Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 142/ШШ2023/01487

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 142/ШШ2023/01487

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн 103 дугаар шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ..........................-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .........................-нд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 49 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ................, хариуцагч ................., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ................ хариуцагч ..................... холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт .............. төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* нь *******-д 50,000,000.0 ( тавин сая ) төгрөгийг 14 хоногийн хугацаатай 2021 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр зээлдүүлэн түүний ................ тоот дансанд шилжүүлсэн. ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 1,000,000.0 (нэг сая) төгрөгийг буцааж өгсөн ба үлдсэн зээлсэн мөнгөө удаа дараа авахаар шаардсан боловч өнөөдрийг хүртэл элдэв шалтаг, зовлон ярьж үүргээ биелүүлэхгүй байгаа тул хариуцагч *******ас 49,000,000.0 ( дөчин есөн сая ) төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...50 000 000 төгрөгөөс хариуцагчийн буцааж өгсөн 7 000 000 төгрөгийг хасаад одоо 43 000 000 төгрөг нэхэмжилж байна гэв.

3. Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* ******* Болор -Эрдэнэевна нь нэхэмжлэгч *******аас 50 000 000 төгрөгийг зээлээгүй хамтран ОХУ-аас материал авч ирж зарж борлуулж бид 2 ашиг олох зорилогтой байсан. Тухайн үед дайны байдлын улмаас шилжүүлгүүд бүгд хаагдсан байсан учир миний данс руу шилжүүлж би хувь хүнээс рубль худалдан авч бэлэн мөнгийг Улан-үдэ хотод байдаг хүн рүү явуулсан. Тухайн хүн нь 7 хоногийн дотор бид 2-ийн захиалсан рейкийг /доторлогооны мод/ ачуулах ёстой байсан боловч ачуулаагүй. Хамтран ашиг олох зорилготой байсан нь ******* бид 2-ын ватсапп мессеж харилцаанаас харагдана /хэвлэж хавсаргав/. Одоогийн байдлаар тухайн мөнгийг буцааж авч чадаагүй байгаа бөгөөд Улан -үдэ хотноо Монгол улсын төлөөлөгчийн газар болон цагдаагийн эдийн засгийн албаар дамжуулан өргөдөл гомдол гаргасан боловч хараахан тухайн хүнийг олоогүй гээд байгаа. Ашиг олох болхоор хамтарч ашиг олж болдог, харин алдах болхоор би ганцаараа буруутай болчихоод байгаа тул би тус нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн бид 2-ын мөнгийг авч залилсан гэх хүн нь дайны байдлаас болж зугтаад Монголд байгаа гэсэн сургийг одоогийн байдлаар тогтоосон байгаа. Би гадаад иргэн харьяат дээр бүртгүүлсэн хаягаар нь хэд хэдэн удаа очсон боловч хүн байхгүй байгаад байгаа юм. Мөн нэхэмжилж байгаа үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрхэмбаяр надаас 1 сая төгрөгөөр нэг удаа, 6 сая төгрөгөөр 1 удаа мөнгө авсан байгаа. Өөрийгөө хүнд байдалд орсон гэж 10 хувийн хүүтэй мөнгө олчихоод түүнийг миний нэр дээр авч өөрт нь өгөхийг удаа шаардаж байсан. Би давхар давхар хохирогч болж мөнгөний хүүнд ормооргүй байсан учир аваагүй. Тухайн алдсан мөнгийг эргүүлэн олж авхаас нааш би мөнгийг өгөх боломжгүй. Мөн миний тоот дансыг хаасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. гэжээ

4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, *******ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-4/, Төрийн 130000799670 тоот дансны хуулга /хх-5/, *******аас олгосон итгэмжлэл /хх-8-9/-г гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ******* нь *******д 50,000,000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай 2021 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр зээлдүүлэн түүний тоот дансанд шилжүүлсэн. ******* нь 7,000,000 төгрөгийг буцааж өгсөн ба үлдсэн зээлсэн мөнгөө авахаар удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл элдэв шалтаг, зовлон ярьж үүргээ биелүүлэхгүй байгаа тул хариуцагч *******ас 43,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэж тодорхойлсон.

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэдэг. Үүнд Зээл гэж яриад байна зээл биш юм. Хамтран ажиллах талаар тохиролцож мөнгө өгч авч байсан. ОХУ-аас рек мод оруулж ирэх бизнесийг хамтарч хийе гэж тохиролцсон. Мөнгийг ******* гаргаж, ОХУ-аас рек оруулж ирэх, хил гааль зэргийг би хариуцаж ашгаа 40/60 хувиар хувааж авахаар тохиролцсон. Би давхар хохирогч болсон явж байгаа. Хамтран ажиллахаар мөнгө авсан гэдгийг утсанд үзлэг хийлгэснээр нотлогдоно. гэж маргадаг.

4.Хэрэгт авагдсан болон зохигчдын тайлбар, Төрийн 130000799670 тоот дансны хуулгаар ******* нь *******д 50 000 000 төгрөг шилжүүлсэн, үүнээс 7 000 000 төгрөгийг буцаан авсан үйл баримт тогтоогдож байна.

5. Зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байна.

6.Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ...зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж, хариуцагч ...би мөнгө зээлж аваагүй, бид ОХУ-с рек мод оруулж ирэх, ******* мөнгө гаргах, би ОХУ руу явж барааг худалдан авч, хил, гаалиар оруулж ирэх, ирээд ашгаа 40/60 хувааж авахаар тохирсон гэж маргаж байгаа.

7.Зохигчийн хооронд харьцсан чат болон voice-д хийсэн үзлэгээр нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь мөнгө, хөрөнгийн хэмжээг ихэсгэх буюу хөдлөх хөрөнгө үүсгэх, ашиг олох үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх хүсэл зоригийг илэрхийлж байсан болох нь хамтран ажиллах гэрээний шинжийг агуулсан байх бөгөөд хэлцлийн гол нөхцөл болох бараа материал /рек мод/ худалдан авахаар тохиролцсон, улмаар худалдаа үйлчилгээ эрхэлж ашиг олох, үр дүнгээр хамтран ажиллах хүсэл зориг илэрхийлэгдсэн нь тогтоогдож байна.

8. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч ******* нь бараа материал худалдан авахад, хуулийн этгээд байгуулж үйлчилгээ явуулан ашиг орлого олох, зээлийн үүргийг гүйцэтгэхэд зарцуулах мөнгийг хариуцах, хариуцагч ******* нь бараа материалыг худалдан авах, худалдах замаар ашиг олоход биечлэн оролцох, зохион байгуулах, ажил хөдөлмөр эрхэлж үйлчилгээ үзүүлэх замаар хамтарч ажиллажээ.

Талууд хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулаагүй ч Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2-т заасны дагуу амаар байгуулагдсан, хамтран ажиллах гэрээний талууд хураамж төлөх бөгөөд нэг талаас хөрөнгө, нөгөө талаас үйлчилгээ үзүүлэхээр харилцан тохиролцсон, хураамжийн хэмжээг 40/60 тодорхойлсон тул энэ хэмжээгээр талуудын хувийг тооцож, хариуцагчаас 25 800 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17 200 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

9.Нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402 950 төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 243 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор заав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.9 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******гаас 25 800 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17 200 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 402 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 243 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-д зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баиалгаажээлах арга хэмжээ авсан 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 4412 дугаар захирамжийг давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үлдээсүгэй.

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА