Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2021/ДШМ/61

 

У.Б-д холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд          

Прокурор Л.Солонго,

Нарийн бичгийн дарга Э.Ууганчимэг нарыг оролцуулан

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Отгонжаргал, шүүгч Г.Батмөнх нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШТ/16 дугаар шүүхийн тогтоолтой, шүүгдэгч У.Б-д холбогдох 2128000560066 дугаартай 2 хавтас эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч У.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 20 цагийн орчимд Өмнөговь аймгийн Г сумын Ноён суманд үйл ажиллагаа явуулдаг “ТЭ” ХХК-ний ажилчдын амрах байранд “М” ХХК-ний галч М.П-той маргалдан хутгаар баруун суга, баруун шуу, зүүн гуянд хутгалж, санаатайгаар алахыг завдан, амь насанд нь аюултай хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Солонго нь шүүгдэгч У.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Б-д холбогдох 2128000560066 тоот хоёр хавтас эрүүгийн хэргийг эд мөрийн баримтын хамт Өмнөговь аймгийн Прокурорын газарт буцааж, шүүгдэгч У.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Л.Солонго нь давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүхийн шийдвэрийн үндэслэл, дүгнэлт тодорхойгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараахи үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Энэ хэрэгт анхан шатны шүүх нь прокуророос яллаж буй гэмт үйлдэл болон хэргийг зөв зүйлчилсэн эсэхэд ач холбогдолтой, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэргийн үйл баримтыг шүүх хэрхэн дүгнэсэн нь тодорхойгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх эрх хуулиар олгогдоогүй гэж дүгнэсэн боловч шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн аль зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж төгсгөсөн гэж үзсэн нь тодорхойгүй, шүүхийн шийдвэр эргэлзээтэй байна.

Эдгээр нь Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараахи байдлыг нотолно...”  мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт: “... Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг тус тус ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэж байна.

2. Шүүгдэгч У.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 20 цагийн орчимд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Ноён суманд үйл ажиллагаа явуулдаг “ТЭ” ХХК-ний ажилчдын амрах байранд “М” ХХК-ний галч М.П-той маргалдан хутгаар баруун суга, баруун шуу, зүүн гуянд хутгалж, санаатайгаар алахыг завдан, амь насанд нь аюултай хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон.

Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан журмаар цуглуулсан бүхий л нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хохирол, хор уршиг, шалтгаант холбоо, гэм буруугийн хэлбэр буюу гэмт хэргийн субъектив шинжийн хувьд хүнийг санаатай алах зорилго сэдэлттэй, санаа зорилгодоо хүрэхэд чиглэсэн үйлдлийг хийж эхэлсэн боловч гадны нөлөөтэй таслан зогсоогдсоноор гэмт хэрэг төгсөөгүй зэрэг шинжүүд эргэлзээгүй тогтоогдсон гэж үзэж, прокурор “төгссөн” гэмт хэргээс ялгаатай зүйлчилснийг шүүх анхаарч үзэлгүйгээр, зөвхөн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналыг тогтоолдоо дурьдаж, “... хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх, улмаар гэмт хэрэг үйлдэхээр завдсаныг төгссөн гэмт хэрэг болгож зүйлчлэх эрх хуулиар олгогдоогүй” гэх дүгнэлтийг хийснээр шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Энэ нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

Иймд Өмнөговь  аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШТ/16 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хяналтын прокурор Л.Солонгын 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр бичсэн 08 дугаартай эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч У.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 20 цагийн орчимд Өмнөговь аймгийн Г суманд үйл ажиллагаа явуулдаг “ТЭ” ХХК-ний ажилчдын амрах байранд “М” ХХК-ний галч М.П-той маргалдан хутгаар баруун суга, баруун шуу, зүүн гуянд хутгалж, санаатайгаар алахыг завдан, амь насанд нь аюултай хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Солонго нь шүүгдэгч У.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа нь 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 2021/ШЗ/180 дугаартай шүүгчийн захирамждаа /2хх-4/  “...Яллагдагч У.Бд холбогдох эрүүгийн хэргийг прокурорын газраас ердийн журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хэргийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэргийг түдгэлзүүлэх болон хэргийг прокурорт буцаах үндэслэл тогтоогдохгүй бол яллагдагчийг шүүхэд шилжүүлэхээр заасан байх тул яллагдагч У.Б-г шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлон зарлах нь зүйтэй байна.” гэсэн дүгнэлтийг хийж, яллагдагч У.Б-г шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлон зарласан шийдвэрийг гаргасан байх бөгөөд дээрх шүүгчийн захирамж нь хүчин төгөлдөр болсон, уг захирамжийг хүчингүй болгосон талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж хэргийг прокурорт буцаах тухай шүүхийн тогтоол гаргасан тул хяналтын прокурор Л.Солонгын “шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай” эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч У.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШТ/16 дугаартай шүүхийн тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч У.Б-д холбогдох 2128000560066 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

3. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч У.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

  

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Н.НАСАНЖАРГАЛ

                                  ШҮҮГЧИД                       Х.ГЭРЭЛМАА

                                                                         Ц.ОТГОНЦЭЦЭГ