| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 183/2023/05215/И |
| Дугаар | 183/ШШ2024/00673 |
| Огноо | 2024-02-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 183/ШШ2024/00673
| 2024 оны 02 сарын 07 өдөр | Дугаар 183/ШШ2024/00673 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ****ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л.Э-д холбогдох,
25,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсан.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З,
Хариуцагч Л.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувданчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ГҮй ХХК нь хариуцагч Л.Эад холбогдуулан 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Л.Э нь манай компанитай хамаарал бүхий *** ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд энэ хугацаандаа буюу 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр бэлнээр 25,000,000 төгрөг авсан боловч өнөөдрийг хүртэл буцаан төлөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу түүний үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 25,000,000 төгрөгийг Л.Эаас гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Л.Э нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие тухайн үед **** ХХК-ийн захирал байсан бөгөөд ****ХХК нь тус компанийн охин компани тул техник, аж ахуй, санхүүгийн удирдлагаар бүрэн хангаж ажиллаж байсан. Энэ үед 2 компанийн хооронд санхүү болон техник хүн хүчний шилжүүлэг байнга хийдэг байсан болно. Энэ гүйлгээ нь түүний нэг гэж үзэж байна. Хэрэв энэ нь зээл байсан бол яагаад зээлийн гэрээгүй байгаа нь нотлох баримтгүй гэсэн үг. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Э нь 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ****ХХК-аас бэлнээр 25,000,000 авсан боловч өнөөдрийг хүртэл буцааж төлөөгүй байдаг. Энэ талаар бид нар 2022 онд компанийн санхүүгийн тайланд шалгалт зэргийг хийсэн. ****ХХК-аас 25,000,000 төгрөг өгсөн боловч өгөөгүй байдаг. Мөн зээлсэн эсэх талаар яригдаагүй авчхаад буцааж өгөөгүй учраас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хууль болон гэрээнд заасан талуудын хооронд харилцаа үүсээгүй учраас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 25,000,000 төгрөгийг буцаан олгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. гэжээ.
Хариуцагч Л.Э шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие **** холдинг ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд *****, **** холдинг ХХК нар нь санхүү болон техник, хүн хүчний шилжилтийг хийдэг байсан. Энэ хүрээнд уг 25,000,000 төгрөгийн гүйлгээ хийгдэж шилжүүлсэн. Тус мөнгийг би хувьдаа аваагүй. **** холдинг ХХК авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Тус 25,000,000 төгрөгийг би компаниас авсан боловч өөртөө аваагүй. Компанийн үйл ажиллагаанд зориулж авсан. Мөн бэлэн мөнгөний баримтад хүлээн авсан гэдэгт би гарын үсэг зураагүй. Зөвшөөрсөн гэдэгт л гарын үсэг зурсан. Иймд 25,000,000 төгрөгийг хувиасаа төлөх үндэслэлгүй. гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ****ХХК-ийн дүрэм, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, бэлэн мөнгөний зарлагын баримт, авлагын дэлгэрэнгүй бүртгэл,
хариуцагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ****ХХК нь хариуцагч Л.Эад холбогдуулан 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
1.Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэсэн. Үүнд Л.Э нь манай компанитай хамаарал бүхий **** холдинг ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр бэлнээр 25,000,000 төгрөг авсан боловч өнөөдрийг хүртэл буцаан төлөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 25,000,000 төгрөгийг Л.Эаас гаргуулж өгнө үү. гэжээ.
3.Хариуцагч Л.Э нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байх ба татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Миний бие **** холдинг ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд ****ХХК, **** холдинг ХХК нар нь санхүү болон техник, хүн хүчний шилжилтийг хийдэг байсан. Энэ хүрээнд уг 25,000,000 төгрөгийн гүйлгээ хийгдэж шилжүүлсэн. Тус мөнгийг би хувьдаа аваагүй. **** холдинг ХХК авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. гэжээ.
4.Хэрэгт авагдсан баримтаар, Л.Э нь дээрх мөнгөн гүйлгээ гарах үед буюу 2017 онд **** холдинг ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ. Тус компанийн охин компани болох *** ХХК-ийн 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 319 дугаартай бэлэн мөнгөний баримтаар 25,000,000 төгрөгийг Л.Эад олгожээ.
5.Талууд *** ХХК-ийн бэлэн мөнгөний баримтаар 25,000,000 төгрөгийг Л.Эад олгосон, тус гүйлгээг зөвшөөрч Л.Э баримтад гарын үсэг зурсан талаар маргаагүй. Харин тус 25,000,000 төгрөгийг Л.Э хувьдаа аваагүй буюу компанийн үйл ажиллагааны зориулалтаар авсан гэж маргаж байна.
6.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй: 492.1.1.хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон; гэжээ.
*** ХХК нь Л.Эад 25,000,000 төгрөгийг олгохдоо ямар нэгэн гэрээ байгуулаагүй, гэрээний үндсэн дээр олгож байгаа талаар тохиролцоогүй байна. Энэ талаар талууд маргаагүй. Иймд талуудын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй гэж үзэв.
7.*** ХХК-иас Л.Эад 25,000,000 төгрөгийг олгосон болох *** ХХК-ийн 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 319 дугаартай бэлэн мөнгөний баримт, авлагын дэлгэрэнгүй бүртгэл, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.
8.Хариуцагч Л.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тус 25,000,000 төгрөгийг би компаниас авсан боловч өөртөө аваагүй. Компанийн үйл ажиллагаанд зориулж авсан. Мөн бэлэн мөнгөний баримтад хүлээн авсан гэдэгт би гарын үсэг зураагүй. Зөвшөөрсөн гэдэгт л гарын үсэг зурсан. Иймд 25,000,000 төгрөгийг хувиасаа төлөх үндэслэлгүй. гэж маргаж байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч Л.Э нь *** ХХК-иас 25,000,000 төгрөгийг компанийн зориулалтаар авсан, компанийн үйл ажиллагаанд зориулсан болох нь баримтаар тогтоогдоогүй.
Хэдийгээр *** ХХК-ийн 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 319 дугаартай баримтын авсан хүний гарын үсэг гэх хэсэгт хэн альны гарын үсэг зурагдаагүй боловч баримтын мөнгө олгохын зөвшөөрсөн хэсэгт Л.Э гарын үсгээ зурж баталгаажуулсан. Иймд Л.Э нь өөрт нь олгож буй 25,000,000 төгрөгийг зөвшөөрч баримтад гарын үсэг зурсан нь тус мөнгийг өөрөө хүлээн авах үр дагавартай болох нь илэрхий юм. Иймд хүлээн авсан хэсэгт Л.Эын гарын үсэг зурагдаагүй гэх тайлбар үндэслэлгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр Л.Э нь *** ХХК-иас 25,000,000 төгрөгийг авсан, тус мөнгийг буцаан төлөөгүй, талуудын хооронд үүрэг үүсээгүй байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Л.Эыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж, 25,000,000 төгрөгийг хариуцагч Л.Эаас гаргуулж, нэхэмжлэгч *** ХХК-д олгох үндэслэлтэй байна.
9.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Л.Эаас 25,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ****ХХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Эаас 282,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА