Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 149

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Маралмаа

Улсын яллагч Н.Амаржаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чулуунбаатар

Шүүгдэгч П.Б, Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л овогт П.Б, Х овогт Б.Г, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б.Г нарт холбогдох эрүүгийн 201710010015 тоот хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт оршин суух хаягтай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Л овогт П.Б,

Монгол Улсын иргэн, халх, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суух хаягтай, Шанх транс ХХК-д жолоочоор ажиллаж байсан, Х овогт Б.Г,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Б, Б.Г нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 03 сарын 26-ны өдөр Монгол Улсын хил буюу Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хязгаарласан эд зүйл болох 33,000,000 төгрөгийн үнэтэй 5 тооны халиун бугын түүхий эд буюу чив 4 ширхэг, сүүл 5 ширхэгийг биедээ нууж хууль бусаар нэвтрүүлсэн,

Шүүгдэгч Б.Г нь 2016 оны 03 сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт байрлах төв талбай дээрээс ховор амьтан болох 5 тооны халиун бугийн түүхий эд болох чив 4 ширхэг, сүүл 5 ширхэгийг худалдан авч Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт заасныг зөрчиж экологи эдийн засгийн үнэлгээгээр 66,000,000 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч П.Б мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд: “... 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Эрээн хотоос ДСП хавтан наадаг наалтын машины жижиг мотор худалдаж авах зорилгоор Замын-Үүд суманд танихгүй хувь хүний таксигаар 25-ны өдөр 08:00  цагийн үед ирсэн. Ингээд өглөө вокзал дээрээс хил гарах машинд суух гээд ганцаараа явж байтал Улаанбаатар хотод нэг гудамжинд амьдарч байсан Г гээд найзын төрсөн дүү Б.Г тааралдсан. Миний хувьд Эрээн хот руу анх удаа гарч үзэж байсан болохоор машины жижиг мотор хаана зардагыг Б.Г-с асуусан чинь “өө ахаа би тэр машины эд ангийг чинь хаана хямд зардагыг нь мэднэ, би заагаад өгье, харин та хилээр ганц юм гаргахад туслаад өгөөч” гэж гуйсан. Тэгээд юу болохыг тодруулж асуутал “жоохон ангын юм байгаа юм аа, биедээ хийх гэсэн боловч багтахгүй эндээс холгүй байшинд үлдээчихсэн байгаа” гэж хэлсэн. Ингээд Б.Г-н хамт түүний үлдээсэн гэх газарт эзэнгүй тоосгон байшинд очиход хар өнгийн уутанд ороосон 4 хэсэг жижиг зүйлийг булангаас гаргаж ирсэн. Тухайн үед би яг юу гэдгийг сайн мэдээгүй бөгөөд ангын юм гэхээр нь за хил дээр баригдсан ч гайгүй байлгүй дээ гэж бодоод 4 хэсэг зүйлээ биедээ буюу салтаандаа скочоор тогтоосон, харин Б.Г-н биед надад өгсөнтэй адил 5 хэсэг хар өнгийн ууттай жижиг зүйлийг салтаандаа скочидсон байсан. Ингээд бид хоёр вокзал руу буцаж алхаад улсын хил гарах УАЗ 469 маркийн автомашинд суугаад АЗШНБ-ийн зорчигчийн хэсгээр орох гэж байгаад МУ-ын гаалийн улсын байцаагчид саатуулагдсан. Би Б.Г-той дээрх эд зүйлийг улсын хилээр гаргаж өгснийхөө төлөө ямар нэг шан харамж авна гэж ярилцаагүй бөгөөд гаалийн улсын байцаагчид өгсөн анхны тайлбартаа ингээд хэлчихвэл гайгүй байдаг юм болов уу гэж бодоод сандарсандаа “Б.Г эдгээрийг гаргаад өгөөч ээ, 300 юань өгнө гэсэн” гэж тайлбарласан, уг нь би хүний нутагт нутгийнхаа дүүтэй уулзаад нэг нэгэндээ туслаад өгье гэж бодсон боловч ийм хэрэгт холбогдлоо, бугын чив, сүүл байсан гэснийг мэдээгүй, сүүлд уутыг задлахад мэдсэн. Анх уутны гадна талаас нь харахад яг юу байсныг мэдээгүй бөгөөд уутыг нь задалж үзэхэд өмхийрч муудсан байдалтай бугын сүүл 5 ширхэг, чив 4 ширхэг байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 86-87/,

- Шүүгдэгч Б.Г-н мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд: “... Би 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 15 цагийн үед Эрээн хотоос 6 ширхэг харбин пивотой Замын-Үүд суманд суудлын автомашинаар орж ирсэн, тэгээд тэр өдрөө суудлаар гэртээ харих гэсэн боловч суудлаасаа хоцроод Улаанбаатар хот руу машин хайгаад вокзал дээгүүр явж байгаад сааданд очоод сууж байтал үл таних 35-40 насны, намхан нуруутай залуу над дээр ирээд “тамхилаач” гэхээр нь тамхинаасаа гаргаж өгөөд түүнтэй танилцсан. Надад анх өөрийгөө танилцуулахдаа “намайг Б гэдэг би эндэхийнх” гэж хэлээд яриа өдөхөөр нь авч явсан пивоноосоо задалж өгөөд хаана юу хийдэг, цаашид яах гэж байгаа талаараа хоорондоо ойр юм яриад яриа өрнүүлсэн. Тэгсэн энгэрээсээ нэг шил Улаанбаатар архи гаргаж ирээд “өнөөдөр хоёулаа сайхан танилцнаа, 100 төгрөгтэй байснаас 100 найзтай бай гэдэг биз дээ, эр хүний замын хүзүү урт” гээд архинаас нь хувааж уугаад сууж байтал энгэрээсээ хар ууттай жижиг зүйлүүд гаргаж ирээд “хөгшөөн саяхан Замын-Үүд сумын дуудлага худалдаагаар хэдэн ангын эд зүйл хямдхан авсан, найз нь Эрээн рүү гаргаж зарах гэсэн боловч паспортны хугацаа дуусчихлаа, тийм болохоор чамд үүнийг хямдхан өгчихье” гэсэн. Тэгээд би байсан зүйлүүдийг нь сонирхоод юу байгааг нь хальт харахад өмхий үнэртэй үсэрхэг, мах шиг зүйлүүдийг жижиг хар уутанд боосон нийт 9 ширхэг зүйл байхаар нь Б-с “энэ чинь юу вэ” гэж асуусан, тэгсэн “бугын чив, сүүл гэдэг чинь энэ байна, Эрээний юань авдаг хүмүүс наадахыг чинь 1 сая гаруй төгрөгөөр дор хаяж худалдаж авна, чамд мөнгө байна уу, байвал мөнгөнд чинь найз нь өгчихье” гэж хэлсэн. Тухайн үед “надад байгаа нь 300,000 төгрөг байна” гэж хэлсэн чинь “өө өнөөдөр хоёулаа сайхан танилцлаа, уг нь би эдгээр зүйлсийг 500,000 төргөрөөр зарах гэж байсан юм, эр хүмүүс байна, чамд байгаа мөнгөнд чинь өгчихье” гээд надаас 300,000 төгрөг авснаа “түрүүвчийг чинь хоосон үлдээгээд яахав” гэж хэлээд 10,000 төгрөгийг минь буцааж өгсөн. Тэгээд би Б-с яаж хилээр гаргах талаар асуухад “наад хэдээ салтаандаа скочдоод улсын хилээр гаргачихдаг юм, ямар ч асуудал байхгүй, хэрвээ баригдлаа гэхэд захиргааны арга хэмжээ авагдаад, юм аа хураалгана” гэж хэлээд намайг “одоо наанаа сууж бай, би архинд яваад ирье, тэгээд хоёулаа буудалд сайхан юм ярьж хоноё” гэснээ алга болчихсон. Ойролцоогоор 1 цаг гаруй хүлээгээд ирэхгүй байхаар нь саад болон вокзал хавиар хайгаад олоогүй ээ, тэгээд архи уучихсан халамцуу байсан болохоор маргааш өглөө хил гаръя гэж бодоод өндөр тоосгон худгын хойшоо чигээрээ яваад цонх шил нь хагарчихсан эзэнгүй хоосон байшинд орж унтсан. Ингээд өглөө сэрэнгүүтээ дэлгүүрээс скоч худалдаж аваад Б-н хэлснээр биедээ буюу салтаандаа скочдож үзсэн чинь 5 уут нь багтаж байхаар нь үлдсэн хэдийг нь хоносон эзэнгүй байшиндаа үлдээсэн. Тэгээд вокзал дээр хил гарах машин хайгаад явж байтал төрсөн ах Б.Г-н найз П.Б ахтай тааралдсан. Тэр үед Б ах “Улаанбаатар хотоос өглөө замын машинаар Эрээн рүү анх удаа гарахаар ирлээ, Эрээнээс машины мотор худалдаж авах гэсэн чинь хаана зардагыг сайн мэдэхгүй байна, чамд таньж мэдэх хүн байна уу” гэхээр нь би “тэр хавиар үйлдвэрийн тоног төхөөрөмжийн мотор зардаг газрыг мэднэ, хамт яваад олоод өгч болно” гэж хэлсэн. Би Улаанбаатар хотод амьдарч байхдаа Б ахыг гэртээ нэг гудамжинд байдаг байсан бөгөөд Өмнөговь аймаг руу явсанаас хойш 4-5 жил хоорондоо уулзалдаагүй байсан болохоор хоорондоо ойр зуурын юм яриад цуг Эрээн гарахаар болсон. Тэгээд нэгэнт хамт Эрээн гарах гэж байгаа юм чинь гэж дотроо бодоод нөгөө байшинд үлдээсэн зүйлээ ахыг аваад гарчих гэж гуйгаад зөвшөөрүүлсэн. Ингээд бид хоёр хоосон байшин дээрээ буцаж очоод үлдсэн 4 ширхэг ууттай зүйлийг Б ахын салтаанд скочдож өгөөд хил гарах машинд суугаад хилээр гарах гэж байгаад Монгол Улсын гаалийн улсын байцаагчид баригдсан. Баригдсаныхаа дараа буюу гаалийн хяналт шалгалтын өрөөнд ороод биедээ скочдсон эд зүйлсээ нэг нэгээр нь задалж үзэхэд 4 ширхэг сүүл, 5 ширхэг чив байсан, тэгээд би анх удаа тийм зүйл харж байгаа болохоор бугын чив, сүүл гэж юм байна даа гэж бодсон. Энэ хэрэгт П.Б ах ямар ч хамаагүй, би Б ахыг ангын мах байгаа юм аа гэж гуйсаар байгаад өгчихсөн, тэрнээс улсын хилээр гаргаад өгвөл шан харамж өгнө гэж ярилцсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 90-91/,

- Иргэний нэхэмжлэгч Т.У-н мөрдөн байцаалтын шатанд: “... Шинжээчийн дүгнэлтээр 4 чив, 5 сүүл гэж гарсан тул 5 эр халиун бугын экологи эдийн засгийн үнэлгээгээр хохирлоо нэхэмжилнэ, мөн амьтны тухай хуулинд зааснаар амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтаны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно гэсэн байдаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66/,

- Гэрч Б.Б-ий мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тухайн өдөр би албаны даргын баталсан хувиарын дагуу Замын-Үүд дэх АЗШНЦ 1-ийн гарах талын зорчигчийн зааланд гаалийн улсын байцаагчийн үүрэг гүйцэтгэсэн ба хүний биеийн рентген хяналтын аппарат ажиллахгүй байсан учир гаднаас орж ирсэн зорчигч нарыг нүдээрээ харан, сэжиг бүхий хүмүүст хяналт тавьж ажилласан. Өглөө 10-11 цагийн хооронд гарах талын зорчигчийн хаалгаар биедээ юм нуусан байж магадгүй гэх, нилээн сандарсан байдалтай 30-35 орчим насны 2 залуу хамт орж ирсэн бөгөөд биед нь үзлэг хийхэд  өмдний дотор тал буюу салтаа хэсэгт нь хатуу зүйл мэдрэгдсэн. Ингээд хоёр залууг гаалийн гүнзгийрүүлэн шалгах албаны өрөөнд оруулан гадуур хувцсыг нь тайлуулахад эхний залуугийн биед буюу салтааных нь дотор талд хар өнгиийн гялгар уутаар скочдож багласан 5 хэсэг жижиг зүйл байсан ба дараагийн залуугийн салтаанд мөн адил хар өнгийн гялгар уутаар скочдож багласан 4 хэсэг жижиг зүйлүүд гарч ирсэн. Тэгээд юу болохыг нь зорчигч нараас тухайн үед асуухад “зүгээр ангын мах байгаа юм аа, бид хоёр ингээд явчихъя тэгэх үү” гээд гуйгаад байхаар нь гялгар ууттай зүйлүүдийг нэг нэгээр нь задалж үзэхэд ангын гаралтай 4 ширхэг бугын чив, 5 ширхэг бугын сүүл мэт зүйл байсан. Ингээд зохих журмын дагуу дээрхи эд зүйлийг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан Б.Г, П.Б гэгч 2 иргэнийг саатуулж, гаалийн зөрчлийн албанд эд зүйлийн хамт хүлээлгэн өгсөн. Мөн гаалийн хяналт шалгалтын явцад дээрх 2 зорчигчийн сууж ирсэн тээврийн хэрэгслийг шалгах гэсэн боловч хил рүү явдаг такси буюу явганаар гаалийн хяналтын бүсэд орж ирсэн байсан ба биеэс өөр ямар нэгэн эд зүйл илрээгүй болно. Үзлэгийн явцад Б.Г гэгч залуу нь дээрх эд эрхтэний талаар надад хэлэхдээ “...танихгүй хүн хилээр гаргаад өгвөл 2000 юань өгнө гэж хэлсэн, тэр хүнийг би одоо танихгүй, Эрээнээс хүн тосож авна” гэж байсан ба П.Б нь юм ярихгүй үг дуугүй зогсоод байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68/,

-Гэрч Д.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн: Тухайн үед 11 цагийн үед АЗШНЦ 1-ийн зорчигчийн гарах талд үүрэг гүйцэтгэж байсан гаалийн хяналтын улсын байцаагч Б.Б над руу утсаар яриад “П.Б, Б.Г гэгч зорчигч нар нь биедээ МУ-ын ховор амьтны эд эрхтэн болох бугын чив, сүүлийг биедээ нууж, хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байгаад саатуулагдлаа, та хүрээд ирэх үү” гэж хэлсэн. Ингээд уг мэдээллийг үндэслэн гарах талын зорчигчийн чиглэлд байрлах хяналт шалгалтын гүнзгийрүүлсэн өрөөнд ороход П.Б, Б.Г нар нь гаалийн улсын байцаагч Б.Б-ий хамт зогсож байсан ба Б.Б-с юу болсон талаар асуухад “эдгээр хүмүүсийн биеэс буюу салтаа хэсгээс нийт 4 ширхэг бугын чив, 5 ширхэг бугын сүүл гарч ирсэн” гэж хэлсэн. Мөн дээрх иргэд нь салтаа хэсэгтээ буюу өмднийхөө дотор талд скочоор нааж нуусан байсан гэсэн. Тухайн үед дээрх амьтны гаралтай эд эрхтэнүүдийг хар өнгийн гялгар уутаар битүү ороосон байсан бөгөөд уут тус бүрийг задлахад муудсан болов уу гэмээр өмхий үнэр маш ихээр үнэртэж байсан. Ингээд хойшлуулашгүй ажиллагааны хүрээнд амьтны гаралтай эд эрхтэнийг тэмдэглэл үйлдэн хураан авч, П.Б, Б.Г нараас тайлбар авахад Б.Г нь “...би Улаанбаатар хотоос Б гэдэг хүнээс дээрх эд зүйлийг худалдаж аваад хил гаргаж мөнгө олох гэж байсан юм” гэдэг бөгөөд П.Б-н хувьд “...дээрх амьтны гаралтай эд эрхтэнийг улсын хилээр гаргаад өгвөл надад 300 юань өгнө гэсэн гэж хэлсэн” гэснээс өөр зүйл яриагүй...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 69/,

- Хүний биед үзлэг хийсэн болон эд зүйлийг түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 10-11, 18, 20/,

 - 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-33/,

- Гаалийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 40/,

- Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 42-43, 45/,

  • Эд зүйл устгалд оруулсан тухай тэмдэглэл /хх-ийн 58/,
  • Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 63/,
  • Орон байранд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 77-81/,

- Шүүгдэгч нарын ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 96,110/ зэрэг нотлох баримтуудыг болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сдиг шинжлэн судалсан болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Г нь 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт байрлах төв талбай дээрээс ховор амьтан болох 5 тооны халиун бугын түүхий эд болох чив 4 ширхэг, сүүл 5 ширхэгийг худалдан авсан, худалдан авсан чив, сүүлээ маргааш нь буюу 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр П.Б болон өөрийн биедээ нууж Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор гарч байгаад гаалын улсын байцаагчийн үзлэг шалгалтаар баригдсан үйл баримт болсон байна.  

Шүүгдэгч Б.Г нь 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ховор амьтан болох 5 тооны халиун бугын түүхий эд болох чив 4 ширхэг, сүүл 5 ширхэгийг худалдан авч Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт заасныг зөрчиж экологи эдийн засгийн үнэлгээгээр 66,000,000 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан, худалдан авсан зүйл болох хязгаарлалт тогтоосон барааг П.Б-той бүлэглэн Монгол Улсын хил буюу Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, гэрч Б.Б-ий “...би албаны даргын баталсан хувиарын дагуу Замын-Үүд дэх АЗШНЦ 1-ийн гарах талын зорчигчийн зааланд гаалийн улсын байцаагчийн үүрэг гүйцэтгэсэн... Өглөө 10-11 цагийн хооронд гарах талын зорчигчийн хаалгаар биедээ юм нуусан байж магадгүй гэх, нэлээн сандарсан байдалтай 30-35 орчим насны 2 залуу хамт орж ирсэн бөгөөд биед нь үзлэг хийхэд өмдний дотор тал буюу салтаа хэсэгт нь хатуу зүйл мэдрэгдсэн. Ингээд хоёр залууг гаалийн гүнзгийрүүлэн шалгах албаны өрөөнд оруулан гадуур хувцсыг нь тайлуулахад эхний залуугийн биед буюу салтааных нь дотор талд хар өнгийн гялгар уутаар скочдож багласан 5 хэсэг жижиг зүйл байсан ба дараагийн залуугийн салтаанд мөн адил хар өнгийн гялгар уутаар скочдож багласан 4 хэсэг жижиг зүйлүүд гарч ирсэн...” гэсэн, гэрч Д.Э-н “...Ингээд хойшлуулашгүй ажиллагааны хүрээнд амьтны гаралтай эд эрхтэнийг тэмдэглэл үйлдэн хураан авч, П.Б, Б.Г нараас тайлбар авахад Б.Г нь “...би Улаанбаатар хотоос Б гэдэг хүнээс дээрх эд зүйлийг худалдаж аваад хил гаргаж мөнгө олох гэж байсан юм” гэдэг бөгөөд П.Б-н хувьд “...дээрх амьтны гаралтай эд эрхтэнийг улсын хилээр гаргаад өгвөл надад 300 юань өгнө гэсэн гэж хэлсэн” гэснээс өөр зүйл яриагүй...” гэсэн, иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Т.У-н “...Шинжээчийн дүгнэлтээр 4 чив, 5 сүүл гэж гарсан тул 5 эр халиун бугын экологи эдийн засгийн үнэлгээгээр хохирлоо нэхэмжилнэ, мөн амьтны тухай хуулинд зааснаар амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ хоёр дахин өсгөж тогтооно гэсэн байдаг...” гэсэн мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Г нь 2016 оны 03 сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт байрлах төв талбай дээрээс ховор амьтан болох 5 тооны халиун бугын түүхий эд болох чив 4 ширхэг, сүүл 5 ширхэгийг Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт заасныг зөрчиж худалдан авснаар Амьтны тухай хуулийн  37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар “...амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг ... худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна”, мөн хуулийн 37.2-т зааснаар амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно гэж заасан. Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолд зааснаар  Халиун бугын үнэлгээг эрийг нь 6,600,000 төгрөгөөр үнэлсэн байна. Иймд шүүгдэгч Б.Г-г 33,000,000 төгрөгийн үнэ бүхий 5 тооны халиун бугийн түүхий эд болох чив 4 ширхэг, сүүл 5 ширхэгийг худалдан авч улсад 66,000,.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч нарт дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч П.Б, Б.Г нарыг бүлэглэн 2016 оны 03 сарын 26-ны өдөр Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хязгаарласан эд зүйлийг биедээ нууж Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэлд нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-т зааснаар зүйлчилж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт,

шүүгдэгч Б.Г-г 2016 оны 03 сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт байрлах төв талбай дээрээс ховор амьтан болох 5 тооны халиун бугын түүхий эд болох чив 4 ширхэг, сүүл 5 ширхэгийг худалдан авч Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт заасныг зөрчиж экологи эдийн засгийн үнэлгээгээр 66,000,000 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.2-д зааснаар зүйлчилж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус өөрчлөн зүйлчлэх үндэслэлтэй байна.    

Шүүгдэгч Б.Г, П.Б нарын 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хугацаа өнгөрсөн байх тул шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, харин шүүгдэгч Б.Г-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэнд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Шүүхээс шүүгдэгч П.Б, Б.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч П.Б, Б.Г нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхэгийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.

Иргэний нэхэмжлэгч 66,000,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Б.Г нь төлөөгүй тул түүнээс гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Л овогт П.Б, Х овогт Б.Г нарт 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-т зааснаар зүйлчилж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож, шүүгдэгч Х овогт Б.Г-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.2-т зааснаар зүйлчилж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Л овогт П.Б, Х овогт Б.Г нарыг бүлэглэн хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, шүүгдэгч Х овогт Б.Г-г ховор амьтны түүхий эд зүйлийг худалдан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч П.Б, Б.Г нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай. 

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Б.Г-д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд оршин суух газраасаа зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

5. Шүүгдэгч Б.Г нь дээрх хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч П.Б, Б.Г нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхэгийг хэрэгт хавсаргасугай.

8. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Г-с 66,00,000 /жаран зургаан сая/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

9.  Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Г-д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

10. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч,   тэдгээрийн өмгөөлөгч нар, мөн иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт нь шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Б.НАРМАНДАХ