Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 1737

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Аийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2019/01645 дугаар шийдвэртэй, Н.А-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “БЖЭТ” ХХК-д холбогдуулан, алданги 24 659 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр “БЖЭТ” ХХК-тай байр захиалах гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд баригдаж буй 40 айлын орон сууцны 2 дугаар орц, М-8 тоот хаягт байршилтай, 44.9 м.кв талбай бүхий орон сууц захиалж, 1 м.кв талбайг 1 100 000 төгрөгөөр тооцож, нийт 49 390 000 төгрөг буюу 29 100 ам.долларын үнийн дүнтэй гэрээ байгуулсан. Тухайн өдөр урьдчилгаа төлбөр 7 000 ам.доллар /1 ам.доллар=1 697 төгрөг/ буюу 11 900 000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 2 300 ам.доллар, 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 1 300 ам.доллар, 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 1 500 ам.доллар, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 1 300 ам.доллар, 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 30 ам.доллар, нийт 13 430 ам.долларыг тус компанид төлсөн.

Гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т заасны дагуу гүйцэтгэгч нь 2014 оны 01 дүгээр улиралд багтаан орон сууцыг хүлээлгэн өгөөгүй ба 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр улсын комисс хүлээн авч, ашиглалтанд оруулсан. Гэрээний 4.1-т А тал үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх алданги хоног тутамд төлөхөөр заасан. Иймд хариуцагчийг 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 259 хоногоор үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ. Алдангийг гүйцэтгэх ёстой үүргийн нийт дүн болох 49 390 000 төгрөгөөс тооцоход хоног тутамд 148 170 төгрөг, нийт 38 376 030 төгрөг төлөх үүрэг “БЖЭТ” ХХК-д үүссэн. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй буюу 24 695 000 төгрөгийн хэмжээнд тооцон хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Нэхэмжлэгч Н.А-тай 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 44.9 м.кв талбай бүхий 2 өрөө байр захиалах гэрээ байгуулсан. Тэрээр хөрөнгө оруулагч нартай найз нөхдийн холбоотой байсан тул 1 м.кв-ийн үнийг зах зээлийн үнээс маш хямдаар буюу 1 100 000 төгрөгөөр тооцож, 2016 оны 8 дугаар сараас өмнө гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлж байраа хүлээж авахаар тохиролцсон. Гэрээний 3.9-т төлбөрийг бүрэн хийсэн ба гэрээний зүйлийг улсын комисс хүлээж авсан тохиолдолд орон сууцыг хүлээлгэн өгч эрхийн бичиг олгоно гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч 2015 оны 2 дугаар сараас хойш гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг огт төлөөгүй байж 2017 оны 8 дугаар сард урьд төлсөн байрны төлбөрийг буцаан авах, хугацаа хэтэрч ашиглалтад орсон гэх үндэслэлээр алданги тооцуулах нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байдаг.

Хэргийг шүүх хэлэлцээд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хоёр талын алдангийг нэхэмжлэгчээс 83 090 809 төгрөг, хариуцагч 12 409 381.5 төгрөгөөр тооцон гаргаж, харилцан тулгаж хассаны үндсэн дээр нэхэмжлэгчээс 13 189 023 төгрөгийн алданги төлөхөөр тогтоосон. Шүүх нэхэмжлэгчийг эцсийн дүнгээр алданги болон үндсэн төлбөртэй нийлээд 39 567 069 төгрөг төлөөд захиалсан орон сууцаа хүлээн авахыг даалгаж шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдсан боловч шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Гэтэл нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг үл тоон үлдэгдэл төлбөрөө барагдуулан захиалсан орон сууцаа хүлээж авахгүй дахин гомдол гаргаж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.А-ийн гаргасан хариуцагч “БЖЭТ” ХХК-д холбогдох 24 695 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281 425 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Байр захиалах гэрээний 3.1-т заасны дагуу гүйцэтгэгч буюу хариуцагч “БЖЭТ” ХХК нь орон сууцны барилгыг 2014 оны 01 дүгээр улиралд батлагдсан зураг төслийн дагуу барьж захиалагч буюу нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн боловч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй. Гэрээний 4.1-т А тал үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх алдангийг хоног тутам төлнө гэж заасан. Гэрээний 3.1-т заасны дагуу ажлын үр дүнг 2014 оны 01 дүгээр улиралд захиалагчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн “БЖЭТ” ХХК нь 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөөгүй, ажлын үр дүн бий болоогүй байсан. Энэ нь гүйцэтгэгч тал үүрэг гүйцэтгэх хугацаагаа хэтрүүлсэн явдал юм.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1-т гүйцэтгэгч талын ажлын үр дүнг бий болгох эцсийн хугацааг 2014 оны 01 дүгээр улирал гэж зааж өгсөн. Өөрөөр хэлбэл, гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, орон сууцыг 2014 оны 01 дүгээр улиралд багтаан захиалагчид хүлээлгэн өгөхөд бэлэн болголгүй ажлын үр дүнг тогтоосон хугацаанд нь бий болгоогүй “БЖЭТ” ХХК нь алданги төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй юм.

Иймээс Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2, 223 дугаар зүйлийн 223.2 дах хэсэгт заасныг тус тус үндэслэн хариуцагчийг хугацаа хэтрүүлсэн гэм буруугүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй. Хариуцагчийн ажил гүйцэтгэх гэрээний хугацаа хэтрүүлсэн талаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2017/02742 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 496 дугаартай магадлалаар тус тус шийдвэрлэсэн байдаг.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээр дурдсан шүүхийн шийдвэр, магадлалыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний харилцаатай холбоотой үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй, зохигчид дээрх үйл баримтын талаар маргаагүй гэж дүгнэсэн боловч ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагчаар алданги төлүүлэхтэй холбоотой нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин үнэлж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй.

Түүнчлэн, Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2, 198.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан захиалагчийн төлбөр төлөх хуваарь, гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэх хугацаа, гэрээний бусад заалтуудыг гэрээ байгуулагдах үеийн нөхцөл байдал, гэрээний ерөнхий агуулгатай харьцуулан үзвэл, гэрээний төлбөр бүрэн төлөгдсөн эсэхээс үл хамааран хариуцагч нь орон сууцны барилгыг 2014 оны 01 дүгээр улиралд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон нь гэрээний гол нөхцөл гэж үзэх үндэслэлтэй. Тодруулбал, гэрээний 3.3-т гүйцэтгэгч орон сууц барихад шаардлагатай барилгын материалыг өөрөө бэлтгэх ба тэдгээр нь орон сууцны зориулалтын хэрэгцээ шаардлагыг хангасан байна гэснээс үзэхэд захиалагчийн төлбөр төлөөгүй нь гүйцэтгэгч тал ажлын үр дүнг бий болгон захиалагчид хүлээлгэн өгөх хугацааг хойшлуулах үндэслэл болохгүйг харуулж байна.

Иймд нэхэмжлэгч Н.А-ийн гаргасан “БЖЭТ” ХХК-д холбогдох байр захиалах гэрээний үүргийн биелэлтэд 24 695 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамааралтай Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2, 223 дугаар зүйлийн 223.2 дах хэсгийг зөв тайлбарлан хэрэглээгүйг давж заалдах шатны шүүх залруулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч “БЖЭТ” ХХК-д холбогдуулан алдангид 24 659 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр бичгээр гэрээ байгуулж, “БЖЭТ” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд баригдаж буй 40 айлын орон сууцны 2 дугаар орц, М-8 тоот, 44.9 м.кв талбай бүхий орон сууцыг 2014 оны 1 дүгээр улиралд батлагдсан зураг төсвийн дагуу барьж захиалагчид хүлээлгэн өгөх, үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх алданги төлөх, Н.А нь ажлын хөлс 49 390 000 төгрөг буюу 29 100 ам.долларыг хуваарийн дагуу хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээсэн нь талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

Шүүх, нэхэмжлэгч буюу захиалагч нь гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрөө 100 хувь төлсөний дараа хариуцагч болох гүйцэтгэгч нь ажлын үр дүнг хүлээлгэж өгөхөөр тохиролцсон тул гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлээгүй, алданги төлөх үүрэг хүлээхгүй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу.

 

Хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2017/02742 дугаар шийдвэрээр талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 32 711 000 төгрөг гаргуулах тухай Н.Агийн нэхэмжлэлтэй, гэрээний үүргийн биелэлтэд 57 690 000 төгрөг гаргуулах, орон сууцыг хүлээн авахыг даалгах “БЖЭТ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй маргааныг шийдвэрлэсэн байна. /хх31-34/ Энэхүү шийдвэрт нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаснаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 496 дугаар магадлалаар гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулжээ. /хх35-41/ Энэхүү шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.  

 

Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр, талуудын хэн аль нь гэрээний үүрэг биелүүлэх хугацааг хэтрүүлсэн гэдэг нь тогтоогдсон ба хариуцагчийн орон сууц хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэн эсэх үйл баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй юм. Энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлтэй гэж үзлээ.

 

 Талуудын тэгш эрх болон шударга ёсны зарчим ёсоор хандахад хариуцагч нь орон сууц барьж хүлээлгэн өгөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон. Иймд нэхэмжлэгч Н.А нь гэрээ ёсоор тохирсон алдангийг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй боловч гэрээний нийт үнийн дүн болох 49 398 000 төгрөгөөс тооцсон нь буруу байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу 26 378 900 төгрөгийн хөлс төлөх үүргээ биелүүлээгүй байх тул түүний төлсөн 23 011 954 төгрөгөөс алданги тооцож хариуцагчаас 11 505 977 төгрөгийг гаргуулж, тогтоох хэсгийн нэг дэх хэсэгт өөрчлөлт оруулж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн               167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2019/01645 дугаар шийдвэрийн, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “БЖЭТ” ХХК-иас алдангид 11 505 977 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13 189 023 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

Тогтоох хэсгийн 2 дах заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281 425 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “БЖЭТ” ХХК-иас 199 046 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.А давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281 425 төгрөгийн 199 046 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                           

                             ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                    Т.ТУЯА