Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 124/2016/0053/з |
Дугаар | 221/MA2017/0326 |
Огноо | 2017-05-04 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 221/MA2017/0326
“Увс аймгийн Жүдо бөхийн холбоо” ТББ-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Б.Баянцогт нарыг оролцуулан хийж, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Увс аймгийн Жүдо бөхийн холбоо” ТББ-ын нэхэмжлэлтэй, Увс аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2.2, 12 дугаар зүйлийн 12.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Увс аймгийн Жүдо бөхийн холбооны “Увс аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/567 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Увс аймгийн Жүдо бөхийн холбоонд Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 11/3 дугаартай тогтоолыг үндэслэж Увс аймийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн захирамжаар Улаангом сумын 11 дүгээр багт Б.Гиваанбаатрын хөшөөний талбайн дээд хэсэгт газар олгосон нь хууль зөрчөөгүй юм. Улаангом сумын Хот тохижилт үйлчилгээний газрын харьяанд байх Гиваанбаатрын талбай нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байхгүй, улсын бүртгэлд бүртгэгдэж, төрийн өмчийн хөрөнгөөр баталгаажиж программд орж кадастрын зураг гараагүй байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын хэсгээс Увс аймгийн Жүдо бөхийн холбоонд Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт Б.Гиваанбаатарын хөшөөний талбайн дээд хэсэгт бөхийн ордон барихаар газар өгсөн нь нийтийн эрх ашгийг хөндсөн, орон нутгийн өмчид халдсан асуудал биш юм. Жүдо бөхийн ордон баригдсанаар харин ч нийтийн эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах, хүүхэд, залуучуудын ирээдүй спортын суурь хүмүүжил олгох, 12 төрлийн спорт хөгжих боломж нээгдэх байсныг хааж, Увс аймгийн Засаг даргын 331 дүгээр захирамжийг хүчингүй болгосон юм. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч “Увс аймгийн Жүдо бөхийн холбоо” ТББ нь “Увс аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/567 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “Увс аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/331 дүгээр захирамжаар 4000 м.кв газрыг хууль журмын дагуу олгосон атал сонгуулийн дүнгээр байгуулагдсан төр засаг өмнөх ажлаа үгүйсгэж захирамжийг хүчингүй болгосноор олон төрлийн спортыг хөгжүүлэх зорилгоор хэрэгжих төсөлд ноцтой хохирол учруулж, эрх ашгийг зөрчиж байна” гэж тайлбарлажээ.
Маргаан бүхий Увс аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/567 дугаар захирамжаар “Увс аймгийн Жүдо бөхийн холбоо” ТББ-д спортын байгууллагын зориулалтаар газар эзэмшүүлсэн Увс аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/331 дүгээр захирамжийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан хүчингүй болгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн нь холбогдох хуульд нийцээгүй байна. Тодруулбал,
Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 11/03 дугаар тогтоолоор 2016 оны аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулсан байх ба Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, Б.Гиваан баатарын талбайн дээд хэсэгт 4000 м.кв газрыг Жүдо бөхийн ордон барих зориулалтаар төлөвлөсний дагуу Увс аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/331 дүгээр захирамжаар “Увс аймгийн Жүдо бөхийн холбоо” ТББ-д Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт 4000 м.кв газрыг спортын байгууллагын зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгож, 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогджээ.
Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах”, 20.2.1-д “нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах” гэж заасан бөгөөд Увс аймгийн Засаг дарга нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 11/03 дугаар тогтоолоор 2016 оны аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлсэн байх тул Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй.
Түүнчлэн, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж заасан ч мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2, 31.3-т заасан болзол шаардлагыг хангасан этгээдэд газар эзэмших эрх олгож шийдвэрлэхдээ дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явуулаагүй захиргааны байгууллагын үйл ажиллагааны буруугаас тухайн газар дээр эзэмших эрх үүсч, Жүдо бөхийн ордон барихаар төлөвлөн үйл ажиллагаагаа явуулж байгаа нэхэмжлэгчийг буруутгах нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчимтай зөрчилдөж байна.
Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар албан тушаалтан хууль бус шийдвэрээ хүчингүй болгохдоо нэгдүгээрт, хууль зөрчиж газар эзэмшүүлсэн байх, хоёрдугаарт, бусдын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх урьдчилсан нөхцөл шаарддаг бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон өмнөх Засаг даргын захирамжийг хүчингүй болгохдоо дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явуулаагүйгээс бусдын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхийг шалгаж тогтоогоогүй нь дээрх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.
Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт зааснаар төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалтан буюу Засаг дарга хэн ажиллаж байхаас үл хамаарч төрийн албаны үйл ажиллагаа тасралтгүй явагдах учиртай атал төрийн албаны залгамж халааг зөрчин өмнөх Засаг даргын гаргасан шийдвэрийг шинэ Засаг дарга нь үндэслэлгүйгээр хүчингүй болгож байгааг зөвтгөх боломж байхгүй юм.
Гэтэл анхан шатны шүүх маргаан бүхий захирамжид заагдаагүй, уг захирамжийн үндэслэл болоогүй “Гиваан баатарын талбай нийтийн эдэлбэр газарт хамаарна” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт хөтлөгдөн энэ талаар дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасан хуулийн шаардлагатай нийцэхгүй байна.
Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 20 дугаар зүйлийн 20.2.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан “Увс аймгийн Жүдо бөхийн холбоо” ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/567 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Увс аймгийн Жүдо бөхийн холбоо” ТББ-ын нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг, давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН