Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 184/шш2024/00037

 

2023 12 25 184/ШШ2024/00037

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: УБ, ******* дүүрэг 29-р хороо, ******* хороолол ******* бизнес төв 7 давхарт байрлах ******* ******* ББСБ ХХК /*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ, ******* дүүрэг 29-р хороо, ******* хотхон 25 байр 9 тоотод оршин суух ******* овогт *******гийн //

 

Хариуцагч: УБ, ******* дүүрэг 18-р хороо, хороолол 4 байр 5 тоотод оршин суух ******* овогт *******гийн // нарт холбогдох

 

зээлийн гэрээний үүрэг 107,707,999.98 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндсэн,

зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П., П., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч С., С. нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэг 107,707,999.98 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

... хариуцагч С., С. нар 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ/1901/50-3-12 тоот зээлийн гэрээ, ЗБГ/1901/50-3-12 тоот барьцааны гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийн зээлийг сарын 3 хувийн хүүтэй 12 сарын хугацаатайгаар авсан. Зээлийн гэрээг талууд гарын үсгээ зурж, нотариатаар батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэрээ байгуулснаас хойш зээлийн хүүгийн төлөлтийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл төлөөгүй. Гэрээний хугацаа дууссан боловч зээлийн төлбөрөө төлөөгүй тул үндсэн зээлийн үлдэгдэл 50,000,000 төгрөг, зээлийн хүү 33,433,150,69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,302,794.50 төгрөг нийт 92,735,935,19 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, барьцаа хөрөнгө болох ******* дүүрэг 18 хороо, 1 хороолол, 4 байр, 5 тоот хаягт байрлах 44 м.кв 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар анх нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 удаа нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн ба хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хүүгийн төлбөр 7,545,205.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,509,041.01 төгрөг нийт 9,054,246,58 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Мөн 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хүүгийн төлбөр 4,931,506.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 986,301.37 төгрөг нийт 5,916,808.72 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тул нийт 107,707,999.98 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү ... гэв.

2. Хариуцагч С.гаас шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ... Тус шүүхэд хандан ******* ******* ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 92,735,945.19 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий хариуцагч С., С. нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй зээлийн гэрээний төлбөрийн тооцооллыг бодит үнэнд нийцсэн байдлаар гаргаж өгөөгүй байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байдалд хүргэж байна ... гэв.

 

3. Хариуцагч С.аас шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ... ******* ******* ББСБ ХХК нь тус шүүхэд хандан С., С. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 92,735,945.19 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгө болох УБ_ ******* дүүрэг 18-р хороо, хороолол 4 байр 5 тоот хаягт байршилтай 44 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны зориулалттай Ү- дугаар үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч С.ийн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна ... гэв.

 

4. Хариуцагч С. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэлдээ: ... ******* ******* ББСБ ХХК-аас хариуцагч С.тай 2019.01.29-ний өдөр байгуулсан 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээ нь тухайн зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийг үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэхээр байгаа тул гэрээг хуульд заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргааны зүйлийг нэг мөр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Хариуцагч С. нь ******* ******* ББСБ ХХК-аас 2019.01.29-ний өдрөөс ч өмнө харилцаа үүсгэж, нэг бус удаа зээл авч байсан. 2019.01.29-ний өдрийн зээлийн гэрээний тухайд тус банк бус санхүүгийн байгууллагын захирал М. өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот дансаараа 8,000,000 төгрөгийг миний эзэмшлийн Хаан банкны тоот дансанд шилжүүлж өмнөх зээлээ дуусгавар болгож эргүүлэн өөрийн 5163015448 тоот дансаараа 2019.01.30-ны өдөр 19,900,000 төгрөгийг миний эзэмшлийн тоот дансанд шилжүүлж мөн өдрөө 8,120,000 төгрөг болгож буцаан авсан. Мөн миний бие тухайн зээлийг авах хүсэлтийг гаргаагүй бөгөөд миний хамтран амьдрагч М.ийн зээл авах хэрэгтэй байна гэх хүсэлтийг А. хүлээн авахдаа С.гийн нэр дээр зээл гаргаж өгөхөөр дээрх зээлийн гэрээг байгуулахын өмнө 8,000,000 төгрөгийг миний дансанд шилжүүлж зээлээ 8 хуваан олгохдоо эхний 19,900,00 төгрөгөөсөө уг 8,000,000 төгрөгийг эргүүлэн шилжүүлж авсан. Нэхэмжлэгч байгууллага нь С. надад бус харин миний дансаар М.эд зээл олгож байсан учир эргэн төлөх тухай мэдэгдлийг бүгдийг надад бус харин М.эд гардуулж өгч байсан. Нэхэмжлэгч байгууллага нь зээлийн хүсэлт гаргаж буй иргэний хуулийн этгээдийн зээл хүсэж байгаа хүсэлт өргөдлийг хүлээн авахдаа тухайн иргэн хуулийн этгээд зээлийг юунд зарцуулах, мөн эргэн төлөх боломжтой эсэх гэх мэт бүх нөхцөлийг шалгаж шийдвэрлэсний дараа зээлийг олгох ёстой байтал үндсэн үйл ажиллагаагаа хийлгүйгээр нэг зээлдэгчийн өмнөх зээлийг хаах зорилгоор дахин зээл олгож сүүлийн зээлээс нь өмнөх зээлийг нь төлүүлж хаах байдлаар олон удаагийн зээлийн гэрээг байгуулж ирсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд тус зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү ... гэв.

 

5. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-аас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан гаргасан хариу тайлбартаа: ... ******* ******* ББСБ ХХК нь санхүүгийн зохицуулах хорооноос 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авч, өнөөдрийг хүртэл зээл олгох үйлчилгээ үзүүлж байна. ******* ******* ББСБ ХХК нь үндсэн үйл ажиллагааныхаа хүрээнд хариуцагч нартай зээлийн гэрээ байгуулсан. Үндсэн үйл ажиллагааны дагуу зээлийг олгож, дансанд нь шилжүүлсэн. Хариуцагч талаас М. зээлийг авсан гэж тайлбарладаг боловч М. нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцохдоо зээл аваагүй гэж мэдүүлсэн. Иймд сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна ... гэв.

 

6. Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримт: 2019.01.29-ний өдрийн №ЗГ/1901/50-3-12 дугаар Зээлийн гэрээ, 2019.01.29-ний өдрийн №ЗБГ/1901/50-3-12 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, С.гийн зээлийн дансны хуулга, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, №11-1362095 дугаар барьцаалбар, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, иргэн С.гийн зээлийн дансны хуулга, ******* ******* ББСБ ХХК-ийн 2019.06.05-ны өдрийн ЗГ/1906/50-3-9 дугаар, 2019.12.24-ний өдрийн ЗГ/1912/30-3-12 дугаар, 2019.01.29-ний өдрийн ЗГ/1901/15.8-2.9-36 дугаар Зээлийн гэрээ, 2022.09.01-ний өдрийн ЗГ/1901/15.8-2.9-36-1 дугаар Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ, зээл, зээлийн хүү төлөх хуваарь, С., С. нарын зээлийн дансны хуулга, С.гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2023.04.19-ний өдрийн 61/3827 дугаар Зээл төлөх мэдэгдэл, 2022.01.03-ны өдрийн №202247190813 дугаар Тэтгэврийн зээлийн гэрээ, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, 2019.01.29-ний өдрийн №ФГ/1901/15.8-2.9-36 дугаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, ******* ******* ББСБ ХХК-аас С.д хүргүүлсэн 4179, 4180 тоот мэдэгдэл, Хаан банкны 2023.09.18-ны өдрийн 29/8573 дугаар лавлагаа.

 

7. Хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримт: С., С. нарын Хаан банкны депозит дансны хуулга.

 

8. Хэргийн оролцогчдын гаргасан хүсэлтийн дагуу шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: С.гийн Голомт банкны дансны хуулга, депозит дансны хуулга, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, Улсын бүртгэлийн гэрчилгээ, Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч иргэний гэрчилгээ, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, борлуулсан барааны хүснэгт, бараа таталтын хүснэгт, 2019.01.29-ний өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээ, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, техникийн тодорхойлолт, гэрч Д., М., М. нарын мэдүүлэг.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч С., С. нарт холбогдуулж үндсэн зээл 50,000,000 төгрөг, зээлийн хүү 45,909,862 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,798,136 төгрөг нийт 107,707,998 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

2. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан ба талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

3. Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

4. Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой үйл баримтыг тодорхойлбол, нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК болон хариуцагч С., С. нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр бичгийн гэрээ гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь 50,000,000 төгрөгийг жилийн 36 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь зээлийн төлбөрийг хүүгийн хамт буцаан төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №ЗГ/1901/50-3-12 тоот Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөх хуваарь, хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгчээс мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар шилжүүлж, хариуцагч нар нь гэрээнд заасан хугацаанд ижил хэмжээний мөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргийг хүлээж харилцан тохиролцсон байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсжээ.

 

6. Түүнчлэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995/ хуулийн 21 дүгээр зүйлийн 4-д Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасны дагуу 2019 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр 19,900,000 төгрөгийн, мөн оны 01 дүгээр сарын 31-ний өдрүүдэд 29,850,000 төгрөгийн нийт 49,750,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг хариуцагч С.гийн Хаан банк дахь тоот дансанд шилжүүлсэн нь депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, гэрч Д.ийн ... зээлийг С. эгч С.тай хамтарч авсан ... хоёулаа хамт ирээд хүсэлт гаргасан ... , гэрч М.ийн ... би хоёр зээлийг нь мэднэ ... гэх мэдүүлэг, хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

7. Ийнхүү талууд гэрээний чөлөөт байдлын зарчмын хүрээнд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож, бичгийн гэрээнд хоёр тал гарын үсгээ зурцгааж, нотариатаар баталгаажуулсан байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт зааснаар гэрээ байгуулсанд тооцох ба гэрээ хүчин төгөлдөр бус байх хуульд заасан үндэслэл тогтоогдсонгүй.

 

8. Хариуцагчаас зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн үндэслэлдээ ... зээл хүсэж байгаа өргөдлийг хүлээн авахдаа тухайн иргэн, хуулийн этгээд зээлийг юунд зарцуулах, мөн эргэн төлөх боломжтой эсэх гэх мэт бүх нөхцөлийг шалгаж шийдвэрлэсний дараа зээлийг олгох ёстой байтлаа энэ үндсэн үйл ажиллагаагаа хийлгүйгээр нэг зээлдэгчийн өмнөх зээлийг хаах зорилгоор дахин зээл олгож сүүлийн зээлээс нь өмнөх зээлийг нь төлүүлж авах байдлаар олон удаагийн зээлийн гэрээг байгуулж ирсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9 дэх хэсгийг зөрчсөн ... гэжээ.

 

9. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д зааснаар хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ нь хэлцэл хийгч хуулийн этгээд анх үүсгэн байгуулагдсан зорилго, үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлээс өөр үйл ажиллагааг эрхэлсэн нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээ, хууль тогтоомжид нийцэхгүй тохиолдол хамаардаг. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн хувьд банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл нь зээл олгох үйлчилгээ байх бөгөөд үйл ажиллагааны үндсэн чиглэл, тусгай зөвшөөрлийн хүрээнд хариуцагчтай зээлийн гэрээ байгуулсан нь үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хэлцэл хийсэн гэж үзэхгүй.

 

10. Мөн нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч С., С. нартай байгуулсан зээлийн гэрээнээс гадна 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр М.тэй №ЗГ/1906/50-3-9 дугаар зээлийн гэрээ, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр С.тай №ЗГ/1912/30-3-12 дугаар зээлийн гэрээ, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр С.тай №ЗГ/1901/15.8-2.9-36 дугаар зээлийн гэрээ, мөн С.тай 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр №ЗГ1901/15.8-2.9-36-1 дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж байсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан бичгийн баримт, гэрч М., М. нарын мэдүүлэг зэргээр тогтоогдсон. Гэвч энэ нь зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх, цаашлаад зээлийн гэрээний дагуу хариуцагч нарт зээл олгогдсон үйл баримтыг үгүйсгэх үндэслэл болохгүй бөгөөд энэ талаар хариуцагчийн татгалзал тайлбар хэргийн баримтаар нотлогдохгүй байна.

 

11. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995/ хуулийн 24 дүгээр зүйлийн 3-д зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаар хариуцагч нар зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр, хүүгийн төлбөр болон гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй, энэ үүрэг нь гэрээний хугацаа дууссан ч хэвээр үргэлжлэх ба зээлийн гэрээний хугацаа дууссан нь хариуцагч нарыг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

12. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд хариуцагч нар нь зээлийн үүргийг гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй болох нь нэхэмжлэгчээс хариуцагч нарт явуулсан мэдэгдэх хуудас, зээлийн дансны хуулга, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргаж үндсэн зээл, хүүгийн төлбөрийг шаардсан нь үндэслэлтэй.

 

13. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.11 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээнд зээлдэгчээр С., хамтран үүрэг гүйцэтгэгчээр С. оролцож, зээлийн үүргийг хамтран хүлээхээр үүрэг хүлээсэн байх тул хариуцагч нар нь хамтран үүрэг гүйцэтгэгч болох ба нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нараас ижил хэмжээгээр шаардсан нь хуульд нийцжээ.

 

14. Нэхэмжлэгчээс зээлийн төлбөрт хариуцагч нар нийт 27,540,000 төгрөг төлсөн гэснийг хариуцагч нар эс зөвшөөрч зээлийн төлбөрт төлсөн 21,122,060 төгрөгийг дутуу тооцсон гэсэн тайлбар гаргаснаас үзэхэд талууд зээлийн эргэн төлөлтөд хариуцагч нараас төлсөн төлбөрийн хэмжээ болон зээлийн эргэн төлөлтийг бүрэн тооцсон эсэх асуудлаар маргасан байна.

 

15. Хавтаст хэрэгт авагдсан Хаан банк дахь хариуцагч С.гийн тоот, нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн тоот дансны дэлгэрэнгүй хуулгаар хариуцагч нараас зээлийн эргэн төлөлтөд 2019.02.20-ны өдөр 1,085,000 төгрөг, мөн оны 3 сарын 20-нд 1,381,000 төгрөг, 4 сарын 22-нд 1,529,000 төгрөг, 5 сарын 10-ны өдөр 713,000 төгрөг, 5 сарын 21-нд 1,479,000 төгрөг, 6 сарын 20-нд 1,529,000 төгрөг, 7 сарын 29-нд 1,479,000 төгрөг, 7 сарын 30-нд 2,466,000 төгрөг, 8 сарын 12-нд 713,000 төгрөг, 8 сарын 21-нд 1,529,000 төгрөг, 9 сарын 15-ны өдөр 2,242,000 төгрөг, 12 сарын 20-нд 6,000,000 төгрөг, 2020 оны 2 сарын 10-нд 713,000 төгрөг, 10 сарын 27-нд 10,000,000 төгрөг нийт 32,858,000 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байх ба шүүх зээлийн гэрээний үндсэн хугацаанд төлсөн 713,000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс, үлдэх төлөлтийг хүүгийн төлбөрөөс хасаж тооцоход хариуцагч нар нь үндсэн зээлийн төлбөрт 49,037,000 төгрөг, хүүгийн төлбөрт 28,828,150 төгрөг төлөх үлдэгдэлтэй байна.

 

16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудын зарчимд үндэслэгдэх ба шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлдэг. Энэ үүднээс зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг хэргийн оролцогч өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

17. Шүүх хэрэгт цугларсан бичгийн баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын дансны мэдээлэл, зээл төлсөн цаг хугацаа, гүйлгээний утга зэргийг маргаан бүхий зээлийн гэрээнд хамааралтай талаас нь харьцуулан үзээд хариуцагчийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр төрсөн 2,466,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 1,529,000 төгрөгийг тус тус зээлийн эргэн төлөлтөд оруулж тооцоогүй нь үндэслэлгүй гэж үзэв. Учир нь тухайн төлбөрийг хариуцагч нар өөрийн данснаас зээлийн гэрээнд заасан нэхэмжлэгчийн тоот дансанд шилжүүлж, гүйлгээний утга дээр гэж тэмдэглэгдсэн байдлаас үзэхэд өөр зээлийн төлбөрт төлсөн гэж үзэх боломжгүй, үүнтэй холбоотой нэхэмжлэгчийн тайлбар хэргийн баримтаар нотлогдохгүй байна.

 

18. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно., талуудын байгуулсан гэрээний 2.9, 2.10-т зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хэтэрсэн хугацаанд нэмэгдүүлсэн хүү төлөх, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг үндсэн зээлийн хүүгийн 20 хувь байхаар заасан тул үндсэн хүүгийн үлдэгдлийн 20 хувь буюу 5,765,630 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хариуцагч нар нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

 

19. Харин нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр үндсэн хүүгийн төлбөр 7,545,205.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,509,041.1 төгрөг, 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдөр үндсэн хүүгийн төлбөр 4,931,506.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 986,301.37 төгрөг нийт 14,972,053 төгрөг гаргуулах шаардлага гаргасан нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгоно. Учир нь нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргасан өдрөөр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцлагдсанд тооцох тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан хугацаанд нэхэмжлэгч хүү тооцож шаардах эрхгүй юм.

 

20. Тиймээс шүүх 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар шаардсан үндсэн зээлийн үлдэгдэл 49,037,000 төгрөг, хүүгийн төлбөрийн үлдэгдэл 28,828,150 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,765,630 төгрөг нийт 83,630,780 төгрөгийг хариуцагч С., С. нараас гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 24,077,219 төгрөгийн шаардлага болон хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

21. Нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр №ЗБГ/1901/50-3-12 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, мөн өдөр №11-1362095 дугаар Барьцаалбар үйлджээ. Тодруулбал нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч С., С. нартай байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор хариуцагч С.ийн өмчлөлийн ******* дүүрэг 18-р хороо, хороолол 4 байр 5 тоот 44 м.кв, Ү- дугаарт бүртгэлтэй дөрвөн өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

22. Тиймээс Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1. Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй., 175 дугаар зүйлийн 175.1. Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана. гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч нар зээлийн төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйлийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 

23. Шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 961,298 төгрөг, хариуцагчийн төлсөн 407,950 төгрөгийг улсын төсөвт тус тус хэвээр үлдээж, хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагын хангасан дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 646,303 /576,103+70200/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

24. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдааны товтой биечлэн танилцсан боловч шүүх хуралдаанд ирээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс БНХАУ-д эмчилгээнд явсан шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн нь шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаан болж чадахгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд иргэн өөрийн биеэр болон төлөөлөгчөөр дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор заасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэл олгосон этгээд шүүх хуралдаанд оролцох боломжгүй тохиолдолд хариуцагч өөрөө, эсхүл өөр этгээдээр дамжуулан шүүх хуралдаанд оролцох боломжтой байсан гэж үзнэ. Иймд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасан журмын дагуу хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С., С. нараас 83,630,780 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 24,077,219 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С., С. нар нь үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч С.ийн өмчлөлийн ******* дүүрэг 18-р хороо, хороолол 4 байр 5 тоот 44 м.кв, Ү- дугаарт бүртгэлтэй дөрвөн өрөө орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК болон хариуцагч С., С. нарын хооронд байгуулагдсан 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №ЗГ/1901/50-3-12 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай хариуцагч С.гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 961,298 төгрөг, хариуцагчийн төлсөн 407,950 төгрөгийг улсын төсөвт тус тус хэвээр үлдээж, хариуцагч С., С. нараас 646,303 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-нд олгосугай.

 

5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН