Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2024/00976

 

 

 

 

 

 

                 2024          02             22  

                                   184/ШШ2024/00976

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, 5 дугаар баг, ******* 259 дүгэр байр, 1 тоот хаягт байрлах, ******* банк ХК /РД:*******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймаг, ******* 2 дугаар баг, Эмт, 32 дугаар гудамж, 19 тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/,

Хариуцагч: ******* дүүрэг, дугаар хороо, , 11 дүгээр байр, 168 тоот хаягт оршин суух ******* овогт ******* /РД:/ нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 20,711,275.86 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга суулцуулан, нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Ц.*******, хамтран үүрэг гүйцэтгэгч Ц. нар нь тус банкны Төв тооцооны төвөөс 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ЗГ/201843424509 дугаартай Зээлийн гэрээ болон БГХ201843424509 тоот Барьцааны гэрээ байгуулан 11,090,000 /Арван нэгэн сая ерөн мянга / төгрөгийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй 48 сарын хугаццтай цалингийн зээл авсан юм.

Зээлдэгч Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 1,078,346.90 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,380,559.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 нийт төгрөгийг төлж барагдуулсан болно.

Зээлдэгч Ц.******* гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч / 1840 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.7 дэх хэсэгт заасан үндэслэлээр зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй. Иймд банк Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна. Үүнд 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөр тасалбар болгон дараах зээлийн төлбөрийг гаргуулах, үндсэн зээлийн үлдэгдэл 10,011,653.10 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 9,844,311.57950 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 835,311.18 төгрөг, нийт 20,691,275.86 төгрөг, нотариатын зардал 20,000.00 төгрөг, нийт 20,711,275.86 төгрөгийг хариуцагч Ц.*******, Ц. нараас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ц.оос шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ...2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №ЗГ/2018434509 дугаартай ******* банктай байгуулсан 11,090,000 арван нэгэн сая ерэн мянган төгрөг зээлсэн гэх зээлийн гэрээний харилцаанаас би нэг ч төгрөгийг авч ашиглаагүй, захиран зарцуулаагүй байхад ******* аймгийн Хаан банкны салбар нь Ц.*******той байгуулсан зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч хэмээн шүүхэд хариуцагч болгож байна. Монгол улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ хэмээн заасны дагуу тус зээлийн гэрээний төлбөрийг Зээлдэгч Ц.******* нь төлөх үүрэгтэй. Мөн 2018 онд би их сургуулийн оюутан байсан болохоор ямар учиртай гарын үсэг зуруулж байгааг нь сайн ойлгоогүй. Мөн 2019 оноос эхлэн ах Ц.*******той холбоо тасарч 2021 оны 11 cap хүртэл ямар ч холбоогүй байсан. Энэ хугацаанд банкнаас нэг ч удаа холбоо бариагүй, зээлийн эргэн төлөлт хийгээгүй талаар нэг ч удаа мэдээлэл өгөөгүй. Миний бие дээрх зээлээс болж Монгол банкны чанаргүй зээлдэгч нарын жагсаалтад орсон байсан.

Иймд Ц. миний бие дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нъ хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Ц.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ...Хариуцагч Ц.******* нь 2018 оны 02 дугаар сарын 14-ны өдөр №ЗГ201843424509 дугаартай зээлийн гэрээг байгуулж 15 000 000 төгрөгийн хэрэглээний зээл авсан. Гэвч уг мөнгийг өөрөө авч хэрэглээгуй. Дээрх зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2018 оны 03 дугаар сарын 27-ноос 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл 7 удаагийн төлөлтөөр 2 458 906.32 төгрөгийг төлсөн. Үндсзэн зээлийн үлдэгдэл төлбөр болох 10 011 653,1 төгрөгийг эргүүлэн төлнө. Хариуцагч Ц.******* нь ******* аймагт багийн дарга хийдэг байсан бөгөөд ээлжийн амралт өгөөгүй учир Улаанбаатар хот руу 8 хоног яваад ирэхэд 2018 оны 8 сард ажлаас халсан байсан. Ажилдаа эргүүлэн тогтоолгож чадаагүй тул өөр ажил хийхээр 2018 оны 01 сарын 20-нд Хятад улс руу явсан боловч хамт явсан хүндээ хууртагдаад албадан буцах журмын дагуу 2019 оны 05 дугаар сарын 13 нд Монголд ирсэн, 2019 оноос Ковид 19 хэмээн цар тахал гарч ажилтан ажиллуулах газаргүй, гадуур гарах боломжгүй нөхцөл байдал улс орны хэмжээнд үүссэн тул зээлээ эргүүлэн төлөх боломжгүй байдал хүрсэн. Одоо Өмнөговь аймагт байрлаж ажиллаж байгаа хэрнээ орж ирсэн цалин байр, хоолны мөнгөнд явчихдаг. 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Монгол улсын Засгийн газрын Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай тогтоолын 8 дах хэсэгт 'Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг ззэлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгзн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг Монголбанк (), Санхүүгийн зохицуулах хороо ()-д тус тус зөвлөсүгэй хэмээн зөвшөөрсөн дагуу 2020 оны 11 дүгээр сарын 18-аас - 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл бодогдсон зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг хасуулах хүсэлтэй байна гэжээ.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: нэхэмжлэл /хх1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт /3-4/, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №ЗГ/201843424509 дугаартай зээлийн гэрээний хуулбар /хх55-10/, Ц.*******, Ц. нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хх11-12/,  Ц.*******, Ц. нарын тоот зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх13-/, ******* банк ХХК-ийн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай мэдэгдэл /хх14/, ******* аймгийн Цагдаагийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 39/441Б дугаартай албан бичгийн хуулбар /хх15/, ******* банк ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх16/, итгэмжлэл /хх17-18/, Д.Энхбатын иргэний үнэмлэхийн хуулбар /хх19/, итгэмжлэл /хх20/, , нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хх21-22/,  LOS программ дээр ажиллах журам хавсралт 8 /хх59/, ******* аймаг ******* сумын Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01/53 дугаартай албан бичиг /хх60/, ******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 145/ШШ2021/00189 дугаартай шийдвэрийн хуулбар /хх63-64/, ******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 145/ШЗ2022/00834 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх67-38/, 

3.2. Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримт: Ц.*******гоос д олгосон итгэмжлэл /хх35/, хариу тайлбар /хх37-39/, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай Монгол улсын Засгийн газрын 183 дугаартай тогтоол /хх40-44/, Ц.*******гийн нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх57/,  

3.3 Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Ц.*******, Ц. нарын 5564044194 тоот зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн бүртгэлийн карт, зээлийн бүртгэлийн картын хураангуй.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* банк ХК хариуцагч Ц.*******, Ц. нарт холбогдуулан цалингийн зээлийн үлдэгдэл 10,011,653.10 төгрөгийг, зээлийн хүү 9,844,311.57 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүү 835,311.18 төгрөгийг, нотариатын зардалд 20,000 төгрөгийг нийт 20,711,275.86 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Ц.******* нь зээлийн үлдэгдэл 10,011,653.10 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, харин зээлийн хүү 9,844,311.57 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүү 835,311.18 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж, хариуцагч  Ц. уг зээлийг би авч ашиглаагүй ах Ц.*******гийн хүсэлтээр хамтран зээлдэгчээр гарын үсэг гэрээнд зурсан тул хариуцагч биш гэж маргаж мэтгэлцдэг.

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Зохигчид 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ЗГ/201843424509 дугаар цалингийн зээлийн гэрээ байгуулсан болох нь ЗГ/201843424509 дугаар зээлийн гэрээний хуулбараар, мөн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр БГХ20184342509 дугаар барьцааны гэрээг байгуулсан болох нь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр БГХ20184342509 дугаар барьцааны гэрээний хуулбараар тус тус тогтоогдож байна. Дээрх гэрээнүүдэд зээлдэгчээр Ц.*******, хамтран үүрэг гүйцэтгэгчээр Ц. нар нь зээлийн гэрээ, барьцааны гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ЗГ/201843424509 дугаар цалингийн зээлийн гэрээний 2.1.1.1, 2.1.1.2, 2.1.1.3, 2.1.4, 2.1.5.1, 2.1.7, 2.2.3, 2.4.3.1, 2.4.3.2, 2.4.4-т зааснаар нэхэмжлэгч нь 15,000,000.00 төгрөгийг, 48 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй, үндсэн зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцохоор, зээлийг банкнаас хариуцагч Ц.*******гийн  ******* банк дах 5041082184 тоот дансанд шилжүүлэхээр, хариуцагч нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний Хавсралт№1-т заасан хугацаанд буцаан төлөх, зээлийн хуваарийг зөрчиж зээлийг төлөөгүй тохиолдолд үндсэн зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт зээлийг төлж дуусах хүртэлх хугацаагаар хариуцагчаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх үүргийг тус тус хүлээсэн болох нь зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчээс зээлийн гэрээний дагуу 15,000,000.00 төгрөгөөс өмнөх зээлийн гэрээний үлдэгдэл 9,590,000 төгрөг дээр нэмж зээлсэн 1,500,000.00 төгрөгийн зээлийг хариуцагчид олгосон талаар болон зээлийн гэрээний үлдэгдэл үндсэн төлбөрт 10,011,653.10 төгрөгийг нэхэмжилж байгаатай хариуцагч Ц.******* маргахгүй байх бөгөөд зээлийн хүү 9,844,311.57 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүү 835,311.18 төгрөгийг төлөхгүй гэж маргадаг.

3. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр ... мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө ... хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно., 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол ... гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

Зохигчийн байгуулсан Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

4. Зээлийн гэрээ болон Хавсралт№1-т зааснаар хариуцагч нь 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүртэл нэхэмжлэгчид үндсэн зээлийн төлбөрт 1,078,346.90 төгрөгийг, зээлийн хүүгийн төлбөрт 1,380,559.42 төгрөгийг, нийт 2,458,906.32 төгрөгийг төлсөн бөгөөд зээлийн үлдэгдэл 10,011,653.10 төгрөгийг, зээлийн хүү 9,844,311.57 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүү 835,311.18 төгрөгийг төлөөгүй болох нь зээлийн гэрээ болон зээлийн гэрээний Хавсралт №1-ийн хуулбар, нэхэмжлэгч Ц.*******гийн ******* банкны цалингийн зээлийн тоот зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаар тус тус тогтоогдож байна.

5. Хариуцагч нь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ЗГ/201843424509 дугаар цалингийн зээлийн гэрээний Хавсралт №1-тад заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг хүүгийн хамт төлөөгүй, зээлийн сар бүр төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн болох нь зохигчийн тайлбар, нэхэмжлэгч Ц.*******гийн ******* банкны цалингийн зээлийн тоот зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

Хариуцагч нь 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд зааснаар зээл төлөх хугацааг нэхэмжлэгч хойшлуулах ёстой гэж  маргадаг ч хариуцагч нь нэхэмжлэгчид зээлийн төлөх хугацааг хойшлуулах тухай хүсэлт гаргаагүй, цар тахлын улмаас зээл төлөх боломжгүй нөхцөл байдал болсон талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Түүнчлэн, хариуцагч Ц.******* зээлийн үлдэгдэл 10,011,653.10 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хэрнээ зээлийн хүү 9,844,311.57 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүү 835,311.18 төгрөгийг төлөхгүй гэж маргасан хууль зүйн үндэслэлээ Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно” гэснээр зээлийн гэрээний хугацаа дууссан буюу 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс хойшхи зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбар гаргадаг. Шүүхээс зээлийн гэрээний хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс хэдэн төгрөгийг төлөхийг болон зээлийн гэрээнийн хугацаа дуусснаас хойш зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс хэдэн төгрөгийг хасч төлөхийг тодруулахад энэ талаар хариуцагчаас шүүхэд тайлбар гаргаагүй.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно” гэснийг 21.2 дахь хэсэгт “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тодруулж хуульчилсан бөгөөд зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаа дууссан хэдий ч зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж зээлийн гэрээний төлбөрийг бүрэн барагдуулаагүй бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаагаар зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр хуульд заасныг хариуцагчаас хуулийг буруу тайлбарлаж, шүүхэд мэтгэлцсэн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөрийг бүрэн төлөхдөө зээлийн гэрээнд заасан зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж байгаа нь зээлээр авсан мөнгөний хариу төлбөр бөгөөд зээлийн гэрээний хугацаанд зээлийн төлбөрийг төлөхгүй, зээлийн гэрээний хуваарь зөрчсөн нь зээлийн гэрээнд заасан ноцтой зөрчлөөр гэрээг цуцлах үндэслэл болохоос биш зээлийг бүрэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг зогсоох болон түүнийг төлөхгүй байх үндэслэл болохгүй юм.

Мөн зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.4-т “зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд багтаан зээлээ бүрэн төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө” гэж заасныг зохигчид харилцан зөвшөөрч гэрээг байгуулсан бөгөөд гэрээнд заасан үүрэг хариуцагч тал биелүүлээгүй байна.

6. Зээлийн гэрээний 6.1.1-т зээлдэгч гэрээний 1.7 болон гэрээний Хавсралт№1-т заасан графикт хугацааг удаа дараа зөрчвөл зээлийн гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ гэжээ.

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт “Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно” гэж, 219 дүгээр зүйлийн 219.3 дахь хэсэгт “Нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй нь тодорхой, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь талуудын ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүй байж болно” гэж, 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ” гэж заасан бөгөөд мөн гэрээний 6.1.1, 8.5-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч нь Зээлийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч ******* банкнаас 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагч Ц.*******д зээлийн үлдэгдэл төлбөр 10,011,653 төгрөг, зээлийн хүү 5,957,705 төгрөг, нэмэгдүүлсэн 1,453 төгрөг нийт 16,095,811 төгрөгийг төлж барагдуулах болон 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөр тасалбар болгож, зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, гэрээний үүргийг хангуулах болсныг мэдэгдэж, зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлж байсан /хх-14х/. Мөн нэхэмжлэгчээс хариуцагч нарын оршин суугаа хаягаар харьяалалын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан, мөн хариуцагч нарыг оршин суугаа хаягтаа байхгүй үндэслэлээр шүүхээс нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг үндэслэн шүүхэд хариуцагч нарыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, шүүхээс хариуцагч нарыг эрэн сурвалжлуулах шийдвэрийн дагуу Цагдаагийн байгууллага эрэн сурвалжлах ажиллагааг явуулж, хариуцагч нарыг оршин суугаа хаягийг тогтоосны дагуу нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс хариуцагч нарыг дуудан ирүүлж нэхэмжлэлийн шаардлагыг гардуулсан зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

 

8. Хариуцагч Ц. нь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ЗГ/201843424509 дугаар цалингийн зээлийн гэрээ, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр БГХ20184342509 дугаар барьцааны гэрээнд зээлдэгч Ц.*******гийн хамтран зээлдэгчээр гэрээнд гарын үсэг зурсан болох нь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ЗГ/201843424509 дугаар цалингийн зээлийн гэрээ, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр БГХ20184342509 дугаар барьцааны гэрээний хуулбараар тогтоогдож байх бөгөөд талууд хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Ц. нь хариуцагч Ц.*******г зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй бол түүний хамт гэрээнд заасан нөхцлөөр зээлийн гэрээнийн үндсэн төлбөр болон зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт бүрэн төлж барагдуулах үүргийг хүлээсэн байх ба энэ нь гэрээний 4.1, 4.2-т зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн эрх, үүргээр тодорхойлогдоно. Иймд хариуцагч Ц.ын энэ хэрэгт хариуцагч биш тул хариуцагчаас чөлөөлж өгнө үү гэсэн тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

9. Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл болн нотлох баримт бүрдүүлэн өгөхдөө нотариатаар батлуулж нэхэмжлэлийн бүрдүүлбэрт хавсаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар, мөн нотариатын зардалд 20,000 төгрөг төлсөн болох нь нотариатын төлбөрт мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна /хх-3х/

10. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Ц.*******, Ц. нараас зээлийн үлдэгдэл 10,011,653.10 төгрөгийг, зээлийн хүү 9,844,311.57 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүү 835,311.18 төгрөгийг, нотариатын зардалд 20,000 төгрөгийг нийт 20,711,275.86 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банкинд олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба энэхүү үүргээ биелүүлж, зээлийн хүү 9,844,311.57 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүү 835,311.18 төгрөгийг төгрөгийг төлөх үндэслэлгүй гэдгээ нотлож чадаагүй болно.

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 202 дугаар зүйлийн 202.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй, гэрээний дагуу нэхэмжлэгч нь шаардлага гаргах хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,506 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,506 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.*******, Ц. нараас зээлийн үлдэгдэл 10,011,653.10 төгрөгийг, зээлийн хүү 9,844,311.57 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүү 835,311.18 төгрөгийг, нотариатын зардалд 20,000 төгрөгийг нийт 20,711,275.86 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банканд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,506 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Ц.*******, Ц. нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,506 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банканд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.АРИУНБОЛД