Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2024/00812

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч дүүрэгт байрлах, Г ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэгт тоотод оршин суух, Ба овогт В.Б /РД:*********/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 150 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*******, Ц.Н*******,    

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Г******* ХК нь хариуцагч В.Бд холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 150 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Г******* нь В.Бийн 1105******* тоот дансанд 2012 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 150 000 000 төгрөгийг шилжүүлсэн. В.Б нь одоог хүртэл дээрх мөнгөө буцааж Г******* ХХК-д төлөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу хариуцагчаас 150 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Г******* ХК нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу В.Бийн 1105******* тоот дансанд шилжүүлсэн 150 000 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч В.Бийг дараах үндэслэлээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байгаа тул 150 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байна. Г******* болон В.Б нар нь 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Тоног төхөөрөмж худалдах худалдан авах гэрээ байгуулж тус гэрээгээр В.Б Г******* ХХК-иас мод боловсруулах үйлдвэрийг 300 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч гэрээ байгуулсан. Мөн хариуцагч тус мод боловсруулах үйлдвэрийг ажиллуулахад зарцуулахаар 150 000 000 төгрөгийн нэмэлт мөнгөн хөрөнгийг банкнаас авч банкнаас тус мөнгийг хариуцагчийн дансанд шилжүүлэн өгсөн байдаг. Ийнхүү В.Б нь мод боловсруулах үйлдвэрийг ажиллуулан банкинд буцаан тоног төхөөрөмж худалдан авсан үнэд 300 000 000 төгрөг болон мод боловсруулах үйлдвэрийг ажиллуулахад зарцуулсан 150 000 000 төгрөг нийт 450 000 000 төгрөгийг төлөх ёстой байсан. Гэтэл В.Бд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгснөөс хойш 2 жилийн дараа буюу 2014 онд тухайн мод боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа явагдаагүйн улмаас талууд дээрх 2 хэлцлээс татгалзан өгсөн авсан зүйлсээ буцааж эхэлсэн байдаг. Энэхүү татгалзаж байгаа үйл явдал нь 300 000 00 төгрөгийн тоног төхөөрөмж худалдан авах, 150 000 000 төгрөгийн нэмэлт мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн хэлцлүүдээс аль алинаас татгалзсан явдал юм. Талууд гэрээнээс татгалзсаны дараа В.Б нь мод боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг Г*******инд буцаан өгсөн боловч мод боловсруулах үйлдвэрийг ажиллуулахад зарцуулахаар авсан 150 000 000 төгрөгийг буцаан өгөөгүй өнөөдрийг хүрээд байгаа болно. Хариуцагч гаргасан тайлбараараа 150 000 000 төгрөгийг Г******* ХХК-аас авснаа хүлээн зөвшөөрдөг, тус мөнгийг эргүүлэн төлөөгүйгээ ч хүлээн зөвшөөрсөн байдаг. 2012 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагчийн Г*******ны 1105******* тоот дансанд 150 000 000  төгрөг шилжин орж зээлдэгч 6 удаагийн гүйлгээгээр нийт 140 000 000 төгрөг, 2012 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 10 000 000 төгрөг, 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 50 000 000 төгрөг, 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 20 000 000 төгрөг, 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 20 000 000 төгрөг, 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 20 000 000 төгрөг, 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 20 000 000 төгрөгийг  бэлнээр гаргаж зарцуулсан баримт хэргийн материалд авагдсан байна. Хариуцагч тухайн мөнгөн хөрөнгийг Д******* ХК-ийн байранд байрлах мод боловсруулах үйлдвэрийг зөөж Улаанбаатар хотод авч ирэн угсрахад зарцуулсан гэж тайлбарладаг боловч зарцуулалттай холбоотой ямар нэг баримт, акт ирүүлээгүй. Хариуцагч Д******* ХК үйлдвэрийн байранд байсан мод боловсруулах үйлдвэрийг зөөж, тээвэрлэж, угсрах нь Г******* ХХК-ийн үүрэг мэтээр тайлбарлаж 150 000 000 төгрөгийг тухайн мод боловсруулах үйлдвэрийг зөөж авч ирсэн хөлсөндөө авсан гэж тайлбарладаг. Энэ талаар талуудын байгуулсан 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “Тухайн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн өдрөөр тасалбар болгон эд хөрөнгийг буулгах, тээвэрлэх болон бусад холбоотой аливаа зардлыг Худалдагч тал хариуцахгүй байхаар талууд харилцан тохиролцсон тул ямар нэгэн үүрэг хүлээхгүй болно” гэж заасан. Мөн тус гэрээний 4.2.3-т “Худалдан авагч нь гэрээний зүйлийг энэхүү гэрээ байгуулж, Хавсралт №1-н дагуу эд хөрөнгө хүлээлцсэн акт үйлдсэнээр нүүлгэн шилжүүлэх болон энэхүү гэрээтэй холбогдон гарах бүх л зардлыг хариуцах үүрэгтэй” гэж заасан. Гэрээ байгуулагдсан өдөр гэрээний хавсралт №1-ийн дагуу талууд тоног төхөөрөмж хүлээлцэж бүх зардлыг худалдан авагч хариуцах үүрэгтэй болсон. Иймд Г******* тухайн мод боловсруулах үйлдвэртэй холбоотой ямар нэгэн тээвэрлэлт угсралтын зардлыг хариуцах үүрэг хүлээгээгүй бөгөөд хариуцагчийн банкны ажил, үүргийг хийж гүйцэтгэсэн мэтээр тайлбарлаж байгаа нь илт үндэслэлгүй болно. Мөн тус мөнгийг ажил гүйцэтгэх гэрээний хөлс гэж тайлбарладаг боловч ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж үзэж болохоор ямар нэг баримт шүүхэд ирүүлээгүй байна. Хариуцагч үндэслэлгүйгээр 150 000 000 төгрөгийг олж авч, тийм хэмжээгээр Г******* хохирол хүлээгээд байгаа юм. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т заасны дагуу хариуцагч В.Бөөс 150 000 000 төгрөгийг гаргуулж Г******* ХК-д олгуулж өгнө үү гэсэн.

1.3.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Бид нэхэмжлэлийн шаардлагаа давж заалдах шатны шүүхээс тодруулах шаардлагатай гэсэн учраас тодруулсан. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар л шаардаад байгаа. Талуудын хооронд 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд уг үйлдвэрийг ажиллуулахаар тохиролцоод 150 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Уг гэрээнээс татгалзсан тул үүрэг дуусгавар болсон, мөн зээлийн гэрээний дагуу үүрэг үүсээгүй тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үйлдвэр ажиллуулахаар авсан 150 000 000 төгрөгийг буцаан шаардаж байгаа юм. Уг 150 000 000 төгрөгийг үйлдвэрийг зөөхөд зардал гарсан гэдэг боловч үүнийгээ нотлоогүй байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлохдоо Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу 150 000 000 төгрөгийг шаардаж байна гэжээ.

Тухайн үед Г******* ХХК-ийн эрх бүхий этгээдүүдийн хүсэлтээр Д******* аймгийн Д******* компанийн байранд байсан мод боловсруулах тоног төхөөрөмжүүдийг Улаанбаатар хотод шилжүүлэн Г******* ХХК-ийн өөрийн эзэмшлийн А******* өртөөний салаа зам дагуу байрлах үйлдвэрт нь авчран угсарч, тохируулж хүлээлгэн өгсөн.

Тухайн үед надтай яагаад ажил гүйцэтгэх гэрээ биш зээлийн гэрээ хийснийг сайн мэдэхгүй, бүх асуудал дууссан гэж ойлгож байтал шүүхэд нэхэмжлэл гаргаж маш их мөнгө нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зүйл байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд  нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.1.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь Г*******наас барьцаанд авсан байсан Дарханы мод боловсруулах үйлдвэр, тоног төхөөрөмжийг угсраад ажиллуул гэсэн санал тавьсныг нь хүлээн авч, 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулж 300 000 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон. Уг тоног төхөөрөмжийг худалдан авах, ажиллуулахад зориулж 2012 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 150 000 000 төгрөгийг шилжүүлж, тоног төхөөрөмжийг нь барьцаанд авсан байдаг. Гэтэл нэхэмжлэгчийг уг үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хотод авчирч угсарч, ажиллуулахад бэлдэж байтал Г******* ХК нь өөр хүнд үнэтэй худалдахаар болчихлоо гээд бүх зүйлийг буцаан авсан байдаг. Тэгээд бүх зүйл дууссан гээд харилцаагүй болсон гэдэг. Энэ хугацаанд В.Б нь тархины хорт хавдартай болсон, эмчилгээ хийлгэж байсан учраас Г******* найдваргүй зээлдэгч гэж үзсэн юм шиг байгаа юм. Гэтэл хариуцагч нь өөрөө эмчилгээнд явахаар зээл авах гэтэл төлөгдөөгүй зээл гэж гарч ирээд энэ талаараа 2020 онд Г*******инд өөрөө очиж уулзахад л Г******* 150 000 000 төгрөгийн асуудал байна гэж мэдсэн байдаг. Өмнө нь энэ талаар шаардаж, нэхэмжилж байгаагүй. Тиймээс энд хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана. 2012 оны 9 сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний хугацааг 36 гэсэн байдаг 2015 оны 9 сарын 13-нд шаардах эрх үүссэн, 2012 оны тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний шаардах эрх гэрээнээс 2013 онд гэрээнээс татгалзаад эд зүйлээ буцаан авснаар үүссэн байхад 2022 онд нэхэмжлэл гаргаад байгаа нь үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь хариуцагчаас үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж 150 000 000 төгрөгийг шаардаад байгаа боловч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу уг 150 000 000 төгрөг шилжсэн, мөн тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний харилцаа байсан байхад үүрэг үүсээгүй гээд байгаа нь ойлгомжгүй байна.

Уг 150 000 000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу шилжүүлэн аваад үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Дарханаас авчрах зардалд зарцуулсан гэдэг, ажил гүйцэтгэх гэрээ байгуулах байсан юм бол эрх бүхий хуулийн этгээд байж зээлийн гэрээ байгуулж уг мөнгийг шилжүүлж өгчихөөд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гээд байгаа нь үндэслэлгүй байна гэв.

 

 3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан ЗГ1105059269 тоот зээлийн гэрээ, мөн өдрийн БГ1105059269 тоот барьцааны гэрээ, зээл төлөлтийн график, В.Бийн Г******* дахь 1105******* тоот дансны хуулга, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн тодорхойлолт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2022/02069 тоот шийдвэр, Б.О*******д олгосон итгэмжлэл, В.Бийн зээлийн өргөдөл, зээл хариуцагчийн анкет, Г******* ХХК-ийн 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн зарлагын мэдүүлэг, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, Д.Нд олгосон итгэмжлэл, Б.О*******, Ц.Н******* нарт олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл /хэргийн 3-17, 28, 32-42, 79-80, 85, 90-92-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас хариу тайлбар, Б.Б*******д олгосон итгэмжлэл, хариу тайлбар, итгэмжлэл /хэргийн 26-27, 84-р хуудас/ гэсэн баримтуудыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч В.Бтэй тоног төхөөрөмж худалдах, худалдах авах гэрээ байгуулж мод боловсруулах үйлдвэрийг 300 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, уг үйлдвэрийг ажиллуулахад зарцуулахаар 150 000 000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгсөн боловч үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдахгүй байсан тул гэрээнээс татгалзаж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн боловч 150 000 000 төгрөгийг буцаан өгөөгүй үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байгаа тул 150 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон.  

3.Хариуцагч нь нэхэмжлэгч Г*******тай тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээг байгуулж, модны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг худалдан авахаар харилцан тохиролцож, уг үйлдвэрийг ажиллуулахад зориулж 150 000 000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн боловч нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаад тоног төхөөрөмжүүдийг буцаан авсан, 150 000 000 төгрөг нь үйлдвэрийг шилжүүлэхэд гарсан зардалд зарцуулагдсан, гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, тоног төхөөрөмж худалдах, худалдан авах, зээлийн гэрээ байгуулагдсан байхад үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж 150 000 000 төгрөгийг буцаан шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж үгүйсгэсэн.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Нэхэмжлэгч Г******* ХК нь хариуцагч В.Бтэй 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдагч Г******* нь өөрийн өмчлөлийн Д******* аймаг, Д******* ХК-ийн байранд байрлах мод боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 300 000 000 төгрөгөөр худалдан авагч В.Бийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь түүнийг хүлээн авч, гэрээний хавсралт №2-д заасан хуваарийн дагуу 2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 50 000 000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 100 000 000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 150 000 000 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож, гэрээний хавсралт №1-д заасан эд хөрөнгө хүлээлцсэн актаар тоног төхөөрөмжийг хүлээлцсэн байна.

 

4.2.Мөн 2012 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр №ЗГ1105059269 тоот зээлийн гэрээг нэхэмжлэгч Г******* нь хариуцагч В.Бтэй байгуулж, 150 000 000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар сарын 2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй бол үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцож, зээлийн барьцаанд 2012 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр №БГ1105059269 дугаартай Барьцааны гэрээг байгуулж, мод боловсруулах үйлдвэрийн тоног, төхөөрөмжийг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөх хуваарь, Г*******ны дансны хуулга, иргэдийн зээлийн өргөдөл, зээл хариуцагчийн анкетаар тогтоогдож байна.

 

5.Талууд тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн хүлээн авсан талаараа маргаагүй, зээлийн гэрээ байгуулагдсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэх талаар маргаж байна.  

 

6.Зохигч талуудын хооронд 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу тоног төхөөрөмжийг хүлээлцсэн талаар хэн аль нь хүлээн зөвшөөрч маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.

6.1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Г******* нь хариуцагчид гэрээний зүйл болох мод боловсруулан үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн боловч хариуцагч нь гэрээнд зааснаар хэлэлцэн тохиролцсон үнэ 300 000 000 төгрөгийг төлөөгүй тул гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлэн өгсөн тоног төхөөрөмжийг буцаан авсан талаараа талууд маргаагүй.

 

6.2.Нэхэмжлэгч нь дээрх тоног төхөөрөмжийг хэвийн ажиллуулахад нь зориулж 2012 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагчид 150 000 000 төгрөгийг шилжүүлсэн, уг 150 000 000 төгрөгийг шилжүүлэхдээ зээлийн гэрээ байгуулсан боловч зээлийн гэрээний зорилго нь үйлдвэрийг ажиллуулахад зарцуулах байсан, уг гэрээнээс мөн татгалзсан тул 150 000 000 төгрөгийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж хариуцагчаас буцаан гаргуулахаар шаардсан.

6.3.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заажээ.

6.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 150 000 000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж шилжүүлэн авсан талаараа маргаагүй бөгөөд уг мөнгийг үйлдвэрийг хэвийн ажиллуулахад буюу тоног төхөөрөмжийг зөөвөрлөхөд зарцуулсан, гэрээнээс татгалзсан бол хуульд заасан хугацаандаа буцаан шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэж мэтгэлцсэн.

6.5.Нэхэмжлэгч нь хариуцагчид 150 000 000 төгрөгийг 2012 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн №ЗГ1105059269 тоот зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн дансны хуулгаар тогтоогдож байх бөгөөд 150 000 000 төгрөгийг “ЗГ1105059269 тоот шийдвэрээр зээл олгов” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн, мөн хариуцагч нь зээл хариуцагчийн анкет, иргэдийн зээлийн өргөдлийн зээлийн хүсэлтийн мэдээлэлд зээлийн хэмжээ 150 000 000 төгрөг, зээлийн зориулалт тоног төхөөрөмж тээвэрлэлт 30 000 000 төгрөг, эргэлтийн хөрөнгө 120 000 000 төгрөг” гэсэн байх тул хариуцагч нь нэхэмжлэгчээс 150 000 000 төгрөгийг тоног төхөөрөмж тээвэрлэлт, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлсэн, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.

6.6.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” зааснаар нэхэмжлэгч Г******* ХК болон хариуцагч В.Бийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

6.7.Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн 150 000 000 төгрөгийг үүрэг үүсээгүй үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж буцаан шаардаж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэв.

6.8.Мөн нэхэмжлэгч нь тоног төхөөрөмж худалдах худалдан авах гэрээ болон зээлийн гэрээнээс аль алинаас нь татгалзсан, гэрээний харилцаа дуусгавар болсон тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн боловч зээлийн гэрээг цуцлаж байгаа бол энэ талаараа хариуцагчид мэдэгдэж, мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхээ хэрэгжүүлсэн талаараа баримтаар нотлоогүй болно.

6.9.Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан 150 000 000  төгрөгийг гэрээ цуцлагдсан буюу нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан тохиолдолд буцаан өгөх үүрэгтэй бөгөөд уг 150 000 000 төгрөгийг буцаан шилжүүлээгүй, зээлийг зориулалтын дагуу буюу модны тоног төхөөрөмжийг зөөвөрлөхөд зарцуулсан гэж тайлбарласан боловч тайлбараа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.  

6.10.Гэвч нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил”, 76 дугаар зүйлийн 76.1-д “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж зааснаар гэрээг цуцласан буюу гэрээнээс татгалзсан гэх 2013 оноос хойш 2017 оныг хүртлэх хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, энэ талаараа баримтаар нотлоогүй, хэрэгт авагдсан хариуцагчийг хаягтаа байхгүй тул эрэн сурвалжлуулж байсан гэх баримт нь 2022 оны Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэсийн тодорхойлолт, 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх тайлбар үндэслэлгүй байна гэж үзэв.

7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийг үйлдвэрийг ажиллуулж чадахгүй гээд өөрөө түлхүүрээ 2014 онд нэхэмжлэгчид өгсөн гэх боловч 2014 оноос хойш буюу эрх нь зөрчигдсөнөөс хойш шаардах эрхээ хэрэгжүүлсэн талаараа баримтаар нотлоогүй, уулзаж байсан гэх боловч энэ талаарх уулзалтын тэмдэглэл, баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа нь дуусгавар болсон гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзэв.

8.Иймд нэхэмжлэгч Г******* ХК-ийн хариуцагч В.Бд холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 150 000 000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно”, 56 дугаар зүйлийн 56.1-д  “шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” , Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Г******* ХК-ийн хариуцагч В.Бд  холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 150 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

                                 

  

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ХУЛАН