Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 192

 

“Т х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ашигт малтмал, газрын тосны газрын

Кадастрын хэлтсийн даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:              Л.Атарцэцэг  

Шүүгчид:                             Х.Батсүрэн

                                              Б.Мөнхтуяа

                                              Ч.Тунгалаг   

Илтгэгч шүүгч:                   П.Соёл-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 359 дугаар шийдвэрийн “Т х” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, ....  нэртэй, .... га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох тухай,

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0011 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 28-ний өдрийн 221/МА2018/0148 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З-г оролцуулж,

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Д-н гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0011 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5 дахь  хэсгийг баримтлан нэхэмжлэгч “Т х” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 359 дугаар шийдвэрийн “Т х” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “Т х” ХХК-ийн .....  дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, “Т х” ХХК нь Дархан-Уул Хонгор сум, Сэлэнгэ аймгийн Баянгол сумдын нутгийн .... нэртэй ..... га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 28-ний өдрийн 221/МА2018/0148 дугаар магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0011 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

3. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Д-н гомдлын агуулгад: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т монгол хэл мэдэхгүй бол өөрийн эх хэл болон мэддэг хэл дээр мэдүүлэг тайлбар гаргахаар заажээ. Гэтэл нэхэмжлэгч компанийн захирал Р С нь 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр “Т х” ХХК-ийг үүсгэн байгуулж захирлаар нь ажиллаж байжээ. Өөрөөр хэлбэл Р С нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулаад 3 орчим болж байгаагаас харахад “монгол хэл мэддэг” гэхэд эргэлзэх зүйлгүй гэж бодож байна.

4. Мөн Р С нь ганцхан “Т х” ХХК-ыг үүсгэн байгуулсан төдий бус хэд хэдэн компанийг үүсгэн байгуулж, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд мөн тооны компани нь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Иймд “Т х” ХХК-ийг үүсгэн байгуулагч Р С нь Монгол хэл мэдэхгүй гэх үндэслэл алга байна.

5. Мөн давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийдвэрийг хяналгүй дан ганц процессын үйл ажиллагааг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай гэж үзэж байна.

ХЯНАВАЛ:

6. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

7. Нэхэмжлэгч “Т х” ХХК нь Дархан-Уул аймгийн Хонгор сум, Сэлэнгэ аймгийн Баянгол сумдын нутаг дэвсгэрт байрлах, .... нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гаргаж, өргөдлийн дугаарт бүртгэгдсэн бөгөөд Ашигт малтмалын газраас зураг зүйн болон мэдээллийн бүртгэлд шүүлт хийж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзээд, Аймгийн Засаг даргаас санал авахаар хүргүүлсэн боловч холбогдох аймгуудын Засаг даргын саналаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжээгүй байна.

8. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс “өргөдлийн талбай нь хуулиар хориглосон, хязгаарласан талбайтай давхцаагүй байхад Засаг дарга хуулийн үндэслэлгүйгээр татгалзсан, ийнхүү хуульд заагаагүй үндэслэлээр татгалзсан тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох байсан” гэж маргаж байна. Гэвч нэхэмжлэгчээс аймгийн Засаг дарга нарт холбогдуулан гаргасан “дэмжсэн санал гаргахыг даалгах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 25 дугаар шийдвэр, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 51 дүгээр шийдвэр тус тус хуулийн хүчин төгөлдөр болжээ.

9. Нэхэмжлэгчийн “Засаг дарга нараас хууль зүйн үндэслэлгүй хариу ирсэн болохыг шүүх тогтоосон” гэх тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 51 дүгээр шийдвэрт “Хурлын Тэргүүлэгчдийн саналыг аваагүй, өөрөө бие даан санал гаргасан” гэж аймгийн Засаг даргыг буруутгасан боловч нэхэмжлэгчийн “дэмжсэн санал гаргахыг даалгах” нэхэмжлэлийг “хариуцагч хууль бус эс үйлдэхүй гаргаагүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, шүүх ийнхүү дүгнэсэн нь нэхэмжлэгчийн эрхийг сэргээх, нэхэмжлэгчид тусгай зөвшөөрөл олгохыг даалгах үр дагавар үүсгэхгүй юм.

10. Нөгөө талаар нэхэмжлэгчээс “татгалзсан шийдвэрийг 1 жил 7 сарын дараа гаргаж байгаа нь хууль бус” гэж маргаж байгаа боловч Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд /2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/ өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагааг нарийвчлан зохицуулсан, хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шийдээгүй хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйтэй холбогдуулан нэхэмжлэгчээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 он/ 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт зааснаар тухайн захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус эс үйлдэхүйд гомдол гаргаагүй байна.

11. Нэхэмжлэгчийн “хуулийг буцаан хэрэглэх боломжтой” гэх үндэслэлийн хувьд: Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгох, 19 дүгээр зүйлд заасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянан шийдвэрлэх ажиллагааны журам нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар өөрчлөн найруулагдаж, 19 дүгээр зүйл бүхэлдээ хүчингүй болж, 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хайгуулын тусгай зөвшөөрлийг түрүүлж өргөдөл гаргасан этгээдэд олгох хуулийн зохицуулалт хүчингүй болж, хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгох зарчим үйлчилсэн тул “хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох тухай” тухай нэхэмжлэл үндэслэлгүй, захиргааны байгууллагын үйл ажиллагааны журам тогтоосон хуулийг буцаан хэрэглэхгүй юм.

12. Түүнчлэн “захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй” гэх тайлбар үндэслэлгүй, сонсгох ажиллагаа явуулснаар хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөхгүй буюу захиргааны байгууллагын татгалзсан шийдвэрт нөлөөлөх хэмжээний өөр нөхцөл байдал тогтоогдохгүй, нэхэмжлэгчийн 2015 онд гаргасан өргөдлөөр 2017 онд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох хууль зүйн үндэслэлгүй.

13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны энэ хуулийг зөрчсөн нь “шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн” байвал шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах зохицуулалттай. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл болсон “нэхэмжлэгч компанийг төлөөлөх гадаадын иргэн монгол хэл мэддэг эсэх, үр дагаврыг ойлгож, нэхэмжлэлд гарын үсэг зурсан эсэх нь тодорхойгүй, итгэмжлэлийн баталгаат орчуулга хэрэгт авагдаагүй” тухай үйл баримт нь шүүхийн шийдвэрт хэрхэн нөлөөлсөн болох нь тодорхойгүй, хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцэхгүй.

14. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “тухайн иргэн эрх зүйн үр дагавраа ойлгож, гарын үсэг зурсан байгаа” гэж тайлбарлаж байсан, ийнхүү нэхэмжлэлд гарын үсэг зурснаар ямар үр дагавар үүссэн, тухайлбал, нэхэмжлэгчийн хүсэл зорилго өөр байсан, эсхүл өөр үндэслэлээр маргах байсан, өөр баримт шүүхэд гаргах байсан гэх зэргээр шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц тодорхой тайлбар гаргаагүй, мөн анхан шатны шүүхэд хэлэлцэгдээгүй асуудлаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байх зарчимд нийцэхгүй.

15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 32 дугаар зүйлийн 32.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ өөрөө тодорхойлж, маргах, өөрт байгаа нотлох баримтаа хуулийн шаардлага хангаж, шүүхэд гаргаж өгөх нь нэхэмжлэгчийн үүрэг тул “үүсэх үр дагаврыг ойлгож, гарын үсэг зурсан эсэх, нэхэмжлэл гаргах хүсэл зориг байсан эсэх” нь нэхэмжлэгчид хамааралтай болохоос шүүхийг буруутгах үндэслэл болохгүй, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үр дагавраа нэхэмжлэгч өөрөө хариуцна.

16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ба энэ тохиолдолд дээр дурдсан гарын үсэг, итгэмжлэлийн асуудлаар хэргийн оролцогчид аль аль нь гомдол гаргаагүй, анхан шатны шүүхэд маргаагүй байхад гомдлын хүрээнээс хэтэрч, шүүхийн шийдэлд нөлөөлөөгүй асуудлаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь буруу болжээ.

17. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж,  магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 28-ний өдрийн 221/МА2018/0148 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0011 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                    Л.АТАРЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                                                        П.СОЁЛ-ЭРДЭНЭ