Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 201/МА2023/00013

 

*******гийн хүсэлттэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч Б.Дэнсмаа, С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 138/ШШ2022/01096 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн хүсэлттэй,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учруулсан хохиролд 12 629 523 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Гуравдагч этгээдийн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Энхтуяа, гуравдагч этгээдийн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******, түүний төлөөлөгч М.Энхтуяа нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* ******* гэх эмэгтэй нь Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т заасан гэмт хэрэгт холбогдож шууд гэрээс нь баривчилж, цагдан хоригдсон байдаг. 2019 оны 9 сарын 08-ны өдөр баривчлагдаад 2019 оны 11 сард буюу нийт 61 хоног цагдан хоригдсоны эцэст батлан даалтанд гарсан байдаг. Цагдаагийн газраас санал тавьсны дагуу прокурорын газраас шүүхэд санал ирүүлэхдээ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгая гэсэн санал гаргасан боловч хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн эрүүл мэнд, хувийн байдлыг харгалзаж үзээд сэжигтэн *******гийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн байдаг. Энэ хэрэг нь цааш шалгагдаж явсаар өөрийг нь гэрчилж байсан буюу энэ эмэгтэй аягаар цохиж тэр хүний аминд хүрсэн гэж гэрчилж байсан ******* гэх хүн өөрөө согтуугаар архины шилээр толгойг нь цохиж амь насанд нь хүрсэн байдаг. Энэ нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдож 2020 оны 7 дугаар сард *******г яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөх тухай 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6-д заасан хохирлыг мөн дээрх хуулийн 45.4-т заасан сэтгэл санааны хохирлын үр дагавар зэргийг нэхэмжилж хүсэлт гаргасан байгаа. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйл, 498 дугаар зүйлд заасны дагуу хууль бусаар цагдан хоригдсон 61 хоногийн 929 523 төгрөг, өмгөөлийн хөлс 1 700 000 төгрөг гаргуулах, мөрдөн байцаалтанд үндэсгүйгээр хоригдож сэтгэл санаагаар хямарч даралт нь ихдэж, айж, уйлж ийм байдалтай байсан, ар гэрийнх нь мөн хямарч Дорнод аймаг, Баяндун сумын хооронд олон удаа ирж буцаж, айл гэрийн хэвийн амьдрал алдагдсан зэрэг тоочиж баршгүй үр дагаврууд гарсан учраас 10 000 000 төгрөг нэхэмжилсэн байгаа. Ингээд нийт хохиролын хэмжээ 12 629 523 төгрөгийг гэм буруутай хүн нь нэгэнт тогтоогдсон бөгөөд эрх бүхий субьектүүдийн хууль бус ажиллагаанаас болж хохирсон гэсэн үндэслэлээр нэхэмжилж байна. гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг болон бусад төлөөлөгч нарыг төлөөлж ******* тайлбартаа: Нэхэмжлэгч ******* нь Монгол Улсын Засгийн газар буюу Засгийн газрын нөөц сангаас 12 629 523 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад хэргийн оролцогчид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж хуульчилсан байдаг. Өнөөдөр Дорнод аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд авагдаж хэлэлцэгдэж байгаа баримтаас үзэхэд нэхэмжлэгч 1 өдөр цагдан хоригдсон хоног болох сэтгэл санааны хохирлын үнэлгээг юунд үндэслэн гаргасан нь тодорхойгүй байна. Улсын дээд шүүхийн 2014 оны 12 сарын 23-ны өдрийн Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах талаар гаргасан зөвлөмжид ажиллаж байсан бол хууль бус ажиллагааны улмаас иргэний аваагүй дундаж цалин хөлстэй дүйцүүлэн, ажил эрхэлдэггүй байсан бол тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сарын хугацаагаар тооцож түүнийг нэг өдөрт шилжүүлэн бодох замаар цагдан хоригдсон хоногийн нөхөн төлбөрийг тооцож олгох учиртайг анхаарах шаардлагатай ба түүнийг 30 хоногоор биш 21.5 хоногоор бодох шаардлагатай гэж зөвлөсөн байдаг. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасан. Хууль зүйн туслалцаа үзүүлсэн төлбөрийг төлсөн гэдэг хангалттай нотлох баримт байхгүй байна гэдэг шалтгаанаар өмгөөллийн хөлсийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ нь яагаад эргэлзээ төрүүлж байна вэ гэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх процессийн хуулийн шаардлагад нийцэхгүй байгаа учир эргэлзээтэй байна гэж үзэж байгаа юм.  Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т заасан хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө гэж зохицуулсан байдаг. Ийм учраас Дорнод аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсч байна. Цагдан хоригдсон 61 хоногийн тухайд Улсын дээд шүүхийн зөвлөмжийн дагуу тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 420 000 төгрөгийг 21.5 хоногт хуваах замаар 1 өдрийг бодож цагдан хоригдсон хоногт нь ноогдох төлбөрийг Засгийн газар буюу гуравдагч этгээдийн төлөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжтой байна. Харин бусад шаардлагын хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарлахдаа ийм хэрэгт холбогдсон, ар гэрийнхэн нь ийм байсан гэх зэргээр ярьж байна. Надад гардуулж өгсөн бичгийн нэхэмжлэлийн шаардлагад бол зөвхөн нэхэмжлэгчид хохирсон сэтгэл санааны хохирлын талаар ярьж байх шиг байсан. Тэрнээс биш ар гэрийнхэн нь эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хуулийн боломж ер нь байдаг уу, заавал өмгөөлөгч оролцдог. Өөрөө бол өмгөөлөгч оролцсон гэдэг байдлаар ярьдаг бөгөөд хэдийгээр энэ талаар нотлох баримт нь эргэлзээ төрүүлж байгаа ч гэсэн ямар нэгэн байдлаар өмгөөлөгч оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Тэгэхээр сэтгэл санааны хохирол дээр ар гэрийн асуудлыг хамаатуулж тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2, 498 дугаар зүйлийн 498.4, 511 дүгээр зүйлийн 511.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д тус тус заасныг баримтлан Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохиролд 7 607 924 /долоон сая зургаан зуун долоон мянга есөн зуун хорин дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 021 599 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 9, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,... шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад хэргийн оролцогчид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байхаар заасан.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн холбогдсон хэргээс болж сэтгэл санаа хямарч, даралт ихсэж, уйлж байсан, ар гэрийнхэн нь хөдөө хот хоёрын хооронд олон удаа явж гэр бүлээрээ хямралд орж, ар гэрийн хэвийн байдал алдагдсан гээд нэхэмжлэгч *******гийн дээрх тайлбарыг няцаах баримт байхгүй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, эрүүгийн хэрэгт холбогдсоноос болж дээрх нөхцөл байдал үүссэн гэдгийг нотлох баримт мөн байхгүй байна.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл нэхэмжлэгчийн сэтгэл санааны хохиролд нэхэмжилж байгаа төлбөрүүдийг юунд үндэслэж гаргасан, хэрхэн нотлогдож байгаа талаар баримт байхгүй, эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас нэр, эрүүл мэнд, сэтгэл санааны ямар хохирол учирсан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байх бөгөөд шүүхээс хангаж шийдвэрлэсэн төлбөрийн хэмжээг юунд үндэслэж гаргаж буй нь тодорхойгүй байна.

Дээрх нөхцөл байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ. гэсэн заалтыг зөрчиж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэтгэл санааны хохирлыг хэрэглэх асуудлыг шүүх шинээр хэрэглэж эхэлж байгаа. Цаашид улам төгөлдөржинө гэж найдаж байна. Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, эмэгтэй хүнийг цагдан хорьсон асуудал гарсан байгаа. Хүн алгадсан хэрэг биш хүнийг санаатайгаар алсан гэх хэрэгт татагдсан байгаа. Хөдөөний малчин эмэгтэй шууд гэрээсээ баригдаад л хүрч ирсэн. Хууль хэрэглээний талаар огт мэдлэггүй иргэн байсан. Хоёр сарын турш би энэ хэргийг үйлдээгүй гэдгээ илэрхийлсэн боловч хэн ч тоогоогүй. Засгийн газраас хүний үндсэн эрх ашгийг зөрчих эрх хэмжээ байхгүй. Эрх ашгийг хохироосон бол уучлалт гуйх хэрэгтэй. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. гэв.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Сэтгэл санааны хохирол нэхэмжилж байгаа бол баримтаа маш тодорхой бүрдүүлж өгөх ёстой. Уйлж, даралт ихсэж, ар гэрийн хэвийн байдал алдагдсан гэж хэлж байгааг тогтоосон баримт огт байхгүй байтал анхан шатны шүүхээс баримт байгаа мэтээр дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Дээр дурдсан нөхцөл байдлыг үгүйсгэсэн баримт байхгүй гэж хэлээд байх юм. Бид яаж үгүйсгэх юм бэ? ... Анхан шатны шүүх дээр бид 61 хоног хоригдсонтой холбоотой хохирлыг барагдуулах боломжтой гэдгийг хэлж байсан. Баримтгүй байхад шүүгч байгаа мэт тайлбар гаргаж байгааг л ойлгохгүй байна. Гомдолтой байна. Өөрөө нотолж чадахгүй байхад хөндлөнгийн байгууллага буюу Засгийн газар няцаах баримтыг гаргаж өгөх боломж байхгүй. гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу гуравдагч этгээдийн төлөөлөгч *******ын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч *******гийн хүсэлттэй төрд холбогдох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас өөрт учирсан гэм хорын хохиролд 12 629 523 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын тусгай сангаас гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргасны зарим хэсгийг гуравдагч этгээдийн төлөөлөгч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Нэхэмжлэгч ******* нь Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т заасан гэмт хэрэгт холбогдож шууд гэрээс нь баривчилж, цагдан хоригдсон байдаг. 2019 оны 9 сарын 08-ны өдөр баривчлагдаад 2019 оны 11 сард буюу нийт 61 хоног цагдан хоригдож батлан даалтанд гарсан. ... 2020 оны 7 дугаар сард *******г яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгийн болон сэтгэл санааны хохирлыг нэхэмжилсэн. ...Хууль бусаар цагдан хоригдсон 61 хоногийн 929 523 төгрөг, өмгөөллийн хөлс 1 700 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 10 000 000 төгрөгийг нэхэмжилж байна. гэж,

5. Гуравдагч этгээдийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг татгалзаж буй үндэслэлээ: ... Хууль зүйн туслалцаа үзүүлсэн төлбөрийг төлсөн гэдэг хангалттай нотлох баримт байхгүй гэдэг шалтгаанаар өмгөөллийн хөлсийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. ... Нэхэмжлэгчийн цагдан хоригдсон 61 хоногийн тухайд Монгол Улсын Дээд шүүхийн зөвлөмжийн дагуу тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 420 000 төгрөгийг 21.5 хоногт хуваах замаар 1 өдрийг бодож ногдох төлбөрийг гуравдагч этгээдийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжтой байна. Бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Надад гардуулж өгсөн бичгийн нэхэмжлэлийн шаардлагад зөвхөн нэхэмжлэгчид хохирсон сэтгэл санааны хохирлын талаар ярьж байсан. Тэгэхээр сэтгэл санааны хохирол дээр ар гэрийн асуудлыг хамаатуулж тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. гэж тус тус тайлбар гарган мэтгэлцжээ.

6. Хэрэгт авагдсан баримтууд тухайлбал, Дорнод аймгийн Прокурорын газрын 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дугаар прокурорын тогтоолоор нэхэмжлэгч *******г 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 17 цагийн орчимд Дорнод аймгийн Баяндун сумын 1 дүгээр баг, гэх газарт байх өөрийн гэртээ иргэн ийн толгойн тус газарт цайны аягаар цохиж, нь 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр нас барсан гэх гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж улмаар *******д 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл сэжигтнээр, 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, нийт 61 хоног цагдан хорьжээ.

*******д 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба Дорнод аймгийн Прокурорын газрын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 4/07 дугаар Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон үйл баримт тогтоогдсон байна. /хх 4-5, 6-25/

7. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/307 дугаар шийтгэх тогтоолоор дээрх онц хүнд гэмт хэрэгт шүүгдэгч овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 8 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ. /хх 26-35/

8. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. гэж заасан бөгөөд нотлогдоогүй бол гэм буруугүйд тооцогдох зарчмын агуулгаар эрүүгийн гэмт хэрэгт шалгах эрх бүхий байгууллагын хууль ёсны ажиллагаа явагдсан хэдий ч эцэст нь тухайн этгээд гэм буруутай болох нь тогтоогдоогүй нөхцөлд дээрх ажиллагааны эрх зүйн үр дагаврыг төр хариуцах үүрэгтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1. дүгээр зүйлийн 1-д хууль зөрчсөн ажиллагаа-ны эрх зүйн үр дагаврын талаар заасан боловч энэхүү ажиллагаанд холбогдох албан тушаалтны хууль бус үйлдэл бүхий ажиллагаа хамаарахаас гадна яллагдагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон, эсхүл шүүгдэгч, ял шийтгүүлсэн этгээдийг цагаатгасан бол хуулийн дагуу явагдсан ажиллагаа ч мөн адил хамаарна.

10.Төрөөс эрх олгогдсон тусгай албан тушаалтан, байгууллага эрүүгийн гэмт хэрэгт сэжиглэгдэж буй этгээдийг хуулийн дагуу шалгах, хуульд заасан эрхийн хязгаарлалтыг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй хэдий ч хуульд заасан зохих журмын дагуу явуулсан ажиллагааны үр дүнд тухайн этгээдийн гэм буруу нотлогдоогүй тохиолдолд дээрх эрхийн хязгаарлалт хууль бусад тооцогддог болно. Улмаар үүнээс үүсэх эрх зүйн үр дагаврыг хуульд хууль бус ажиллагаа-нд хамааруулдаг.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Хүнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан цагдан хорьсон ... улмаас учирсан хохирлыг мөрдөгч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана., Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т зааснаар хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгах үүрэгтэй байна.

12. Нэхэмжлэгч ******* нь өөрт учирсан эдийн бус гэм хор буюу сэтгэл санааны хохиролд 10 000 000 төгрөг, хууль бусаар цагдан хоригдсон 61 хоногийн нөхөн төлбөрт 929 523 төгрөг, хууль зүйн туслалцаа авахаар өмгөөлөгчид төлсөн хөлс 1 700 000 төгрөг, нийт 12 629 523 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1. дүгээр зүйлийн 1-д Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй гэж заасан байна. Мөн хуулийн 45.4.-т зааснаар эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргах эрхтэй байна.

14. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д эдийн бус гэм хорыг арилгах зохицуулалтад зөвхөн бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээдийн үүргийг тусгасан, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2.-т зааснаар эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй боловч гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.6-д хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс-ийг нөхөн олгохоор заасан.

15. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгч *******гийн цагдан хоригдсон 61 хоногийн нөхөн төлбөрт 907 924 төгрөг, мөн өмгөөллийн хөлс 1 700 000 төгрөг, эдийн бус гэм хор буюу сэтгэл санааны хохиролд 5 000 000 төгрөг, нийт 7 607 924 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулан нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцсэн байна.

16. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч нь нэхэмжлэгчид учирсан сэтгэл санааны хохирол нь нотлогдоогүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй байна. Учир нь: хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч ******* нь хууль бусаар 61 хоног цагдан хоригдсон, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байсан, түүнд холбогдох эрүүгийн онц хүнд гэмт хэргийг Дорнод аймгийн Прокурорын газрын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 4/07 дугаар Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон нь тогтоогдсон ба бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-д зааснаар нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

17. Иймд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

18. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 138/ШШ2022/01096 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч *******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар гуравдагч этгээдийн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ЭНХЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Б.ДЭНСМАА

С.ОЮУНТУНГАЛАГ