Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2023/0481

 

 

 

 

 

 

 

 

   2023          05           30                                     128/ШШ2023/0481

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Т.Гангэрэл, шүүгч  Т.Мөнх-Эрдэнэ, нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Г***” ХХК, **** дүүрэг, ** дугаар хороо, ****-**,** давхар,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Ж.М,

Өмгөөлөгч: Б.Б,

Өмгөөлөгч: З.Б,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Ж.Б нарын хоорондын үүссэн, Нийслэлийн Засаг даргын **** оны ** дугаар сарын **-ний өдрийн **********дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, З.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б нар оролцов.

Иргэдийн төлөөлөгч Ж.О хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, хэргийн оролцогчид иргэдийн төлөөлөгчийг байлцуулахгүй шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1.Нийслэлийн Засаг даргын **** оны ** дугаар сарын **-ний өдрийн ********** дугаар захирамжаар “Г***” ХХК-ийг ********дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэр, А орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгаруулж, Батламж бичиг олгосон байна.

1.2.Нэхэмжлэгч “Г л” ХХК нь Нийслэлийн Засаг даргын төлөөлөгч болон иргэдийн хооронд  байгуулах ёстой “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт  гэрээ”-г 254 иргэнтэй,  гурван талт  гэрээг 35 иргэнтэй тус тус байгуулсан баримт хэрэгт авагдсан.

1.3.Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ДТ 1******* дугаар 240 айлын үйлчилгээтэй орон сууцны архитектур төлөвлөлтийн даалгавар гарч, 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 000**** ***/**** дугаар, 000**** ***/**** дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгожээ.

1.4.Нийслэлийн Засаг даргын **** оны ** дугаар сарын **-ний өдрийн **********дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн төсөл хэрэгжүүлэх эрхийг барилгажилтын ажлыг 6 сар хүртэлх хугацаанд эхлүүлээгүй, газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгчтэй байгуулсан гурван талт гэрээний үүргийн биелэлт хангагдаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгожээ.

1.5. “Г***” ХХК-иас 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр “Нийслэлийн Засаг даргын **** оны ** дугаар сарын **-ний өдрийн **********дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргасан.

1.6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр “Нийслэлийн Засаг даргын **** оны ** дугаар сарын **-ний өдрийн **********дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1.Нэхэмжлэгч “Г***” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            “Г л” ХХК нь гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн шалгуурт зохих шаардлагыг ханган ********дүүргийн 12 дугаар хороо, А /Гбагц/ орчмын 15,4 га газарт Нийслэлийн Засаг даргын 2013 оны *******533 дугаар захирамжаар гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрх авч, “Т а” цогцолбор хорооллыг бий болгох зорилгоор дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа болно.

Тус цогцолбор хороолол нь 9500 орчим хүн оршин суух 3200 айлын орон сууц, 920 хүүхдийн дунд сургууль, 240 цэцэрлэг, 360 хүүхдийн бага сургуулийн цогцолбор, 1016 машины ил зогсоол, 640 машины далд зогсоол, түүнчлэн оффис үйлчилгээний цогцолбор барилга болон нийтийн ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай зэргээс бүрдэнэ.

Манай компанийн зүгээс А /Гбагц/ төслийн хүрээнд 2 ширхэг 240 айлын 16 давхар орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа бөгөөд 48 айл өрхийн газрыг чөлөөлж, үүнээс 90%-ийг нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхон хороололд оруулан, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүлээлгэн өгсөн, үлдсэн 10 хувь нь тус хотхоны 5 блок болон Т а хорооллын 240 айлын орон сууц болох 114а байрнуудаас олгохоор гэрээ байгуулж, улсын комисс хүлээн авсны дараа байраа хүлээн авахад бэлэн болоод байна.

Гэтэл Орон сууцны бодлогын газраас 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 01/187 дугаар албан бичгээр гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд Гбагц/ төслийг Нийслэлийн Засаг даргын **** оны ** дугаар сарын **-ний өдрийн **********дугаар захирамжаар цуцлах болсон тухай манай компанид 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр мэдэгдсэн бөгөөд уг **********дугаар захирамжийн үндэслэх хэсэгт "... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй" гэх заалтыг үндэслэх болсон шалтгаан нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 141 дүгээр тогтоол юм.

Уг тогтоолоор Ц.Б, Д.М, Л.С нараас
Нийслэлийн Засаг дарга, Орон сууцны дэд бүтцийн газарт холбогдуулан “... Г/****, Г/*** тоот гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйг тогтоож, төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, нэхэмжлэгч нарын газар өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан олгохыг Нийслэлийн Засаг дарга, Орон сууцны дэд бүтцийн газарт даалгуулах ...” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг 3 шатны шүүхээр хянан шийдвэрлэж дуусгавар болсон.

Дээрх 141 дүгээр тогтоол нь гагцхүү иргэн Ц.Б , Д.М,
Л.Снарт холбогдох захиргааны хэргийн маргаан, тухайн нэхэмжлэгч гурван иргэнд холбогдох тогтоол болно. Үүнийг Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 04/*** дугаар албан бичгээр "... "Г***” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрх нь зөвхөн нэхэмжлэгч нарын хувьд цуцлагдсан гэж ойлгоно ..." гэх Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчдийн танхимын хурлын тайлбараар нотлогдоно.

Гэтэл Нийслэлийн Засаг даргын **********дүгээр захирамжаар А /Гбагц/ төслийг бүхэлд нь цуцлахдаа Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 141 дүгээр тогтоолыг өөрсдийн үзэмжээр тайлбарлаж, “Г***” ХХК болон хэдэн зуун иргэнийг хохироосон, маш их хэмжээний хохирол, үр дагаварт хүргэсэн захирамж гаргасан байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын **** оны ** дугаар сарын **-ний өдрийн **********дугаар захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв.

2.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж зааснаар Нийслэлийн засаг даргын **** оны ** дугаар сарын **-ний өдрийн **********дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах гэж тодорхойлсон.

“Г л” ХХК-ийн хувьд бол гэр хорооллын газрын дахин төлөвлөгөө хэрэгжүүлэгч төслийн зохих шаардлагыг хангаж ********дүүргийн, 12 дугаар хороо, А орчмын газарт Нийслэлийн засаг даргын 2023 оны *******533 дугаар захирамжаар гэр хорооллын газруудыг дахин төлөвлөлт оруулж орон сууц  барих төсөл хэрэгжүүлэх эрх авч А цогцолбор хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа.

Нийслэлийн засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн захирамж гарч бүх төсөл хөтөлбөрийг цуцалсан. Энэ цуцалсан шийдвэр гаргахдаа орчин нөхцөл, санал хүргүүлэхдээ 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Хяналтын хорооны хурлын шийдвэрийг үндэслэсэн байдаг.

Хяналтын хорооны хуралд төсөл хэлэлцүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих хэрэгжүүлж байгаа байгууллага мөн боловч тус хуралдаанаар хэлэлцсэн асуудал хэлэлцүүлэх болсон шалтгаан нөхцөлийг тодруулж авч үзэхээр энэ төслийг хэрэгжүүлж байх хугацаанд иргэн Ц.Б, Д.М, Л.С нараас шүүхэд нэхэмжлэл гаргаж, энэ нь гурван шатны шүүхээр шийдэгдээд Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тогтоол гарч хэрэгт авагдсан байгаа. Энэхүү тогтоолыг 100% үндэслээд хяналтын хорооны гишүүдийн 100%-ийн саналаар төсөл хэрэгжүүлэгчийн төсөл хэрэгжүүлэхийг цуцлах нь зүйтэй гэдэг шийдвэр гарсан. Энэхүү хурлын протокол болон Хяналтын хорооны хурлын шийдвэрийн агуулгыг шүүгээд үзэхээр нэгэнт шүүхийн шийдвэр гарсан учраас цуцлах нь зүйтэй юм байна гэдэг агуулга яригдсан, энэ нь тухайн гурван иргэнтэй холбоотой шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгч “Г л” ХХК-ийн төслийг бүхэлд нь цуцлах үндэслэл мөн үү гэдэгт  ямар ч санал, дүгнэлт гаргалгүйгээр шийдвэр гарсан нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна.

Энэ шийдвэрийг үндэслэж Нийслэлийн Засаг даргын хууль бус захирамж гарсан. Нийслэлийн Засаг даргын захирамж гарсны дараа 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Улсын Дээд шүүхээс 3 иргэнд гарсан шүүхийн шийдвэрийг хэрхэн ойлгох талаар тодруулга авсан.

Тодруулгад Улсын Дээд шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хариу хүргүүлэх тухай 04/*** дугаартай албан бичгээр нэхэмжлэгч “Г л” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх, нэхэмжлэгч нарын хувьд цуцлагдсан гэж ойлгоно гэсэн.

Энэ нь тухайн 3 иргэний хувьд цуцлагдсан болохоос төслийг цуцлах хууль зүйн ойлголт биш.

Нийслэлийн Засаг даргын төсөл хэрэгжүүлэхийг цуцлах тухай захирамж гарахаас өмнө Улсын Дээд шүүхээс лавлагаа авч тодруулаад энэ 3 иргэнд шүүхийн шийдвэрийг хэрхэн ойлгож тайлбарлах үүднээс лавлагаа авахын үндсэн дээр шийдвэрээ гаргасан бол болох байсан. **** оны ** дугаар сарын **-ний өдрийн **********гэдэг Нийслэлийн Засаг даргын захирамж Улсын Дээд шүүхийн тогтоолыг үндэслэл болгоод төсөл хэрэгжүүлэх ажлыг зогсоож цуцалсан байдаг.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар үзлэг хийсэн, үзлэгээр тухайн төсөл хэрэгжүүлэх гэж байгаа газрын байршил, дэд бүтцүүд нь хоорондоо энд тэнд байрлалтай буюу тус тусад нь салгаж авч үзэх биш нөгөө талаар зөвхөн цуцлагдсан талбай дээрээ орон сууцны байршил, дэд бүтэц дээр үзлэг хийсэн. Үлдсэн талбайг мөн чөлөөлөх боломжтой 2 талт гэрээг байгуулсан.

Одоо бол гурван талт гэрээ байгуулах үүгээрээ юуг илэрхийлж байна гэхээр хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээд ажиллаж байгаа. Цуцлагдсан талбай дээрээ гурван талт гэрээ байгуулах эрх үүсэн тул хуулийн дагуу төслөө хэрэгжүүлээд явж байгаа.

Нэхэмжлэгчийг 8 жилийн хугацаанд төслөө хэрэгжүүлээгүй гэдэг тайлбар бол үндэслэлгүй. 2013 онд “Г л” ХХК төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан боловч 2015 онд тухайн компанийг тухайн үед эрх эзэмшигчийг “Б г” ХХК-д 100% шилжүүлж худалдсан байдаг. 2015 оноос “Б г” ХХК нь төсөл хэрэгжүүлэгчийг үргэлжлүүлэн авч явсан байдаг.

Үүнтэй холбоотой 2019, 2020 оноос бүх нийтийг хамарсан цар тахал дэгдсэнтэй холбоотой барилгын салбар үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан. Бид бүгдийн мэдэж байгаачлан 2 жил 6 сарын хугацаанд цар тахал үргэлжилсэн. Цар тахалын нөлөөлөл одоо ч гэсэн буураагүй гэдэг судалгаа байдаг.

Үндсэндээ энэ компанийн төсөл хэрэгжүүлэх боломжтой хугацаа 4 жил 8 сарын хугацаанд үргэлжилсэн байна, бусад хугацаанд биднээс шалтгаалсан нөхцөл байдал болон бид нарын зүгээс хамааралгүй болно.

Нийслэлийн Засаг даргын буюу хариуцагч талын буруутай үйл ажиллагаа байгаа юу гэдгийг авч үзэхээр Нийслэлийн Засаг даргаас нотлох баримтаа гаргаж өгсөн хөрөнгө оруулалтын гэрээ байгаа. Уг гэрээгээр 11.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх байснаас 9.8 тэрбумыг хөрөнгө оруулсан өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалт дутуу байсан.

Хариуцагчийн зүгээс газрыг чөлөөлөх орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгаруулаад орхидог. Өөрөөр хэлбэл, газрыг чөлөөлөхтэй холбоотой Засаг даргын, эсхүл нийслэлийн ямар нэгэн өөрсдийн оролцоо, дэмжлэг байдаггүй. Зөвхөн хувь иргэдтэй тохиролцоонд хүрэхийг биднээс шаарддаг. Бидний ойлгож байгаагаар гурван талт гэрээнд төсөл хамтран хэрэгжүүлэх, мөн тодорхой үүрэг хүлээх ёстой бөгөөд төсөл хэрэгжүүлэх гэж байгаа компанидаа нийслэлийн зүгээс тодорхой дэмжлэг үзүүлж байж үр дүнд хүрнэ. Түүнээс биш бид 2 талт гэрээ байгуулаад хүлээлгэж өгөөгүй зүйл байхгүй. Монгол Улсын Дээд шүүхийн гурван талт гэрээний үүргээ талууд биелүүлээгүй байна гэж үзсэн.

Нотлох баримт шинжлэн судалсан, мөн талуудын тайлбараас харахад Нийслэлийн Засаг даргаас орон сууцны төсөл өөрөө удааширсан гэж үзэж байна. Ажлын гэрээг дүгнэсэн акт бид нарт ирээгүй. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас техникийн хугацаа дууссан гээд байдаг, гадна инженерийн барилга эхлүүлэх зөвшөөрөл өгч болохгүй байна гэсэн,  хариуцагч талын буруутай үйл ажиллагаанаас болж төсөл удаашраад байна.

Тухайлбал хэрэгт хөрөнгө оруулалтын гэрээ, холбоотой баримтуудыг гаргаж өгсөн. Иргэдтэй 2 талт гэрээ байгуулсан иргэд гомдол саналаа компанид тавьдаг төслийг цааш нь хэрэгжүүлэх хүсэлтэй байна гэж. Хэрэв цуцалсан гэж үзвэл дараагийн сонгон шалгаруулж байгаа компани иргэдтэй тохиролцоо хийнэ тэгэхээр бүр хүндрэлтэй болох тул манай компанийг хэвээр үлдээж нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж өгөхийг хүсэж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна” гэв.

2.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: “Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбартай давхцуулахгүй нэмж хэлэхэд давж заалдах шатны шүүхийн магадлал дээр чөлөөлөгдсөн талбай төслийн хүрээнд хэрэгжүүлэх боломжтой эсэх тодорхойгүй яагаад чөлөөлсөн талбай дээр ганцхан төслөө хэрэгжүүлэх боломжтой гэж шийдсэн юм бэ тэгэх боломжтой юм уу гэж дурдсан байдаг. Ер нь бол дахин төлөвлөлтийн асуудал нэлээн нарийн уялдаа шаардсан ажил байдаг. Нэг талд хүнд суртал, нөгөө талд нь хуулийн ойлголт байхгүй, ёс зүйгүй иргэд ийм хүмүүстэй гэрээ байгуулаад хамтарч ажиллана гэдэг нэлээн хүндрэлтэй асуудал байдаг. Барилгын ажлаа хийгээд явж байгаа манай компанийн хувьд дахин төлөвлөлтөөр мэргэшсэн болохоор энэ батламжийг худалдаж аваад энэ ажиллагааг явуулж байгаа гэдгийг тайлбарлах нь зүйтэй. 48 нэгж талбар чөлөөлөх асуудал яригдаж байгаа. Энэ нэгж талбар нь 48-аараа шууд чөлөөлнө гээд барилга барихаар зориулагдсан талбай байдлаар чөлөөлсөн талбай биш энэ нь жижиг, том хэлбэртэй 2,3,4 нэгж талбаруудаар энэ тэнд байрлалтай хуваасан, зарим нэг талбай нь арай том барилга барих боломжтой байдлаар хуваасан ийм талбай байгаа. Энэ нь яагаад ингэж чөлөөлсөн юм гэхээр газраа өгсөн хүмүүстэй гурван талт гэрээ байгуулаад чөлөөлснөөс болоод ийм нөхцөл байдал үүссэн юм уу гэхээр үгүй, энэ нь цахилгааны дэд станц, шугам сүлжээ оруулж ирэхээр бэлдсэн төслийг тэр чигээр нь явуулахад зориулагдсан дэд бүтэц ажил хийхийн тулд одоогийн байдлаар энд тэнд чөлөөлсөн байгаа. Ер нь бол цаашдаа бүгдийг нь чөлөөлөх боломжтой хүмүүстэй нь 2 талт гэрээ байгуулсан явж байгаа эхний ээлжид барилга барих ажил өөрөө урьдач нөхцөл гэж байна. Энэ нь техник хангамж дэд станцууд байрлуулах, түүнийхээ дагуу холбож барилгаа барьж эхлүүлнэ тэгэхгүй бол барилгыг шууд, гэр хорооллын дахин төлөвлөлт бол дэд бүтэцгүй байрлаж байгаа. Дэд бүтцийн гэрээ байгуулаад нийслэлээс хөрөнгө мөнгийг нь зохицуулж гаргаж өгөөд дахиад гэрээ байгуулагдаад үүний дэд бүтцийн ажлыг хийгээд явж байсан энэ хугацааг барилга бариагүй гэдэг үндэслэл болох уу гэдэг асуудал бас байгаа. Дөчин найман нэгж талбар танайх үргэлжлүүлээд барилгаа бариад явчих гэсэн шийдвэр гарах юм бол бид маш их хэмжээгээр хохирч байгаа. Энд байрлуулж барилга барих үндсэн нөхцөлөө бүрдүүлж байсан гэдгийг ойлгох нь хамгийн зүйтэй. Хоёр томоохон хэмжээнд чөлөөлсөн газар байгаа тэр нь дээрээ 2 барилга бариад 70% ийн явцтай, нөгөө дээр нь суурийн нүхийг ухсан шүүхийн үзлэгээр тогтоогдсон. Хоёр үндэслэл ярьдаг энэ 2 үндэслэлээрээ тайлбарлах нь зүйтэй болов уу гэж бодож байна. Эхний үндэслэл нь анхан, давах, хяналтын шатны 3 иргэнтэй холбоотой гурван талт гэрээтэй холбоотойгоор шийдсэн хэргийг үндэслэсэн байгаад байгаа юм хяналтын хорооны шийдвэрээр. Яг цуцалсан акт дээрээ харвал Улсын Дээд Шүүхийн тогтоолын дагуу гээд бичсэн байгаа. Дээд шүүхийн тогтоол биш энэ хүмүүсийн гурван талт гэрээтэй холбоотой асуудлыг л шийдсэн гэдгийг тодорхой харуулсан байгаа. Энэ хүмүүсийн байгуулсан гурван талт гэрээтэй холбоотой тухайн хэрэгт гэрээний нөхцөл биелэлттэй холбоотой үүссэн маргаан болохоос биш сэтгэл хангалуун байгаа хүмүүсээс бусад үлдсэн гэрээ байгуулсан хүмүүсийн эрхэнд халдаж тэр гэрээг цуцлах үндэслэл болохгүй юм.Тухайн иргэдтэй байгуулсан гурван талт гэрээ цуцлагдах болсон үндэслэл нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа. Захиргааны байгууллага өөрсдийн дэмжиж ажиллах үүргээ биелүүлээгүй. Дэд бүтцийн станцууд гаднын дэд бүтцийн гэрээний дагуу олгох ёстой байсан боловч 11 тэрбум төгрөгийг олгоогүй удаа дараа “Г л” ХХК-с албан бичгээр мэдэгдсэн албан тоотууд, 2018 оноос хойш гэрээгээ сунгаад өгөөч гэж энэ гэрээний дагуу мөнгийг оруулаад олгоод өгөөч гэж 2021 он хүртэл албан бичгүүдийг захиргааны байгууллагаас ч тэр анхан шатны шүүхээс ч мэдэгдсэн байгаа. Манайх шаардаад байсан боловч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас ямар хариу өгдөг гэхээр тухайн оны төсөвт тусгагдаагүй байгаа болохоор боломжгүй байна цаашдаа хоёр аравны хэдэн тэрбум төгрөгийг өгөх боломжгүй байдал үүсээд байна гэдэг албан бичгүүдийг өгсөн. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын албан бичиг хавтаст хэрэгт авагдсан. 2017 оноос 2021 онд хөрөнгө батлагдаагүй үлдэгдэл хөрөнгө болох 2.400.000.000 тэрбум төгрөгийн   хөрөнгө батлагдсан тухайн онд гэрээг сунгуулж ажиллах болно гээд гэрээг нь сунгаж өгдөггүй. Одоо гэрээгээ сунгахгүй болохоор техникийн нөхцөлүүд сунгагддаггүй, барилга үргэлжлүүлэх зөвшөөрлүүд нь сунгагдахгүй ингээд захиргааны байгууллага дэмжиж ажиллах үүргээ гүйцэтгэх, биелүүлэх байтугай өөрийн үндсэн үүрэг төслийн 5.2-т Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх байршил улс нийслэлийн төсөв санхүүгээр хийгдэх ажлын жагсаалтыг нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газартай хамтран гаргаж төсөл хэрэгжүүлэгчтэй гэрээ байгуулж, хяналт тавьж ажиллана, гэж заасан. Энэхүү үүргээ биелүүлээгүй, дэд бүтцийн ажил дуусаагүйгээс болоод барилга баригдахгүй 2017-2021 он хүртэл яваад байсан гэдгийг нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас албан бичгээр хэд хэдэн удаа хэлсэн байхад одоо бид нарын буруутай үйл ажиллагаанаас болсон мэт тайлбарлаж Нийслэлийн засаг дарга захирамжаар цуцалсан байгаа. Түүнчлэн энэ төслийг хэрэгжүүлээд маш их хэмжээний хөрөнгө оруулаад явж байгааг харж үзэхгүй зөвхөн тэр гурван иргэнтэй байгуулсан гурван талт гэрээг шүүхээр орсонтой холбогдуулаад л цуцалсан байдаг. Тэрхүү гэрээг цуцлах үндэслэл нь өөрсөдтэй нь холбоотой үүрэг гүйцэтгээгүй гэдэг нь тэр шийдвэр бас тусгагдсан байхад зөвхөн нэхэмжлэгч компанийн буруутай үйл ажиллагаа байсан гэж гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байна.

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйл Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын бүрэн эрхийг заасан байгаа. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дах хэсэгт улс, орон нутгийн төсвөөр хэрэгжих төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэх; гэж заасан, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх хэсэгт төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах; гэж заасан байгаа гэрээний хэрэгжилтийг хангах талаар туслалцаа, дэмжлэг үзүүлж байгаагүй. Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дах хэсэгт Газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч иргэн, хуулийн этгээдтэй аймаг, нийслэлийн Засаг дарга гурван талт гэрээ байгуулна, гэж заасан байгаа энэ нь бол гэрээний дагуу үүрэг хүлээж байгаа гэдгийг харуулж байгаа.

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.3в-д төсөл хэрэгжүүлэгч энэ хуулийн 14.7.1 дэх заалтад заасан үе шатыг дуусах хүртэл газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй харилцан тохиролцоогүй тохиолдолд Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуульд нийцүүлэн нөхөх олговортойгоор газар чөлөөлөх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргах; гэж заасан байгаа ингээд гурван талт гэрээний дагуу тохиролцохгүй байхад нь туслалцаа, юу байдаг юм нэхэмжлэл гаргаад тэр хүмүүстэй тохиролцох талаас нь дэмжлэг үзүүлж байсан зүйл байхгүй. Энэ дээр дурдсан заалтуудаар захиргааны байгууллага өөрсдийнхөө үүргийг биелүүлээгүй гэдэг нь харагдана. Одоо тухайн газар дээр хохирчхоод байгаа зүйл байхгүй тухайн иргэний хангай хотхоны байранд хүнээ аваад үлдсэнтэй нь тохиролцоод одоо болж байна хэдүүлээ цаашдаа барилгаа бариад явъя энд байгаа үлдсэн иргэд нь манайхтай гэрээ байгуулаад байр өгье, газраа өгье оронд газар авъя гэж ярилцсан тохиролцсон хүмүүс бол байгаа. Тэгэхээр энэ дээр ганц асуудал болоод байгаа зүйл бол цуцалсан шийдвэр л байгаа. Энэ төслийг удаашруулаад цуцлаад байгаа нь өөрөө бид нарын ажилд төвөг учруулаад одоо байгаа иргэдийн байраа хүлээгээд иргэдийн төсөлд хамрагдах эрхэнд нь төвөг учруулаад байгаа зүйл бол энэ цуцалсан шийдвэр байгаа юм.

Давж заалдах шатны шүүхээс актын үндэслэлийг үзээч ээ 3 иргэнтэй холбоотой маргаан иргэний маргаан их гардаг тэр болгон дээр гэрээг цуцлаад байвал ажил явахгүй би шүүгчийн асуултыг буруу ойлгосон байна би төлөвлөгөө календарь гаргуулсан байгаа одоо энэ төслийн нуруу болж байгаа үлдсэн зүйл дээр 2 талт гэрээ байгуулаад хэрэгжих явцад манай компанийн эрх ашгийг хохироож байна энэ иргэд таалагдахгүй байгаа юм байна гээд захиргааны байгууллага цуцалж болохгүй захиргааны байгууллага өөрөө үүнийгээ судлах ёстой. Захиргааны байгууллага юу болоод байгаагаа ойлгохгүй байна өөрсдөөсөө болж байгааг бас мэдэхгүй байна. Гадна дэд бүтцийн ажил хийгдээгүй байгаа бохир цахилгааны асуудал бас хийгдээгүй байгаа акт дээр 2 үндэслэл дурдаад байна. 6 сар барилга баригдаагүй гэдгээ төсөл удааширсан гээд байна тэр газар дээр нэгэн зэрэг барилга эхлэх ёсгүй. Төсөл захиргааны байгууллагаас үүдэлтэй удааширч байна гэж үзэж байна нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна” гэв.

2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, дүгнэлтдээ:

Төсөл хэрэгжүүлэгч Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.1, 14.7.2, 14.7.3-т заасан энэ төсөл өөрөө яаж хэрэгжих талаар зохицуулж байгаа. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд бол бэлтгэл, хэрэгжүүлэх, дуусах үе шатуудыг зааж өгсөн боловч хугацаа заагаагүй, нэхэмжлэгчийг буруутгаад байгаа гол хүчин зүйл нь та нар олон жил ажлаа хийгээгүй гэдэг.

Хууль тогтоомжоор та нар жилийн дотор эхний барилгаа барьсан байх ёстой 2 жилийн дотор барих ёстой гэдэг зохицуулалтыг хийж өгөөгүй мөн Нийслэлийн Засаг дарга дэмжин туслах үүргээ гүйцэтгээгүй талаар Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч болон хэрэгжүүлэгч агентлагуудаас ирсэн бичгээр нотлогддог.

Нийслэлийн Засаг даргаас хугацаа тавьж шаардсан шаардлага байхгүй, хариуцагч жилийн дотор юм уу 2 жилийн дотор барилгаа барьж хүлээлгэн өг гэж яриагүй, том төсөл хэрэгжүүлэх гэж байгаа учраас бид нар хугацаа алдсан байна уу алдаагүй байна уу, хамаагүй байх. Мэдээж иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа. Гэхдээ нөгөө талаар том төсөл хэрэгжүүлэх гэж байгаа хуулийн этгээдийн хувьд бэлтгэл үе шат буюу Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасан үе шатууд явагдсан, 17.2 дах хэсэгт заасан ажиллагаанууд хийгдсэн. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.3-т заасан хэрэгжүүлэх үе шатууд эхэлдэг газар чөлөөлдөг газар чөлөөлөхөд айлуудтай тохирдог, байр байшинд оруулдаг түрээсийн байранд оруулдаг айлууд нь тохирдог, тохирдоггүй янз бүр байдаг. Манай Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж байгаа ихэнх төслүүд газар чөлөөлөхтэй холбоотой асуудлаар хугацаа алддаг.

Дэд бүтэц татсан, Нийслэлийн Засаг даргаас хөрөнгө оруулалтын татаад шугам сүлжээнд оруулаагүй 2.4 тэрбум баталж өгөхгүй удсан гэдэг нь 2017 оноос 2021 он хүртэл удсан гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрсөн байгаа.

Байшингаа өндөр болгож барихад дэд бүтэц хэрэгтэй, Нийслэлийн Засаг даргаас дэд бүтцийг нь шийдэж өгөөгүй байхад төсөл хэрэгжүүлэгч байшингаа дээшээ явуулаад үхмэл эд хөрөнгө болох ийм нөхцөл байдал гарч болзошгүй, өвөл хөлддөг эд хөрөнгөөрөө хохирдог ийм үйл явц болох байсан.

Ийнхүү өөрсдөө төсөл мөнгөө гаргаад үүргээ биелүүлчхээд бид нарыг шаардсан бол өөр хэрэг. Хуульд Засаг дарга болон төсөл хэрэгжүүлэгчид хугацаа тогтоогоогүй учраас бид нарыг хугацаа алдсан гэдэг, төсөл хэрэгжихээр иргэд гомдоод эхэлнэ, зарим нь шүүхээр шийдвэрлэж болно, харин зарим нь шүүхээр шийдвэрлүүлэхгүй хүлээж болно. Ийм асуудал болсныг нь Хяналтын хороо гэдэг байгууллага гаргаж ирээд дүгнэлт гаргасан.

Хяналтын хорооны дүгнэлт бол 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гарсан. Энэ Хяналтын хороо хуралдаж байх явцад Засаг даргын захирамж дээр байгаа тэр журмын 5.2 дахь хэсэгт заасан зүйл байхгүй байсан. Журмын 5.2 дахь хэсгээр цуцалсан байсан бөгөөд 5.2 хэзээ хэрэгжиж эхэлсэн гэхээр 2021 онд хэрэгжиж эхэлсэн.

Энэ захирамж өөрөө 2018 оны захирамж хэдий ч цуцлах механизмд хугацаа байгаагүй, 2021 онд орж ирсэн нэмэлт өөрчлөлтөөр хугацаа орж ирсэн, 6 сарын хугацаанд календарчилсан төлөвлөгөө, ерөнхий төлөвлөгөө, А даалгавар авснаас хойш 6 сарын дараа цуцална гэдэг ойлголт нь 2021 онд нэмэлт өөрчлөлтөөр орж ирсэн.

Өөрөөр хэлбэл, Хяналтын хороо энэ зохицуулалт орж ирснээс хойш дахиж хуралдах байсан, төсөл хэрэгжүүлэгч өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас төсөл хэрэгжүүлэх эрх авснаас хойш төслөө 45 хоногийн дотор календарчилсан төлөвлөгөө анх удаа 45 хоног гэдэг нь төслийн хугацаанд орж ирж байгаа юм. Календарчилсан төлөвлөгөө, архитекторын даалгавар батлуулаагүй барилгын үйл ажиллагаа эрхлэх, эзэмших зөвшөөрөл авснаас хойш 6 сарын дотор барилгын ажлыг эхлээгүй гээд 2 дахь хугацаа нь анх удаа орж ирсэн.

Төсөл хэрэгжүүлэх явцдаа үйл ажиллагааны техникийн зөрчил гаргасан, төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбайн чөлөөлөх газрыг төсөлд тусгагдсанаас өөр зориулалтаар ашигласан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон.  Хяналтын хорооны чиг үүрэг нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх  атал үүргээ биелүүлээгүй, төлөвлөгөөний дагуу ажил гүйцэтгээгүй тохиолдолд л гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой Хяналтын хороо дүгнэлт гарна, Хяналтын хорооны саналыг үндэслэх ёстой.

Тэгэхээр Хяналтын хорооны санал бол гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой гэдэг дүгнэлт гаргаад байгаа боловч  тус хороо хуралдаж байх үед энэ захирамж, Барилга, хот байгуулалтын яамны 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр батлагдсан гэр хорооллыг барилгажуулах дахин төлөвлөгөөнд оруулах журмын 5.3.1 дээр байгаа энэ журмын 5.2, 5.3-т заасан төсөл хэрэгжүүлэх эрх цуцлагдсан тохиолдолд төсөл хэрэгжүүлэгчийн оруулсан хөрөнгө оруулалтыг төр хариуцахгүй  гэх заалтууд хүчин төгөлдөр болоогүй байсан. Хяналтын хороо энэ заалт хүчин төгөлдөр болсноос хойш дахиж хуралдаж шийдвэр гаргах ёстой байсан. ярьж байна.

Энэ дээр хэн хариуцах нь тодорхойгүй, шүүхийн үзлэгээр 2, 3 блок нь боссон байгаа нөгөөх нь 10, 12 давхартаа очсон хөрөнгө оруулалтын хэмжээ нь хэдэн тэрбум давсан бөгөөд газар бүтцийг нь татсан, хэд хэдэн цахилгааны хэрэгслүүд барьсан блокоор нь босгосон байдаг.

Шийдвэр уналаа гэж бодоход Нийслэлийн Засаг дарга энэ заалтын дагуу танайхыг төр хариуцахгүй гэдэг ийм нөхцөл байдал үүснэ. Хэдий бизнесийн үйл ажиллагаа явуулдаг, ашгийн төлөө байгууллага ч блок блокоор шатах ийм журам бүрдүүлсэн байх бөгөөд журам нь өөрөө иргэдийн болон хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн журам гарсан энэхүү журмыг нь Нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлээд явж байгаа нь өөрөө үндэслэлгүй байна. Энэ шийдвэрийн дараа “Г л” ХХК нь эд хөрөнгөөр багагүй хэмжээгээр хохирно гэдгийг харж үзээч гэж хүсэж байна.

Ер нь цуцалчихвал дахиад нэг сонгон шалгаруулалт зарлана, дахиад нэг компани орж ирнэ, дахиад компани орж ирэхээр дэд бүтцээ шийдэх гээд тус төсөл урагшлахгүй байх. Харин оронд нь өнөөдөр багагүй блок явуулсан, зарим иргэдийг нь Хангай хотхон, зарим иргэдээ өөр газар байрлуулсан, тохиролцоонд хүрч олон жил болсны үр шим нь юу гэхээр тэр иргэдтэйгээ ойлголцсон байгаа. Гэтэл 2021 оны 08 дугаар сарын  Хяналтын хорооны хуралдаанаас хойш бүх зүйл зогссон, 2021 он хүртэл дэд бүтцийн асуудлаа шийдэж өгөөгүй төр өөрөө хуулийн этгээдийнхээ цаг хугацааг хулгайлсан нь харагдаж байгаа.

Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын газраас ирсэн албан бичгүүд харагддаг. Нийслэлийн Засаг дарга зөвшөөрлөө өгөөд хугацаа байхгүй яах вэ гэж бодож байгаад Барилга, хот байгуулалтын яамнаас нь хугацаа гаргаад өгснийхөн дараа шууд шалтаг олж цуцалсан л үйл баримт байгаа. Цаг хугацааны хувьд 2015 онд эрхээ шилжүүлж авсан, тодорхой ажиллагаанууд хийгдсэн байна.

2015 оноос барилгатай холбоотой, газар чөлөөлт, дэд бүтцийн ажлыг 2 жил хийсэн. Ингээд 2017 он болсон хөрөнгө оруулалт зогссон, 2017 оноос 2021 он хүртэл зогсчхоод 2021 оны 08 дугаар сард нь Хяналтын хороо хуралдаад үйл ажиллагааг нь зогсоох цуцлах шийдвэр гарсан, уг шийдвэр нь 2022 онд албажиж байгаа ийм л процесс. Тэгэхээр санаатай, зориудаар иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн хуулийн этгээд гэж харагдуулаад байна.

Карказ төлөвлөгөө анхнаасаа нэхээгүй, Засаг даргын захирамж дээр байх ёстой. Карказ төлөвлөгөөг зөрчсөн гэж байгаа бол мэргэжлийн байгууллага дүгнэх ёстой байсан. Нийслэлийн Засаг даргын захирамж бодит байдал нөхцөл байдалтай уялдахгүй байна, өнөөдрийн баригдаж байгаа барилга 250 айлын барилгын төсөл цаашаа хэрэгжээд явж байгаа давж заалдах шатны шүүх тодорхой хэдэн байгууллагаас тодруулсан шийдэлд хүрэхүйц баримт төрийн байгууллагуудаас ирээгүй төрийн байгууллага урт нэртэй хуулиар төрийн үйлдсэн эс үйлдэхүйгээс хамаараад хуулийн этгээдийг буруутгаад захиргааны ерөнхий хуулийн 26,  27, 28-д заасан сонсох ажиллагаа хийгдээгүй. Олон үйл баримт холилдсон байгаа учир захирамж 2,3 зүйл нь хууль зөрчсөн байгаа.

Хяналтын хорооны дүгнэлтийг харж цуцалсан гээд байгаа, 2022 онд цуцалж болох юм уу гэдгийг харах ёстой. Манайхыг цуцалснаар хохирол илүү болно. Хангай хотхонд орсон иргэдийг яах уу, түрээсийн байранд байгаа иргэдийг яах уу маш олон асуудал үүний араас бий болсон. Бид нарт тэр шаардлагаа тавиад явахад 6 сарын дараа  ажлаа хийгээгүй бол цуцлахад асуудал алга захирамж асуудалтай байгаа учраас Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бшүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

Нэхэмжлэгчийг Нийслэлийн Засаг даргын ****оны ********** дугаар захирамжаар **** дүүрэг ** дугаар хороо, Ам орчмын /Г багц/-ын талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан.

Тус талбай нь 15,2 га талбайтай, 228 нэгж талбараас 48 нэгж талбарыг чөлөөлсөн. “Г***" ХХК нь 2013 оноос хойш өнөөг хүртэл хугацаанд 2 барилгын суурь ухсан өөр ажил хийгээгүй. Газар чөлөөлсөн 29 өрхийг Хангай хотхонд түр байршуулсан гэрчилгээ гараагүй, 19 өрх түрээсийн байранд амьдарч байгаа бөгөөд “Г***" ХХК түрээсийн төлбөрийг төлөхгүй иргэдийг хохироосоор байсан.

Газраа чөлөөлсөн иргэн Ц.Б, Д.М, Л.Снар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2018 онд нэхэмжлэл гарган Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэг үүссэн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 687 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2020 оны 141 дүгээр тогтоолоор ********дүүргийн 12 хорооны нутаг дэвсгэр Г багцын хэрэгжүүлэгч “Г***” ХХК нь ГХДТ/2013/***, ГХДТ/2013/***, ГХДТ/2013/****тоот гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болохыг тогтоож, гуравдагч этгээд болох “Г***" ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, Д.М, Ц.Б  нарын байгуулсан гурван талт гэрээг цуцалж, нэхэмжлэгч нарын газар өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан олгохыг хариуцагч нарт даалгаж, ГХДТ/2013/****, ГХДТ/2013/**** тоот гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 27,300,000 төгрөгийг ГХДТ/2013/**** тоот гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 17,300,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.М-т олгохыг хариуцагчаас гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 3, төгрөгийг хариуцагчид даалгасан.

Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн дагуу Нийслэлийн Засаг
даргын **** оны ** дугаар сарын **-ний өдрийн *********дугаар захирамжаар гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хэрэгжилтэд хяналт тавих, төслийн хэрэгжилттэй холбоотой гомдол, саналыг хэлэлцэх, нөхөн олговрын хэмжээг тогтоох зорилгоор үнэлгээ хийх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Хяналтын хороо байгуулсан.

Тус Хяналтын хороо 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хуралдаж ********дүүргийн 12 дугаар хороонд төсөл хэрэгжүүлэгч "Г***” ХХК-ийн төслийн явцыг хэлэлцээд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 687 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2020 оны 141 дүгээр тогтоолыг үндэслэн гэр хорооллын дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгараад ажил хийгдээгүй, төслийн явц хангалтгүй байгаа ********дүүргийн 12 дугаар хороо, А орчмын 15,2 га талбайд төсөл хэрэгжүүлэгч “Г***" ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах, газраа чөлөөлөн амьдрах орчин хүндэрсэн 48 өрхийг түр суурьшуулах орон сууцаар хангах асуудлыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Тус саналыг дагуу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22.5 дахь хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар батлагдсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам"-ын 5.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай **********дүгээр захирамж гарсан.

Нэхэмжлэлд дурдсан Улсын Дээд шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 04/*** дугаар албан бичиг нь эрх цуцалсан **********дүгээр захирамж гарсны дараа ирсэн бөгөөд маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны хэргийн дээрх 3 шатны шүүхийн шийдвэрээс гадна төсөл хэрэгжүүлэгч Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар батлагдсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам"-ын 5.2-т заасан гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төлөвлөгөөний дагуу ажил гүйцэтгээгүй тул төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан.

Иймд маргаан бүхий захиргааны актыг нийслэлийн Засаг дарга хууль, журамд заасан өөрт олгосон эрх хэмжээний хүрээнд гаргасан захирамж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээг заасан байдаг энэхүү хуулийн зорилго төслийн зорилго нь агаар, хөрсний бохирдлоос арилгаж гэр хорооллын газрыг дахин төлөвлөж орон сууц, барилгажуулах инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц ороогүй газар инженерийн шугам ашиглах, нийслэлийн төсвөөр барих бүтэц гаргаж орон сууц барих үндсэн зорилттой төсөл юм. Ийнхүү  2015 онд батлагдсан хууль байдаг.

Үүнээс өмнө Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны */** дүгээр, 2014 оны 23 дугаар тогтоолоор зохицуулагдаж байгаад 2015 онд энэ хууль батлагдсан. Нэхэмжлэгчид энэ хууль батлагдахаас өмнө 2013 оны Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын */** дүгээр тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байх үед төсөл хэрэгжүүлэх эрхийг авсан. Тухайн үед 3/**, **дугаар тогтоолоор сонгон шалгаруулалт зарлаад материалаа ирүүлсэн компанийг Нийслэлийн Засаг дарга төслийг хэрэгжүүлэх эрхийг олгодог. Эрх олгосны дараагаар тухайн төслийн байршил дээр инженерийн шугам сүлжээ хийх хөрөнгө нь нийслэлээс гараад тэр ажлыг хийх давуу эрх нь 23 дугаар тогтоолоор төсөл хэрэгжүүлэгч компанид олгож болно гэдэг тухай заалт байсан.

Нэхэмжлэгч мөн энэ заалтынхаа дагуу тухайн төслийн байршил дээр нийслэлийн төсвийн хөрөнгөөр инженерийн шугам сүлжээ авах ажлын ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан байдаг. Ингэж шалгарахдаа нарийн тусгай эрхтэй хэд хэдэг компаниудтай хамтраад гэрээ байгуулаад гүйцэтгээд явсан байдаг. Энэ болохоор нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, захиалагчийн хяналтаар явдаг ажил байгаа. Энэ дээр нийслэлээс тодорхой хэмжээний олговол зохих мөнгөнүүдийг олгож байсан талаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас 2023 онд шүүхэд ирүүлсэн албан бичигт дурдсан байна. Энэхүү албан бичиг дээр нэхэмжлэгч нь түншлэлээр орсон Ханлиг компанитай маргааны улмаас гэрээг сунгах боломжгүй байна гэдэг тайлбар байгаа, компани хоорондын маргааны улмаас гэрээ байгуулах ажил сунжраад байна. 

Ерөнхийдөө инженерийн шугам сүлжээ орсон, одоо багахан хэмжээний зүйл байгаа юм. 2015 оны хууль батлагдаад Нийслэлийн Засаг дарга өмнөх журмаар энэ төслийн зохицуулалт явагдаад дуусчихсан, төсөл хэрэгжүүлэх эрхээ авчихсан байсан. Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний дагуу хариуцагч хийх ёстой зүйлээ хийсэн, гурван талт гэрээ байгуулсан, нэхэмжлэгчтэй удаа дараа уулзсан.

Иргэдээс гомдол ирсэн Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд тусгасан Хяналтын хороо нь төслийн талбай дээрх үйл ажиллагаа, төслийн үйл явцын мэдээллийг сонсох, хяналт тавих чиг үүрэгтэй.

2021 оны 08 дугаар сарын Хяналтын хорооны хурлаар төсөл хэрэгжүүлэх эрхийг нь цуцлах тухай саналыг Нийслэлийн Засаг даргын эрхээр шийдсэн. Нийслэлийн Засаг даргын захирамж хагас жилийн дараа гарсан байдаг.

Засаг дарга 2022 онд захирамж гарахын өмнө төслийн үйл ажиллагааны явцтай танилцаж, нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал н.Мөнхцэцэг гэдэг хүнтэй хэд хэдэн удаа уулзсан зөвшилцөлд хүрэх гэж оролдсон, Хяналтын хорооны хуралд хэд хэдэн удаа орсон, танайх төслөө хэрэгжүүл гэж ярилцсан боловч тодорхой шийдэлд хүрээгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч маань энэ хуулийн дагуу календарчилсан ерөнхий төлөвлөгөөг батлуулах ёстой атал төлөвлөгөөг батлуулаагүй, хэрэглэгчтэй гурван талт гэрээ байгуулах ёстой байсан ч гурван талт гэрээг байгуулаагүй бөгөөд хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой.

Ерөнхий төсөл хэрэгжүүлэх хугацааг анх Нийслэлийн Засаг даргын захирамж олгосон 2013 оноос тооцож байгаа, компанийг “Б г” ХХК худалдаж авсан эсэх, төсөл хэрэгжүүлэх эрхийг анх олгохдоо ч тэр төслийг цуцлуулсан дотор ч тэр оролцож болно гэсэн зохицуулалт байхгүй.

Гурван талт гэрээ байгуулсан иргэд Нийслэлийн засаг даргад гомдож байна. Гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх хэрэгтэй. Гурван талт гэрээгээр төслийн талбар дээр ашиглалтад орох, орон сууц цаг хугацаанд нь 50м.кв, 70м.кв байр өгнө гэж 3 талт гэрээг байгуулчихаад, “Б г” ХХК-ийн барьсан Хангай хотхон дотор 70м.кв өгнө гэж тохирсон хэр нь яагаад 20м.кв, 30м.кв жижиг байр өгөөд байгаа юм. Иргэдийн эрх ашиг сонирхлыг яагаад хохироогоод байгаа юм энэ үйл ажиллагаагаа нэг мөр болгооч төслийнхөө үйл ажиллагааг явуулаач ээ гэдгээр үндсэн шаардлагаа гаргасан.

 Нэхэмжлэгч маань энэ тал дээр дорвитой шийдвэр гаргаагүй. Хэрвээ ингэж хийхгүй бол төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааг цуцлах бодитой нөхцөл байдал байгаа. Мөн календарчилсан төлөвлөөгөө батлуулаад ирүүлээрэй гэхээр ирүүлдэггүй ингэсээр байгаад  2021 оны 08 дугаар сарын Хяналтын хорооны хурлаар төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлаад 6 сар буюу 2022 оны 2 дугаар сар хүртэл хэд хэдэн удаа нэхэмжлэгчтэй уулзсан боловч тохиролцоонд хүрээгүй учраас Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан байдаг.

2022 оны 2 дугаар сард төслийн байршил болох газар дээр үзлэг хийхэд 2 барилгын карказ нь нэлээн өндөр байсан. 2021 оны 08 дугаар сард 1 давхарт, 2022 онд нэг нь нэг давхартаа 1 давхар нөгөө нь 2 давхар, ийм нөхцөл байдалтай байлгаад байсан. Түүнчлэн энэ төсөл хэрэгжүүлэх эрхийг нь цуцалсны дараагаар 1 давхартаа 2 давхрын хэмжээтэй байсан байшингийн карказ дээшээ 10 хэдэн давхар болоод явсан, төслийг цуцалж байхад 10 хэдэн давхар байгаагүй юм. Нэхэмжлэгч тал хэлж байна 3 иргэдийн асуудал Хяналтын хороогоор орсон нэхэмжлэгч тал оршин суугчдын зардлыг өгөөгүй учраас нэхэмжлэгчийг хариуцагчаар татаад шүүхийн шийдвэр гарсан. Зөвхөн манай төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан захирамж бол дан ганц иргэний гомдлоор үүссэн асуудал биш журмаар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна гэх үндэслэлээр л цуцалж байгаа болохоос маргаан бүхий актын захирамжийн үндэслэх хэсэгт энэхүү шүүхийн шийдвэрийг бичээгүй.

Магадлал дээр дурдсан 48 нэгж талбайг чөлөөлж өгсөн яагаад шүүхийн шийдвэр бодитой хэрэгжих нөхцөл байдал үндэслэлгүй байна гэхээр бид газрын үзлэг дээр очсон 2 ширхэг байшингийн карказ хашааны ард талдаа бусад нэгж талбар 1, 2, 3 гээд нэгж талбарыг чөлөөлсөн байдаг. Тэр чөлөөлсөн нэгж талбарууд дээр инженерийн дэд бүтэц, цахилгаан станц тухайлбал, ийм зүйл барьсан гээд газар чөлөөлөлтийн тухай иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3/**, **дугаар тогтоолоор газар чөлөөлөлтийн төсөл хэрэгжүүлэгч газрыг чөлөөлөх, түүн дээр барих инженерийн дэд бүтцийн хөрөнгийн асуудлыг нийслэл өгөх журам зохицуулалт байсан, нэхэмжлэгч тал үүний дагуу хийсэн, тэрнээс биш тэр чөлөөлсөн нэгж талбар дээр барьсан цахилгаан түгээлтийн барилга бол нэхэмжлэгчийн өөрийн хөрөнгөөр барьсан зүйл биш төслийн хүрээнд нийслэлийн зүгээс хийх, нийслэлийн Засаг дарга инженерийн шугам сүлжээний зардлыг хариуцаж хийх ёстой үүнийхээ дагуу л хийсэн зүйл байгаа.

Журмын 5.2 дээр 2021 онд нэмэлт өөрчлөлт орсон. Нэмэлт өөрчлөлт орохдоо төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаа, төсөл хэрэгжүүлэхээр сонгосон газрыг төсөл хэрэгжүүлэхээс өөр зориулалтаар ашигласан мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон, хуучин тэр хугацаа нь байсан. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.7.2а-д “газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, эрх шилжүүлэлт, нэгж талбарын өөрчлөн зохион байгуулалт, нөхөх олговор, газраараа хувь нийлүүлэх, төслийн санхүүжилт, төсөл хэрэгжүүлэх арга хэмжээний болон газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийг нүүлгэх, түр суурьшуулах асуудлыг бүрэн тусгасан төлөвлөгөө боловсруулах” гэж зааснаар төслийн талбайд байгаа үл хөдлөх хөрөнгө эзэмшигч нартай саналыг тусгасан календарчилсан төлөвлөгөө байх ёстой,  энэ төлөвлөгөөнд хугацааг 2 талт, 3 талт гэрээ байгуулж баталгаажуулдаг.

Энэ газрыг чөлөөлнө, эхний блок, 2 дугаар блок ашиглалтад орно гэсэн нарийвчилсан хугацааг энэ төлөвлөгөө дээрээ зохицуулсан байх ёстой.

Нэхэмжлэгч энэ төлөвлөгөөгөө боловсруулаад Нийслэлийн Засаг даргад батлуулах хүртэл ийм төлөвлөгөө байхгүй. Нийслэлийн Засаг даргын зүгээс Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээд явж байгаа дэд бүтцийн хөрөнгө мөнгөний асуудлыг нь шийдээд гүйцэтгэгч нь нэхэмжлэгч байгууллага өөрөө байгаа.

  Түүнчлэн иргэдийн эрх ашгийг хохироосон зүйл байхгүй гэсэн, манай дээр эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн иргэд, зарим иргэд нь уйлаад ирдэг.

 2013 оноос газар нэгж талбарыг нь чөлөөлөхөд бид 3, 4, 5-уулаа байсан одоо өсөж үржээд 6, 7, 8-уулаа олуулаа болчихлоо түр суурьшуулсныхаа байранд багтаж шингэхгүй байна түр суурьшуулсныхаа зардал сарын 500.000 төгрөг байсан бол одоо юмны үнэ өсөөд энэ дээр төлбөрийг нь нэмж чадахгүй байна, нэхэмжлэгч төлбөрөө өгч чадахгүй байгаа, мөн надад энэ төслийн байршил дээр байгаа барилгад 70м.кв байр өгнө гэчхээд Хангай хотхонд 30м.кв байр өгсөн би байранд багтаж шингэж чадахгүй байна гэж ярьдаг. Иргэдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөхгүй байгаа биш хөндөгдөж байгаа.

Төрийн байгууллага 2013 онд нэхэмжлэгч талд төсөл хэрэгжүүлэх эрхийг олгосон 8, 9 жилийн хугацаанд төрийн байгууллага удаа дараа уулзсан 2021 он, 2022 онд л тухайн орон сууцны суурийг хийсэн, 2021 онд нэг карказ барьсан өөрсдөө дур мэдээд 10 давхар гаргаад явсан энэнээс илүү төрийн байгууллага төслөө хэрэгжүүлээч гэдгээс өөр юуг хүсээд байгаа юм ойлгохгүй байна. Төр төсөл хэрэгжүүлэх эрхийг нь цуцлаад дараагийн төслийн компанийг сонгоод 1, 2 жилийн дотор барьж дуусгана, инженерийн шугам сүлжээг хотын төсөв тавьж ажиллах шаардлага тавина тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч гэж хүсэж байна.” гэв.

          ҮНДЭСЛЭХ нь:

Нэг.Маргааны зүйл, төрөл

1.1.Энэхүү маргаанд гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах захиргааны төлөвлөлт, төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой захиргааны гэрээнээс үүссэн  “эрх цуцалсан” үйл баримт хэлэлцэгдсэн болно.

Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

2.1.Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэн Нийслэлийн Засаг даргын **** оны ** дугаар сарын **-ний өдрийн **********дүгээр захирамжийг дахин шинэ акт гартал 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

2.2.Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн **********дүгээр захирамжаар “Төсөл хэрэгжүүлэгч “Г***” ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн барилгажилтын ажлыг 6 сар хүртэл хугацаанд эхлүүлээгүй, газар, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгчтэй байгуулсан гурван талт гэрээний үүргийн биелэлт хангагдаагүй тул Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2020 оны 141 дүгээр тогтоолын дагуу” гэх үндэслэлүүдээр тус компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж шийдвэрлэжээ.

2.3.Нэхэмжлэгч “Г***” ХХК нь нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын **** оны ** дугаар сарын **-ний өдрийн **********дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ, дахин төлөвлөлт хийх талбайд 48 айлын газрыг чөлөөлж, Хангай хотхонд байр олгосон, шүүхийн шийдвэрээр иргэн н.Б, Д.М нарын нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн нь зөвхөн тухайн иргэдийн чөлөөлсөн талбайд хамаарахаар байтал дахин төлөвлөлт хийх эрхийг бүхэлд нь хүчингүй болгосон нь хууль бус гэх агуулгаар маргаж байна.

2.4.Энэхүү хэргийн үйл баримтаас дүгнэвэл, Нийслэлийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд үндэслэн, ********дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэр, А орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл /цаашид "Төсөл” гэх/ хэрэгжүүлэгчээр “Г***” ХХК-ийг шалгаруулсан ажиллагаа, үүний дараахь төсөл хэрэгжүүлэх бүх  үе шатны ажиллагаа нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын харилцан бие биенээсээ шууд хамааралтай байхад  хариуцагч Нийслэлийн Засаг даргаас  дан ганц нэхэмжлэгч “Г л” ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж буруутган төсөл хэрэгжүүлэх эрхийг нь цуцалсан нь үндэслэлгүй болох нь доорх үйл баримтаар нотлогдож байна.

 2.5.Тухайлбал, Нийслэлийн Засаг даргаас 2013 онд “Г***” ХХК-ийг ********дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэр, А орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгаруулахдаа Нийслэлийн Засаг дарга, түүний харьяа агентлаг, газруудын өөрсдийнх нь нарийвчилсан буюу нэхэмжлэгчийг буруутгахуйц төлөвлөлт, төлөвлөгөө байхгүй, төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай Нийслэлийн Засаг даргаас санхүүжүүлэх санхүүжилтээ бүрэн, төлөвлөлт бүхий байдлаар  шийдвэрлээгүй байсан болох нь тогтоогдож байна.

2.6.Нөгөө талаас нэхэмжлэгч “Г л” ХХК-ийн гэр хорооллыг барилгажуулах дахин төлөвлөлтийн сонгон шалгаруулалтад орж шалгарсан гэх төсөл, төлөвлөгөө нь анхнаасаа огт  байгаагүй буюу уг газарт ямар зохион байгуулалт төлөвлөлтөөр, ямар санхүүжилтийн эх үүсвэрээр барилгажуулах, хэдэн айлын газрыг, ямар хугацаанд  чөлөөлөхөөр хэдэн иргэнтэй тохирсон талаар судалгаа, мэдээлэл байхгүй зэрэг олон асуудал  нь тодорхойгүй байхад тус компанийг төсөл гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан нь Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 4 дүгээр зүйлийн 4.2.2-т заасан “илт тод байх” зарчим, эрх зүйн “шударга ёсны” зарчимд нийцээгүй, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай /2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдсөн/ хуулийн үзэл санаанд нийцээгүй учраас нэхэмжлэгчийг төслийг 6 сарын хугацаанд хэрэгжүүлээгүй, эсхүл гэрээний үүргийн биелэлтийг хангалттай гэж шүүхээс дүгнэх боломжгүй болгож  байна.

2.7.Ийнхүү 2013 онд төсөл, төлөвлөгөө, төлөвлөлт байхгүй  компанийг төсөл гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан байх хэдий ч энэхүү төслийн ажлыг  “Г л” ХХК нь 2013 оны 05 дугаар сараас  Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ, гурван талт гэрээ байгуулах ажлаар эхлүүлсэн болох нь нийт хийгдсэн 289  гэрээгээр нотлогдлоо.

2.8.Эндээс үзвэл эхний гэрээ 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдөр, сүүлийн гэрээ нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тус тус байгуулагдсан байгаагаас үзвэл гэрээ байгуулах үйл явц 7 жил гаруй үргэлжилсэн, нийт гэрээний дагуу 48 нэгж талбарыг чөлөөлсөн, харин чөлөөлөх ажиллагаанд захиргааны байгууллагын туслалцаа байгаагүй, энэхүү олон иргэдтэй газар чөлөөлж, орон гэрийг нь нүүлгэн шилжүүлэх талаар гэрээ байгуулах ажиллагаа нь 1 сар, 1 жилийн дотор хийгдэх бодит бололцоо, нөхцөл байхгүй байсан болох нь уг гэрээг байгуулсан хугацаагаар нотлогдсон гэж үзэв.

2.9.Ийнхүү төсөл хэрэгжүүлэгч “Г л” ХХК-ийг хоёр болон гурван талт гэрээ байгуулж байх явцад буюу 2015 онд Улсын Их Хурлаас Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль батлагдсанаар[1] гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах  ажиллагаа нарийвчлан журамлагдсан байна.

2.10.Тухайлбал, тус хуулиар хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны төрөл, төслийг хэрэгжүүлэх үе шатууд, гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах, төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа, төсөлд тавигдах шаардлага зэргийг хуульчлан тогтоожээ.

2.11.Ийнхүү гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах  ажиллагаа нь 2015 онд хуульчлагдан батлагдсан байхад уг хугацаанаас хойш Нийслэлийн Засаг даргаас хуульд нийцүүлэх зарчмаар  төсөлд тавигдах шаардлагыг хангуулаагүй, хот, суурин газрыг дахин хөгжүүлэх ажлыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг  төсөвтөө тусгаагүй, иргэдийн төлөөллийн байгууллага байгуулахыг төсөл хэрэгжүүлэгчээс шаардаагүй, төсөл хэрэгжүүлэгч “Г л” ХХК-ийг шугаман төлөвлөгөөгөө батлуулах шаардлага хүргүүлж байгаагүй, Орон сууцны  бодлогын газар хүргүүлсэн төлөвлөгөөг нь батлаагүй буюу хуулийг мөрдөж ажиллаагүй буруутай ажиллагаа байгаа болох нь тогтоогдож байна.

2.12.Тодруулбал, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “Төсөл нь дараах шаардлагыг хангасан байна” гээд “энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчимд нийцсэн байх; хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдсан байх; төсөл хэрэгжүүлэх талбайг энэ хуулийн 8.1.6-д заасан журмын дагуу сонгосон байх; сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувийн зөвшөөрөл авсан байх; төсөл хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн байх; төсөл хэрэгжүүлэх хугацааг тодорхойлсон байх; газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, эрх шилжүүлэлт, нэгж талбарын өөрчлөн зохион байгуулалт, нөхөх олговор, төслийн санхүүжилт, төсөл хэрэгжүүлэх арга хэмжээний болон газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийг нүүлгэх, түр суурьшуулах асуудлыг бүрэн тусгасан төлөвлөгөө боловсруулсан байх” зэрэг шаардлагуудыг тогтоосон байхад Нийслэлийн Засаг даргаас энэ хуульд нийцүүлэн “Г л” ХХК-ийн үйл ажиллагаанд уг шаардлагын хангуулаагүй байна.

2.13. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.2.а-д “газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, эрх шилжүүлэлт, нэгж талбарын өөрчлөн зохион байгуулалт, нөхөх олговор, газраараа хувь нийлүүлэх, төслийн санхүүжилт, төсөл хэрэгжүүлэх арга хэмжээний болон газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийг нүүлгэх, түр суурьшуулах асуудлыг бүрэн тусгасан төлөвлөгөө боловсруулах” гэж, мөн зүйлийн 14.7.2.б-д “энэ хуулийн 14.7.2.а-д заасан төлөвлөгөөг газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчтэй зөвшилцөн, саналыг тусган эцэслэн боловсруулах” гэж заасан байна.

2.14.Гэтэл Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд нийцүүлж,  нэхэмжлэгч “Г л” ХХК нь уг чөлөөлөгдсөн газар дээрээ ямар төлөвлөлттэй, ямар архитектурын шийдэлтэй, ямар эскиз болон ажлын зурагтай барилга байгууламж барих талаар өөрөө баталсан төлөвлөлт, төлөвлөгөө байхгүй, тэр байтугай уг төлөвлөлтөөр барих “төсөөллийн ч байж болох” зураг төсөл ч байхгүй үйл ажиллагаа явуулж, үүнд нь Нийслэлийн Засаг даргаас хуульд нийцүүлэх төсөл төлөвлөгөө батлуулахыг шаардах үүргээ биелүүлээгүй гэж үзлээ.

2.15.Ийнхүү Нийслэлийн Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэх чадвартай болох нь баталгаагүй “Г л” ХХК-ийг сонгон шалгаруулсан, үүнийг нарийвчлан зохицуулсан хууль, журам байгаа хэдий ч, 2015 онд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль батлагдсанаар тус компанийн үйл ажиллагаа хуульд нийцүүлэх ажиллагааг явуулаагүй, ингэж шаардаагүй үйлдэл нь Нийслэлийн Засаг даргын болон “Г л” ХХК-ийн аль алины буруутай  үйл ажиллагаа болох нь тогтоогдсон гэж дүгнэж байна.

2.16.Төсөл хэрэгжүүлэгч “Г***” ХХК нь 240 айлын 2 блок орон сууцны барилгад 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ДТ 1******* дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 3 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус авсан, барилга байгууламжийн тэг тэнхлэгийг газар дээр байгуулсан актыг 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр үйлдсэн боловч уг барилгын ажил 10 орчим давхар нь цутгалт хийгдсэн, гүйцэт баригдаагүй байгаа болох нь  шүүхээс явуулсан үзлэгээр тогтоогдсон.

2.17.“Г***” ХХК-ийн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ сунгагдаагүй, дахин олгогдоогүй болох нь нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1 тоот албан бичгээр тогтоогдсон ба нэхэмжлэгч энэ талаар маргаагүй болно.

2.18.Харин төсөл хэрэгжүүлэгч нь Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын “Тав” зүйлийн 5.2-т “... барилгын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл авснаас хойш 6 сар хүртэлх хугацаанд барилгын ажлыг эхлүүлээгүй байсан болох нь Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын 2018 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр 03/***тоот албан бичгээр “...барилга угсралтын ажлыг эхлүүлэх үүрэг өгсөн хугацаанд төслийн ажлыг эхлүүлээгүй тохиолдолд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах арга хэмжээ авах” гэдгээ мэдэгдсэн, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 03/24 тоот албан бичгээр “... төслийн ажлыг хэт удаашруулсан, ... гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн тул Хяналтын хорооны хурлын шийдвэрийн дагуу зөрчил арилгах 20 хоногийн хугацаа тогтоосон”, Хяналтын хорооны 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд хуралдаан оролцсон иргэн Төмөр: “... гарын үсгээ зураад гэрээгээ байгуулаад газраа чөлөөлж өгсөн. Түүнээс хойш 8 жил өнгөрч байна” гэсэн, иргэн Цэдэндамба: “... Ингээд 8 жил болоод юм баригдсангүй. Би 136 метр квадрат байр авна гэж тохирсноос 40 метр квадратыг авсан, ордер байхгүй, ... сууцтай гэж хэлэхээргүй байна”, иргэн Алтанзул: “... манайх 2013 онд газраа чөлөөлж өгсөн, ... бид хийсэн гэрээнийхээ дагуу байр олгоно гэсэн хүсэлтээ л хүлээж байна...” гэснээр тус тус  тогтоогдов.

2.19.“Г***” ХХК нь ********дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, А орчим /Гбагц/-ын гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр 2013 онд шалгарч нэр бүхий иргэдтэй 2 болон 3 талт гэрээг мөн онд байгуулсан, иргэдийн газрыг 48 нэгж талбарыг чөлөөлүүлж авсан атлаа 2021 он хүртэл нэгээс бусад хэсэгт барилгын ажлыг эхлүүлээгүй, үүндээ хариуцагч Нийслэлийн Засаг даргыг буруутган “инженерийн шугам сүлжээ тавих ажлаа санхүүжүүлээгүй” гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна.

2.20.Учир нь  Нийслэл хотын төсвийн хөрөнгөөр ********дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, А орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд зориулж  одоо баригдаж буй 2 барилга руу дулааны болох цэвэр усны шугам сүлжээ тавигдсан талаар нэхэмжлэгч маргаагүй, шүүхийн үзлэгээр тогтоогдсон 3 өөр байрлалд баригдсан  ЦТП байгууламжийн санхүүжилтийг  Нийслэлийн төсвийн хөрөнгөөс гаргасан болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас  няцааж чадаагүй, өөрийн хөрөнгөөр барьсан гэх ийм нотлох баримт гаргаагүй тул Нийслэлийн Засаг даргаас Төслийг хэрэгжүүлэхэд  шаардлагатай хөрөнгийг огт гаргаагүй гэж үзэх үндэслэл байхгүй болох нь нотлогдлоо.

2.21.Шүүхийн шаардсанаар нэхэмжлэгч нь Төслийг хэрэгжүүлэх санхүүгийн чадвартайгаа нотлохоор  гаргаж өгсөн баримтаас дүгнэвэл, тус компани 2020, 2021, 2022, 2023 оны хугацаат санхүүгийн тайлангаа шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй, харин тус Төслийг санхүүжүүлж дуусгах хүртэл хөрөнгө оруулж, санхүүжүүлэхээр хамтран ажиллана гэх “Г” ХХК-ийн 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг гаргаж өгсөн.

2.22.Гэвч  “Г” ХХК-тай Төсөл хэрэгжүүлэхээр хамтран ажиллахаар байгуулсан гэх гэрээ байхгүй байна.

2.23.Мөн Төсөл хэрэгжүүлэх санхүүгийн чадавхтайгаа нотлох баримтаар Нийслэлийн орон сууцны корпорацын Хятадын машин механизмын инженерчлэлийн корпорац хооронд байгуулсан 2018 оны Санамж бичиг, Хятадын машин механизмын инженерчлэлийн корпорацын англи хэл дээрх захидал, “Г л” ХХК-иас Хятадын машин механизмын инженерчлэлийн корпорацид бичсэн албан бичгүүдийг ирүүлсэн зэргээс үзвэл эдгээр баримт нь тус компанийг Төслийг өөрийн болон бусдын хөрөнгөөр санхүүжүүлэх чадвартай гэдгийг хангалттай нотлохгүй байна гэж үзсэн.

2.24.Нэхэмжлэгч “Г л” ХХК нь Төсөлтэй холбоотой саналаа дараахь байдлаар гаргаж байсныг хүснэгтээр харуулбал:

 

Д/д

Хэнд

Огноо

Албан бичгийн дугаар

Утга

1

Гэр хорооллын дэд бүтцийн газрын даргад

2018.04.17.

13

1/Төсөл хэрэгжүүлэх бэлтгэл ажлуудаа бүрэн хангасан.

2/Сүүлийн 2 жил макро эдийн засаг хямарсан.

3/Хятадын машин механизмын инженерчлэлийн корпора-цитай төсөлд хамтран ажиллахаар санамж бичиг зурсан.

4/барилга угсралтын ажил эхлэх хугацааг 2018..06.01 хүртэл хойшлуулж өгөх. /ХХ-3-н 194-195 дахь тал/

2

Нийслэлийн гэр хороолол, дэд бүтцийн газарт

2018.07.30.

36

1/Чөлөөлсөн талбайд барилга угсралтын ажил эхлүүлсэн.

2/хэд хэдэн асуудлыг тодруулж өгөх. /ХХ-3-н 197 дахь тал/

3

Гэр хорооллын дэд бүтцийн газарт

2018.08.14.

40

Ерөнхий төлөвлөгөөг 2 хэсэг дээр  батлуулж, архитектур төлөвлөлтийн даалгавар  авах хүсэлт гаргасан боловч гараагүй.

Дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсье. /ХХ-3-н 196 дахь тал/

4

Гэр хорооллын дэд бүтцийн газарт

2018.08.14.

41

Төслийн гадна инженерийн шугам сүлжээний ажлын гэрээг сунгах болон үлдэгдэл хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхэд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар болон бусад холбогдох газар албадтай хамтран ажиллаж, бидний ажилд туслалцаа үзүүлэх. /ХХ-3-н 198 дахь тал/

5

Гэр хорооллын дэд бүтцийн газарт

2018.10.30.

54

Танайд хадгалагдаж байгаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний эх хувийг олгох. /ХХ-3-н 199 дэх тал/

6

Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газарт

2019.01.14.

19/05

 1/Төслийн гадна талын инженерийн шугам сүлжээний ажлын гэрээг сунгах ажил бэлтгэл шатны ажлууд хийгдэж байна.

2/Гэрээг сунгахад татгалзах зүйлгүй талаарх албан бичгийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар гаргаж өгөх. /ХХ-3-н 202 дахь тал/

7

Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газарт

2019.01.22.

19/08

7 иргэнийг Нийслэлийн дамжин өнгөрөх түр орон сууцанд хамруулж өгөх. /ХХ-3-н 200 дахь тал/

8

Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газарт

2019.01.22.

19/09

Нэр бүхий иргэдийн гэрээ, гэрчилгээг эх хувиар түр олгох. /ХХ-3-н 201 дэх тал/

9

Нийслэлийн орон сууцны дэд бүтцийн газрын даргад

2019.06.05.

33

1/Барилга угсралтын ажлын графикийн дагуу 2019 оны 10 сард багтаан дулаанаа авах шаардлагатай байгаа тул танай зүгээс гадна шугам сүлжээний ажлыг гүйцээн дуусгах.

2/улсын комисст хүлээлгэн өгөхөд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх. /ХХ-3-н 203 дахь тал/

10

Нийслэлийн орон сууцны дэд бүтцийн газарт

2020.06.17.

45

1/Манай төслийн инженерийн дэд бүтцийн шугам сүлжээний барилаг угсралтын ажлыг үргэлжлүүлэн дуусгах нь манай ажлыг саадгүй үргэлжлүүлэх боломж бүрдэнэ.

2/Танай зүгээс дэмжлэг үзүүлэх шаардлагатай. /ХХ-3-н 205 дахь тал/

11

Нийслэлийн орон сууцны дэд бүтцийн газарт

2020.09.28.

20/58

1/Дэд төсөл хэрэгжүүлэгчээс бэлтгэл шатны ажлыг хангаж байна.

2/ Газар чөлөөлсөн иргэдээс гарсан гомдлыг шийдвэрлэсэн. /ХХ-3-н 206 дахь тал/

12

Нийслэлийн орон сууцны дэд бүтцийн газарт

2021.04.05.

21/11

1/ 2 блок орон сууцыг 2022 оны 1 дүгээр улиралд ашиглалтад оруулна.

2/Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, техникийн нөхцөлийг сунгаж өгөх.

3/Инженерийн дэд бүтцийн шугам сүлжээний барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн дуусгах. /ХХ-3-н 209 дэх тал/

13

Нийслэлийн орон сууцны дэд бүтцийн газарт

2021.06.02.

21/18

Газар чөлөөлсөн иргэдэд Хангай хотхоны орон сууцнаас өгсөн. /ХХ-3-н 207 дахь тал/

14

Нийслэлийн орон сууцны дэд бүтцийн газарт

2021.10.08.

94/21

240 айлын 2 барилга дээрээ лабораторийн дүгнэлт гаргуулснаа хүргүүлсэн. /ХХ-3-н 210 дахь тал/

 

2.24. Дээрх албан бичгүүдээс үзвэл “Г л” ХХК Төслийг үргэлжлүүлэх хүсэл зоригоо илэрхийлж байсан  боловч, төслийг хэрэгжүүлэх талаар тодорхой санал, төлөвлөгөө гаргаж байгаагүй, харин тус компанийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ний өдрийн 21/11 дугаартай албан бичгээс үзвэл Нийслэлийн Засаг дарга нь инженерийн дэд бүтцийн шугам сүлжээний барилга угсралтын ажлыг дуусгаагүй байсан гэдэг нь тогтоогдсон гэж үзэв.

2.25.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс “нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэх гадна шугам сүлжээний хөрөнгө оруулалт хийгдээгүйгээс ажил удааширсан” гэснийг  хариуцагч Нийслэлийн Засаг дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “2 барилга барьж байгаа хэсэг рүү дулааны шугам татсан байсан, бусад барилгажаагүй хэсэг рүү шугам татах нь эдийн засгийн үр ашиггүй байгаа” гэх агуулга бүхий тайлбар гаргасан нь Нийслэлийн Засаг даргаас уг Төслийн инженерийн байгууламж барьж байгуулахад шаардагдах санхүүжилтийг тухайн үед төсөвтөө бүрэн тусгаж, санхүүжилт бүрэн хийснээ нотлох баримтаар нотолж чадаагүй гэж үзсэн.

2.26.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Г л” ХХК-ийг Төслийг хэрэгжүүлэх ажиллагааг явуулаагүй, гурван талт гэрээний үүргээ биелүүлээгүй гэх хугацааг 2013 оноос тоолсон болох нь тогтоогдсон.

            Гурав.Маргаан бүхий захиргааны актыг хянаж, дүгнэлт өгсөн тухайд:

3.1.Маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын14-ний өдрийн  **********дүгээр захирамж нь төсөл хэрэгжүүлэгч болон төсөлд оролцогч, түүнчлэн захиргааны байгууллагын хоорондын гэр хорооллыг орон сууцжуулсны үндсэн дээр иргэдийн эрүүл, аюулгүй таатай орчинд амьдрах нөхцөлийг хангах зэрэг нийгмийн шаардлагаар нийтийн ашиг сонирхлыг хэрэгжүүлж байгуулагдсан  “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ”-г цуцалж шийдвэрлэсэн шийдвэр бус, харин төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан шийдвэр байна.

3.2.Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т “Гэр хороололд инженерийн бэлтгэл ажил, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, орон сууц, нийтээр ашиглах барилга байгууламж барих, тохижилт хийх, эдийн засаг, нийгэм, байгаль орчны зохистой харьцааг хангах зорилгоор гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулна” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т “Төлөвлөлт гэж захиргааны байгууллага дараах асуудлаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах төлөвлөгөө боловсруулах, түүнтэй холбогдон энэ хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулж, саналыг хянан үзэж батлах ажиллагааг ойлгоно” гээд, мөн зүйлийн 73.1.7-д “хуульд өөрөөр заасан нийтийн ашиг сонирхлыг хөндөх бусад асуудал” гэж тус тус заасан тул ********дүүрэг 12 дугаар хороо, А орчмын /Г багц/-ын талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу төсөл хэрэгжүүлэх ажиллагаа нь захиргааны төлөвлөлтийн үйл ажиллагааны төрөл тул уг харилцаанд Захиргааны ерөнхий хуулийг холбогдох заалтыг баримтална.

3.3.Дээр тогтоогдсоноор Нийслэлийн Засаг дарга нь “Г л” ХХК-ийг анхнаасаа энэхүү Төслийг хэрэгжүүлэх санхүүгийн болон бусад чадавхтайг тогтоогоогүй, ийм баримтгүйгээр Төсөл хэрэгжүүлэгчээр сонгож хуульд нийцээгүй ажиллагаа явуулсан, тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хууль шинээр батлагдсан  байхад уг хуульд нийцүүлэх ажиллагааг огт явуулаагүй, төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалснаар гарах үр дагаврыг тогтоогоогүй, газраа чөлөөлсөн иргэд болон түрээсийн байранд түр амьдарч байгаа иргэдийн санал, хүсэлтийг аваагүй, тэдгээрийн эрхийг хэрхэн хангах талаар тодорхой төлөвлөгөө, төлөвлөлт байхгүй атлаа ийнхүү Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж шийдвэрлэснийг зөвтгөх хууль зүйн үндэслэл шүүхэд тогтоогдохгүй байна.

3.4.Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Засаг даргаас Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, дахин шинээр сонгон шалгаруулалт зарлах шаардлагатай гэж үзсэн нь уг ажлын төлөвлөлтөд өөрчлөлт оруулж байгаа харилцаа тул уг ажиллагааг Захиргааны ерөнхий хууль,  Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн холбогдох заалтуудад нийцүүлэн явуулах шаардлагатай байна.

3.5.Тухайлбал, Захиргааны ерөнхий хуулийн  80 дугаар зүйлийн 80.2-т “Нийтийн болон бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр өөрчлөлт оруулах тохиолдолд сонсох ажиллагаа дахин явуулахыг шаардахгүй” гэж зааснаас үзвэл төлөвлөлтөд өөрчлөлт оруулах шаардлагатай бол сонсох ажиллагаа явуулж, газраа чөлөөлж, орон сууц авахаар хүлээж байгаа 289 орчим  иргэдийн оролцоог хангаж, аль болох олонхын санал, хүсэлтийг  сонсох, шаардлагатай байна.

3.6.Мөн Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т “хот, суурин газрын эдийн засаг, нийгмийн хөгжилд тэргүүлэх ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө" гэж хот, суурин газрын хөгжлийг дэмжих, газрын нөхцөл, нөөц, чадавхад тохирсон инженерийн шийдлээр оршин суугчдын эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тэргүүн ээлжид хэрэгжүүлэх арга хэмжээг тусгасан баримт бичгийг” гэж, 11 дүгээр зүйлийн 11.1-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд, мөн зүйлийн 11.1.5-д “төсөл, хөтөлбөр, төлөвлөгөөг нийтэд сурталчлах, мэдээлэх, санал, гомдол хүлээн авах замаар олон нийтийн оролцоог хангах ажлыг зохион байгуулах” гэж заасан байдаг.

3.7.Иймд Нийслэлийн Засаг даргаас гэр хорооллыг барилгажуулах энэхүү төлөвлөлтийн дагуу Төсөл хэрэгжүүлэгчийг  өөрчлөх, дахин сонгон шалгаруулалт явуулах шаардлагатай талаар уг Төслийн улмаас ашиг сонирхол нь хөндөгдөж буй газар чөлөөлсөн, газрынхаа оронд орон сууц авахаар гурван талт гэрээ байгуулсан иргэдийн саналыг сонссоны үндсэн дээр шийдвэрээ гаргах ёстой байна.

3.8.Учир нь эдгээр иргэдээс Төсөл хэрэгжүүлэгчээ солих эсэх, одоо баригдаж буй 240 айлын 2 блок орон сууцыг иргэдэд хэрхэн хуваарилах талаар санал, хүсэлтийг харгалзахгүй шийдвэрлэх нь тэдгээрийн эрхийг хангаагүй зөрчил болж байна.

3.9.Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дахин тендер зарлана” гэж тайлбарласан ч тендерт чадавх бүхий хуулийн этгээдүүд оролцох эсэх, тендерийн ялагч гарах эсэх гэх зэргээр зах зээлийн судалгаа огт хийгээгүй  байгаа нь иргэд хэдийн хугацааны дотор орон сууцтай болох нь тодорхой биш болж, тэдгээрийн эрх зөрчигдөж болзошгүй нөхцөл үүсэхээр байна.

3.10.Нөгөө талаас Нийслэлийн Засаг дарга нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т “улс, орон нутгийн төсвөөр хэрэгжих төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэх”-ээр заасан үүргийг хэрхэн хэрэгжүүлсэн нь нотлогдоогүй, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд зааснаар Төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны үе шатны ажлын төлөвлөгөө шаардаж гаргуулан батлаагүй тул түүний буруутай үйл ажиллагаа байсан гэж үзсэн ч энэ нь нэхэмжлэлийг хангах үндэслэл болж чадахгүй байна.

3.11.Нөгөө талаас нь дүгнэвэл, нэхэмжлэгч “Г***” ХХК нь Төсөл хэрэгжүүлэх үе шатны  санхүүгийн чадавхтайгаа нотолж чадаагүй, өөр бусад этгээд Төслийг санхүүжүүлнэ гэх ч энэ талаар хангалттай нотлох баримт байхгүй, мөн Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан "барилга байгууламжийн баримт бичиг"-ийн  бүрдэл хангагдсан талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй зэргээс нэхэмжлэгчийн хууль зөрчсөн ажиллагаа байгаа боловч, хариуцагчийн буруутай ажиллагаанаас гадна,  Төсөл хэрэгжүүлэх нийт 15,2 га талбайд хамаарах 268 /гэрээ нь 289 иргэнтэй байгуулагдсан/  нэгж талбарын дугаар бүхий газраас 35 иргэнтэй нь 3 талт гэрээ, 254 иргэнтэй 2 талт гэрээ байгуулсан, үүнээс 48 нэгж талбар бүхий газрын эзэмшигч, өмчлөгчтэй тохиролцож, газрыг чөлөөлсөн, чөлөөлөгдсөн 1 талбай дээр нь  2 блок, 240 айлын орон сууц баригдаж, барилгын ажлын гүйцэтгэл нь 70-80 орчим хувьтай явагдсан  нь уг орон сууцанд газраа чөлөөлсөн иргэдийн олонх нь сууц авах боломжтой нөхцөл байгааг харгалзан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн боломж байхгүй гэж үзлээ.

3.12.Хот суурин газрыг дахин  хөгжүүлэх /2015 он/ хууль болон Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тогтоолоор баталсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны   журам”-д заасанд нийцүүлж явуулаагүй, нэхэмжлэгчийн болон хариуцагчийн хоёр талын буруутай үйл ажиллагаа байгаа нь тогтоогдож байгаа ба энэ үйл баримтыг шүүхийн шийдвэрээр залруулах,  зөвтгөх боломжгүй байна.

3.13.Үүнээс гадна Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 141 дүгээр тогтоолоор “... нэхэмжлэгч нар нь гэрээний 3.1.3-т заасны дагуу газраа чөлөөлж, нүүн шилжих үүргээ биелүүлсэн боловч “Г л” ХХК нь барилгажуулах ажлын зардал, хөрөнгө оруулалтыг өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлэх, ... үүргээ биелүүлж чадахгүй нөхцөл байдал үүссэн даруй Гэр хорооллын хөгжлийн газарт бичгээр мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй ...” гэж дүгнэснээр “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээний үүргийн биелэлт хангагдаагүй болох нь нотлогдож байна.

3.14.Гэвч энэ дүгнэлт нь уг хэргийн нэхэмжлэгч 3  иргэнд нарт хамаарах шийдвэр тул маргаан бүхий захиргааны актад Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 141 дүгээр тогтоолыг үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно.

3.15.Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн зорилт нь “иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор ..., гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, дахин төлөвлөн барилгажуулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулах”-д чиглэж байх ба мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-т “хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн төсөл санаачлах, боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, 11.1.2-т “улс, орон нутгийн төсвөөр хэрэгжих төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэх”, 11.1.4-т “төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах” нь хот, суурин газрыг дахин хөгжүүлэх нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарахаар зохицуулжээ.

3.16.Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.3-т зааснаар төсөл хэрэгжүүлэгч нь “төсөл хэрэгжүүлэхтэй холбогдох үйл ажиллагааны зардал, хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах;”, 23.1.5-д зааснаар “төсөл, төлөвлөгөө боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх, аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй харилцан тохиролцож гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг хамтран дүгнэх” үүргийг тусгасан нь захиргааны албан тушаалтан болох Нийслэлийн Засаг даргын хийж гүйцэтгэх үүрэг болно.

3.17.Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл, анхан шатны шүүх нь маргааны зүйл, хэргийн үйл баримтыг бүхэлд нь хянаад нийтийн эрх ашгийг хэрхэн хангах талаар Нийслэлийн Засаг даргаар тодорхой ажиллагаа явуулсны үндсэн дээр буюу Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулиар хүлээсэн холбогдох үйл ажиллагааны зардал, хөрөнгийг бүрдүүлэх, 3 талт гэрээний биелэлтийг иргэдийн оролцоог хангаж хамтран дүгнэх, мөн Төсөл хэрэгжүүлэгчийг өөрчлөх, дахин сонгон шалгаруулалт явуулах, газар чөлөөлсөн иргэдийн эрхийг хэрхэн хангах төлөвлөгөө гаргах зэрэг ажиллагаа явуулахын хамтаар, мөн нэхэмжлэгчээс уг төслийг хэрэгжүүлэх чадавхтай нотолсон тохиолдолд, хуульд нийцүүлсэн баримт бичгийг гаргуулан авсны дагуу Төслийг “Г л” ХХК-иар үргэлжлүүлэх, эсхүл цуцлах эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзээд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т зааснаар энэ хэсэгт заасан нөхцөл байдлыг тодруулсны дагуу дахин шинээр акт гаргах шаардлагатай гэсэн үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын **** оны ** дугаар сарын **-ний өдрийн **********дүгээр захирамжийг шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

3.18.Нийслэлийн Засаг даргаас шүүхийн шийдвэрт дүгнэсэн асуудлыг тогтоосны үндсэн дээр шинээр акт гаргаагүй тохиолдолд Засаг даргын **** оны ** дугаар сарын **-ний өдрийн **********дүгээр захирамж хүчингүй болох хууль зүйн үр дагавартай.

3.19.Энэхүү хуралдаанд иргэдийн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч болон хариуцагч нараас иргэдийн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр хуралдааныг явуулах санал гаргасныг шүүх хүлээн авсан.

3.20.Иймд иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцоогүй тул шүүхийн шийдвэрт тусгах иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт гэж байхгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.11-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хот суурин газрын дахин хөгжүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 5 дугаар зүйлийн 5.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.2, 11.1.4, 23 дугаар зүйлийн 23.1.3, 23.1.5-д заасныг тус тус баримтлан хэргийн нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр дахин шинээр акт гаргах шаардлагатай гэж үзэн, Нийслэлийн Засаг даргын **** оны ** дугаар сарын **-ний өдрийн **********дүгээр захирамжийг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

 2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий акт болох Нийслэлийн Засаг даргын **** оны ** дугаар сарын **-ний өдрийн **********дүгээр захирамж хүчингүй болохыг тогтоосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ЭРДЭНЭЧИМЭГ

                                        ШҮҮГЧ                             Т.ГАНГЭРЭЛ

                                        ШҮҮГЧ                             Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Төрийн мэдээлэл сэтгүүлийн 2015 он, №28-д хэвлэгдсэнээр хүчин төгөлдөр болсон.