Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ядамжавын Урнаа |
Хэргийн индекс | 152/2023/00042/и |
Дугаар | 152/ШШ2024/00018 |
Огноо | 2024-01-10 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 152/ШШ2024/00018
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.Л-ийн,
Хариуцагч: ДЦНБ-д холбогдох,
Тус нисэх буудлын даргын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 4,519,573 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Г.Л, түүний өмгөөлөгч С.Ганхөлөг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Увс аймаг дахь ДЦНБ-д шувууны хяналтын ажилтан, сахиулаар 13 жил ажилласан. Тус байгууллагын дарга Л.Э нь намайг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өг гэж дарамталсаар байгаад 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт бичүүлж авсан. 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр тухайн хүсэлтээ үндэслэн намайг ДЦНБ-ын шувууны хяналтын ажилтан, сахиулын ажлаас чөлөөлсөн. Би тус байгууллагын даргын 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/20 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлсэн байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ДЦНБ-ын даргын 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/20 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан шувууны хяналтын ажилтан, сахиулын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Харин ДЦНБ-ын дарга Л.Э нь Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/24 дугаартай тушаалаар Г.Л намайг ДЦНБ-ын шувууны хяналтын ажилтан, сахиулын ажилд эгүүлэн томилсон боловч тухайн өдрөө буюу 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өөрийнх гаргасан хүсэлтийн дагуу гэх үндэслэлээр ДЦНБ-ын шувууны хяналтын ажилтан, сахиулын ажлаас чөлөөлсөн. Миний хувьд ямар нэгэн байдлаар тухайн ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй бөгөөд 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн хүсэлтийг үндэслэн дахин ажлаас чөлөөлж байгаад гомдолтой байна. Иймд ДЦНБ-ын даргын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаартай тушаалын хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус байгууллагын шувууны хяналтын ажилтан, сахиулын ажилд эгүүлэн томилж өгнө үү. Мөн надад нэг сард дунджаар 1,574,216 төгрөгийн цалин боддог. Үүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, хувь хүний орлогын албан татвараа төлөөд гар дээр сард дунджаар 1,232,611 төгрөгийн цалин авдаг байсан. 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 4,519,573 төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ганхөлөг шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа зөвхөн ажилд эгүүлэн тогтоолгох болгож багасгаж байна. Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлагыг энэ удаад шийдвэрлүүлэхгүй. Ажил олгогч нь нэхэмжлэгчийг урьд өгсөн өөрийн хүсэлтийн дагуу гэх зүйлийг дурдаад чөлөөлсөн. Өргөдлийг анх 7 дугаар сард гаргасан. Нэхэмжлэгчийг өргөдөл гаргаснаас хойш 68 хоногийн дараа ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь хэрхэн үүссэн тухай анхаарах хэрэгтэй. Хариуцагч нь нэг гараараа шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилд аваад зөрүүлээд ажлаас халсан. Г.Л болон ажил олгогч нарын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн эсэхийг харахад үүсээгүй байна гэж харж байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн өмнө өгсөн өргөдөл хүчин төгөлдөр байгаа гэдэг. Нэхэмжлэгч тухайн өргөдлийг байгууллагын даргын шаардлагаар бичсэн гэдэг. Нэхэмжлэгчийн өргөдөл нь түүний хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй учраас шүүхэд удаа дараа нэхэмжлэл гаргаад байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 79.2-т зааснаар ажлаа охиж явах эрхтэй боловч ажил олгогч нь 30 хоногийн дотор түүний өргөдлийг шийдвэрлээгүй учраас нэхэмжлэгч нь ажлаа үргэлжүүлэн хийсээр байсан ба тухайн ажлын байранд өөрийгөө үргэлжлүүлэн ажиллах боломжтой гэж үзсэн. Гэтэл 68 хоногийн дараа ажлаас нь чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн тушаалд мөн 3.28 гэх ойлгомжгүй заалт бий. Иймд 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар тушаалыг хүчингүй болгож Б.Лхагвасүрэнг ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэв.
Хариуцагч ДЦНБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүхэд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан нэхэмжлэгч Г.Лгийн, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч энэ хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Г.Л нь 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг үндэслэн ажил олгогч шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуульд заасантай нийцсэн, үндэслэл бүхий байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч талаас хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсээгүй гэж тайлбар гаргаж байна. Гэвч шүүхээс 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 513 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн ажилд нь эгүүлэн тогтоосон тул нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг тасалдаагүй гэж үзэх учраас шинээр ажилд авч байгаа мэт дахин танилцуулах шаардлагагүй. Мөн түүнчлэн ажилтан анх өөрийн хүсэл зоригийн дагуу буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1.1-д заасан үндсэн эрхийнхээ дагуу ажил олгогчид өргөдлөө өгсөн. Ажилтны өргөдлийг ажил олгогч хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй бол ажилтан нь 30 хоногийн дотор ажлын байраа орхиж явах эрхтэй. Тухайн үед нэхэмжлэгч нь 30 хоног өнгөрсөн боловч ажлаа хийсээр байсан учраас ажлын зайлшгүй шаардлагын үүднээс ажил олгогчийн зүгээс үргэлжлүүлэн ажиллуулах тухай нэхэмжлэгчтэй ярилцаж тохиролцсон. Талууд 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны үеэр дээрх үйл баримтын талаар маргаагүй. Анхан шатны шүүхийн 513 дугаар шийдвэрээр тушаал хууль ёсны байх шаардлагыг хангаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийг үндэслэсэн боловч хүсэлт өгсөнөөс 68 хоногийн дараа шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй гэж үзсэн. Ажил олгогч ажлын байрны дарамт үзүүлж хүсэлт бичүүлсэн гэдэг ба энэ нь ямар ч баримтаар тогтоогддоггүй. Хэдийгээр 513 дугаартай шийдвэрийн дагуу ажилд нь эгүүлэн тогтоосон боловч Г.Лгийн ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр байна гэж үзсэн. Яагаад гэвэл, Ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг эхлэх дуусгавар болгох тухай агуулгатай хүсэлтээ гаргачихаад хаяж болохгүй. Өргөдлөөсөө татгалзсан үйл баримт одоо хүртэл байхгүй, өөрөө тайлбар дээрээ хүсэлтийн тухай огт ярьдаггүй. Ажил олгогчийн зүгээс түүний өргөдлийг хүлээж авсан. Хуульд ажил олгогч ажилтны өргөдлийг хэд хоногийн хугацаанд шийдвэрлэх талаар тодорхой заагаагүй. Ажил олгогчийн хувьд өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт хэвээрээ байгаа. Хөдөлмөрийн тухай хуульд 30 хоногийн дотор ажил олгогч хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй бол ажилтан ажлын байраа орхиж явж болно, ажил олгогчтойгоо тохиролцож 30 хоногийн хугацаанаас өмнө шийдвэрлэж болдог. Өөрөө өргөдлөөсөө татгалзаагүй байж, ямар үндэслэлээр ажлаас үндэслэлгүй халсан гэж үзээд байгааг ойлгохгүй байна. Ажил олгогчийн зүгээс өмнө нь ажилтны ажлаас чөлөөлөгдөх тухай өргөдлийг шийдвэрлэхдээ алдаа гаргасан учраас шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийг ажилд нь томилж, өмнө шийдвэр гаргахдаа гаргасан алдаагаа засварлаад нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг дахин шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн шүүхийн шийдвэрийн тухай 21 дугаартай тогтоолд иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг өөр хэргийг иргэний журмаар шийдвэрлэхэд нэгэнт тогтоогдсон гэж үзнэ гэж заасан. Бидний тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр 2 асуудлыг нэгэнт тогтоогдсон гэж үзэж байгаа. Мөн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлаагүй, ажилтны санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тул Иргэний хуулийн 115.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлийн багасгасан шаардлагын талаар шүүхэд гаргах санал, тайлбар, хүсэлтгүй гэв.
Нэхэмжлэгч талаас түүний иргэний үнэмлэхийн хуулбар, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр албан бичиг, ДЦНБ-ын даргын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/24 дүгээр тушаалын хуулбар, тус нисэх буудлын даргын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар тушаалын хуулбар, Иргэний нисэхийн ерөнхий газрын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 37 дугаартай хуралдааны тэмдэглэл, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 152/ШШ2022/00513 дугаар шийдвэр, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хариуцагч талаас Л.Э-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, ДЦНБ-ын даргын 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 06 дугаартай, итгэмжлэл олгох тухай албан бичиг, Иргэний нисэхийн үндэсний төв Төрийн өмчит ААТҮГ-ийн ДЦНБ-ын салбарын гэрчилгээ, Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/38 дугаар тушаалын хуулбар, зургадугаар хавсралтын хуулбарын хамт, 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хариу тайлбар, Иргэний нисэхийн ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журам-13 дахь хэвлэл, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/60 дугаар тушаалын хуулбар, нэг болон хоёрдугаар хавсралтын хуулбарын хамт, Ажил хүлээлцэх хуудсын хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ДЦНБ-ын шувууны хяналтын ажилтан, сахиулын ажил хүлээлцсэн акт, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ДЦНБ-ын шувууны хяналтын ажилтан, сахиулын ажил хүлээлцсэн акт, Г.Лгийн 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тайлант хугацааны цалин хөлсний дэлгэрэнгүй бүртгэл, 16 дугаартай хөдөлмөрийн гэрээний хуулбар, ДЦНБ-ын тушаал танилцуулсан баримтыг нотло баримтаар гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Г.Лг өмнө эрхэлж байсан ДЦНБ-ын шувууны хяналтын ажилтан, сахиулын ажлын байранд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Г.Л нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1 дэх хэсэгт заасан журмын дагуу ДЦНБ-ын даргын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлыг Иргэний нисэхийн ерөнхий газрын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гаргасан боловч талууд харилцан тохиролцоогүй гэх үндэслэлээр маргааныг урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгожээ. Хэдийгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 154.6 дахь хэсэгт “Энэ хуулийн 154.5-д заасан хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын тэмдэглэлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч аль нэг тал хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандана” гэж заасан боловч тухайн үед Увс аймгийн Улаангом суманд хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй[1] байсан тул нэхэмжлэгч Г.Лгээс үл хамаарах шалтгаанаар дээрх журмыг хэрэглэх боломжгүй нөхцөл байдал үүсэж, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд ханджээ. Иймд шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх заалтыг баримтлан Г.Лгийн нэхэмжлэлтэй, Увс аймаг дахь Дэглий цагаан нисэх буудалд холбогдох, тус нисэх буудлын даргын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 4,519,573 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгч Г.Л нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд хандаж, ДЦНБ-ын даргын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 4,519,573 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай шаардлага гаргасан боловч 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр явагдсан шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, ДЦНБ-ын даргын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох гэж тодорхойлсон тул нэхэмжлэгчийн багасгасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.
4. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
4.1. Нэхэмжлэгч Г.Л ДЦНБ-ын даргын дарамт шахалтаас үүдэн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг бичсэн. Хариуцагч байгууллагын удирдлага дээрх хүсэлтийг хүлээн авсан боловч хуульд заасан хугацааны дотор буюу 30 хоногийн дотор шийдвэрлээгүй тул Г.Л нь тухайн ажлын байранд үргэлжлүүлэн ажиллах боломжтой гэж үзэж, ажил үүргээ гүйцэтгэсээр байсан. Хариуцагч нь нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 68 хоногийн дараа шийдвэр гаргасан нь бодит нөхцөлд тохирохгүй байна. Мөн тухайн хүсэлтийг удирдлагын дарамт шахалтын дор үйлдсэн учраас Г.Лгийн хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэхгүй.
4.2. Хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийн дагуу 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан шувууны хяналтын ажилтан, сахиулын ажлын байранд томилсон боловч мөн өдрөө нэхэмжлэгчийг өмнө гаргасан хүсэлтийн дагуу гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй ба нэхэмжлэгч Г.Лгийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг сэргээсэн гэж үзэх үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч Г.Лгийн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэл зоригийн илэрхийлэл хэвээр байгаа гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь өөрийн хүсэл зоригоор дээрх хүсэлтийг бичээгүй учраас удаа дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж, ажлаас чөлөөлөгдөх хүсэлгүй гэдэгээ илэрхийлсэн.
5. Хариуцагч тал нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэж байна.
5.1. Нэхэмжлэгч Г.Л анх өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Хариуцагчийн зүгээс ажлын зайлшгүй шаардлагын улмаас нэхэмжлэгч Г.Лг тодорхой хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулахаар тохиролцсон байсан. Нэхэмжлэгч тал байгууллагын удирдлагын дарамт шахалтаар ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт бичсэн гэх боловч дээрх үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нотлогдохгүй байна.
5.2. Нэхэмжлэгч Г.Л нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1 дэх заалтад заасан өөрийн үндсэн эрхийн хүрээнд ажил олгогчид ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаснаас хойш 30 хоногийн дотор ажлын байраа орхих эрх нь нээлттэй байсан. Нэхэмжлэгч Г.Л өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргасан ба хэрэв ажлаас чөлөөлөгдөх хүсэл зориггүй байсан бол хүсэлтээсээ татгалзах, буцаан авах эрхтэй байсан. Гэвч нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээсээ татгалзах тухай ямар ч хүсэл зориг илэрхийлээгүй тул түүний хүсэлтийг хэвээр байгаа гэж үзсэн. Нэхэмжлэгч Г.Лгийн гомдлоор ДЦНБ-ын даргын 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/20 дугаар тушаал эрх зүйн үндэслэлтэй эсэхийг шүүхээс хянаад Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 152/ШШ2022/00513 дугаар шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэсэн учраас ажил олгогчийн зүгээс өмнөх алдааг засварлаад, дахин тушаал гаргаж нэхэмжлэгч Г.Лгийн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэсэн болно.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтын хүрээнд дараах үйл баримт тогтоогдож байна.
6.1. Нэхэмжлэгч Г.Л ДЦНБ-д шувууны хяналтын ажилтан, сахиулаар ажиллаж байсан ба түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг тус нисэх буудлын даргын 2022 оны 9 дүгээр сарын 12-ны Б/20 дугаар тушаалаар дуусгавар болгосон байна. Нэхэмжлэгч Г.Л ажил олгогчийн дээрх шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд ханджээ. Шүүхээс 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дээрх маргааныг хянан хэлэлцээд, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Г.Лгийн ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 68 хоногийн дараа шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 152/ШШ2022/00513 дугаар шийдвэрээр ДЦНБ-ын даргын 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Лг өмнө эрхэлж байсан ДЦНБ-ын шувууны хяналтын ажилтан, сахиулын ажлын байранд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.
6.2. Ажил олгогч тал Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 152/ШШ2022/513 дугаар шийдвэрийг биелүүлж, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдриийн Б/24 дүгээр тушаалаар Г.Лг өмнө эрхэлж байсан тус нисэх буудлын шувууны хяналтын ажилтан, сахиулын ажлын байранд эгүүлэн томилсон боловч 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1 дэх заалт, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2 дахь хэсэг, 83 дугаар зүйлийг баримтлан, Г.Лгийн өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу гэх үндэслэлээр түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай шийдвэр гаргажээ.
Ажил олгогчийн дээрх 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар тушаалыг дараах үндэслэлээр эрх зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан шинжтэй гэж дүгнэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 61.1.2, 61.1.3-т заасан үндэслэлээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол ажилтантай өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэнэ. Талууд харилцан тохиролцвол хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг өөрчилж болно” гэж заажээ. Гэвч хариуцагч байгууллага болох ДЦНБ-ын дарга нь нэхэмжлэгч Г.Лг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/24 дүгээр тушаалаар өмнө эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон боловч мөн өдрөө буюу 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар тушаалыг гаргаж, түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан байх тул нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогч нь шүүхийн шийдвэрийн дагуу бүхэлд нь сэргээсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2 дахь заалтад ажил олгогч нь хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажилтанд ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний хувийг баталгаажуулж өгөх үүрэгтэй гэж заасан ба ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, нэхэмжлэгч Г.Лгийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шүүхийн шийдвэрийн дагуу бүхэлд нь сэргээгээгүй байх тул ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулиар хүлээсэн хөдөлмөрийн хууль тогтоомжийг дагаж мөрдөх үүргээ зөрчсөн шинжтэй байна.
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Г.Л ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг өөрөө ажил олгогчид гаргасан, мөн нэхэмжлэгч нь дээрх хүсэлтээс татгалзах тухай хүсэл зоригоо ажил олгогчид илэрхийлээгүй учраас түүний ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг хүчин төгөлдөр хэвээр байгаа гэж үзэж, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэсэн гэж маргаж байгаа боловч зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичмэл нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгч Г.Лгийн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэл зоригийн илэрхийллийг хэвээр байгаа гэж үзэх үндэслэлгүй байна. Тодруулбал, хэдийгээр нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүхэд гаргасан “...хариуцагч байгууллагын удирдлагын дарамт шахалтын улмаас нэхэмжлэгч Г.Л нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр бичсэн” гэх үйл баримт нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд нотлогдохгүй байгаа боловч нэхэмжлэгч Г.Л нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг тухайн байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд гаргаснаас хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дугаар зүйлийн 79.2 дахь хэсэгт заасан 30 хоногийн хугацаа өнгөрсөн байхад албан үүргээ гүйцэтгэсээр байсан, улмаар ажил олгогчийн зүгээс түүний ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг 68 хоногийн дараа шийдвэрлэхэд тус шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний нисэхийн ерөнхий газрын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах комисст удаа дараа гомдол гаргаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан үйл баримтад үндэслэн нэхэмжлэгч Г.Лгийн ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэл зоригийн илэрхийллийг хэвээр байгаа гэж үзэх боломжгүй юм. Түүнчлэн, хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Г.Лгийн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийн дагуу түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтны санаачилгаар цуцлах тухай ажил олгогчийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэн байхад хариуцагчийн зүгээс дээрх шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргаагүй, нэхэмжлэгч Г.Л нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэл зориггүй гэдгийг мэдсээр байж Г.Л нь өөрөө ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргасан, тухайн хүсэлтээсээ татгалзаагүй байгаа учраас өмнөх шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/20 дугаар тушаалын алдааг засварлаж, ажилтны ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар шийдвэрлэсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Хариуцагч тал холбогдох хууль тогтоомжид ажилтны ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг ажил олгогч ямар хугацааны дотор шийдвэрлэх талаар тодорхой зохицуулсан зүйлгүй гэж маргаж байгаа боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт заасан зохицуулалтын агуулгаас үзвэл, ажил олгогч нь ажилтны хөдөлмөр эрхлэтийн харилцааг цуцлах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэх үүрэгтэй байна. Улмаар дээрх зохицуулалтын дагуу ажил олгогч нь ажилтны хүсэлтийг 30 хоногийн дотор шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй бол ажилтан ажлын байраа орхих эрхтэй ба энэ нь ажилтан ажил олгогчид өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргасан бол 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих үүрэг үүсгэсэн шинжтэй зохицуулалт биш юм. Гэвч ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчийн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг Хөдөлмөрийн тухай хуульд заасан 30 хоногийн хугацааны дотор шийдвэрлээгүй, нэхэмжлэгчийг албан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэсээр байсан, түүнчлэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтын санаачилгаар цуцлах тухай ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрч удаа дараа гомдол гаргасан гэдгийг мэдсээр байж нэхэмжлэгчийг ажлын байраа орхиж явах эрхээ хэрэгжүүлээгүй, өмнө гаргасан ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээсээ татгалзаж байгаагаа ажил олгогчид мэдэгдээгүй гэж буруутгаж, удаа дараа дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхэд халдсан ажил олгогчийн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.4 дэх заалтад “ажил олгогч нь ажилтны эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандах” үүрэгтэй гэж заасныг зөрчиж, ажилтны хөдөлмөрлөх эрхийг үл хүндэтгэсэн шинжтэй байна гэж дүгнэв.
Түүнчлэн, Монгол улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.6 дахь заалтад “хэргийн оролцогч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заажээ. Гэвч хариуцагч байгууллага болох Увс аймаг дахь Дэглий цагаан нисэх буудал нь Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 152/ШШ2022/00513 дугаар шийдвэрийн дагуу хүчингүй болсон 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/20 дугаар тушаалын үндэслэлтэй ижил үндэслэлээр буюу нэхэмжлэгч Г.Лгээс ажил олгогчид гаргасан гэх “өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тухай” хүсэлтийг хүчин төгөлдөр хэвээр байгаа, нэхэмжлэгч нь дээрх хүсэлтээсээ татгалзаагүй гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийг ажилд томилох тухай шийдвэр гаргасан өдрөө буюу 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр дахин нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтны санаачилгаар цуцлах тухай шийдвэр гаргасан нь шүүхийг үл хүндэтгэж, шүүхийн шийдвэрийг хэлбэрийн төдий биелүүлсэн шинжтэй байна.
Иймд хариуцагч ДЦНБ-ын даргын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Лг ДЦНБ-ын шувууны хяналтын ажилтан, сахиулын ажлын байранд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.
7. Нэхэмжлэгч Г.Л нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасан үндэслэлээр шүүхээс эрх зүйн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно. Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ДЦНБ-аас 70,200 төгрөг гаргуулж, улсын орлогод буюу Төрийн сангийн 100150000941 тоот дансанд төвлөрүүлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх заалтыг баримтлан ДЦНБ-ын даргын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/25 дугаар тушаалыг хүчингүй болгож, Г.Лг өмнө эрхэлж байсан ДЦНБ-ын шувууны хяналтын ажилтан, сахиулын ажлын байранд эгүүлэн тогтоосугай.
2. Нэхэмжлэгч Г.Л нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасан үндэслэлээр шүүхээс эрх зүйн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ДЦНБ-аас 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА
[1] Хавтаст хэргийн 03 дугаар хуудас