Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2024/00565

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 30 өдөр Дугаар 183/ШШ2024/00565 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, дугаар хороо, Вайт гэйт цэнтэр 6 давхар,  тоотод байрлах, ******* ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,  дугаар хороо, Яармаг тоотод оршин суух, М овогт А. А /РД:ТГ/-т холбогдох,

 

Үндэслэлгүй хөрөнгөжсөн 32 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хариуцагчийн өмгөөлөгч П.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шинэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Соргог баян далай ХХК нь хариуцагч ******* ХХК-иас татгалзаж, хариуцагч ******* үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр 32 000 000 гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчилсөн. Манай компани нь Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн баруун талд Шүүт хотхон буюу үйлчилгээтэй, орон сууцны барилгын ажлыг хийж гүйцэтгэж байгаа. 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ******* ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, хотхоны В, С блокод өрөг шаврын ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Гэрээт ажлын хөлс төлөх нөхцөлийг талуудын үйлдсэн актыг үндэслэн тухай бүр олгохоор гэрээний 3.1-д тохирсон бол ажлын нэгж үнийг 1.4-д заасан хүснэгтээр тогтоосон юм.

******* ХХК нь гэрээ байгуулснаас хойш 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл гэрээнд заасан чанарын шаардлага хангасан байдлаар ажлыг хийж гүйцэтгэж байсан бөгөөд ажлын хөлсийг нэхэмжлэлийн хавсралт хэсэгт заасан хугацаанд олгосон. Нийт 9 удаагийн ажил гүйцэтгэлийн актаар 62 062 106 төгрөгийн ажил гүйцэтгэсэнтэй холбогдуулан манай компанийн зүгээс 62 063 116 төгрөгийн ажлын хөлсийг төлсөн.

Гэтэл ******* ХХК-ийн захирал ******* нь баригдаж дуусаагүй буюу Шүүт хотхоны В, С блокын 16 давхарт гарч, ...******* ХХК нь хийсэн ажлын хөлс олгохгүй байна, иймд өөрийн өр зээлийг төлж чадахгүй байр, машинаа алдахад хүрч байна, доороо байдаг ажилчдын цалин хөлсийг олгож чадахгүй байна, би одоо эндээс үсэрч амиа хорлоно, Шүүт хотхоноос байр худалдаж авахыг харна, намайг амиа хорловол хүмүүс энэ газраас байр худалдаж авахгүй, барилгын салбарт ажилладаг хүмүүсээ гэмтлийн эмнэлгийн хажууд байрлах Шүүт хотхоны барилгыг барьж байгаа компанитай битгий хамтарч ажиллаарай, энэ хүмүүс цалин хөлсөө өгөхгүй байна, яг одоо миний дансанд нэхэмжилсэн мөнгийг хийхгүй бол би эндээс үсэрч амиа хорлоно... гэх зэргээр утсаар цахим орчинд бичлэг хийсэн.

Дээрх *******ийн үйлдлийг мэдсэн хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер цагдаад дуудлага өгч, улмаар цагдаагийн алба болон онцгой байдлын газраас албан хаагч нар ирсэн. Тухайн алба хаагч нар *******тэй ярилцлага хийсэн ба дээр дурдсанаар нэхэмжилсэн мөнгийг хийхгүй бол барилгаас үсэрч, амиа хорлоно гэж сүрдүүлсэн тул манай компанийн зүгээс аргагүй эрхэнд ******* ХХК-ийн хийж гүйцэтгээгүй ажлын хөлс гэж 32.000.000 төгрөгийг *******ийн Худалдаа хөгжлийн банкны ******* тоот дансанд шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсний дараа цагдаагийн болон Онцгой байдлын газрын алба хаагч нар *******ийг барилга дээрээс буулгасан.

Дээрх үйл явдалтай холбогдуулан livetv.mn гэх фейсбүүк-ийн цахим мэдээний пэйж хуудасны сэтгүүлч, зураглаачийн хамт манай компанийн барилга дээр ирж, Шүүт хотхонд ажил гүйцэтгэж байсан иргэн цалин хөлсөө аваагүйн улмаас тухайн барилгын дээд давхраас үсэрч, амиа хорлох гэж байсныг цагдаа, онцгой байдлын алба хаагч нар аврах ажиллагааг хийж аварсан гэх мэдээг цахим сүлжээгээр мэдээлсэн.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэг этгээдэд хөрөнгө шилжүүлсэн эдгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж тус тус зохицуулсан.

Иргэн ******* болон нэхэмжлэгч Соргог баян далай ХХК нарын хооронд гэрээний харилцаа үүсээгүй байхад хариуцагч ******* нь амиа хорлоно гэж сүрдүүлэн өөрийн дансанд 32 000 000 төгрөгийг үндэслэлгүй шилжүүлэн авсан. Иймд түүнээс 32 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна... гэв.

 

2. Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээнд заасан үүргийнхээ дагуу ажил үүргийг гүйцэтгэж байсан. Тухайн үед барилгын ажлыг хүлээж аваад гүйцэтгэсэн ажлын актыг гаргаж өгдөг байсан. Маргаан бүхий 32 000 000 төгрөгийн ажлыг талбайн инженер н.Мандахнаран санаатайгаар хүлээж авахгүй байсан бөгөөд удаа дараа хүсэлт шаардлага тавьж байсан ба үүнээс хамааралтайгаар ажилчид хурал цуглаан хийж, цалин мөнгөө нэхэж, өр зээлд дарагдаж аргагүй байдлын улмаас ******* нь амиа хорлоно гэх байдал үүссэн. Нэхэмжлэгч 32 000 000 төгрөгийн ажлыг хүлээж авахгүй байсан шалтгаанаа нэгт ******* ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил доголдолтой байсан, хоёрт ******* ХХК огт хийж гүйцэтгээгүй ажлын хөлсөнд 32 000 000 төгрөг авсан гэх хоёр ондоо тайлбар хийдэг. Хэрэв ******* ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил доголдолтой байсан бол гэрээний үүрэгт зааснаар доголдлыг арилгаж болох байсан ба яг хаана ямар доголдол байгаа талаар тодорхой баримт байдаггүй. ******* нь ******* ХХК-ийг итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээдийн хувиар гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсөө өөрийн дансанд шилжүүлэн авсан. Урьд нь ч мөн гүйцэтгэлийн мөнгийг хувийн дансаараа авч, нэхэмжлэгч шилжүүлж байсан. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй... гэв.

 

3. Нэхэмжлэгчээс барилгын ажил гүйцэтгэх гэрээ, тус компанийн гэрчилгээ, дүрэм, итгэмжлэл, Гурван тулга констракшн ХХК-ийн дансны хуулга, 2021.06.14, 2021.06.20, 2021.06.28, 2021.07.04, 2021.07.09, 2021.07.29-ний өдрүүдийн ажил гүйцэтгэлийн актууд, 2021.06.21, 2021.06.30, 2021.07.09, 2021.07.30, 2021.08.04-ний өдрүүдийн мөнгө шилжүүлгийн баримтууд, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2021.09.06-ны өдрийн 2814 дугаар прокурорын тогтоол, Тус прокурорын газрын 2021.09.06-ны өдрийн 664 хариу мэдэгдэх хуудас, тус прокурорын газрын 2021.10.04-ний өдрийн 738 дугаар хариу мэдэгдэх хуудас, 2021.11.03-ны өдрийн 1/2703 хариу мэдэгдэх хуудас, 2021.12.01-ний өдрийн 1/2599 хариу мэдэгдэх хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Баянгол дүүргийн прокурорын газрын 2021.08.12-ны өдрийн 210501457 прокурорын тогтоол, 2021.10.20-ны өдрийн 1199 прокурорын тогтоол, 2021.08.02-ны өдрийн Гэрэлт энма констракшн ХХК-тай байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээ, ажил хүлээлцсэн акт, 2021.05.14-ний өдрийн Эмүн хаус ХХК-тай байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээ, ажил хүлээлцсэн акт, төлбөрийн шилжүүлгийн баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн итгэмжлэл, ******* олгосон итгэмжлэл, Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, тус компанийн 2021.07.24-ний өдрийн 20210724 албан тоот, нэхэмжилсэн ажлын хөлсний тооцоо, ажлын зөрүү, 2021.07.28-ны өдрийн 20210728 албан тоот гүйцэтгэсэн ажлын хөлсний тооцоо, 2021.08.04-ний өдрийн 20210804 гэрээ цуцлах тухай хүсэлт, гүйцэтгэсэн ажлын тооцоо, нэхэмжилсэн ажлын хөлс, ажлын зөрүү баримтуудыг гаргаж өгсөн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр гэрч асуух, нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг шүүх гүйцэтгэсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч Соргог баян далай ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* ХХК-иас татгалзаж, үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр хариуцагч ******* 32 000 000 төгрөгийг буцаан гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодорхойлов.

 

3. Хариуцагчаас ...******* нь ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн хувиар ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс 32 000 000 төгрөгийг хүлээн авсан... гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. Нэхэмжлэгч Соргог баян далай ХХК нь ******* ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Баянгол дүүрэг 7 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж Шүүт хотхоны В, С блокод барилгын өрөг, шаврын ажлыг ажил гүйцэтгэгч ******* ХХК хийж гүйцэтгэхээр, ажлын хөлсийг талуудын үйлдсэн актыг үндэслэн тухай бүрт захиалагч Соргог баян далай ХХК олгохоор тус тус тохиролцсон байна. /хх4-8/

 

4.2. Уг гэрээний дагуу нэхэмжлэгч Соргог баян далай ХХК нь 2021 оны 06 дугаар сараас 2021 оны 8 дугаар сар хүртэл хугацаанд нийт 9 удаагийн ажил гүйцэтгэлийн актаар гүйцэтгэгч ******* ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авч ажлын хөлсийг тухай бүр шилжүүлэхдээ компанийн данс болон захирал *******ийн дансанд шилжүүлж байсан болох нь хэргийн баримтаар тогтоогдож байна. /хх 16-30/

 

4.3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 32 000 000 төгрөгийг *******ийн Худалдаа хөгжлийн банкны ******* тоот дансанд шилжүүлэх болсон үндэслэлээ ...******* нь 16 давхар барилга дээр гарч амиа хорлоно гэж сүрдүүлсний улмаас түүний шаардсан дүнгээр шилжүүлэг хийсэн... гэж тайлбарлаж байна.

 

4.4. Хариуцагч дээрх үйлдлийг хийсэн талаар маргаагүй бөгөөд уг үйлдэлд нь нэхэмжлэгч гомдол гаргасны дагуу эрүүгийн журмаар шалгах ажиллагаа явагдсан болох нь Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2814 дугаар прокурорын тогтоол, прокурорын газрын хариу мэдэгдэх хуудсаар тогтоогдож байна.

 

4.5. Ажил гүйцэтгэх гэрээний талууд болох Соргог баян далай ХХК болон ******* ХХК нарын хэн аль нь хуульд зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой харилцан шаардлага гаргах эрхтэй атал ******* нь зүй бус үйлдэл гарган айлган сүрдүүлж нэхэмжлэгч хуулийн этгээдээс 32 000 000 төгрөгийг өөрийн эзэмшлийн дансанд шилжүүлэн авсан нь үндэслэлгүй юм.

 

4.6. Өөрөөр хэлбэл, хариуцагч ******* нь хэдийгээр ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэгч тал болох хоёр гишүүнтэй ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал байх боловч Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5-д зааснаар шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэлгүй зүй бус үйлдэл гаргасныг зөвтгөх боломжгүй болно.

 

4.7. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэг этгээдэд хөрөнгө шилжүүлсэн эдгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Соргог баян далай ХХК нь хариуцагч ******* шилжүүлсэн мөнгөө буцаан шаардах эрхтэй.

 

4.8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч ******* 32 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Соргог баян далай ХХК-д олгож шийдвэрлэв.

 

5. Ажил гүйцэтгэх гэрээний талуудын хэн аль нь гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхээ хэрэгжүүлэхэд энэхүү шийдвэр саад болохгүйг тайлбарлах нь зүйтэй.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч ******* 32 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Соргог баян далай ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь хариуцагч ******* ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 317 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* улсын тэмдэгтийн хураамжид 317 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Соргог баян далай ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ