Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жагарын Байгалмаа |
Хэргийн индекс | 182/2023/03828/И |
Дугаар | 182/ШШ2024/00843 |
Огноо | 2024-02-26 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 182/ШШ2024/00843
2024 02 26 | 182/ШШ2024/00843 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч байранд байрлах ******* банк ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч тоот хаягт оршин суух А овогт У ******* /РД:*******/,
Хариуцагч: Ч тоот хаягт оршин суух ******* овогт Б. ******* /РД:*******/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 17 430 522 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* банк ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зээлдэгч У.*******, Б.******* нар нь ******* банк ХК-ийн Өргөө тооцооны төвтэй 2018.08.14-ний өдрийн 18/39 тоот зээлийн гэрээ байгуулж, автомашин худалдан авах зориулалтаар 15 000 000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай зээлдэн авсан. У.*******ын ******* банк дахь тоот харилцах дансанд 2018.08.14-ний өдөр 15 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлдэгч У.*******, Б.******* нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж байсан тул банкнаас 2022.04.12-ны өдөр Зээлийн гэрээний үүргээ биелүүлэх мэдэгдлийг зээлдэгчид хүргүүлсэн бөгөөд зээл төлөхийг утсаар болон биечлэн уулзаж удаа дараа сануулж байсан боловч үр дүнд хүрээгүй.
Мөн зээл төлүүлэх зорилгоор зээлдэгчтэй харилцан тохиролцож автомашиныг худалдан борлуулах тал дээр хамтарч ажилласан боловч үр дүнд хүрээгүй.
Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 9 652 583 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 7 172 501 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 588 437 төгрөг нийт 17 413 522 төгрөг хуримтлагдаж банкийг хохироосон. Зээлдэгч У.******* нь эрүүл мэндийн байдал муудаж, хөдөлмөрийн чадвараа алдаж, зээлээ төлөх боломжгүй болсон гэж үзээд аргагүй эрхэнд машиныг хурааж хамгаалалтад авсан.
Иймд хариуцагч нараас зээлийн хүү тооцооллын дагуу зээлийн гэрээний үүрэгт 17 413 522 төгрөг, нотариатын зардалд төлсөн 17 000 төгрөг, нийт 17 430 522 төгрөгийг хуваан гаргуулж, 2018.08.14-ний өдрийн 18/39 тоот фидуцийн гэрээний зүйл болох 60-56 улсын дугаартай арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, 2018 онд Монгол улсад орж ирсэн, 1490сс хөдөлгүүртэй, Toyota corolla fielder автомашинаар үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилж байна. Фидуцийн гэрээний зүйл автомашиныг 2022.05.10-ны өдөр манай тооцооны төвд хураан авсан, банкны гараашид хадгалагдаж байна гэв.
2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч аас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нар ******* банк ХХК-иас 15 000 000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай зээлдэн авч зээлийн гэрээ байгуулсан. Талууд 2018.08.14-ний өдөр 18/39 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж, 60-56 улсын дугаартай Toyota corolla fielder автомашиныг барьцаалсан байдаг. Банк нь энэ фидуцийн гэрээний зүйлийг 2022.05.10-нд У.*******аас хураан авч, өөрийн эзэмшилдээ бүрэн авсан байдаг. Тэгсэн мөртлөө 2023.09.20-ны өдөр хүртэл буюу нэхэмжлэл гаргах хүртэл хүү тооцож нэхэмжилсэн нь илт хууль бус, үндэслэлгүй хүү шаардаж байна гэж үзэж байна. Зээлдэгч У.******* нь 15 000 000 төгрөг зээлээд үндсэн зээлд 7 574 211 төгрөгийг төлсөн байна, зээл, зээлийн хүүгийн тооцоололд маргахгүй. Тухайн үед барьцааны машины зах зээлийн үнэ нь 15 000 000 төгрөг байсан байна, энэ тухайгаа У.******* ******* банк ХХК-д машин хүлээлгэж өгөхдөө тодорхой бичээд өгсөн. Тиймээс нэхэмжлэгч нь автомашиныг эзэмшилдээ авсан өдрөөр үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож тус дүнгээр үүргийн гүйцэтгэлийг фидуцийн барьцаа хөрөнгөөр хангуулж шийдвэрлэх үндэслэлтэй. У.*******ын ******* банк ХХК-д хүсэлт гээд бичсэн бичигт машинаа зээлийнхээ өр төлбөртөө өгч байна гэж тодорхой бичсэн байна. ******* банк өөрсдөө шаардаж, зээлийн өр төлбөрт өгч байна гэсэн утгатай хүсэлт бичүүлж авсан нь баримтаар тогтоогдож байна, өөрөөр хэлбэл, харилцан тохиролцож өгч авалцсан байна. ******* банк ХХК-ийн гараашид машин хадгалагдаж байгаа гэсэн. Машиныг хүлээж авснаас хойш банкаас У.******* руу нэг ч яриагүй, зээлээ төл гэж шаардаагүй, албан ёсны мэдэгдэл хүргүүлээгүй, гэрээний үүрэг дуусгавар болсон байхад гэнэт 2023.09.20-ны өдөр зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж шүүхэд хандсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч У.******* худалдаж авсан автомашинаа банканд хүлээлгэн өгсөн нь тодорхой шалтгаантай. Өөрөөр хэлбэл, У.******* нь 2018.08.14-ний өдрөөс хойш 2020 оны 08 сар хүртэл 2 жилийн хугацаанд зээл, хүүг хугацаанд нь сар бүрт 475 000 төгрөгийг найдвартай төлж байсан. Тухайн үед уг машинаа ашиглан хөдөө орон нутагт гэр ахуйн болон гоо сайхны бараа борлуулж наймаа арилжаа хийж орлого олон банкны зээлээ төлж амьдарч байсан. У.******* нь 2020 оны 02 дугаар сард биеийн эрүүл мэндийн байдал муудаж 2-3 сар эмчлүүлсэн, 2020 оны 01 дүгээр сараас Ковид-19 цар тахал дэгдсэнтэй холбогдуулан Засгийн газрын тогтоол, Улсын онцгой комиссын шийдвэрээр хилийн хорио цээр тогтоосонтой холбоотойгоор зээл төлөх үүргээ бүрэн биелүүлэх боломжгүй болсон. Тухайн үед банкны зээлийн төлөлтийг хойшлуулж байгаа талаар ******* банкны эдийн засагчтай очиж уулзан төлөлтийг хойшлуулах талаар хүсэлтээ илэрхийлэхэд эдийн засагч нь яг одоо 4 000 000 төгрөг төлөөд үргэлжлүүлээд яв гэсэн шаардлага тавьж, хоорондоо үл ойлголцсоноос У.Болдбаатар дургүйцэж, 2022.05.10-ны өдөр ажлаасаа ч гарсан, машиныг ч банканд хүлээлгэн өгсөн байдаг.
Иймд ******* банкны нэхэмжилсэн 17 413 522 төгрөгийн үнийн дүнгээс 2022.05.10-ны өдрөөс хойш хүүгийн төлбөрийг хариуцагч нар төлөх ямар ч үндэслэлгүй, харин энэ хугацааг хүртэлх хүүний төлбөрийг үндсэн зээлийн үлдэгдлийн хамт төлөх үүрэгтэй ч уг төлбөрийг Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ-ний дагуу автомашиныг хураан авснаар хангуулан шийдвэрлэсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэв.
3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгч томилсон итгэмжлэлүүд, У.*******, Б.******* нар болон ******* банк ХХК-ийн хооронд 2018.08.14-ний өдөр байгуулан 18/39 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, мөн өдрийн 18/39 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт, харилцагчийн болон зээлийн дансны харилцагчийн хуулгууд, 2022.04.12-ны өдрийн 22/05 тоот Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл У.*******, Б.******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, У.*******ын 2018.08.14-ний өдрийн ******* банк ХК-д гаргасан хүсэлт /хх-ийн 4-26/, 2022.05.10-ны өдрийн автомашин хүлээлгэн өгсөн хүсэлт, баримт зэргийг,
Хариуцагч талаас нотлох баримтаар, төлөөлөгчид олгосон итгэмжлэлүүд, Мед травма эмнэлгийн үзлэг, шинжилгээ, оношилгооны баримтууд, У.*******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 56-63/ зэргийг,
Тус шүүхийн шүүгчийн 2023.12.11-ний өдрийн 16267 дугаар захирамжийн дагуу ирүүлсэн ******* банк ХК-ийн нэр дээр бүртгэлтэй Toyota corolla fielder маркийн улсын дугаартай, суудлын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ хэрэгт авагдсан байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч У.*******, Б.******* нарт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт болон гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд нийт 17 430 522 төгрөг гаргуулах, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ-ний зүйл болох Toyota corolla fielder маркийн улсын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжилжээ.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
1. Нэхэмжлэгч банк нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ, зээлдэгч У.*******, Б.******* нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, банкнаас Зээлийн гэрээний үүргээ биелүүлэх мэдэгдлийг зээлдэгчид хүргүүлсэн бөгөөд зээл төлөхийг утсаар болон биечлэн уулзаж удаа дараа сануулж байсан, автомашиныг худалдан борлуулахаар хамтарч ажилласан боловч үр дүнд хүрээгүй, банкийг хохироож байх тул нийт 17 430 522 төгрөг төлөх үүрэгтэй, төлөхгүй бол фидуцийн гэрээний зүйл 60-56 улсын дугаартай, Toyota corolla fielder автомашинаар үүргийг гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй, зээлдэгч нь эрүүл мэндийн байдал муудаж, хөдөлмөрийн чадвараа алдаж, зээлээ төлөх боломжгүй болсон гэж үзээд машиныг хурааж хамгаалалтад авсан гэж тайлбарлан мэтгэлцсэн.
2. Хариуцагч нар нь дээрх нэхэмжлэлийг татгалзаж байгаа үндэслэлээ, банк нэхэмжлэл гаргах хүртэл хүү тооцсон нь үндэслэлгүй, зээлдэгч нар нь 15 000 000 төгрөг зээлээд үндсэн зээлд 7 574 211 төгрөгийг төлсөн, зээл, зээлийн хүүгийн тооцоололд маргахгүй, фидуцийн гэрээний зүйлийг 2022.05.10-нд У.*******аас хураан авч, өөрийн эзэмшилдээ бүрэн авсан нь нотлогдсон, нэхэмжилсэн 17 413 522 төгрөгийн үнийн дүнгээс 2022.05.10-ны өдрөөс хойш хугацааны хүүгийн төлбөрийг хариуцагч нар төлөх үндэслэлгүй, харин энэ хугацааг хүртэлх хүүний төлбөрийг үндсэн зээлийн үлдэгдлийн хамт төлөх үүрэгтэй ч уг төлбөрийг Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ-ний дагуу автомашиныг хураан авснаар хангуулан шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан.
3.Хэрэгт авагдсан, шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсан, зохигчдоос гаргасан нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдсон.
3.1. Хариуцагч У.*******, Б.******* нар 15 000 000 төгрөгийг жилийн 21,6 хувийн, сарын 1,8 хувийн хүүтэйгээр 48 сарын хугацаатайгаар автомашин худалдан авах зориулалтаар нэхэмжлэгч ******* банк ХХК-иас зээлж, талууд харилцан тохиролцон 2018.08.14-нд 18/39 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-г байгуулжээ.
Уг гэрээний дагуу зээлдүүлэгч банкнаас 2018.08.14-нд зээлдэгч У.*******ын зээлийн дансанд 15 000 000 төгрөгийг шилжүүлж олгосон байна.
3.2. Уг зээлийн гэрээний үүргийг хангаж баталгаажуулахаар гэрээний хавсралт 2-т заасан зээлдэгч нарын 600 000 төгрөгийн гэрийн эд хогшил, 15 000 000 төгрөгийн үнэлгээтэй 60-56 улсын дугаартай, Toyota corolla fielder автомашиныг барьцаалж, түүнчлэн талууд мөн өдрөө 2018.08.14-нд 18/39 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ-г байгуулан, дээрх суудлын автомашиныг фидуцийн гэрээний зүйлээр тодорхойлж, уг гэрээний 1.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлдүүлэгч банкны өмчлөлд шилжүүлэн бүртгүүлсэн байна.
Дээрх үйл баримтууд нь У.*******, Б.******* нар болон ******* банк ХХК-ийн хооронд 2018.08.14-ний өдөр байгуулан 18/39 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, мөн өдрийн 18/39 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, зохигчдын тайлбар зэргээр нотлогдсон.
3.3. Талуудын хооронд байгуулсан 18/39 дугаартай зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /2021 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1./ заасан мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн банкны зээлийн гэрээ байна.
Уг гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2.-т заасан болон 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болно.
3.4. Зохигчдын хооронд байгуулагдсан 18/39 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-ний хавсралт 2-т зааснаар 600 000 төгрөгийн үнэлгээ бүхий Конка маркийн 42 инчийн зурагт, LG маркийн 2 хаалгатай хөргөгч, хагас автомат угаалгын машин зэргийг барьцаалсан, 2018.08.14-нд байгуулсан 18/39 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ зэрэг нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.-д Барьцааны гэрээг бичгээр байгуулна гэж, 235 дугаар зүйлийн 235 дугаар зүйлийнх 235.1., 235.5.-д Хуульд өөрөөр заагаагүй бол үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг бичгээр хийнэ гэж заасантай нийцсэн байна.
3.5. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч ******* банк ХК-иас нотлох баримтаар гаргасан 2022.05.10-ны өдрийн хариуцагч У.*******ын бичсэн баримтад ******* овогтой ******* миний бие ******* банканд өртэй байгаа, лизингээр авсан машинаа өрөндөө суутгаж өгч байна гэж, ******* банканд хүсэлт гаргах нь гэсэн баримтад У.******* миний бие нь Өргөө тооцооны төвөөс автомашины ахуйн хэрэглээний зээл авсан болно...Автомашинаа банкдаа өгч...хураагдаж байгаа машины гүйлт 294024 км явсан байна. 2009 оны, 2018.08.14-нд орж ирсэн машиныг хураалгасан У.*******... гэсэн байх бөгөөд үүнээс үзэхэд фидуцийн гэрээний зүйл болох 60-56 улсын дугаартай, Toyota corolla fielder маркийн автомашиныг 2022.05.10-нд хариуцагч У.*******аас нэхэмжлэгч банканд хүлээлгэн өгсөн, уг машин одоо нэхэмжлэгчийн эзэмшилд хадгалагдаж байгаа болох нь зохигчдын зохигчдын тайлбараар нотлогдож, энэ талаар талууд маргаагүй байна.
4. Зохигчдын хооронд байгуулагдсан Барьцаат зээлийн гэрээ-ний хавсралт 2-т арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, Toyota corolla fielder автомашиныг барьцааны зүйлээр тодорхойлсон байх боловч талууд тохиролцон 2018.08.14-нд байгуулсан 18/39 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ-г байгуулж дээрх барьцааны зүйл гэх автомашиныг мөнгө төлөх үндсэн үүргийг хангах зорилгоор банкны өмчлөлд шилжүүлэн фидуцийн зүйл болгосноор Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2.-т зааснаар уг автомашины хувьд барьцаалагчийн барьцааны эрх дуусгавар болсон байна.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.-д барьцааны эрх дуусгавар болох үндэслэлүүдийг заасан бөгөөд барьцаалагч буюу банк нь Toyota corolla fielder автомашиныг өөрийн өмчлөлд шилжүүлэн бүртгүүлж, фидуцийн гэрээний зүйлээр тодорхойлж, талууд тохиролцож 18/39 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ-г байгуулснаар Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2.-т зааснаар Барьцаалагч барьцааны зүйлээс татгалзсан тухай барьцаалуулагч буюу өмчлөгчид мэдэгдсэн бол барьцааны эрх дуусгавар болох зохицуулалттай тул барьцааны зүйл автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хууль зүйн боломжгүй болно.
5. Дээрх 18/39 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-ний 2.1.4-т Зээлийн хүү: сарын 1,8 хувь, жилийн 21,6 хувь байна... гэж, 2.1.5-д Нэмэгдүүлсэн хүү: Зээлийн хүүгийн 20 хувь байна...эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүүг тооцно гэж тус тус заасан бөгөөд 2018.08.18-нд зээлдэгчийн тоот 15 000 000 төгрөгийн зээлийг олгосноос хойш зээлээс сард 1,8 хувь, жилийн 21,6 хувиар, Монголбанкны ерөнхийлөгчийн 2018.07.23-ны өдрийн А-203 дугаар тушаалаар баталсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын дагуу зээлдэгч нарын зээлийн дансны хуулгыг үндэслэн тооцоход зээлдэгч нар 2018.09.15-наас 2020.11.10-ныг хүртэл хугацаанд буюу гэрээний хугацаанд үндсэн зээлд 45 удаагийн төлөлтөөр 5 347 416 төгрөг, зээлийн хүүд 29 удаагийн төлөлтөөр 4 090 590 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3793 төгрөгийг тус тус төлж, хариуцагч нар зээлийн төлбөрийн тооцоололд маргаагүй байна.
Тус зээлийн гэрээний 2.1.6-д Зээлийн хугацаа 48 сар... гэж заасан ба талуудын хооронд байгуулагдсан 18/39 тоот зээлийн гэрээний хугацаа 2022.08.14-нд дууссан бөгөөд зээлдэгч нар энэ хугацаанд үндсэн зээлд 15 000 000 төгрөг төлөхөөс 5 347 416 төгрөг, зээлийн хүүд 9 652 247 төгрөг хуримтлагдсанаас 4 090 590 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 386 590 төгрөг тооцогдсоноос 3 973 төгрөг тус тус төлж, гэрээний хугацаа дуусахад зээлд 9 652 583 төгрөг, зээлийн хүүд 5 561 657 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 382 797 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан.
6. Хариуцагч нар нь 18/39 дугаартай зээлийн гэрээний хавсралт 1-д заасан зээлийн эргэн төлөлтийг хуваарийг 2020.11.10-наас хойш зөрчиж, зээлийн төлбөрт ямар нэгэн төлбөр хийгээгүй тул зээлдүүлэгч банкаас 2022.04.12-ны өдрийн 22/05 тоот Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл-р зээлийн үүргээ биелүүлэхийг шаардсан байна.
Дээрх 18/39 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-ний 6.2-т Дараахь нөхцөл байдал үүссэн, үүсч болзошгүй нь нотлогдсон тохиолдолд банк энэхүү гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачилгаар цуцалж болно...6.2.1. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээг аваагүй бол... гэж, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3.-т Гэрээний үүрэг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал 219.3., 225.2.-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно гэж тус тус зааснаар нэхэмжлэгч банк нь талуудын хооронд байгуулсан 18/39 дугаартай зээлийн гэрээгээ цуцалсан гэж үзнэ.
7. Талуудын хооронд 2018.08.14-ний өдөр байгуулсан 18/39 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ-ний 3.2.4-т Гэрээний 5.1-д заасан үндэслэл бий болсон тохиолдолд хөрөнгийг банкны анхны шаардлагаар, биет байдлаар шилжүүлэн өгөх... гэж, 4.1.2-т Гэрээний 5.1-д заасан үндэслэл бий болсон тохиолдолд хөрөнгийг биет байдлаар шилжүүлэн авч захиран зарцуулах... гэж, 5.1-д Дараахь тохиолдолд банк хөрөнгийн өмчлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж, биет байдлаар шилжүүлэн авч худалдан борлуулснаар зээлийн гэрээний үүргийг хангуулна...5.1.2. Зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж, зээлийн гэрээ цуцлагдах... гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нар 18/39 дугаартай зээлийн гэрээний хавсралт 1-д заасан зээлийн эргэн төлөлтийг хуваарийг 2020.11.10-наас хойш зөрчиж биелүүлээгүй байх тул зээлийн гэрээний хугацаа 2022.08.14-нд дуусахаас өмнө буюу хэрэгт авагдсан баримтууд, зохигчдын тайлбараар зээлдүүлэгч банк нь гэрээний дээрх заалтуудын дагуу фидуцийн зүйл болох автомашиныг 2022.05.10-нд хураан авч, өөрийн эзэмшилд бодитойгоор шилжүүлсэн байна.
8. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4.-т Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэж заасны дагуу 2022.05.10-ны өдөр фидуцийн гэрээний зүйл болох 60-56 улсын дугаартай, Toyota corolla fielder маркийн автомашиныг зээлдүүлэгч банк нь үүрэг гүйцэтгэгчээс бодитойгоор өөрийн эзэмшилд шилжүүлж гаргуулан авснаар талуудын хооронд байгуулагдсан 218.08.14-ний өдрийн 18/39 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болж, улмаар 18/39 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-ний 2022.05.10-ны өдрийн байдлаарх зээлдэгч нарын үүрэг болох зээлийн 9 652 583 төгрөг, зээлийн хүүд 4 899 040 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 266 535 төгрөг, нийт 14 818 158 төгрөгийн зээлийн үүргийг хангасанд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Иймд талуудын хооронд байгуулсан 18/39 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ-ний үүрэг Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5.-д зааснаар дуусгавар болсон байна.
9. Хэрэгт авагдсан Монголын нотариатчдын танхимын 2023.05.29-ний өдрийн ТТД:******* тоот Байгууллагад очих баримт-р нэхэмжлэгч байгууллага нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуульд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг ханган баримт бичиг нотариатаар гэрчлүүлсний төлбөрт 17 000 төгрөг төлсөн байх бөгөөд хариуцагч талаас нотлох баримтаар гаргасан Мед травма эмнэлгийн үзлэг, шинжилгээ, оношилгооны баримтууд, У.*******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2., 44.3.-т заасан шаардлагыг хангаагүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйг дурдав.
10. Дээрх нөхцөл байдал, үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж, хариуцагч У.*******, Б.******* нараас 2018.08.14-ний өдрийн 18/39 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-ний үүрэгт 17 413 522 төгрөг болон үүргээ зөрчсөнөөс учирсан хохиролд буюу нотариатын зардалд 17 000 төгрөг, нийт 17 430 522 төгрөг гаргуулах, 2018.08.14-ний өдрийн 18/39 тоот фидуцийн гэрээгээр барьцаалсан 60-56 улсын дугаартай арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, 2018 онд Монгол улсад орж ирсэн, 1490сс хөдөлгүүртэй, Toyota corolla fielder автомашинаар үүргийг гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
11.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315 217 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.3., 116., 118. дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1., 219 дүгээр зүйлийн 219.1., 235 дугаар зүйлийн 235.1., 235.4.-т зааснаар хариуцагч У.*******, Б.******* нараас 2018.08.14-ний өдрийн 18/39 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-ний үүрэгт болон үүргээ зөрчсөнөөс учирсан хохиролд нийт 17 430 522 төгрөг гаргуулах, 2018.08.14-ний өдрийн 18/39 тоот фидуцийн гэрээгээр барьцаалсан 60-56 улсын дугаартай арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, 2018 онд Монгол улсад орж ирсэн, 1490сс хөдөлгүүртэй, Toyota corolla fielder автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлийн шарадлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315 217 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА