Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2023/03597

 
               

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч дүүрэгт байрлах, Т ХК /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэгт оршин суух, М овогт Х.Б /РД:********/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 99 025 537 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э*******, Н.У*******,

Хариуцагч Х.Б*******,

Хариуцагчийн өмгөөлөгч П.А*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Т******* ХК нь хариуцагч Х.Б*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 99 025 537 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Т******* ХК нь 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хариуцагч Х.Б*******тай 12/17-23 тоот зээлийн гэрээ байгуулж, 20 000 ам.долларыг бэлэн гүйлгээ 36%, бэлэн бус гүйлгээ 24%-ийн хүүтэй, 2 жилийн хугацаатай, кредит картын зээл олгосон. Кредит картын  зээлийн хугацаа дууссан тул зээлийн гэрээг 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр сунгаж, 12/19-01 тоот кредит карт эзэмших гэрээг байгуулан 20 000 ам.долларыг бэлэн гүйлгээ 36%, бэлэн бус гүйлгээ 24%-ийн хүүтэй сунгасан. 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 12/19-01 тоот кредит карт эзэмших гэрээний 2.8.2-т заасны дагуу Банк төлбөрийн нэхэмжлэх илгээснээс хойш зээлдэгч 15-ны өдрийг хүртэл хамгийн багадаа ашигласан төлбөрийн 10 хувийг хүүтэй хамт төлөх үүрэгтэй боловч зээлдэгч нь эхний төлөлт хийх өдөр буюу 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг зөрчиж эхэлсэн. Банкнаас удаа дараа зээлдэгчтэй биечлэн уулзалт хийж, утсаар холбогдож гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж мэдэгдэж байсан боловч үл биелүүлсэн. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй байгаа ба зээлийн үлдэгдэл зөрчил нь дараах байдлаар хуримтлагдсан байна. Зээлдэгч Х.Б******* нь кредит карт эзэмших улайлтын эрхтэй картыг тухайн үед ам.долларын валютаар авч ашигласан ба зээлийн зөрчилтэй дүн буюу нэхэмжилсэн мөнгөн дүнгийн 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Монгол банкны зарласан ханшаар тооцоолон төгрөгт шилжүүлсэн болно. Зээлдэгч Х.Б******* нь бэлэн гүйлгээний дүн 16 832 153 төгрөг, бэлэн бус гүйлгээний дүн 1 000 041 төгрөг, хуримтлагдсан хүү  16 016 687 төгрөг, хугацаа хэтэрсэн шимтгэл 5 891 806 төгрөг, гүйлгээний шимтгэл хураамж 125 229 төгрөг, нийт 39 865 916 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Зээлдэгч Х.Б******* нь Т*******ны Гэгээнтэн бизнес төвтэй 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр №3418016******* тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан хэрэглээний зээлийн зориулалтаар 33 642 175.89 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар зээл авсан. Зээлдэгч нь 3418016******* тоот зээлийн гэрээний дагуу 2020 оны 4 дүгээр саны 15-ны өдөр зээлдэгч Х.Б*******гийн Т******* дахь 340004******* тоот харилцах дансанд 33 642 175 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлж зээлийг бодитойгоор бүрэн олгосон. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг сар бүрийн 10-ны өдөр бүрэн төлөх үүрэгтэй боловч 2020 оны 5 дугаар сараас эхлэн зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн. Банкнаас удаа дараа зээлийн төлбөрийг төлөх тухай мэдэгдэлийг зээлдэгчид өгч, мөн удаа дараа утсаар холбогдох болон биечлэн уулзалт хийж, зээлийн төлбөрийн зөрчлөө арилгах шаардлага тавьсан боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, нэхэмжлэгч Т******* ХК-д хохирол учруулж байна. Зээлдэгч Х.Б******* нь зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлээс 0 төгрөг, үндсэн хүүнээс 15 642 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрсэнээр үндсэн зээл 33 642 172 төгрөг, үндсэн хүүний төлбөр 20 406 354 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 2 215 301 төгрөг, нийт 56 263 828 төгрөг болж хуримтлагдсан байна.

Иймд зээлийн гэрээний үүрэгт нийт 95 683 259 төгрөгийг нэхэмжилж байгаа болно.

1.2.Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Тус дүүргийн шүүхэд хандан кредит картын зээлийн төлбөрт 39 865 916 төгрөг, цалингийн зээлийн төлбөрт 56 263 828 төгрөг, нийт 96 129 744 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлж байна. Кредит картын зориулалтаар олгосон зээл 2023.06.15-наас 2023.08,30-ны өдөр хүртэл үндсэн хүү 1 260 618 төгрөг, цалингийн зориулалтаар олгосон зээл 2023.06.15-наас 2023.08.30-ны өдөр хүртэл үндсэн хүү 1 362 645,25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 272 529,18 төгрөг, нийт 2 895 793 төгрөг гэсэн.

1.3.Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч ямар нэгэн байдлаар зээлийн төлбөрөө хийгээгүй. Манай байгууллагын зүгээс нийт 96 129 744 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг 2 895 793 төгрөгөөр нэмэгдүүлээд нийт 99 025 537 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа. Хариуцагч Х.Б*******гээс Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, 26 дугаар зүйлийн 26.1, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ зэргийг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 12/17-23 тоот кредит карт эзэмших гэрээний бэлэн гүйлгээний дүн 16 832 153 төгрөг, бэлэн бус гүйлгээний дүн 1 000 041 төгрөг, хуримтлагдсан хүү 17 277 305,7 төгрөг, хугацаа хэтэрсэн шимтгэл 5 891 806 төгрөг, гүйлгээний шимтгэл хураамж 125 229 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн №3418016******* тоот цалингийн зээлийн гэрээний үндсэн төлбөр 33 642 172 төгрөг, үндсэн хүү 21 768 999,25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 487 830,19 төгрөг, нийт 99 025 537 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Х.Б******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие 2016 оны 8 дугаар сарын 30-ний өдөр Бичил санхүүгийн хөгжлийн сангийн гүйцэтгэх захирлаар томилогдсон бөгөөд манай байгууллагын үндсэн дансыг Худалдаа хөгжлийн банкнаас Т*******ны данс болгож шилжүүлсэн. Данс шилжүүлэх санал, хүсэлтийг Т*******ны удирдлагууд удаа дараа явуулсан бөгөөд надад тодорхой хэмжээний хөнгөлөлт, банкны үйлчилгээний хөнгөлөлтийг үзүүлэх саналыг тавьсан. Тухайн саналд ажилчдын цалингийн зээлийг бага хувийн хүүтэйгээр олгох, картын хөнгөлөлт буюу кредит картын хөнгөлөлт, урамшууллыг гүйцэтгэх захирал болон ажилчдад хэмжээгүй олгоно гэж Худалдаа хөгжлийн банкны дансанд байсан мөнгийг Т*******ны дансанд шилжүүлсэн. Т******* ХК-иас кредит картын дансыг байгууллагын данснаас хүсэхэд танайх манайхтай гэрээтэй, танай байгууллагын данс манай байгууллагад харъяалагддаг учраас 20 000 ам.долларын гэрээт карт олгоход бэлэн байна гэсэн. Ингээд 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр байгууллагын дансан дээр гэрээ байгуулж, кредит картын зээл болон 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 33 600 000 төгрөгийн цалингийн зээлийг авсан. Цалингийн зээл авсны дараа буюу 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хуулийн байгууллага манай байгууллагад гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Миний бие 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд 2020 оны 6 дугаар сард Бичил санхүүгийн хөгжлийн сан татан буугдсан. Зээл авсан өдрөөс хойш 30 000 ам.долларын эргэн төлөлтийг хийсэн бөгөөд тухайн үед ямар ч цаг хугацаа алдалгүйгээр төлж байсан. Цалингийн зээлийн тухайд зээл авснаас хойш 6 хоногийн дараа манай байгууллага дээр онцгой дэглэм тогтоогоод, түүнээс хойш 4 хоногийн дараа гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд энэхүү маргаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр одоог хүртэл шийдвэрлэгдээгүй байна. Энэ бүх асуудал Бичил санхүүгийн хөгжлийн санг татан буулгасантай холбоотой бөгөөд үүнээс болж миний цалингийн зээл, кредит картын зээл, бусад ажилчдын цалингийн зээл төлөгдөх ямар ч боломжгүй болсон. Энэ тухай би 2020 оны 5-8 саруудад Т*******ны Гэгээнтэн салбарт очиж бичгээр болон амаар удаа дараа мэдэгдсэн боловч зээлийг зогсоож, гэрээг цуцлаагүй, гэрээг цуцлах гэсэн саналыг минь хүлээж аваагүй. Т******* ХК нь зээлдэгчээс шалтгаалаагүй байгууллага нь татан буугдах, орлогын эх үүсвэр нь хаагдах зэрэг шалтгаануудаар зээлийг зогсоож болох байсан. Мөн Кредит карт эзэмших гэрээний хугацаа 2021 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр, Барьцаат зээлийн гэрээний хугацаа 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дууссан байтал 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны хүүг нэмж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т "...Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй"-д заасны дагуу миний бие өөрийн буруугаас болж дээрх гэрээнүүдийн үүргийг биелүүлэх хугацааг хэтрүүлээгүй, 2020 оны 5 дугаар сар хүртэл төлөлтөө тогтмол хийдэг байсан. Тиймээс цалингийн орлого дээр үндэслэж авсан дээрх зээлүүдийн 2020 оны 5 дугаар сараас хойших төлөлтүүдийг ажлаас чөлөөлөгдсөн, байгууллага татан буугдсан шалтгааны улмаас хүлээн зөвшөөрч төлөх боломжгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Н.У*******, Б.Одончимэг нарт олгосон итгэмжлэл, Л.Б*******д олгосон итгэмжлэл, Т******* ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн №12/17-33 дугаартай, Кредит карт эзэмших гэрээ, 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 12/19-01 дугаартай, Кредит карт эзэмших гэрээ, хавсралт, Х.Б*******гийн Т******* дахь кредит дансны хуулга, Х.Б*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Т******* ХК-ийн 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 23/01, 23/02 тоот Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн №3418016******* дугаартай, Барьцаат зээлийн гэрээ /Цалингийн зээл/, Х.Б*******гийн Т******* дахь 3418016******* тоот зээлийн дансны харилцагчийн хуулга, Х.Б*******гийн Т******* дахь 340004******* тоот зээлийн дансны харилцагчийн хуулга, Т******* ХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн мемориалын баримт, 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн зээл, хүүний тооцооны хуудас, хариуцагч Х.Б*******гийн Т******* ХК-д 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр гаргаж байсан хүсэлт, зээлдэгчийн анкет, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хүүний тооцооны хуудас, 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн цалингийн зээл, хүүний тооцооны хуудас,  /хэргийн 5-52, 63-66-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас хариу тайлбар, Монгол улсын Сангийн яамны 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 03/7195 дугаартай албан бичиг, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №247 дугаартай “Бичил санхүүгийн хөгжлийн сангийн талаар авах арга хэмжээний тухай” Сангийн сайдын тушаал /хэргийн 74-75-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Т******* ХК-ийн хариуцагч Х.Б*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс 73 259 007 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 25 746 531 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч Х.Б*******г кредит картын зээл болон цалингийн зээлийн гэрээний үүргээ зөрчиж, ашигласан зээлээ хүүгийн хамт хугацаандаа төлж барагдуулаагүй тул дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

-2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 12/17-23 тоот кредит карт эзэмших гэрээний үүрэгт бэлэн гүйлгээний дүн 16 832 153 төгрөг, бэлэн бус гүйлгээний дүн 1 000 041 төгрөг, хуримтлагдсан хүү 17 277 305,7 төгрөг, хугацаа хэтэрсэн шимтгэл 5 891 806 төгрөг, гүйлгээний шимтгэл хураамж 125 229 төгрөг, нийт 41 126 534 төгрөг,

-2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн №3418016******* тоот цалингийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 33 642 172,84 төгрөг, үндсэн хүү 21 768 999,25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 487 830,25 төгрөг, нийт 57 899 002 төгрөг, бүгд 99 025 537 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

3.Хариуцагч нь нэхэмжлэгч Т******* ХК-тай кредит картын болон цалингийн зээлийн гэрээ байгуулсан, үүргээ хугацаандаа гүйцэтгэж байсан боловч гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа чөлөөлөгдсөн, манай байгууллага татан буугдсан тул зээлийг төлөх боломжгүй болсон, энэ талаараа нэхэмжлэгчид мэдэгдсэн, зээлийн гэрээгээ цуцлах талаар хүсэлт гаргасан боловч хүсэлтийг шийдвэрлээгүйгээс хүү, нэмэгдүүлсэн хүүг үндэслэлгүйгээр ихэсгэсэн, үндсэн зээлийг төлөхийг зөвшөөрнө, хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй гэж үгүйсгэсэн.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Нэхэмжлэгч Т******* ХК нь хариуцагч Х.Б*******тэй 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 12/17-23 дугаартай кредит карт эзэмших гэрээ байгуулж, ам.долларийн эрхтэй ОУ-ын алтан виза кредит картыг 20 000 ам.доллларын эрхтэй, бэлэн гүйлгээний хүү жилийн 36 хувь, бэлэн бус гүйлгээний хүү жилийн 24 хувь, хугацаа хэтрүүлсний шимтгэл хамгийн бага төлбөрийн 1 хувь, хамгийн багадаа 10 ам.доллар, картын хугацаа 2 жил, зээлийн лимитийн хугацаа 2 жил байхаар харилцан тохиролцжээ.

4.2.Талууд 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 12/19-01 дугаартай кредит карт эзэмших гэрээг ам.долларийн эрхтэй ОУ-ын алтан виза картыг 20 000 ам.доллларын эрхтэй, бэлэн гүйлгээний хүү жилийн 36 хувь, бэлэн бус гүйлгээний хүү жилийн 24 хувь, картын хугацаа 2 жил, зээлийн лимитийн хугацаа 2 жил /2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл/ хугацаатай байхаар тохиролцон байгуулжээ.

 

4.3.Мөн талуудын хооронд 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр №3418016******* дугаартай барьцаат зээлийн гэрээ /цалингийн зээл/ байгуулагдаж, тус гэрээгээр 33 642 175,89 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 19.20 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүг зээлийн хүүгийн 20 хувь байхаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь 33 642 175 төгрөгийг хариуцагч Х.Б*******д шилжүүлсэн болох нь барьцааны гэрээ, зээлийн дансны харилцагчийн хуулга, мемориалын баримт, зээлийг эргэн төлөлтийн хуваарь зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

5.Талуудын маргааны зүйл нь кредит картын зээл болон цалингийн зээлийг ашигласан хугацааны хүү, зээлийн гэрээний үүргийг хугацаандаа гүйцэтгээгүйгээс нэмэгдүүлсэн хүүг төлөх талаар байх бөгөөд кредит картын болон цалингийн зээлийн гэрээ байгуулсан, мөнгөн хөрөнгийг хүлээн авч, ашигласан талаараа маргаагүй байна.

 

6.Зохигч талууд 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 12/17-23 дугаартай кредит карт эзэмших гэрээ, 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр №3418016******* дугаартай барьцаат зээлийн гэрээ /цалингийн зээл/ байгуулсан талаараа хэн аль нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.

6.1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 451.2-т “зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж зааснаар нэхэмжлэгч Т******* ХК нь 20 000 000 ам.долларын зээлийн эрхтэй кредит картыг болон цалингийн зээлийн гэрээний зүйл болох 33 642 175 төгрөгийг тус тус хариуцагч Х.Б*******д шилжүүлсэн ба зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэгч үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй, шаардах эрхтэй.

 

6.2.Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 12/17-23 тоот кредит карт эзэмших гэрээний үүрэгт бэлэн гүйлгээний дүн 16 832 153 төгрөг, бэлэн бус гүйлгээний дүн 1 000 041 төгрөг, хуримтлагдсан хүү 17 277 305,7 төгрөг, хугацаа хэтэрсэн шимтгэл 5 891 806 төгрөг, гүйлгээний шимтгэл хураамж 125 229 төгрөг, нийт 41 126 534 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн №3418016******* тоот цалингийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 33 642 172,84 төгрөг, үндсэн хүү 21 768 999,25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 487 830,25 төгрөг, нийт 57 899 002 төгрөг, бүгд 99 025 537 төгрөгний үүргээ гүйцэтгээгүй гэсэн .

6.3.Хариуцагч нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн зээлийн тооцоолол нь ойлгомжгүй, цар тахалтай үед үндэслэлгүйгээр хүү, нэмэгдүүлсэн хүүг ихэсгэсэн, ажилгүй болж, байгууллага татан буугдсан тул зээлийг төлөх боломжгүй талаар мэдэгдэж, зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах саналыг тавиад байхад нэхэмжлэгч нь шийдвэрлээгүй гэж маргаж, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-д “хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж зааснаар ажлаас чөлөөлөгдсөн, цар тахал гарсан үйл баримт нь хариуцагчийн буруугаас болоогүй гэж маргасан. 

 

7.Зохигч талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 12/17-23 тоот болон 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 12/19-01 тоот кредит картын гэрээний хугацаа буюу карт ашиглах хугацаа нь 2021 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр, 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн №3418016******* тоот цалингийн зээлийн гэрээний хугацаа нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тус тус дууссан талаар зохигч маргаагүй боловч Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан тул хариуцагч нь хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй.

8.Гэвч хариуцагч нь өөрийн ажиллаж байсан байгууллага болох Бичил санхүүгийн хөгжлийн газар нь татан буугдсан гэж тайлбарласан нь түүний хэрэгт ирүүлсэн Монгол улсын Сангийн сайдын тушаал, зээлдэгчийн анкетаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь цалингийн зээлийн гэрээ байгуулсан, хариуцагчийн цалингийн тогтмол орлогыг барьцаалсан атлаа зээлийн гэрээний үүрэг 2020 оны 5 сараас эхлэн зөрчигдөж эхэлсэн байхад зээлийн гэрээг цуцлах болон барьцаат зээлийн гэрээний 4 дүгээр зүйлд заасан эрхээ хэрэгжүүлээгүй байна гэж үзэв.

8.1.Мөн хариуцагч нь кредит картын гэрээний үүргээ зөрчиж, 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй талаар нэхэмжлэгч нар хүлээн зөвшөөрсөн, удаа дараа төлөх талаар мэдэгдэж байсан гэж гэсэн боловч энэ талаар баримтаар нотлоогүй, кредит карт эзэмших гэрээний 4.1.6-д заасан гэрээг нэг талын санаачилгаар цуцлах, 4.1.10-д заасан шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байна.

8.2.Хариуцагчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгчийг кредит карт эзэмших гэрээний 6.1.1-д заасан зөрчлийг арилгах арга хэмжээг аваагүй, 6.1.4-д заасан бизнесийн үйл ажиллагаа нь зогссон, 6.1.7-д заасан барьцааны зүйлийг ашиглах боломжгүй болсон бол хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцлаагүй гэж мэтгэлцсэн бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай №23/02, 23/01 дугаартай мэдэгдлүүдээр нотлогдоно гэсэн боловч дээрх мэдэгдлүүд нь 2023 оны мэдэгдлүүд байх бөгөөд хариуцагчид зээлийн зөрчилтэй холбоотойгоор мэдэгдэл хүргүүлсэн, уулзалтын тэмдэглэлийг үйлдсэн талаарх баримтыг ирүүлээгүй.

8.3.Хууль зүйн мэдээллийн нэгдсэн системд байрлах “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №183 тоот Монгол улсын Засгийн газрын тогтоолын 8-д “банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг Монголбанк (Б.Лхагвасүрэн), Санхүүгийн зохицуулах хороо (Д.Баярсайхан)-д тус тус зөвлөсүгэй” гэж заасан байх бөгөөд хариуцагч зээлийн гэрээний үүргийн зөрчилд цар тахал нөлөөлсөн гэж тайлбарласан нь үндэслэлтэй, улс орон даяар үүссэн цар тахлаас шалтгаалсан хөл хорионоос иргэдийн санхүүгийн байдалд хүндрэл учирсан гэдэг нь нийтэд илэрхий үйл баримт болно.

 

9.Иймд хариуцагчаас 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 12/17-23 тоот кредит карт эзэмших гэрээний үүрэгт бэлэн гүйлгээний дүн 4 892,57 ам.доллар буюу 16 832 153 төгрөг, бэлэн бус гүйлгээний дүн 290,68 ам.доллар буюу 1 000 041 төгрөг, нийт 5183,25 ам.доллар буюу 17 832 194 төгрөгийг /5183,25х3440,35=17 832 194/, 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн №3418016******* тоот цалингийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 33 642 172,84 төгрөг, үндсэн хүү 21 768 999,25 төгрөг, нийт 55 426 813 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна гэж үзэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас кредит карт эзэмших гэрээний хуримтлагдсан 17 277 305,7 төгрөг, хугацаа хэтэрсэн шимтгэл 5 891 806 төгрөг, гүйлгээний шимтгэл хураамж 125 229 төгрөгийг, цалингийн зээлийн гэрээний нэмэгдүүлсэн хүү 2 487 830,25 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

10.Мөн Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.4-т зааснаар банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгсэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болно гэж зааснаар зохигчид кредит карт эзэмших гэрээгээр гадаад валют буюу 20 000 ам.долларыг зээлэхээр тохиролцсон, уг зээлийг нэхэмжлэгч ам.доллараар тооцон нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-д “гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно” гэж зааснаар ам.долларын ханшийг нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах үеийн буюу 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Монгол банкнаас зарласан америк долларын ханш 3 440,35 төгрөгөөр тооцсон болно.

 

11. Иймээс хариуцагч Х.Б*******гээс кредит картын зээлийн гэрээний үүрэгт 5 183,25 ам.доллар буюу 17 832 194 төгрөг /4 892,57+290,68=5 183,25 ам.доллар х 3 440,35 төгрөг=17 832 194/, барьцаат зээл /цалингийн зээл/-ийн гэрээний үүрэгт 55 426 813 төгрөг /33 642 172,84+21 784 641=55 426 813,84/, нийт 73 529 007 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25 746 531 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна” гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 699 881,41 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Б*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 524 245 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т******* ХК-д олгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Х.Б*******гээс зээлийн гэрээний үүрэгт нийт 73 529 007 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25 746 531 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 699 881,41 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Б*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 524 245 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т******* ХК-д олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

                                 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ХУЛАН