Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00504

 

 

 

ИФХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2022/04041 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ИФХХК-ийн хариуцагч УВ ХХК болон Б.А- нарт холбогдуулан гаргасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 19,125,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч УВ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

ИФХХК нь 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр УВ ХХК-ийн хүсэлтийн дагуу тус бүр 2,550,000 төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг 14.00R25 размерын даацын дугуйг олгой илгэвч, тросстой дугуйг зээлээр худалдаж 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Б.А-тай 2019-09 дугаар зээлээр бараа нийлүүлэх гэрээг байгуулсан. УВ ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ирүүлсэн албан бичигт дурдсанаар төлбөр барагдуулах эцсийн хугацаа 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байсан боловч төлбөрийг төлөөгүй. Тухайн үед А.Сундуй, Б.А- нарын хэн нь УВ ХХК-ийн захирал гэдгийг мэдээгүй. Дугуйг худалдах гэрээ байгуулахад Б.А- УВ ХХК-ийн захирал гэсэн тул түүнтэй гэрээ байгуулсан. 5 ширхэг дугуйны төлбөрийг шаардахаар утасны дугаар руу залгасан боловч утсаа авахгүй, сүүлдээ дугаарууд нь солигдож холбоо барьж чадаагүй. УВ ХХК нь дугуйг хувьдаа ашиглаагүй, Б.А- хувьдаа ашигласан гэж тайлбарласан. Б.Болорчулуун 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор 5 дугуйны төлбөрийг төлнө гэхэд нь түүнийг захирал нь гэж бодсон. Гэвч Б.А- захирал нь байсан. УВ ХХК болон Б.А- нараас 5 ширхэг даацын дугуйны төлбөр 12,750,000 төгрөг гаргуулна.

Гэрээний 5.3-т гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар өдөр тутам алданги тооцоход төлбөр барагдуулах хугацаа 860 хоног хэтэрсэн тул 32,550,750 төгрөгийн алданги нэмж тооцохоор байгаа боловч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож алданги 6,375,000 төгрөг, нийт 19,125,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

2. Хариуцагч УВ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга:

Д.Аварзэд УВ ХХК-ийг 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр шилжүүлж авсан бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан 2019-09 тоот гэрээг хийхэд уг компанид ямар нэгэн хувьцаа эзэмшдэггүй, үйл ажиллагаанд оролцдоггүй байсан. Тухайн үед уг гэрээг байгуулсан Б.А-г танихгүй бөгөөд тухайн гэрээнд тусгагдсан 85808000 дугаар руу залгахад ашиглалтад байхгүй байсан.

УВ ХХК-ийг 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр А.Сундуй, Б.А- нарын 2 үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчтэйгээр үүсгэн байгуулж үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн тогтоолоор А.Сундуйг гүйцэтгэх захирлаар томилж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83,8 дахь хэсэгт зааснаар А.Сундуй нь УВ ХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан явуулж, гэрээ хэлцэл хийх эрхтэй юм. Б.А- нь УВ ХХК-ийн өөрийн өмчлөлийн хувьцаагаа А.Сундуйд шилжүүлэн өгсөн. А.Сундуй нь 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр УВ ХХК-ийн 100 хувийн хувьцааг Д.Адъяахүүд шилжүүлэн өгсөн бөгөөд Д.Аварзад нь 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр түүнээс компанийн 100 хувийн хувьцааг нь шилжүүлэн авсан.

Д.Аварзад УВ ХХК-ийг шилжүүлэн авах үед ИФХХК-д төлбөрийн үлдэгдэлтэй, түүнийг хариуцан төлөх үүрэгтэй талаар мэдэгдээгүй. Компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд А.Сундуй байсан учир Б.А- нь компанийг төлөөлөх эрхгүй этгээд, мөн түүнд компанийг төлөөлөн аливаа гэрээ, хэлцэл хийх эрх олгогдоогүй байсан. Мөн механикч гэх Ч.Бат-Оршиход нэхэмжлэгчээс дугуй хүлээн авах итгэмжлэл, эрх хэмжээ олгоогүй бөгөөд тухайн иргэд тэрхүү гэрээнийхээ дагуу хүлээн авсан гэх дугуйнуудыг манай компани хүлээн авч ашиглаагүй, компанийн хөрөнгөд бүртгэгдээгүй болно. Өмнөх хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага болох А.Сундуйтай холбогдож, энэ талаар тодруулахад хувьцаа эзэмшигч Б.А-, түүний хүү Б.Болорчулуун нарт ИФХХК-аас дугуй зээлээд худалдан авах гэрээ байгуулах итгэмжлэл олгоогүй, мөн компани 1 тамгатай байсан бөгөөд гэрээний тамга гэж тусдаа байхгүй гэж хэлсэн. Иймд 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2019-09 дугаар зээлээр бараа нийлүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасны дагуу зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул УВ ХХК болон ИФХХК-ийн хооронд зээлээр бараа нийлүүлэх гэрээ байгуулагдсан гэх үндэслэлгүй байна. Тиймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт "Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө" гэж заасны дагуу Б.А-, Б.Болорчулуун нар дугуйны төлбөрийг төлөх үүрэгтэй. Жиншинь Жиншинь ХХК-тай гэрээ байгуулж 2019 оны 05 сард шинээр тээврийн хэрэгсэл авч үүнийгээ үйл ажиллагаандаа хэрэглэсэн гэж тайлбарласан. Шинэ машинд 5 шинэ дугуй авч тавих шаардлагагүй гэжээ.

 

3. Хариуцагч Б.А-гийн тайлбар, татгалзлын агуулга:

Б.А- А.Сундуйтай 2019 оны 07 дугаар сард тохиролцож УВ ХХК-ийг байгуулсан. А.Сундуй 55 хувийг эзэмшиж захирал болж, дансыг 100 хувь ганцаараа эзэмшсэн. Б.А- 45 хувийн хувьцаа эзэмшиж уурхайг хариуцсан. А.Сундуй тухайн үед Таван толгойн үндсэн гэрээг авна гэсэн болохоор Б.А- болон түүний хүү Б.Болорчулуун нь өөрийн хувь данснаасаа урьдчилгаа төлбөрийг Жиншинь Жиншинь ХХК руу шилжүүлж 10 ширхэг дамп авсан. Уг гэрээ нь хугацаа богино, өндөр хүүтэй байсан тул санхүүжилтийг банк руу шилжүүлэхээр шийдсэн. Тийм учраас А.Сундуй нь эцгийнхээ төрсөн дүү рүү 100 хувь хувьцааг шилжүүлсэн ба үүний дараа ХААН банк ХХК-аас зээл гарна гэж итгүүлсэн боловч зээл гарах боломжгүйгээс Жиншинь Жиншинь ХХК-д техникүүдээ хураалгасан. А.Сундуй Б.А- руу залгаж ... 5 ширхэг дугуй очоод авчих, би захиралтай нь ярьчихсан ... гэж хэлсэн. Б.А- тамга байхгүй гэсэн боловч гэрээний тамга шинээр явуулъя гэж ярьсны дагуу 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гэрээ байгуулж дугуйг механик н.Бат-Орших хүлээж авсан. Тухайн 5 ширхэг дугуйг авто самосвал 92-31 УБЗ жолооч н.Цолмонбаатар, н.Мөнх-Эрдэнэ, 93-46 УБЗ жолооч н.Золбоо, н.Өсөхбаяр гэсэн хүмүүсийн авто самосвалд тавьсан. Хэсэг хугацааны дараа Б.А-г шүүхээс дуудсан. Энэ тухай А.Сундуйд хэлэхэд ... та битгий оч... гэж шүүхэд ирүүлээгүй. Сүүлдээ утсаа авахгүй 2 сар хүлээлгэсэн. Дугуйнуудыг 10 машинд тавьсан гэдгийг жолооч нар мэдэж байгаа. Компанийн үйл ажиллагааг явуулах гэж л дугуй авсан. А.Сундуй нь Д.Адъяахүүтэй нийлж хуйвалдан, Б.А- дугуйг хувьдаа хэрэглэж, ашигласан гэж үндэслэлгүй гүтгэж байна. Дугуйг тавьсан жолооч, механик нь байна. Б.А-д өөр тээврийн хэрэгсэл байхгүй. 2019 оны 05 сарын сүүлээр Жиншинь Жиншинь ХХК-тай гэрээ байгуулж тээврийн хэрэгсэл авсан. Б.Болорчулууны данснаас Жиншинь Жиншинь ХХК-ийн данс руу мөнгө орсон. Таван толгой ХХК-аас компани байгуул гэсний дагуу УВ ХХК-ийг байгуулж А.Сундуй 55 хувийг, Б.А- 45 хувийг эзэмшиж компанийн үйл ажиллагааг явуулсан. А.Сундуй компанийн дансыг барьдаг байсан. Татварын тайланд бүх зүйл тодорхой бичигдсэн. Манай жолооч нар ИФХХК-аас дугуйнуудыг очиж авч машинд тавьсан гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

4.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 242 дугаар зүйлийн 242.1, 242.5 дахь хэсэгт заасныг баримтлан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч УВ ХХК-аас 19,125,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ИФХХК-д олгож, хариуцагч Б.А-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 253,575 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч УВ ХХК-аас 253,575 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ИФХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. УВ ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч А.Сундуй нь өөрийн биеэр, эсхүл итгэмжлэлийн үндсэн дээр бусдаар төлөөлүүлэн нэхэмжлэгчид дугуй худалдах, худалдан авах гэрээ байгуулах талаар санал гаргаагүй, итгэмжлэл олгоогүй, үүрэг даалгавар өгөөгүйгээс гадна нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар бүрэн нотлогдож байна.

Талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримт, мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн дээрх дүгнэлтээр 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн албан тоотоор гүйцэтгэх захирал гэх Б.Болорчулуун нэхэмжлэгчид хандан дугуй зээлээр худалдан авах талаар хүсэлт гаргаж, гүйцэтгэх захирал Б.А- гэрээг нөхөж байгуулсан болох нь нотлогддог. Энэ үйл баримтаас үзвэл Ж. Баяраа болон ИФХХК нарын хооронд Зээлээр дугуй худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулагдсан, уг гэрээний зүйлийг Б.А- түүний хүү Б.Болорчулуун нар хүлээн авсан байх тул дугуйны төлбөрийг төлөх үүрэгтэй. Түүнчлэн, хэрэгт нотлох баримтаар Б.А-д бичгээр итгэмжлэл олгоогүй, УВ ХХК дугуйг хүлээж аваагүй Б.А- болон Б.Болорчулуун нар тус компанийг төлөөлөх эрхгүй нь улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон.

5.2.Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа УВ ХХК-д холбогдуулан 2019 оны 09 дүгээр 17-ны өдрийн 2019-09 тоот Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний үүрэгт 19,125,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.А-г хамтран хариуцагчаар татаж, 2022 оны 11 дүгээр 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, УВ ХХК-аас 9,562,500 төгрөг, Б.А-гаас 9,562,500 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардсан. УВ ХХК-аас 9,562,500 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бол шүүх уг төлбөрийг хариуцагчаас гаргуулах нь үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийх учиртай. Гэтэл анхан шатны шүүх нь УВ ХХК-аас нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 9,562,500 төгрөг бус, харин өөр бусдаас нэхэмжилсэн төлбөрийг УВ ХХК-д хариуцуулж, нийт 19,150,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хальсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

УВ ХХК, Б.А- нар нь хамтран үүрэг гүйцэтгэгч байхын тулд ИФХХК-тай байгуулсан гэрээнд дугуйны төлбөрийг хамтран төлнө гэсэн үүрэг хүлээсэн байх шаардлагатай байна. Гэтэл гэрээнд энэ талаар дурдаагүй, хамтран үүрэг хүлээсэн гэх үндэслэлгүй байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.11 дэх хэсэгт заасныг үндэслэн хэргийг шийдвэрлэж, Б.А-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, УВ ХХК-аас нэхэмжлэгчийн нэхэмжилсэн төлбөрийг бүхэлд нь гаргуулж хуулийг буруу тайлбарласан.

5.3. Анхан шатны шүүх Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Зохигчид хариуцагч УВ ХХК-ийн өмнөх болон одоогийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагууд нь компанийн дүрэм, журамд заасан үүргээ хангалттай хэрэгжүүлээгүйгээс хохирол төлбөр учирсан талаар маргаагүй, энэ талаар зохигчдоос нэхэмжлэлийн шаардлага огт гараагүй байхад анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хальж тус компанийн гүйцэтгэх удирдлага буюу захирал нь хууль болон компанийн дүрэм, журамд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд ажиллаж, эрх мэдлээ хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй, зөрчсөнөөс компанид хохирол учруулсан гэж үзвэл уг учруулсан хохирлыг эрх шилжүүлэгч Д.Адъяахүү болон А.Сундуй нар хувьцаагаа захиран зарцуулах нь тэдний эрх хэдий ч тэдэнд холбогдуулан нэхэмжлэл гаргах, тэдний хөрөнгөөр нөхөн төлүүлэхээр шаардах эрх нээлттэй гэж нэхэмжлэлийн шаардлагад огт хамааралгүй дүгнэлт хийсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж УВ ХХК-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч болон хариуцагч Б.А- тайлбар татгалзал гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хянаад шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч ИФХХК нь анх УВ ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт дугуйны үнэ 12,750,000 төгрөг, алданги 6,375,000 төгрөг, нийт 19,125,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.А-г хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлт гаргаж, УВ ХХК-аас 9,562,500 төгрөг, Б.А-гаас 9,562,500 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

Мөн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд даргалагчийн Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулах хүсэлттэй байна гэж ойлгож болох уу гэх асуултад нэхэмжлэгчийн төлөөлөгч ... Б.А-тай анх гэрээ байгуулсан учраас түүнээс 75 хувь, УВ ХХК-аас 25 хувийг гаргуулах хүсэлттэй байна... гэж хариулсан нь тэмдэглэлд тусгагдсан бол 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч хариуцагч тус бүрт холбогдох шаардлагаа ялгаж тодорхойлсон эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь ...хариуцагч нарын аль алинаас нь шаардлагыг нэхэмжлэх бүрэн үндэслэлтэй... гэж тус тус өөр өөрөөр тодорхойлсон. (хх-ийн 247)

Гэтэл анхан шатны шүүх УВ ХХК-аас нэхэмжлэлийн нийт үнийн дүн 19,125,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ИФХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт тус тус нийцээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байна.

 

2. Хариуцагч нар ашиг сонирхлын зөрчилтэй, хэн аль нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзэх боломжгүй тохиолдолд шүүх хэн хариуцах үндэслэлтэй болохыг шийдвэрлэх боловч нэхэмжлэгч өмнө нь хариуцагч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлж гаргасан шаардлагаа өөрчилж байгаа эсэхийг тодруулах нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байжээ.

Нэхэмжлэгч шаардлагаа дахин дахин өөрчилж, тодорхой бус болгосон нь анхан шатны шүүхийн алдаа гэж үзэх боломжгүй хэдий ч дахин тодруулах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт нэхэмжлэлийн талаарх тайлбарыг зохигч талууд гаргана гэснийг анхаарах нь зүйтэй.

 

3. Мөн анхан шатны шүүх тухайн маргаанд хамааралгүй тохиолдолд Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт заасныг хэрэглэсэн нь буруу байгааг дурдах нь зүйтэй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй, давж заалдах шатны шүүх зөвтгөн шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дүгээр сарын 13-ны өдрийн 184/ШШ2022/04041 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагч УВ ХХК-ийн төлсөн 253,575 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Н.БАТЗОРИГ