Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 138/ШШ2022/01096

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, шүүгч Г.Уртнасан, Г.Жаргалтуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “Б” танхимд явуулсан шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч Дорнод аймгийн Баяндун сумын ******* баг “Ханан” гэх газарт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт **************гийн хүсэлттэй,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учруулсан хохиролд 12 629 523 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

                      Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Энхтуяа

Гуравдагч этгээдийн төлөөлөгч Т.Ганзориг, Х.Наранбаатар,

                                                     Э.Болор-Эрдэнэ /цахимаар/

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюунтуяа.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учруулсан хохиролд 12 629 523 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулах тухай хүсэлтийг гаргасан.

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар нь дээрх хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч ************** гэх эмэгтэй нь Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т заасан гэмт хэрэгт холбогдож шууд гэрээс нь баривчилж, цагдан хоригдсон байдаг. 2019 оны 9 сарын 08-ны өдөр баривчлагдаад 2019 оны 11 сард буюу нийт 61 хоног цагдан хоригдсоны эцэст батлан даалтанд гарсан байдаг. Цагдаагийн газраас санал тавьсны дагуу прокурорын газраас шүүхэд санал ирүүлэхдээ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгая гэсэн санал гаргасан боловч хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн эрүүл мэнд, хувийн байдлыг харгалзаж үзээд сэжигтэн*******гийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн байдаг. Энэ хэрэг нь цааш шалгагдаж явсаар өөрийг нь гэрчилж байсан буюу “энэ эмэгтэй аягаар цохиж тэр хүний аминд хүрсэн” гэж гэрчилж байсан Эрдэнэбаяр гэх хүн өөрөө согтуугаар архины шилээр толгойг нь цохиж амь насанд нь хүрсэн байдаг. Энэ нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдож 2020 оны 7 дугаар сард*******г яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөх тухай 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6-д заасан хохиролыг мөн дээрх хуулийн 45.4-т заасан сэтгэл санааны хохирлын үр дагавар зэргийг нэхэмжилж хүсэлт гаргасан байгаа. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйл, 498 дугаар зүйлд заасны дагуу хууль бусаар цагдан хоригдсон 61 хоногийн 929 523 төгрөг, өмгөөлийн хөлс 1 700 000 төгрөг гаргуулах, мөрдөн байцаалтанд үндэсгүйгээр хоригдож сэтгэл санаагаар хямарч даралт нь ихдэж, айж, уйлж ийм байдалтай байсан, ар гэрийнх нь мөн хямарч Дорнод аймаг, Баяндун сумын хооронд олон удаа ирж буцаж, айл гэрийн хэвийн амьдрал алдагдсан зэрэг тоочиж баршгүй үр дагаврууд гарсан учраас 10 000 000 төгрөг нэхэмжилсэн байгаа. Ингээд нийт хохиролын хэмжээ 12 629 523 төгрөгийг гэм буруутай хүн нь нэгэнт тогтоогдсон бөгөөд эрх бүхий субьектүүдийн хууль бус ажиллагаанаас болж хохирсон гэсэн үндэслэлээр нэхэмжилж байна гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг болон бусад төлөөлөгч нарыг төлөөлж Х.Наранбаатар тайлбартаа: Нэхэмжлэгч ******* нь Монгол Улсын Засгийн газар буюу Засгийн газрын нөөц сангаас 12 629 523 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад хэргийн оролцогчид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж хуульчилсан байдаг. Өнөөдөр Дорнод аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд авагдаж хэлэлцэгдэж байгаа баримтаас үзэхэд нэхэмжлэгч 1 өдөр цагдан хоригдсон хоног болох сэтгэл санааны хохиролын үнэлгээг юунд үндэслэн гаргасан нь тодорхойгүй байна. Улсын дээд шүүхийн 2014 оны 12 сарын 23-ны өдрийн Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах талаар гаргасан зөвлөмжид ажиллаж байсан бол хууль бус ажиллагааны улмаас иргэний аваагүй дундаж цалин хөлстэй дүйцүүлэн, ажил эрхэлдэггүй байсан бол тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сарын хугацаагаар тооцож түүнийг нэг өдөрт шилжүүлэн бодох замаар цагдан хоригдсон хоногийн нөхөн төлбөрийг тооцож олгох учиртайг анхаарах шаардлагатай ба түүнийг 30 хоногоор биш 21.5 хоногоор бодох шаардлагатай гэж зөвлөсөн байдаг. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасан. Хууль зүйн туслалцаа үзүүлсэн төлбөрийг төлсөн гэдэг хангалттай нотлох баримт байхгүй байна гэдэг шалтгаанаар өмгөөллийн хөлсийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ нь яагаад эргэлзээ төрүүлж байна вэ гэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх процессийн хуулийн шаардлагад нийцэхгүй байгаа учир эргэлзээтэй байна гэж үзэж байгаа юм.  Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т заасан хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө гэж зохицуулсан байдаг. Ийм учраас Дорнод аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсч байна. Цагдан хоригдсон 61 хоногийн тухайд Улсын дээд шүүхийн зөвлөмжийн дагуу тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 420 000 төгрөгийг 21.5 хоногт хуваах замаар 1 өдрийг бодож цагдан хоригдсон хоногт нь ноогдох төлбөрийг бол Засгийн газар буюу гуравдагч этгээдийн төлөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжтой байна. Харин бусад шаардлагын хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй  байна. Сэтгэл санааны хохиролыг нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарлахдаа ийм хэрэгт холбогдсон, ар гэрийнхэн нь ийм байсан гэх зэргээр ярьж байна. Надад гардуулж өгсөн бичгийн нэхэмжлэлийн шаардлагад бол зөвхөн нэхэмжлэгчид хохирсон сэтгэл санааны хохиролын талаар ярьж байх шиг байсан. Тэрнээс биш ар гэрийнхэн нь эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хуулийн боломж ер нь байдаг уу, заавал өмгөөлөгч оролцдог. Өөрөө бол өмгөөлөгч оролцсон гэдэг байдлаар ярьдаг бөгөөд хэдийгээр энэ талаар нотлох баримт нь эргэлзээ төрүүлж байгаа ч гэсэн ямар нэгэн байдлаар өмгөөлөгч оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Тэгэхээр сэтгэл санааны хохирол дээр ар гэрийн асуудлыг хамаатуулж тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй байна гэв.   

            Нэхэмжлэгчээс шүүхэд бичгийн баримтаар 2019 оны 9 сарын 9-ний өдрийн №1921000000273 тоот “Эрүүгийн хэрэг үүүсгэж яллагдагчаар татах тухай” Прокурорын тогтоолын хуулбар, Дорнод аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 сарын 10-ны өдрийн 109 тоот “Яллагдагчийн цагдах хорих тухай” шүүгчийн захирамж, Мөрдөгчийн санал, “Яллагдагчийн цагдан хорих хугацаа сунгах тухай” 2019-10-08-ны дөрийн 2019/ЦХШЗ/120 шүүгчийн захирамжийн хуулбар, Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай 2019 оны 9 сарын 8-ны өдрийн мөрдөгчийн тогтоолын хуулбар, 2019 оны 11 сарын 8-ны өдрийн 130 тоот “Яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай” шүүгчийн захирамжийн хуулбар, 2019 оны 11 сарын 08-ны өдрийн “Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” мөрдөгчийн тогтоолын хуулбар, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, яллагдагчаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, 2020 оны 7 сарын 10-ны өдрийн 4/07 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолын хуулбар, 2021 оны 10 сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/307 тогтоолын хуулбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хуулбар, бэлэн мөнгөний орлогын баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс шүүхэд бичгийн баримт гаргаж өгөөгүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******гийн тус шүүхэд хандан гаргасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохиролд 12 629 523 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулах тухай” хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учруулсан хохирол гаргуулах тухай хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 1-д заасны дагуу мөн хуулийн 45.8 дугаар зүйлийн 3 болон 6-д заасан хугацааны дотор өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн дээрх хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 болон 13 дугаар бүлэгт заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэгдэх хэрэг маргаанд харъяалагдах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас дээрх хохирлыг гаргуулахаар нэхэмжлэгч хүсэлт гаргасан байх тул шүүх Монгол Улсын Засгийн газрын эрх ашиг хөндөгдөж болзошгүй гэх үндэслэлээр Монгол Улсын Засгийн газрыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болно.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Монгол Улсын Засгийн газраас өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг томилсон бөгөөд төрийн нэрийн өмнөөс оролцуулахаар прокурор томилуулж оролцуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаагүй болно.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан хүсэлтийн үндэслэлээ “...Дорнод аймгийн Цагдаагийн газар болон Прокурорын газраас нэхэмжлэгч ******* нь 2019 оны 9 сарын 08-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг буюу бусдыг санаатай алах гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнээр албадан саатуулж, 2019 оны 9 сарын 10-ны өдрөөс 2019 оны 11 сарын 08-ныг хүртэл хугацаанд цагдан хорьж нийт 2 сар цагдан хорьсон. 2019 оны 8 сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Баяндун сумын 1-р баг “Цагаан Чулуут” гэх газарт иргэн Батдоржийн толгойн тус газарт нь аягаар цохиж алсан гэмт хэрэгт холбогдуулан шалгасан. Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтын үндсэн дээр байцааж шалгасны эцэст С.Эрдэнэбаяр гэгч этгээд гэмт хэрэг үйлдсэн нь илэрсэн. Ингээд 2020 оны 7 сарын 10-ны өдөр *******д холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон тухай мэдэгдсэн. ...Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу зөрчигдсөн эрх нь сэргэж байгаа бөгөөд түүнд учирсан гэм хорын хохиролд нийт 12 629 523 төгрөгийг Монгол улсын төрөөс нэхэмжилж байна. Нэхэмжлэгчийн хууль бусаар цагдан хоригдсон 61 хоногийн 929 523 төгрөг, өмгөөллийн хөлс 1 700 000 төгрөг, мөрдөнд үндэслэлгүй хоригдож сэтгэл санаагаар хямарч даралт ихсэх, уйлж байсан, ар гэрийнх нь хямарч аймаг, сумын хооронд олон удаа явж хохирсон, сэтгэл санааны цочролд орж, хэвийн амьдрал алдагдсан зэргийг үнэлж  нөхөн төлбөр 12 629 523 төгрөг багтсан. ...нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй...” гэж тайлбарлажээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч нараас “...нэхэмжлэгч нь гэмт хэрэгт шалгагдсаны улмаас түүний сэтгэл санаанд нь ямар хохирол учирчихаад, үүнийгээ ямар шалгуурыг үндэслэн нэхэмжлээд байгаа юм бэ гэдгийг тогтоосон баримтууд нь байхгүй байгаа учраас сэтгэл санааны хохирлыг төрөөс гаргаж өгөх боломжгүй. Нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжилж байгаа нэхэмжлэлээ хуульд заасны дагуу нотлох баримт нь хэрэгт байхгүй байна. ...Харин цагдан хоригдсон хугацааны төлбөрийг Улсын дээд шүүхээс гарсан зөвлөмжийн дагуу ажлын өдөрт тооцож олгохыг зөвшөөрч байна...” гэж нэхэмжлэгчийн хүсэлтийн талаар тайлбарласан.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

1. Дорнод аймгийн Цагдаагийн газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар “2019 оны 8 сарын 29-ний өдөр 17 цагийн орчимд Дорнод аймгийн Баяндун сумын 1-р багийн нутаг “Цагаан чулуут” гэх газарт байх өөрийн гэртээ иргэн Б.Батдоржийн толгойн тус газарт цайны аягаар цохиж, улмаар Б.Батдорж нь 2019 оны 8 сарын 31-ний өдөр эмнэлэгт ухаангүй хүргэгдэн эмчлүүлж байгаад 2019 оны 9 сарын 4-ний өдөр нас барсан” гэх гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн, нэхэмжлэгч *******г 2019 оны 9 сарын 09-ний өдөр яллагдагчаар татаж, 2019 оны 9 сарын 10-ны өдрөөс 2019 оны 11 сарын 8-ны өдрийг хүртэл цагдан хорьж, мөн өдрөөс таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх ба Дорнод аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 7 сарын 10-ны өдрийн 4/07 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор *******д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон шийдвэрлэсэн байна.

        2. Дээрх эрүүгийн хэргийг С.Эрдэнэбаяр гэгч этгээд үйлдсэн болох нь илэрснээр 1921000000273 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн 2021/ШЦТ/307 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Эрдэнэбаярыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 8 жилийн хорих ял оногдуулсан байна.

Энэ үеэс эхлэн нэхэмжлэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1, 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т тус тус зааснаар хууль зөрчсөн ажиллагааны улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирлоо нөхөн төлүүлэх, сэтгэл санааны үр дагавраа арилгуулах эрх үүссэн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14-т гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно гэж заасан бөгөөд нотлогдоогүй бол гэм буруугүйд тооцогдох зарчмын агуулгаар эрүүгийн гэмт хэрэгт шалгах эрх бүхий албан тушаалтан, байгууллагын ажиллагаа хууль ёсоор явагдсан хэдий ч эцэст нь тухайн этгээд гэм буруутай болох нь тогтоогдоогүй нөхцөлд дээрх ажиллагааны эрх зүйн үр дагаврыг төр хариуцах үүрэгтэй болдог.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1-д зааснаар иргэнийг хууль бусаар баривчилсан, цагдан хорьсоны улмаас иргэнд учирсан хохирлыг төр хариуцаж арилгах, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-д зааснаар хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор, шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгах тухай тус тус зохицуулжээ.

Иймд дээрх хуулиудад тус тус зааснаар нэхэмжлэгч *******гийн 2019 оны 9 сарын 09-ний өдрөөс эхлэн хууль бусаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан, 2019 оны 9 сарын 10-ны өдрөөс 2019 оны 11 сарын 08-ны өдрийг хүртэл нийт 61 хоног цагдан хоригдсоны улмаас түүнд учирсан хохирлыг шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгах үүрэгтэй байна.

1. Нэхэмжлэгч  нь дээрх эрүүгийн хэрэгт нийт 61 хоног цагдан хоригдсоны нөхөн төлбөр, өмгөөллийн хөлс 1 700 000 төгрөг, сэтгэл санаанд учирсан хохиролд 10 000 000 төгрөг, нийт 12 629 523 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

Иймд нэхэмжлэгч *******гийн цагдан хоригдсон 61 хоногийн нөхөн төлбөрийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нэг сарын хугацааг тооцож, үүнийг нэг өдөрт шилжүүлэн бодох журмын дагуу 2019 оны 9 сарын 10-ны өдрөөс эхлэн 2019 оны 11 сарын 08-ныг цагдан хоригдсон хугацааг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 320 000 төгрөгөөр тооцон, нэг сард ногдох ажлын 21.5 хоногт хуваахад нэг хоногт 14 884 төгрөг ногдож байгаа ба 907 924 /61х14 884/ төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

2. Нэхэмжлэгч нь эрүүгийн онц хүнд гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж, улмаар хууль бусаар цагдан хоригдсон, мөн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон хааж шийдвэрлэх хүртэл хугацаанд сэтгэл санааны хямралд орж, сэтгэл санаагаар хохирсон гэж үзэн сэтгэл санаанд учирсан гэм хорын хохиролд 10 000 000 төгрөгийг нэхэмжилжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч нар нь Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан, тус хуульд тусгайлсан зохицуулалт байхгүй учир сэтгэл санааны хохирлыг гаргуулах боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж тайлбарладаг.

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлүүлэхээр зохицуулсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйл, 45.4 дүгээр зүйлд ...эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргах эрхтэй талаар заасан байна.

Түүнчлэн Иргэний хуульд тусгайлсан зохицуулалт байхгүй гэсэн үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн дүгээр зүйлийн 1.2-д заасан ...иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд нийцэхгүй юм.

Нэхэмжлэгч нь ...хууль бусаар цагдан хоригдсон, мөн мөрдөнд үндэслэлгүй хоригдож сэтгэл санаагаар хямарч даралт нь ихдэж, уйлж байсан, ар гэрийнх нь ч хямарч аймаг, хөдөө хоёрын хооронд олон удаа явж хохирсон, сэтгэл санааны цочрол автаж гэр бүлээрээ хямралд орж, айл гэрийн хэвийн амьдрал алдагдсан... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн гаргасан дээрх тайлбарыг няцаах баримт байхгүй байна.

Шүүх нэхэмжлэгчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгагдаж, улмаар 61 хоног цагдан хоригдсон зэргийг харгалзан сэтгэл санааны хохиролд 5 000 000 /таван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч *******г онц хүнд гэмт хэрэгт яллагдагчаар татан шалгагдах явцдаа өөрийн хуулиар олгогдсон эрхээ дагуу эрхээ хамгаалуулах зорилгоор хууль зүйн туслалцаа авч өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан гэрээний дагуу өмгөөллийн хөлс 1 700 000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан гэрээ болон төлбөр төлсөн баримт зэргээр батлагдаж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс болох 1 700 000 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр батлагдан одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар тухайн жилийн төсөвт урьдчилан тооцож, төлөвлөн тусгах боломжгүй, хойшлуулшгүй цаг үеийн шинжтэй арга хэмжээг шийдвэрлэхэд шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлэхээр зохицуулсан байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчпрокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол буюу хууль бусаар цагдан хоригдсоны нөхөн төлбөрт 907 924 төгрөг, сэтгэл санааны хохиролд 5 000 000 төгрөг, өмгөөллийн хөлс 1 700 000 төгрөг, нийт 7 607 924 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 021 599 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Ж.Урантуяа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Л.Хосбаяр, Ц.Ням-Очир нар хүрэлцэн ирээгүй бөгөөд тэдний шүүх хуралдаанаас чөлөөлүүлэх тухай бичгээр ирүүлсэн хүсэлт, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч, бусад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч нарын гаргасан хүсэлтээр тэдний эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2, 498 дугаар зүйлийн 498.4, 511 дүгээр зүйлийн 511.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д тус тус заасныг баримтлан Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохиролд 7 607 924 /долоон сая зургаан зуун долоон мянга есөн зуун хорин дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 021 599 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 9, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-д зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд нь шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар зохигч, түүний төлөөлөгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Т.БАЙГАЛМАА

                                           ШҮҮГЧИД                           Г.УРТНАСАН                       

                                                                                       Г.ЖАРГАЛТУЯА