Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2024/00300

 

 

 

 

 

 

             

    2024        02           07                                       210/МА2024/00300

 

ГБ ХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2023/03657 дугаар шийдвэртэй,

 

ГБ ХК-ийн нэхэмжлэлтэй,

С.Мт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 120,170,416 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. С.М 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр ГБ ХК-тай ЗГ/КР/160205001 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээг байгуулж, 10,000 долларыг бэлэн мөнгө авсаны хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан.  2016 оны 7 дугаар сард кредит картын эрхийг 20,000 доллар болгон нэмэгдүүлсэн. Зээлдэгч нь гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө төлөхгүй хугацаа хэтрүүлж байна.

1.2.  2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар кредит картын гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн төлбөр 10,005.63 ам.доллар, зээлийн хүү 20,523.09 ам.доллар, зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр 21,530.32 ам.доллар, зээлийн эрх хэтрүүлсний төлбөр 2,344.12 ам.доллар, нийт 54,403.16 ам.доллар буюу 12,170,416 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч талын татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1.  Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Үндэслэлгүй, баримтгүй. Нэхэмжлэлд үндсэн төлбөр 10,005 ам.доллар, хүү 20,523 ам.доллар, хугацаа хэтрүүлсний төлбөр 21,530 ам.доллар, зээлийн эрх хэтрүүлсний төлбөр 2,344 ам.доллар, нийт 54,403 ам.доллар гэснээс 19,769 ам.долларыг хөнгөлсөн гэжээ. Үлдэх 34,633 ам.доллароос хэд нь үндсэн зээлийн төлбөр, хэд нь хүүний төлбөр, хэд нь хугацаа хэтрүүлсний төлбөр, зээлийн эрх хэтрүүлсний төлбөр болох нь тодорхойгүй.  С.Мын хийсэн төлөлтөөс  хэдийг нь хүүнээс нь хассан, хэдийг нь үндсэн төлбөрөөс нь хассан талаар ойлгомжгүй.

2.2. 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан. Үүнээс хойш өнөөдөр хүртэл 5 жил өнгөрсөн байна.  Хариуцагчид төлбөрөө төл гэсэн шаардлага тавьсан баримт хэрэгт байхгүй байна.

2.3. 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр С.Энхтүвшин гэх хүний гарын үсэгтэй албан бичигт “2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хийгдсэн 140 ам.долларын гүйлгээ нь дансны төлбөрт суутган авсан гүйлгээ болно” гэж бичсэн байх бөгөөд өөрөө гүйлгээ хийсэн эсэх нь эргэлзээтэй, харилцагчийн гарын үсэг байхгүй, харилцагчийн ямар гүйлгээ хийгээд байгаа нь тодорхойгүй, банк өөрөө хийсэн гүйлгээ байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэг, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ГБ ХК-ийн хариуцагч С.Мт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 120,170,416 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжпэгч ГБ ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,354,522 төгрөгийг улсын орлогод хэвээр шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. С.Мтай ЗГ/КР/160205 001 дугаар кредит картын гэрээ байгуулагдсан талаар хэн аль нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр гэрээ гэж шүүх дүгнэсэн боловч банкны зүгээс шаардлага гаргаагүй буюу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Ингэхдээ банкны зүгээс гаргасан тайлбар болох хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэсэн тайлбарыг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1 заасан үндэслэлээр үгүйсгэж шийдвэрлэсэн.

 4.2. ГБ ХК дахь С.Мын 1109357521 тоот харилцах данснаас 140 ам.долларын хугацаа хэтэрсэн кредит картын төлбөрт шилжүүлсэн гүйлгээг Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-т заасан “Эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвтгөсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ” гэсэн.

140 ам.долларын гүйлгээ нь харилцагчийн зөвшөөрлөөр хийгдсэн гүйлгээ гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т "Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд уръдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана.” гэсэн заалтын дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэн мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д заасны дагуу хугацааг шинээр эхлэн тоолно гэж заасныг баримтлах үндэстэй гэж үзэж байна.

4.3. Иймд С.М нь зөвшөөрсөн, үгүйсгээгүй буюу зөвшөөрөөгүй болохоо нотлох байтал шүүх хариуцагчийн тайлбарыг хэт үнэлсэн.

4.4. Тухайн үед мөрдөгдөж байсан 1995 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн Дөрөвдүгээр бүлэг: Зээл төлүүлэх ажиллагааны 30 дугаар зүйлийн 30.2-т “Зээлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол түүний хүүг хугацаа болмогц зээлдэгчийн болон батлан даагчийн данснаас үл маргах журмаар төлүүлнэ” гэж заасныг баримтлан ЗГ/КР160205001 тоот кредит картын гэрээнд тусгагдсан “5.1.5-т Карт эзэмшигчийн Голомт банкан дахь хадгаламж, харилцах болон бусад данснуудаас, мөн ирээдүйд Карт эзэмшигчийн нэр дээр нээгдэх данснуудад орж ирсэн мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар зээлийн картын өр төлбөрийг суутган авах эрхтэй” гэсний дагуу хийгдсэн болно.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээл авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэсэн заалтыг баримталсан атлаа С.Мын хавтаст хэрэгт өгсөн кредит картын хуулгаас картын үлдэгдэл төлбөр болох 22,384.47 ам.доллар буюу 78,831,387.99 төгрөг төлүүлэх боломжийг ч анхаараагүй нь шүүх зээлийн гэрээний хэрэгжилтийг хангаж үзээгүй.

Анхан шатны шүүх дүгнэхдээ Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийг шилжүүлэг зээлийн үйл ажилгааны тухай хуулийн заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэргийн үйл баримтад нийцэхгүй дүгнэлт хийсэн.

Учир нь 140 ам.долларыг шүүх хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр данснаас суутгасан гэж дүгнэхдээ Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийг шилжүүлэг зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 17.1 дэх хэсэгт заасан “Банк эрх бүхий хуулийн этгээд харилцагчтай байгуулсан гэрээг үндэслэн шилжүүлгийг хийнэ” гэдгийг харгалзаж үзээгүй. Зээлдэгч ЗГ/КР/160205001 тоот кредит картын гэрээ байгуулагдсанаас хойш зээлээ төлж байсан, С.Мын банканд бүртгэлтэй утасны дугаар дээр банкны автомат системээр мессеж, мэйл автоматаар хүргэгддэг буюу үүнийг хүн болгон мэдэж байгаа үйл баримт байгаа гэдгийг шүүх үнэлэх нь зүйтэй.

Зээлдэгч С.М нь зээлийн талаар банканд огт хандаагүй, зээлдэгчид Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д заасан гэрээнээс татгалзах эрх нь байсаар байтал ийнхүү зөвхөн зээлдүүлэгч зээлийн төлбөрийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байгаа нь хэт наг талыг баримталж байгаа шийдвэр гэж үзэж байх тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2023/03657 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлага болох 34,633.34 ам.доллар буюу 120,170,416.00 төгрөг гаргуулж өгнө үү.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч 2015 оноос хойш банктай харилцаатай байсан ба банкны хувь нийлүүлэгч нар өөрчлөгдөж, дотоод зохион байгуулалттай холбоотойгоор 2018-2022 он хүртэл банкнаас хариуцагчид хандаж байгаагүй. 2015-2016 онд банкны салбарын захирал нь С.Мтай тохироод хөнгөлөлт олгосон.

ГБ ХК зээлийн хүү гэж 140 долларын хуримтлал үүсгээд зарлага гаргасан ба уг үйлдлийг харилцагч С.М хийсэн гэх баримт байхгүй. 1995 он болон 2022 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуульд зааснаар харилцагч тодорхой баримтаар буюу төлбөрийн даалгавар, төлбөрийн нэхэмжлэх, аккредитив, чек, төлбөрийн карт, бусад баримтаар бэлэн болон бэлэн бус гүйлгээг гүйцэтгэнэ гэсэн. Гэтэл банк өөрөө дотооддоо зохиомол гүйлгээ хийж хасалт хийсэн.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч ГБ ХК нь хариуцагч С.Мт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 120,170,416 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. ГБ ХК болон С.М нарын хооронд 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр №ЗК/КР/160205001 тоот зээлийн эрхтэй карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч 10,000 ам.долларын зээлжих эрхийг бэлнээр мөнгө авах тохиолдолд жилийн хүү 42 хувь, бэлэн бус гүйлгээ хийвэл жилийн хүү 24 хувь, зээлийн эрх хэтрүүлэх тохиолдолд нийт зээлийн эрхийн 10 хувь, зээл эргэн төлөх доод хэмжээ 15 хувь байхаар, карт ашиглах хугацааг 2 жил байхаар харилцан тохиролцсон.

 

4. Нэхэмжлэгч ГБ ХК нэхэмжлэлдээ дээрх гэрээний дагуу хариуцагчид үүссэн үүрэг, үүнээс хариуцагчийн төлсөн үндсэн зээл, зээлийн хүү, хугацаа болон эрх хэтрүүлсний хүү хэд болох, ямар хэмжээгээр хэрхэн хүү бодогдож үүрэг гүйцэтгэгдсэн байдал, гүйцэтгээгүй үлдсэн үүрэг буюу үндсэн зээл, зээлийн хүү, хариуцлагыг хэрхэн тооцож гаргаснаа тодорхой дурдаагүй байна.

 

Үүнтэй холбоотойгоор хариуцагч тодорхой хариу тайлбар гарган мэтгэлцээгүй буюу “...хэд нь үндсэн зээл, зээлийн хүү, хугацаа хэтрүүлсний төлбөр болох нь тодорхойгүй, зээлийн эргэн төлөлтөөс хэдийг нь ямар үүрэгт тооцсон нь ойлгомжгүй байна...” гэсэн агуулгаар хариу тайлбар гаргасан байна.     

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй, нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулах ажиллагааг хийгээгүй байна. 

 

Шүүх, талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний маргаантай холбоотой нэхэмжлэлийн шаардлага, зээлийн тооцооллыг тодруулан, талуудыг мэтгэлцүүлэн хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосны эцэст маргааныг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт нийцнэ.

 

 4. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2023/03657 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 758,803 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.НЯМБАЗАР

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ

 

                                             ШҮҮГЧ                                       Э.ЗОЛЗАЯА