Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/00441

 

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/00441

 

 

“Банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Э.Энэбиш, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2022/03391 дугаар шийдвэртэй,

 

“Банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Б-д холбогдох,

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 150,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтуул, түүний өмгөөлөгч С.Батхүлэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Борхүү , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. “Банк” ХХК нь Б-ийн 1105059276 тоот дансанд 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 150,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Б- нь одоог хүртэл дээрх мөнгөө буцааж “Банк” ХХК-д төлөөгүй байна.

1.2. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй бөгөөд тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэтэл Б- нь худалдаж авах боломжгүй боллоо гэдгээ хэлээд үйлдвэрээ орхиод явсан байсан.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу хариуцагчаас зээлийн үндсэн төлбөр 150,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:  

2.1. Хариуцагч Б- нь “Банк” ХХК-тай 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг тус тус байгуулсан. Гэрээ байгуулагдах болсон үндэслэл нь “Банк” ХХК-ийн зээлийн барьцаанд хураагдсан байсан Дархан-Уул аймагт байрлах “Г” ХХК-ийн байранд байрлах мод боловсруулах үйлдвэрийг худалдаж авах зорилготой худалдах, худалдан авах гэрээ хийж, тоног төхөөрөмжүүдийг “Банк” ХХК-ийн Улаанбаатар хотын Амгаланд байрлах байранд аваачиж угсраад хэвийн үйл ажиллагаа явуулж байсан.

2.2. Гэтэл “Банк” ХХК нь “тантай байгуулсан гэрээгээ цуцалж байна, танд зээлсэн 150,000,000 төгрөгт мод боловсруулах үйлдвэрийг Дархан-Уул аймгаас зөөж авчран угсарч, хэвийн үйл ажиллагаатай болгож тохируулсан ажлын хөлсөнд тооцно” гэж хэлээд  буцаагаад хураагаад авч явсан.

2.3. “Банк” ХХК нь 2021 оноос эхлээд Б- лүү залгаж зээлээ төл гэж холбогдож эхэлсэн. Зээлийн хугацаа 36 сар байсан бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.  

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Б-д холбогдуулан гаргасан 150,000,000 төгрөг гаргуулах тухай “Банк” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу тайлбарлаж дүгнэлт хийсэн байна.

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-д “Нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж гэрээний зүйл болох мод боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг буцаан авсан талаар талууд маргаагүй бөгөөд гэрээний зүйлийг биет байдлаар буцаан авснаас хойш зээлийн гэрээний үүргийг шаардах эрх хариуцагчийн зээлийн гэрээгээр зөрчил гаргасан 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс нэхэмжлэгчид үүссэн ...” гэж нэхэмжлэлийн шаардлагад огт хамааралгүй, талуудын хэн аль нь татгалзсан худалдах, худалдан авах гэрээний харилцааг нэхэмжлэлийн шаардлага болох 150,000,000 төгрөгийн гүйлгээтэй холбоо хамааралтай мэтээр буруу ташаа дүгнэлт хийжээ.

Хариуцагч нэхэмжлэгч нарын хооронд мод боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг худалдах, худалдан авах гэрээ байгуулж байсан боловч талуудын хэн аль нь тус гэрээнээс татгалзсанаар хариуцагч боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг нэхэмжлэгчид буцаан өгч, уг гэрээтэй холбоотой харилцаа дуусгавар болсон. Энэхүү иргэний хэргийн хүрээнд худалдах, худалдан авах гэрээ болон түүнтэй холбоотой төлбөр тооцооны талаар маргаагүй.

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4-т “... дээрх худалдан авсан эд хөрөнгийн үнийг төлөхөөр хариуцагч Б- нь нэхэмжлэгч “Банк” ХХК-тай 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээг байгуулан 150,000,000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлэхээр тохиролцож ... авсан...” гэж илт үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

Тухайн 150,000,000 төгрөгөөр Б- нь “Банк” ХХК-аас худалдан авахаар гэрээ байгуулсан мод боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийн үнийг төлөх зорилго байгаагүй, төлөөгүй, өөрийн хэрэгцээнд зарцуулсан. “Банк” ХХК ч тийм зорилгоор шилжүүлээгүй. Эсрэгээр хариуцагч Б- нь “Банк” ХХК-тай гэрээ байгуулж мод боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг хүлээн авсан ба нэмж 150,000,000 төгрөгийг мөн хүлээн авсан байдаг. Талууд гэрээнээс татгалзсаны дараа мод боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг “Банк” ХХК-д буцаан өгсөн боловч 150,000,000 төгрөгийг буцаан өгөөгүй өнөөдрийг хүрсэн.

Шүүх дээрх үйл баримтыг буруу тогтоож, хариуцагч нь 150,000,000 төгрөгийн зээл авч “Банк” ХХК-д тоног төхөөрөмжийн үнийг төлсөн мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

4.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-д “... талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ тус тус байгуулагдсан..." гэж дүгнэж, зээлийн гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжилж буй 150,000,000 төгрөгийг хүлээн авсан, тиймээс нэхэмжилж буй мөнгөн хөрөнгийг зээлийн гэрээний дагуу олгосон, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхгүй гэжээ.

Энэхүү дүгнэлт нь бодит үндэслэлгүй, талуудын гаргасан тайлбар, бусад баримтыг харгалзан үзээгүй, хэргийн бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоолгүйгээр шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

“Банк” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг үндэслээгүй, талуудын хооронд байгуулагдсан гэж шүүх дүгнэсэн зээлийн гэрээг ч мөн үндэслээгүй болно. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж үзсэн тул тус гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүү зэрэг зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардаагүй. Хариуцагчийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр анхан шатны шүүхэд бичгээр гаргасан тайлбар, 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл тухайн мөнгөн хөрөнгийг хариуцагч нь зээл бус, харин ажил гүйцэтгэх гэрээний хөлс байсан гэж тайлбарласан байх тул хариуцагч мөн ялгаагүй талуудын хооронд зээлийн харилцаа үүсээгүй гэж үзэж байгаа нь тодорхой байна.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хэлцэл нь оролцогч аль аль талуудын хүсэл зоригийн илэрхийлэл байх ёстой. Гэтэл тухайн тохиолдолд нэхэмжлэгч, хариуцагч аль аль нь зээлийн харилцаанд оролцох хүсэл зориг байгаагүй, байхгүй болохыг дээрх нөхцөл байдал харуулж байна. Тийм байтал анхан шатны шүүх зөвхөн хэрэгт авагдсан нэг нотлох баримтыг үндэслэн талуудын хооронд үүссэн харилцааг тогтоосон нь үндэслэлгүй, бодит байдалд нийцэхгүй байна.

4.3. Хариуцагч 150,000,000 төгрөгийг “Банк” ХХК-аас авсан, буцаан төлөөгүй болохоо хүлээн зөвшөөрсөн байтал шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй.

Хариуцагч нь 150,000,000 төгрөгийг “Банк” ХХК-аас авснаа, мөн тус мөнгийг буцааж төлөөгүйгээ хүлээн зөвшөөрдөг. 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагчийн Банкны 1105059276 тоот дансанд 150,000,000 төгрөг шилжин орсон байх ба зээлдэгч 6 удаагийн гүйлгээгээр нийт 140,000,000 төгрөг /2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 10,000,000 төгрөг, 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 50,000,000 төгрөг, 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 20,000,000 төгрөг, 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 20,000,000 төгрөг, 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 20,000,000 төгрөг, 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 20,000,000 төгрөг/-ийг бэлнээр гаргаж зарцуулсан баримт хэрэгт авагдсан байна. Хариуцагч тухайн мөнгөн хөрөнгийг “Д” ХК-ийн байранд байрлах мод боловсруулах үйлдвэрийг зөөж Улаанбаатар хотод авч ирэн, угсрахад зарцуулсан гэж тайлбарладаг боловч зарцуулалттай холбоотой ямар нэг баримт, акт ирүүлээгүй.

Мөн тус мөнгийг ажил гүйцэтгэх гэрээний хөлс гэж тайлбарладаг боловч ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж үзэж болохоор ямар нэг баримт шүүхэд ирүүлээгүй байна. Гэтэл шүүхээс энэ талаар ямар нэг дүгнэлт хийгээгүй.

Дээрх нөхцөл байдлуудаас хариуцагч Б- нь Банкнаас 150,000,000 төгрөгийг хүлээн авч, буцаан төлөөгүй, энэ нь зээлийн гэрээний харилцаа биш болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

5.1. Б- нь “Банк” ХХК-тай Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Дархан-Уул аймгийн мод боловсруулах үйлдвэрт “Банк” ХХК-ийн барьцаанд хураагдсан байсан хуучин, ажиллахаа больсон модны тоног төхөөрөмжүүдийг худалдаж авахаар тохиролцож, бизнес үйл ажиллагаа явуулахаар болсон. Тухайн саналыг анх “Банк” ХХК гаргасан. Тухайн худалдсан тоног төхөөрөмжүүдийг 300,000,000 орчим төгрөгөөр үнэлж, “Банк” ХХК өөрийнхөө барьцаанд авсан.

5.2. Тоног төхөөрөмжүүдийг нэг бүрчлэн салгаж, Улаанбаатар хот руу зөөж, угсарч, хэвийн ажиллагаанд оруулж, туршилтын ажиллагаанд оруулж, хэвийн үйл ажиллагаа явуулахад бэлэн болоход “Банк” ХХК гэрээнүүдээ цуцалж, тоног төхөөрөмжүүдээ бүгдийг нь эргүүлэн авсан. Тухайн үед “Банк” ХХК-ийн удирдлагууд “150,000,000 төгрөгийг тоног төхөөрөмжийг зөөж, тохируулж, туршиж, хэвийн үйл ажиллагаа явуулах хүртэлх хугацааны үйлчилгээ, тээвэр, тохируулгын зардалд суутгалаа” гэж хэлээд бүх тоног төхөөрөмжүүдээ авсан учраас бүх зүйл дууссан гэж ойлгосон. Гэтэл 2021 онд “зээлээ төл” гэж утасдсан бөгөөд Монгол банкны зээлийн мэдээллийн санд “Зээл төлөөгүй” гэсэн мэдээлэл оруулсан байсан.

5.3. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудал байхгүй. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсэж, 150,000,000 төгрөгийг зээлийн гэрээний үндсэн дээр авсан. Гэрээний эрх зүйн харилцааны ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа нь 3 жил байдаг. Хэрэв гэрээний үүргээ зөрчсөн, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн бол тоног төхөөрөмжүүдээ буцааж авахдаа шүүхэд нэхэмжлэл гаргаж 150,000,000 төгрөг шаардах боломжтой байсан. 2021 онд “Банк” ХХК-ийн гүйцэтгэх захирал солигдсоноор өмнөх нөхцөл байдал нь сөхөгдсөн. Шинэ гүйцэтгэх захирал нь өмнөх удирдлагуудын гаргасан шийдвэрийг мэдэхгүй байсан учраас ийм нөхцөл байдлыг үүсгэсэн гэж бодсон.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.  

 

2. Нэхэмжлэгч “Банк” ХХК нь хариуцагч Б-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 150,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Б- нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа талуудын хооронд  2012 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан, мод боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг худалдан авахаар зээлсэн 150,000,000 төгрөгийг мод боловсруулах үйлдвэрийг Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотод зөөж авчран угсрах, хэвийн үйл ажиллагаатай болгож тохируулахад зарцуулсан, гэрээний харилцаа дуусгавар болсон гэж маргажээ.

Энэ тохиолдолд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон хариуцагчийн тайлбарт дүгнэлт хийх учиртай. Иймд нэхэмжлэлд хамааралгүй асуудлаар дүгнэлт хийсэн нь буруу гэх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын энэ хэсэг үндэслэлгүй болжээ.   

 

3. “Банк” ХХК болон Б- нарын хооронд 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ”, 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр “зээлийн гэрээ” болон  “барьцааны гэрээ” тус тус байгуулагджээ. /хх 7-12, 40-43 дахь тал/

 

3.1. Талуудын хооронд байгуулагдсан “Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ”-ний зүйл нь Дархан-Уул аймаг, “Д” ХК-ийн байранд байрлах мод боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж байх бөгөөд гэрээнд гэрээний зүйлийг худалдан авагчид хаана хүлээлгэж өгөх талаар дурдаагүй байна.

Уг гэрээний 4.1.3, 4.2.3-т тус тус зааснаар тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн өдрөөр тасалбар болгон цаашид гарах зардлыг худалдан авагч хариуцахаар тохиролцсон байх тул гэрээний зүйлийг анх хүлээлгэж өгөх газраас шалтгаалж зардлыг хуваарилахаар байна.

 

3.2. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн, зээлдэгч энэ гэрээний дагуу төлбөр хийгээгүй, зээлдүүлэгч шаардаагүй байна.

 

3.3. Түүнчлэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан барьцааны зүйл нь дээр дурдсан худалдах, худалдан авах гэрээний зүйл байх бөгөөд үнийг төлж өмчлөгч болоогүй этгээдтэй барьцааны гэрээ байгуулж барьцаалуулагч өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг өөрөө барьцаалжээ.

 

4. Иймд хариуцагч тоног төхөөрөмжийг өөрийн зардлаар тээвэрлэх эсхүл бусдын үүргийг гүйцэтгэсэн эсэхийг тодруулах шаардлагатай.

Өөрөөр хэлбэл, зохигчид гэрээний үүрэгтэй эсэх, эсхүл хэн нь үндэслэлгүй хөрөнгөжсөн, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж буцаан шаардах шаардлагын хэмжээг тус тус тодруулах шаардлагатай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар талуудыг энэ талаар мэтгэлцүүлээгүй тул давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулах замаар шийдвэрийг зөвтгөх боломжгүй байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2022/03391 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ш.ОЮУНХАНД

                                           

         ШҮҮГЧИД                                 Э.ЭНЭБИШ

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА