Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 201

 

Д.М-н нэхэмжлэлтэй,

Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн

газрын даргад холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:              Х.Батсүрэн    

Шүүгчид:                             Л.Атарцэцэг

                                              Б.Мөнхтуяа

                                              Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:                   П.Соёл-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга: У.Батцэцэг,

Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/11 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, Д.М-ыг Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай

Сүхбаатар аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 122/ШШ2018/0001 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2018/0114 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Д.М, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Э нарыг оролцуулан,

Хариуцагч Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Б, гуравдагч этгээд Д.О нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Сүхбаатар аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 122/ШШ2018/0001 дүгээр шийдвэрээр: Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4, Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.10.5 дахь заалтыг баримтлан Д.Мөнхзулын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын “Д.М-ыг ажлаас чөлөөлөх тухай” 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/11 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, Д.М-ыг Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.М-н ажилгүй байсан 183 хоногийн дундаж цалин, хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор болох 12.551.877 төгрөгөөс ажилгүйдлийн тэтгэмж 5.062.565 төгрөгийг хасаж тооцон үлдэх 7.489.312 төгрөгийг Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн төсвөөс нэхэмжлэгчид олгож, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Нэгдсэн эмнэлгийн нягтлан бодогчид даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2018/0114 дүгээр магадлалаар: Сүхбаатар аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 122/ШШ2018/0001 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Хариуцагчийн гомдлын агуулгад: Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хэргийг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж, захиргааны хэргийн шүүхэд харьяалагдахгүй маргааныг хянан шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн шүүх нь төрийн жинхэнэ албан хаагчтай холбоотой ажлаас халагдсан асуудлыг захиргааны акт гэж үзэж харьяалан шийдвэрлэдэг. Гэтэл Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга нь Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан үйлчилгээний албан тушаалтан бөгөөд Төрийн үйлчилгээний эрүүл мэнд /ТҮЭМ/-ийн ангилал зэрэглэлд хамаарна. Хөдөлмөрийн харилцаа нь хөдөлмөрийн гэрээгээр зохицуулагддаг. Шүүх эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/11 тоот тушаалыг захиргааны акт гэж үзэж байгаа бол урьдчилан шийдвэрлэх ажиллагааг заавал хийлгэх ёстой.

4. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Гуравдагч этгээдийн гомдлын агуулгад: Анхан болон давж заалдах шатны шүүхүүд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж, захиргааны хэргийн шүүхэд харьяалагдахгүй маргааныг хянан шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн шүүх нь төрийн жинхэнэ албан хаагчтай холбоотой маргааныг хянан шийдвэрлэдэг. Гэтэл Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга нь Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан “үйлчилгээний” албан тушаалтай буюу /ТҮЭМ/ ангилалд хамаарах ба хөдөлмөрийн харилцаа нь хөдөлмөрийн гэрээгээр зохицуулагддаг.

6. Иймд захиргааны хэргийн харьяаллын бус маргааныг шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

7. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул хариуцагч болон гуравдагч этгээдийн хяналтын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

8. Нэхэмжлэгч Д.М нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын даргад холбогдуулан ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын бичилт хийхийг даалгах нэхэмжлэл гаргасан байх бөгөөд нэхэмжлэгч нь тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байжээ.

9. Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт зааснаар Нэгдсэн эмнэлгийн даргыг томилох, чөлөөлөх асуудлыг тухайн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл шийдвэрлэх байна. Тухайн тохиолдолд маргаан бүхий тушаалыг Эрүүл мэндийн газрын дарга гаргасан байгаа нь хуулийн дээрх шаардлагад нийцэхгүй, өөрт эрх олгогдоогүй асуудлаар шийдвэр гаргаж, хууль зөрчсөн, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс зөв дүгнэлт хийжээ.

10. Нэгэнт шийдвэр гаргах эрх хэмжээгүй этгээдээс нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан байх тул уг тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт өгөх шаардлагагүй, захиргааны байгууллагын албан тушаалтнаас өөрт олгогдсон чиг үүргийн хүрээнд шийдвэр гаргах нь захиргааны байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчим юм.

11. Хариуцагч болон гуравдагч этгээдийн “захиргааны хэргийн шүүхэд харьяалагдахгүй, төрийн үйлчилгээний албан хаагчид холбогдох, Хөдөлмөрийн гэрээгээр зохицуулагдах маргааныг шийдэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” тухай гомдол хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаал нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаал бөгөөд эмнэлгийн дарга нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18 дахь хэсэгт зааснаар тухайн байгууллагын төсвийн шууд захирагчийн үүрэг хэрэгжүүлж, тухайн байгууллагын үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангаж, ажлын үр дүнг хариуцах үүрэгтэй тул төрийн үйлчилгээний албан хаагчтай адилтгах боломжгүй юм. Харин эмнэлгийн даргын ажлын байрны чиг үүрэг нь нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж байгаа тул хувийн эрх зүйн харилцааны маргаан гэж үзэхгүй. Түүнчлэн эмнэлгийн даргын хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн гэрээгээр зохицуулдаггүй, Үр дүнгийн гэрээгээр зохицуулдаг, төрийн албаны сонгон шалгаруулалтад орж, төрийн албанд томилогдож, удирдлагын чиг үүрэг хэрэгжүүлдэг тул захиргааны хэргийн хянан шийдвэрлэх маргаан мөн байна.

12. Иймээс шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 122/ШШ2018/0001 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2018/0114 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч, гуравдагч этгээд нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгийг баримтлан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                  Х.БАТСҮРЭН         

ШҮҮГЧ                                                                                      П.СОЁЛ-ЭРДЭНЭ