Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 152/ШШ2024/00040

 

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.О-ийн, 

Хариуцагч: Д.А-д холбогдох, 

Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 10,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч М.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дамдинсүрэн,

Гэрч Д.Б,

Гэрч М.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Завхан аймгийн Ургамал сумын 2 дугаар багийн иргэн М.Б 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ноолуур авч явсан Увс аймгийн Өндөрхангай сумын иргэн Д.А түүний эхнэр Д.И нарт 603 кг ноолуур худалдсан байна. Д.А, Д.И нар ноолуурыг аваад сүлжээнд ороод мөнгийг нь шилжүүлнэ гэж хэлээд явсан боловч одоог хүртэл бүрэн төлж барагдуулаагүй байна. М.Б өөрөө хөдөө мал ахуйтай учир ирэх боломжгүй байна. Д.А, Д.И нар нь холбоо барих утсаа авахгүй байгаа. Тиймээс миний бие төлөөлөн нэхэмжлэл гаргаж байна. Иймд Д.Аээс 603 кг ноолуурын үнийн үлдэгдэл болох 10,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч М.Б 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “ Ц.О нь маргаантай хэргийн талаар сайн мэдэхгүй байгаа учраас миний бие түүнд олгосон итгэмжлэлээсээ татгалзаж байна” гэв.

Нэхэмжлэгч М.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрөө холоос ирж чадаагүй учраас О-т итгэмжлэл хийж нэхэмжлэл гаргасан. Ц.О нэхэмжлэл гаргахдаа 635 гэдгийг 602 гэж андуурч бичсэн байсныг би холоос зорьж ирээд тодорхой бичиж өгсөн ба үүнд: 2023 оны 5 дугаар сард Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат А-д 635,2 кг ноолуур өгсөн бөгөөд 85,200,000 төгрөг болсон. Одоо үлдэгдэл 10,200,000 төгрөг өгөхгүй байгаа тул танай шүүхэд хандсан юм. Эхнэр нь гарын үсэг зурсан баримт цуг өгөв. Би Д.Ад 635.2 кг ноолуур өгсөн гэж бичсэн. Тухайн үед над руу 30,000,000 төгрөг хийсэн. Сүлжээнд ороод үлдэгдэл мөнгийг нь хийнэ гэсэн боловч 5, 10 саяар цувуулж 30 гаруй хоногийн дараа гэхэд 75 саяыг нь өгөөд 10,200,000 төгрөгийг нь үлдээгээд одоо болтол өгөхгүй байгаа. Надаас нийт авсан ноолуур, өгсөн мөнгөн дүнгээ тэмдэглээд гарын үсгээ зурсан, би өөрийн тэмдэглэлийн дэвтэр дээр зуруулж авсан. Тухайн үед миний ноолуурыг эхнэртэйгээ хамт бүгдийг нь задалж үзсэн. Хариу тайлбартай танилцахад миний нэр төрд халдсан, явган яриа зэргийг дурдсан байсныг анхаарч өгнө үү. Би эхний ноолуураа өгөх гээд ачаад явж байхдаа Д.Атэй таарсан. Би ноолуураа Ц-д 134,500 өгөх гэж байхад Д.А надад нэг тонн ноолуур хэрэгтэй байна 134,000 авъя гээд ирээд гэрийн гаднаас тохироод, зүсэж, цохиж үзээд авсан. Дөрвөн уут ноолуурыг стандартад тэнцэхгүй байна гээд үлдээсэн. Манай суманд тэр үед ноолуур 134,000 төгрөгийн ханштай байсан. Тухайн үед 134,000 төгрөгөөр авчхаад одоо 124,000 төгрөг байсан гэж гүтгэж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг гүтгэлэг гэж үзэж байна. Би ноолуураа Цогоод 134,500 төгрөгөөр өгсөн гэх баримт надад байгаа. Д.А надтай наймаа хийгээд 4-5 хоногийн дараа та Улаанбаатарт ирж хамт ноолуур өгөлцөх арга байна уу? гэхээр нь би очих боломжгүй, чи манай гаднаас ноолуураа жинлээд ачаад явсан наймаа шүү дээ, би явах шаардлагагүй гэж хэлсэн. Д.А нь хөдөөнөөс ирээд авч байгаа учраас 500 төгрөгийн зөрүүг тооцож үзсэн. Ургамал сум Увс аймаг хоёрын хооронд зай байгаа, энэ хоёрын хооронд ноолуураа очоод аваад ирэхэд зардлын мөнгө гарсан. Б.А хөдөө ирж авсан учраас зардлын мөнгөө тооцож үзээд 134,500 биш 134,000 өгсөн. Дэвтэр дээрх гарын үсэг Д.Аийн эхнэрийн гарын үсэг гэж яаж нотлох вэ гэж байна. Д.Аийн эхнэр өөрөө гарын үсэг зурсан учраас өнөөдөр ирнэ гэж би бодсон. Би хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шиг статистик, толгой эргүүлсэн тоо ярихыг бодоогүй, болсон үйл явдлыг үнэн бодитоор нь яръя гэж орж ирсэн. Тухайн үед хамт байсан, харсан хүмүүс учраас нөхөр дүү хоёроо гэрчээр асуулгасан. Би эвлэрүүлэн зуучлалд хандаад хугацаа тохиролцож, төлж барагдуулахаар ярилцсан боловч хугацаандаа төлбөрийг барагдуулаагүй учраас дараагийн шатанд нь хандаж нэхэмжлэл гаргасан. Хүний 10,200,000 төгрөг дутуу хийчхээд сүүлийн гүйлгээний утган дээрээ тооцоо дуусав гэж бичээд өөрийн дураар тооцоо дуусчихдаг юм бол би ч бас тэгмээр байна. Тийм худал зүйл хийж болохгүй учраас шүүх, цагдаагийн байгууллага байгаа байх гэж бодож байна. Би найздаа итгэмжлэл хийж өгөөд эвлэрүүлэн зуучлалд хандахад төлөөлөгч маань нэхэмжлэлийн шаардлагыг буруу тооцож бичсэн байсан. Нийт 635,2 кг ноолуурыг 134,000 төгрөгөөр үржээд 85,115,000 болж байгаагаас 75,000,000 хасаад 10,115,000 болж байгаа дээр нотариатын зардал 40,000 төгрөг, эвлэрүүлэн зуучлалд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн мөнгө 23,000 төгрөг болсоныг нэмж нэхэмжилсэн” гэв.

Хариуцагч Б.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ц.Оийн нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч Алтангэрэл би хариу тайлбар гаргаж байна. Болсон явдал бол нэхэмжлэгчийн өгүүлж байгаагаас арай өөр бөгөөд би сумандаа бизнес хийж амьдардаг, сүүлийн 16 жил орчим нутаг орчмын ноос ноолуурыг авч ченж хийж байгаа. Энэ хугацаанд надтай холбоотой хэн нэгэн ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй, өөрөөр хэлбэл би хэнтэй ч нөхөрлөж, хэнийг ч хуурч мэхэлж байгаагүй. Тухайн үед би ноолуур авч байсан бөгөөд Завхан аймгийн Ургамал сумын нутаг Зөөхий гэх газарт явж байхад Б нь мөн ноолуур авч явж таарсан. Нутгийн иргэд Бгийн жин нь бид нарын жинтэй таарахгүй байна, өөрийн чинь жинтэй тааруулж үзье гэхээр нь шалгаж үзэхэд миний жин зөв байсан. Б надад тухайн үед гоморхож байсан боловч би тоогоогүй. Үүнээс хойш хэд хоногийн дараа Б над руу ярьж, надад 1 тонн ноолуур байна, үнэ ханшаа тохироод ав гэсэн. Би ноолуур сайн бол авч болно гэсэн. Би эхнэр И болон Ц.М нарын хамт өөрийн Ланд-80 маркийн машинтай очсон. Намайг очиход ноолуураа үзүүлсэн. Би өөрийн болон Н.Б-ийн нийт 5 тонн ноолуурыг П гэдэг жолоочид ачуулсан байсан тул яарч ноолуурыг нь уутнаас нь гаргаж үзээгүй бөгөөд асуудал байхгүй биз гэхэд зүгээрээ асуудал гарвал ярина гэж тохирсон. Би хот ороод ноолуураа ченжүүдэд үзүүлэхэд Бгээс авсан ноолуураас их хэмжээний элс гарч ирсэн. Энэ үед миний хажууд Н-ын Б болон жолооч П нар байсан. Ноолуураа олон хүнд үзүүлсэн боловч огт аваагүй ба бид нар 5 хоног явж, Улаанбаатар хотын ихэнх ченжүүдэд үзүүлэхэд аваагүй. Энэ хооронд Бтэй яриад ийм зүйл болж байна, танай ноолуур элстэй байгаагаас болоод миний ноолуур давхар гологдоод байна, та яаж ийгээд хүрээд ир, энэ ноолуураа надаас ав гэхэд би малтай хөдөө байгаа учир очиж чадахгүй, чи зарчих гэхэд нь үнэ ханш унана шүү гэж хэлсэн. Анх Өндөрхангайд ноолуур 134,000 төгрөг байсан, танай суманд 131,000 төгрөг гэж байсан.  Би хэзээ ч Өндөрхангай сумын ханшаар авч чадахгүй гэхэд та ямар ч байсан зарчих тэгээд тооцоо хийе гэсэн. Өөрөөр хэлбэл ноолуураа элстэй гэдгийг мэдэж байсан. Тэгээд би Бийн зуучилснаар ноолуураа 118,000 төгрөгөөр зарсан. Ноолуураа 118,000 төгрөгөөр зарж байна гэдгээ өөрт нь хэлж мэдэгдсэн. Би анх ноолуур авахдаа 603 кг ноолуур авсан бөгөөд 30,000,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл мөнгөө ноолуур зараад тооцоо хийхээр тохирсон. Нэгэнт авсан ноолуур гологдсон, үүнийг эзэнд нь мэдэгдсэн, дагаад би өөрөө хохирсон. Тухайн үед ноолуурын үнэ буусан байсан бөгөөд намайг Өндөрхангай суманд ноолуур авч байхад 134,000 төгрөг байсан бол хотод 120,000 төгрөг болсон. Жолооч П машин хурдан суллаж өг, мөн ачаатай байсан хоногийн тоогоор нэмэлт хөлс өг гэж шаардаж байсан. Ноолуур борлуулж мөнгөө 118,000 төгрөгөөр тооцож бүрэн төлсөн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ноолуурын хэмжээ кг-ын зөрүүтэй байсан. Үүнийг анх нэхэмжлэл дээрээ ч бичиж байсан. Нэхэмжлэлд хавсаргаагүй хэн, хэзээ бичсэн нь мэдэгдэхгүй Д.Аийн гарын үсэг биш баримтыг гаргаж өгсөн ба түүн дээр 635 кг ноолуур гэж бичсэн. 75 сая төгрөг өгсөн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Манай тал 75 сая төгрөг өгсөн гэдэгээ нотолсон. Тухайн үед ноолуур ямар үнэтэй байсныг Увс аймгийн статистикийн хэлтсээс гаргасан байгаа. 2023 оны 6 дугаар сард гахайны мах 16,000 төгрөг, тахианы мах 13,000 төгрөг, ноолуур 1 кг нь 100,000 төгрөг гэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч тал эхлээд авсан гэх ноолуурны тоо хэмжээг, тухайн үеийн нэг кг ноолуурын үнэ зэргийг нотлох үүрэгтэй. Манай талаас хариу тайлбарт бичвэр техникийн алдаа гаргаж 124,000 төгрөг гэдгийг 134,000 гэж бичсэн байсан. 603 кг ноолуурын үнийг 5 удаагийн гүйлгээгээр шилжүүлж, хамгийн сүүлийн гүйлгээг тооцоо дуусав гэх утгаар шилжүүлсэн. Хариуцагч тухайн үед ноолуурыг гадна талаас нь цохиж үзсэн. Улаанбаатар хотод очоод дэлгэхэд элс гарч ирсэн.  Д.А ашиг олсон гэхээсээ илүү хохирсон. Ноолууранд элс байсныг тухайн үед хамт явж байсан Завхан аймгийн ченж Н-ын Б, жолооч П нар маш сайн мэдэж байгаа. Хариуцагч талаас эдгээр хүмүүсийг гэрчээр асуулгах гэж бодсон боловч хол байдаг учраас холбоо барьж чадаагүй. Өгч авалцах зүйлээ өгөөд тооцоо дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй Аливаа тайлбар бол нотлох баримттай, логиктой байх ёстой. Тухайн үед ноолуур 134,500 төгрөгийн үнэтэй байхад Д.Ад буян үйлдэж байгаа юм шиг яагаад 500 төгрөг бага ханшаар өгсөн гээд байгааг ойлгохгүй байна. Наймааг ашиг олохын тулд л хийдэг. Нэхэмжлэгчийн тайлбарт худал зүйл байна гэж харж байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т нийтэд тодорхой зүйлийг нотлох шаардлагагүй гэж заасан. Статистикийн газраас гаргасан судалгаагаар тухайн үеийн нэг кг ноолуурын үнэ ханш 124,000 төгрөг гэж гаргасан. Гэтэл нэхэмжлэгч 134,000 төгрөгөөр бодож, арай өндөр үнэ нэхээд байна. Гэрчүүдийн хувьд нэг нь төрсөн дүү нь юм байна. Улаанбаатарт амьдарч байгаа гэсэн атлаа хэзээ ирсэн нь тодорхойгүй. Эгчийгээ дэмжих нь тодорхой. Нөгөө гэрч нь нөхөр нь гэж байна. Нэг гэр бүлийн хүмүүс гэрчид нөлөөлж байгаа хэлбэр биш боловч амьдралынхаа тулгамдсан асуудлуудыг ярьж л байгаа. Гэтэл Б.А- яг хэлэн кг ноолуур зарсныг асуухад мэдэхгүй гэж хариулсан нь хууль сануулсан баримтад гарын үсэг зуруулсан учраас нөхцөл байдал арай өөр болчих шиг боллоо гэж харж байна. Б.А хотод очоод М.Б лүү ноолуур гологдсон, та хүрээд ирээч, хамтдаа зарах арга хэмжээ авъя гэж утсаар ч ярьсан, мессэж ч бичсэн. Б.Аийн утсан дээр энэ хүн рүү бичсэн мессэж байсан юм. Харамсалтай нь би өнөөдөр авч ирээгүй байна. Хэрэгт авагдсан баримтад байгаа гарын үсгийг Б.Аийн эхнэрийнх гэж байна. Тэр гарын үсгийг Б.Аийн эхнэрийн гарын үсэг гэж хэн нотлох вэ? Хариуцагч тал М.Бд өгсөн мөнгөө нотолсон. Нэхэмжлэгч тал хэлэн кг ноолуур өгсөн хэмжээ болон хэдэн төгрөгөөр зарсан эсэхээ хангалттай нотолж чадаагүй гэж үзэж байна. Манайх 603 кг ноолуур авсан, М.Б 635 кг ноолуур зарсан гэдэг. Хоорондын зөрүү нь 28 кг болоод байгаа юм. Үүнийг 134,000 төгрөгөөр бодвол 37,520,000 төгрөг болоод байгаа юм. Нэхэмжлэл бичихдээ ч эхнэрийг нь хамтран хариуцагчаар татах боломж ч байсан. Мөн нэхэмжлэгч нь өмгөөлөгч авч эрх ашгаа хамгаалуулах боломжтой байсан. Энэ хэргийн нотлох баримт 75,000,000 төгрөг шилжүүлснээс өөр ямар ч баримт байдаггүй” гэв.

Нэхэмжлэгч талаас М.Б, Ц.О нарын иргэний үнэмлэхийн хуулбар, төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж 178,150 төгрөг төлсөн баримт, 635,2 кг ноолуур авсан гэх бичвэрийн хуулбар, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах тухай тайлбар, Ц.От олгосон итгэмжлэлээс татгалзах тухай хүсэлт, М.Бгийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Д.Б, М.Ж нарын иргэний үнэмлэхийн хуулбарыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх Д.Б, М.Ж нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авсан.

Хариуцагч талаас шүүхэд итгэмжлэл, хариу тайлбар, Б.Аийн иргэний үнэмлэхийн хуулбар, Б.А-ийн Хаан банкин дахь 5811042319 харилцах дансны 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хооронд хийгдсэн гүйлгээний дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар өгсөн.

                                    ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчийн эцгийн нэрийг Д гэж тодорхойлон, Д.А- холбогдуулан, ноолуурын үнэ 10,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн эцгийн нэр Д бус Б болох нь тогтоогдсон. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Д гэдэг нь А-ийн эцэг Б-ны гэрийн нэр учраас Д-ын А гэдэг нь Б-ны А юм гэх тайлбар гаргасан. Иймд хариуцагч Д-ын А гэдгийг залруулж, шүүхийн шийдвэрт Б-ны А гэж тусгасан болно.

3. Нэхэмжлэгч М.Бгээс Ц.От олгосон итгэмжлэлийн дагуу Ц.О нь нэхэмжлэгчийг төлөөлж, хариуцагч Д.Аээс ноолуурын үнэ 10,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан боловч нэхэмжлэгч М.Б нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.От олгосон итгэмжлэлээсээ татгалзаж, шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох хүсэлт гаргасан. Нэхэмжлэгчийн хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт “Өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй. Биечлэн оролцох тохиолдолд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдэнэ” гэж заасанд нийцсэн байх тул нэхэмжлэгч М.Бг шүүх хуралдаанд оролцуулж, хэргийг хэлэлцэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэхэмжлэгч М.Б нь 2023 оны 5 дугаар сард хариуцагч Б.А- ноолуур худалдан борлуулахаар тохиролцож, Б.А нь Завхан аймгийн Ургамал сумын нутагт байх М.Бгийн гэрт очиж ноолуурыг худалдан авсан ба ноолуур авах үедээ буюу 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 20,000,000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 8,000,000 төгрөг, 6 дугаар сарын 10-ны өдөр 17,000,000 төгрөг, 6 дугаар сарын 18-ны өдөр 20,000,000 төгрөг, нийт 75,000,000 төгрөгийг 5 удаагийн үйлдлээр Б.А-ийн Хаан банкин дахь харилцах данснаас 5509004025 гэх харилцах дансанд шилжүүлжээ. Хэрэгт дээрх 5509004025 дугаарын харилцах данс эзэмшигчийн тодорхойлолт авагдаагүй боловч нэхэмжлэгч М.Б нь дээрх дансыг өөрийн данс гэж хүлээн зөвшөөрсөн.

Талууд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх, гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй.

Харин зохигчдын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн ноолуурын хэмжээ, үнийн талаар харилцан зөрүүтэй тайлбар гаргаж байна. Тодруулбал, нэхэмжлэгч нь анх 635,2 кг ноолуурыг килограммын үнэ 134,000 төгрөгөөр худалдан борлуулахаар тохиролцсон, худалдан авагч тал 10,200,000 төгрөгийг дутуу төлсөн гэж шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлж байгаа бол хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь худалдагчаас анх 603 кг ноолуурыг килограммын үнэ 118,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Гэрээний дагуу 75,000,000 төгрөгийг худалдагч М.Бгийн арилжааны банкин дахь харилцах дансанд бүрэн шилжүүлсэн гэж маргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар зохигчдын шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байх ёстой бөгөөд хариуцагч нь хэргийн оролцогчийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад заасны дагуу шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй. Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа “....Анх Өндөрхангайд ноолуур 134,000 төгрөг байсан, танай суманд 131,000 төгрөг гэж байсан.  Би хэзээ ч Өндөрхангай сумын ханшаар авч чадахгүй гэхэд та ямар ч байсан зарчих тэгээд тооцоо хийе гэсэн.  Өөрөөр хэлбэл ноолуураа элстэй гэдгийг мэдэж байсан. Тэгээд би Бийн зуучилснаар ноолуураа 118,000 төгрөгөөр зарсан. Ноолуураа 118,000 төгрөгөөр зарж байна гэдгээ өөрт нь хэлж мэдэгдсэн. Би анх ноолуур авахдаа 603 кг ноолуур авсан бөгөөд 30,000,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл мөнгөө ноолуур зараад тооцоо хийхээр тохирсон. Нэгэнт авсан ноолуур гологдсон, үүнийг эзэнд нь мэдэгдсэн, дагаад би өөрөө хохирсон. Тухайн үед ноолуурын үнэ буусан байсан бөгөөд намайг Өндөрхангай суманд ноолуур авч байхад 134,000 төгрөг байсан бол хотод 120,000 төгрөг болсон. Жолооч П машин хурдан суллаж өг, мөн ачаатай байсан хоногийн тоогоор нэмэлт хөлс өг гэж шаардаж байсан. Ноолуур борлуулж мөнгөө 118,000 төгрөгөөр тооцож бүрэн төлсөн...” гэжээ. Гэвч хариуцагч нь 603 кг ноолуурыг нэг килограммын үнэ 118,000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг бүрэн төлсөн гэх боловч  75,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн байх ба ноолуурын нэг килограммын үнийг хариуцагчийн тайлбарт дурдсан 118,000 төгрөгөөр тооцоолбол 75,000,000 төгрөг нь 635,5 кг ноолуурын үнэ байна. Иймд хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 635,2 кг бус 603 кг ноолуур худалдаж авсан гэх тайлбарыг бодит үнэнд нийцэхгүй гэж дүгнэв. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа “...тухайн үед Увс аймгийн Статистикийн хэлтсээс нэг килограмм ноолуурын үнийг 100,000 гэж тогтоосон байсан. М.Б, Б.А нар нь анх 603 кг ноолуурыг килограммын үнэ 124,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож, үнийг бүрэн төлсөн, хариуцагч шүүхэд тайлбар гаргахдаа техникийн алдаа гаргаж 124,000 төгрөгийг андуурч 134,000 гэж бичсэн. Нэхэмжлэгчийн зүгээс зах зээлийн ханшаас өндөр үнээр, үндэслэлгүй 10,200,000 төгрөг нэхэмжилж байна” гэх боловч хавтаст хэрэгт статистикийн хэлтсээс 2023 оны 5,6 дугаар сард ноолуурын зах зээлийн ханш тогтоосон эсэх тухай баримт хэрэгт авагдаагүй тул тухайн үед Увс аймгийн Өндөрхангай суманд ноолуурын килограммын үнэ 100,000 төгрөг байсан гэж үзэх үндэслэлгүй. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс статистикийн хэлтсийн нийгэм, эдийн засгийн судалгаа нь нийтэд илэрхий үйл баримт учраас шүүхэд дахин нотлох шаардлагагүй гэх боловч статистикийн тоон мэдээлэлд үндэслэн худалдах, худалдан авах гэрээний гол нөхцлийн талаарх зохигчдын тохиролцоог үгүйсгэх боломжгүй ба хариуцагч шүүхэд бичгээр тайлбар гаргахдаа техникийн алдаа гаргасан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбарт дурдагдсан тооцоололд нийцэхгүй байгааг дурдах нь зүйтэй.

Харин хариуцагчийн шүүхэд гаргасан дээрх тайлбар болон нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн, хариуцагч Б.А нь нэхэмжлэгч М.Бтэй 635,2 кг ноолуурыг 134,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 30,000,000 төгрөг төлж, ноолуурыг худалдан борлуулсны дараа үлдэгдэл 55,116,800 төгрөгийг төлөхөөр тохиролцсон боловч нэхэмжлэгч М.Бгээс худалдан авсан ноолуур нь элстэй байсан гэх шалтгаанаар үнийг хямдруулж, килограммын үнийг 118,000 төгрөгөөр тооцон 635,2 кг ноолуурын үнэ 74,953,600 төгрөг буюу 75,000,000 төгрөгийг нэхэмжлэгч М.Бд төлсөн гэх үйл баримт тогтоогдож байна. Иймд дээрх үйл баримтад үндэслэн зохигчдын хооронд 635,2 кг ноолуурыг килограммын үнэ 134,000 төгрөгөөр буюу нийт 85,116,800 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулагдсан гэж дүгнэв.

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хариуцагч Б.А нь нэхэмжлэгч М.Бгээс худалдан авсан ноолуураа Улаанбаатар хотод худалдан борлуулах үед ноолуур элстэй байсан гэсэн шалтгаанаар үнийг хямдруулж, нэг килограмм ноолуурыг 118,000 төгрөгөөр худалдсан. Дээрх асуудлын талаар нэхэмжлэгч М.Бд мэдэгдсэн гэж маргаж байна. Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад зааснаар хэргийн оролцогч нь өөрийн татгалзлын үндэслэл, түүнийг нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагч Б.Аийн нэхэмжлэгчээс худалдаж авсан 635,2 кг ноолуур элстэй байсан эсэх буюу худалдсан эд хөрөнгө биет байдлын доголдолтой байсан эсэх нь нотлогдохгүй байна. Иймд нэхэмжлэгчийг доголдолтой эд хөрөнгө шилжүүлж, худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй гэж буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх ба хариуцагчийг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлд заасан журмын дагуу эд хөрөнгийн доголдолтой холбоотой худалдан авагчийн шаардах эрхийг нэхэмжлэгчийн эсрэг хэрэгжүүлсэн эсхүл эд хөрөнгийн доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулсан гэж үзэх үндэслэлгүй мөн тогтоогдохгүй байна.  

Иймд хариуцагч Б.А нь анх 635,2 кг ноолуурыг килограммын үнэ 134,000 төгрөгөөр худалдан авахаар нэхэмжлэгч М.Бтэй тохиролцсон боловч үнийг үндэслэлгүйгээр бууруулж, ноолуурын килограммын үнийг 118,000 төгрөгөөр тооцож, худалдах, худалдан авах гэрээний үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй байх тул нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Б.Аээс худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 10,115,000 төгрөг шаардах эрхтэй гэж дүгнэв. Тодруулбал, хэдийгээр зохигчид 635,2 кг ноолуурыг нэг килограммыг 134,000 төгрөгөөр, нийт 85,116,800 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож, хариуцагч тал 75,000,000 төгрөгийг төлсөн тул худалдагч тал гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 10,200,000 төгрөг нэхэмжилсэн ба шүүхээс дээрх 10,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулахад нэхэмжлэгч тал 10,115,000 төгрөг нь ноолуурын төлөгдөөгүй үнэ, зөрүү нь нотариатын зардал 40,000 төгрөг, эвлэрүүлэн зуучлагчид хандсан зардал 23,000 төгрөг болон бусад зардал гэж тайлбарласан. Иймд шүүхээс нэхэмжлэгчийн ноолуурын үнэ гэж тодорхойлсон 10,115,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж, нотариатын зардал болон бусад зардал гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгов.

Гэрч М.Ж шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ: “Би эгчийнхээ гэрт туслах малчнаар ажилладаг. 2023 оны хавар Д.А эхнэртэйгээр 12-13 орчим насны хүүхэдтэйгээ, хажуудаа 2 хүнтэй тавуулаа хамт ирж ноолуур авсан. Би тэр үед хажууд нь байсан. Алтангэрэл бүх ноолуурыг шуудайг нь зүсэж асгаад шалгаж үзээд, эхнэр нь кг-ийг нь бүртгэж байсан. Эгч бид 2 тоолж байсан. Би хонь малынхаа ажлыг хажуугаар нь хийж байсан учраас яг хэдэн кг ноолуур байсныг нь мэдэхгүй байна. Миний мэдэх зүйл гэвэл Б.А ирж ноолуур авсан. Б.А ноолуур аваад буцахдаа үлдсэн мөнгийг чинь сүлжээнд гараад хийе гэтэл эгч тэмдэглэлийн дэвтэр гаргаж ирээд Б.Аийн эхнэрээр бичүүлээд гарын үсэг зуруулсан” гэв.

Гэрч Д.Б шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ: “Д.А ирээд ноолуурны шуудайг зүсээд шалгаад аваад явсан. Тухайн үед яг хэдэн кг ноолуурыг хэдэн төгрөгөөр зарахаар тохиролцсон талаар мэдэх зүйлгүй” гэв.

Гэрч М.Ж, Д.Б нар нь зохигчдыг ноолуур худалдан борлуулж байх үед дэргэд нь байсан гэх боловч хэдэн кг ноолуурыг, хэдэн төгрөгөөр зарахаар тохиролцсон тухай мэдэх зүйлгүй гэх тул гэрч нарын мэдүүлэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотолгооны ач холбогдолгүй байна.

Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн “хариуцагч Б.Аийн эхнэрийн бичвэр” гэх баримтын хуулбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Бгийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн улсын тэмдэгтийн хураамж 178,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Аээс 176,790 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Бд олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.А-ээс 10,115,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Бгийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн улсын тэмдэгтийн хураамж 178,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Аээс 176,790 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Бд олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

                       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Я.УРНАА