Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2021/ДШМ/56

 

З.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор Д.Ган-Эрдэнэ /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Оюунчимэг /цахимаар/,

Хохирогчийн өмгөөлөгч Н.Энхтөр /цахимаар/,

Нарийн бичгийн дарга О.Очмаа нарыг оролцуулан,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/110 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч З.А-д холбогдох 2029000000107 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.  

Монгол Улсын иргэн, эмэгтэй,

Шүүгдэгч З.А нь 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Х сумын хатуу хучилттай засмал замын 227 дахь км-т С.М-тэй үл ялих шалтгааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Амармөрөн нь шүүгдэгч З.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум шүүх:  Шүүгдэгч З.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.А-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.А-д оногдуулсан 800000 төгрөгөөр торгох ял шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгөд учирсан хохирол буюу гар утасны төлбөрт 750000 төгрөгийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бензины зардалд 625745 төгрөг, нийт 1375745 төгрөгийг шүүгдэгч З.А-гаас тус тус гаргуулж хохирогч С.М-т олгохоор, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн хөлс 800000 төгрөг, хоолын мөнгө 40000 төгрөг, нийт 840000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.М нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох З.А-гаас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч З.А нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч С.М-ийн эзэмшлийн “iphone” загварын 1 ширхэг утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч С.М-т буцаан олгохоор, 1 ширхэг флаш дискийг хэрэгт нь хавсарган үлдээж, шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч З.А нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: ...миний биеийг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй үндэслэлээр шүүх 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулаагүй намайг гэм буруутайд тооцсоныг би одоо ч хүлээн зөвшөөрөхгүй байна.

С.М-ийн биед надаас болж гэмтэл учирсан гэж үзэж байгаа нь учир дутагдалтай. Хэрэгт авагдсан нотлох баримтаар ч тогтоогдоогүй мөн хохирол болох 800000 төгрөгийг ч хүлээн зөвшөөрөхгүй байна.

Тухайн үед Мөнхцэцэгийн утсанд гэмтэл учирсан гэх ямар ч нотлох баримт байхгүй 750000 төгрөг нь шинэ утасны мөнгө үү, утас засварлах төлбөр үү гэдэг нь ч маргаантай.

Хэргийг бүх талаас нь үнэн зөв шүүгээгүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 6.1-д заасан хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамрагдаж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн бол ял оногдуулж болохгүй зохицуулалт байгаа.

 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол тоолно гэж заасан.

Тухайн хуульд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт өөрчлөлт орж гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хэрэг болсон өдрөөс яллагдагчаар татах хүртэл тоолно гэж өөрчлөлт оруулсан боловч Монгол улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчиж байна гэж үзэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг батлагдсан өдрөөс хүчингүй болгож шийдвэрлэсэн тул миний үйлдсэн гэх хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хохирлын асуудал мөн хэрэгсэхгүй болох үндэслэлтэй.

Иймд миний үйлдсэн гэх хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэх буюу хэрвээ шүүх намайг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзвэл “хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж үзэж эрүүгийн хариуцлага, хохирлын асуудлаас чөлөөлж өгнө үү гэжээ.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Энхтөр нь давж заалдах шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шүүгдэгч З.А нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдол нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хүлээн авах боломжгүй байна.

Шүүгдэгч З.А нь 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хохирогч С.Мийн биед халдаж хөнгөн гэмтэл, мөн хохирогчийн гар утсанд хохирол учруулсан үйлдэлдээ гэм буруутай болох нь хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, мөн шүүгдэгчийн өөрийнх нь гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг, тайлбар, хөрөнгийн үнэлгээний тайлан шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бусад нотлох баримтууд зэргээр хангалттай нотлогдож байгаа ба энэ талаар анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн.

Шүүгдэгч З.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй, ухаарч ойлгож гэмшиж байгаа байдал байдаггүй. Харин ч өөрийгөө хохирогч болсон мэтээр, гэмтэл учруулсан нь зөв мэтээр тайлбар мэдүүлэг өгдөг.

Хохирол төлбөрийг барагдуулаагүй, барагдуулах нь байтугай төлөхгүй гэдгээ шууд илэрхийлдэг тул Өршөөлийн тухай хуульд хамрагдах боломжгүй юм.

Мөн Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж заасан. Мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1-д ямар хугацаа өнгөрвөл яллагдагчаар татаж болохгүй талаар заасан.

Прокурорын газраас 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр буюу З.Агийн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 27 дахь хоногийн дотор, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан 1 жилийн хугацааны дотор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байдаг тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлгүй.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр тогтоолыг үндэслэж хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн тайлбар нь үндэслэлгүй.

Хөөн хэлэлцэх хугацааг тоолох талаар 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр оруулсан хуулийн өөрчлөлт хүчинтэй хэвээр байгаа тул хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор заасан өмнөх зохицуулалтыг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй.

Тиймээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгуулж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх, хохирол төлбөрийг хэрэгсэхгүй болгуулахаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн хүсэлт, гомдол нь хууль зүйн үндэслэлгүй тул хүлээн авах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Прокурор Д.Ган-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцсэн тул хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгоно” гэжээ

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Оюунчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “ шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй. З.А-гийн үйлдлийг нотолж чадаагүй тул гомдлыг хангаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч З.А-гийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр бичсэн давж заалдах гомдлуудыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч З.А нь 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Х сумын хатуу хучилттай засмал замын 227 дахь км-т С.М-тэй үл ялиг шалтгааны улмаас маргалдан зодож хохирогчийн эрүүл мэндэд “тархины доргилт, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шуу, өвдөгний зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч С.М /1хх-17-19/, гэрч Д.Ганбаатар / 1хх-23-24/, Б.М /1хх-27-28/, А.А /1хх-29-30/, О.М /1хх-31-32/ нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 436 дугаартай шинжээчийн дүгнэлт / 1 хх-34-35/, шинжээч эмч С.Шүрцэцэгийн /1хх-74, 113/ мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гар утсанд үзлэг хийж бичигдсэн бичлэг, гэрэл зургууд зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна” гэж  анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдаанд мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан хуульд заасан үндэслэл, журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлтийг хийсэн байна.

Шүүгдэгч З.А-гийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхийн “Тухайн гэмт хэрэг нь 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гарсан ба үүнээс хойш 27 хоногийн дараа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар З.А-г татаж прокуророос 2029000000107 дугаартай тогтоолыг үйлдсэнээс дүгнэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэж үзлээ.” гэсэн дүгнэлт нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон, шүүгдэгч З.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар  нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч З.А-гийн үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүний “хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж эрүүгийн хариуцлага, хохирлын асуудлаас чөлөөлөх тухай” давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж зааснаас үзэхэд ялтан торгох ялыг хуульд зааснаар 90 хоногийн дотор биелүүлэх, 90 хоногоос дээш хугацаа заавал хэсэгчлэн төлөхөөр тогтоож болохоор заасан гэж ойлгогдохоор байхад анхан шатны шүүх     “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.А-д оногдуулсан 800000 төгрөгөөр торгох ял шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож” гэж шийдвэрлэж байгаад анхаарах нь зүйтэй гэж үзэв.

Иймд шүүгдэгч З.А-гийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж эрүүгийн хариуцлага, хохирлын асуудлаас чөлөөлөх тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З.А-гийн “хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж эрүүгийн хариуцлага, хохирлын асуудлаас чөлөөлөх тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/110 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

  

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.НАСАНЖАРГАЛ

                           ШҮҮГЧИД                              Х.ГЭРЭЛМАА

                                                                                 Ш.ТӨМӨРБААТАР