Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 1905

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2019/01905

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж, Засгийн газрын 11 дүгээр байрны 11 давхар, 1110 тоотод байрлах “Алтанбулаг чөлөөт бүс”Төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар /цаашид ТБАГУТҮГ гэх/, /РД:9129065/-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 6Д байрны 85 тоотод байрлах “Эв-Од импекс”ХХК /РД:2708647/-д холбогдох

газар эзэмшүүлэх гэрээний үүрэгт 8.400.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

ан

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Цэрэнсоном, Ө.Содов, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч “Алтанбулаг чөлөөт бүс”ТБАГУТҮГ-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: 2008 оны 12 дугаар сард “Эв-Од импекс”ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт газар эзэмших эрх олгож, улмаар 2008 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 169 дугаартай эрх олгох тухай, 2009 оны 06 дугаар сарын 08-ны өдөр газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай 32 дугаар захирамжаар 1 га газрыг худалдаа, агуулах ачих, тээвэрлэх мехнизмын үйлчилгээний зориулалтаар баталгаажуулсан захирамжийг тус тус гаргасан. Энэхүү захирамжуудыг үндэслэн 2008 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 08/53 дугаартай газар эзэмшүүлэх гэрээг, 2008 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 92 дугаартай Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын гэрээг тус тус байгуулсан. Гэвч 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр А/78 дугаартай захирамжаар газар эзэмшүүлэх гэрээнд заасан газрын төлбөрийг газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, газар эзэмшүүлэгчээс газар эзэмшихтэй холбогдуулан тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх зэрэг үүргээ биелүүлээгүй, мөн эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн нэг жилийн хугацаанд үйл ажиллагаа эхлээгүй  гэсэн үндэслэлээр хөрөнгө оруулалтын болон газар эзэмших эрхийг цуцалсан. Алтанбулаг чөлөөт бүс нь аж ахуйн нэгжийн  газрын төлбөрөөр улсын төсвийн тодорхой хэсгийг бүрдүүлдэг бөгөөд “Эв-Од импекс”ХХК-иас газар эзэмшүүлэх гэрээний 3.5-д газрын төлбөрийг газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, мөн гэрээний 4.3-т газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан аж ахуйн нэгж зохих хуваарийн дагуу газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, энэ талаар болон гэрээний 4.2 дугаар зүйлд тавьсан шаардлагыг биелүүлээгүй, Газрын тухай хуулийн 40.1.1-40.1.5 дугаар зүйлд заасан нөхцөл бий болсон зэрэг тохиолдолд газар эзэмших гэрээг хүчингүйд тооцон газрыг хураах бөгөөд тухайн хугацаанд  төлсөн газрын төлбөрийг буцаан олгохгүй гэж тус тус заасны дагуу газрын төлбөрийн хуваарийн дагуу 2009 онд 1.680.000 төгрөг, 2010 онд 1.680.000 төгрөг, 2011 онд 1.680.000 төгрөг, 2012 онд 1.680.000 төгрөг, 2013 онд 1.680.000 төгрөг, нийт 8.400.000 төгрөгийн газрын төлбөрийн үлдэгдэлтэй байгаа тул гэрээний үүргийг хангуулах хүсэлтэй байна. “Эв-Од импекс”ХХК нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-д газрын төлбөр төлөгч нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно, Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.-д татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа, татварын хууль тогтоомжид хамаарахгүй гэж тус тус заасны дагуу газрын төлбөр төлөх бүрэн үндэслэлтэй байна. Иймд хариуцагч “Эв-Од импекс”ХХК-иас газрын төлбөр 8.400.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч “Эв-Од импекс”ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Алтанбулаг чөлөөт бүсийн нэхэмжлэлтэй “Эв-Од импекс”ХХК-д холбогдох  хэрэгт хариуцагчаар  дуудагдсан байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хүлээн зөвшөөрөх боломжгүй. Шаардлагатай нотлох баримт болон холбогдох гэрчүүдтэй  уулзсны үндсэн дээр  нэмэлт тайлбарыг гаргаж өгөх болно гэжээ.

          Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг  бүрчлэн шинжлэн судлаад      

ҮНДЭСЛЭХ нь:

          Тус шүүх хуралдааны товыг хариуцагчийн төлөөлөгч А.Амарбаясгаланд мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

         Нэхэмжлэгч “Алтанбулаг чөлөөт бүс”ТБАГУТҮГ нь хариуцагч “Эв-Од импекс”ХХК-нд холбогдуулан газар эзэмшүүлэх гэрээний үүрэгт 8.400.000 төгрөг гаргуулахаар шаардсан байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 4.200.000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

            “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн захирагчийн 2008 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 169, 170 дугаар захирамжаар хариуцагч “Эв-Од импекс”ХХК-д “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт худалдаа, агуулах, ачих тээвэрлэх механизмын үйлчилгээний барилга байгууламж барихад зориулан хөрөнгө оруулах, 1 га газар эзэмших эрх олгосныг баталгаажуулсан байна. /хх-5, 8-10/

            Уг захирамжийн дагуу талуудын хооронд 2008 оны 12 дугаар сарын 16-ны өдөр  газар эзэмшүүлэх гэрээ байуулагдаж, хариуцагч “Эв-Од импекс”ХХК нь 1 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшиж, газрын төлбөрийн хөнгөлөлтийг хасаад газрын төлбөрт жилд 1.680.000  төгрөг төлөхөөр тохиролцжээ. /хх-11-15/

            Гэвч “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн захирагчийн 2009 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 32 дугаар захирамжаар хариуцагч “Эв-Од импекс”ХХК-ийн 1 га газар эзэмшиж байгаа захирамж болон газар эзэмших гэрээг хүчингүй болгож, эзэмшил газрын хэмжээг 0.5 га болгож, уг 0.5 га газар эзэмших эрхийг баталгаажуулсан байна. /хх-6/

            Улмаар Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн захирагчийн 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/78 дугаар захирамжуаар газрын төлбөрийг хугацаандаа төлөөгүй, эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс хойш нэг жилийн хугацаанд үйл ажиллагаа эрхлээгүй тул “Эв-Од импекс”ХХК-ийн хөрөнгө оруулалтын болон газар эзэмшүүлэх гэрээг цуцалж шийдвэрлэсэн байна. /хх-17-18/

            Нэхэмжлэгч “Алтанбулаг чөлөөт бүс”ТБАГУТҮГ нь хариуцагч “Эв-Од импекс”ХХК-ийн газар эзэмших эрхийг 2014 онд цуцалсан боловч газар эзэмшүүлэх гэрээний 3.5-д газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх үүрэгтэй гэсэн үндэслэлээр 2009 оны газрын төлбөр 1.680.000 төгрөг, 2010 оны газрын төлбөр 1.680.000 төгрөг, 2011 оны газрын төлбөр 1.680.000 төгрөг, 2012 оны газрын төлбөр 1.680.000 төгрөг, 2013 оны газрын төлбөр 1.680.000 төгрөг, нийт 8.400.000 төгрөгийг гаргуулахаар шаардсан бол хариуцагч “Эв-Од импекс”ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзаж байна.

            Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болон хариуцагчийн татгалзал үндэсгүй гэж шүүх дүгнэв.

            Учир нь Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн захирагчийн 2009 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 32 дугаар захирамжаар хариуцагч “Эв-Од импекс”ХХК-ийн  1 га газар эзэмшиж байгаа захирамж, газар эзэмших гэрээг хүчингүй болгож, эзэмшил газрын хэмжээг 0.5 га болгож, 0.5 га газар эзэмших эрхийг баталгаажуулсан тул нэхэмжлэгч байгууллага уг 0.5 га газарт холбогдох газрын төлбөрийг шаардах эрхтэй.

            Гэтэл нэхэмжлэгч “Алтанбулаг чөлөөт бүс”ТБАГУТҮГ нь хариуцагч “Эв-Од импекс”ХХК-иас газрын төлбөрийг тооцон нэхэмжлэхдээ түүний эзэмшил газрыг 1 га талбайгаар тооцон нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм.

            Зохигчдын газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан тухайн цагт Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн газрын нэг гектарын жилийн төлбөрийн дээд хязгаарыг 3.200.000 төгрөг, доод хязгаарыг 2.400.000 төгрөгөөр тогтоосон Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 169 дүгээр тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байсан байна.

            Талууд газрын нэг гектарын жилийн төлбөрийг 2.400.000 төгрөг байхаар тохиролцсон тул хариуцагч “Эв-Од импекс”ХХК нь эзэмшиж буй 0.5 га газрын төлбөрт жилд 840.000 төгрөг төлөхөөр байх ба газар эзэмших эрхийг 2014 онд цуцалсан тул газар эзэмших эрхийг цуцлах хүртэл 2009-2013 оны газрын төлбөрт нийт 4.200.000 төгрөгийг төлөх үүрэгтэй, уг үүргээ биелүүлээгүй байна.

            Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн газрын төлбөрийг 2009-2013 оны хооронд Засгийн газрын 2006 оны 169 дүгээр тогтоолоор тогтоож байсан тул энэхүү төлбөр нь Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.11-т заасан Засгийн газраас хувь хэмжээг нь тогтоож орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг татварт хамаарч байжээ.

            Татврын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т татвар, алданги, торгуулийн өрийг төлөхөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй байна гэж заасан тул хариуцагч “Эв-Од импекс”ХХК-ийг 2009-2013 оны газрыг төлбөрөөс чөлөөлөх үндэслэлгүй.

            Иймд хариуцагч “Эв-Од импекс”ХХК-иас газрын төлбөрт нийт 4.200.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Алтанбулаг чөлөөт бүс”ТБАГУТҮГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.200.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч байгууллага Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлага хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 82.150 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон          

ТОГТООХ нь:

     1. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 35 дугаар зүйлийн 35.3.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Эв-Од импекс”ХХК-иас 4.200.000 /дөрвөн сая хоёр зуун мянга /төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Алтанбулаг чөлөөт бүс”ТБАГУТҮГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.200.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Эв-Од импекс”ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 82.150 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

               4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХБАЯР