Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2024/00269

 

 

 

 

 

 

 

      2024          02           02                                          210/МА2024/00269

 

 

 

“Т” ХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2023/03597 дугаар шийдвэртэй,

“Т” ХК-ийн нэхэмжлэлтэй, Х.Б холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 99,025,537 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Н.У, хариуцагч Х.Б, хариуцагчийн өмгөөлөгч П.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Х.Б-тай 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 20,000 ам.долларыг бэлэн гүйлгээ 36 хувь, бэлэн бус гүйлгээ 24 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай, кредит картын зээл олгосон. Кредит картын  зээлийн хугацаа дууссан тул зээлийн гэрээг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр сунгаж, кредит карт эзэмших гэрээг байгуулан 20,000 ам.долларыг бэлэн гүйлгээ 36 хувь, бэлэн бус гүйлгээ 24 хувийн хүүтэй сунгасан. 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн кредит карт эзэмших гэрээний 2.8.2-т заасны дагуу Банк төлбөрийн нэхэмжлэх илгээснээс хойш зээлдэгч 15-ны өдрийг хүртэл хамгийн багадаа ашигласан төлбөрийн 10 хувийг хүүтэй хамт төлөх үүрэгтэй боловч зээлдэгч нь эхний төлөлт хийх 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг зөрчсөн. Банкнаас удаа дараа зээлдэгчтэй биечлэн уулзалт хийж, утсаар холбогдож гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж мэдэгдэж байсан боловч үл биелүүлсэн. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй. Үүнд: зээлдэгч Х.Б нь бэлэн гүйлгээний дүн 16,832,153 төгрөг, бэлэн бус гүйлгээний дүн 1,000,041 төгрөг, хуримтлагдсан хүү  16,016,687 төгрөг, хугацаа хэтэрсэн шимтгэл 5,891,806 төгрөг, гүйлгээний шимтгэл хураамж 125229 төгрөг, нийт 39,865,916 төгрөг төлөх үүрэг үүссэн.

1.2. Зээлдэгч Х.Б нь манай банктай 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулж, хэрэглээний зээлийн зориулалтаар 33,642,175.89 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн Төрийн банк дахь 340004131946 тоот харилцах дансанд 33,642,175 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлэн зээлийг бүрэн олгосон. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг сар бүрийн 10-ны өдөр бүрэн төлөх үүрэгтэй боловч 2020 оны 5 дугаар сараас эхлэн зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн. Банкнаас удаа дараа зээлийн төлбөрийг төлөх тухай мэдэгдэлийг зээлдэгчид өгч, мөн удаа дараа утсаар холбогдох болон биечлэн уулзалт хийж, зээлийн төлбөрийн зөрчлөө арилгах шаардлага тавьсан боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч Х.Б нь зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээл төлөөгүй, зээлийн хүүнээс 15,642 төгрөгийг төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл 33,642,172 төгрөг, зээлийн хүү 20,406,354 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,215,301 төгрөг, нийт 56,263,828 төгрөг болж хуримтлагдсан байна.

1.3. Кредит картын зориулалтаар олгосон зээл 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл үндсэн хүү 1,260,618 төгрөг, цалингийн зориулалтаар олгосон зээл 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл зээлийн хүү 1,362,645.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 272,529.18 төгрөг, нийт 2,895,793 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Иймд зээлдэгч Х.Б-ээс 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн кредит карт эзэмших гэрээний бэлэн гүйлгээний дүн 16,832,153 төгрөг, бэлэн бус гүйлгээний дүн 1,000,041 төгрөг, хуримтлагдсан хүү 17,277,305.7 төгрөг, хугацаа хэтэрсэн шимтгэл 5,891,806 төгрөг, гүйлгээний шимтгэл хураамж 125,229 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн цалингийн зээлийн гэрээний үндсэн зээл 33,642,172 төгрөг, зээлийн хүү 21,768,999.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,487,830.19 төгрөг, нийт 99,025,537 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. “Т” ХК нь кредит карт эзэмших гэрээ 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.4, 6.1.6, 6.1.7 болон барьцаат зээлийн гэрээ 6 дугаар зүйлийн 6.2.1, 6.2.2, 6.2.4, 6.2.5 заасан нөхцөл байдал үүссэн байхад арга хэмжээ авч гэрээг цуцлаагүй бөгөөд энэ тухай би амаар болон бичгээр мэдэгдээд байхад хүртэл гэрээг цуцлаагүй. Мөн кредит карт эзэмших гэрээний хугацаа 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр, барьцаат зээлийн гэрээний хугацаа 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дууссан байтал 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны хүүг нэмж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

2.2. Би 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд 2020 оны 06 дугаар сард манай байгууллага татагдан буугдсан тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасны дагуу миний бие өөрийн буруугаас болж дээрх гэрээнүүдийн үүргийг биелүүлэх хугацааг хэтрүүлээгүй. 2020 оны 5 дугаар сар хүртэл төлөлтөө тогтмол хийдэг байсан. Тиймээс цалингийн орлого дээр үндэслэж авсан дээрх зээлүүдийн 2020 оны 5 дугаар сараас хойших төлөлтүүдийг ажлаас чөлөөлөгдсөн, байгууллага татан буугдсан шалтгааны улмаас хүлээн зөвшөөрч төлөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Х.Б-ээс зээлийн гэрээний үүрэгт нийт 73,529,007 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Т” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25,746,531 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 699,881.41 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 524,245 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т” ХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.1-т “Т” ХК нь 20,000 ам.долларын зээлийн эрхтэй кредит картыг болон цалингийн зээлийн гэрээний зүйл болох 33,642,175 төгрөгийг тус тус хариуцагч Х.Б-д шилжүүлсэн ба зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэгч үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй, шаардах эрхтэй...” гэж тодорхойлсон атлаа “Т” ХК нь гэрээнд заасан шаардах эрх, гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэж, 25,746,531 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Учир нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт зээлийн ашигласан хугацаа нь зээлдүүлэгчээс зээлдэгчид гэрээнд тохиролцсон хэлбэрээр зээл олгосноор эхэлж, зээлдэгч зээлдүүлэгчид буцаан төлснөөр дуусгавар болно гэж, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно гэж, мөн хуулийн  21.2 дахь хэсэгт зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус зааснаар зээлдэгч нь банкнаас авсан зээлийн төлбөрийг ашигласан хугацааны хүүгийн хамт эгүүлэн төлөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, “Т” ХК болон зээлдэгч Х.Б нарын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр кредит карт эзэмших гэрээ байгуулагдсан бөгөөд зээлдэгч нь өнөөдрийг хүртэлх хугацаанд дээрх гэрээнүүдэд заасан үүргээ биелүүлээгүй. Иймд дээрх хуулийн үндэслэлүүдийн дагуу гэрээнд заасан үүргээ биелүүлэх, зээлийн төлбөрийг төлөх үүрэг нь зээлдэгчид байгаа бөгөөд түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

4.2. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8.3-т “...хариуцагч зээлийн гэрээний үүргийн зөрчилд цар тахал нөлөөлсөн гэж тайлбарласан нь үндэслэлтэй, улс орон даяар үүссэн цар тахлаас шалтгаалсан хөл хорионоос иргэдийн санхүүгийн байдалд хүндрэл учирсан гэдэг нь нийтэд илэрхий үйл баримт болно” гэж дүгнэсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтад гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийг нотолсон баримт байхгүй ба иргэн, аж ахуй нэгж нь өөрийн бизнесийн үйл ажиллагаанд гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл байгаа эсэхийг гэрчилгээг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд хүсэлт өгч гаргуулан авах боломжтой байсан боловч хариуцагч нь мөн дээрх эрх, үүргээ хэрэгжүүлээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8.3-т бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №183 тоот Монгол Улсын Засгийн газрын тогтоолын 8-д “банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоогоос иргэд, аж ахуй нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг Монгол банк, Санхүугийн зохицуулах хороонд тус тус зөвлөсүгэй гэж заасан байх бөгөөд хариуцагч зээлийн гэрээний үүргийн зөрчилд цар тахал нөлөөлсөн гэж тайлбарласан нь үндэслэлтэй, улс орон даяар үүссэн цар тахлаас шалтгаалсан хөл хорионоос иргэдийн санхүүгийн байдалд хүндрэл учирсан гэдэг нь нийтэд илэрхий үйл баримт болно гэж шүүх дүгнэсэн. Гэтэл тухайн тогтоолд зааснаар харилцагчаас хүсэлт ирүүлсэн тохиолдолд холбогдох гэрээнд өөрчлөлт оруулсны үндсэн дээр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлөх зохицуулалт хэрэгжиж байсан ба тухайн тохиолдолд буюу зээлдэгч Х.Б-тэй байгуулсан зээлийн гэрээ, кредит картын гэрээнд нэмэлт гэрээ байгуулагдаагүй. Мөн энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байтал шүүх дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” буюу шүүхээр тогтоогдсон үйл баримтыг нотлохгүй талаар зохицуулалт ба цар тахалтай холбоотойгоор зээлдэгч Х.Б-ийн эрх зүйн байдал болоод төлбөрийн чадваргүй зэргийг дээрх хуулийн зохицуулалтаар нотлохгүй болно. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-д “ ...зээлийн гэрээний ...хүү 21,768,999.25 төгрөг ... гаргуулах, 11-т “        ...барьцаат зээлийн гэрээний үүрэгт 33,642,172.84+21,784,641=55,426,813.84” гээд барьцаат зээлийн гэрээний хүүг зөрүүтэй тооцоолсон. Мөн үндэслэх хэсгийн 11-т “... кредит картын зээлийн гэрээний үүрэгт 17,832,194 төгрөг, барьцаат зээлийн гэрээний үүрэгт 55,426,813.84 төгрөг, нийт 73,529,007 төгрөг гэж нийт 73,259,007 төгрөг байхад буруу тооцоолсон нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн заалтыг зөрчсөн.

5.2. Нэхэмжлэгч нь барьцаат зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1, 6.2.2, 6.2.5-д заасан нөхцөл байдал үүссэн байхад арга хэмжээ авч гэрээг цуцлаагүй бөгөөд энэ тухай хариуцагч амаар болон бичгээр мэдэгдээд байхад хүртэл гэрээг цуцлаагүй. Хариуцагч нь 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд 2020 оны 06 дугаар сард түүний ажиллаж байсан байгууллага татагдан буугдсан тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т заасан хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасны дагуу хариуцагч өөрийн буруугаас болж дээрх гэрээний үүргийг биелүүлэх хугацааг хэтрүүлээгүй, 2020 оны 5 дугаар cap хүртэл төлөлтөө тогтмол хийдэг байсан. Тиймээс цалингийн орлого дээр үндэслэж авсан дээрх зээлийн 2020 оны 5 дугаар сараас хойш бодсон хүүг ажлаас чөлөөлөгдсөн, байгууллага татан буугдсан шалтгааны улмаас төлөх үндэслэлгүй.

Иймээс шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг буюу хариуцагчаас барьцаад зээлийн гэрээний үүрэгт 22,054,640 төгрөг гаргуулах хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч “Т” ХК нь хариуцагч Х.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 96,129,744 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2,895,793 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 99,025,537 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

4. Талууд 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Кредит карт эзэмших гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Х.Б нь 20,000 ам.долларын зээлийн эрхтэй, Олон улсын алтан виза картыг 2 жилийн хугацаанд ашиглах, бэлэн гүйлгээний хүү жилийн 36 хувь, бэлэн бус гүйлгээний хүү жилийн 24 хувь, хугацаа хэтрүүлсний шимтгэл төлөгдөөгүй хамгийн бага төлбөрийн 1 хувь, хамгийн багадаа 10,000 ам.доллараар тооцож, “Т” ХК-д төлөхөөр тохиролцжээ. /хх-ийн 9-12/

 

4.а. Хоёр дахь гэрээг хариуцагчийн “кредит картны хугацаа сунгуулах тухай” хүсэлтийг үндэслэн, талууд 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр  Кредит карт эзэмших гэрээ байгуулж дээрх гэрээтэй адил нөхцлөөр  хариуцагч Х.Б нь  20,000 ам.долларын эрхтэй, Олон улсын алтан виза картыг 2 жилийн хугацаанд ашиглах,  бэлэн гүйлгээний хүү жилийн 36 хувь, бэлэн бус гүйлгээний хүү жилийн 24 хувь, хугацаа хэтрүүлсний шимтгэл төлөгдөөгүй хамгийн бага төлбөрийн 1 хувь, хамгийн багадаа 10,000 ам.доллараар тооцож “Т” ХК-д төлөхөөр тохиролцсон байна. /хх-ийн 13-15, 51/

 

4.б. Мөн цалингийн зээлийн гэрээг талууд 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр  байгуулж, уг гэрэээгээр 33,642,172 төгрөгийг жилийн 19.20 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, нэмэгдүүлсэн хүүг зээлийн хүүгийн 20 хувь байхаар тохиролцжээ. /хх-ийн 27-29/

 

Анхан шатны шүүх дээрх гэрээг  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон,  зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр, зээл болон зээлийн хүүгийн талаарх тохиролцоо нь мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт нийцсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

4.в. Зээлдүүлэгч “Т” ХК нь 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зээлдэгч Х.Б-гийн эзэмшлийн Т дахь 341801693952 тоот данс руу 33,642,172 төгрөгийг, мөн 20,000 ам.долларын зээлийн эрхтэй картыг тус тус шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн болох нь зээлийн мемориалын баримт, кредит болон зээлийн дансны хуулгаар тус тус тогтоогдсон. /хх-ийн 17-23, 30-49/

 

4.г. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “... банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан, үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугцаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан тул нэхэмжлэгч “Т” ХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хариуцагч Х.Б-гээс шаардах эрхтэй.

 

5. Хариуцагч Х.Б нь кредит карт эзэмших гэрээгээр хүлээсэн үүргээ эхний төлөлт буюу 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн зээл эргэн төлөлтийн хуваарь зөрчсөн, мөн цалингийн зээлийг эргэн төлөх хуваарийг 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн төлөх байсныг зөрчсөн буруутай байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь зээлийн гэрээг цуцалж шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, үүргийн зөрчилд цар тахал нөлөөлсөн гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагаас кредит карт эзэмших гэрээний хуримтлагдсан хүү 17,277,305 төгрөг, цалингийн зээлийн нэмэгдүүлсэн хүү 2,487,830 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсныг давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар алдааг залруулна.

 

5.а. Учир нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэжээ.

 

Дээрх хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан зохицуулалт нь зээлийн гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүй бол зээлийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд хэтэрсэн хугацааны зээлийн хүүг төлнө, энэхүү хүү нь гэрээгээр тохирсон үндсэн зээлийн хүүнээс хэтрэхгүй байхаар талууд тохиролцож болно гэсэн агуулгатай байна.

 

5.б. Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дуусгавар болсон эсэхээс үл хамааран зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй гэж зохицуулсан.

 

5.в. Энэ хуульд заасан эрхээ хэрэгжүүлж, 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасанд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй ба Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасан үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэнтэй холбоотой зохицуулалт нь банк эрх бүхий этгээдээс олгож буй зээлийн харилцаанд хамаарахгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

 

Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар кредит карт эзэмших гэрээний үүрэгт бэлэн болон бэлэн бус гүйлгээнд дүнд 17,832,194 төгрөг, хуримтлагдсан хүү 17,277,305 төгрөг, нийт 35,109,499  төгрөг, цалингийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 33,642,172 төгрөг, зээлийн хүү 21,768,999 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,487,830 төгрөг, нийт 57,899,001төгрөг буюу дээрх  зээлийн гэрээнүүдийн үүрэгт нийт 93,008,501 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангав.

 

6. Харин нэхэмжлэгчийн шаардсан хугацаа хэтрэлтийн шимтгэл гэх 5,891,806 төгрөг, гүйлгээний шимтгэл хураамж гэх 125,229 төгрөг гаргуулах шаардлага нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

7. Түүнчлэн, хариуцагчийн ажиллаж байсан байгууллага татан буугдсан, тэрээр ажлаас чөлөөлөгдсөн, мөн коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал гарсан нь түүнийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Х.Б-ээс зээлийн гэрээний үүрэгт 93,008,501 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХК-д олгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулж, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийн хангав.

 

8. Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг нэмж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2023/03597 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Х.Б-ээс зээлийн гэрээний үүрэгт 93,008,501 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 6,017,036 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,

          2 дахь заалтын “...524,245” гэснийг “...622,992” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Х.Б-ийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр урьдчилан төлсөн 268,223 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Т” ХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр урьдчилан төлсөн 286,682 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.    

 

 

 

                     

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ

 

                                   ШҮҮГЧИД                                      Т.ГАНДИЙМАА

 

                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ