Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/00370

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/00370

 

 

С ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Т.Бадрах, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2022/03417 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч С ХХК нэхэмжлэлтэй

Хариуцагч Д ХХК, А.А- нарт холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 32,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хариуцагч нарын өмгөөлөгч П.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаТ.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Манай компани нь Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн баруун талд Шүүт хотхон буюу үйлчилгээтэй, орон сууцны барилгын ажлыг хийж гүйцэтгэж байгаа. 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Д ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, хотхоны В, С блокод өрөг шаврын ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон. Гэрээт ажлын хөлс төлөх нөхцөлийг талуудын үйлдсэн актыг үндэслэн тухай бүр олгохоор гэрээний 3.1-д тохирсон бол ажлын нэгж үнийг 1.4-д заасан хүснэгтээр тогтоосон. Д ХХК нь гэрээ байгуулснаас хойш 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл гэрээнд заасан чанарын шаардлага хангасан байдлаар ажлыг хийж гүйцэтгэж байсан бөгөөд ажлын хөлсийг нэхэмжлэлийн хавсралт хэсэгт заасан хугацаанд олгосон. Нийт 9 удаагийн ажил гүйцэтгэлийн актаар 62,062,106 төгрөгийн ажил гүйцэтгэсэнтэй холбогдуулан манай компанийн зүгээс 62,063,116 төгрөгийн ажлын хөлсийг төлсөн.

Гэтэл 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Д ХХК-ийн хийсэн ажил чанарын шаардлага хангаагүй, барилгын норм дүрэм стандартад нийцэхгүй байсан тул гэрээний 5.5, 5.7-д зааснаар ажлын чанарт шаардлага тавьсан бөгөөд доголдлыг арилгасан тохиолдолд хөлсийг олгох талаар компанийн захирал А.А-т тайлбарласан. Гэвч Д ХХК-ийн захирал А.А- нь баригдаж дуусаагүй буюу Шүүт хотхоны В, С блокын 16 давхарт гарч, “… С ХХК нь хийсэн ажлын хөлс олгохгүй байна, иймд өөрийн өр зээлийг төлж чадахгүй байр, машинаа алдахад хүрч байна, ажилчдын цалин хөлсийг олгож чадахгүй байна, би одоо эндээс үсэрч амиа хорлоно...” гэх зэргээр утсаар цахим орчинд бичлэг хийсэн.

Дээрх А.А-ийн үйлдлийг мэдсэн Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер цагдаад дуудлага өгч, улмаар Цагдаагийн алба болон Онцгой байдлын газраас албан хаагч нар ирсэн. Амиа хорлоно гэж сүрдүүлсэн тул манай компанийн зүгээс аргагүйн эрхэнд Д ХХК-ийн хийж гүйцэтгээгүй ажлын хөлс гэж 32,000,000 төгрөгийг А.А-ийн Худалдаа хөгжлийн банкны 451043739 тоот дансанд шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсний дараа Цагдаа болон Онцгой байдлын газрын алба хаагч нар А.А-ийг барилга дээрээс буулгасан. Дээрх үйл явдалтай холбогдуулан livetv.mn гэх фейсбүүк-ийн цахим мэдээний пэйж хуудасны сэтгүүлч, зураглаачийн хамт манай компанийн барилга дээр ирж, Шүүт хотхонд ажил гүйцэтгэж байсан иргэн цалин хөлсөө аваагүйн улмаас тухайн барилгын дээд давхараас үсэрч, амиа хорлох гэж байсныг Цагдаа, Онцгойгийн алба хаагч нар аврах ажиллагааг хийж аварсан гэх мэдээг цахим сүлжээгээр мэдээллэсэн. Уг мэдээнд 668 сэтгэгдэл /еможи/, 333 сэтгэгдэл, 112 удаа бусадтай хуваалцаж, 111,000 хүн үзсэн. Хариуцагч Д ХХК нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, чанарын шаардлага хангаагүй ажлын үр дүнг бий болгож, захиалагчийн зүгээс уг доголдлыг арилгахтай холбоотой шаардлага тавихад хариуцагч компанийн захирал А.А- нь амиа хорлоно гэж сүрдүүлэн 32,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан. Иймд хариуцагч Д ХХК, А.А- нараас 32,000,000 төгрөгийг гаргуулж С ХХК-д олгож өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбар, татгалзлын агуулга:

Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээнд заасан үүргийнхээ дагуу ажил үүргийг гүйцэтгэж байсан. Тухайн үед барилгын ажлыг хүлээж аваад гүйцэтгэсэн ажлын актыг гаргаж өгдөг байсан. Маргаан бүхий 32,000,000 төгрөгийн ажлыг талбайн инженер н.Мандахнаран санаатайгаар хүлээж авахгүй байсан бөгөөд удаа дараа хүсэлт шаардлага тавьж байсан ба үүнээс хамааралтайгаар ажилчид хурал цуглаан хийж, цалин мөнгөө нэхэж, өр зээлд дарагдаж аргагүй байдлын улмаас А.А- нь амиа хорлоно гэх байдал үүссэн. Нэхэмжлэгч 32,000,000 төгрөгийн ажлыг хүлээж авахгүй байсан шалтгаанаа нэгт Д ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил доголдолтой байсан, хоёрт Д ХХК огт хийж гүйцэтгээгүй ажлын хөлсөнд 32,000,000 төгрөг авсан гэх хоёр ондоо тайлбар хийдэг. Хэрэв Д ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил доголдолтой байсан бол гэрээний үүрэгт зааснаар доголдлыг арилгаж болох байсан ба яг хаана ямар доголдол байгаа талаар тодорхой баримт байдаггүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.А-, Д ХХК нараас 32,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.А-, Д ХХК нараас 317,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч Д ХХК нь үүрэг зохих ёсоор биелүүлээгүй, чанарын шаардлага хангаагүй ажлын үр дүн бий болгож, захиалагчийн зүгээс уг доголдлыг арилгахтай холбоотой шаардлага тавихад хариуцагч биелүүлээгүй тул 32,000,000 төгрөгийг гаргуулж авах үндэслэлтэй гэж мэтгэлцдэг хэдий ч ямар чанарын доголдол үүссэн талаар нэг ч акт, албан баримт гаргаагүй харин ч манай хийж гүйцэтгэсэн ажлаар тус барилгыг Улсын комисст хүлээлгэн өгч орон сууц ашиглалтад орсон. Орон сууц ашиглалтад орсон талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлан мэдүүлдэг. Улсын комисст хүлээлгэн өгдөг барилгын тайланд манай хийсэн ажлын тоо, тооцоолол гэрээ зэрэг баримууд орж энэ барилгатай холбоотой бүхий л баримт улсын төв архивт хадгалагдаж байгаа болно.

4.б. Хариуцагч талаас гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухайд нь биелүүлж гүйцэтгэсэн ажил бүрт нь захиалагч талын талбайн инженер Л.М-, ерөнхий инженер Г.М- нар “Ажил гүйцэтгэлийг акт” үйлдэж, уг актад ажлын чанар байдал, доголдол зэргийг тодорхой бичиж, зөрчил, доголдол байвал арилгуулах, уг ажилд торгууль бичих зэргээр гардаж шалгадаг. Ажлыг үр дүнг тооцож олгох ажлын хөлсийг тус акт бүрд тодорхой бичиж гарын үсэг тамгаар баталгаажуулж өгч ажиллаж байсан. Ажил гүйцэтгэгч талаас захиалагч талд хандаж 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл өрлөгө, шавардлагын ажлууд шат дараатайгаар хийгдэж дууссан тул шалгаж ажил гүйцэтгэлийн акт бичиж, нийт ажлын хөлс болох 36,465,455 төгрөгийн тооцоог олгохыг хүссэн 4 удаагийн албан бичгийг хийсэн ажлын тооцооллын хамтаар захиалагч С ХХК-ийн талбайн инженер Л.М-, ерөнхий инженер Г.М- нарт өгсөн. Энэхүү бичгийн нотлох баримтыг анхан шатны шүүх огт дүгнэлгүй орхигдуулсан төдийгүй хариуцагч А.А- 32,000,000 төгрөгийн ажлыг хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсонгүй. Ажил хүлээлгэн өгсөн гэх байдлаас баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна. Харин хариуцагч талаас 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл өрлөгө, шавардлагын ажлуудыг хийж нийт ажлын хөлс 36,465,455 төгрөгийг олгохыг хүссэн 4 удаагийн албан бичгийг захиалагч С ХХК-ийн талбайн инженер Л.М-, ерөнхий инженер Г.М- нарт өгч, талуудын хооронд байгуулсан “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний 4.1, 6.15-д заасны дагуу хийсэн ажлыг хүлээн авч, төлбөрийг төлөхийг шаардсан. Гэтэл захиалагч тал гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг тус гэрээний 4.1, 5.5, 6-д тус тус зааснаар хүлээн авах, эсвэл доголдол байвал доголдлыг хэрхэн засах, торгууль ногдуулах зэрэг зохих арга хэмжээнүүдийг огт аваагүй. Захиалагчаас санаатайгаар хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээн аваагүй байна. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Д ХХК нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, чанарын шаардлага хангаагүй ажлын үр дүн бий болгож, захиалагчийн зүгээс уг доголдлыг арилгахтай холбоотой шаардлага тавихад хариуцагч биелүүлээгүй гэдэг ч ямар доголдол, яаж арилгах талаар шаардлага гаргаснаа Иргэний хуулийн 343-358 дугаар зүйлүүд болон талуудын хооронд байгуулсан “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-д заасан эрхийн хүрээнд нотлоогүй, холбогдох баримтыг шүүхэд гарган өгөөгүй, ямар нэг доголдол байсныг өөрийн компанийн талбайн инженер Л.М-, ерөнхий инженер Г.М- нараар нотлуулаагүй, холбогдох актыг бичүүлээгүй нь өөрийн буруутай үйлдэл юм.

4.в. Мөн тус маргаан бүхий зүйлийг Нийслэлийн Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс эрүүгийн хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаад Баянгол дүүргийн прокурорын газрын прокурорын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1199 дугаартай тогтоолоор “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэг бүртгэлийг хэргийг хааж эцэслэн шийдвэрлэсэн.

Мөн анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч талаас гэрчүүдийг оролцуулж тус барилгын ажлыг дутуу, доголдолтой хийсэн эсэх талаар тайлбар мэдүүлэг өгч оролцсоныг анхан шатны шүүх огт дүгнээгүй буюу үйл баримт болон эрх зүйг ач холбогдол талаас дүгнээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийг шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн зүгээс В блокны 6, 7, 9 дүгээр давхарт канад тоосгон ханын ажил давхар тус бүрт 65 м.кв, 197 м.кв гээд нийт 2,763,000 төгрөгийн ажил, 6 дугаар давхарт ханын шавар өрлөг 533 м.кв хэмжээтэй 7,400,000 төгрөгийн ажил гэж нэхэмжлэлийн шаардлагад тодорхой бичсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

2. Нэхэмжлэгч А.А- нарт холбогдуулан барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, чанарын шаардлага хангаагүй тул захиалагчийн зүгээс доголдлыг арилгахтай холбоотой шаардлага тавихад хариуцагч компанийн захирал А.А- нь амиа хорлоно гэж сүрдүүлсний улмаас шилжүүлсэн гэх 32,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

2.а. Хариуцагч татгалзлын үндэслэлээ “гэрээнд заасан ажил үүргийг гүйцэтгэсэн, ажлыг доголдолтой гүйцэтгэсэн талаар акт болон баримт байхгүй, санаатайгаар ажлыг хүлээж авахгүй байсан” гэжээ.

 

3. Нэхэмжлэгч С ХХК, хариуцагч Д ХХК-ийн хооронд байгуулагдсан 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр Баянгол дүүрэг 7 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж Шүүт хотхоны В, С блокод барилгын өрөг, шаврын ажлыг хийж хариуцагч тал хийж гүйцэтгэх, ажлын хөлсийг талуудын үйлдсэн актыг үндэслэн тухай бүрт олгоно гэж харилцан тохирсон байна. /хх4-8/

 

3.а. Дээрх гэрээнд заасны дагуу 2021 оны 6 дугаар сараас 2021 оны 8 дугаар сар хүртэл ажил гүйцэтгэлийн акт үйлдэж, төлбөрийг тухай бүр хариуцагч нарын дансанд шилжүүлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна. /хх 16-30/

 

3.б. Харин нэхэмжлэгч С ХХК-аас 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 32,000,000 төгрөгийг А.А-ийн Худалдаа хөгжлийн банкны 451043739 дугаар дансанд шилжүүлсэн байх ба, гүйцэтгэсэн ажил чанарын доголдолтой байсан учир хүлээж авах боломжгүй байхад захирал А.А- нь 16 давхар барилгын дээрээс үсэрнэ гээд байсан тул арга буюу дээрх мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн гэж нэхэмжлэгч, ажлын гүйцэтгэлийг захиалагч хүлээж авахгүй байсан, гүйцэтгэсэн ажлын хөлсөө авсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж хариуцагч тал тус тус тайлбарлан маргажээ./хх 31/

 

            4. Хариуцагч Д ХХК нь 2 гишүүнтэй, гүйцэтгэх захирлаар нь хариуцагч А.А- ажилладаг байх бөгөөд нэхэмжилж буй 32,000,000 төгрөгийг түүний хувийн дансанд шилжүүлснийг, хариуцагч Д ХХК маргахгүй гэсэн тохиолдолд хариуцагч Д ХХК-ийн гэрээний дагуу гүйцэтгэсэн ажилд чанарын доголдол байсан эсэх, хэрэв доголдолтой байсан бол нэхэмжлэгч тал хэдэн төгрөгийн зардлаар, хэрхэн яаж засаж арилгасан эсэх нь тухайн хэрэгт хамааралтай байхад хэрэгт энэ талаар нотлох баримтгүй, талуудын хооронд мэтгэлцээн явагдаагүй байна.      

/хх 50/

 

4.а. Хариуцагч Д ХХК-ийн ажил гүйцэтгэсэн тухайн объектыг улсын комисс 2022 оны 08 дугаар сард хүлээн авч ашиглалтад орсон гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байх бөгөөд хариуцагчийн гүйцэтгэсэн гэрээт ажилд чанарын доголдол байсан бол тухайн доголдлыг нэхэмжлэгч талаас хэзээ, хэрхэн, яаж, хэдэн төгрөгийн зардлаар засаж арилгасан болохыг нэхэмжлэгч тал нотлоогүй байна.

 

5. Мөн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодорхой бус гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал гэрээт ажилд доголдол байсан учраас ажлын хөлс төлөх үндэслэлгүй гэж үзсэн эсхүл үндэслэлгүй хөрөнгөжсөний үр дагаврыг шаардаж байгаа эсэх нь ойлгомжгүй, тодорхойгүй байна.

 

5.а. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой байснаар талууд тухайн маргааны үйл баримтын талаарх нотлох баримтыг гаргаж мэтгэлцэх, улмаар шүүх шаардах эрхийн үндэслэл, түүнийг зохицуулсан хуулийн заалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм.

 

6. Дээрх үндэслэлүүдээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг эцэслэн шийдвэрлэх, эрх зүйн дүгнэлт хийх, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

7. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо 2021 оноор бичигдэж, талуудад гардуулагдсан гэж зохигчид тайлбарласныг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2022/03417 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ш.ОЮУНХАНД

 

                                           ШҮҮГЧИД                                    Т.БАДРАХ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ