Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 224/МА2024/00012

 

 

 

 

 

 

 

2024         02          28                                         224/МА2024/00012

 

М.Б-гийн нэхэмжлэлтэй,

Б.А-д холбогдох иргэний

хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 152/ШШ2024/00040 дүгээр шийдвэртэй,

Ц.О / М.Б/ -ийн төлөөлөн нэхэмжлэлтэй, Б.А-д холбогдох, худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 10,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Б.А, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.О-ийн нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 10,200,000 төгрөг гаргуулах тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:  Завхан аймгийн Ургамал сумын 2 дугаар багийн иргэн М.Б нь 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын иргэн Б.А, түүний эхнэр Д.И нарт 603 кг ноолуур худалдсан байна. Д.А, Д.И нар ноолуурыг авахдаа утасны сүлжээ орох газар очоод мөнгийг нь шилжүүлнэ гэж хэлээд явсан боловч одоог хүртэл бүрэн төлж барагдуулаагүй байна. Д.А, Д.И нар нь холбоо барих утсаа авахгүй байгаа. М.Б өөрөө хөдөө мал ахуйтай учир ирэх боломжгүй байна. Тиймээс миний бие төлөөлөн нэхэмжлэл гаргаж байна. Иймд Д.А-ээс 603 кг ноолуурын үнэ болох 10,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 3. Хариуцагч Б.А-ийн татгалзлын үндэслэл: Ц.О-ийн  нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч Б.А би хариу тайлбар гаргаж байна. Болсон явдал бол нэхэмжлэгчийн өгүүлж байгаагаас арай өөр юм. Би сумандаа бизнес хийж амьдардаг, сүүлийн 16 жил орчим нутаг орчмын иргэдээс ноос ноолуурыг худалдан авч, ченж хийж байгаа. Энэ хугацаанд надтай холбоотой хэн нэгэн ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй, өөрөөр хэлбэл би хэнийг ч хуурч мэхэлж байгаагүй.

Тухайн үед би ноолуур худалдан авч байсан бөгөөд Завхан аймгийн Ургамал сумын нутаг Зөөхий гэх газарт явж байхад М.Б нь мөн ноолуур худалдан авч байхтай таарсан. Нутгийн иргэд Б-гийн жин /жин хэмжүүр/нь бид нарын хэрэглэж байгаа жин хэмжүүртэй тохирохгүй байна, өөрийн чинь жинтэй тааруулж үзье гэхээр нь шалгаж үзэхэд миний жин зөв зааж байсан. Б надад тухайн үед гоморхож байсан боловч би тоогоогүй. Үүнээс хойш хэд хоногийн дараа Б над руу ярьж, надад 1 тонн ноолуур байна, үнэ ханшаа тохироод ав гэсэн. Би “ноолуур нь  сайн бол авч болно” гэдгээ хэлсэн.

Ингээд би эхнэр И болон Ц.М нарын хамт өөрийн Ланд-80 маркийн машинаар очсон. Намайг очиход ноолуураа үзүүлсэн. Би өөрийн болон Н.Бийн нийт 5 тонн ноолуурыг П гэдэг жолоочид ачуулсан байсан тул яарч байсан учраас ноолуурыг нь уутнаас нь гаргаж үзээгүй бөгөөд асуудал байхгүй биз гэхэд “зүгээрээ, асуудал гарвал ярина” гэж тохирсон.

Би хот ороод ноолуураа ченжүүдэд үзүүлэхэд Б-гээс авсан ноолуураас их хэмжээний элс гарсан. Энэ үед миний хажууд Нын Б болон жолооч П нар байсан. Ноолуураа олон хүнд үзүүлсэн боловч огт аваагүй ба бид нар 5 хоног явж, Улаанбаатар хотын ихэнх ченжүүдэд үзүүлэхэд аваагүй. Энэ хооронд Бтэй утсаар яриад “ийм зүйл болж байна, танай ноолуур элстэй байгаагаас болоод миний ноолуур давхар гологдоод байна, та хүрээд ир, энэ ноолуураа надаас ав” гэхэд би малтай хөдөө байгаа учир очиж чадахгүй, чи зарчих гэхэд нь үнэ ханш унана шүү гэж би хэлсэн.

Мөн анх Өндөрхангайд ноолуур кг нь 134,000 төгрөгийн ханштай байсан, танай суманд 131,000 төгрөгийн ханштай байсан. Би танай ноолуурыг  Өндөрхангай сумын ханшаар авч чадахгүй шүү гэхэд “та ямар ч байсан зарчих, тэгээд тооцоо хийе” гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, ноолуураа элстэй гэдгийг мэдэж байсан. Тэгээд би Б-ийн зуучилснаар ноолуураа кг-ыг нь 118,000 төгрөгөөр зарсан. Ноолуураа 118,000 төгрөгөөр зарж байна гэдгээ өөрт нь хэлж мэдэгдсэн. Би анх ноолуур авахдаа 603 кг ноолуур авсан бөгөөд 30,000,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл мөнгөө ноолуураа зараад тооцоо хийхээр тохирсон. Нэгэнт авсан ноолуур гологдсон, үүнийг эзэнд нь мэдэгдсэн, дагаад би өөрөө хохирсон. Тухайн үед ноолуурын үнэ буусан байсан бөгөөд намайг Өндөрхангай суманд ноолуур авч байхад 134,000 төгрөг байсан бол хотод 120,000 төгрөг болсон. Жолооч П машин хурдан суллаж өг, мөн ачаатай байсан хоногийн тоогоор нэмэлт хөлс өг гэж шаардаж байсан. Ноолуур борлуулж, мөнгөө 118,000 төгрөгөөр тооцож, үнийг  бүрэн төлсөн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

4. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 152/ШШ2024/00040 дүгээр шийдвэрээр:

- Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б-ы А-ээс 10,115,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Б-гийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн улсын тэмдэгтийн хураамж 178,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А-ээс 176,790 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Б-д олгож шийдвэрлэсэн байна.  

5. Хариуцагч Б.А давж заалдсан гомдолдоо: “Миний бие М.Б-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэсэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 152/ШШ2024/00040 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

2023 онд Завхан аймгийн Ургамал сумаас 603 кг ноолуурыг иргэн М.Б-гээс худалдан авсан, тэгтэл М.Б нь надаас 635.2кг ноолуурыг 1 кг-ыг нь 135,0000 төгрөгөөр тооцож авсан гэж нэхэмжилж байна. Би хөдөө байдаг хүн учраас өөрийнхөө нэрийн өмнөөс Д.Дамдинсүрэнг шүүхэд төлөөлөгчөөр оролцуулсан. Гэтэл тэр хүн  болсон явдлыг бүрэн сайн мэдэхгүй учраас шүүх хурал болсон хэрэг явдлыг бүрэн ойлгож,  дүгнэлт өгч чадсангүй гэж үзэж байна. Шүүх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй байхад шүүх хурлыг хийжээ. Би нийлүүлж байгаа барааны доголдолтой болохыг нотлох гэрчлэх гэрчүүдийг асуулгаж чадаагүй тийм болохоор шүүхийн шийдвэр үндэслэлгүй болсон гэж үзэж гомдол гаргаж байна” гэжээ.

6. Хариуцагч Б.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие хөдөө мал маллан амьдардаг бөгөөд энэ жил цас зуд ихтэй байгаа учраас өөрийн биеэр анхан шатны шүүх хуралдаанд оролцож чадаагүй. Д.Дамдинсүрэн өмгөөлөгчийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилон оролцуулсан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд, ноолуурын үнийн зөрүү болон килограммын зөрүү гарч байгаа. 603 килограммыг 630 килограмм, ноолуурын ханш 124,000 төгрөг байхад 134,000 төгрөгөөр тооцсон нь үндэслэлгүй байна. Мөн өмгөөлөгчтэйгөө буруу ойлголцсоны улмаас зөрүүтэй зүйлүүд гарсан байна” гэжээ.  

7. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Миний бие анхан шатны шүүхэд хариуцагч Б.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон. Нэхэмжлэгч болон хариуцагч нар эвлэрүүлэн зуучлалд хандсан байсныг би мэдээгүй бөгөөд нөхцөл байдлыг дутуу, буруу ойлгосны улмаас Б.А-ийн эрх ашгийг хамгаалж чадаагүй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-т “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн” гэж шүүгч үзсэн бол уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр заасан. Хэдийгээр нотлох баримт цуглуулах үүрэг маргаж байгаа талууд буюу зохигч нарт байгаа боловч шүүгч хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай дүгнэлт хийх хэмжээний нотлох баримтыг цуглуулсан байх ёстой. Нотлох баримтыг хангалттай цуглуулсны дараа хэргийг шийдвэрлэвэл шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангана.  

Гэтэл хавтаст хэрэгт нэхэмжлэл, хариуцагчийн татгалзлаас өөр нотлох баримт байхгүй үед шүүх хуралдааныг зарласан. Намайг хэргийн материалтай танилцах үед нэхэмжлэлийн тодруулсан шаардлага болон зурагтай зүйл хэрэгт байгаагүй. Шүүх хуралдаанд орох үед дээрх баримтууд гараад ирсэн. Би үүнийг гайхаад байна. Нотлох баримтыг нэхэмжлэгч шүүхэд шуудангаар ирүүлсэн бол хэдэн сарын хэдний өдөр шуудангаар ирсэн гэх тэмдэглэл бичих, эсвэл хүнээр дамжуулж ирсэн бол шүүх хүлээн авсан талаар тэмдэглэгээ хийх байсан боловч хүлээн авсан талаар тэмдэглэгээ хийгээгүй нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

Түүнчлэн, шүүх хуралдааны явцад хариуцагч талаас ноолуурын үнэд 75,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Б.А намайг хариу тайлбар бичээд өгөөч гэхэд би хариу тайлбар бичиж өгсөн бөгөөд ноолуурын үнийг 124,000 төгрөг гэж хэлснийг нь би 134,000 төгрөг гэж бичсэн байна лээ. Мөн нэхэмжлэгчээс эвлэрүүлэн зуучлалд хандсан өргөдөлдөө 603 килограмм ноолуур гэж бичиж гаргасан байна. Гэтэл шүүхийн шатанд 635 килограмм болгож, хариуцагчаас нэхэмжилсэн. Нэхэмжлэгч хариуцагч нар ноолуурын үнэ ханш болон килограммын зөрүү дээр маргаж байхад эдгээрийн алийг нь ч бусад нотлох баримтаар нотлогдоогүй байхад тайлбар, мэдүүлэг дээр үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна гэж үзэж байна.

Анхан шатны шүүх тухайн хэргийг шийдвэрлэхдээ шүүх хуралдааныг товлон зарласан хугацаанд шүүгч танхимд орж ирсэн боловч нэхэмжлэгчийг 15 минут хүлээсэн. Үүнийг шүүх хуралдааны тэмдэглэл болон бичлэгээс харах боломжтой байх. Шүүх хурал цагтаа эхлэх ёстой байтал шүүх хэргийг хараат бусаар, шударгаар шийдвэрлэх зарчмыг хангаагүй гэж үзэж байна. Б.А хөдөөнөөс дөнгөж орж ирээд бид шүүх хуралдаанд орсон учраас зарим зүйлийг тодорхой хэлж чадахгүй байна. Тухайн үеийн Статистикийн хэлтсээс гаргасан мэдээлэл тус газрын сайтад байгаа. Үүнээс Увс аймагт 1 килограмм ноолуур 100,000 төгрөг байсныг харж болно. Би энэ талаар хэлээд байхад шүүх түүнийг хараагүй мөртлөө хэрэгт нотлох баримт авагдаагүй гэсэн байна. Шүүх нийтэд ил мэдээллийг хараад дүгнэлт хийх боломжтой байсан гэж бодож байна. Хэргийн бүрдэл бүрэн хангагдаагүй, нотлох баримт дутуу байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарах шалтгаан болсон. Шүүгч зохигчдын тайлбар дээр үндэслэж шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү ” гэв. 

                                                    ҮНДЭСЛЭХ нь:

           1. Хариуцагч Б.А-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 18-ны өдрийн 152/ШШ2023/0040 дүгээр шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

 2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О нь хариуцагч Б.Ад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу ноолуур худалдан борлуулсны үлдэгдэл үнэ 10,200,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан байна.

 3. Хариуцагч Б.А нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: “Б-гийн ноолуур нь элстэй байсан тухай өөрт нь тухайн үед хэлж мэдэгдсэн, тухайн ноолуураа кг-ийг нь 118,000 төгрөгөөр зарсан. Ноолуураа 118,000 төгрөгөөр зарж байна гэдгээ мөн өөрт нь хэлж мэдэгдсэн. Би анх ноолуур авахдаа 603 кг ноолуур авсан бөгөөд 30,000,000 төгрөг өгсөн. Ноолуураа зарж борлуулаад үлдсэн тооцоогоо хийхээр тохирсон. Нэгэнт авсан ноолуур гологдсон, үүнийг эзэнд нь мэдэгдсэн, дагаад би өөрөө хохирсон. Ноолуураа борлуулж, 118,000 төгрөгөөр тооцож, үнийг  Б-д бүрэн төлсөн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлан маргажээ.  

           4. Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд, хариуцагч Б.А-ээс худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 10,115,000  төгрөг гаргуулан М.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байна.

5. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж  давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

5.1. Хэрэгт цугларсан баримтаар хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. 

Шүүхийн шийдвэр  үндэслэл бүхий байх  хуулийн шаардлагыг хангахын тулд шүүх хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудаар хэргийн үйл баримт болон хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал бүрэн тогтоогдсон эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх  явдал байдаг бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр дээрх шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүх шийдвэртээ хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар бодит үнэнд нийцээгүй гэх дүгнэлт хийсэн атлаа хариуцагчийн тайлбар болон нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн, зохигчдын хооронд 635.2 кг ноолуурыг, кг-ын үнэ 134,000 төгрөгөөр тооцож, 85,116,800 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг үнэлэх үндэслэл, журмыг зөрчсөн гэж дүгнэв.

Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаар талууд маргаангүй тохиолдолд тэдгээрийн тайлбарыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож болох ба мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй  бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т заасан  байна.

Хэрэгт, нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэл болон тайлбарыг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй, маргаж буй нөхцөл байдал тогтоогдсон ба талууд маргаантай байгаа энэ тохиолдолд зохигчдын тайлбараар хэргийн үйл баримт тогтоогдсон гэж дүгнэх нь дээрх хуулийн шаардлагад нийцэхгүй болно.

5.2. Нэхэмжлэгч М.Б анхан шатны шүүх хуралдаанд: “анх 635,2 кг ноолуурыг 134,000 төгрөгөөр тооцож өгсөн тул үлдэгдэл 10,115,000 төгрөгийг А-ээс гаргуулна гэж , харин хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 603 кг ноолуурыг 118,000 төгрөгөөр тооцож авсан, нийт 75,000,000 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тус тус маргасан байна.

Хэрэгт авагдсан баримтаар, зохигчдын хооронд ноолуур худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн нь нотлогдож байх боловч хэдэн килограмм ноолуурыг, нэг кг-ын үнийг хэдэн төгрөгөөр тооцож худалдах, худалдан авахаар тохиролцсон нь нотлогдоогүй буюу маргаантай байна.  

Нэхэмжлэгч М.Б нь анх өөрийгөө төлөөлүүлж Ц.О-т итгэмжлэл олгосны дагуу Ц.О шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба  нэхэмжлэлд 603 кг ноолуурын үнэ 10,200,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан, уг нэхэмжлэлд шүүх иргэний хэрэг үүсгэсэн.

         Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тайлбар гаргасан гэж байх боловч, хавтаст хэргийн 8-р талд авагдсан, анхан шатны шүүхэд гаргасан өргөдөл, хүсэлтийг тодруулах нь гэх гарчиг бүхий хүсэлтэд “...А-д 635,2 кг ноолуур өгсөн бөгөөд 85,200,000 төгрөг болсноос одоо үлдэгдэл 10,200,000 төгрөгийг өгөхгүй байгаа тул шүүхэд хандсан, эхнэр нь гарын үсэг зурсан баримтыг өгөв. Б” гэж бичсэн байх ба уг хүсэлт болон хавсаргасан баримт /хх-ийн 9-р тал/-ыг шүүх хэзээ, хэнээс хүлээн авсан нь тодорхойгүй, шүүхийн дардас, тэмдэглэгээ хийгдээгүй байх тул шүүхээс нэхэмжлэгчийн тодруулсан шаардлагыг хүлээн авсан, энэ талаар  хариуцагч талд танилцуулах ажиллагааг хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

5.3. Шүүхээс талуудын хоорондын маргааны зүйлийг зөв тодорхойлсон боловч маргаантай зүйлийн талаар талуудын мэтгэлцээнийг чиглүүлэх ажиллагаа хийгээгүйгээс маргааны үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий баримтууд хэрэгт хангалттай цуглараагүй байна.

6. Нэхэмжлэгч М.Б анхан шатны шүүх хуралдаанд: “...Д.А манайхаас ноолуур авахаар ирэхдээ эхнэрийн хамт ирсэн. Эхнэр нь тэмдэглэлийн дэвтэр дээр “...635.2 кг ноолуур авч, 85,116,800 төгрөг өгөх. Үлдэгдэл 85,116,800” гэж бичиж гарын үсгээ зурсан тул би уг баримтыг шүүхэд өгсөн гэж тайлбарласан байх ба энэ талаар шүүх шийдвэртээ: Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн, хариуцагч Б.А-ийн эхнэрийн бичвэр гэх баримтын хуулбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй” гэх дүгнэлт хийжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн зүйлийн 44.2-т: “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй” гэж, мөн  шаардлагатай тохиолдолд, тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр, шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээч томилохоор мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т, мөн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагаа хийж болохоор мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т тус тус зохицуулсан байна.

 Дээрх зохицуулалтуудын агуулгаас үзэхэд, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжүүлэх зарчмыг баримтлах үүрэгтэй боловч талуудын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэхэд нь туслалцаа, дэмжлэг үзүүлэхэд шүүхийн санаачлага, оролцоо байхыг хязгаарлаагүй байна. Түүнчлэн талуудад мэтгэлцэх эрхээ хэрхэн хэрэгжүүлэхийг тодорхой тайлбарлаж, танилцуулах нь шүүхийн ажиллагаанд хамаарна.

Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шаардлагатай ажиллагааг тухайлбал, талуудаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан, хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий байж болох баримтуудыг хуульд заасан нотлох баримтын шаардлагад нийцүүлэх,  үзлэг, шинжилгээ хийлгэх зэрэг ажиллагааг хийлгэх талаар хүсэлт гаргах эрхийг талуудад тайлбарлах, мөн шаардлагатай тохиолдолд зарим ажиллагааг шүүх санаачилгаараа хийх боломжтой байна.

7. Анхан шатны шүүх дээрх байдлаар талуудын мэтгэлцээнийг явуулж, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоож чадаагүй байх бөгөөд эдгээр ажиллагааг давж заалдах шатны шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

8. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 176,790 /нэг зуун далан зургаан мянга, долоон зуун ер/ төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, хариуцагч Б.А-д олгох үндэслэлтэй байна.          

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь :

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 152/ШШ2024/00040 дүгээр шийдвэрийг  хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Б.А-ийн давж заалдах  гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176,790 / нэг зуун далан зургаан мянга, долоон зуун ер/ төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан гаргуулж, хариуцагчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт,  эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ,

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.ЖАМБАЛСҮРЭН                                                           

                                   ШҮҮГЧИД                                                 Н.МӨНХЖАРГАЛ      

                                                                                                     Л.АЛТАН