Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2024/00465

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 03 06 210/МА2024/00465

 

 

Д.Эгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2024/00304 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Д.Э

Хариуцагч: АХК

Нэхэмжлэлийн шаардлага: үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлж, гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О , Б.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Д.Э, Х ХХК, С ХХК нараас 294,512,323 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 885,456 төгрөгийг гаргуулан АХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн.

1.2 Дээрх захирамжийн дагуу 296,097,779 төгрөгийг АХХК-д 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төлж барагдуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Гэтэл АХХК нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.Эгийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, , 4 дүгээр байр, 00 тоот хаягт байршилтай, 30,19 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон барьцаанаас чөлөөлөх тухай албан бичгийг гаргаж өгөөгүй.

Иймд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг АХХК-ийн барьцаанаас чөлөөлж, гэрчилгээг олгохыг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Аман байдлаар барьцаагаа чөлөөлүүлэхээр ярилцсан гэдэг нь нотлогдохгүй, өөр зээлд барьцаатай байгаа эсэх нь тодорхойгүй. Тухайн үед зээлийг хариуцаж байсан манай ажилтныг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх хүлээж аваагүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Монгол улсын Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 1 хороо 4 дүгээр байр 00 тоотод байрлах Ү-00000000 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг АХК-д даалгаж, тус орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээг АХК-иас гаргуулж нэхэмжлэгч Д.Эд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

4.1 АХК-ийн зүгээс анхан шатны шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас барьцаанд байгаа эсэх нотлох баримт бүрдүүлэхээр хүсэлт гаргасан боловч шүүхээс тухайн хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй. Уг нотлох баримт нь хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт тул барьцааны бүртгэлийг эд хөрөнгийн улсын бүртгэлийн байгууллагаас гаргуулах шаардлагатай гэж үзсэн. Нэхэмжлэгчийн зүгээс маргаж буй тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь үнэхээр Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн зээлийн барьцаанд байгаа эсэх, зээлийн барьцаанд бүртгэгдсэн эсэхийг тухайн бүртгэлийг хийж гүйцэтгэдэг төрийн эрх бүхий байгууллагаас албан ёсоор тодруулалгүйгээр дээрх маргааныг шүүхээс хянан шийдвэрлэх хууль эрх зүйн боломжгүй.

4.2 Нэхэмжлэгч нь тухайн үед буюу 2023 оны 09 дүгээр сард М.Ж гэх ажилтантай ярилцаж төлбөр төлсөн гэдэг ба М.Ж нь зээлийн төлбөртэй холбоотой үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, холбогдох бичиг баримтуудыг гаргаж өгсөн. Иймд М.Жыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2 дахь хэсэгт зааснаар гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг шийдвэрлээгүй. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хангаагүй буюу хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 Анхан шатны шүүхээс хариуцагчийн гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ. АХК нь анх Д.Эгийн эд хөрөнгийг барьцаалсан бөгөөд барьцаанаас чөлөөлж өгөөгүй гэх баримтыг хариуцагчийн зүгээс гаргаж өгөх боломжтой. Гэвч хариуцагчийн зүгээс тухайн нотлох баримтыг заавал Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулах хүсэлт гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс эд хөрөнгөө хүлээн авч, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлж чадахгүй удаж байгааг мэдсээр байж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах зорилгоор хүсэлт гаргасан. Анхан шатны шүүхээс хариуцагчийн гаргасан хүсэлтийг хангахгүй орхиж, хэргийг шийдвэрлэсэн нь зөв. Учир нь АХК нь тухайн нотлох баримтыг өөрсдөө гаргаж өгөх боломжтой.

5.2 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цгийн гаргасан мэдүүлэгт банкны барьцаанд байгаа эсэхийг хариуцагчийн зүгээс мэдэж байгаа гэх тайлбар тусгагдсан. Анхан шатны шүүх хуралдааны явцад барьцаа хөрөнгийг барьж үлдсэн нь ямар нэгэн шалтгаантай гэж хариуцагчийн зүгээс тайлбарласан. Тухайн барьцаа хөрөнгүүд АХК-ийн барьцаанд байгаа нь тодорхой байна.

5.3 н.Жыг гэрчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлт гаргасан. Гэвч н.Ж нь АХК-ийн ажилтан байсан. Тухайн үед Д.Эгийн 2 үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан боловч 1 үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлтийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Отгоо өөрөө надад гаргаж өгсөн. Ямар шалтгаанаар уг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өгөхгүй байгааг тодруулахад байгууллагын удирдлагуудаас өгөхгүй гэж тушаасан гэх тайлбарыг хэлсэн. АХК-ийн н.Энхбат даргатай уулзахад Д.Эгийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүд байсан талаар мэдэж байдаг. 2023 оны 09 дүгээр сард н.Жаас нэхэмжлэгч өөрийн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой бүх баримтуудыг хүлээн авсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч АХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлж, гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2022/02542 дугаар захирамжаар Д.Э, Х, С ХХК нь 294,512,323 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хуваарийн дагуу АХХК-д төлж барагдуулахаар, гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, хүрэлцэхгүй тохиолдолд баталгаа гаргагч С БСБ, Х БСБ-аар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШЗ2022/18103 дугаар захирамжаар дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 183/ГХ2022/01707 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн. /хх 12-15/

3.1 Шүүхийн шийдвэрт заасан төлбөр авагч АХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 5/9344 дугаар албан бичгээр ...Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нар нь 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож өгнө үү гэх хүсэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргажээ. /хх 7/

3.2 Улмаар дээрх хүсэлтийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолоор төлбөр төлөгч Д.Э, Х, ХХК нарт холбогдох 22291048 бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцсон. Мөн газрын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 02-180/17804 дугаар албан бичгээр Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст бүртгэлийн 22291048 дугаартай төлбөр төлөгч Д.Эд холбогдох гүйцэтгэх баримт бичиг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тул Д.Эгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000 дугаартай үл хөдлөх хөрөнгийн 2022 оны 4-180/24912 дугаар албан бичгээр түдгэлзүүлсэн захиран зарцуулах эрхийг сэргээхийг мэдэгдсэн байна. /хх 6, 8/

4. Анхан шатны шүүх дээрх үйл баримтаар барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсноор барьцааны эрх дуусгавар болсон гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-т заасанд нийцсэн байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь төлбөр төлөгч нарыг шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлж барагдуулсан үндэслэлээр барьцааны эрхийг дуусгавар болгох талаар эрх бүхий байгууллагад мэдэгдэж, хүсэл зоригоо илэрхийлсэн байна. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв.

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Улсын бүртгэлийн Ерөнхий газраас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө хариуцагч болох АХК-ийн барьцаанд байгаа эсэх нотлох баримтыг гаргуулах хүсэлт гаргасан. Шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШЗ2024/00940 дугаар захирамжаар хүсэлтийг ...өөрсдийн гаргаж өгөх боломжтой нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж үзэн хангахаас татгалзаж шийдвэрлэсэн, /хх 30, 34/ гэрчээр М.Жыг асуулгах хүсэлтийг шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШЗ2024/01604 дугаар захирамжаар ...хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзэн хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг зөрчөөгүй байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын ...үл хөдлөх хөрөнгийг Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн зээлийн барьцаанд байгаа эсэх, зээлийн барьцаанд бүртгэгдсэн эсэхийг тодруулаагүй, нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаагүй, гэрч асуулгах хүсэлтийг шийдвэрлээгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Харин нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт заасан зохицуулалтад хамаарч байхад анхан шатны шүүх шаардах эрхийн үндэслэл болсон мөн зүйлийн 160.1.1-т заасныг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байхаас гадна Иргэний хуулийн нэрийг буруу бичсэн байгааг тус тус зөвтгөсөн өөрчлөлт оруулна.

7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

8. Хариуцагч тал нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг дутуу төлсөн байх тул нөхөн гаргуулж улсын орлогод оруулна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2024/00304 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын Монгол улсын гэснийг хасч, 160.1.1 дэх гэснийг 160.3 дахь гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 70,200 төгрөгийг АХК-аас нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

М.БАЯСГАЛАН