Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2023/0520

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Б******* даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: “А******* *******” ХХК /РД:*******/,

            Хариуцагч: Татварын ерөнхий газар нарын хоорондын маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т*******, Б.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Ц******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:

1.1. “Төлбөл зохих АМНАТ-ийг 22,382,701,431.10 төгрөгөөр нэмэгдүүлж TAIS нэгдсэн систем бүртгэсэн Татварын ерөнхий газрын үйл ажиллагааг илт хууль бус актад тооцуулах тухай”,

1.2. “Дээрх дүнг Татварын ерөнхий газраас 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр үйлдсэн тооцоо нийлсэн актын дагуу TAIS нэгдсэн системд шинэчлэн бүртгэхийг Татварын ерөнхий газарт даалгах тухай” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан.

Хоёр. Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:

2.1. Анх нэхэмжлэгч “А******* *******” ХХК нь Засгийн газарт холбогдуулан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.8 дахь заалтыг зөрчсөн Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын 2.4-ийн 4 дэх  заалт ба Засгийн газрын 2013 оны 131-р тогтоолын 3 дахь заалтын 2-ийн төмрийн баяжмалд холбогдох хэсгийг тус тус хүчингүйд тооцуулах тухай, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.12 дахь заалтыг зөрчсөн Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болох Монгол банкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр”-ийн 3 дахь заалт, Засгийн газрын 2013 оны 131-р тогтоолын 2 дахь заалтын “төмөр”-т холбогдох хэсгийг тус тус хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2569/с дугаар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шийдвэрээр[1] нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэснийг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 546 дугаар тогтоол[2] гарган дээрх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснээр Монгол Улсын Засгийн газрын нэр бүхий тогтоолуудыг хүчингүй болгосон байна.

2.2.Нэхэмжлэгч тал 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 546 дугаар тогтоол хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1435 тоот, 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1478 тоот, 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “хариу хүсэх тухай” 187 дугаар албан бичгээр[3] “...ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тооцооллыг хоёр талаас тооцоо нийлэх  асуудлыг шийдвэрлүүлэх  талаар хүсэлт гаргасан, ...асуудлыг компанийн зүгээс яаралтай шийдвэрлүүлэх...” хүсэлтийг гаргахад Татварын ерөнхий газраас уг албан бичгийн хариу болгон  2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1/550 тоот албан бичгээр[4] “... холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосон боловч хэрхэх тухай тодорхой дурдаагүй байгаа нь цаашид ямар үнэнд суурилж тайлангийн ногдол гаргахад хүндрэл учруулж байна. Бид энэ талаар шүүх хуралдаанд Засгийн газрыг төлөөлж оролцсон Сангийн яамны холбогдох мэргэжлийн хэлтсүүдээс асууж тодруулж байгаа боловч одоогоор тодорхой хариу ирүүлээгүй байгааг дурдах нь зүйтэй юм...” хэмээх хариуг “А******* *******” ХХК-д хүргүүлжээ.

2.3.Мөн Татварын ерөнхий газраас 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 5/1113 тоот[5] албан бичгээр “ ... татварын байцаагч тайлбар авахаар мэдээлэл илгээсэн байх бөгөөд танай зүгээс хариу ирүүлээгүй тул тухайн татварын тайланг одоогоор баталгаажуулаагүй байна...”, нэхэмжлэгчийн 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 7/2458 дугаар[6] албан бичгийн хариуд “... Улсын төсвийн орлого, хяналтын газарт  чиглэл өгсөн болно” гэх, түүнчлэн нэхэмжлэгчээс Улсын төсвийн орлого, хяналтын газраас Сангийн яамны төсвийн бодлого төлөвлөлтийн газарт 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 1/708 тоот[7] албан бичгээр төмрийн *******т ногдуулах АМНАТ-ийн жишиг үнийн судалгаа, мэдээг ирүүлэх тухай бичгийн дагуу 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 4-2/5633 тоот[8] албан бичгээр судалгааг хүргүүлсэн байна.

2.4.Нөгөөтээгүүр нэхэмжлэгчээс Сангийн яаманд хандан 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 785/15 тоот албан бичгээр[9] “урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргах тухай” гомдол гаргасан ба үүнтэй холбогдуулан Сангийн яамнаас 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 6/5995 дугаар албан бичгээр[10] “...Татварын ерөнхий газарт хандаж тооцоо нийлж холбогдох шийдвэр гаргахад шаардагдах мэдээ, судалгааг 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 4-2/5633 тоот албан бичгээр хүргүүлсэн тул танай компанитай тооцоо нийлэх боломжтой болсныг үүгээр мэдэгдье” гэх хариуг өгсөн.

2.5.Харин дээрх хугацаанд Улсын төсвийн орлого, хяналтын газраас 2017 оны 04 дүгээр сарын 10-ний өдрийн 1/313 дугаар[11] албан бичгээр Татварын ерөнхий газрын дарга Б.Б******* даргад хандаж хууль зүйн ямар эх сурвалжийг үндэслэн ажиллах талаар чиглэл хүсэхэд  2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 10/1931 дүгээр албан бичгээр[12] “... хууль бус болохыг тогтоосон шүүхийн шийдвэр гарсан тул холбогдох татварын тайланг залруулга хийх нь зүйтэй...” хэмээх чиглэлийг өгсөн байна.

2.6.Түүнчлэн Татварын ерөнхий газраас 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 8/2927 дугаар[13] албан бичгээр “... шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд өмнө нь төмрийн *******, төмрийн баяжмал экспортлоход ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулах, төлөхтэй холбоотой харилцааг зохилцуулж байсан Засгийн газрын хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан тогтоолын заалтуудыг үндэслэн  жишиг үнээр тооцох бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээс хойших хугацаанд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3-т “дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн” гэж заасныг удирдлага болгох нь зүйтэй байна...” гэх хариуг Улсын төсвийн орлого, хяналтын газарт хүргүүлж байжээ.

2.7. Улмаар Татварын байцаагчаас 2010-2014 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тогтоон түүнд үндэслэж торгууль тооцож, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 210020529 тоот захиргааны акт гарсан бөгөөд үүнийг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүх хянан хэлэлцээд 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 930 дугаарт шийдвэрээр[14] Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нарын гаргасан 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 210020529 тоот актыг хүчингүй болгожээ.

2.8.Энэхүү шүүхийн шийдвэрийг эцсийн байдлаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 125 дугаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул  “А******* *******” ХХК-аас 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Татварын ерөнхий газрын дарга Л.З******* хандан 223/17 тоот[15] албан бичгээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тооцоог нийлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, хожим 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 327/17 тоот[16] албан бичгээр “2009-2014 оны АМНАТ-ын тайлангуудад залруулга хийж ногдуулалтын зөрүүг баталгаажуулан, 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тооцоо нийлэхэд 4.414.915.589.26 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг талуудын тооцоо нийлсэн актын хавсралтаар хүргүүлсэн байна.

2.9.Гэвч Татварын ерөнхий газраас “...А******* ******* ХХК-ийн 2014 оны 10 сарын  24-ний өдрөөс өмнөх тодруулбал 2009-2014 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг залруулсан нь хууль зүйн үндэслэлгүй...” болох тухай  2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 10/2010 дугаар албан бичгийг[17] Улсын төсвийн орлого, хяналтын газарт хүргүүлсэнтэй холбогдуулан Татварын ерөнхий газрын мэдээлэл технологи статистикийн төвд хандан 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2018/225 тоот[18], 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 10/1774 тоот[19] албан бичгийн дагуу “Алтай *******” ХХК-ийн холбогдох тайланд  татвар төлөгчийн залруулга хийхээр шийдвэрлэснээр тус компанийн өөрийн хүлээн зөвшөөрсөн 58.700.440154.76 төгрөгийг татварын өр дээр 22.382.701.431.10 төгрөгийн нэмэгдүүлж нийт 81.083.141.585.86 төгрөгийг өрийг тус компаниас  нэхэмжилжээ.

2.10.Энэ үйл ажиллагаатай холбогдуулан “А******* *******” ХХК-аас татварын ерөнхий газрын улсын төсвийн орлого, хяналтын газарт 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Хүсэлт гаргах тухай” 93/19 дүгээр[20] албан бичгээр хандсан боловч Татварын ерөнхий газраас 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 06/554 дүгээр тоот албан бичгээр “хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг өгсөн байна.

2.11.Ийнхүү Иргэн болон захиргааны 3 шатны шүүхээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хэрэгжихгүй байдал үүссэн гэж үзэн нэхэмжлэгч “Төлбөл зохих АМНАТ-ийг 22,382,701,431.10 төгрөгөөр нэмэгдүүлж TAIS нэгдсэн систем бүртгэсэн Татварын ерөнхий газрын үйл ажиллагааг илт хууль бус актад тооцуулах тухай”, “дээрх дүнг Татварын ерөнхий газраас 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр үйлдсэн тооцоо нийлсэн актын дагуу TAIS нэгдсэн системд шинэчлэн бүртгэхийг Татварын ерөнхий газарт даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасныг 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1732 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.П шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “А******* *******” ХХК нь Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын 2.4-ийн 4 дэх заалт ба, мөн 2013 оны 131 дүгээр тогтоолын 3 дахь заалтын 2-ын “төмрийн баяжмал”-д холбогдох хэсэг, Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох Монгол банкны болох зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр”-ийн 3 дахь заалт, Засгийн газрын 2013 оны 131 дүгээр тогтоолын 2 дахь заалтын “төмөр”-т холбогдох хэсгийг МУ-ын холбогдох хууль тогтоомж зөрчсөн хэмээн үзэж дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд хандсан.

Тус шүүхээс “А******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, 2014 оны 3 дугаар арын 04-ний өдрийн 2569/с тоот шийдвэрээр ЗГ-ын дээрх тогтоолуудын дурдагдсан хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Ингэхдээ зөрчигдсөн эрхийг анхны байдалд буцаан сэргээх зорилго бүхий Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д “Иргэний эрхийг бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох аргаар хамгаална.” гэж заасныг үндэслэсэн ба ЗГ-ийн 2013 оны 131 тогтоолоор 2007 оны 88, 2011 оны 193 дугаар тогтоолуудын төмөр болон төмрийн баяжмалд холбогдох хэсэгт өөрчлөлт оруулсан бөгөөд зөвхөн 2013 оны 131 дүгээр тогтоолын холбогдох заалтуудыг хүчингүй болгосноор өмнөх тогтоолын заалтууд сэргэх учир бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэгч талын шаардлага үндэслэлтэй гэж үзлээ” хэмээн нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчигдөхөөс өмнөх байдалд буцаан сэргээсэн. Өөрөөр хэлбэл хэм хэмжээний эдгээр актыг анх гарсан цагаас нь хойш эрх зүйн үр дагаваргүйд тооцох тухай маш тодорхой дүгнэлт хийсэн нь хожим УДШ- ийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 546 дугаар тогтоолоор хэвээр үлдэж, хуулийн хүчин төгөлдөр шийдвэр болсон юм.

Үүний үр дүнд “А******* *******” ХХК нь УДШ-ын хяналтын шатны дээрх тогтоол гарах хүртэлх хугацаанд өөрийн олборлосон овоолгыг төмрийн баяжмал ангилалд тооцуулж, борлуулалтын гэрээний үнээр АМНАТ тооцож төлөх эрх зүйн үр дагавар бий болсон.

Улмаар Сангийн яам Шүүхийн шийдвэрийг биелүүлж, тооцоо нийлэхэд шаардлагатай баримт, судалгааг Татварын ерөнхий газарт хүргүүлсэн тул тус компанитай тооцоо нийлэх боломжтой талаарх албан бичгийг 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүргүүлсэн. Ийнхүү ТЕГ-аас Татварын ерөнхий газрын Эрсдэл, статистикийн хэлтсийн дарга болон Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн Татварын улсын байцаагч нар шүүхийн шийдвэрийн дагуу үйлчлэл буцаан нь сэргэсэн ЗГ-ийн өмнөх тогтоолуудыг үндэслэн АМНАТ тооцооллыг; шинэчлэн хийж 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр “А******* *******” ХХК-тай тооцоо нийлсэн акт үйлдэж, 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2569/с тоот шүүхийн шийдвэр биелэгдсэн. Товчхондоо гэвэл “А******* *******” ХХК хууль ёсоор төлөх АМНАТ дүнг 58,700,440,154.76 төгрөг болж бүртгэгдсэн юм.

Дээрх баримтад үндэслэн бид өөрсдийн хууль ёсоор төлөх АМНАТ дүнг 58,700,440,154.76 төгрөг болсон гэх итгэл үнэмшилтэйгээр 2019 оны 3 дугаар сарыг хүрсэн. Тодруулбал ТЕГ 2019 онд Татварын удирдлагын нэгдсэн систем ТА18-ЫГ нэвтрүүлж, цахим шилжилт хийсэн ба манай компани уг системд нэвтрэх үеэр санамсаргүй байдлаар дүн маань 22,382,701,431.10 төгрөгөөр нэмэгдэж бүртгэгдсэн буюу 81,083,141,585.86 болсон байгааг олж мэдсэн. Тооцоо нийлсэн актын дагуу бүртгэл бүхий 58,700,440,154.76 төгрөгийн АМНАТ-ийг хэн, хэзээ, ямар шийдвэрээр 81,083,141,585.86 болгож шинэчлэн бүртгэсэн бидэнд огт мэдэгдээгүй.

Ингээд бид АМНАТ бүртгэл илт буруу, ташаа мэдээлэл тусгагдсан байх тул залруулга хийж өгнө үү гэх утга бүхий 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 93/19 тоот албан бичгийг явуултал “... УДШ-ын 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 546 дугаар тогтоолоор захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийн үйлчлэл нь 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн үйлчлэх тул захиргааны хэм хэмжээний акт хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаанд тайлагнасан АМНАТ тайланг засварласан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзээд 2009-2014 оны АМНАТ тайланг татвар төлөгчийн тайлагнасан анхны төлөвт шилжүүлсэн болно” гэх албан тоотыг ирүүлсэн.

Бид ТЕГ-д хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг зохих агуулгаар заавал хэрэгжүүлж ажиллахыг удаа шаардсан ч өнөөдрийг хүртэл бодит үр дүнд хүрч чадаагүй бөгөөд ТЕГ-аас 2022 оны 12 дугаар сарын 01-ны өдөр татварын өр барагдуулах зорилгоор хөрөнгө битүүмжилж, тус хөрөнгийг албадан худалдах ажиллагааг одоогоор явуулж, бидний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байна.

Нэгтгэн дүгнэвэл: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн дагуу дээр дурдсан ЗГ-ын тогтоолуудын зарим хэсгийг анх гарсан цагаас хойш хүчингүйд тооцсон шүүхийн шийдвэрийг Сангийн яамны өгсөн чиглэлийн дагуу 2017 онд ТЕГ биелүүлж “А******* *******” ХХК-ийн 2009-2014 оныг хүртэлх хугацааны АМНАТ-дүнг ЗГ-ын өмнөх тогтоолуудын дагуу тооцоолж, тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан. Гэвч 2019 онд ТА18-ыг системийг нэвтрүүлэх үеэр 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2569/с тоот шийдвэрийг УДШ-ийн шийдвэр гарсан 2014 оны 10 дугаар сараас эхлэн, цаг хугацааны хувьд хойш үйлчлэх байдлаар тайлбарлаж, үйлдсэн тооцоо нийлсэн актыг хүчээр үгүйсгэж, 2009-2014 онд төлбөл зохих АМНАТ-ыг урьдчилан мэдэгдэлгүйгээр, хууль зүйн үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн нь:

-МУҮХ-ийн 1 дүгээр зүйлийн 2-т “...хууль дээдлэх нь төрийн үил ажиллагааны үндсэн зарчим мөн”;

-ЗЕХ-ийн 4 дүгээр зүйлийн 4.2-д “захиргааны үйл ажиллагаа нь хуульд үндэслэх, тасралтгүй байх ... нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх ..., бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх ... бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах... хууль ёсны итгэлийг хамгаалах тусгай зарчмыг баримтална,

- ШтХ 23 дугаар зүйлийн 23.1-т “Хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.”

- ТАтХ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т “төрийн үйл ажиллагаа мэргэшсэн. тогтвортой байх зарчмыг баримтална” гэж заасныг тус тус ноцтой зөрчөөд байна.

Түүнчлэн хэрэв ТЕГ-ын тайлбарлаж байгаагаар шүүхийн шийдвэрийн үйлчлэл нь 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн хэрэгжинэ гэж үзвэл 2013 оны 131 дүгээр тогтоол нь 5 дугаар хавсралтад зааснаар “2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөхөөр байна. Тэгвэл манай компанийн 2009 оноос 2013 оны 04 дүгээр 01 хүртэлх хугацааны татвар нь Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын дагуу тооцох ёстой бөгөөд 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар 31-ний өдөр хүртэл АМНАТ-ийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон 2013 оны 131 дугаар тогтоолын заалтын дагуу тооцохоор байна.

Жич: Шүүхээс хүчингүйд тооцсон ЗГ-ын дээрх тогтоолуудыг үндэслэн ТЕГ-ын байцаагч нар 2015 онд татварын акт үйлдсэн бөгөөд уг актыг 2016 оны захиргааны хэргийн шүүхийн 930 тоот шийдвэрээр хүчингүй болгосныг УДШ-ын 2017 оны 125 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн. Эдгээр шүүх хуралдааны үеэр ДИХАШНШ-ийн 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2569/с тоот шийдвэр, үүний агуулгыг дараах байдлаар тайлбарлаж байв. Үүнд:

ДИХАШНШ-ийн 2014 оны 2569/с тоот шийдвэр, УДШ-ийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 546 дугаар тогтоол 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болжээ. ...Хариуцагчаас шүүхийн эцсийн шийдвэр гарахаас өмнөх хугацаанд хууль зөрчсөн ЗГ-ийн тогтоол хүчин төгөлдөр байсан, хүчин төгөлдөр байсан хугацаанд хамааруулж захиргааны акт гаргасан гэж маргаж байгаа үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь энэ нь хууль дээдлэх зарчимд үл нийцэх бөгөөд ЗГ-ын хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг эрх бүхий этгээдийн зүгээс “хууль зөрчсөн” гэх үндэслэлээр хэзээ хүчингүй болгосноос үл хамааран дагаж биелүүлэхгүй байх нь хууль дээдлэх зарчимд нийцнэ” гэж дүгнэсэн.

УДШ-ийн 2017 оны 125 тоот тогтоолоор ... дээр дурдсанчлан захиргаа хуульд үндэслэх зарчмын дагуу хүчингүй болсон хэм хэмжээг үндэслэн захиргааны акт гаргах боломжгүй. ... шүүхээс захиргааны хэм хэмжээний актыг хууль зөрчсөн гэх үндэслэлээр хүчингүй болгосон бол захиргаа тэрхүү зүйн үр дагаваргүй болсон хэм хэмжээг хэрэглэн акт гаргах боломжгүй. нэгтгэн дүгнэвэл зг-ын тогтоол хууль бус болохыг тогтоосон шүүхийн шийдвэр гарсан цагаасаа хойш үйлчлэх ёстой гэсэн зарчмаар зөвтгөн хүчингүй болсон хууль бус хэм хэмжээг үндэслэн гарсан захиргааны актыг хууль ёсны гэж зөвтгөн нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулах боломжгүй юм... иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.” гэжээ.

Иймд шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг хожим буруугаар тайлбарлаж, “А******* *******” ХХК-ийн эрх ашгийг хуульд заасан үндэслэлгүйгээр ноцтой зөрчиж буй төлбөл зохих АМНАТ дүнг нэмэгдүүлсэн үйлдлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж зааснаар илт хууль бус актад тооцож, тооцооллыг өмнө үйлдсэн тооцоо нийлсэн актын дагуу шинэчлэн бүртгэхийг ТЕГ-д даалгаж, бидний эрх ашгийг зөрчигдөхөөс өмнөх байдалд сэргээж өгнө үү... гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...А******* ******* ХХК нь 2009 оноос ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгчөөр бүртгүүлэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлж байна. А******* ******* ХХК нь Засгийн газрын 2007 оны 88-р тогтоолын 2-р хавсралын 3 дахь заалт, 2013 оны 131-р тогтоолын 3 дахь заалтын 2 дахь хэсэг, 2011 оны 193-р тогтоолын 2.4-ийн 4 дэх заалтыг хүчингүй болгуулахаар Иргэний хэргийн шүүхэд  нэхэмжлэл гаргасан бөгөөд УДШ-ийн Иргэний хэргийн танхимын 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 546 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байдаг. Шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 2009-2014 оны хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжийн дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг татвар төлөгч А******* ******* ХХК гарган тайлагнаж, татварын албанд хүргүүлсэн байдаг.

Энэхүү татвар төлөгчийн тайлагнасан төлбөрийн дүнг татварын албанаас үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн, өсгөж бүртгэсэн зүйл байхгүй. Тухайн онуудад татвар төлөгчийн өөрийн тайлагнасан дүн хэмжээгээр татварын бүртгэл мэдээллийн бүртгэгдсэн байгаа. Мөн нэхэмжлэгчээс АМНАТ-ын дүнг хуульд заасан үндэслэлгүйгээр өсгөж бүртгэсэн үйлдлийг илт хууль бус актад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасантай нийцэхгүй гэж үзэж байна. Тодруулбал Уг компанийн тайлагнасан АМНАТ-ийг нэмэгдүүлэх талаар татварын албанаас аливаа нэг акт гараагүй түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 47-р зүйлд заасан шаардлагуудыг зөрчсөн үйлдэл гаргаагүй болно.

Татварын албаны зүгээс уг компанид 2009-2014 оны хугацаанд нэмж ногдуулсан АМНАТ байхгүй тул ямар шалтгаанаар ийм асуудал үүсгэсэн нь ойлгомжгүй байна.

Татварын тайлан гаргах, тайланг баталгаажуулах харилцаа нь Татварын ерөнхий хуульд заасны дагуу хэрэгждэг харилцаа бөгөөд татварын албаны зүгээс 2009-2014 оны АМНАТ-ийн тайланг хуульд заасан хугацаанд хууль тогтоомжийн шаардлага хангуулан хүлээн авсан байдаг бөгөөд уг тайланг дахин баталгаажуулах гэх ойлголт байхгүй болно.

Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаар А******* ******* ХХК болон Монгол Улсын Засгийн газар хоорондын Засгийн газрын тогтоолуудтай холбогдох хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн байна. Харин Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаар тус компанид холбогдуулан тогтоосон Татварын улсын байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 210020529 дугаар акттай холбогдох маргааныг эцэслэн шийдвэрлэсэн. Тэгэхээр дээрх 2 шүүхийн маргаанд татвар төлөгч А******* ******* ХХК-ийн 2009-2014 оны АМНАТ-ын тайлангаар тайлагнасан төлбөртэй холбогдох маргааныг хэлэлцээгүй нь хэрэг маргааны үйл баримтаас тодорхой харагдах бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэсэн маргаанд уг асуудлаар хэлэлцээгүй үйл баримтыг хамруулан хугацааны хувьд урагш буцаан ямар ч үндэслэлгүйгээр тайланг засварлах эрх түүнчлэн эрх зүйн зохицуулалт татварын алба болон татвар төлөгчид байхгүй болно.

Татварыг хүчингүй болгох, өөрчлөх харилцаа нь зөвхөн хуулийн үндсэн дээр хийгдэх бөгөөд энэ нь Татварын ерөнхий хуулийн 4.1. доор дурдсанаас бусад тохиолдолд татварыг зөвхөн Улсын Их Хурал татварын хуулиар бий болгох, тогтоох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй гэж заасантай нийцнэ. Иймд А******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.    

               ҮНДЭСЛЭХ НЬ:

Дөрөв: Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1.Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.2.Маргааны үйл баримтыг талаар нэхэмжлэгч нь “...2009-2014 оны төмрийн баяжмалын АМНАТ-ийг тооцохдоо борлуулалтын гэрээний үнээр тооцох ёстой...” гэж, харин хариуцагчаас Улсын дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 546 дугаар тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнөх татварыг Засгийн газраас баталсан тогтоолуудын дагуу  “олон улсын жишиг үнээр” тооцон авах ёстой гэж тайлбарлан маргасан.

4.3.Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “тооцооллын хувьд анхнаасаа маргаагүй” болохоо илэрхийлсэн болно.[21]

4.4.Хавтас хэрэгт авагдсан 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2568/с дугаар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Хариуцагч Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 131 дүгээр тогтоолоор 2007 оны 86 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын эх сурвалжийн нэрийн “төмөр”-т холбогдох хэсэг, 2011 оны 193-р тогтоолын “төмрийн баяжмал”-д холбогдох хэсгийг өөрчилсөн байх боловч Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.8-д заасны дагуу Геологи, уул уурхайн болон Санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар баталсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй..., Засгийн газрын хуралдааныг тэмдэглэл, Сангийн сайдын санал зэргээр нотлогдсонгүй...[22], Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 546 дугаар тогтоолын үндэслэх хэсэгт “...Ашигт малтмалын тухай хуулиар Засгийн газарт экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн нэр зарлахаас бусдаар тухайн бүтээгдэхүүний Монгол банкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийг зарлах эрх олгогдоогүй байна...”[23] гэж тус тус дүгнэжээ.

4.5.Тухайн цаг үед Захиргааны ерөнхий хууль батлагдаагүй, Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, үйл ажиллагаагаар иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн бол иргэний хэргийн шүүх хэргийн харьяаллын дагуу маргааныг шийдвэрлэж байсан бөгөөд дээрх шүүхийн шийдвэр болон тогтоолын дүгнэлт, түүний агуулгаас үзэхэд маргаан бүхий Засгийн газрын тогтоолууд нь илт хууль бус захиргааны актын шинжийг  агуулсан болохыг дүгнэж бичсэн гэж ойлгохоор байна.

4.6.Учир нь энэхүү шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсан тус маргааны үйл баримтын талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 930 дугаар шийдвэрт “...маргаан бүхий акт гарах үед шүүхээс Засгийн газрын тогтоолын холбогдох заалтуудыг хуульд нийцээгүй гэж хүчингүй болгосон байтал хуульд нийцээгүй Засгийн газрын тогтоолын заалтыг баримтлан улсын байцаагч нэхэмжлэгч компанид акт тогтоосон нь үндэслэлгүй байна. Хариуцагчаас “шүүхийн эцсийн шийдвэр гарахаас өмнөх хугацаанд хууль зөрчсөн Засгийн газрын шийдвэр хүчин төгөлдөр байсан, уг хүчин төгөлдөр байсан цаг хугацаанд нь хамааруулж захиргааны акт гаргасан” гэж маргаж байгаа үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэв. Учир нь хууль дээдлэх заримд үл нийцэх бөгөөд Засгийн газрын хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг эрх бүхий этгээдийн зүгээс “хууль зөрчсөн” үндэслэлээр хэзээ хүчингүй болгосноос үл хамааран дагаж биелүүлэхгүй байх нь хууль дээдлэх зарчимд нийцнэ...”[24] гэж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 125 дугаар тогтоолд “...Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “тодорхой үйл ажиллагаа эрхлэхдээ бодит бус үнэ хэрэглэсэн, тайлан бүртгэл хөтлөөгүй буюу дутуу хөтөлсөн, эсхүл бүртгэл, татварын тайланг гаргаж өгөөгүй...”, гэж буруутган хариуцагчаас татварын ногдлыг “жишиг үнийн арга”-аар тодорхойлох үндэслэлгүй...”[25] гэж тус тус дүгнэсэн хууль зүйн дүгнэлт өнөөг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байна.

4.7.Өөрөөр хэлбэл дээрх Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн эх сурвалж нь өөрөө иргэний хэргийн шүүхийн шийдвэр, тогтоол болсон байх ба энэ тохиолдолд Татварын ерөнхий газрын улсын байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2100205629 тоот актын хууль зүйн дүгнэлтийг тус маргааны үйл баримтад төсөөтэй хэрэглэж болно гэж үзлээ.

4.8 Иймд Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 546 дугаар тогтоол гарах хүртэл “А******* *******” ХХК өөрийн олборлосон овоолгыг төмрийн баяжмал ангилалд тооцуулж, зах зээлийн жишиг үнээр бус борлуулалтын гэрээний үнээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож төлөхөөр байх тул шүүхээс хууль хэрэглээний нэгдмэл байдлыг  хангах зарчмыг харгалзан “А******* *******” ХХК-ийн төлбөл зохих АМНАТ-ийг 22,382,701,431.10 төгрөгөөр нэмэгдүүлж TAIS нэгдсэн систем бүртгэсэн Татварын ерөнхий газрын үндэслэлгүйгээр өндөр татвар төлөхийг шаардсан үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” буюу захиргааны илт хууль бус актын шинжийг агуулсан гэж шүүх дүгнэлээ.

4.9.Товчхондоо хариуцагч /2008 оны/ Татварын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Үндэсний татварын алба, татварын улсын байцаагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын нөлөөнд үл автан гагцхүү хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад актыг удирдлага болгон ажиллана” зарчмыг огт баримтлаалгүй зөвхөн хууль эрх зүйн хэлтсийн даргын З.Минжирмаагийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 8/2927 тоот “...шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд өмнө нь төмрийн *******, төмрийн баяжмал экспортлоход ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулах, төлөхтэй холбоотой харилцааг зохицуулж байсан Засгийн газрын хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан тогтоолын заалтуудыг үндэслэнэ...” хэмээх албан бичгийг[26] удирдлага болгон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэрийг гаргасан гэж үзсэн болно.

4.10.Нэгэнт шүүхээс дээрх хариуцагчийн үйл ажиллагааг илт хууль бус акт болохыг тогтоосон, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна”, 47.3-д “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэж заасны дагуу “дээрх дүнг Татварын ерөнхий газраас 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр үйлдсэн тооцоо нийлсэн актын дагуу TAIS нэгдсэн системд шинэчлэн бүртгэхийг Татварын ерөнхий газарт даалгах тухай” тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагад хууль зүйн дүгнэлт өгч шийдвэрлэх шаардлагагүй гэж үзсэн тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. /2008 он/ Татварын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1,Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг баримтлан ”А******* *******” ХХК-ийн төлбөл зохих АМНАТ-ийг 22,382,701,431.10 төгрөгөөр нэмэгдүүлж TAIS нэгдсэн систем бүртгэсэн Татварын ерөнхий газрын үйл ажиллагааг илт хууль бус акт болохыг тогтоож, дээрх дүнг Татварын ерөнхий газраас 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр үйлдсэн Тооцоо нийлсэн актын дагуу TAIS нэгдсэн системд шинэчлэн бүртгэхийг Татварын ерөнхий газарт даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Л.БАТБААТАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 44-р хуудас

[2] Хавтаст хэргийн 49-р хуудас

[3] Хавтаст хэргийн 68, 122-р хуудас

[4] Хавтаст хэргийн 123-р хуудас

[5] Хавтаст хэргийн 92-р хуудас

[6] Хавтаст хэргийн 93-р хуудас

[7] Хавтаст хэргийн 98-р хуудас

[8] Хавтаст хэргийн 99-р хуудас

[9] Хавтаст хэргийн 70-р хуудас

[10] Хавтаст хэргийн 71-р хуудас

[11] Хавтаст хэргийн 145-р хуудас

[12] Хавтаст хэргийн 147-р хуудас

[13] Хавтаст хэргийн 96-р хуудас

[14] Хавтаст хэргийн 33-р хуудас

[15] Хавтаст хэргийн 126-р хуудас

[16] Хавтаст хэргийн 74, 75-78-р хуудас

[17] Хавтаст хэргийн 146-р хуудас

[18] Хавтаст хэргийн 149-р хуудас

[19] Хавтаст хэргийн 148-р хуудас

[20] Хавтаст хэргийн 127-р хуудас

[21] Шүүх хуралдааны тэмдэглэлийн 18-р хуудас

[22] Хавтас хэргийн 46 хуудас

[23] Хавтас хэргийн 53 хуудас

[24] Хавтас хэргийн 39 хуудас

[25] Хавтас хэргийн 42 хуудасны ар тал

[26] Хавтас хэргийн 96-97 хуудас