Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 1647

 

МАГАДЛАЛ

2019.09.09                                                Дугаар 1647

“Н Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа , М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2019/01521 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “Н Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “А П Э Э” ХХК-д холбогдох,

          Шаардах эрх шилжүүлэх, гэрээний үүргийн гүйцэтгэлд 112 841 832 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Н Х” ХХК нь “А П Э Э” ХХК-тай 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр NH/16/8 дугаартай шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулан гэрээний дагуу “А П Э Э” ХХК гэрээний хавсралт 01-т заасан 383 987 392 төгрөгийн авлагыг болон үүнтэй холбоотой иргэн хуулийн этгээдээс шаардах үүрэг гүйцэтгүүлэгчийн бүх эрхийг “Н Х” ХХК-д шилжүүлсэн. Үүний дагуу “Н Х” ХХК гэрээний хавсралт 01-т заасан иргэн, хуулийн этгээдүүдээс “А П Э Э” ХХК-ийн авбал зохих авлагыг барагдуулахаар холбогдох өр төлбөртэй этгээдүүдтэй харилцах эсвэл харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргах замаар өнөөдрийн байдлаар 268 207 810 төгрөгийн авлагыг барагдуулахаар ажиллаж байна. Харин гэрээний хавсралт 01-т заасан 383 987 392 төгрөгийн авлагаас 115 779 582 төгрөгийн авлагыг барагдуулахтай холбоотой нотлох баримт байхгүй, бодит бус, зохиомол авлага байх тул талуудын хооронд байгуулсан Шаардах эрх шилжүүлэх гэрээний 5.1-т гэрээний хавсралт 1-т жагсаалтаар гарган шилжүүлсэн авлагыг шаардах эрх хүлээн авагч барагдуулах, нэхэмжлэх явцад авлага нь бодит бус, зохиомол авлага болох нь нотлогдвол шаардах эрх хүлээн авагч талд учирсан бүх хохирол, зардлыг шаардах эрх шилжүүлэгч тал бүрэн хариуцан нөхөн төлнө” гэж заасны дагуу дээрх үндэслэлээр барагдуулах боломжгүй авлага буюу 115 779 582 төгрөгийн шаардах эрх шилжүүлэгч болох хариуцагч “А П Э Э” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Н Х” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2 компанийн хооронд 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр “Шаардах эрх шилжүүлэх гэрээ” байгуулагдсан ба уг гэрээгээр 383 987 392,19 төгрөгийн авлага болон үүнтэй холбоотой иргэн, хуулийн этгээдээс шаардах үүрэг гүйцэтгүүлэгчийн бүх эрхийг “Н Х” ХХК-д шилжүүлэн өгсөн. Энэхүү гэрээ хуулийн дагуу хийгдэж, тус гэрээгээр “Н Х” ХХК-д өр, авлагатай холбоотой бүх эрх, үүрэг шилжиж, өр, авлагыг талууд харилцан хүлээлцэж акт үйлдэж, гарын үсэг зурсан. Манай компанийн нягтланг “Н Х” ХХК-аас томилдог байсан ба нягтлангууд нь өр авлагын тооцоог гаргаж, гэрээний талууд баталгаажуулсан. Нэхэмжлэлд дурдсан 115 779 582 төгрөгийн үнийн дүнтэй барагдаагүй гэх авлага нь ямар гэрээний, ямар үлдэгдэл болох, мөн ямар учраас тэрхүү авлага нь барагдах боломжгүй болсон нь тодорхойгүй байна. “Н Х” ХХК өөрсдийн зүгээс хөөцөлдөж, авч чадаагүй өр авлагыг биднээс нэхэж, өөрөөс хамаарах асуудлыг бидэнд халдааж энэ тухай албан бичгийг хүртэл бидэнд ирүүлж байсан бөгөөд эцэст нь энэхүү авлагаа нотлох баримтгүй, бодит бус зохиомол авлага гэж үзэж шаардаж байгаа нь шударга бус, бизнесийн ёс зүйд харшилсан үйлдэл болж байна. Энэ авлагууд нь ажил гүйцэтгэхтэй холбоотой гэрээ болон санхүүгийн баримтаар үлдэгдэл болох үнийн дүн нь нотлогдсон, бодитой өр, авлагууд байсан бөгөөд үүнийг гэрээний талууд харилцан хүлээлцэж, “Н Х” ХХК-ийн зүгээс манайд хийсэн дотоод аудитын шалгалтын тайлангаар баталгаажсан авлагууд юм. “Н Х” ХХК манай компанийн хувьцааны тодорхой хэсгийг эзэмшдэг байсан бөгөөд бид тэдний байранд үйл жкиллагаа явуулдаг юм. Бид өөрийн компанийн хувьцааг өөртөө шилжүүлэн авахын тулд хувьцааны эрх шилжүүлэх бэлэглэлийн гэрээг байгуулж, энэхүү гэрээг үндэслэн шаардах эрх шилжүүлэх гэрээг байгуулж тодорхой өр авлагыг “Н Х” ХХК-д шилжүүлсэн. Бид уг өр, авлагыг  барагдуулах асуудлыг хариуцахгүй байсан боловч “Н Х” ХХК-ийн зүгээс хамтын үйл ажиллагааг зогсоож магадгүй, бид түрээсийн байраа алдах нөхцөл байдал үүсэх, харилцагчдаа алдах эрсдэлдэлтэй байдал үүсээд байсан тул арга буюу шахалтанд орж, өөрийн хүсэл зоригоос гадуур тэдний зарим барагдаагүй төлбөрийг нь төлүүлэх талаар албан бичиг бичиж өгсөн. Иймд манайхаас “Н Х” ХХК-д илгээж байсан төлбөр төлөхтэй холбоотой албан бичгүүд нь гэрээний бус, дарамт үзүүлсэний улмаас бичигдсэн тул тэрхүү албан бичгүүдэд дурдагдсан төлбөрийн бүхий л асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй. Үүнээс гадна “Н Х” ХХК-ийн авлага барагдуулахтай холбоотой гарсан ямар ч хохирол, зардлыг бид хариуцахгүй. Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу байгуулагдаж, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.6 дахь хэсэгт ... “Шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ” ... гэсэн хуулийн заалтаар “Н Х” ХХК-д өр, авлагатай холбоотой бүх эрх, үүрэг шилжиж, энэхүү өр, авлагыг талууд харилцан хүлээлцсэн. Гэтэл “Н Х” ХХК-ийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 115 779 582 төгрөгийн үнийн дүнтэй барагдуулах боломжгүй авлага гэх мөнгийг манай компаниас шаардаж байгаа нь хууль болон гэрээнд нийцэхгүй. Нэхэмжлэлд дурдсан барагдаагүй авлага гэх дүн нь ямар гэрээний, ямар үлдэгдэл болох, мөн ямар учраас тэрхүү авлага нь барагдах боломжгүй болоод байгаа нь тодорхойгүй байна. Шаардах эрх шилжүүлэх гэрээний үүрэг гэдэгт эрх шилжүүлэгч нь өр авлагыг тодорхой баримтын дагуу шилжүүлнэ. Эрх хүлээн авагч нь тухайн шилжүүлж өгсөн өр авлагыг барагдуулна гэсэн тохиролцоо байдаг. Манай зүгээс шаардах эрх шилжүүлэх гэрээний үүргийг биелүүлсэн гэж үзэж байна. Нэхэмжлэлд дурдагдаж байгаа үнийн дүнтэй холбоотой баримтуудыг жагсаалтыг гаргаж өгсөн байна. Гэтэл жагсаалтын Швейцарь инженерийн лаборати буюу Э И Э ХХК -д холбогдох 2 938 042 төгрөгийн барагдаагүй авлага гэсэн зүйл хоёр дахин давтагдсан байдаг. Өөрөөр хэлбэл жагсаалтын 2-д байгаа төлбөр нь жагсаалтын 6-д байгаа төлбөртэй давхцсан байдаг учраас үндэслэлгүй, бодит бус байна гэсэн тайлбарыг гаргаж байна. Шаардах эрх шилжүүлэх гэрээний 5.1-д “авлага нь бодит бус” гэж байна. Бодит бус гэдэг нь хий хоосон зүйлийг хэлж байгаагаас цаасан дээр буусан, санхүүгийн баримтаар тогтоогдсон, бүртгэгдсэн баримтуудыг хэлэхгүй.  2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр гэрээ байгуулахдаа гэнэт гаргаж ирээд, зохиосон зүйл байхгүй. Түүнээс өмнө ажил үүрэг явагдсаны үндсэн дээр үлдэгдэл үүссэн авлага байгаа боловч үүнийг зохиомол гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. 115 779 582 төгрөгийн үнийн дүнг манай зүгээс хохирол гэж үзэхгүй. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасан.  Авлагыг хэрхэн барагдуулах асуудлаар эрх, үүрэг шилжсэн байхад бид чадахгүй  та нар хариуц гэсэн гэж байгаа нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.6 дахь хэсэгт заасан хангах аргыг өөрсдөө сонгох ёстой байсан боловч аргыН Хухардалд орж, биднээс шаардаж байгаа нь үндэслэлгүй. Энэхүү авлага нь “А П Э Э” ХХК-ийн хувьцааг бэлэглэхээс өмнө үүсэн авлага байдаг. Эрх шилжүүлэх гэрээ байгуулахаас өмнө “А П Э Э” ХХК-ийн 50 хувийн хувьцааг “Н Х” ХХК-ийн ерөнхий захирал Ш.Б-с Н.Б гэж хүн рүү шилжүүлсэн хувьцаа шилжүүлэх гэрээ байгуулсан байдаг. Шилжүүлэхдээ хоорондоо ярилцаж, тохиролцсон. Авлага барагдаагүй тохиолдолд шаардах талаар тусгай тохиролцоо хийгдээгүй. Талууд харилцан зөвшөөрч, 2014 оны 4 дүгээр улиралд “А П Э Э” ХХК-д шалгалт хийж, зөрчил дутагдалгүй авлагыг хүлээн авсан болохыг авлагын жагсаалт, гэрээний 1 дүгээр хавсралтаар тохиролцож баталгаажуулсан баримт байна. Эдгээр авлагуудыг бодит бус болохыг нотлосон баримт байхгүй. Хуульд заасны дагуу талууд тайлбар нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үүрэгтэй. Энэ хуулийн заалтын дагуу манай зүгээс энэ асуудлаа нотлохгүй байна гэж үзэж байна авлага бүхий этгээдүүдэд хэрхэн хандсан, авлагыг хэрхэн шаардсан, авлагыг яагаад төлөхгүй байгаа талаар нотлох баримт байхгүй. Үүнээс гадна тодорхой хуулийн этгээдтэй холбоотой өр авлагын асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсэн байдаг. Жишээ нь “Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх станц” ХХК-тай холбоотой асуудлыг Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргаж, асуудал хэлэлцэхээр ажиллагаа явагдаж байсан боловч нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлээ татан авснаа илэрхийлж хүсэлттэй холбоотой шүүгчийн захирамж гарсан. Шүүхээр нэгэнт шийдвэрлэсэн өр төлбөрийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн “А Т” ХХК-ийн асуудалтай холбоотойгоор 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хандаж, нэхэмжлэл гаргаж шүүх хуралдаанаар талууд хоорондоо эвлэрч, 71 000 000 төгрөгийн төлбөрөөс татгалзсан байдаг. Гэтэл шүүгчийн захирамж гарсны дараа “Н Х” ХХК-аас 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр “А П Э Э” ХХК  руу албан бичиг ирүүлж, төлбөр төлөх шаардлага гаргасан. Анхан шатны шүүх хуралдаанд “А Т “ХХК-ийн өмнө шийдвэрлэсэн асуудлыг дахин хэлэлцэж байгаа нь үндэслэлгүй. “Н С” ХХК-с 2 300 000 төгрөгийг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлээс татгалзсан. “А П Э Э” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал дээр хэлэлцэхдээ “Н Х” ХХК-ийн дарга Ш.Б-н хүсэлтийн дагуу эрх шилжүүлсэн байдаг. Шилжүүлэхдээ  хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл дээр       “Н Х” ХХК-д ашиг орлого тооцоолон өгч байгаагүй учраас хувьцаа шилжүүлэхээс өмнө үүссэн авлага эрхийг шилжүүлэн авах хүсэлттэй байна” гэдгээ илэрхийлж шийдсэн байдаг. Түүнээс авлагыг хариу төлбөрөөр шилжүүлсэн авлага биш учраас түүнийг шаардах эрхийг эргээд хариуцах эрхийг “А П Э Э” ХХК хүлээх үндэслэл болохгүй. Бэлэглэлийн гэрээний 5.4т “Авлага шилжүүлэхийг зөвшөөрсөн нөхцөлд компанийн хувьцааг үнэ төлбөргүй шилжүүлнэ” гэж тохирсон. Үнэ төлбөргүй 50 хувийн хувьцааг шилжүүлж авахын тулд эрх шилжүүлэх гэрээг хийсэн. Бэлэглэлийн гэрээний үндсэн талууд харилцан тохиролцсон. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт “тодорхой этгээд эрх шилжүүлснээр өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно”  гэж заасны дагуу “Н Х” ХХК-аас хувьцаа шилжүүлсэн “А П Э Э” ХХК-аас авлага шилжүүлж, эрх шилжүүлэх гэрээний дагуу харилцаа дуусгавар болсон. Шаардах эрх шилжүүлэх гэрээ хуулийн дагуу хийгдсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

          Шүүх: Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасныг баримтлан “А П Э Э” ХХК /РД:5308089/-аас 88 182 550 /наян найман сая нэг зуун наян хоёр мянга таван зуун тавин/ төгрөг гаргуулж, “Н Х” ХХК /РД:2708892/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24 658 989 /хорин дөрвөн сая зургаан зуун тавин наймаН Хянга, есөн зуун наян есөн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Н Х” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 736 850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А П Э Э” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 598 862 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Н Х” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... “А Т” ХХК-аас авах авлага жагсаалтанд 117 767 210 төгрөгөор бүртгэгдсэн боловч үүнээс 52 689 528 төгрөгийг “А Т” ХХК хариуцан төлж, үлдэх 65 077 682 төгрөгийг “А П Э Э” ХХК төлөхөөр тохиролцсон болох нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, “Н Х” ХХК болон “А П Э Э” ХХК-ийн албан бичиг зэргээр, “Н С” ХХК-аас авах авлага жагсаалтанд 2 300 000 төгрөгөөр тусгагдсан боловч “А П Э Э” ХХК-нд “Н С” ХХК төлсөн үндэслэлээр хариуцагч төлөх үүрэг хүлээсэн болох нь “А П Э Э” ХХК-ийн албан бичиг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж зэргээр тус тус нотлогдож байна ... гэж дүгнээд нийт 86 824 167 төгрөгийн авлагыг бодит бус авлага гэж үзэж, манай компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хариуцагчийн ашиг сонирхлыг хөндсөн, хууль зөрчсөн шийдвэр болсон. Учир нь анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж, нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлж дүгнээгүй. Тухайлбал, Анхан шатны шүүх “Н С” ХХК-иас авах авлагатай холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ шүүхээр өмнө нь шийдвэрлэгдэж, хэрэгсэхгүй болгосон хэргийг хүлээн авч дахин шийдвэрлэсэн. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2018/00649 дугаар шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт ... Нэхэмжлэгч “Н Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ “А П Э Э” ХХК нь төлбөрийг төлсөн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ, гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Мөн анхан шатны шүүх “А Т” ХХК-иас авах авлагатай холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ шүүхээр өмнө нь шийдвэрлэгдэж, хэрэгсэхгүй болгосон хэргийг хүлээн авч дахин шийдвэрлэсэн. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2018/00649 дугаартай шүүгчийн захирамжийн тодорхойлох нь хэсэгт, “Н Х” ХХК, “А Т” ХХК нарын байгуулсан эвлэрлийн гэрээнд, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 124 229 089 төгрөгөөс 71 539 561 төгрөгийг нь татгалзан нэхэмжлэлийн шаардлагаа 52 689 528 төгрөг болгон багасгаж эвлэрсэн ... гэсэн үндэслэлээр зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг. Үүнээс гадна мөн анхан шатны шүүх “Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХХК-иас авах авлагатай холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ шүүхээр өмнө нь шийдвэрлэгдсэн хэргийг хүлээн авч дахин шийдвэрлэсэн. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 3679 дугаартай шүүгчийн захирамжийн үндэслэх нь хэсэгт ... нэхэмжлэгч “Н Х” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авах тухай хүсэлтийг бичгээр гаргасан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг батлах нь зүйтэй байна ... гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг. Энэ мэтээр шүүхээс өмнө нь шийдвэрлэгдэж, дуусгавар болсон хэргийг шийдвэрлэхдээ хуулийг үзэмжээрээ тайлбарлан хэрэглэсэн нь хэргийн оролцогчийн эрх, ашгийг хөндсөн бүдүүлэг үйлдэл болсон бөгөөд хуулийн заалтыг ноцтой зөрчсөн шударга бус хэрэг болсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.4, 106.5 дахь хэсгүүдэд заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тохиолдолд мөн хуулийн 74.4 дэх хэсэгт заасны дагуу зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй байх хуулийн заалт байсаар байхад шүүх энэхүү хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Тухайлбал анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2018/00563 дугаар захирамжаар “Н Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “А Т” ХХК-д холбогдох иргэний хэргийг, 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2018/00649 дугаар захирамжаар “Н Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Н С” ХХК-д холбогдох иргэний хэргийг тус тус шийдвэрлэсэн байгаагаас үзэхэд “Н Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “А П Э Э” ХХК-д холбогдох нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүх өмнө нь шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлд хамаарахгүй ... гэж тайлбарласан нь хуулийн заалтыг бидний эсрэг тайлбарлан хэрэглэсэн болох нь харагдаж байгаа юм. Шүүхийн шийдвэрт “Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-иас авах авлагатай холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас өмнө нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 3679 дугаартай шүүгчийн захирамжаар татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон үйл баримтыг огт дурдаагүй бөгөөд энэ захирамжийг үнэлээгүй зэргээр хэргийг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа ба ийнхүү дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасан “шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” тухай хуулийн заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Ийнхүү нэхэмжлэлд дурьдсан шаардлагыг шүүхээр өмнө нь шийдвэрлэсэн үйл баримт байсаар байхад зөвхөн компани хоорондын хэдэн албан бичгийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д “нэхэмжлэлд дурьдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа” бол нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзах ёстой байсан. Мөн энэ үндэслэлээр шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу “Н С” ХХК, “А Т” ХХК, “Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох ёстой байсан гэж үзэж байна. Тиймээс Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр гаргасан 183/ШШ2019/01521 дугаар бүхий шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, “А” ХХК-иас авах 1 358 383 төгрөгт холбогдох хэсгийг хэвээр үлдээж, 86 824 167 төгрөгийн авлага гаргуулах хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч “Н Х” ХХК нь хариуцагч “А П Э Э” ХХК-д холбогдуулан шаардах эрх шилжүүлэх, гэрээний үүргийн гүйцэтгэлд 112 841 832 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараас үзвэл 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр NH/16/48 дугаар шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулж, уг гэрээний хавсралт 1-д дурдсан 383 987 392 төгрөгийн авлагыг иргэн хуулийн этгээдээс шаардах үүрэг гүйцэтгүүлэгчийн бүх эрхийг “Н Х” ХХК-д шилжүүлэхээр тохиролцсон байна.

2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр талууд 01 тоот хувьцаа бэлэглэлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр “Н Х” ХХК нь “А П Э Э” ХХК-ийн өөрийн эзэмшлийн 50 хувь буюу нэг бүр нь 182 800 төгрөгийн үнэ бүхий, 1000 ширхэг хувьцааг “А П Э Э” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Б-д шилжүүлэхээр тохиролцсон зэрэг үйл баримт хэрэгт авагдсан байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүхийн өмнө талууд эрх тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйл тус бүрийн заалтыг зөрчжээ.

Тухайлбал, нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрх шилжүүлэх гэрээгээр хүлээн авсан авлагыг барагдуулах ажиллагааны явцад илэрсэн гэх бодит бус, зохиомол авлага нь хэнд -/иргэн, хуулийн итгээд/ холбогдохыг нотлох баримттайгаар нэрлэн заагаагүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн тайлбар, түүний үндэслэл тодорхой байснаар талууд тухайН Харгааны үйл баримтын талаарх нотлох баримтыг гаргаж мэтгэлцэх, улмаар шүүх шаардах эрхийн үндэслэл, түүнийг зохицуулсан хуулийн заалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянан үзнэ.

Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байгааг анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодруулах шаардлагатай байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2019/01521 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 593 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                    ШҮҮГЧИД                                                        Т.ТУЯА

           М.НАРАНЦЭЦЭГ