Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 01

 

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Эрдэнэтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “ Б ” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

         Нэхэмжлэгч: Д.Мын нэхэмжлэлтэй     

      

         Хариуцагч: Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын даргад холбогдох   

   

         Нэхэмжлэлийн шаардлага: “Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Бгийн Д.Мыг ажлаас чөлөөлөх тухай 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/11 тоот тушаалыг хууль бус гэж үзэн уг тушаалыг хүчингүй болгож аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны хохирлыг барагдуулж, цалин хөлс, нэмэгдэл хөлс, бусад нэмэгдлийг олгуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтрийн бичилтийг хийлгүүлж өгөх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Мөнзул шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь сонгон шалгаруулалтанд орж төрийн албаны шалгалтанд тэнцэн 2009 оны 09 дүгээр сарын 03-нд аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар томилогдон 8 дахь жилдээ ажиллаж байсан ба Эрүүл мэндийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Н.Бгийн Д.Мыг ажлаас чөлөөлөх тухай 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/11 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн.

Би 1996 онд АУИСургуулийн хүүхдийн эмчилгээний ангийг, 2002 онд Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академыг төгссөн, 1996-2009 он хүртэл аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн эрхлэгч, зөвлөх эмчээр 13 жил, 2009 оноос аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар 8 жил, улсад нийт 21 дэх жилдээ үр бүтээлтэй хариуцсан ажлаа чин үнэнчээр гүйцэтгэж ирсэн.

 

. . . Дээрх тушаалыг хууль бус гэж үзсэн үндэслэл нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасанчлан хуулийн дагуу сонсох ажиллагааны талаар мэдэгдэл хүргүүлээгүй, сонсох ажиллагааг явуулаагүй.

2. Ажлаас чөлөөлөх тухай тушаалд Эрүүл мэндийн тухай хуулийн 12.2 дахь заалтыг үндэслэсэн нь хууль бус. Энэ заалт нь Эрүүл мэндийн газрын дарга харъяа засаг даргатай зөвшилцөн харъяа нэгдсэн эмнэлгээс бусад Эрүүл мэндийн байгууллагын даргыг хууль тогтоомжинд заасны дагуу томилж, чөлөөлнө гэсэн байдаг.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2 дахь заалт ажилтан мэргэжил, ур чадвар эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдэг нь үндэслэлгүй юм.Д.М нь мэргэжил ур чадвар эрүүл мэнд нь гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэх эсэх талаар ямар ч мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй. Харин 2000-2002 онд Удирдлагын академыг төрийн удирдлагын арга зүйч зохион байгуулагч мэргэжлийг менежер цолтойгоор төгссөн, 2013 онд эрүүл мэндийн удирдах ажилтны мэргэжил олгох 3 сарын сургалтанд хамрагдаж эрүүл мэндийн удирдах ажилтан мэргэшил эзэмшсэн, 2010 онд БНСУлсын нутгийн удирдлагын сургуульд төрийн удирдлагаар, 2015 онд Филиппин улсад эмнэлгийн удирдлагын сургалтанд тус тус хамрагдсан тэргүүлэх зэргийн эмч, эрүүл мэндийн удирдах ажилтан юм.

Миний бие аймгийн Нэгдсэн эмнэлгийн хөгжил, цэцэглэлт, ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бодитой ажлуудыг дэс дараатайгаар хийж, байгууллагын бүтээн байгуулалт, соёл, орчин үеийн шинэлэг техник тоног төхөөрөмжөөр хангаж хөгжүүлэхэд үнэнчээр хөдөлмөрлөж ирснийг төр засаг өндрөөр үнэлж 2011 онд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэг, 2015 онд Баруун-Урт сумын “ Цэнхэр алмазын эзэн ”, УКТЭмнэлгийн “ Клиникийн профессор цол тэмдэг ”, 2016 онд Аймгийн хүндэт тэмдэг, 2016 онд Хүүхдийн эмчийн тэргүүлэх зэрэг, сар бүр ажил дүгнэх үзүүлэлтээр А буюу маш сайн үнэлгээг авч ирсэн. Мөн аймаг орон нутгийн хяналт шинжилгээ үнэлгээнд хамт олноо зөв удирдан зохион байгуулж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн статистик үзүүлэлтэнд чанарын ахиц гаргаж, бусад үйл ажиллагааг тасралтгүй жигд хүртээмжтэй чанартай явуулж, багаар чадварлаг ажилласны үр дүнд 2012, 2013, 2014, 2015 онд буюу 4 жил дарааллан төсөвт байгууллагуудаас тэргүүн байр эзэлсэн, 2016 оны тайланг аймгийн ЗДТГ-т хүргүүлсэн боловч үнэлгээ хийгдээгүй, 2012 онд улсын магадлан итгэмжлэлд 96 хувьтай үнэлэгдэж 5 жилээр батламжаа авсан, сувилахуйн тусламж үйлчилгээгээр жил бүр улсад эхний 3 байрт шалгарсан зэрэг маш олон амжилт үр дүнг үзүүлсэн ба 2016 оны Эрүүл мэндийн газартай байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний биелэлт 96,3 хувьтайгаар үнэлэгдсэн.

         Жил бүр хүний нөөцийн төлөвлөлтөнд анхаарч хүний нөөцийн хангамжийг 98 хувь хүргэж, төрөлжсөн мэргэшлийн эмч мэргэжилтнүүдийг бэлтгэж хүний нөөцийн чадавхийг тасралтгүй сайжруулсан ба эрүүл мэндийн дэвшилтэд техник технологийг бий болгож 2014 онд аймгийн оношлогооны төв, 2015 онд 50 ортой төрөх эмнэлэг, “ Гемодиализ эмчилгээ ”, “Цахим эрүүл мэнд ” үйлчилгээ гэх мэт 20 гаруй нэр төрлийн үйлчилгээг шинээр нэвтрүүлж эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд илүү ойртуулж, орон нутагтаа авах боломж бүрдүүлж ирсэн.

 

Мөн 2016 онд батлагдсан Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16.3-д заасан Эмнэлгийн даргын шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж байна.

 

. . . Иймд нэхэмжлэлээ бүрэн дэмжиж байна. Ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалинг тооцохдоо хуулийн дагуу олгогдох ёстой нэмэгдлийг тооцохыг зөвшөөрч байна гэв.

 

Хариуцагч аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.Мын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Мтай Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1-д заасан үндэслэлээр харилцан тохиролцон Хөдөлмөрийн гэрээг цуцлахаар болсон байсан. 

          Гэтэл Д.М нь 37.1.1-д заасан үндэслэлээр чөлөөлөхөөр тэтгэмж олдохгүй нөгөө талаас миний толгой эргээд байдаг, умайд нэг юм байна гээд байгаа түүнийг оношлуулах шаардлагатай байгаа гээд Солонгос улсруу яаралтай явах болсон тул эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлж 6 сарын тэтгэмж олгохыг хүссэн. Эрүүл мэндийн хувьд ажлаа гүйцэтгэх боломжгүй байгаа гэж ойлгон хүсэлтийг хүлээн авч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлж, эмчлүүлснийхээ дараа мэргэжлээрээ ажиллах боломжийг мөн олгосон. Хөөн хэлэлцэх хугацааг сэргээх гомдолдоо ч Солонгос улсад оношлуулж эмчлүүлсэн талаараа шүүхэд мэдүүлсэн байна. 

         Д.Мд 3 сарын тэтгэмж олгох боломжтой талаар хэлэхэд “би шүүхэд гомдол гаргахгүй, удаан хугацаагаар эмчлүүлэх тул надад мөнгө хэрэгтэй байна. 6 сарын тэтгэлэг өгч тус болооч” гэж хувийн чатаар болон утсаар, мессежээр удаа дараа гуйж байсан. Түүний гадаад улсад оношлуулж эмчлүүлэх шаардлагатай гэснийг үндэслэн 6 сарын тэтгэмжийг шийдэж өгсөн.

        Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

 

        Гуравдагч этгээд Д.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р багийн иргэн Д.Мын нэхэмжлэлтэй холбоотой анхан шатны шүүхэд 2017 оны 12 сарын 22-ны өдрийн 252 тоот захирамжаар Д.О миний бие гуравдагч этгээдээр татагдан оролцож байгаа болно. Д.М нь АНЭ-ийн даргын албыг хашиж байгаад 2017 оны 4 сарын 12-ны өдөр ЭМГ-ын даргын Б/11 тоот тушаалаар уг албан ажлаас чөлөөлөгдсөн ба түүний оронд АНЭ-ийн даргаар Б томилогдож улмаар “Эрүүл мэндийн шалтгаанаар, өөрийн хүсэлтээр” үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн. Миний бие Д.О нь ЭМГ-ын даргын 2017 оны 7 сарын 26-ны өдрийн Б/19 тоот тушаалаар “ үүрэг гүйцэтгэгчээр” томилогдон, төрийн удирдах ажилтны сонгон шалгаруулалтад амжилттай шалгагдан тэнцэж, ЭМГ-ын даргын 2017 оны 11 сарын 27 өдрийн Б/37 тоот тушаалаар АНЭ-ийн даргаар томилогдон ажиллаж байна. 

        Д.Мын нэхэмжлэлтэй холбоотой шүүх үйл ажиллагаанд АНЭ-ийн дарга Д.О миний эрх хөндөгдөх учир хүсэлт гаргаж гуравдагч этгээдээр татагдан оролцож байгаа юм гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх Д.Мын нэхэмжлэлтэй, хариуцагч Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 10 дугаар сарын 23-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

 

Уг хэргийн шүүх хуралдааны товыг  2017 оны 12 дугаар сарын 18, 22-ны өдөр тогтоосон хэдий ч  хариуцагч, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр хоёр удаа хойшлуулж оролцогчийн эрхийг шүүхээс хангаж, дараагийн шүүх хуралдааны товыг тогтоож мэдэгдсэн боловч хариуцагч, түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна. Харин энэ хэргийн гуравдагч этгээд болох Д.О нь өвчний учир эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн байх бөгөөд шүүхээс түүний хүсэлтийг хангаж, шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй, хүндээр өвчилсөн эсэхийг тодруулахаар шүүх хуралдааныг 1 цаг 30 минутын хугацаагаар хойшлуулж хурлын товыг мэдэгдсэн. Энэ хэргийн хариуцагч, гуравдагч этгээд нар нь нэг өмгөөлөгчтэй, өмгөөлөгч Ц.Эрдэнэчулуун нь шүүх хуралдаанд ирэх боломжтой байсан ч,  хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.

 

Дээрх нөхцөл байдлуудыг үндэслээд шүүхээс шүүн таслах ажиллагааны хэвийн, тасралтгүй байдлыг хангах үүднээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн гэж үзэн хэргийг шийдвэрлэж байна. 

 

          Нөгөө талаас нэхэмжлэгч Д.М нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын Д.Оийг Нэгдсэн эмнэлгийн даргаар томилсон тушаалыг хүчингүй болгуулах шаардлага гаргаагүй тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүхээс үзлээ.

 

Иргэн Д.М нь тус шүүхэд хандан “ Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/11 тоот тушаалыг хүчингүй болгож, аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалин нэмэгдлийг олгуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг ба энэ шаардлагуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн болно.

 

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагч, гуравдагч этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд мэдүүлсэн тайлбар, холбогдох нотлох баримтуудыг үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр иргэн Д.Мын нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын “ Д.Мыг ажлаас чөлөөлөх тухай ” 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, Д.Мыг Нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн төсвөөс гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг даалган, түүнчлэн энэ маргааныг шийдвэрлүүлэхийн тулд улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Эрүүл мэндийн газраас тэмдэгтийн хураамжийг төлүүлж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Нэг.Нэхэмжлэлийг хэлэлцэх үндэслэл.

Нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд маргааны зүйл нь нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн Захиргааны хэргийн шүүхийн хянан хэлэлцэх маргаан байна гэж үзлээ. Учир нь Эрүүл мэндийн газрын даргын тушаал нь захиргааны актын шинжийг бүрэн агуулсан, нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулан ажиллаж байсан, талуудын харилцааг Эрүүл мэндийн тухай хуулиар зохицуулсан байх тул Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан гэж үзэж, холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэх үндэслэлтэй гэж үзсэн болно.

 

Хоёр. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан үндэслэл.

1. Нэхэмжлэгч Д.М нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2009 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 63 тоот тушаалаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар томилогдсон байна.

 

           Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нь Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалтуудыг үндэслэн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны Б/11 дүгээр тушаалаар Д.Мыг 2017 оны 04 дүгээр сарын 14-ний  өдрөөс Нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.

 

           Хариуцагч нь дээрх захиргааны актыг гаргахдаа нэхэмжлэгчид ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгч, захиргааны шийдвэрийн хяналтын хуудас хөтлөн, нөхцөл байдлын үнэлгээ тогтоосон болох нь хавтаст хэргийн 9, 94-95 дугаар хуудсанд байгаа баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн “хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан хуулийн дагуу сонсох ажиллагааг явуулаагүй ” гэсэн тайлбар үндэслэлгүй байна. 

 

          Харин төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх болсон шалтгаан, үндэслэлийг маргаан бүхий захиргааны актад тусгаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т заасан “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал,. . . ”-ыг заах шаардлагыг хангахгүй байна.

 

2. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан хэдий ч шүүхээс доорх үндэслэлээр тухайн актыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэж байна.  

 

          Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.4, Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.10.5  дахь хэсэгт зааснаар тухайн эмнэлэгт төлөөлөн удирдах зөвлөл ажиллах бөгөөд тус төлөөлөн удирдах зөвлөл нь  Нэгдсэн эмнэлгийн захирлыг томилж, чөлөөлөх эрхтэй байхаар заасан байна. 

          Иймд төрийн захиргааны байгууллага хууль дээдлэх зарчмын дагуу аймгийн Эрүүл мэндийн газрын даргын шийдвэр нь хуульд нийцсэн байх шаардлагыг хангаагүй бөгөөд хуулиар эрх олгогдоогүй, өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар шийдвэр гаргасан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын “Д.Мыг ажлаас чөлөөлөх тухай” 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/11 дүгээр тушаал нь илт хууль бус захиргааны акт болохыг шүүхээс тогтоож шийдвэрлэж байна.

 

         Тодруулвал: хариуцагч нь дээрх тушаалыг гаргахдаа Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийг үндэслэл болгосон байх бөгөөд уг заалт нь Эрүүл мэндийн газрын даргад харъяа нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын даргыг томилж, чөлөөлөх эрх олгосон заалт юм.

 

         3. Түүнчлэн маргаан бүхий захиргааны акт буюу Эрүүл мэндийн газрын даргын Б/11 дүгээр тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасан “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэсэн заалтыг баримталж нэхэмжлэгч Д.Мыг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан.

 

Монгол улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон ” гэдгийг ажилтны дээрх байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно гэж заасан байдаг.

 

          Нэхэмжлэгч Д.Мтай холбоотой дээрх дүгнэлтүүд гараагүй болох нь хавтаст хэргийн 23-37, 84-92 дугаар талд бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ / үнэлгээ /, хяналт шинжилгээ үнэлгээний байгууллагаас Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээний дүн үнэлгээнүүд, Сүхбаатар аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01/297 тоот  “Д.М нь хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгож байгаагүй” гэсэн албан бичиг зэргээр нотлогдож байна. 

 

4. Нийтийн эрх зүйн хүрээнд маргааныг шийдвэрлэж байгаа тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна ” гэсэн заалтыг хэрэглэж нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах  шаардлагатай холбоотой хэсгийг шийдвэрлэх боломжтой гэж үзэв. 

 

          Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “ энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно ” гэж заажээ. 

 

          Тэгэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар  2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гартал буюу 2018 оны 01 дүгээр сарын 5-ны өдрийг дуустал хугацаанд нэхэмжлэгчийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “дундаж цалин хөлс тодорхойлох” журамд зааснаар тооцож ажилгүй байсан 183 хоногийн дундаж цалин, хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 12.551.877 төгрөгнөөс ажилгүйдлийн тэтгэмж 5.062.565 төгрөгийг хасаж, үлдэх 7.489.312 төгрөгийг олгож, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутган дэвтэрт бичилт хийхийг Нэгдсэн эмнэлгийн нягтлан бодогчид даалгаж шийдвэрлэв. 

          Ажилтны нэмэгдэл цалин хөлсийг бодохдоо хоолны мөнгө, илүү цагийн мөнгийг хасаж хуулийн дагуу авах ёстой бусад нэмэгдлийг тооцсон болно.

 

          5. Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө хэргийн оролцогчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “. . .  нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, харицагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгохоор зааж шийдвэрлэлээ.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.12 дахь  хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4, Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.10.5 дахь заалтыг баримтлан  Д.Мын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын “ Д.Мыг ажлаас чөлөөлөх тухай” 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/11 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, Д.Мыг Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 

         2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Мын ажилгүй байсан 183 хоногийн дундаж цалин, хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор болох 12.551.877 / арван хоёр сая таван зуун тавин нэгэн мянга найман зуун далан долоо/ төгрөгөөс ажилгүйдлийн тэтгэмж 5.062.565 / таван сая жаран хоёр мянга таван зуун жаран тав/ төгрөгийг хасаж тооцон үлдэх 7.489.312 / долоон сая дөрвөн зуун наян есөн мянга гурван зуун арван хоёр/ төгрөгийг Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн төсвөөс нэхэмжлэгчид олгож, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Нэгдсэн эмнэлгийн нягтлан бодогчид даалгасугай.

 

          3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газраас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Мд олгосугай.

 

          4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Х.ЭРДЭНЭТУЯА