Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2023/03657

 

    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: Ч дүүрэгт байрлах,  Г ХК /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Х дүүрэгт оршин суух, Б овогт С.М  /РД:********/-т холбогдох,

  Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 120 170 416 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Г.Б*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.С*******, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.

 

Хариуцагч С.М*******т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч товлон зарласан шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул талуудын хүсэлтээр түүний эзгүйгээр шийдвэрлэв.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г******* ХК нь хариуцагч С.М******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 239 314 447 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.С******* овогтой М******* нь 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Г*******тай ЗГ/КР/160205001 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж 10 000 долларыг бэлэн мөнгө авсаны хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан. Бусад нөхцөл шаардлагыг гэрээнд тусгасан болно. 2016 оны 7 дугаар сард кредит картын эрхийг 20 000 доллар болгон нэмэгдүүлсэн. Зээлдэгч нь кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлөхгүй хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар кредит картын гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 20 785.63 доллар, зээлийн хүүний төлбөр 20 986.36 доллар, зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр 23 978.13 доллар, зээлийн эрх хэтрүүлсний төлбөр 2 204.12 доллар, нийт 67 954.24 доллар буюу төгрөгөөр 67 954 х 3 521 = 239 314 447 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Г******* ХК-ийн зүгээс эрх нэмэгдүүлсэн тухай гэрээ хүсэлт олдохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн үндсэн төлбөр 10 005.63 ам.доллар, зээлийн хүүний төлбөр 20.523.09 ам.доллар, зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр 21.530.32 ам.доллар, зээлийн эрх хэтрүүлсний төлбөр 2 344.12 ам.доллар, нийт 54.403.16 ам.доллар буюу 120 170 416 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.3.Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагаа дэмжиж оролцож байна. С.М*******тай 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ/КР/160205001 тоот кредит картын гэрээ байгуулан 10 000 долларын эрхтэй кредит карт олгосон. Бэлэн бус гүйлгээний хүү нь сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү 1 хувь, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэйгөөр олгосон. Зээлдэгч кредит картыг ашиглан 2017 оны 8 дугаар сарын 30-ний өдрөөс хойш төлбөр төлөөгүй хугацаа хэтрүүлсэн. 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж зээлийн үндсэн төлбөрт 10 005 доллар, зээлийн хүүний төлбөрт 20 523 доллар, зээлийн хугацаа хэтрүүлсний хүүний төлбөрт 21 530 доллар, зээлийн эрх хэтрүүлсний төлбөр 2 344 доллар, нийт 54 403 доллар байсан. Үүнээс 19 769 долларыг хөнгөлж нийт 34 633 доллар шаардаж байгаа. Иргэний хуульд зааснаар нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүний 20 хувиас хэтрэхгүй байх гэсэн үндэслэлийн дагуу хөнгөлсөн. Иймд хариуцагчаас 34 633 ам.доллар буюу 120 170 416 төгрөгийг гаргуулж өгнө үү. Тухайн үед С.М******* нь С ХХК-ийн бизнесийн орлогоор баталгаажуулж 10 000 долларын эрхтэй картыг авч ашигласан. Тэр үеийн гар бичмэл болон С ХХК-ийн албан тоотыг хавтаст хэрэгт өгсөн гэж бодсон боловч өгөөгүй байна. Гэхдээ нотлох баримтын шаардлага хангаагүй байдлаар авчирсан. Шаардлагатай гэвэл танилцуулж болно гэв.

                                       

2.1.Хариуцагч С.М******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г******* ХК-ийн төлөөлөгч нь ЗГ/КР 160205001 тоот зээлийн гэрээний үүрэгт 239 314 447 төгрөгийг гаргуулах агуулга бүхий нэхэмжлэл гаргажээ. Дээр дурдсан тоот гэрээ нь 10.000 ам.доллар олгох утга бүхий 2016 он гэсэн гэрээ байна. Нэхэмжлэгч энэхүү гэрээгээр 20.000 ам.доллар олгосон тул түүний хүү, торгууль, алданги нийт 239 314 447 төгрөг болсон энэ мөнгөн дүнгээр банк хохирч байна гэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй, баримт нотолгоогүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

2.2.Хариуцагчийн өмгөөлөгч Б.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байсан. Үндсэн төлбөр 10 005 ам.доллар, хүүний төлбөр 20 523 ам.доллар, хугацаа хэтрүүлсний төлбөр 21 530 ам.доллар, зээлийн эрх хэтрүүлсний төлбөр 2 344 ам.доллар, нийт 54 403 ам.доллар гэсэн дүн тавьсан байсан. Үүнээс 19 769 ам.долларыг хөнгөлсөн байна. Үлдэх 34 633 ам.доллароос хэд нь үндсэн зээлийн төлбөр, хэд нь хүүний төлбөр, хэд нь хугацаа хэтрүүлсний төлбөр, зээлийн эрх хэтрүүлсний төлбөр болох нь тодорхойгүй ойлгомжгүй байна. Үнийн дүнгээ тодорхой задлах ёстой байсан. Үүнийг Г******* ХК-иас тодруулах шаардлагатай гэж үзэж байна. С.М******* төлөлтөө хийж байсан. Түүний хэдийг нь хүүнээс нь хассан, хэдийг нь үндсэн төлбөрөөс нь хассан талаар ойлгомжгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байж шүүх хуралдаанаа үргэлжлүүлэх ёстой байх гэж үзэж байна. 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан. Үүнээс хойш өнөөдөр хүртэл 5 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд С.М*******тай утсаар ярьсан, өөр хүнээр дамжуулан холбогдох гэж үзсэн гэж тайлбарлаж байна. Хариуцагчид төлбөрөө төл гэсэн шаардлага тавьсан баримт хэрэгт байхгүй байна. Хуульд зааснаар шударга үнэн тайлбар гаргах үүрэгтэй. 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн С.Э гэх хүний гарын үсэгтэй албан тоот байна. Энэ албан тоот дээр 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хийгдсэн 140 долларын гүйлгээ нь дансны төлбөрт суутган авсан гүйлгээ болно гэж бичсэн байна. Өөрөө гүйлгээ хийсэн үү гэдэг нь эргэлзээтэй. Хойно нь мөн 140 доллартай холбоотой баримт байна. Энэ баримт дээр харилцагчийн гарын үсэг байхгүй, харилцагчийн ямар гүйлгээ хийгээд байгаа нь тодорхойгүй банк өөрөө хийсэн гүйлгээ байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.М******* өөрөө төлөөд байгаа юм уу, өөр хүн төлөөд байгаа юм уу гэдэг нь эргэлзээтэй байдлаар тайлбарлаж байна. Үүнээс хойш хугацаа сэргэсэн гэж үзээд байгаа юм уу ойлгомжгүй байна. Гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна. Энэ хугацаа хэтрүүлсэн асуудлаа юу гэж тайлбарлаж байна вэ. Үүнийг тодруулмаар байна. С.М******* гэх хүн өөрөө хуулгаа хэрэгт гаргаж өгсөн. Хариуцагч тодорхой хэмжээний бизнес эрхэлж байсан. 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хуулга дээр орлого нь 1 500 000 000 төгрөг, зарлага нь 1 500 000 000 төгрөг байна. Мөн 2014 оноос 2023 оны дансны хуулгаа авчирсан. Энэ дээр орлого нь 87 000 000 төгрөг, зарлага нь 87 000 000 төгрөг, 1109 тоот дансны хуулга дээр орлого нь 14 842 доллар гэх мэт маш их орлого зарлага гаргадаг байсан. Үүнтэй холбоотойгоор Г******* ХК-иас та сайн харилцагч олон харилцагч татаж авчраарай гээд урамшуулал болгон салбарын захирал нь карт олгосон гэсэн ойлголттой явдаг. С.М******* тодорхой хэмжээний мөнгийг нь ашиглаад эргэн төлөлтөө хийсэн. Дансны хуулгыг нь харах юм бол эргэн төлөлт хийсэн байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа энэ төлбөр ингэж төлөгдсөн, нэмэгдүүлсэн хүү, хугацаа хэтрүүлсэн хүү нь ийм болсон гэх зүйл ярихгүй байна. С.М******* их хэмжээний гүйлгээ хийдэг байсан мөн 2018 оноос хойш шаардаагүй учраас энэ хүн төлөөд дуусгасан байна гэж бодсон. Гүйлгээгээр бүх төлөлт харагдаж байгаа. Иргэний хуульд банк эрх бүхий хуулийн этгээдийн зээлийн харилцаатай холбоотой тусгай бүлэг байдаг. Энэ дээр банкны төлбөрийн харилцаа, зээлийн харилцаа, хадгаламжийн харилцааг тусгайлсан хуулиар зохицуулна гэж заасан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай гээд 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон хууль байгаа. Гэтэл бид өнөөдөр 2016, 2018 оны асуудал ярьж байгаа. 2018 онд 1995 оны 10 дугаар сарын 31-ний өдөр батлагдсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль мөрдөгдөж байсан. Энэ хуулийн 12 дугаар зүйлд данс нээх хаах гэсэн зохицуулалт байгаа. Мөн 15 дугаар зүйлд бэлэн бус мөнгөн төлбөр тооцоо гэсэн зохицуулалт байгаа. 15.1 дэх хэсэгт иргэн хуулийн этгээд оролцсон бэлэн бус хэлбэрээр хийх төлбөр тооцоог банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээр дамжуулан гүйцэтгэнэ, 15.2 дахь хэсэгт бэлэн бус мөнгөний төлбөр тооцоог төлбөрийн даалгавар, төлбөрийн нэхэмжлэл, аккердатив, чек, вексаль төлбөрийн карт болон төлбөр тооцооны бусад баримтаар гүйцэтгэнэ, 15.3 дахь хэсэгт төлбөр хариуцагч, төлбөр хүлээн авагч нь бэлэн бус мөнгөний төлбөр тооцооны ямар хэлбэрээр харилцахаа өөрсдөө сонгож авна. Төлбөрийн нэхэмжлэлээр хийх төлбөрийг гагцхүү төлбөр хариуцагчийн мөнгөн хөрөнгийг зарцуулах эрх бүхий этгээдийн зөвшөөрсөн нөхцөлд гүйцэтгэнэ гэж тус тус заасан. Сүүлд 140 доллар төлсөн гэж хэлж байна. Төлбөр хариуцагч буюу захиран зарцуулах эрхтэй хүн нь С.М******* юм. Энэ хүн өөрөө зөвшөөрсөн тохиолдолд гүйцэтгэнэ гэж заасан. Гэтэл 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 140 долларыг хэн ямар гарын үсэгтэй зөвшөөрөл өгөөд гүйлгээ хийгээд байгаа нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой тайлбарлах ёстой. Хэрвээ 2022 онд гүйлгээ хийгдсэн өөр хуульд хамаарна гэх юм бол Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт банк, эрх бүхий хуулийн этгээд харилцагчтай байгуулсан гэрээ, түүний даалгавар, зөвшөөрлийг үндэслэн шилжүүлнэ гэж заасан. 140 долларын гүйлгээ хийсэн гэж үзэж байгаа бол С.М******* гэх хүний даалгавар, зөвшөөрөл нь байхгүй байна. Иймд гэрээний хугацаа дууссан, сунгасан талаарх баримтгүй, гэрээний хугацаа дуусчихаад байхад зээлийн гэрээний үүргээ огт шаардаагүй байж хэдэн жилийн дараа гэнэт их хүү нэхээд нэхсэн хүүгээ өөрсдөө ч тайлбарлаж чадахгүй байна, хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, энэ нь банкинд ч хамааралтай гэв.

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд, Г******* ХХК-аас А.Г*******д олгосон итгэмжлэл, Г******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ЗГ/КР/160205001 тоот зээлийн гэрээ, Г******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал, Зээлийн картын тооцооллын хүснэгт, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШЗ2023/02873 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, С.М*******ын иргэний үнэмлэний хуулбар, Х******* дүүргийн 19 дүгээр хорооны тодорхойлолтын хуулбар, нэхэмжлэлийн тодруулсан шаадлага, зээлийн тооцооллын хүснэгт /хэргийн 3-15, 94-97-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас хариу тайлбар, хүсэлт /хэргийн 26, 42, 93-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр Г******* ХК-иас гүйлгээний баримтууд /хэргийн 118-123-р хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн байна.   

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч С.М*******ыг зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, хугацаандаа зээлээ төлөөгүй тул зээлийн гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөр 10 005,63 ам.доллар, зээлийн хүүний төлбөр 20 523,09 ам.доллар, зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр 21 530,32 ам.доллар, зээлийн эрх хэтрүүлсний төлбөр 2 344,12 ам.доллар, нийт 54.403.16 ам.доллараас 19 769,82 ам.доллар хөнгөлж, 34 633,34 ам.доллар буюу 120 170 416 төгрөгийг /34 633,34х3 469,79=120 170 416/ гаргуулахаар шаардсан.

3.Хариуцагч нь нэхэмжлэгч Г*******тай кредит карт эзэмших гэрээ байгуулж, 10 000 ам.долларын зээлийн эрхтэй картыг ашиглаж байсан, гэрээний хугацаанд картыг ашиглаж, ашигласан хугацаандаа зээлийн эргэн төлөлтийг хийсэн, зээлийн эрхийг нэмэгдүүлээгүй, хугацааг сунгаагүй гэж үгүйсгэсэн.  

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Нэхэмжлэгч Г******* ХК нь хариуцагч С.М*******тай 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр №ЗК/КР/160205001 тоот зээлийн эрхтэй карт эзэмшигчтэй байгуулах гэрээг байгуулж, 10 000 ам.долларыг бэлэн мөнгөний хүү 42 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 24 хувь, зээлийн эрх хэтрүүлэх хэмжээ нийт зээлийн эрхийн 10 хувь, зээл эргэн төлөх доод хэмжээ 15 хувь байхаар, карт ашиглах хугацааг 2 жил байхаар харилцан тохиролцжээ.

 

5.Талууд 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр зээлийн эрхтэй карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулсан, мөнгөн хөрөнгийг хүлээн авч буюу зээлийн эрхтэй картыг ашиглаж байсан талаар маргаагүй, эрх нэмэгдүүлсэн, гэрээний хугацааг сунгасан, гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх талаар маргаж байна.

 

6.Зохигч талууд 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр №ЗК/КР/160205001 дугаартай кредит картын гэрээг байгуулсан талаараа хэн аль нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.

6.1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 451.2-т “зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж зааснаар нэхэмжлэгч Г******* ХК нь 10 000 000 ам.долларын зээлийн эрхтэй кредит картыг хариуцагч С.М*******т шилжүүлсэн ба зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэгч үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй, шаардах эрхтэй.

 

6.2.Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн №ЗК/КР/160205001 тоот Кредит картын гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр 20 785,63 ам.доллар, зээлийн хүүний төлбөр 20 986,36 ам.доллар, зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр 23 978,13 ам.доллар, зээлийн эрх хэтрүүлсний төлбөр 2 204,12 ам.доллар, нийт 67 954,24 ам.долларын үүргээ гүйцэтгээгүй гэсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2016 оны 7 дугаар сард кредит картын эрхийг 20 000 ам.доллар болгон нэмэгдүүлсэн талаарх баримтгүй, гэрээ хүсэлт олдохгүй байсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, зээлийн үндсэн төлбөрт 10 005,63 ам.доллар, зээлийн хүүний төлбөрт 20 523,09 ам.доллар, зээлийн хүүгийн төлбөр 21 530,32 ам.доллар, зээлийн эрх хэтрүүлсний төлбөр 2 344,12 ам.доллар, нийт 54 403,16 ам.доллараас зээлийн эрх хэтрүүлсэн хүү 2 344,12 ам.доллар, хугацаа хэтрүүлсэн хүүгээс 17 000 ам.доллар, нийт 19 769,82 ам.долларыг хасаад үлдэх 34 633.34 ам.доллар буюу 120 170 416 төгрөгний үүргээ гүйцэтгээгүй гэсэн.

 

6.3.Хариуцагч нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн зээлийн тооцоолол нь ойлгомжгүй, зээлийн эрхээ нэмэгдүүлсэн талаарх баримтгүй байхад эрх нэмэгдүүлсэн гэж хүү тооцсон, хүүний төлбөр, хугацаа хэтрүүлсний төлбөр, эрх хэтрүүлсний төлбөр нь хэзээнээс хэдий хүртэл хугацаанд тооцогдсон эсэх нь тодорхойгүй, мөнгөн хөрөнгийг ашиглаад эргэн төлөлтөө хийсэн байхад үүргээ гүйцэтгээгүй гэж шаардлага гаргасан нь үндэслэлгүй, гэрээний хугацаа дууссан, шаардах эрх дуусгавар болсон гэж маргасан. 

 

7.Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна”, 75 дугаар зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байна гэж заажээ.

7.1.Нэхэмжлэгч нь хариуцагчаас үүргээ гүйцэтгэхийг шаардаж байсан болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШЗ2023/02873 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар тогтоогдоно, мөн зээлийн эргэн төлөлтийг хийж байсан болох нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 140 ам.долларын шилжүүлгийн баримтаар нотлогдоно гэж тайлбарласан.

7.2.Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно”, 76.4-т “Шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоолно” гэж заасан.

7.3.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1-д картыг ашиглах хугацааг 2 жилийн хугацаатайгаар байгуулсан бөгөөд 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдөр картыг ашиглах хугацаа буюу гэрээний хугацаа дууссан талаар нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн, мөн 2017 оны 8 дугаар сарын 30-ний өдрөөс хойш зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн гэж тайлбарласан тул нэхэмжлэгчийн шаардах эрх нь гэрээний хугацаа дууссан буюу зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөнөөр үүссэн байх боловч шаардах эрхээ хэрэгжүүлсэн, гэрээний хугацааг сунгасан талаарх баримтгүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн зээлийн гэрээтэй холбоотой шаардах эрх дуусгавар болсон гэх тайлбар үндэслэлтэй байна гэж үзэв.

 

7.4.Нэхэмжлэгч нь зээлийн эрхтэй карт эзэмшигчтэй байгуулах гэрээ, бүтээгдэхүүний нөхцлийн 4.3-д “зээлийн эрх хаагдсан ч зээлээ төлөөгүй тохиолдолд энэхүү гэрээний 3-р зүйлд заасан хүү, нэмэгдүүлсэн хүү болон торгууль зээлийг бүрэн төлөх өдөр хүртэл бодогдоно” гэж зааснаар гэрээний хугацаа дууссан, картын эрх хаагдсан боловч зээлийн гэрээний үүргээ шаардах эрхтэй гэж маргасан боловч шаардах эрхээ хэрэгжүүлэхдээ хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэхгүй байна гэж ойлгоно.

7.5.Нэхэмжлэгчээс хариуцагчаас шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэж шүүгчийн захирамжийг ирүүлсэн боловч энэ нь 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд хандсан, 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн зээл төлүүлэхээр өр барагдуулагчид шилжүүлсэн тухай  баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, хариуцагчаас зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан, үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа олгосон, хуульд заасан шаардах эрхээ хэрэгжүүлсэн эсэх талаарх баримтгүй байна.

 7.6.Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 261,55 ам.доллар, 214,11 ам.доллар, 185,13 ам.доллар, 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 140 ам.долларыг зээлийн гэрээний үүрэгт шилжүүлж байснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж тайлбарласан бөгөөд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заасан боловч дээрх гүйлгээ буюу шилжүүлгийг нэхэмжлэгч нь өөрөө хийгээгүй болох нь дансны гүйлгээний баримтаар тогтоогдож байх бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний 5.1.5-д “карт эзэмшигчийн Г*******ин дахь хадгаламж, харилцах болон бусад данснуудаас, мөн ирээдүйд Карт эзэмшигчийн нэр дээр нээгдэх данснуудад орж ирсэн мөнгөн хөрөнгөнөөс үл маргах журмаар зээлийн картын өр төлбөрийг суутган авах эрхтэй” гэж зааснаар данснаас суутгасан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.  

 

8.Иймд нэхэмжлэгч Г******* ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 120 170 416  төгрөг гаргуулахаар С.М*******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д “шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж зааснаар Г******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 354 522 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэг, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар  нэхэмжлэгч Г******* ХК-ийн хариуцагч С.М*******т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 120 170 416  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 354 522 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

                                 

  

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ХУЛАН