн Энхбаатарыг 6 жилийн хорих ялаар хорьж шийтгэсүгэй”


гэж өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсанаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Д.Эын цагдан хоригдсон  51 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

                                 ШҮҮГЧИД                                  А.САЙНТӨГС

                                                                                     Н.БОЛОРМАА