Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2024/00304

 

2024 оны 01 сарын 16 өдөр Дугаар 183/ШШ2024/00304 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ..... дүүргийн ...-р хороо, ...-р хороолол, ......-р байр, ... тоотод оршин суух Д. Э /РД:....../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... дүүргийн ..-р хороо, Э...., өөрийн байранд байрлах ...... ХК /РД:....../-д холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлж, гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, Б.Б, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Г.А нар оролцов.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн .... дугаартай захирамжаар Д.Э, А ХХК, С ХХК нараас 294,512,323.87 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 885,456 төгрөгийг олгохоор, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийн ........ дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд төлсөн төлбөр 700,000 төгрөгийн хамт нийт 296,097,779.87 төгрөгийг Х ХХК-д 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төлж барагдуулсан ба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байдаг. Гэтэл Х ХХК нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.Э ....... дугаартай Х дүүргийн ....-р хороо, Р, .....р байр, ... тоот 30,19мкв үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон барьцаанаас чөлөөлөх тухай албан бичгийг гаргаж өгөхгүй өнөөдрийг хүрээд байна. Тус эд хөрөнгө нь өөр ямар нэг зээлд барьцаалагдаагүй байхад Х банкнаас авсан бусад зээлийг төлж барагдуулах хүртэл хугацаанд чөлөөлж өгөхгүй тухай уулзах үед бидэнд амаар мэдэгдсэн. Гэтэл Х ХХК-ийн энэ үйлдэл нь үндэслэлгүй, хуульд нийцэхгүй, нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөж байх тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Д.Э-н өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ....... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг Х ХХК-ийн барьцаанаас чөлөөлүүлж, гэрчилгээг Д.Э-д олгохыг даалгаж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд Д.Э-ийн нэхэмжлэлтэй, Х ХК-д холбогдох Д. Э-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ..... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлж, гэрчилгээг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа билээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт "хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүний нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй" гэж заасны дагуу Х банк нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өнөөдөр аман байдлаар барьцаагаа чөлөөлүүлэхээр ярилцсан гээд байгаа нь нотлогдохгүй, өөр зээлд барьцаатай байгаа эсэх нь тодорхойгүй тухайн үед энэ зээлийг хариуцаж байсан манай ажилтныг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх хүлээж аваагүй шүү дээ гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хуулийн мэргэжилтэн бөгөөд чөлөөлүүлэх гээд байгаа үл хөдлөх хөрөнгийг өөр зээлд барьцаанд байгаа эсэхийг шалгах эрх надад байхгүй, хувь хүний нууц учраас би мэдэхгүй тул барьцаанаас чөлөөлөхийг нь зөвшөөрч мэдэхгүй гэв.

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн итгэмжлэл, төлөөлөгч төлөөлүүлэгч нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн ..... дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, Х ХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 5/9344 дугаар хүсэлт гаргах тухай албан бичгийн хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ........ дугаар шүүхийн гүйцэтгэх хуудасны хуулбар, Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ......... дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийн хуулбар, Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн ........ дугаар Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн хуулбар, С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ....... дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжийн хуулбар зэргийг тус тус гаргаж өгсөн.

Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 5/12588 дугаар итгэмжлэл, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 3/930 дугаар итгэмжлэлийн хуулбар, хариу тайлбар зэргийг тус тус гаргаж өгсөн.                                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн ......... дугаар Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар Д.Э, А ХХК, С ХХК нараас 294,512,323.87 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 885,456 төгрөгийг олгохоор, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийн ......., ....... дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд төлсөн төлбөр 700,000 төгрөгийн хамт нийт 296,097,779.87 төгрөгийг Х ХХК-д 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төлж барагдуулсан ба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байдаг. Гэтэл банк нэг байрыг барьцаанаас чөлөөлөхгүй, гэрчилгээг ч өгөхгүй байгаа тул эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан гэдэг.

3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд: Өнөөдөр аман байдлаар барьцаагаа чөлөөлүүлэхээр манай ажилтантай ярилцсан гээд байгаа нь нотлогдохгүй, өөр зээлд барьцаатай байгаа эсэх нь тодорхойгүй тухайн үед энэ зээлийг хариуцаж байсан манай ажилтныг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх хүлээж аваагүй, нууц материал учраас би танилцах эрхгүй байдаг гэв.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн ..... дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, Х ХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 5/9344 дугаар хүсэлт гаргах тухай албан бичгийн хуулбар, Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ......... дугаар шүүхийн гүйцэтгэх хуудасны хуулбар, Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ......... дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийн хуулбар, Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн ......... дугаар Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн хуулбар зэрэг баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн ...... дугаар Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар Э, А ХХК, С ХХК нараас 294,512,323.87 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 885,456 төгрөгийг олгохоор, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийн Ү-..........., Ү-........... дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Улмаар тус шийдвэрийг үндэслэн Х дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ....... дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, ...... дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэнээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн байна. 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 23-10/828 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолоор төлбөр төлөгч Д.Э, А ХХК, С ХХК нарт холбогдох 22291048 дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ. Тогтоолын хууль зүйн үндэслэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 т төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн гэж заажээ. Төлбөр авагч барьцаанд бүртгэлтэй С дүүргийн ........ дүгээр хороо ...... гудамж ...... дугаар байрны 182 м кв талбай бүхий Ү-...... дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг сэргээсэн атлаа, үлдэх Х дүүргийн ....... хороо Р. байр ..... тоотод байрлах Ү-....... дугаарт бүртгэгдсэн орон сууцны барьцааг чөлөөлөхөөс татгалзсан нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч тус маргаж буй барьцааг чөлөөлсөн эсэхийг мэдэхгүй, өөр зээлийн барьцаанд бүртгэлтэй эсэхийг мэдэхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь үндэслэлгүй. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба Х банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь өөрийн байгууллагаас гаргаж өгөх ёстой баримтуудыг гаргаж өгөөгүй атлаа барьцааг чөлөөлсөн эсэхийг мэдэхгүй, өөр зээлийн гэрээнд маргаж буй үл хөдлөх хөрөнгө барьцаалагдсан байгаа эсэхийг мэдэхгүй гэх тайлбар гаргаж байгаа нь зохимжгүй юм. Харин ч хэрэгт авагдсан Х ХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 5/9344 дугаар хүсэлт гаргах тухай бичигт ... Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нар нь 2023.09.19 ний өдөр үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул ...ажиллагааг дуусгавар болгож өгнө үү гэснээр төлбөр төлөгч нар буюу нэхэмжлэгч төлбөрийг бүрэн төлсөн нь нотлогдож байна.

 Иймд барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсноор барьцааны эрх дуусгавар болох тул нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.  Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-т ...барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон бол барьцааны эрх дуусгавар болно гэж заасны дагуу Х ХК-д үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгах, гэрчилгээ гаргуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 140400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан   Х дүүргийн ..... хороо Р байр .... тоотод байрлах Ү-....... дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг Х.ХК /РД:...../-д даалгаж, тус орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээг Худалдаа хөгжлийн банк ХК/РД:......./-аас гаргуулж нэхэмжлэгч Д-ын Э /РД:....../-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 140400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  О.ЧУЛУУНЧИМЭГ