Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2024/00147

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 08 өдөр Дугаар 183/ШШ2024/00147 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймаг,  М******* ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,  Э ХХК -д холбогдох

 

Гүйцэтгэсэн ажлын хөлс 45,450,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй, гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 25,000,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Х******* /цахимаар/,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н******* /цахимаар/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М******* ХХК нь хариуцагч Эс Жи групп ХХК-д холбогдуулан гүйцэтгэсэн ажлын хөлс 45,450,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

М******* ХХК нь 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Эс жи групп ХХК-ийн захирал Б.Содномпилтэй ажил гүйцэтгэх 5 дугаартай гэрээгээр Цэнгэл сумын 7 дугаар багийн Цэнгэл гэдэг газарт алтны уурхайн үйлдвэрлэлийн хэрэгцээний усны хайгуул судалгаа хийх. Үүнд ВЭЗ-ийн аргаар цахилгаан хайгуул хийж 3-4 цэгт устай цэг заах, цахилгаан хайгуулын үр дүнг үндэслэн хайгуулын өрөмдлөг хийж устай тохиолдолд усны ундаргыг тодорхойлон ашиглалтын цооног өрөмдөх зураг төслийг захиалагч, гүйцэтгэгч тохиролцсон гэрээний дагуу цахилгаан хайгуулын ВЭЗ-ийн аргаар МАК ХХК-ийн цахилгаан хайгуулын отрядын инженер техникийн ажилчид хайгуул хийхэд 6 цэгт ус гарах цэг заасны дагуу тус цэгүүдийн 4 цэгт хайгуулын өрөмдлөгийн цахилгаан хайгуулаар заасан хэмжээнд өрөмдөхөд маш бага устай гарсан тул үлдсэн 2 цэгт захиалагчтай тохиролцож хайгуулын ажлыг зогсоох болсон юм. Хайгуул хийсэн цэгүүдэд захиалагчийн төлөөлөл хяналтын инженер Г.Н******* байнга газар дээр хяналт тавьж хайгуул хийсэн цооног болгонд хайгуулын цооног хүлээлцсэн акт үйлдэж хүлээн авсан болно. Хайгуулын өрөмдлөгийн ажлын хөлсийг 1 у/метр-т 170,000 төгрөгөөр тооцож нийт өрөмдлөгийн гүнээр гэрээний дүнг тооцохоор гэрээ байгуулсан тул нийт 4 цооногийг бүгд 385 у/метр өрөмдсөн хөлс 65,450,000 төгрөг гарсан үүнээс захиалагч тухайн үед санхүүгийн боломж бага байгаа тул урьдчилгаа төлбөр 20,000,000 төгрөгийг өгч үлдэгдлийг 2020 оны 11 сард багтаан өгөхөөр тохиролцсон боловч үлдэгдэл болох 45,450,000 төгрөгийг олгохгүй өдий хүрлээ. Иймд гэрээний дагуу Э ХХК-иас 45,450,000 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулан өгнө үү гэсэн.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Манай компани нь Баян-Өлгий аймгийн  алтны уурхайн олборлолт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус үйл ажиллагааныхаа хүрээнд нэн шаардлагатай хэрэгцээний усны хайгуул, судалгаа хийлгүүлж, тогтоогдсон цэгт хайгуулын үр дүнг үндэслэн өрөмдлөг хийлгүүлж ус гаргуулан авах ажлыг хийх болсон. Уг ажлыг бүрэн хийж гүйцэтгүүлэхээр манай компани М******* ХХК-тай 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 5 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулан хамтран ажилласан. Гэтэл М******* ХХК нь гэрээний дагуу усны хайгуул судалгаа хийгээгүй, судалгаа шинжилгээний үндэслэлтэй өрөмдлөгийн ажил хийж гүйцэтгээгүй бөгөөд манай компанид өнөөдрийг хүртэл үйлдвэрлэлийн зориулалттай цооног гаргаж хүлээлгэн өгөөгүй байгааг гэрээнд заасан дараах үндэслэлээр тайлбарлаж байна. Тус гэрээний 1.1-т гүйцэтгэгч М******* ХХК нь захиалагч Э ХХК-ийн даалгаврын дагуу Баян-Өлгий аймгийн газарт алтны уурхайн үйлдвэрлэлийн хэрэгцээний усны хайгуул судалгаа хийх. Үүнд: ВЭЗ-ийн аргаар цахилгаан хайгуул хийж 3-4 цэгт устай цэг заах, цахилгаан хайгуулын үр дүнг үндэслэн хайгуулын өрөмдлөг хийж, устай тохиолдолд усны ундаргыг тодорхойлон ашиглалтын цооног өрөмдөх зураг төсвийг захиалагч, гүйцэтгэгч тохиролцож хийнэ. Гэрээний тус заалтаас үзэхэд гүйцэтгэгч М******* ХХК нь уурхайн үйлдвэрийн хэрэгцээний усны хайгуул, судалгаа хийж, тогтоосон судалгаа шинжилгээндээ үндэслэн газрын гүний өрөмдлөгийн ажлыг бүрэн гүйцэд хийх, өрөмдлөгийн ажлын гүйцэтгэлийг бүрэн хийж дуусгасны үндсэн дээр ус гаргах, гаргасан усны цооногийг захиалагч талд хүлээлгэн өгөх үүрэгтэй. Гэтэл өнөөдрийг хүртэл гүйцэтгэгч тал манай компанид ямар нэг усны ашиглалтын цооног, төсвийг хүлээлгэн өгөөгүй байгаа нь гэрээний үүрэг биелэгдээгүй болно. Учир нь нэхэмжлэгч компани нь хэдий хэр гүнд /хэдэн метр/ уст цэг байгааг тогтоосон хайгуул шинжилгээ судалгааг үндэслэн тус хайгуулын дагуу хэдэн метр гүнд өрөмдлөгийн ажил гүйцэтгэх үүрэгтэй байснаас хэдэн метр гүнд өрөмдсөн нь тодорхойгүй байна. Мөн нэхэмжлэгч талын шүүхэд өгсөн 01, 02, 03, 04, 05, 06 баримт нь хаанаас баталж гаргасан, хэрэгт ямар ач холбогдолтой баримт байгаа нь ойлгомжгүй байна. Гэрээний 3.5-т ВЭЗ-ийн аргаар цахилгаан хайгуул хийж уст цэг тогтоогдсон гүн хүртэл өрөмдөж чадаагүй тохиолдолд гэрээнд заагдсан төлбөр олгогдохгүй гэсэн байна. М******* ХХК нь ВЭЗ-ийн аргаар цахилгаан хайгуулаар 4 удаа цооног дутуу ухаж орхисон, уст цэг тогтоогдсон гүн хүртэл өрөмдөж чадаагүй, хайгуулын үндэслэлгүй, дутуу ажлыг удаа дараа хийснээс болж уст цэгээ гаргаагүй, захиалагчид хүлээлгэн өгсөн ажлын үр дүн байхгүй байгаа нь гэрээний дээрх заалт биелэгдсэн гэж үзэхэд хүргэж байна. Мөн гүйцэтгэгч М******* ХХК-ийн уурхайн үйлдвэрлэлийн хэрэгцээний ус гарган, цооног хүлээлгэн өгөөгүй, үр дүнгүй ажилтай холбоотойгоор манай компанийн хэвийн ажиллах цаг хугацаа алдан, өнөөдрийг хүртэл уурхайн олборлолтын үйл ажиллагаа доголдож зогсонги байдалд орж банк санхүүгийн байгууллагаас авсан өр, зээл, хүү төлбөртэй холбоотой ихээхэн хэмжээний алдагдал хүлээгээд байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэсэн.

 

Хариуцагч Э ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Содномпил шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

Тус компани нь Баян-Өлгий аймгийн  ашигт малтмалын ашиглалтын МҮ-021083 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшдэг бөгөөд уг тусгай зөвшөөрлийн талбайд баяжуулах үйлдвэрийг барьж байгуулаад байгаа болно. Бид өөрийн баяжуулах үйлдвэрийн хэрэгцээнд шаардлагатай усны хайгуулыг хийлгэж, гүний усны эх үүсвэрийг олж тогтоож, үйлдвэрийн зориулалттай худаг гаргах зорилгоор Усны хайгуул судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага болох М******* ХХК-иар ажил гүйцэтгүүлэхээр сонгон авсан. Ингээд 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр М******* ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан усны хайгуул өрөмдлөгийн ажил гүйцэтгүүлэхээр болсон. Гэрээний дагуу манай компаниас урьдчилгаа төлбөр 25,000,000 төгрөгийг М******* ХХК нь Баян-Өлгий аймгийн  алтны уурхайн үйлдвэрлэлийн хэрэгцээний усны хайгуул судалгаа хийх, Үүнд: ВЭЗ-ийн аргаар цахилгаан хайгуул хийж, 3-4 цэгт устай цэг заах, цахилгаан хайгуулын үр дүнг үндэслэн өрөмдлөг хийж, усны ундаргыг тодорхойлон ашиглалтын цооног гаргах ажлыг хийж гүйцэтгэх ёстой байсан. Гэтэл М******* ХХК нь гэрээний дагуу усны хайгуул судалгаа хийгээгүй, судалгаа шинжилгээний үндэслэлтэй өрөмдлөгийн ажил хийж гүйцэтгээгүй бөгөөд манай компанид өнөөдрийг хүртэл усны хайгуулын судалгааны үр дүнгийн тайлан болон үйлдвэрлэлийн зориулалттай худаг гаргаж, гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй байна. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг ба гүйцэтгэгч М******* ХХК нь усны хайгуулын ажлыг МАК ХХК-иар гүйцэтгүүлж, дүгнэлт гаргуулан устай цэгийг тогтоосны үндсэн дээр өрөмдлөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн гэж тайлбарлаж байгаа ч ийм дүгнэлт гаргуулаагүй, устай цэгийг тогтоолгүйгээр өрөмдлөгийн ажил хийсний улмаас өрөмдсөн цооногоос нь ус гараагүй, үйлдвэрлэлийн зориулалттай худаг гаргаж манай компанид хүлээлгэн өгөөгүй. Ийнхүү М******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй манай компанийг хохироож байна. Иймд талуудын хооронд 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ урьдчилгаа төлбөрт Э ХХК-иас М******* ХХК-д төлсөн 25,000,000 төгрөгийг манай компанид буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

М******* ХХК-ийн захирал Х.Х******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Э ХХК болон М******* ХХК-ийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 1.1 дэх хэсэгт заасан ёсоор ВЭЗ-ийн аргаар цахилгаан хайгуул хийж, устай цэг заах, хайгуулын үр дүнг үндэслэн өрөмдлөг хийх, устай цэг илэрсэн үед усны ундаргыг тодорхойлох ёстой байлаа. М******* ХХК-ийн хувьд тус компанийн эзэмшил бүхий ашиглалтын талбайн хэмжээнд багтаан, тэдний өөрсдийн зааж өгсөн газарт усны хайгуул хийж, зохих ус гарах хэмжээнд мэргэжлийн төвшинд өрөмдлөг хийсэн болно. Бидний өрөмдсөн цооногоос тухайн компаний үйлдвэрийн үйл ажиллагааг хангах, ундарга тодорхойлох хангалттай хэмжээний ус гараагүй болно. Мөн гэрээнд үйлдвэрийн зориулалттай худаг гаргаж өгөх талаар тохиролцоогүй ба ус хангалтгүй газарт гүний худаг гаргана гэсэн ойлголт байхгүй. Харин гэрээний 4.4-д захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авснаас хойш аливаа эрсдэлийг дангаараа хариуцах үүрэгтэй байхаар заагдсан байгаа. Ажлын хөлсний талаар ч гэрээний 3 дах хэсэгт тодорхой түвшинд хэлэлцэн тохирч уг хэсгийн 3.6-д өрөмдсөний дараа ус гараагүй тохиолдолд төлбөр барагдуулахаар болсон. Хариуцагч урьдчилгаа төлбөрт 10,000,000 төгрөг, ажлыг дуусгасны дараа хүлээн зөвшөөрч 10,000,000 төгрөг шилжүүлсэн ба 5,000,000 төгрөг илүү нэхэмжилж байгаа нь далдуур ямар нэгэн бодлоготой байгаа нь тодорхой. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн.

 

Нэхэмжлэгчээс 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн №6 тоот, 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн №1 тоот, 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн №4 тоот, 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн №5 тоот Хайгуулын цооног хүлээлцэх актууд, Rho-70,7 ом, Rho-42,7 ом, Rho-86,6 ом, Rho-406,0 ом, Rho-456,9 ом, Rho-427,6 ом гэх хэмжил зүйн үзүүлэлтүүд, М******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгавар үүсгэсэн баримт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШЗ2021/01498 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШЗ2021/01498 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, М******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн М******* ХХК-иас Ш.Дад олгосон итгэмжлэл, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн М******* ХХК-ийн №48 тоот нэхэмжлэлийн хуулбар, 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн М******* ХХК-ийн №196 тоот албан бичгийн хуулбар, гэрэл зураг, 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн М******* ХХК-иас Б.Мд олгосон итгэмжлэл, 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн М******* ХХК-ийн шүүхэд ирүүлсэн тайлбар, 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн М******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбар, 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн М******* ХХК-иас Б.Мд олгосон итгэмжлэл /хэргийн 3-22, 25, 33, 37-39, 41, 51, 77-80, 106-р хуудас/ гэсэн баримтуудыг,

Хариуцагчаас Э ХХК-иас 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б.Э, М.О нарт олгосон итгэмжлэл, хариу тайлбар, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Э ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгавар, 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн М ХХК-ийн 02/143 тоот албан бичиг /хэргийн 26, 31-32, 65-68-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Шүүх зохигчийн хүсэлтээр гэрчээр Г.А-г дуудаж мэдүүлэг авсан тэмдэглэл, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагч Эршилтын хугацаанд ажилд томилох тухай тушаал, 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1/15Б тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Г.Н*******ыг ажилд томилсон тушаал, ажлаас чөлөөлсөн тушаал, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс Г.Н*******ыг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа гэсэн баримтуудыг шүүх бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М******* ХХК-ийн нэхэмжлэлээс 29,300,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 16,150,000 төгрөгийн нэхэмжлэлийг болон хариуцагч Э ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Э ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, өрөмдлөгийн ажил гүйцэтгэхээр тохиролцож, нийт 65,450,000 төгрөгний ажил гүйцэтгэсэн боловч ажлын хөлсний урьдчилгаа 20,000,000 төгрөгийг төлж үлдэх 45,450,000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сард төлөхөөр тохиролцсон боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 45,450,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч М******* ХХК-тай 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ВЭЗ-ийн аргаар хайгуул хийж, цооног өрөмдсөн боловч уст цэг тогтоогдсон гүн хүртэл өрөмдөж чадаагүй, гэрээний үүргээ биелүүлээгүй, ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй, дутуу хийж гүйцэтгэсэн, уст цэгээ гаргаагүй, хүлээлгэн өгсөн ажлын үр дүн байхгүй тул ажлын хөлсний үлдэгдлийг төлөхгүй гэж үгүйсгэсэн.

 

Хариуцагч Э ХХК нь нэхэмжлэгчид холбогдуулан алтны уурхайн үйлдвэрлэлийн хэрэгцээний усны хайгуул судалгаа хийх, ВЭЗ-ийн аргаар цахилгаан хайгуул хийж, 3-4 цэгт устай цэг заах, цахилгаан хайгуулын үр дүнг үндэслэн өрөмдлөг хийж, усны ундаргыг тодорхойлон ашиглалтын цооног гаргах ажлыг хийж гүйцэтгэх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл усны хайгуулын судалгааны үр дүнгийн тайлан болон үйлдвэрлэлийн зориулалттай худаг гаргаж, гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй тул гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 25 000 000 төгрөгийг буцааан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн зааж өгсөн газарт усны хайгуул хийж, мэргэжлийн төвшинд өрөмдлөг хийсэн боловч цооногоос тухайн компанийн үйлдвэрийн үйл ажиллагааг хангах, ундарга тодорхойлох хангалттай хэмжээний ус гараагүй, гэрээнд үйлдвэрийн зориулалттай худаг гаргаж өгөх талаар тохиролцоогүй, усны хайгуул, өрөмдлөгө хийхээр тохирсон урьдчилгаа төлбөрт 10,000,000 төгрөг, өрөмдлөг хийсний дараа 10,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн, гэрээнд заасан ажлаа хийж гүйцэтгэсэн тул ажлын хөлсөнд шилжүүлсэн мөнгийг буцаан өгөх үндэслэлгүй, мөн 5,000,000 төгрөгийг бэлнээр болон данснаар шилжүүлээгүй гэж маргасан.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээгээр захиалагч Э ХХК, гүйцэтгэгч М******* ХХК нар харилцан тохиролцож, гүйцэтгэгч нь захиалагчийн даалгаврын дагуу  Цэнгэл гэдэг газарт алтны уурхайн үйлдвэрлэлийн хэрэгцээний усны хайгуул судалгаа хийх, үүнд ВЭЗ-ийн аргаар цахилгаан хайгуул хийж, 3-4 цэгт устай цэг заах, цахилгаан хайгуулын үр дүнг үндэслэн хайгуулын өрөмдлөг хийж, устай тохиолдолд усны ундаргыг тодорхойлон ашиглалтын цооног өрөмдөх зураг төсвийг захиалагч, гүйцэтгэгч тохиролцож хийхээр 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг дуустал 20 хоногийн хугацаатайгаар байгуулжээ.

 

Талуудын маргааны зүйл нь ажлын гүйцэтгэл, үр дүнгийн талаар байна, гэрээ байгуулсан талаар хэн аль нь маргаагүй байна.

 

Зохигч талууд 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан талаар маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх бөгөөд нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажилд нь үр дүн гараагүй, үр дүнг хүлээлгэн өгөөгүй тул үлдэгдэл хөлсийг төлөхгүй гэж маргасан.

 

Талуудын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний 3.1-д ВЭЗ-ийн аргаар цахилгаан хайгуул хийх ажлын хөлс 4,500,000 төгрөг байна, 3.2-д цахилгаан хайгуулаар заасан цэгт 150 мм-ийн диаметртэй өрөмдлөгийн хайгуул хийх нэг уртааш метр 170,000 төгрөгт тооцож, нийт өрөмдлөгийн гүнээр гэрээний дүнг тооцож болно, 3.3-д урьдчилгаа төлбөр 10,000,000 төгрөгийг ажил эхлэхээс өмнө олгож, үлдэгдэл гүйцэтгэлийг ажил дууссаны дараа олгоно гэж харилцан тохиролцжээ.

 

Ажлын хөлс буюу хайгуулын өрөмдлөг хийсний төлбөрт 20,000,000 төгрөгийг 2020 оны 9 дүгээр сарын 30-нд, 10,000,000 төгрөгийг 2020 оны 9 дүгээр саррын 04-нд 10,000,000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид шилжүүлсэн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа ажлын хөлсөнд 5,000,000 төгрөгийг бэлнээр М******* ХХК-ийн захирал Х.Х*******т хүлээлгэн өгсөн гэсэн боловч хариуцагч нь уг 5,000,000 төгрөгийг хүлээн аваагүй гэж маргасан бөгөөд хариуцагч нь тайлбараа баримтаар нотлоогүй болно.

 

Хариуцагч нь гэрээний 3.5-д ВЭЗ-ийн аргаар цахилгаан хайгуул хийж уст цэг тогтоогдсон гүн хүртэл өрөмдөж чадаагүй тохиолдолд гэрээнд зааснаар төлбөр олгогдохгүй гэж заасан, өрөмдлөгө хийсэн боловч ус гараагүй, уст цэг тогтоосон гүн хүртэл өрөмдсөн гэсэн.

 

Нэхэмжлэгч нь гэрээний 3.6-д ВЭЗ-ийн аргаар цахилгаан хайгуул хийж уст цэг тогтоогдсон гүн хүртэл өрөмдөөд ус гараагүй тохиолдолд төлбөрийг барагдуулна гэж заасан уст цэг тогтоосон гүн хүртэл өрөмдсөн боловч ус гараагүй, цооногийг актаар хариуцагч нь хүлээн авсан гэсэн.

 

Хэрэгт авагдсан 2020 оны 9 дүгээр сарын 10-ний өдрийн Хайгуулын цооног хүлээлцэх акт Цооног№1-д ...гүйцэтгэгч компани геофизикийн хайгуул хийсэн 75м уртааш м өрөмдөх проектын дагуу 75м өрөмдөхөд үйлдвэрийн хэрэгцээний ус гараагүй тул хайгуулийн цооногийн булж нөхөн сэргээж тэгшлэв,

2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Хайгуулын цооног хүлээлцэх акт Цооног№4-д ...гүйцэтгэгч компани геофизикийн хайгуул хийсэн 79м уртааш м өрөмдөх проектын дагуу 79м өрөмдөхөд үйлдвэрийн хэрэгцээний ус гараагүй тул хайгуулийн цооногийн булж нөхөн сэргээж тэгшлэв,

2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Хайгуулын цооног хүлээлцэх акт Цооног №5-д ...гүйцэтгэгч компани геофизикийн хайгуул хийсэн 136м уртааш м өрөмдөх проектын дагуу 136м өрөмдөхөд үйлдвэрийн хэрэгцээний ус гараагүй тул хайгуулийн цооногийн булж нөхөн сэргээж тэгшлэв,

2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Хайгуулын цооног хүлээлцэх акт Цооног№6-д ...гүйцэтгэгч компани геофизикийн хайгуул хийсэн 95м уртааш өрөмдөх проектын дагуу 95м өрөмдөхөд үйлдвэрийн хэрэгцээний ус гараагүй тул хайгуулийн цооногийн булж нөхөн сэргээж тэгшлэв гэсэн байх бөгөөд уг актанд хайгуулын цооногийг хүлээн авсан Э ХХК-ийн хяналтын инженер Г.Н******* байлцсан гэжээ.

 

Нэхэмжлэгчээс гэрчээр Г.Н*******ыг оролцуулахаар хүсэлт гаргасныг шүүх хангаж, шийдвэрлэсэн боловч гэрч Г.Н******* нь орон нутагт ажилладаг тул ирэх боломжгүй байсан, мөн хариуцагч нь Г.Н*******ыг компанид ажиллаж байсан талаар маргаагүй тул хүсэлтээсээ татгалзсан болно.

 

Мөн хэрэгт авагдсан Г.Н*******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх мэдээлэл /2020 оны 7, 8, 9 сард Э ХХК нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан/, Эс Жи групп ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн №1/21Б дугаартай тушаал, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр Г.Н******* нь Э ХХК-нд тус компанийн Баян-Өлгий аймгийн  Цагаан овоот орд дахь баяжуулах үйлдвэрт хяналтын инженерийн албан тушаалд ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

 

Иймээс хариуцагч нь ажлын үр дүн хүлээн аваагүй гэж үзэх үндэслэлгүй, ВЭЗ-ийн аргаар хайгуул хийж уст цэг тогтоогдсон цооногийг өрөмдсөн болох нь хайгуулын цооног хүлээн авах актаар тогтоогдож байна гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь ВЭЗ-ийн хайгуулыг Г.А*******ээр хийлгэсэн гэж тайлбарласан, шүүх хуралдаанд гэрч Г.А******* ...ВЭЗ-ийн арга гэдэг нь Монголоор цахилгаан босоо бүсчлэлийн арга юм. Энэ арга нь газрын гүний тандан судалгаа хийдэг. Энэ аргыг усны хайгуулд ашигладаг. М******* ХХК-ийн гуйлтаар очиж энэ аргаар үзэж өгсөн. Би 6 цэгт ВЭЗ аргаар 250 метрийн гүн хүртэл боломжит хайгуулыг хийсэн. Өрөмдлөгийн зардлыг багасгах зорилгоор боломжит усны нөөцийн хайгуул хийсэн. ВЭЗ-ийн аргачлал 60-70 хувьтай гэж явдаг. Энэ арга нь тандалт судалгааны ажил учраас өрмөөр батлана, хийсэн ажлаа газар дээр нь зурж өгөөд гар зураг үйлдсэн гэж,

гэрч Г.А******* ... Тухайн үед Х.Х******* ахын заасан 2 цэг, өөрийнхөө бодож байгаа 3 цэгийг зааж өгсөн. Шилэн ВЭЗ-ийн аргаар шинжилгээ хийж үзээд ус байх түвшинг зааж өгсөн...

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:Хавтаст хэргийн 11-16 дугаар талд авагдсан зургийг та үйлдсэн юм уу гэхэд,

Гэрч: Миний зурсан зураг мөн гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:Таны үйлдсэн зургаас уст цэгийг хэрхэн тодорхойлсон нь ойлгомжгүй байна. Та яаж тодорхойлсон бэ? Үүнийг тайлбарлаж өгнө үү гэхэд,

Гэрч: Хавтаст хэргийн 11 дүгээр талд авагдсан зургийг харахад газрын гадаргаас 140 метр хүртэл хэмжсэн. Үүнээс 60 метр хүртэл өрөмдөж үзэж болно. 60 метрээс доошоо ус байхгүй байна гэдгийг тодорхойлж байгаа юм. Rho-70.7 ом гэдэг нь тухайн цэгийн хамгийн дээд өнгөнд дээр эхэлж байгаа цахилгаан эсэргүүцэл нь хэдээс эхэлж байгааг илтгэж байгаа юм. Rho нь олон улсын хэллэгээр эсэргүүцлийг илтгэдэг тэмдэг. Хэвтээ тэнхлэгийн дагуу тавьсан байгаа тоо нь тухайн ВЭЗ аль цэгээс эхэлж байгааг илтгэж байгаа тоо гэв.

Даргалагчаас: Хавтаст хэргийн 12 дугаар талд авагдсан зургийг тайлбарлана уу гэхэд,

Гэрч: Rho-42.7 ом гэдэг нь 42,7 метрээс тухайн ВЭЗ эхэлж байна гэсэн үг. Зураг дээр би ямар ч уст цэг зураагүй байна. 200 метр хүртэл хэмжсэн байна. Энэ цэгт ямар ч ус байхгүй байгаа бөгөөд цэгийг өрөмдөх шаардлагагүй гэсэн үг гэв.

Даргалагчаас:Хавтаст хэргийн 13 дугаар талд авагдсан зургийг тайлбарлана уу гээд,

Гэрч: Rho-86.6 ом метрээс эхэлсэн ВЭЗ байна. Тухайн ВЭЗ нь 200 метр хүртэл хэмжигдсэн байна. 30-60 метрийн хооронд ус агуулах боломжтой үе байна гэж хязгаарлаж өгсөн байна гэв.

Даргалагчаас: 60 метрээс доош өрөмдөж болох юм уу гэхэд,

Гэрч: Доош нь өрөмдөх, өрөмдөхгүй нь тухайн компанийн дурын асуудал. Минийхээр бол 60 метрээс доош ус байхгүй гэж тайлбарлаж зурсан зураг байна гэв

Даргалагчаас: Хавтаст хэргийн 14 дүгээр талд авагдсан зургийг тайлбарлана уу гэхэд,

Гэрч: Энэ зургаас харахад уст үе ерөнхийдөө илрээгүй байна. Гэхдээ 2-3 төрлөөр газар доор ус хуримтлагддаг. Зарим нь тунаж хуритлагдаж болно, ан цав хагарлын ус байж болно. Үүнд 10-30 метрийн хооронд ан цав ажиглагдсан учраас ан цавын ус байж болох юм гэж шалгаж үзэх зориулалтаар дээд доод хязгаарыг тавьж өгсөн байна. 30 метр хүртэл шалгаж болно. 30 метрээс доош ус байхгүй гэж үзсэн гэв.

Даргалагчаас: Хавтаст хэргийн 15 дугаар талд авагдсан зургийг тайлбарлана уу гэхэд,

Гэрч: Устай байж болох гурван үе илрүүлээд дээд доод хязгаарыг тавьсан байна. Босоо тэнхлэгт байгаа 2,3,5,7,10,15,22,30,44,60,80,100 гэх мэт тоонууд нь газрын гүний метрүүд гэсэн үг бөгөөд тухайн цэгүүд дээр хэмжилт хийсэн. 10-120 метр хүртэл ус агуулж болох 3 үеийг зурж өгсөн байна. Усны хэмжээг би зааж чадахгүй тул 3 цэг байна гэдгийг зааж тайлбарласан зураг байна гэв.

Даргалагчаас: Хавтаст хэргийн 16 дугаар талд авагдсан зургийг тайлбарлана уу гэхэд,

Гэрч: 10-20 метр орчмын хооронд 40-80 метрийн хооронд ус агуулж болох 2 бүлэг хурдас байна гэж зурж өгсөн байна гэв... мэдүүлгийг өгсөн байна.

 

Гэрчийн мэдүүлгээс дүгнэвэл гэрч Г.А******* ВЭЗ-ийн аргаар хайгуулын судалгааг хийсэн байх бөгөөд Цооног №1-т 60 метр хүртэл өрөмдлөг хийж үүнээс доош өрөмдөөд ус гарахгүй болохыг тодорхойлсон байхад уг цооногийг нийт 75 метр хүртэл буюу 15 метр илүү өрөмдсөн, Цооног №6-д 80 метр хүртэл өрөмдлөг хийж үүнээс доош өрөмдөөд ус гарахгүй болохыг тодорхойлсон байхад уг цооногийг нийт 95 метр хүртэл буюу 15 метр илүү өрөмдсөн, Цооног №4-т 30 метр хүртэл өрөмдлөг хийж үүнээс доош өрөмдөөд ус гарахгүй болохыг тодорхойлсон байхад уг цооногийг нийт 79 метр хүртэл буюу 49 метр илүү өрөмдсөн, Цооног №5-т 120 метр хүртэл өрөмдлөг хийж үүнээс доош өрөмдөөд ус гарахгүй болохыг тодорхойлсон байхад уг цооногийг нийт 136 метр хүртэл буюу 16 метр илүү өрөмдсөн байна. Нэхэмжлэгч нь мэргэжлийн хүнээр ВЭЗ-ийн аргаар хайгуулын судалгааг хийлгэж, доошоо өрөмдөх хэмжээг нийт 290 метр гэж тогтоосон байх тул уг тогтоосон хэмжээгээр ажлын гүйцэтгэл, үр дүнг шүүх тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн нэхэмжлэгч мэргэжилтэнээр ВЭЗ-ийн аргыг тодорхойлуулж, туслан гүйцэтгэгчээр ажиллуулсан атал, уг тодорхойлсон хэмжээнээс илүү хэмжээний өрөмдлөг хийсэн нь ойлгомжгүй байх бөгөөд уг тогтоосон хэмжээнээс илүү өрөмдлөг хийх шаардлагатай болохыг нотолсон баримтыг нэхэмжлэгч шүүхэд ирүүлээгүй болно.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажил гүйцэтгэх гэрээний 5.2, 5.3-д заасныг зөрчсөн, усны хайгуул судалгаа хийгээгүй, уг ажлыг өөрөө хийж гүйцэтгээгүй, ВЭЗ-ийн аргаар хайгуулын судалгааг МАК ХХК-иар гүйцэтгүүлсэн, уст цэг тогтоосны үндсэн дээр өрөмдлөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн гэж тайлбарласан боловч дүгнэлт гаргуулаагүй, устай цэгийг олж тогтоолгүйгээр өрөмдлөгийн ажил хийсний улмаас цооногоос ус гараагүй, үйлдвэрлэлийн зориулалттай худаг гаргаж манай компанид хүлээлгэн өгөөгүй тул ажлын хөлсөнд төлсөн 25,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

 

Зохигч талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 5.2-д гэрээгээр хүлээсэн ажил, үүргийг холбогдох хууль тогтоомж дүрэм журам заавар стандартын дагуу мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэн гэрээнд заасан хугацаанд нь захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй, 5.3-д ажлыг биечлэн гүйцэтгэнэ гэж тус тус заажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг хайгуулын судалгааг МАК ХХК-иар хийлгэсэн гэсэн боловч МАК ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 02/143 тоотоор ирүүлсэн албан бичигт ...манай компани М******* ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй бөгөөд Баян Өлгий аймгийн гэдэг нэртэй газарт алтны уурхайн үйлдвэрлэлийн хэрэгцээний усны хайгуулын ажлыг хийж гүйцэтгээгүй болно гэсэн баримтаар, мөн мэргэжилтэнээр ВЭЗ-ийн аргыг тодорхойлуулж туслан гүйцэтгүүлснийг уг ажлыг өөрсдөө биечлэн гүйцэтгээгүй, усны ажлын хайгуул судалгаа хийгээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Мөн нэхэмжлэгчийн хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн зургийг гэрч нь ВЭЗ-ийн аргаар хийсэн хайгуулын гар зураг мөн, тандалт судалгааны ажлыг хийж, хийсэн ажлаа газар дээр нь зурж өгөөд нэхэмжлэгчид өгсөн гэж мэдүүлсэн бөгөөд уг зургийн дагуу өрөмдлөгийн ажил хийсэн, уг ажилд хариуцагч талаас байлцсан болох нь цооног хүлээлцэх актаар тогтоогдож байх тул ажлыг хийгээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь талуудын байгуулсан гэрээний 3.6-д зааснаар ус гараагүй боловч өрөмдлөгө хийсэн тул зардал гарсан, ВЭЗ-ийн аргаар хайгуул хийгдсэний дараа хайгуулын өрөмдлөгө хийсэн, өөрсдөө цооног хүлээлцэхэд байлцсан, ажлын зургийг танилцуулсан гэж тайлбарласан.

 

Гэвч хэрэгт авагдсан цооног хүлээлцэх акт болон ВЭЗ-ийн аргаар хийсэн усны хайгуулын гар зургийг үндэслэн цооног№1, цооног№4, цооног№5, цооног№6-г талуудын хооронд байгуулсан гэрээний 3.6-д зааснаар уст цэг тогтоогдсон гүн хүртэл нийт 290 метр өрөмдсөн ч ус гараагүй байх тул өрөмдлөгийн ажлын хөлсийг төлөх үүрэгтэй гэж дүгнэв.

 

Зохигч талуудын байгуулсан гэрээний 3.6-д зааснаар өрөмдлөгийн гүнээр тооцож өрөмдөхөөр байх тул нийт 290 /60+80+30+120/ метрээр ажлын үр дүнг тооцож 49,300,000 төгрөг ба хариуцагчийн ажлын хөлсөнд шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг хасч, үлдэх 29,300,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас ажлын хөлсний үлдэгдэл 29,300,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, түүний нэхэмжлэлийн шаардлагаас 16,150,000 төгрөгийг болон хариуцагчийн нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 385,200 төгрөг, хариуцагч Э ХХК-ний сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-иас 304,450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М******* ХХК-нд олгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Эс Жи групп ХХК-иас гүйцэтгэсэн ажлын хөлс 29,300,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16,150,000 төгрөгийг, хариуцагч Э ХХК-ийн нэхэмжлэгч М******* ХХК-нд холбогдуулан гаргасан гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 25,000,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч М******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 385,200 төгрөг, хариуцагч Э ХХК-ний сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-иас 304,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М******* ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай 

                                 

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ