Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 184/ШШ2024/01531

 

2024 03 21 184/ШШ2024/01531

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: УБ, дүүрэг 4-р хороо, тоот хаягт байрлах ******* ******* ХХК /*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ, дүүрэг 31-р хороо, 81 тоот хаягт бүртгэлтэй, дүүрэг 1-р хороо, түр хаягт оршин байх ******* ******* ******* ХХК /*******/

 

Хариуцагч: УБ, дүүрэг 21-р хороо,1050 тоот хаягт оршин суух ******* овогт *******гийн // нарт холбогдох

 

гэрээний үүрэг 19,125,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., нэхэмжлэгчийн өмгөөлөгч О., хариуцагч Ж., хариуцагчийн өмгөөлөгч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ******* ******* ХХК, Ж. нарт холбогдуулж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг 19,125,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

 

... Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь ******* ******* ******* ХХК-нд 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр ирүүлсэн албан хүсэлт болон удаа дараагийн утсаар тавьсан хүсэлтийн дагуу 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр 14.00R25 размерын тус бүр 2,550,000 төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг даацын дугуйг урьдчилгаагүй 100 хувь зээлээр нийлүүлсэн. Гэрээ болон ******* ******* ******* ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр ирүүлсэн албан бичигт дурдсанаар төлбөр барагдуулах эцсийн хугацаа 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байсан боловч өнөөдрийг хүртэл 5 дугуйны төлбөр 12,750,000 төгрөгийг төлөлтөөс нэг ч төгрөг хийгээгүй байна. Дугуйнаас болж техник зогсож байгаа тул гэрээ хүлээхгүйгээр дугуйгаа өгч туслаач гэсэн тэдний хүсэлтийн дагуу албан бичиг өгсөн өдөр дугуйг нийлүүлж, 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 2019-9 тоот Зээлээр бараа нийлүүлэх гэрээ-г нөхөн хийж баталгаажуулсан. Гэрээний маягтыг ******* ******* ******* ХХК-ийн цахим хаяг руу илгээсний дараа, баталгаажуулахаар очиход ******* ******* ******* ХХК-ийн захирал Ж. гэх хүнтэй гэрээ байгуулсан. Дугуй зээлээр авах хүсэлт болон дугуй хүлээн авах ажилтны итгэмжлэл зэргийг Ж.гийн гарын үсэг болон ******* ******* ******* ХХК гэсэн тамгатайгаар манай байгууллагын цахим хаяг руу илгээж байсан нь Ж.г ******* ******* ******* ХХК-ийн захирал гэж ойлгоход хүргэсэн ... хариуцагч Ж. нь ******* ******* ХХК-ийн 45 хувийг хамтран эзэмшиж ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр зээлээр бараа худалдан авах гэрээг байгуулж, гарын үсгээ зурсан. Энэ нь нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Э.ийн А. гэх захиралтай уулзаж байгаагүй, утсаар яриагүй, дугуй авах талаар яриагүй, харин Ж. л надтай холбогдсон гэх тайлбар, бичгийн баримтаар нотлогддог. Ж. нь өөрийгөө ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал гэж итгүүлэн, хуурч мэхэлж гэрээ байгуулж, зохих барааг хүлээн авсан ... Манай байгууллага А. гэх хүнтэй гэрээ байгуулаагүй. Хариуцагч Ж. нь А.тай холбоотой хүн ба компанийн тодорхой хувьцаа эзэмшдэг байсан. Хэрэгт авагдсан баримтуудаар манай худалдсан дугуйнуудыг ******* ******* ******* ХХК-ийн машинуудад тавьсан нь эргэлзээтэй, харин Ж. өөрийнхөө машинуудад тавьсан гэж үзэж байгаа. Энэ асуудлыг Ж. хариуцна гэдгээ илэрхийлж байсан ба түүний хувьд ******* ******* ******* ХХК-ийн захирал А.д холбогдох хэсгийг А.гаас нэхэмжлэх эрх нь нээлттэй гэж үзэж байна. Иймд хариуцагч ******* ******* ******* ХХК-нд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Ж.гаас худалдсан дугуйн үнэ 12,750,000 төгрөг, алданги 6,375,000 төгрөг нийт 19,125,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна ... гэв.

2. Хариуцагч Ж. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... би 2019 оны 7 дугаар сард А.тай уулзаж, тохиролцсоны эцэст ******* ******* ******* ХХК-ийг байгуулсан. А. 55 хувийг эзэмшиж захирал болж дансыг ганцаараа эзэмшсэн, би 45 хувийг эзэмшиж, уурхайг хариуцсан ... А. над руу утсаар яриад 5 ширхэг дугуй очоод авчих, би захиралтай нь ярьчихсан гэж хэлсэн. Надад тамга байхгүй гэсэн гэрээний тамга шинээр явуулъя, надад үндсэн тамга байгаа гэж ярьсны эцэст 9 сарын 17-ны өдөр гэрээ байгуулсан. Дугуйг компанийн ажилтан хүлээн авч, ******* ******* ******* ХХК-ийн 5-н машинд тавьсан, би үүнийг хувьдаа ашиглаагүй. А. гэрээний дагуу мөнгийг шилжүүлэх ёстой байсан боловч шилжүүлээгүйгээс энэ асуудал үүссэн, би үүнийг хариуцах хүн биш, санхүүгийн асуудлыг ерөнхий захирал А. хариуцдаг байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна ... иргэний эрх зүйн харилцаа нь хуулийн этгээд хооронд үүссэн тул түүний эрх зүйн үр дагаврыг хувь хүн хариуцах үндэслэлгүй. Хувьцаа эзэмшигч нь хуулийн этгээдийн өмнөөс хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэл байхгүй ... гэв.

 

3. Хариуцагч ******* ******* ******* ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... 2019-09 тоот зээлээр бараа нийлүүлэх гэрээний үүрэгт 19,125,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл ирсэн бөгөөд Д. нь ******* ******* ******* ХХК-ийг 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр шилжүүлж авсан бөгөөд 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан 2019-09 тоот гэрээг хийхэд Д. нь уг компанид ямар нэгэн хувьцаа эзэмшдэггүй, үйл ажиллагаанд оролцдоггүй байсан болно. Тухайн үед уг гэрээг байгуулсан Ж. гэх хүнийг танихгүй бөгөөд тухайн гэрээнд тусгагдсан тоот дугаарын утас руу залгахад ашиглалтад байхгүй байсан болно. Иймд зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү. ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон хамтран хариуцагч Ж.гийн гаргасан тайлбартай танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. ******* ******* ******* ХХК нь 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар А., Ж. нарын 2 үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчтэйгээр үүсгэн байгуулагдаж, үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн тогтоолоор А.г гүйцэтгэх захирлаар томилж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. ... Д.ийг ******* ******* ******* ХХК-ийг шилжүүлэн авах үед ******* ******* ХХК-нд төлбөрийн үлдэгдэлтэй, түүнийг хариуцан төлөх үүрэгтэй талаар нэг ч удаа хэлээгүй, энэ талаар баримт хүлээлгэж өгөөгүй байдаг. Шүүхээс дуудаж, нэхэмжлэл гардуулах үед л энэ талаар мэдсэн. Мөн хамтран хариуцагч Ж.гийн хариу тайлбарт нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй гэрээнд ******* ******* ******* ХХК-ийг төлөөлөн гарын үсэг зурсан, 5 ширхэг дугуйг Ч. гэх хүнээр авхуулсан гэжээ. Тухайн цаг хугацаанд буюу 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр манай компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд А. байсан учир Ж. нь компанийг төлөөлөх эрхгүй этгээд, мөн түүнд компанийг төлөөлөн аливаа гэрээ, хэлцэл хийх эрх олгогдоогүй байсан байна. ******* ******* ******* ХХК-ийн өмнөх болон одоогийн удирдлагуудын зүгээс Б., Ж. нарт нэг ч удаа амаар болон бичгээр бусад этгээдтэй гэрээ байгуулах, компанийн өмнөөс хүсэлт гаргах эрх, хэмжээ олгоогүй. Мөн механикч гэх Ч.од нэхэмжлэгчээс дугуй хүлээн авах итгэмжлэл, эрх хэмжээ олгоогүй бөгөөд тухайн иргэд тэрхүү гэрээнийхээ дагуу хүлээн авсан гэх дугуйнуудыг манай компани хүлээн аваагүй, бид ашиглаагүй, компанийн хөрөнгөд бүртгэгдээгүй болно. Өмнөх хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага болох А.тай холбогдож, энэ талаар тодруулахад хувьцаа эзэмшигч Ж., түүний хүү Б. нарт ''******* ******* ХХК-аас дугуй зээлээд худалдан авахаар хүсэлт гаргах, хүсэлтэд болон аливаа гэрээ хэлцэлд гарын үсэг зурж, компанийн тамга дарах эрхийг амаар болон бичгээр огт итгэмжлэн олгоогүй, мөн компани нь 1 үндсэн тамгатай байсан бөгөөд гэрээний тамга гэж тусдаа тамга огт байгаагүй талаар хэлдэг. Түүнчлэн Б. нь Ж.гийн төрсөн хүү бөгөөд ******* ******* ******* ХХК-д ажил, хөдөлмөр эрхэлж байгаагүй, түүнд хүсэлт гаргах, компанийг төлөөлж бусадтай харилцах, гэрээ хэлцэл хийх эрх хэмжээ олгоогүй байдаг. Дээрх үйл баримтаас үзвэл Ж., Б. нар нь ******* ******* ******* ХХК-ийн тамгыг дур мэдэн ашиглаж, гүйцэтгэх захирлаас эрх, хэмжээ олгоогүй байхад хууль бусаар компанийн нэр, тамгыг ашиглан бусдаас зээлээр дугуй худалдан авч, өөрсдийн хувийн үйл ажиллагаандаа ашиглаж, үр шимийг нь хүртсэн гэх үндэслэлтэй байна. Өмнөх болон одоогийн гүйцэтгэх удирдлагын зүгээс бусдаас дугуй худалдан авах талаар хүсэлт гаргах, гэрээ хэлцэл байгуулах, дугуй хүлээн авах талаар Ж., Б., Ч. нарын хэн алинд нь эрх хэмжээ, итгэмжлэл, зөвшөөрөл олгоогүй байхад дур мэдэн хууль бусаар компанийн нэр, тамгыг ашиглан авчхаад одоо бид хариуцахгүй, компани хариуцна гэж байгаа нь үндэслэлгүй байна. Нэгэнтээ тухайн үеийн компанийн гүйцэтгэх удирдлага А.н зүгээс Ж., Б., Ч. нарт ******* ******* ХХК-тай дугуй зээлээр худалдан авахаар хүсэлт гаргах, хүсэлтэд гарын үсэг зурах, хүсэлтийн дагуу гэрээ байгуулах, түүнд гарын үсэг зурах, гэрээний дагуу дугуй хүлээн авах бүрэн эрх, итгэмжлэлийг хэн алинд нь хууль ёсны дагуу олгоогүй тул гүйцэтгэх удирдлагын албан ёсны зөвшөөрөлгүйгээр хийгдсэн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 2019-09 тоот Зээлээр бараа нийлүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасны дагуу зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул ******* ******* ХХК болон ******* ******* ХХК-ийн хооронд Зээлээр бараа нийлүүлэх байгуулагдсан гэх үндэслэлгүй байна. Тиймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт "Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө" гэж заасны дагуу дээрх хүчин төгөлдөр бус Зээлээр бараа нийлүүлэх гэрээ байгуулсан Ж., Б. нар бусдаас авсан дугуйныхаа төлбөрийг төлж, нэхэмжлэгчийг хохиролгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлээр ******* ******* ******* ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. ************** ******* ХХК-аас 9,562,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* ******* ХХК нь 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ************** ******* ХХК-тай байгуулсан гэрээг үндэслэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Тухайн үед ************** ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар А. буюу компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр тодорхойлогдон үйл ажиллагааг эрхлэн явуулж байсан. Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаа гэрээ дээр ************** ******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд А. биш Ж. гэх хүн гарын үсэг зурсан байгаа. Компанийг төлөөлөх эрхгүй этгээд болох Б. нь 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ******* ******* ХХК-ид гаргасан хүсэлт дээр гарын үсэг зурж, тамга дарсан байдаг. ************** ******* ХХК-ийн захирал А. нь Ж. болон Б. нарт компанийг төлөөлөн ******* ******* ХХК-тай гэрээ хэлцэл байгуулах, тус компаниас зээлээр дугуй авах эрх хэмжээг олгоогүй байдаг. Уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохигч этгээдийн зөвшөөрөлгүй буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн олгосон итгэмжлэлийн үндэслэлгүйгээр хийгдсэн гэрээ хэлцэл байгаа учир хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа. ************** ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А. буюу компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь ******* ******* ХХК-аас 5 ширхэг дугуй хүлээж аваагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдох учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Жиншинь Жиншинь ХХК-тай гэрээ байгуулж 2019 оны 05 сард шинээр тээврийн хэрэгсэл авч үүнийгээ үйл ажиллагаандаа хэрэглэсэн гэж тайлбарлаад байдаг. Цоо шинэ машинд 5 шинэ дугуй авч тавих шаардлага байгаа юу. Дугуйг компанийн үйл ажиллагаанд ашигласан гэдэг нь нотлогдохгүй байна гэж харж байна. Ж. болон Б. нар нь өөрсдөө тусдаа тээврийн хэрэгсэлтэй, түүгээрээ тээвэрлэх үйл ажиллагаа эрхэлж байсан гэх зүйл яригддаг. Компанийн нэрийг ашиглан дугуй авч өөрсдийнхөө үйл ажиллагаанд ашигласан байх боломжтой гэж харж байгаа учир Ж.гийн гаргаж буй тайлбар үндэслэлгүй байна гэв.

 

4. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримт: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019.09.17-ны өдрийн №2019-09 дугаар Зээлээр бараа нийлүүлэх гэрээ, ******* ******* ******* ХХК-ийн 2019.09.06-ны өдрийн ******* ******* хүсэлт гаргах тухай албан бичиг, зарлагын падаан, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2022.02.28-ны өдрийн 26ё2-3/1270 тоот албан бичиг.

 

5. Хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримт: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019.09.30-ны өдрийн Хөрсний ажил гүйцэтгэлийн акт, нэхэмжлэх, 2019.09.02-ны өдрийн Хөрсний хэмжилтийн акт, хөрс хуулалт хийсэн ажлын зураг, гүйлгээний баримтын жагсаалт, нийт рейсийн жагсаалт, ******* ******* ******* ХХК-ийн 10 дугаар сарын уулын ажлыг гүйцэтгэсэн акт, ******* ******* ******* ХХК-ийн 8 дугаар сарын уулын ажлыг гүйцэтгэсэн акт, А., Г. нарын гаргасан тодорхойлолт.

 

6. Шүүх хэргийн оролцогчдын хүсэлтийн дагуу бүрдүүлсэн нотлох баримт: Улсын бүртгэлийн хэлтсийн 2022.08.30-ны өдрийн 1666 тоот албан бичиг, Татварын ерөнхий газрын 2022.08.17-ны өдрийн 06/1808 тоот албан бичиг, Авто тээврийн үндэсний төвийн 2022.08.15-ны өдрийн №221 дугаар лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022.10.05-ны өдрийн №10/8429 тоот албан бичиг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын 2022.10.26-ны өдрийн №5/1915 тоот албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022.12.08-ны өдрийн №10/10532 тоот албан бичиг, ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, Авто тээврийн үндэсний төвийн 2023.06.07-ны өдрийн №050 дугаар лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, өмнөх өмчлөгчдийн мэдээлэл, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023.06.16-ны өдрийн №9/5918 дугаар албан бичиг, Хутаг цагаан эрэг ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, и-мэйл хаягт үзлэг хийсэн тэмдэглэл.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ******* ******* ХХК, Ж. нарт холбогдуулан гэрээний үүрэгт үндсэн төлбөр 12,750,000 төгрөг, алданги 6,375,000 төгрөг нийт 19,250,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын 75 хувийг хариуцагч Ж.гаас, 25 хувийг хариуцагч ******* ******* ******* ХХК-аас нэхэмжилсэн.

Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дахин өөрчилж хариуцагч Ж.гаас гэрээний үүргийг бүхэлд нь шаардаж, хариуцагч ******* ******* ******* ХХК-нд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзжээ.

Ийнхүү нэхэмжлэлээ өөрчилж, хамтран хариуцагчаас татгалзсан үндэслэлээ ... нь өөрийгөө ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал гэж итгүүлэн, хуурч мэхэлж гэрээг байгуулсан ... худалдан авсан дугуйг ******* ******* ******* ХХК-ийн автомашинд биш өөрийнхөө хувийн машинд тавьсан ... гэсэн байна.

 

2. Хариуцагч Ж. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч ... ******* ******* ******* ХХК-ийн захирал А. утсаар ярьсны дагуу гэрээг байгуулсан, дугуйнуудыг би хувьдаа ашиглаагүй ... иргэний эрх зүйн харилцаа нь хуулийн этгээд хооронд үүссэн тул түүний эрх зүйн үр дагаврыг хувь хүн хариуцах үндэслэлгүй, хувьцаа эзэмшигч нь хуулийн этгээдийн өмнөөс хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэл байхгүй, дугуйг хувьдаа ашиглаагүй ... гэж маргажээ.

3. Шүүх хариуцагч Ж.д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

4. Хэрэгт нотлох баримтаар нэхэмжлэгч ******* ХХК болон хариуцагч ******* ******* ******* ХХК нарын хооронд байгуулагдсан 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Зээлээр бараа нийлүүлэх гэрээ авагдсан, уг гэрээний зорилгыг гэрээний 1.1-т Нийлүүлэгч нь захиалагчид шаардлагатай барааг тогтмол нийлүүлэх, захиалагч нь барааны төлбөрийг төлөхтэй холбоотой харилцаанд талуудын эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлох, мөн гэрээ дуусгавар болохтой холбоотой үүсэх харилцааг зохицуулахад гэрээний гол зорилго оршино гэж тодорхойлжээ.

Гэрээнд нэхэмжлэгч талыг төлөөлж захирал Э., нөгөө талаас хариуцагч талыг төлөөлж захирал Ж., санхүүгийн албыг төлөөлж Э. нар гарын үсгээ зурцгааж, байгууллагын тэмдэг даржээ.

 

5. Дээрх бичгийн хэлцэл байгуулагдахаас өмнө хариуцагч ******* ******* ******* ХХК-аас МТ-86 Дамтын 14/25 хэмжээтэй дугуйг нэгжийн үнэ 2,550,000 төгрөгөөр тооцож 5 ширхэг дугуй авах хүсэлтээ гаргаж байсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан хариуцагч ******* ******* ******* ХХК-аас 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр нэхэмжлэгч ******* ХХК-нд явуулсан албан бичиг, хүсэлт, үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн хаягаас нэхэмжлэгчийн хаяг руу 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 17 цаг 10 минутад Сайн байна уу, 5 ширхэг дугуй худалдан авах хүсэлт явууллаа, мөн өдрийн 17 цаг 12 минутад Сайн байна уу, 10 ширхэг дугуй худалдан авах хүсэлт явууллаа, 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 9 цаг 13 минутад Өглөөний мэнд, дугуй зээлээр худалдан авах хүсэлт сканердаад явууллаа и-мэйл, и-мэйлийн хавсралтаар илгээсэн Бараа зээлээр худалдан авах хүсэлт, итгэмжлэл зэргээр тогтоогдож байна.

 

6. Хариуцагчаас ирүүлсэн дээрх хүсэлт саналын дагуу нэхэмжлэгчээс , , , , маркийн нэг бүрийн 2,550,000 төгрөгийн үнэтэй 5 ширхэг дугуйг 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан зарлагын баримт, А., Г. нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.

 

7. Талууд гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн гаргасан саналыг хүлээн авч, хүнд даацын тээврийн хэрэгслийн 5 ширхэг дугуйг шилжүүлж, хариуцагч хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үүрэг хүлээсэн байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

8. Нэхэмжлэгчээс гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаж, худалдах худалдан авах гэрээг хариуцагч Ж. хуурч мэхэлж байгуулсан, гэрээгээр шилжүүлсэн дугуйг хариуцагч Ж. хувийнхаа тээврийн хэрэгсэлд тавьж хэрэглэсэн гэж үзэж хариуцагч ******* ******* ******* ХХК-нд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хамтран хариуцагчид холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

10. Хариуцагч Ж.гийн хувьд ******* ******* ******* ХХК-ийг 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр бусадтай хамтран үүсгэн байгуулж, компанийн 45 хувийн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгэгдсэн, 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр өөрийн эзэмшлийн хувьцааг бусдад бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн, компанийн улсын бүртгэлд гүйцэтгэх удирдлага болон эрх бүхий албан тушаалтнаар бүртгэгдэж байгаагүй зэрэг нь хэрэгт нотлох баримтаар авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, хувийн хэрэг материал, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

11. Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1. Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ, мөн хуулийн 196.1.2 дахь хэсэгт гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээг байгуулагдсанд тооцохоор хуульд заасан.

 

12. Хэрэгт нотлох баримтаар цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтаар машины дугуй худалдан авах гэрээний саналыг хувь этгээд бус хуулийн этгээдээс гаргаж, улмаар нэхэмжлэгч тухайн саналыг хүлээн авсны үндсэн дээр гэрээ байгуулагдаж, 5 ширхэг дугуйг нийлүүлсэн болох нь тогтоогдсон.

Түүнчлэн гэрээний зүйл болох 5 ширхэг дугуйг хариуцагч Ж. хүлээн авч, өөрийнхөө өмчийн автомашинд тавьсан болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байх ба харин хэрэгт авагдсан зарлагын баримт, үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлэгдсэн 2019 оны 10 сарын 3-ны өдрийн 14 цаг 20 минутад Сайн байна уу, манай компаниас дугуй хүлээн авах 2 хүний итгэмжлэлийг илгээлээ, 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 11 цаг 20 минутад Байгууллагын гэрчилгээний хуулбар явууллаа гэсэн и-мэйл, и-мэйлийн хавсралтаар илгээсэн Бараа зээлээр худалдан авах хүсэлт, итгэмжлэл, А., Г. нарын шүүхэд гаргасан тодорхойлолт зэргээр дугуйг хариуцагч Ж. бус өөр этгээд хүлээн авсан болох нь тогтоогдож байна.

 

13. Хавтаст хэргийн 4 дүгээр талд авагдсан Зээлээр бараа нийлүүлэх гэрээ-нд хариуцагч Ж. нь хариуцагч ******* ******* ******* ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурсан байх ба түүнд компаниас гэрээнд төлөөлж гарын үсэг зурах эрхийг олгосон баримт хэрэгт авагдаагүй боловч энэ нь түүнийг бусдыг хуурч мэхлэн хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэл болж чадахгүйгээс гадна гэрээ байгуулагдахаас өмнө бий болсон хэлцлийн хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй.

 

14. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна. Гэхдээ худалдах худалдан авах гэрээ, хэлцэл хийхэд хуульд заасан хэлбэрийн шаардлага болон зохих этгээдийн зөвшөөрөл шаардагдахгүй бөгөөд гэрээнд хариуцагч Ж.гаас гадна компанийн эрх бүхий этгээд болох санхүү албаны ажилтан оролцож, гарын үсгээ зурсан байх тул компанийн эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр гэрээнд гарын үсэг зурсан, хэлцэл хийсэн гэж үзэхгүй.

 

15. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч ******* ХХК болон хариуцагч Ж. нарын хооронд хууль, гэрээнд үндэслэгдсэн үүргийн харилцаа үүсээгүй тул 5 ширхэг дугуйны үнийг төлөх үүрэггүй, энэ талаар хариуцагчийн татгалзал үндэслэлтэй.

 

16. Иймд хариуцагч Ж.д холбогдох 19,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч ******* ******* ******* ХХК-нд холбогдох нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж шийдвэрлэв.

17. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулж улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 253,575 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 241.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн гаргасан хариуцагч Ж.д холбогдох 19,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ******* ******* ХХК-нд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253,575 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН