Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/102

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Э.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

Улсын яллагч Л.Солонго,

Иргэдийн төлөөлөгч Т.Б,

Хохирогч М.Пү,

Шүүгдэгч У.Ба,

Өмгөөлөгч Э.Наранцацрал,      

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овгийн У-ын Ба-д холбогдох 2128000560066  тоот эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Биеийн байцаалт:            

И овгийн У-ын Ба, ...............................

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч У.Ба нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 20 цагийн орчимд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Ноён суманд үйл ажиллагаа явуулдаг “Терра Энержи” ХХК-ийн ажилчдын амрах байранд "Монруд" ХХК-ийн галч М.Пү-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан хутгаар баруун суга, зүүн гуянд хутгалж, баруун шуу, хэвлийд зүсэж эрүүл мэндэд нь баруун суганд цээжний хөндийд нэвтэрсэн, баруун шуу, зүүн гуянд шарх, хэвлийд зулгаралт бүхий хүнд гэмтлийг санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.     

ТОДОРХОЙЛОХ нь:    

Шүүгдэгч У.Ба-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч У.Ба шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хохирогч М.Пү шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр ээлж солих өдөр байсан. Өглөө босоход У.Ба би усны машинд нэг архи захисан байгаа гэж хэлсэн. Удалгүй нэг сав архи гаднаас оруулж ирсэн. Тухайн архийг буух гэж байгаа ээлж болон үлдсэн зарим хүмүүс хувааж уусан. У.Ба бид хоёрт жоохон зөрчил байсан. Тухайн зөрчил арилсан гэж ойлгож байсан. Ээлж солигдоход миний хуурай дүү надад монгол архи авч ирж өгч түүнийг нь уучихаад орой хоолонд ороод сууж байхад У.Ба миний хажууд ирж суугаад хоёулаа эр хүн шиг үзье гэх зүйлийг ярьж байгаад гараад явсан. Би хоолоо идэж дуусаад гэрт орж ирсэн. Бид хоёрын амьдарч байсан гэрийн хоймор талд У.Ба-ын ор, хажуу талд нь миний ор байдаг байсан. Би ажилдаа гарах гээд хувцсаа өмсөж байхад гаднаас У.Ба орж ирээд янз бүрийн зүйл яриад байсан тэгэхээр нь би чи хүн ална гэж юу байхав дээ гэж хэлэхэд үгийн зөрүүгүй хутга гаргаж ирэхээр нь би сандраад гэрийн үүд рүү гүйхэд араас ирээд гуя руу хутгалсан. Гуя руу хутгалахаар нь сөхрөөд газар унахад дээр гарч би чамайг ална, гүйцээнэ гэж хашхираад уушги руу хутгалсан. Би хутгийг тавиулах гэж ноцолдож байхад гаднаас Э гэх залуу орж ирээд У.Ба-ыг аваад гарсан. Би гялс газраас босож орон дээрээ гараад утас аваад ярьж байхад дахиж орж ирээд би чамайг гүйцээнэ гэж дахиж араас татаж хутгаа далайхаар нь би хорьж байхад миний хүйсийн хажуу талд хутганы үзүүр ороход нь хөлөөрөө өшиглөж хойш нь унагаасан. Дахиж босож ирээд дайрахаар нь хамгаалахад миний гарын шууг зүссэн. Тэгээд байж байхад гаднаас хүмүүс орж ирж У.Ба-ыг авч явсан. Тухайн үед би Ноён сумын эмнэлэгт хүргэгдсэн. У.Ба би тухайн үед согтолт ихтэй байсан учраас болсон асуудлыг санахгүй байна гэж яриад байдаг. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар би согтолтын хэмжээгээрээ У.Ба-аас их байсан байдаг. Би болсон асуудлыг санаж байхад У.Ба болсон асуудлыг санахгүй байна гэдэгт итгэхгүй байгаа. Энэ хэрэг удаан хугацаанд шалгагдаж байна. Энэ хугацаанд хохирлыг төлөх боломж байсан. Би хүлээцтэй хандсан. Эмчилгээний зардлыг компаниас төлсөн. У.Ба хохирол төлбөр төлөөгүй. Энэ хэргийг хүнийг алахыг завдсан зүйл анги мөн гэж үзэж байгаа. Энэ хэргийг хурдан шийдвэрлэж өгөөсэй гэж хүсэж байна. Эмчилгээний зардал 2,600,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 5,400,000 төгрөг, нийт 8,000,000 төгрөг нэхэмжилж байна гэв.

Хохирогч М.Пү мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ... Ба бид 2 гэртээ амарч байсан чинь гадаа нүүрс ирээд буулгахаар болсон. Тэгсэн Ба надаас архи үнэртээд байгаа юм шиг байна чи гаргаад нүүрсээ буулгаад авах уу гэхээр нь би хамт ажилладаг Э-ыг дуудаад хамт нүүрсээ буулгаж дуусаад гэрт орж ирээд амарч байсан. Оройн хоолны цаг болоод Ба хамт хоолондоо явъя гээд 19 цагт хоолондоо ороод хоолны газарт би То-тай хоолны газрын үүдэн талын ширээнд суугаад хоолоо идэж байсан. Ба хоолны заалны дунд хэсгийн ширээнд хоолоо идэж байгаад хоолоо идэж дуусгаад манай ширээн дээр ирээд “Пү-оо чи миний дургүйг хүргээд байгаа шүү, хоёулаа эр хүн шиг зодолдох уу” гээд хоолны газрын үүдээр гарахдаа гэрийн хойд талын жалганд би чамайг хүлээж байя гээд гараад явсан. Тэгсэн хажууд сууж байсан То ахаа та наад Байгаа битгий маргалдаж муудалцаарай гэхээр нь би “ах нь Ба-й маргалдахгүй ээ” гээд хоолны газраас гараад гэртээ очиход Ба гэрийн зүүн талын орон дээр сууж байсан. Би ажилдаа гарах гээд ажлын хувцсаа өмсөөд сууж байсан чинь Ба дахиад хэл амаар доромжлоод би чамайг ална шүү гэхээр нь би чамд алуулна гэж юу байх вэ дээ гэсэн чинь над руу хутга бариад дайрахаар нь би зугтах гээд гэрийн хаалга руу ухасхийтэл Ба миний зүүн гуяны ар хэсэгт хутгалсан. Тэгээд би сөхрөөд унасан чинь Ба миний дээр гараад баруун гарын суганы доод хэсэгт мөн нэг удаа хутгалсан. Би Ба-д чи эр хүн байж хутга барьж намайг хутгалчихлаа гэсэн чинь Ба би чамайг нэг мөсөн гүйцээнэ гээд хутгаа далайхаар нь би баруун гараараа хаасан чинь баруун гарын шуу хэсэгт зүсэгдсэн. Ба хутгаа хоёр гартаа бариад миний цээжин тус газарт дахин хутгалах гээд дайрахаар нь би хоёр гараараа гараас нь бариад баруун хөлөөрөө Ба-ын цээж рүү нь жийгээд түлхтэл Ба-ын хутга нь миний хүйсний баруун талд хутганы үзүүр хүрэх гэж байтал гаднаас хамт ажилладаг С орж ирээд Ба-ыг над дээрээс татаж аваад гадагш нь аваад гарсан. Би гэрийн зуух багана хоёрын дунд хэсгээс босоод утсаа авах гээд байж байтал Ба гаднаас эргэж орж ирээд миний араас гараараа шилэн хүзүү рүү цохиж орон дээр унгаагаад миний толгой руу хоёр гурван удаа цохиод би чамайг гүйцээнэ гээд над руу дайраад байж байхад нь гаднаас мөн С орж ирээд Ба-ыг гэрийн хойд орон дээр дарж аваад байж байхад нь би гар утсаараа менежер болох Нарандулам руу залгаж Ба намайг хутгалчихлаа хамгаалагч явуул гэсэн. Тэгээд удалгүй хамгаалалтын алба болон менежер Нарандулам нар хүрч ирээд хамгаалагч нар Ба-ыг гэрээс аваад гарсан. ... Би Ба-аас эмчилгээний зардал, 2, 3 сарын цалингаа, мөн би Өмнөговь аймагт таньж мэдэх айл байхгүй болохоор өнөөдрөөс буудлаар байх зардал, замын зардал зэргийг нэхэмжилж байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. /1 дүгээр хавтаст хэргийн 39-40 дэх тал/

Гэрч Л.То мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ажилдаа ирэх гэж байхад Ба, Пү хоёр намайг аймгаас ирэх гэж байгааг мэдээд над руу өглөө залгаад дүү ирэхдээ нэг шил архи аваад ирээч гэхээр нь би архи авч очиж чадахгүй, харин манай эгчийн монгол архи \шимийн архи\ байна гэсэн чинь Ба тэгвэл наад шимийн архиа аваад ир би арыг чинь даая гэхээр нь би 2 литрийн коланы савтай архиа цүнхтэй хувцсандаа нуугаад аймгаас ажил руу явах автобусандаа өглөө 10 цагийн үед суугаад орой 17 цаг өнгөрч байхад кемп дээр ирээд гэрт ирэхэд хамт ажилладаг Ба, Пү, Хадчулуун гурав болон надтай аймгаас хамт ирсэн Мягмар, С, Энх нар гэрт цэвэр усны саванд архи хийчихсэн тэр архи нь дуусч байсан. Тэгээд би аймгаас авч ирсэн шимийн архиа хамт ажилладаг ах нартаа гаргаж өгсөн. Ба, Пү 2 миний авч ирсэн архийг аваад нөгөө гэртээ орсон. Хоолны газарт хоолоо идэж байхад Ба, Пү нар маргалдаж байгаад Пү ах уучлалт гуйгаад хоолны газрын хаалган дээр зогсож байсан. Тэгээд 19 цаг өнгөрч байхад ажилдаа гараад гал түлдэг гэрүүдээрээ орж галаа түлчихээд ирсэн. Буцаад гэртээ ирэхэд хамт ажилладаг С гэх ах энэ Ба Пү-ийг хутгалчихсан байна гээд гэрийн гадаа зогсож байсан. /1 дүгээр хавтаст хэргийн 47 дахь тал/

Гэрч Ц.На мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 02 дугаар сарын 08-ны орой 19 цагийн үед байх намайг Ноён сумын нутагт байдаг “Терра Энержи” ХХК-ийн кемпийн хашаанд байдаг ажлын өрөөндөө сууж байхад манай галч Пү над руу утсаар залгаад “яаралтай хамгаалагч дуудаарай” гэж хэлэхээр нь би ямар нэгэн болсон байна гээд гэр рүү нь гүйж очоод гэрт нь ороход Пү гэрийн зүүн хойд талын орон дээшээ харсан байдалтай дээгүүрээ цагаан футболктой, доогуураа өмдгүй гуяны ар хэсгээр нь цус гарчихсан хутгалуулсан байдалтай дэвссэн даавуу нь цус болчихсон байсан. Би тэгээд юу болсон талаар асуухад Пү “намайг Ба хутгалчихлаа” гэж хэлсэн.Тэгэхэд гэрт галч С, Ба, То энэ дөрөв байсан. Пү өөрөө нэлээн архи уучихсан согтуу байсан. Тэгээд удаагүй хамгаалалтын ажилтан нар ирж Ба-ыг гэрээс аваад гарахад кемпийн эмч ирээд Пү-ийн биеийг нь үзээд цээжний доод хэсэгт болон гуяны ард байсан хоёр шархыг ариутгаж боосон. ... Кемпийн хашаанд байдаг галч нарын амьдардаг Д-11 тоот гэрт хэрэг болсон байсан... /1 дүгээр хавтаст хэргийн 49-50 дахь тал/

Гэрч Г.Энх мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Ноён сумын нутагт байдаг “Терра Энержи” ХХК-ийн туслан гүйцэтгэгч компанийн “Монруд” ХХК-д ажилдаа Өмнөговь аймгаас автобусаар С, То нарын хамт ирсэн юм. Аймгаас гарахад То, С хоёр архи уучихсан халамцуу байсан. Тэгээд намайг ажилд шууд гар гэж галч Ба хэлэхээр нь ажилдаа гарчихаад 17 цагийн үед шөнийн ээлжийн гэрт нь очиход гэрт То, С, Ба, Пү нар савтай монгол архи уугаад сууцгааж байсан. Би түүнээс нэг аягаар уучихаад удаагүй гэрээс гараад явсан. Тэр дөрөв гэрт монгол архиа уугаад үлдсэн юм. Тэгээд би гэрүүдээ галлачихаад гэртээ ирэхэд гэрт С ганцаараа сууж байсан. Удалгүй Ба ганцаараа нэлээн архи уучихсан согтуу гэрт орж ирээд “Бөөн юм болчихсон, би Пү-ийг хутгалчихсан, би гүйцээчих үү” гэж надад хэлэхээр нь би юу болсон юм бэ гэхэд Ба надад тодорхой юм хэлээгүй гэрээс С-ыг дагуулаад явчихсан. Уруул нь жаахан хөхөрсөн, амнаас цус гарсан байдалтай байсан. Би хувцас хунарыг сайн анзаарч хараагүй. /1 дүгээр хавтаст хэргийн 52-53 дахь тал/

Шүүгдэгч У.Ба мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...Өдөр 12 цагийн үед сэрээд би Улаанбаатар хотоос авчирсан цэвэр усны саванд хийсэн архийг гаргаад Пү бид хоёр уусан. Тэр үед Мя, Хад нэг удаа хийж өгөхөд тэр хоёр бараг уугаагүй. Тэгээд аймгийн ээлжний хүмүүс ажилдаа ирсэн. Тэгэхэд То, С хоёр Өмнөговь аймгаас ирсэн. С архи уучихсан халамцуу ирсэн. Тэгтэл То цүнхнээсээ 2 литрийн ундааны савтай нэрмэл архийг гаргаж ирээд тэр Монгол архинаас Пү бид хоёр уусан. То, С хоёр ажилдаа гарлаа гээд гэрээс гараад явсан. Тэр үед би согтоод ухаан санаа орж гараад байсан. Тэгээд Пү-той маргалдсан. Тэгтэл Пү миний эрүү рүү нэг удаа өшиглөж авахаар нь би хуйтай хутгаараа айлгах санаатай Пү-ийн гуя, суга руу хоёр удаа хатгачихаад байж байхад Пү “намайг хутгалчихлаа, би үхлээ хатлаа хамгаалагч дууд” гээд утсаар яриад байхаар нь би гэрээс гараад гадаа гартал жаахан ухаан орсон. Тэгээд гэрийн гадаа зогсож байхад хамгаалалтын хүмүүс ирээд намайг харуулын байр руу аваад явсан. Тэгээд хамгаалалтын ажилтнууд намайг драгер багажаар үлээлгээд дараа нь сумын цагаа ирээд намайг дахиж үлээлгэж шалгасан. Тэгээд намайг Ноён сумын цагдаагийн хэсэг дээр авчирсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 134, 136-137 дахь тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 142 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “М.Пү-ийн биед баруун суганд цээжний хөндийд нэвтэрсэн, баруун шуу, зүүн гуянд шарх, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. М.Пү-ийн биед учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. М.Пү-ийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” /1 дүгээр хавтаст хэргийн 60-61 дэх тал/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 786 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн хутганы ажлын хэсэгт хохирогчийн өмсөж байсан гэх хар саарал өнгийн дотуур өмдний ноосон ширхэгт материал байна. Иймд шинжилгээнд ирүүлсэн хутгаар уг хар саарал өнгийн дотуур өмдний гэмтэл үүссэн байж болно.” /1 дүгээр хавтаст хэргийн 65-70 дахь тал/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 785 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн хар ногоон өнгийн цамцанд 4х4мм хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ гогодолт байна. Шинжилгээнд ирүүлсэн хар ногоон өнгийн цамцанд 25мм, 25мм, цэнхэр өнгийн хагас ханцуйтай цамцанд 35мм, саарал өнгийн өмдөнд 150мм татах чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралтууд байна. Шинжилгээнд ирүүлсэн хар ногоон цамцанд 17мм, 14мм, цэнхэр өнгийн хагас ханцуйтай цамцанд 14мм, 29мм, саарал өмдөнд 27мм, саарал дотуур өмдөнд 25мм хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлтүүд байна. Шинжилгээнд ирүүлсэн саарал өмдөнд 8х5мм, 12х10мм эдэлгээний явцад гарсан хуучин түлэгдэлтүүд байна. Шинжилгээнд ирүүлсэн саарал өмдөнд 40мм, 60мм эдэлгээний явцад гарсан хуучин урагдалтууд байна. Дээрх хувцаснуудад гарсан зүсэгдэлтүүд нь 2 удаагийн үйлчлэлээр гарсан байна. Бусад гэмтлүүд хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй байна.” /1 дүгээр хавтаст хэргийн 89-97 дахь тал/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 1387 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн хутганы ажлын хэсэгт цус илэрч байна. Илэрсэн цус нь хүний цус байна. Илэрсэн цусны ДНХ-ийн тогтцыг хүний геномын микросателлитын 16 локусаар тогтоов. М.Пү-оос авсан цусны ДНХ-ийн тогтцыг хүний геномын микросателлитын 16 локусаар тогтоон хутган дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо М.Пүоос авсан гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” /1 дүгээр хавтаст хэргийн 99-102 дахь тал/    

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 13-18 дахь тал/

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 19-22 дахь тал/

Мөрдөн шалгах ажиллагаа хүчинтэй тооцсон тогтоол, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 23-27 дахь тал/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 28-36 дахь тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 155-225 дах тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд У.Бад холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч У.Ба-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай, хохирогчийн зүгээс гэм буруугийн дүгнэлтэд хэлэх зүйл байхгүй гэх, шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгчийн хувьд гэм буруугийн асуудал дээр маргаангүй гэх дүгнэлт тус тус гаргасан болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч У.Ба нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 20 цагийн орчимд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Ноён суманд үйл ажиллагаа явуулдаг “Терра Энержи” ХХК-ийн ажилчдын амрах байранд “Монруд” ХХК-ийн галч М.Пү-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан хутгаар баруун суга, зүүн гуянд хутгалж, баруун шуу, хэвлийд зүсэж эрүүл мэндэд нь баруун суганд цээжний хөндийд нэвтэрсэн, баруун шуу, зүүн гуянд шарх, хэвлийд зулгаралт бүхий хүнд гэмтлийг санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.             

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч М.Пү-ийн “...Би ажилдаа гарах гээд ажлын хувцсаа өмсөөд сууж байсан чинь Ба дахиад хэл амаар доромжлоод би чамайг ална шүү гэхээр нь би чамд алуулна гэж юу байх вэ дээ гэсэн чинь над руу хутга бариад дайрахаар нь би зугтах гээд гэрийн хаалга руу ухасхийтэл Ба миний зүүн гуяны ар хэсэгт хутгалсан. Тэгээд би сөхрөөд унасан чинь Ба миний дээр гараад баруун гарын суганы доод хэсэгт мөн нэг удаа хутгалсан. Би Ба-д чи эр хүн байж хутга барьж намайг хутгалчихлаа гэсэн чинь Ба би чамайг нэг мөсөн гүйцээнэ гээд хутгаа далайхаар нь би баруун гараараа хаасан чинь баруун гарын шуу хэсэгт зүсэгдсэн. Ба хутгаа хоёр гартаа бариад миний цээжин тус газарт дахин хутгалах гээд дайрахаар нь би хоёр гараараа гараас нь бариад баруун хөлөөрөө Ба-ын цээж рүү нь жийгээд түлхтэл Ба-ын хутга нь миний хүйсний баруун талд хутганы үзүүр хүрэх гэж байтал гаднаас хамт ажилладаг С орж ирээд Ба-ыг над дээрээс татаж аваад гадагш нь аваад гарсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 39-40 дэх тал/, гэрч Л.То-ын “...Ба, Пү 2 миний авч ирсэн архийг аваад нөгөө гэртээ орсон. Хоолны газарт хоолоо идэж байхад Ба, Пү нар маргалдаж байгаад Пү ах уучлалт гуйгаад хоолны газрын хаалган дээр зогсож байсан. Тэгээд 19 цаг өнгөрч байхад ажилдаа гараад гал түлдэг гэрүүдээрээ орж галаа түлчихээд ирсэн. Буцаад гэртээ ирэхэд хамт ажилладаг С гэх ах энэ Ба Пү-ийг хутгалчихсан байна гээд гэрийн гадаа зогсож байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 47 дахь тал/, гэрч Ц.Нарандуламын “2021 оны 02 дугаар сарын 08-ны орой 19 цагийн үед байх намайг Ноён сумын нутагт байдаг “Терра Энержи” ХХК-ийн кемпийн хашаанд байдаг ажлын өрөөндөө сууж байхад манай галч Пү над руу утсаар залгаад “яаралтай хамгаалагч дуудаарай” гэж хэлэхээр нь би ямар нэгэн болсон байна гээд гэр рүү нь гүйж очоод гэрт нь ороход Пү гэрийн зүүн хойд талын орон дээшээ харсан байдалтай дээгүүрээ цагаан футболктой, доогуураа өмдгүй гуяны ар хэсгээр нь цус гарчихсан хутгалуулсан байдалтай дэвссэн даавуу нь цус болчихсон байсан. Би тэгээд юу болсон талаар асуухад Пү “намайг Ба хутгалчихлаа” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 49-50 дахь тал/, гэрч Г.Энх-ын “... Ба ганцаараа нэлээн архи уучихсан согтуу гэрт орж ирээд “Бөөн юм болчихсон, би Пү-ийг хутгалчихсан, би гүйцээчих үү” гэж надад хэлэхээр нь би юу болсон юм бэ гэхэд Ба надад тодорхой юм хэлээгүй гэрээс С-ыг дагуулаад явчихсан. Ба манай гэрт орж ирэхдээ баруун гартаа хар өнгийн хуйтай, хүрэн иштэй дунд зэргийн хэмжээтэй хутга барьж орж ирээд “хутгалсан хүнээ гүйцээчихье” гээд хашхирч орилоод байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 52-53 дахь тал/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 142 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 60-61 дэх тал/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 786 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 65-70 дахь тал/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 785 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 89-97 дахь тал/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 1387 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 99-102 дахь тал/,  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 13-18 дахь тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 19-22 дахь тал/, мөрдөн шалгах ажиллагаа хүчинтэй тооцсон тогтоол, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 23-27 дахь тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 28-36 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.

Иргэдийн төлөөлөгч Т.Б гэм буруугийн саналдаа: Гэм буруутай байна гэх дүгнэлт гаргасан ба иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүх нотлох баримтад тулгуурлаж гаргасан эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт байна гэж үзэв.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно” гэж заасан ба шүүгдэгч У.Ба нь гэмт хэрэг үйлдэхдээ хутга хэрэглэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хутга нь ердийн шинж чанараараа ахуйн хэрэглээний эд зүйл боловч бусдад хор уршиг, хохирол учруулснаар хүйтэн зэвсэгт хамаарна.   

Хутга нь зэвсэг гэх ойлголтод хамаарах тул шүүгдэгч У.Ба-ыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн зүгээс шүүгдэгч У.Ба миний зүүн гуяны ар хэсэгт хутгалах үед би сөхрөөд унасан чинь миний дээр гараад баруун гарын суганы доод хэсэгт мөн нэг удаа хутгалж, улмаар нэг мөсөн гүйцээнэ гэж хутгаа далайлгаж гарын шуу хэсэгт зүсэгдсэн шарх үүсгэх явцад гаднаас хүн орж ирж түүнийг салган гадагшаа авч гарсны дараа дахин орж ирээд намайг цохиж орон дээр унгаагаад миний толгой руу хоёр гурван удаа цохиод гүйцээнэ гээд над руу дайрч, алахыг завдсан байтал прокуророос хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүй өөрчилж шүүхэд шилжүүлсэнд гомдолтой байна гэх тайлбарыг гаргаж байх боловч хавтаст хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээс үзэхэд шүүгдэгчийг хүнийг алахыг урьдаас төлөвлөсөн үр дагаврыг бий болгоход чиглэгдсэн тодорхой зорилго агуулсан идэвхтэй ажиллагаа хийсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин шүүгдэгч У.Ба, хохирогч М.Пү нар гэмт хэрэг гарахаас өмнө хоорондоо хардалтын улмаас болон шүүгдэгчийн ял шийтгэл эдэлж байсан хувийн байдалтай холбоотой асуудлаас болж маргалдаж, таарамжгүй харилцаа үүссэн ба тухайн өдөр хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ урьдын харилцаанаас үүдэлтэй маргаанаас болж энэхүү гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлжээ.

Шүүгдэгч У.Ба нь гартаа барьсан хутгаар эхний үйлдлээрээ хохирогчийн зүүн гуяны ар хэсэг, баруун гарын суганы доод хэсэгт тус тус нэг удаа хутгалсан бөгөөд хохирогчийн баруун суганд цээжний хөндийд нэвтэрсэн гэмтэл нь амь насанд аюултай, гэмтлийн хүнд зэрэгт хамаардаг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул түүний энэхүү үйлдлээс учирсан хохирол, хор уршгийг үндэслэн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.     

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцсэн байх тул хохирогчийн гаргасан тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч У.Ба-ын үйлдлийг хүнийг алахыг завдсан, зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэрэг болгон зүйлчилж хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байна. Прокуророос түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуульд заасан хамгийн хүнд хохирол, хор уршиг учруулсан үйлдэл, холбогдол болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг үндэслэн хэргийг зүйлчилсэн нь үндэслэл бүхий болжээ.   

Иймд шүүгдэгч нь хутга хэрэглэн хохирогчийн биед халдаж хүнд хохирол санаатай учруулсан байх тул “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн, төгссөн гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч У.Ба нь хутга хэрэглэн хохирогчийн эрүүл мэндэд халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.  

Шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Иймд шүүгдэгч У.Ба-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, түүнийг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.                   

Шүүгдэгч У.Ба-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Пү-ийн эрүүл мэндэд баруун суганд цээжний хөндийд нэвтэрсэн, баруун шуу, зүүн гуянд шарх, хэвлийд зулгаралт бүхий хүнд хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 142 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 60-61 дэх тал/-ээр тогтоогдож байх ба хохирогчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчээс нийт 8,000,000 төгрөг нэхэмжилсэн ба шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт нэхэмжилсэн 8,000,000 төгрөгөөс 2,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 3,400,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 2,600,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.  

Хохирогчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд сарын 1,800,000 төгрөгийн цалин авч байсан, 2, 3, 4 сарын цалинг нэхэмжилж байна гэх боловч 1 дүгээр хавтаст хэргийн 182-183 дахь талд ажил олгогч “Монруд” ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хохирогч М.Пү-той Хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулахдаа түүнийг хээрийн ангид галчийн ажилд сарын 700,000 төгрөгөөр цалинжуулж ажиллуулахаар харилцан тохиролцож, гэрээний хугацаа 2020 оны 10 дугаар сарын 16-наас эхэлж 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусахаар тусгасан байна.

Дээрх гэрээний үйлчлэл нь дууссаны дараа ажил олгогчийн зүгээс М.Пү-той дахин шинэ гэрээ байгуулахдаа хээрийн ангид галчийн ажилд сарын 1,000,000 төгрөгөөр цалинжуулах, гэрээний хугацааг 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дуусахаар /1 дүгээр хавтаст хэргийн 185-186 дахь тал/ тусгасны дагуу гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгэж байх үед буюу 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гэмт хэргийн хохирогч болсон тул уг гэрээг үндэслэн ажилгүй байсан 2, 3 дугаар сарын цалин болох нийт 2,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, уг мөнгийг шүүгдэгч У.Ба-аас гаргуулж хохирогч М.Пү-ид олгохоор шийдвэрлэлээ. Энэхүү гэрээг сунгасан, эсхүл дахин шинэ гэрээ байгуулсан талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй. 

Иймд хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин гэж нэхэмжилсэн нийт 5,400,000 төгрөгийн нэхэмжлэлээс 2,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 3,400,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, эмчилгээний зардал гэх 2,600,000 төгрөгтэй холбоотой нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байх тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх болон цаашид гарах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

“Монруд” ХХК-иас хохирогч М.Пү-ид шилжүүлсэн 980,000 төгрөгийн 316,000 төгрөг нь шүүгдэгчийн авах байсан цалин болох нь хохирогч, шүүгдэгч нарын тайлбараар тогтоогдож байх тул хохирогчид 316,000 төгрөг төлөгдсөн гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар.  

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч У.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 8 жил хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд хамгийн доод хэмжээгээр буюу 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж өгөхийг хүссэн дүгнэлтийг тус тус гаргасан ба хохирогчийн зүгээс улсын яллагчийн зүйлчилж байгаа хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэх, шүүгдэгч шүүхээс тогтоосон хохирлыг 2 сарын хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлж, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх тайлбарыг гаргав.     

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч У.Ба-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг нь таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч У.Бад 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.  

Шүүгдэгч У.Ба-ын үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.       

Шүүгдэгч У.Ба нь 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн шүүх хуралдаан болтол 121 хоног цагдан хоригдсон болох нь Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 108 дугаартай шүүхийн тогтоол /2 дахь хавтаст хэргийн 178-179 дэх тал/, яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай шүүгчийн захирамжуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч У.Ба-ын цагдан хоригдсон 121 хоногийг эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэв.    

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлт сонсох ажиллагаанд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгчид оногдуулах ялаас 2 жилийн ялыг өршөөн хасаж шийдвэрлэж өгнө үү гэх дүгнэлтийг гаргасан ба шүүх 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэгт “энэ хуулийн 4, 6, 7 дугаар зүйлд заасан шийдвэрийг прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх гаргана.” гэж заасны дагуу энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараагаар прокурор шүүгдэгч У.Ба-ыг өршөөлд хамруулах эсэх асуудлыг шийдвэрлүүлэхээр дүгнэлт ирүүлэх боломжтой тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байхад дээрх асуудлыг шийдвэрлэхгүй байх нь зүйтэй гэж шүүх үзэв.    

Бусад асуудлаар.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн гэртэй, шаргал өнгийн бариултай, улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон 1 ширхэг хутга, М.Пү-ийн өмсөж явсан гэх хар ногоон өнгийн баруун талын ханцуй, суга хэсэгт зүсэгдэж урагдсан, цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн баруун талын ханцуй суга хэсэгт зүсэгдэж урагдсан цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон урд хэсгийн голд зүсэгдэж урагдсан футболк 1 ширхэг, хар өнгийн зүүн гуяны дотор дээд талд зүсэгдэж урагдсан, цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон дотуур өмд 1 ширхэг, саарал өнгийн зүүн гуяны ар хэсэгт цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон ажлын зузаан өмд 1 ширхэг зэрэг нь эдэлгээний хувьд цаашид ашиглах боломжгүй болсон байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Бад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И овгийн У-ын Ба-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч У.Ба-д 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ба-д оногдуулсан 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ба-ын цагдан хоригдсон 121 /нэг зуун хорин нэг/ хоногийг шүүгдэгчийн эдлэх ялд оруулан тооцсугай.         

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн гэртэй, шаргал өнгийн бариултай, улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон 1 ширхэг хутга, М.Пү-ийн өмсөж явсан гэх хар ногоон өнгийн баруун талын ханцуй, суга хэсэгт зүсэгдэж урагдсан, цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн баруун талын ханцуй суга хэсэгт зүсэгдэж урагдсан цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон урд хэсгийн голд зүсэгдэж урагдсан футболк 1 ширхэг, хар өнгийн зүүн гуяны дотор дээд талд зүсэгдэж урагдсан, цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон дотуур өмд 1 ширхэг, саарал өнгийн зүүн гуяны ар хэсэгт цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон ажлын зузаан өмд 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч У.Ба-аас ажилгүй байсан хугацааны цалингийн 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Пү-ид олгож, 3,400,000 /гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Пү-ийн гаргасан нэхэмжлэлээс эмчилгээний зардал 2,600,000 /хоёр сая зургаан зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч М.Пү нь энэ талаарх болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаар бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.   

8. Хохирогч М.Пү-ид эмнэлгийн төлбөрт 316,000 /гурван зуун арван зургаан мянга/ төгрөгийн хохирол төлөгдсөн, шүүгдэгч У.Ба нь 121 хоног цагдан хоригдсон, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.      

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч У.Ба-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ

                                                                ШҮҮГЧИД                                    Т.ДЭЛГЭРМАА

                                                                                                                     Э.ОЮУН-ЭРДЭНЭ