Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 128/2015/0081/з |
Дугаар | 221/MA2017/0411 |
Огноо | 2017-06-08 |
Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 221/MA2017/0411
“Мост интернэшнл” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнх-Өлзий, хариуцагч Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар болон Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмагнай, Нийслэлийн Тээврийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтөр нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 182 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Мост интернэшнл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хороо, Нийслэлийн Тээврийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 182 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 28.7.4, 47 дугаар зүйлийн 47.2.2, 55 дугаар зүйлийн 55.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг тус тус баримтлан “Нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлтийн ажил”, НХААГ-14/0191 тоот тендерийн Багц №1 дугаартай ажилд “МБ Инжиниринг” ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан гэрээ хууль бус байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “Нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлтийн ажил”, НХААГ-14/0191 тоот тендерийн Багц №1 дугаартай ажилд “Мост интернэшнл” ХХК-ийн саналаас татгалзсан шийдвэрийг хууль бус байсан болохыг, “Нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлтийн ажил”, НХААГ-14/0191тоот тендерийн Багц №1 дугаартай ажилд тендерийн үнэлгээний хорооны “Минский автомобильный завод” НХК-ийг гүйцэтгэгчээр шалгаруулсан дүгнэлтийг хууль бус байсан болохыг, Нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлтийн ажил”, НХААГ-14/0191тоот тендерийн Багц №1 дугаартай ажилд “МБ Инжиниринг” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Сангийн яам манай компанийн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна, захиалагчийн хамгийн сайн тендер ирүүлсэн гэж үзэж гэрээ байгуулах эрх олгосон МБ инженеринг ХХК-ийн бэлтгэж ирүүлсэн тендер нь тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн 12.1.ё-д заасан шалгуур үзүүлэлтийг хангахгүй байхад “хамгийн сайн” гэж үнэлсэн нь үндэслэлгүй байна гэж дүгнэсэн ба дахин үнэлгээ хийхийг даалгасан боловч хариуцагч байгууллагаас уг шийдвэрийг биелүүлэх нэр төдий үйлдэлийг хийж хууль зөрчин дахин үндэслэлгүйгээр манай компанийн тендерээс татгалзсан ба хууль бусаар “Минский автомобильный завод” НХК-ийг гүйцэтгэгчээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон нь Төрийн болон орон нутгийн өмчийн бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэж заасны дагуу “МАЗ” НХК-ийг тендерт “хамгийн сайн” үнэлэгдсэн гэж шалгаруулсан нь үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэсэн нь хуулийн холбогдох заалтуудтай зөрүүтэй дүгнэлт болсон гэж үзэж байна. Хариуцагч байгууллага Сангийн яамны шийдвэрийг биелүүлэх нэр төдий үйлдлийг хийж мөн хуулийн 28 дугаар зүйлд заасан үнэлгээг хийсэнийг хуульд нийцсэн зөв дүгнэлт мэтээр шүүхээс зөвтгөн дүгнэсэн нь дээр дурдсан хуулийн заалтуудыг буруу тайлбарлаж, хэрэглэсэн байна. Үүнтэй холбогдож дараа дараагийн актуудыг дүгнэсэн дүгнэлтүүд нь хуулийг буруу тайлбарласан энэхүү дүгнэлттэй холбогдож байгаа тул үндэслэлгүй хийгдсэн гэж үзэж байна. Хохиролтой холбоотой шаардлагын тухайд хохирлын хэмжээний талаар ойлгомжгүй зүйл байхгүй ба хуулийн шаардлага хангасан нотлох баримтаар нотлогдож байгаа, хариуцагч байгууллагууд өөрсдийн хууль бус үйл ажиллагаатай холбогдох хэсгээр ногдох хувийг хариуцан барагдуулах бүрэн боломжтой байсан. Заавал иргэний шүүхээр тусдаа шийдвэрлүүлэх шаардлага байгаагүй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч “Мост интернэшнл” ХХК нь Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулж “Мост интернэшнл” ХХК-ийн саналаас татгалзсан шийдвэр, “Минский автомобильный завод” НХК-ийг гүйцэтгэгчээр шалгаруулсан дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоолгох”-ыг хүссэн, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулж “НХААГ-14/0991 тоот тендерийн Багц№1 дугаартай ажилд “МБ инжиниринг” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох”-ыг хүссэн, Нийслэлийн Тээврийн газарт холбогдуулж “НХААГ-14/0991 тоот тендерийн Багц№1 дугаартай ажилд “МБ инжиниринг” ХХК-тай байгуулсан гэрээ хууль бус байсан болохыг тогтоолгох”-ыг хүссэн, дээрх хариуцагч нарт холбогдуулж “хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлоо гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.
Шүүх “Нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлтийн ажил” НХААГ-14/0991 тоот тендерийн багц №1 дугаартай ажилд “Минский автомобильный завод” НХК-ийг шалгаруулсан нь хууль зөрчөөгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/514 дүгээр захирамжаар Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн зөвлөлийн 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 06 дугаар хуралдааны шийдвэрийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлтэд зориулан угсраа автобус 40 хүртэл, их багтаамжийн автобус 120 хүртэл, дунд багтаамжийн автобус 40 хүртэл ширхэгийг урьдчилгаа төлбөр төлөх нөхцөлтэйгээр худалдан авах ажиллагааг зохион байгуулахыг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт даалгасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А/597 дугаар захирамжаар тендерийн үнэлгээний хороо байгуулагдаж, 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр “Нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлтийн ажил” НХААГ-14/091 тоот тендер зарлагдаж, 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр тендерийн нээлт хийсэн.
Үнэлгээний хороо дээрх тендерт оролцогч “Мост интернэшнл” ХХК-ийн ирүүлсэн тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасан “сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс гүйцэтгэсэн ижил төстэй ажлын өртөг, хугацаа, байршил, бүрэн гүйцэтгэсэн болохыг тодорхойлсон өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт”, ТШӨХ18.1г-д заасан “2012-2014 онд санал болгож буй үнийн дүнгийн 20 хувь буюу түүнээс дээш хэмжээний үнийн дүнтэй ижил төстэй бараа нийлүүлсэн байна” гэснийг хангаагүй үндэслэлээр татгалзаж шийдвэрлэснийг “Мост интернэшнл” ХХК эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан байх бөгөөд Сангийн яамнаас 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 5/6589 дүгээр албан бичгээр тендер шалгаруулалтын багц №1-ийн үнэлгээг дахин хийж гүйцэтгэхийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт мэдэгджээ.
Дээрх мэдэгдлийг хүлээн авсан Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хороо нь “Мост интернэшнл” ХХК болон “Минский автомобильный завод” НХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзаагүй, харин тендерийн үнэлгээ хийсэн нь хэрэгт авагдсан хуралдааны тэмдэглэл, “Мост интернэшнл” ХХК-д хүргүүлсэн Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1786 тоот албан бичгээр нотлогдож байх ба Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-д “бүх тендерийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно”, 28.7.4-т “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж заасны дагуу тендерт оролцогчдийн ирүүлсэн үнийн саналыг харьцуулан хамгийн бага үнийн санал буюу 7.990.000.000 төгрөгийн санал ирүүлсэн, мөн дэлхий нийтэд танигдсан автомашины үйлдвэрлэл эрхэлдэг Беларусь улсын “Минский автомобильный завод” НХК-ийг шалгаруулсан нь хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэснийг зөрчөөгүй байна.
Хэдийгээр Сангийн яамны 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 5/6589 дүгээр албан бичигт “МБ инжиниринг” ХХК-ийн ирүүлсэн тендер ТШӨХ-ийн 12.1/ё/-д заасан шалгуур үзүүлэлтийг хангаагүй байхад “хамгийн сайн” гэж үнэлсэн нь үндэслэлгүй гэж дурдагдсан боловч үнэлгээний хороо дахин үнэлгээ хийхдээ Беларусь улсын Хууль зүйн яамны дэргэдэх Хуулийн этгээд болон хувиараа аж ахуй эрхлэгчдийн улсын нэгдсэн бүртгэлийн удирдах газрын бүртгэлийн хуулбар, ТЕГ-ын Минск хотын дүүргийн хяналт шалгалтын газрын тодорхойлолт, банкны бичгүүд зэргээр ТШӨХ-ийн 12.1/ё/-д заасан “харъяа шүүх, татварын газар, Нийгмийн даатгалын газар, хэлтэс, харилцагч банкуудаас өр төлбөр, зээлгүй гэсэн тодорхойлолт” гэсэн шалгуур үзүүлэлтийг “Минский автомобильный завод” НХК хангаж байна гэж үзсэн, мөн тендерт оролцогчийн техникийн чадавхи, туршлагыг илүү харгалзан тендерийн шаардлага хангана гэж шийдвэр гаргасныг буруутгах боломжгүй юм.
Иймд тендерийн үнэлгээний хорооны “Мост интернэшнл” ХХК-ийн саналаас татгалзсан шийдвэр, “Минский автомобильный завод” НХК-ийг гүйцэтгэгчээр шалгаруулсан дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоолгох”, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас “МБ инжиниринг” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй, тендерт шалгарсан этгээд нь Беларусь улсын “Минский автомобильный завод” НХК байхад нэхэмжлэгч нь тус компанийн Монгол Улс дахь албан ёсны борлуулагч “МБ инжиниринг” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан нь ойлгомжгүй, анхан шатны шүүх үүнийг зөвтгөлгүй хэргийг шийдвэрлэсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Түүнчлэн, шүүх “НХААГ-14/0991 тоот тендерийн Багц№1 дугаартай ажилд “МБ инжиниринг” ХХК-тай байгуулсан гэрээ хууль бус байсан болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг зөрчжээ.
Тодруулбал, Нийслэлийн тээврийн газар, Беларусь улсын “Минский автомобильный завод” компанийн хооронд байгуулагдсан гэрээ нь нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн захиргааны гэрээ мөн боловч гэрээний оролцогч биш, харин уг гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзсэн этгээдийн тухайд захиргааны гэрээг хүчингүй болгуулах, эсхүл илт хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага гаргах боломжтой.
Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”, 106.3.2-т “захиргааны акт, захиргааны гэрээ нь илт хууль бус болохыг тогтоох” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгчийн гаргасан “хууль бус болохыг тогтоолгох” шаардлага нь бие даасан шаардлага бус, харин “гэрээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын урьдчилсан нөхцөл буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарахаар байна.
Гэтэл шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасныг буруу хэрэглэж, гагцхүү захиргааны актад хамаарах хуулийн зохицуулалтад захиргааны гэрээг адилтган хамааруулсан нь учир дутагдалтай болсон гэж үзнэ.
Иймд дээрх шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасны дагуу хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Мөн анхан шатны шүүх тендерийн үнэлгээний хорооны “Мост интернэшнл” ХХК-ийн саналаас татгалзсан шийдвэр, “Минский автомобильный завод” НХК-ийг гүйцэтгэгчээр шалгаруулсан шийдвэр хуульд нийцсэн талаар дүгнэсэн атлаа захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлоо гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг “хохирлын хэмжээний талаар маргаантай” гэх үндэслэлээр хамтатган шийдвэрлээгүй нь буруу болжээ.
Учир нь “Нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлийн ажил” НХААГ-14/0191 тоот тендерийн үнэлгээний хорооны шийдвэрүүд хууль зөрчөөгүй тохиолдолд захиргааны байгууллага хууль бус үйл ажиллагаа явуулаагүй гэж үзэх ба нэхэмжлэгч “Мост интернэшнл” ХХК нь тендерийн баримт бичиг бэлтгэх, судалгааны ажил гүйцэтгэхэд зарцуулсан 24.000.000 төгрөг, тендерийн баримт бичгийг бэлтгэхэд зарцуулсан 260.000 төгрөг, нийт 24.260.000 төгрөгийг хохиролд тооцон шаардах эрхгүй болно.
Дээр дурдсаныг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрт “Мост интернэшнл” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, үлдсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 182 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн удирдлага болгосон заалтын 106.3.13 гэснийг 106.3.14 гэж, 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 28 дугаар зүйлийн 28.7.4, 29 дүгээр зүйлийн 29.1 дэхь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Мост интернэшнл” ХХК-ийн “Нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлтийн ажил НХААГ-14/0991 тоот тендерийн багц №1 дугаартай ажилд тендерийн үнэлгээний хорооноос “Минский автомобильный завод” НХК-ийг гүйцэтгэгчээр шалгаруулсан дүгнэлт, “Мост интернэшнл” ХХК-ийн саналаас татгалзсан тухай шийдвэр, “Минский автомобильный завод” НХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох”, “захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол гаргуулах”-ыг хүссэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан “Нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлтийн ажил НХААГ-14/0991 тоот тендерийн багц №1 дугаартай ажилд “Минский автомобильный завод” НХК-тай Нийслэлийн тээврийн газрын 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан гэрээг хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын “төгрөгийн 50 хувь буюу 35100 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэснийг “төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН