Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 40

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 153/ШШ2019/00414 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Буянт хотхон 24 айлын орон сууцны 7 тоотод оршин суух, ПЭ58082514 тоот регистрийн дугаартай, Луужин овогт Долгорын Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Шим-Ус ОНӨААТҮГ-т холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

             Шүүх хуралдаанд нэхэмжлэглэгчийн өмгөөлөгч Б.Мөнхбат, нарийн бичгийн даргаар А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Тэтгэмж гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Д.Пүрэвсүрэн би 1976 оноос 2019 оны 3 дугаар сар хүртлэх тухайн үеийн нэрээр Ховд аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар, одоогийн Шим-Ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт нийт 43 жил ажилласан. Энэ хугацаандаа тус салбарт слесарь, салбарын эрхлэгч, ус хангамжийн техникч, цэвэрлэх байгууламж, насос станцын техникч, орлогын байцаагч зэрэг ажлыг эрхэлсэн. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын даргын бүртгэж, Ховд аймгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын хянасан Шим-Ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Үйлдвэрчний эвлэлийн хороо болон байгууллагын захиргаа хооронд байгуулсан 2018, 2019 оны хамтын гэрээний 3.13-т нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарт 31 жилээс дээш ажилласан ажилтан өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсч ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцалсан тохиолдолд 16 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно гэж заасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т Ажилтан нь аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, өөрөө болон төлөөллийн байгууллагаараа дамжуулан эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор эвлэлдэн нэгдэх, хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж авах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээрт заасан бусад эрх, хөнгөлөлт эдлэх эрхтэй гэжээ. Шим-Ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/07 дугаартай тушаалаар Д.Пүрэвсүрэн намайг өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр ажлаас чөлөөлөхдөө 16 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгоогүй. Нэхэмжлэгч Д.Пүрэвсүрэн би Шим-Ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргад хандаж, тэтгэмж авах талаар өргөдөл гаргасан боловч өдийг хүртэл шийдвэрлэж, хариу өгөөгүй тул нэг удаагийн тэтгэмж олгохыг даалгуулахаар танай шүүхэд гомдол гаргаж байна. Мөн Шим-Ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/07 дугаартай тушаалаар намайг өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр ажлаас чөлөөлөхдөө 16 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болон 3 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгоогүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 130 дугаар зүйлийн 130.1-д зааснаар би тэтгэмж авах эрхтэй. Шим-Ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн А/25 дугаартай тушаалаар надад 3 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор заасан боловч уг тушаал хэрэгжээгүй, надад тэтгэмж олгоогүй. Иймд Шим-Ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Үйлдвэрчний эвлэлийн хороо болон байгууллагын захиргаа хооронд байгуулсан 2018-2019 оны хамтын гэрээний 3.13-д заасны дагуу өндөр насны тэтгэвэрт гарсан ажилтанд хамтын гэрээгээр олгогдох 16 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж 23,318,080 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Шим-Ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Хөдөлмөрийн дотоод журмын 3.9-д заасны дагуу 3 сарын цалин хөлстэй тэнцэх тэтгэмж 4,372,140 төгрөг, нийт 27,690,220 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

                Хариуцагчийн хариу тайлбар:  Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан үндэслэлээр тус хуулийн 40.1.3-д заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн тохиолдолд ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгохоор зохицуулагдсан. Тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 3.9-д Хөдөлмөрийн хуулийн 40.1.3-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгохоор зохицуулсан байна. Хамтын гэрээний тэтгэмжийн зохицуулалт нь тус байгууллагад ажилласан хугацаанаас хамааран тэтгэмж олгохоор зохицуулсан бөгөөд нийт улсад ажилласан хугацааг харгалзан тогтоогоогүй тул хүнийг эрхлэж байсан ажил албан тушаалаар нь ялгаварлан гадуурахсан Үндсэн хуулийн ноцтой зөрчил болж байгаа тул ажил олгогч, ажилтны төлөөлөл хамтын гэрээг шинэчлэн байгуулах хэлэлцээ хийсэн юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 153/ШШ2019/00414 дугаар шийдвэрээр: “1. Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хариуцагч Шим-Ус ОНӨААТҮГ-аас 21.910.512 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Пүрэвсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,779,708 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул түүний нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 296,401 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Пүрэвсүрэнд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагч Шим-Ус ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 267,502 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай гэж  шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ажилтан өндөр насны тэтгэвэрт гарахад олгогдох нэг удаагийн тэтгэмжийн талаар зохицуулсан эрх зүйн баримт бичиг бүрийг үндэслэн тэтгэмжийг давхардуулан авахгүй гэж 3 сарын цалин хөлстэй тэтгэмж гаргуулах гомдлын нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-т ажил олгогч нь ажилтны төлөөлөгчдийн саналыг харгалзан хөдөлмөрийн дотоод журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлнэ,  130.2-т Хөдөлмөрийн дотоод журамд хөдөлмөр зохион байгуулалт, ажил олгогч болон ажилтны эрх, үүрэг, хариуцлагыг тусгана гэжээ. Хууль журмын дээрх заалтын дагуу хариуцагч Шим-Ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/25 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.Пүрэвсүрэн 3 сарын цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг олгохоор шийдвэрлэсэн боловч уг тушаал хэрэгжээгүй. Шим-Ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захиргаа болон тус газрын үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2018, 2019 оны хамтын гэрээний 3.13-т заасан тэтгэмж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан тэтгэмжээс эрх зүйн зохицуулалт, тэтгэмж тооцох цалин хөлсний бүрдэл зэргээрээ ялгаатай болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт гомдлын нэмэгдүүлсэн шаардлага 4,327,140 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж гаргаагүй гэж үзэж байна. Түүнчлэн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, зохигчийн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, зохигчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрх эдэлнэ гэж заасан байтал хариуцагчид энэхүү эрхийг эдлэх боломжийг шүүхээс хангасангүй.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ байгууллагын дотоод үйл ажиллагаанд шүүхээс илт халдсан шийдвэрийг гаргаж, хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан үндэслэлээр тус хуулийн 40.1.3-т заасан үндэслэлээр чөлөөлөгдөж байгаа тохиолдолд ажилтанд нэг, сар түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгохоор зохицуулагдсан. Тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 3.9-д Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгохоор зохицуулсан. Энэхүү зохицуулалт нь Хөдөлмөрийн тухай хуулиас дээгүүр нөхцлийг ажилтанд бий болгосон шууд зохицуулалт юм.  Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

                Нэхэмжлэгч Д.Пүрэвсүрэн нь хариуцагч Шим-Ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдуулан, хамтын гэрээгээр олгогдох 16 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж 23,318,080 төгрөг, Хөдөлмөрийн хуулиар олгогдох 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх ажлаас халагдсаны тэтгэмж 4,372,140 төгрөг нийт 27,690,220 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Хариуцагч Шим-Ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэ-Оюун нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “хамтын гэрээ нь хүнийг эрхэлж байсан ажил албан тушаалаар нь ялгаварлан гадуурхсан, Үндсэн хууль зөрчсөн гэрээ байх тул хамтын гэрээнд заасан 16 сарын тэтгэмж олгох боломжгүй” гэж тайлбарлажээ.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хамтын гэрээнд заасан 16 сарын цалинтай тэнцэх тэтгэмж буюу 21,910,512 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,779,708 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Анхан шатны шүүх “Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан ажлаас халагдсаны тэтгэмжийг хамтын гэрээнд заасан тэтгэмжтэй давхардуулан авахгүй” гэсэн дүгнэлт хийж 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг нэхэмжлэгч түүний өмгөөлөгч эс зөвшөөрч гомдол гаргасан бол, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хамтын гэрээнд заасан 16 сарын тэтгэмж гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргасан байна.

            Хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэвэл.

            Нэхэмжлэгч Д.Пүрэвсүрэн нь Шим-Ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт 42 жил ажилласан бөгөөд 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

            Зохигчид “нэхэмжлэгч Д.Пүрэвсүрэнгийн тус байгууллагад 42 жил ажилласан” гэх үйл баримттай маргаагүй бөгөөд харин хамтын гэрээнд заасан 16 сарын тэтгэмж, Хөдөлмөрийн тухай хууль болон дотоод журамд заасан ажлаас халагдсаны 3 сарын тэтгэмжийг тус тус олгох эсэх нь маргааны зүйл болжээ.

            Ховд аймгийн Шим-Ус ОНӨААТҮГ-ын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2018, 2019 оны хамтын гэрээг Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын дарга бүртгэжээ.

            Уг хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.13 дахь хэсэгт ...НААҮ-ний салбарт тасралтгүй 31 жилээс дээш ажилласан бол 16 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгохоор заасан байна. Иймд нэхэмжлэгч Д.Пүрэвсүрэнд хамтын гэрээнд заасан 16 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна. Хамтын гэрээнд НААҮ-ний салбарт тасралтгүй ажилласан жилээс нь хамааран тэтгэмж олгохоор заасан нь Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан “...хүнийг ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхсан” гэж үзэхгүй юм.  Учир нь хамтын гэрээний дээрх заалт нь тухайн хүний НААҮ-ний салбарт буюу тухайн байгууллагад олон жил тасралтгүй, үр бүтээлтэй ажилласан хөдөлмөрийг нь үнэлж өндөр насны тэтгэвэрт гарахад нь олгож байгаа нэг удаагийн тэтгэмж юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1-д зааснаар хамтын гэрээгээр “тэтгэмж”-ийн хэмжээг тогтоохоор заасан байна.

            Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан тэтгэмж нь Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын дотоод журамд зааснаар нэг удаа олгогдох ажлаас халагдсаны тэтгэмж юм. Гэтэл шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг “тэтгэмжийг давхардуулан авахгүй” гэсэн дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэрэгт 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн А/25 дугаартай нэхэмжлэгч Д.Пүрэвсүрэнд Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.3-т заасан 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 3,706,260 төгрөг олгох тухай тушаал авагдсан боловч нэхэмжлэгчийн тайлбараар энэ тушаал нь биелэгдээгүй, хариуцагч уг мөнгийг нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

            Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрт зохих өөрчлөлт оруулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,502 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 153/ШШ2019/00414 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...21,910,512 төгрөг гаргуулан” гэснийг 26,018,733 төгрөг гаргуулан гэж, “...5,779,708 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг 1,671,486 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын “...267,502 төгрөгийг гаргуулан” гэснийг 288,043 төгрөг гаргуулан гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,502 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.ТУЯА

 

                   ШҮҮГЧИД                                    Б.ДАМБАЙ

                                                                     

                                                                                   М.НЯМБАЯР